Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 115/ШШ2023/0015

 

 

      2023        09         07                                          115/ШШ2023/0015          

     Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

    хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

 

 Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Цэнд би тус аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор /.../-оос ирүүлсэн, 2023 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 0131843 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах тухай шаардлага бүхий гомдол /прокурорын дүгнэлт/-оор Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч /.../-д холбогдуулан үүсгэсэн захиргааны хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хяналтын прокурор ... шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор ... би, Замын-Үүд дэх гаалийн газрын гаалийн улсын байцаагч ...гээс зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан “...” ХХК-ыг 5,946,142.37 төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн” гэх зөрчлийн А23-288 дугаартай хялбаршуулсан журмаар шалгаж шийтгэл оногдуулсан материалыг шалгалтын явцад хянав.

 Гаалийн улсын байцаагч ... нь “...” ХХК-ыг 5,946,142.37 төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн” гэх зөрчилд 2023 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 0131843 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д  зааснаар шийтгэл оногдуулахдаа шийтгэлийн хуудасны “Шийдвэрлэх нь” хэсгийн 2 дахь хэсэгт  шийтгэл оногдуулсан мөнгөн дүн, нөхөн төлбөрийг сольж бичсэн байна.

 Учир нь Зөрчлийн тухай хуулийн 11.21 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д “гаалийн үнэ, барааны тоо хэмжээ, гаалийн бүрдүүлэлтийн горим, барааны нэр төрөл, марк, зориулалт, ангилал, гарал үүслийг худал мэдүүлсэн бол татварыг нөхөн төлүүлж, хүн хуулийн этгээдийг нөхөн төлүүлсэн  татварын дүнгийн 50 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан.

“...” ХХК нь 5,946,142.37 төгрөгийн татвараас зайлсхийсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон гаалийн улсын байцаагч ...гийн 2023 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 0131843 дугаартай шийтгэлийн хуудасны “Шийдвэрлэх нь” хэсгийн 1. Оногдуулсан шийтгэлийн 2,973,071.19 төгрөгийг Төрийн сангийн 100900000504 тоот дансанд, хохирол, нөхөн төлбөрийн 5,946,142.37 төгрөгийг Төрийн сангийн 100900000503 тоот дансанд ...” гэж өөрчлөлт оруулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ. 

       ҮНДЭСЛЭХ нь: 

Шүүх Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор /.../-ын гаргасан дээрх дүгнэлт буюу Замын-Үүд дэх гаалийн газрын гаалийн улсын байцаагч ...гийн 2023 оны 05 дугаар сарын 07-ны өдөр зөрчлийн холбогдогч “...” ХХК-д шийтгэл оногдуулсан 0131843 дугаартай шийтгэлийн хуудас бүхий шийдвэрийн “Шийдвэрлэх нь” хэсгийн “...Оногдуулсан шийтгэлийн 2,973,071.19 төгрөгийг төрийн сангийн 100900000504 тоот дансанд, хохирол, нөхөн төлбөрийн 5,946,142.37 төгрөгийг  төрийн сангийн 100900000503 тоот дансанд ...” гэж өөрчлөлт оруулахаар ирүүлсэн дээрхи гомдол /прокурорын дүгнэлт/-оор хариуцагч тухайн эрх бүхий албан тушаалтан болох Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч /.../-д холбогдуулан захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан бөгөөд,

Хариуцагч дээрх эрх бүхий албан тушаалтнаас тус гомдол /прокурорын дүгнэлт/-д 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа “Миний бие Замын-Үүд дэх гаалийн газрын гаалийн улсын байцаагч ... нь 2023 оны 05 дугаар сарын 07-ны өдөр “...” ХХК-ийн гаалийн болон бусад татвараас зайлсхийсэн зөрчлийг илрүүлж, А23-288 дугаартай хялбаршуулсан журмаар шалгаж шийтгэл оногдуулсан. Ингэхдээ 2023 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 0131843 дугаартай шийтгэлийн хуудасны “Оногдуулсан шийтгэлийн дүн”, “нөхөн төлбөрийн дүн”  хэсгийг хооронд нь сольж бичсэн техникийн алдаа гаргасан байна. Гэвч тухайн зөрчлийн нөхөн төлбөрийн дүн, оногдуулсан шийтгэлүүд нь Төрийн сан дахь Гаалийн татвар, торгуулийн зохих дансуудад зөв төвлөрсөн  болно. Энэ нь зөрчлийн А23-288 дугаартай материалын 17 дугаар хуудсанд хавсаргагдсан болно. Иймд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газрын 2023 оны 08 сарын 16-ны өдрийн 05 дугаартай прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль дахь “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх” тухай асуудлыг зохицуулсан 67 дугаар зүйлийн 67.1-д заасан “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн ...” гэх үндэслэлд хамаарч байхын хамт, уг зөвшөөрөл нь бусад этгээдийн буюу зөрчилд холбогдогч “...” ХХК-ийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасныг үндэслэн,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор /.../-ын гомдол /прокурорын дүгнэлт/ дахь хариуцагч Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч /.../-ийн зөрчлийн холбогдогч “...” ХХК-д шийтгэл оногдуулсан 0131843 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах шаардлагыг хариуцагчаас бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх зүйлд заасныг баримтлан Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор /.../-ын гомдол /прокурорын дүгнэлт/ дахь зөрчлийн холбогдогч “...” ХХК-д шийтгэл оногдуулсан 2023 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 0131843 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах тухай шаардлагыг хариуцагч Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч /.../-аас бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь зүйлд зааснаар гомдол /прокурорын дүгнэлт/ гаргагчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь зүйлд зааснаар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Б.ЦЭНД