| Шүүх | Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Цэнд |
| Хэргийн индекс | 115/2023/0008/З |
| Дугаар | 115/ШШ2023/0014 |
| Огноо | 2023-09-07 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2023 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 115/ШШ2023/0014
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Цэнд би тус аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор /.../-оос ирүүлсэн, 2023 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 0131833 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах шаардлага бүхий гомдол /Прокурорын дүгнэлт/-оор Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч /.../-д холбогдуулан үүсгэсэн захиргааны хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хяналтын прокурор ... шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор ... би, Замын-Үүд дэх гаалийн газрын гаалийн улсын байцаагч ...аас зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан “...ийг 2023 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр гаалийн хяналтын бүсийн дэглэм зөрчсөн” гэх зөрчлийн А23-268 дугаартай хялбаршуулсан журмаар шалгаж шийтгэл оногдуулсан материалыг шалгалтын явцад хянав.
Гаалийн улсын байцаагч ... нь “...ийг 2023 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр гаалийн хяналтын бүсийн дэглэм зөрчсөн” гэх үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан зөрчлийг үйлдсэн гэж 2023 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 0131833 дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулахдаа 100 нэгж буюу 100,000 төгрөгөөр торгож шийдвэрлэжээ.
Холбогдогч ...ийн гаргасан зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “... хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр ... торгоно” гэж заасан байхад эрх бүхий албан тушаалтан холбогдогч ...т тухайн зүйл ангид байхгүй шийтгэлийг оногдуулж, хүний эрхийг зөрчсөн байна.
Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон гаалийн улсын байцаагч ...ын 2023 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 0131833 дугаартай шийтгэлийн хуудасны “Шийдвэрлэх нь” хэсгийн 1 дэх хэсэгт 50 нэгжээр торгох, 2 дахь хэсэгт 50,000 төгрөгөөр гэж тус тус өөрчлөлт оруулахаар прокурорын дүгнэлт бичив, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор /.../-ын гаргасан дээрх дүгнэлт буюу Замын-Үүд дэх гаалийн газрын гаалийн улсын байцаагч ...ын 2023 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр зөрчлийн холбогдогч иргэн ...т шийтгэл оногдуулсан 0131833 дугаартай шийтгэлийн хуудас бүхий шийдвэрийн “Шийдвэрлэх нь” хэсгийн “... 1 дэх хэсэгт 50 нэгжээр торгох, 2 дахь хэсэгт 50,000 төгрөгөөр...” гэж өөрчлөлт оруулахаар ирүүлсэн дээрхи гомдол /прокурорын дүгнэлт/-оор хариуцагч тухайн эрх бүхий албан тушаалтан болох Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч /.../-д холбогдуулан захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан бөгөөд,
Хариуцагч дээрх эрх бүхий албан тушаалтнаас тус гомдол /прокурорын дүгнэлт/-д 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа “Миний бие Нацагдорж овогтой Энхсаруул нь Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар ажилладаг. 2023 оны 04 сарын 29-ний өдөр ажил үүргээ гүйцэтгэж байхдаа иргэн ... овогтой ...ийг гаалийн хяналтын бүсийн дэглэм зөрчсөн зөрчилд зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 50,000 төгрөгөөр торгож, оногдуулсан төлбөрийг Төрийн банкны 100900000503 тоот дансанд төлүүлж барагдуулсан. 0131833 дугаартай шийтгэлийн хуудас бичихдээ торгуулийн үнийн дүнг 100,000 төгрөг гэж андуурч буруу бичсэн болно. Иймд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газрын 2023 оны 08 сарын 16-ны өдрийн 04 дугаартай прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү.” гэжээ.
Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль дахь “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх” тухай асуудлыг зохицуулсан 67 дугаар зүйлийн 67.1-д заасан “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн ...” гэх үндэслэлд хамаарч байхын хамт, уг зөвшөөрөл нь бусад этгээдийн буюу зөрчилд холбогдогч иргэн ...ийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно .” гэж заасныг үндэслэн,
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор /.../-ын гомдол /прокурорын дүгнэлт/ дахь хариуцагч Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч /.../-ийн зөрчлийн холбогдогч иргэн ...т шийтгэл оногдуулсан 0131833 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах шаардлагыг хариуцагчаас бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх зүйлд заасныг баримтлан Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор /.../-ын гомдол /прокурорын дүгнэлт/ дахь зөрчлийн холбогдогч иргэн ...т шийтгэл оногдуулсан 2023 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн 0131833 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах тухай шаардлагыг хариуцагч Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч /... /-аас бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь зүйлд зааснаар гомдол /прокурорын дүгнэлт/ гаргагчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь зүйлд зааснаар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЦЭНД