Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 2022/ДШМ/02

 

          О.Х-т холбогдох эрүүгийн
            хэргийн тухай


 Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч В.Ц даргалж, ерөнхий шүүгч Т.Д, шүүгч Д.Б нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

        Прокурор                                  С.Б   
Шүүгдэгчийн өмгөөлөгч                                 Н.Э
Шүүгдэгч                                                         О.Х
        Нарийн бичгийн дарга              Б.Д нарыг оролцуулан

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Г даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/247 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Х-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн О.Хт холбогдох 2112000000174 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч шүүгч В.Ц-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1984 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Архангай аймгийн Өгийнуур суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Архангай аймгийн Өгийнуур сумын Орхон багийн Манхан элс гэх газар оршин суух, урьд Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, Өвөрхангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар, Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар эдлээгүй үлдсэн 11 сар 12 хоногийг 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хугацааны өмнө тэнсэн сулласан, Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлснийг 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 11 дугаартай шүүгчийн захирамжаар 56 хоногийн хугацаагаар хорих ял болгож өөрчилж, 2019 оны 02 дугаар сарын 07-ны өдөр суллагдсан, улсаас авсан гавьяа шагналгүй, О.Х
    
Шүүгдэгч О.Х нь 2021 оны 06 дугаар сарын 25-26-нд шилжих өдрийн хооронд Архангай аймгийн Өгийнуур сумын Орхон багийн нутаг Манхан элс гэх газраас 17 тооны хонь хулгайлж, хохирогч А.Бд 3.030.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

 Архангай аймгийн Прокурорын газраас О.Хт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/247 дугаартай шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч О.Х-ыг бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Хыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Хт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц прокурорын 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 40 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч О.Хын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий Мустанг-5 маркийн мотоциклийг улсын орлого болгож, Шүүгдэгч О.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Хт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн тоолж, Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч О.Хт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоож шийдвэрлэжээ. 

Шүүгдэгч О.Х-ын гаргасан давж заалдах гомдолд: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 247 тоот шийтгэх тогтоолыг шүүгдэгч О.Х миний бие эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Миний бие 2021 оны 06 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Архангай  аймгийн Өгийнуур сумын Орхон багийн Манхан элс гэх газраас 17 тооны хонь хулгайлж, хохирогч А.Бд 3.030.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдон шалгагдсан. Би дээрх үйлдлийн хувьд ямар нэг байдлаар маргахгүй, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хохирогчид учирсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Миний бие ам бүл 5, эхнэр, бага насны 3 хүүхдийн хамт амьдардаг. Миний ар амьдрал тааруу, хүүхдүүд бага насных, эхнэр ажил хийдэггүй, амьжиргааны түвшин доогуур өрхийн тоонд бүртгэлтэй байдаг. Би өөрт олдсон ажил төрлийг хийж, ар гэрээ тэжээдэг байсан. Иймд миний ар гэрийн байдал, хэргийн нөхцөл байдал, хохирол төлөгдсөн байдлыг харгалзан үзэж оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ. 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шүүгдэгч О.Х нь 2021 оны 06 дугаар сарын 25-26-нд шилжих өдрийн хооронд Архангай аймгийн Өгийнуур сумын Орхон багийн нутаг Манхан элс газраас 17 тооны хонь хулгайлж, хохирогч А.Бд 3.030.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул анхан шатны шүүхээс түүнд 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хэргийн үйл явдал болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд ял оногдуулсан бөгөөд уг шийдвэр нь үндэслэл бүхий болсон гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн дүгнэлттэй байна гэв. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Э шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 247 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч О.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэн. Мөн тогтоолын тогтоох хэсэгт дээрх үйлдлийн улмаас хохирогчид учруулсан 3.030.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан бөгөөд бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэсэн. Тухайн шийдвэрт шүүгдэгч нь гомдол гаргахдаа ар гэрийн нөхцөл байдал, хохирол төлбөр төлсөн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгөхийг хүссэн байдлаар гомдол гаргасан. Үүнийг нь өмгөөлөгчийн зүгээс дэмжиж байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар түүний үйлдсэн хэрэгт хөнгөрүүлж үзэх нөхцөл байдал байна. Өөрөөр хэлбэл О.Х нь хохирогчид учирсан хохирол төлбөрийг сайн дурын үндсэн дээр бүрэн төлсөн. Энэ нь түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа хөнгөрүүлж үзэх нөхцөл байдал болно. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж болохоор хуульчилсан. Энэ зүйл, хэсгийг журамлан О.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар доод ял болох 2 жилийн хугацаагаар хорих ялын хоёрны нэгээс багагүйгээр ял оногдуулж өгнө үү. Өөрөөр хэлбэл О.Хын ар гэрийн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хохирол төлсөн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү. Мөн шүүгдэгчийн өөрийнх нь эрүүлийн мэндийн байдлыг харгалзан үзэхийг хүсье. О.Х нь 2018 онд мотоциклийн осолд орсны улмаас тархи толгойны гэмтэл авсан. Тэгэхээр  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар О.Хт 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү гэсэн саналтай байна гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч О.Хын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч О.Х нь 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 26-ны хооронд Архангай аймгийн Өгийнуур сумын Орхон багийн нутаг Манхан элс гэх газраас 17 тооны хонь хулгайлж, хохирогч А.Бд 3.030.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.  

 Шүүгдэгч О.Хт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг зөв гэж дүгнэж, түүнийг  бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. 

 Мөн шүүгдэгч О.Хт оногдуулсан хорих ял түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт тохирсон байх ба хэргийг шүүх эцэслэн шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/247 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Хын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

             Шүүгдэгч нь хэрэг давж заалдах шатны шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны
явцад 66 хоног цагдан хоригдсон байх тул цагдан хоригдсон хугацааг түүний ял эдлэх
хугацаанд оруулан тооцох нь үндэслэлтэй байна.

             Шүүгдэгч нь миний ар гэрийн байдал, хэргийн нөхцөл байдал, хохирол төлөгдсөн
байдлыг харгалзан үзэж оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэж гомдол гаргасныг шүүх
хангаж шийдвэрлэх боломжгүй юм.
              
           Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон
 оногдуулсан ял түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нөхцөлд тохирсон, шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

                                                    ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/247 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Х-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Х-ын цагдан хоригдсон 66 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай. 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                 В.Ц

             ШҮҮГЧИД                 Т.Д

                             Д.Б