| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинсүрэнгийн Уранзул |
| Хэргийн индекс | 184/2024/03026/И |
| Дугаар | 184/ШШ2024/02068 |
| Огноо | 2024-04-18 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 184/ШШ2024/02068
| 2024 04 18 | 184/ШШ2024/02068 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, хилчин ******* гудамж, ******* тоот хаягт оршин суух, ******* ******* овогт ******* ******* ******* хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч С.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буянхишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч нь шүүхэд ирүүлсэн хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би 1969 оны 04 сарын 29-ний өдөр Говь-Алтай аймгийн Алтай суманд н.******* 6 дахь охин болж мэндэлсэн. Би 1987 оны хавар ******* дугаар ангиа төгсөөд 09 сарын 15-ны өдрөөс Говь-Алтай аймгийн Алтай сумын ясли-д тогоочоор ажилд орон 1988 оны 09 сарын 01-ний өдрийг хүртэл 1 жил ажилласан. Улмаар 1988 оны 09 сарын 01-ний өдрөөс эхлэн Говь-Алтай аймгийн Алтай сумын Хүн эмнэлэгт асрагчаар ажилд орон 1997 оныг хүртэл ажилласан. 1997 онд тухайн эмнэлгээс гараад Говь-Алтай аймгийн хилийн цэргийн 0214 дүгээр ангид 2006 он хүртэл асрагчаар ажиллаж байгаад 2006 оноос хойш Улаанбаатар хотын 0151 дүгээр Хилийн цэргийн ангид одоог хүртэл ажиллаж байгаа. Тиймээс намайг Говь-Алтай аймгийн Алтай сумын ясли-д 1987 оны 09 сарын 15-ны өдрөөс 1988 оны 09 сарын 01-ний өдрийг хүртэл тогоочоор, 1988 оны 09 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын *******-ний өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Алтай сумын Хүн эмнэлэгт асрагчаар буюу хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн ажилласан жилийг маань тогтоож өгнө үү. 1995 оноос хойших нь нийгмийн даатгал төлөгдсөн учраас өмнөхөө тогтоолгож ир гэж нийгмийн даатгалын газраас шаардсан гэв.
2.Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн баримтуудыг дурдвал: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, С.*******ийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хорооны Засаг даргын 2024 оны 03 сарын 28-ны өдрийн 217 дугаар тодорхойлолт, Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлагийн Архивын газрын 2024 оны 03 сарын 28-ны өдрийн 307 дугаар тодорхойлолт, С.*******ийн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч Д.Цогбадрах, Д.Сарантуяа нарын тодорхойлолт болон иргэний үнэмлэх, хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын 2024 оны 04 сарын 04-ний өдрийн 136 дугаар тодорхойлолт, гэрэл зураг, нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
Шүүхийн журмаар: 2024 оны 04 сарын 09-ний өдрийн Д.Цогбадрах, Д.Сарантуяа нарыг гэрчээр асуусан тэмдэглэл зэрэг бичмэл нотлох баримтуудыг бүрдүүлсэн байна.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 135.2-т эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэсэн байна. Мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д хүний ажиллаж байсан байдлыг тогтоох талаар заасан бөгөөд С.******* нь 1987 оны 09 сарын 15-ны өдрөөс 1988 оны 09 сарын 01-ний өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Алтай сумын Ясли-д тогоочоор, 1988 оны 09 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын *******-ний өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Алтай сумын Эмнэлэгт асрагчаар тус тус ажиллаж байсныг тогтоолгох хүсэлтийг тус шүүхэд гаргасан тул эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох хүсэлт хэмээн үзэж шүүх иргэний хэрэг үүсгэн хүлээн авсан.
4.Нэхэмжлэгч нь Сонгинохайрхан дүүрэгт оршин суудаг ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу хүсэлтээ тус шүүхэд гаргажээ.
5.Мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох-доо шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхээр зохицуулсан байна.
6.С.*******ийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлт нь түүний тайлбар, 206*******3 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, 284116 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Архивын газрын тодорхойлолт, Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын 2024 оны 04 сарын 04-ний өдрийн 136 дугаар тодорхойлолт, Д.Цогбадрах, Д.Сарантуяа нарын тодорхойлолт, гэрчээр асуусан тэмдэглэл, фото зураг зэрэг баримтуудаар хангалттай тогтоогдсон болно.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно гэсэн байх ба С.*******ийн хүсэлтээр Д.Цогбадрах, Д.Сарантуяа нараас гэрчийн мэдүүлэг авсан байна. Гэрчийн мэдүүлгийг дээрх хуулийн 37 дугаар зүйлд заасан нотолгооны хэрэгслээр тогтоогдсон нотлох баримт мөн гэж шүүх үзэв.
Иймд С.*******ийн гаргасан хүсэлтийг хангаж, түүний ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* ******* овогт ******* ******* /рд:ДА69042900/-ийг Говь-Алтай аймгийн Алтай суманд 1987 оны 09 сарын 15-ны өдрөөс 1988 оны 09 сарын 01-ний өдрийг хүртэл Ясли-д тогоочоор, 1988 оны 09 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын *******-ний өдрийг хүртэл Эмнэлэг-т асрагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ