Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 2022/ДШМ/05

 

      Д.Б-д холбогдох эрүүгийн
      хэргийн тухай


 Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч В.Ц даргалж, ерөнхий шүүгч Т.Д, шүүгч Д.Б нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

        Прокурор                                  С.Б
        Хохирогч                                                         Д.Ба  
Шүүгдэгчийн өмгөөлөгч                                 Д.Н
Шүүгдэгч                                                         Д.Б
        Нарийн бичгийн дарга              Б.Д нарыг оролцуулан

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Р.А даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2021/ШЦТ/277 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Д.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Д.Бд холбогдох 2112000000222 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч шүүгч В.Ц-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эх, ахын хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн Бортолгойн 35-12 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 540 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, Д.Б

Шүүгдэгч Д.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр, 2021 оны 02 дугаар сарын сүүлээр тус тус Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн Цагаан давааны 24-03 тоотод, 2021 оны 07 дугаар сарын сүүлээр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн Донойн хонхорт айлын гадаа, 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Ажнай” хүнсний дэлгүүрийн орчим, мөн 2021 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн “Ажнай” дэлгүүрийн орчим тус тус гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Д.Баийг байнга зодсон, мөн 2021 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн “Ажнай” дэлгүүрийн орчим Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Д.Баийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

 Архангай аймгийн Прокурорын газраас Д.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2021/ШЦТ/277 дугаартай шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Д.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,  Шүүгдэгч Д.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 480 /дөрвөн зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Бд оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 480 /дөрвөн зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн, нийт 10 /арав/ сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ийн эдлэх 10 /арав/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Шүүгдэгч Д.Б нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Д.Б-ийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор  эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэжээ. 

Шүүгдэгч Д.Б-ийн гаргасан давж заалдах гомдолд: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 277 дугаартай шийтгэх тогтоолоор Д.Б намайг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 10 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн. Би гэмт хэрэг үйлдэн эхнэрийнхээ биед гэмтэл учруулсан үйлдэлдээ маш их харамсаж, гэмшиж байна. Би архи хэтрүүлэн хэрэглэдэг бөгөөд архины хамааралтай байсан. Энэ байдлаасаа болоод эхнэрээ гомдоож, гар хүрч, бас өөрийн амьдрал, эрүүл мэнд гээд бүх зүйлээ алдаж байгаагаа ойлгож, архины эмчилгээ хийлгээд спрал тавиулаад удаагүй байсан. Би архи уухгүй байгаа энэ хугацаанд амьдралыг өөр өнцгөөс харж эхэлж байна. Би цаашид ээж болон эхнэр, хүүхдийнхээ төлөө амьдрах болно. Миний эрүүл мэндийн байдал хүнд байна. Би уушгины сүрьеэ өвчнөөр өвдөөд эмчилгээ хийлгэсэн боловч гүйцэд эдгэрч чадаагүй ба бас корона тусаад улам хүндрээд цаашид цаг алдалгүй эмчилгээ хийлгэх болоод байна. Мөн эрүү хугархай бөгөөд хадаастай байдаг. Нэг хадаас нь хоригдож байхад унасан. Одоо хоёр хадаас авхуулах болоод  эрүү өрөвсөөд байгаа. Би эхнэрээсээ уучлалт гуйж, эрүүл мэндэд учирсан гэмтлийг нь эмчлүүлж, хохирлыг бүрэн төлсөн. Эхнэр минь намайг уучилсан. Иймд миний биеийн байдлыг харгалзан үзэж оногдуулсан хорих ялыг  хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү гэж хүсэж байна. Би дахин архи уухгүй, гэмт хэрэг үйлдэхгүй байж чадна гэжээ. 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Цагдан хоригдож байгаа хүний хувьд журмаараа бол нарийн мэргэшлийн эмч болон нэгдсэн эмнэлэгт үзүүлэх, цаашлаад энэ үндэслэлээрээ ял эдэлж болохгүй нөхцөл байдал байгаа бол хамтарсан багаар үзүүлэх зэрэг нөхцөл байдлууд үргэлжлээд явдаг. Яг одоогийн байдлаар Д.Б-ийг хорих ял эдлүүлж болохгүй үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргаж байна гэв. 

Хохирогч Д.Ба шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Одоо Д.Б-ийн биеийн байдал муу байгаа. Бид хоёр хоёулаа архины хамааралтай байсан. Тэгээд бид хоёр хамтран амьдарч байгаад архины эмчилгээ хийлгээд архинаас гарсан. Архинаас гараад маш ондоо болсон. Амьдрал болон ар гэрийн хувьд ч тэр өөрчлөгдсөн. Үр хүүхэд хүртэл байнга аавыгаа уйлаад асууж байгаа. Д.Б нь биеийн эрүүл мэндийн байдлын хувьд сүрьеэ гэдэг өвчтэй. Түүний өвчнийх нь байдал маш хүнд байгаа.  Жоохон ханиад хүрэх төдийд уушгийг нь барьчихдаг. Ийм хэрэг хийсэндээ маш их гэмшиж байгаа. Иймд Д.Бд оногдуулсан хорих ялыг өөр ялаар сольж өгөхийг хүсье гэв. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Н шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Сая улсын яллагчийн саналыг сонслоо. Улсын яллагчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаан дээр нотлох баримтын хэмжээнд саналаа хэлсэн байх. Гэхдээ шинээр гаргаж өгсөн нотлох баримттай улсын яллагчийн зүгээс яг бүрэн дүүрэн танилцаагүй байгаа. Д.Б-ийн хөдөлмөрийн чадвар алдалт нь 80 хувьтай байдаг бөгөөд одоогоор биеийн байдал нь сайнгүй байгаа. Цаашид үргэлжлүүлээд хурлаа сунгах боломжгүй байна гэсэн саналыг хэлж байсан. Энэ талаар өөртэй нь болон хохирогчтой уулзахад хэлсэн. Тэгэхээр өнөөдөр л хурлаа хийлгэх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол энэ хүний биеийн байдал тааруу байгаа юм. Сүрьеэ өвчтэй хүн гэдэг бол өнөөдөр сүрьеэгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх ёстой юм. Д.Б нь хөдөлмөрийн чадварын 80 хувийн алдалттай, мөн эмчийн тодорхойлолт, өмнө эмчлүүлж байсан эмчийн карт зэрэг нь байна. Хорих ангийн эмчийн тодорхойлолтод Д.Б-ийн өвчний талаар маш тодорхой бичсэн байгаа. Д.Б-ийн эрүү бас хадаастай бөгөөд уг хадаасных нь нэг нь уначихсан байгаа. Энэ хүнд хэн нэгэн туслахгүй бол өөртөө ямар ч туслах боломж байхгүй байна. Хуульд заасны дагуу тэрээр 10 сарын хугацаагаар хорих ял авсан бөгөөд цагдан хорих байранд хоригдсоноос хойш олон хоног тэвчээрийн байдалтай байж байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж заасан. Д.Б-ийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг болон хохирогчид учирсан хор уршгийг арилгасан. Энэ талаар хавтаст хэрэгт нотлох баримт байдаг. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан үзээд тэнсэх боломжтой байдаг. Д.Б-ийн хувьд тэнсэх шаардлага нөхцөлийг бол хангасан байгаа. Тэгэхээр хувийн байдлын хувьд Д.Б гарцаагүй сүрьеэгийн эмнэлэг дээр хэвтэж байх ёстой хүн гэдэг нь нотлох баримтаар тогтоогдож байна. Эмнэлгийн стандарт нөхцөлийг цагдан хорих байрны нөхцөл нь хангах боломжгүй юм. Үндсэн хууль нь Эрүүгийн хуулиас дээд хүчин чадалтай хууль байдаг. Тэгэхээр Үндсэн хуульд заасан хүний амьд явах эрх буюу энэ хүний амьд явах эрх нь зөрчигдөж байна. Энэ нөхцөл болзлыг хангасан байгаа учраас түүний хувийн байдлыг харгалзан үзэж тэнсэн хянан харгалзаж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч Д.Б-ийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Д.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр, 2021 оны 02 дугаар сарын сүүлээр тус тус Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн Цагаан давааны 24-03 тоотод, 2021 оны 07 дугаар сарын сүүлээр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн Донойн хонхорт айлын гадаа, 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Ажнай” хүнсний дэлгүүрийн орчим, мөн 2021 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн “Ажнай” дэлгүүрийн орчим тус тус гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Д.Ба-ийг байнга зодсон, мөн 2021 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн “Ажнай” дэлгүүрийн орчим Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Д.Ба-ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.  

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулан Д.Б-ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон үйлдлүүдэд үндэслэлтэй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, хэргийг зөв зүйлчилсэн байна. 

 Хэргийн үйл баримтын талаар тогтоосон дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, дээрх нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй.

 Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байх бөгөөд анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн байна. 

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгчид оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож 2  сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн, нийт 10  сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэрэгт тохирсон байна. 

Иймд шүүгдэгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож,  Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2021/ШЦТ/277 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Шүүгдэгчийн... Би уушгины сүрьеэ өвчнөөр өвдөөд эмчилгээ хийлгэсэн боловч гүйцэд эдгэрч чадаагүй ба бас корона тусаад улам хүндрээд цаашид цаг алдалгүй эмчилгээ хийлгэх болоод байна. Мөн эрүү хугархай бөгөөд хадаастай байдаг. Нэг хадаас нь хоригдож байхад унасан. Одоо хоёр хадаас авхуулах болоод  эрүү өрөвсөөд байгаа. Би эхнэрээсээ уучлалт гуйж, эрүүл мэндэд учирсан гэмтлийг нь эмчлүүлж, хохирлыг бүрэн төлсөн. Иймд миний биеийн байдлыг харгалзан үзэж оногдуулсан хорих ялыг  хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү гэж хүсэж байна...гэсэн гомдлыг хангах боломжгүй байна.

          Хэдийгээр шүүгдэгч уушгины сүрьеэ өвчнөөр өвдөөд эмнэлгийн хяналтад байдаг нь тогтоогдож байгаа боловч шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг эдлүүлэхэд саад болох өвчтэй тухай эмнэлгийн байгууллагын дүгнэлт гараагүй, энэ талаар баримт хэрэгт авагдаагүй, эмнэлгийн хяналтад байдаг тухай тодорхойлсон эмчийн тодорхойлолт нь түүнийг өвчний учир хорих ял эдлэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
 

Хэрэг давж заалдах шатны шүүхэд хянан шийдвэрлэх явцад шүүгдэгч Д.Б нь 49 хоног цагдан хоригдсон байх тул түүний хорих ял эдлэх хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

                                                    ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2021/ШЦТ/277 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ийн цагдан хоригдсон 49 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай. 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                 В.Ц

             ШҮҮГЧИД                 Т.Д

                             Д.Б