Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 181/ШШ2024/01057

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 03 15

181/ШШ2024/01057

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ...тоот хаягт оршин суух Бийн О /РД:.../,

Нэхэмжлэгч: ..... тоотод оршин суух, Мийн Т /РД:.../ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .... байранд байрлах, Н холбогдох,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: .... тоот хаягт оршин байрлах Х ХХК /рд:.../,

Нэхэмжлэлийн шаардлага: эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.О, Ц.Та,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч Э.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Ц.Та, Б.О нар нь хариуцагч Н холбогдуулан эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

1.1 Нэхэмжлэгч Б.О: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 1154 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж Сүхбаатар дүүргийн 8-р хороо Бага тойруу гудамж 46/3 дугаар байрны 12а тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2023029909 дугаарт бүртгэлтэй 70.32 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг, мөн 46/3 дугаар байрны 12б тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2203029903 дугаарт бүртгэлтэй 70.32 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг дуудлага худалдаанд оруулах зорилгоор хөндлөнгийн шинжээч томилон үнэлгээ хийлгэсэн байна.

Монгол Улсын Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т үл хөдлөх эд хөрөнгийг дуулага худалдаанд оруулах зорилгоор төлбөр авагч төлбөр төлөгч, өмгөөлөгчөөс үнийн санал авна. Үнийн саналын талаар тохиролцоогүй бол шинжээч томилон үнэлгээ хийлгэнэ... гэсэн байна.

2022.03.17-ны өдөр шинжээч томилох тухай 3/60 дугаар тогтоол үйлдэж шинжээчээр Мөнх-Оргил трейд ХХК-ийг томилсон байх ба 2022.03.20-ны өдөр төлбөр төлөгч, төлбөр авагч нараас үнийн санал авсан талаарх баримтыг нөхөн бүрдүүлж тогтоол үйлдэхээс өмнө үнийн санал авсан мэтээр хуурамч баримт бүрдүүлэн гүйцэтгэх бичиг баримтанд хавсаргасан байна.

Иймд төлбөр төлөгч Б.О миний бие Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасан үндэслэлээр үнийн санал авах ажиллагаа хийгдээгүй хэмээн үзэж байгаа учир үнэлгээ хууль бусаар явагдсан хэмээн үзэж байна. Иймд эрхийн улсын бүртгэлийн Ү-2203029909-д бүртгэлтэй орон сууцыг 127,561,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг, мөн улсын эрхийн бүртгэлийн Ү-2203014206-д бүртгэлтэй орон сууцыг 220,504,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

1.2 Нэхэмжлэгч Ц.Та: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 1154 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж Сүхбаатар дүүргийн 8-р хороо Бага тойруу гудамж 46/3 дугаар байр 12а тоотод байрлах 70.32 м.кв талбайтай 3 өрөө орон сууц/Ү-2203014206-рт бүртгэлтэй/-ыг, мөн 46/3 дугаар байрны 12б тоотод байрлах 40.68 м.кв талбайтай 3 өрөө орон сууц/Ү-2203029903-рт бүртгэлтэй/-ыг дуудлага худалдаанд оруулах зорилгоор хөндлөнгийн шинжээч томилон үнэлгээ хийлгэсэн.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т үл хөдлөх эд хөрөнгийг дуулага худалдаанд оруулах зорилгоор төлбөр авагч, төлбөр төлөгч, өмгөөлөгчөөс үнийн санал авна. Үнийн саналын талаар тохиролцоогүй бол шинжээч томилон үнэлгээ хийлгэнэ... гэсэн байна.

Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээрх ажиллагааг явуулалгүйгээр шинжээч томилон үнэлгээ хийлгэсэн байна.

2022.03.17-ны өдөр шинжээч томилох тухай 3/60 дугаар тогтоол үйлдэж шинжээчээр Мөнх-Оргил трейд ХХК-ийг томилсон байх ба 2022.03.20-ны өдөр төлбөр төлөгч төлбөр авагч нараас үнийн санал авсан талаарх баримтыг нөхөн бүрдүүлж тогтоол үйлдэхээс өмнө үнийн санал авсан мэтээр хуурамч баримт бүрдүүлэн гүйцэтгэх бичиг баримтад хавсаргасан байна.

Иймд төлбөр төлөгч Та миний бие Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасан үндэслэлээр үнийн санал авах ажиллагаа хийгдээгүй хэмээн үзэж байгаа учир үнэлгээ хууль бусаар явагдсан хэмээн үзэж байна. Иймд эрхийн улсын бүртгэлийн Ү-2203014206-д бүртгэлтэй орон сууцыг 220,504,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ мөн улсын эрхийн бүртгэлийн Ү-2203029903-рт улсын бүртгэлтэй орон сууцыг 127,561,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгоно уу гэжээ.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Даваасүрэн хариу тайлбартаа:

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2021/01154 дугаар шийдвэрээр Хатан цамхаг ХХК, Ц.Та Б.О нараас 766.265.346 төгрөгийг гаргуулж Тайм энд валью ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр үүсгэж, төлбөр төлөгч Хатан цамхаг ХХК-ийн шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацаатай мэдэгдлийг гардуулсан боловч төлбөрийг барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Г-2204003258 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүрэг 4 дүгээр гудамж, 208 тоотод байрлах 683 м.кв талбайтай гэр бүлийн зориулалттай газар, Г-2204013981 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүрэг 4 дүгээр гудамж, 207Б тоотод байрлах 492 м.кв талбайтай гэр бүлийн зориулалттай газар, Ү-2204081608 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол Дандарбаатарын гудамж 50а тоот хаягт байрлах 3.450 м.кв талбайтай хамт битүүмжилж, хураасан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу хөндлөнгийн шинжээч томилж үл хөдлөх эд хөрөнгөнд Мөнх-Оргил трейд ХХК, Сэлэнгэ-Эстимэнт ХХК, Виннэр ХХКомпаниар үнэлгээг тогоолгосон.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.2-т, Иргэний хуулийн 177.1-т заасны дагуу талуудаас үний санал авахад тохиролцоогүй тул хөндлөнгийн шинжээчийн томилоход төлбөр төлөгч Төлбөр төлөгч Хатан цамхаг ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Г-2204003258 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүрэг 4 дүгээр гудамж, 208 тоотод байрлах 683 м.кв талбайтай гэр бүлийн зориулалттай газрын шинжээчийн тогтоосон үнэ болох 367.003.500 төгрөг, Г-2204013981 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүрэг 4 дүгээр гудамж, 207Б тоотод байрлах 492 м.кв талбайтай гэр бүлийн зориулалттай газрыг шинжээчийн тогтоосон үнэ болох 274.119.100 төгрөг, бүртгэлийн Ү-2204081608 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол Дандарбаатарын гудамж 50а тоот хаягт байрлах 3.450 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай /70 хувийн гүйцэтгэлийн гэрчилгээтэй/ үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчийн тогтоосон үнэ болох 3.795.604.670 төгрөгийн төгрөгийг үнэлсэн.

Төлбөр төлөгч Төлбөр төлөгч Хатан цамхаг ХХК-д 2022 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 4-153/1115, 2022 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 4-153/1113 дугаартай үнэлгээний мэдэгдэл гардуулж, мэдэгдлийг баталгаат шуудангаар хаягаар хүргүүлсэн.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэсэн хуулийн зохицуулалтыг зөрчиж 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хөрөнгийн үнэлгээний тайланг мэдэгдсэн байтал нэхэмжлэгч Б.О 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр, нэхэмжлэгч Ц.Та 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр тус тус нэхэмжлэл гаргасан байна.

Мөн төлбөр төлөгч Хатан цамхаг ХХК нь 5 үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 484 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 775 дугаар магадлалаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Иймд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхээр хуулийн дагуу явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үндэслэлгүйгээр хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Б.О, Ц.Та нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х ХХК-ийн төлөөлөгч Э.Буяндэлгэр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Монгол улсын иргэн Б.О, Ц.Та нарын нэхэмжлэлтэй, Н холбогдох иргэний хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х ХХК-ийн зүгээс нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн хариу тайлбартай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдийн 181/ШШ2021/01154 дугаар шийдвэрээр Хатан цамхаг ХХК болон Б.О, Ц.Та нараас зээлийн гэрээний үүрэгт 766,265,346 төгрөгийг гаргуулж Хан алтайн нуруу ББСБ ХХК одоогийн Хасхаан ББСБ XXK-д олгохоор шийдвэрлэсэн.

Хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр үүсгэж албадан гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж эхэлсэн.

Улмаар барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2203014206 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Бага тойруу гудамж, 46/3 дугаар байр, 12а тоотод байрлах, 70.32 м.кв 3 өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү-2203029903 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Бага тойруу гудамж, 46/3-р байр 126 тоотод байрлах 40.68 м.кв орон сууц зэрэг хөрөнгүүдийг битүүмжилж, хураан авч улмаар талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хөндлөнгийн шинжээч томилж, хөрөнгийн үнэлгээ хийлгэснийг буруутгах үндэслэлгүй.

Төлбөр төлөгч Хатан цамхаг ХХК-ийн зүгээс энэхүү хөрөнгийн үнэлгээтэй холбогдуулан үнэлгээг хүчингүй болгуулахаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан ба тус шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 484 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 775 дугаар магадлалаар тус тус нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байтал ийнхүү дахин нэхэмжлэл гаргаж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дах хэсэгт заасныг зөрчиж байна.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэсэн хуулийн зохицуулалтыг зөрчиж 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хөрөнгийн үнэлгээний тайланг мэдэгдсэн байтал 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Иймд, нэхэмжлэгч Б.О, Ц.Та нараас гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсгийг тус тус зөрчсөн, үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

4. Зохигч талуудаас хэрэгт гаргаж өгсөн нотлох баримтууд:

4.1 Нэхэмжлэгч Б.Оээс: Улсын тэмдэгтийн хураамжид 141,000 төгрөг төлсөн баримт, Б.Оийн иргэний үнэмлэхний лавлагаа, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021.06.08-ны өдрийн 181/ШШ2021/01154 дүгээр захирамж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 4-153/6519, 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 4-153/1123 дугаартэй мэдэгдэлүүд, мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 21280946/153/07, 21280649/153-06, 21280649/153-08, 21280946/153/010, 21280946/1538/1 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоолууд зэргийг гаргаж өгсөн байна.

4.2 Нэхэмжлэгч Ц.Таас: Улсын тэмдэгийн хураамжид /70,200+70,200/ нийт 140,400 төгрөг төлсөн баримт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2021/01154 дүгээр захирамж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022.03.25-ны өдрийн 4-153/6519, 2022.05.26-ны өдрийн 4-153/1123 дугаар мэдэгдэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022.02.28-ны өдрийн 21280946/153/07, 21280649/153-06, 21280649/153-08, 21280946/153/010, 21280946/1538/1 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоолууд, Ц.Тын иргэний үнэмлэхний хуулбар зэргийг гаргаж өгсөн байна.

4.3 Хариуцагчаас: Т.Баттүшиг, Д.Даваасүрэн нарт олгосон итгэмжлэл, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2021/01154 дүгээр захирамжаар хийгдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны материалууд, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.02.03-ны өдрийн 181/ШШ2023/00484 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатын шүүхийн 2023.04.14-ний өдрийн 210/МА2023/00775 дугаар магадлал зэргийг тус тус гаргаж өгсөн.

4.4 Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс: Х ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Э.Буяндэлгэрт олгосон итгэмжлэл зэргийг гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

5. Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч Н холбогдуулан эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн аваад, 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 181/ШЗ3023/16045 дугаар шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулжээ.

6. Нэхэмжлэгч Ц.Та нь хариуцагч Н холбогдуулан эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 181/ШЗ3023/16367 дугаар шүүгч /А.Цэлмэг/-ийн захирамжаар иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан байна.

7. Дээрх хоёр нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зүйл болох а/.Эрхийн улсын бүртгэлийн Ү-2203014206 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг 8-р хороо 46/3 байр 12А тоотод байрлах 70,32 мкв, талбайтай, 3 өрөө орон сууц,

б/.Эрхийн улсын бүртгэлийн Ү-2203029903 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг 8-р хороо, 46/3 байр 12Б тоотод байрлах 40,68 мкв талбайтай, 2 өрөө орон сууцуудыг тус тус үнэлсэн шинжээч Виннэр Вэй ХХК-ийн үнэлгээний тайланд

...Эрхийн улсын бүртгэлийн Ү-2203014206 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг 8-р хороо 46/3 байр 12А тоотод байрлах 70,32 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг 220,504,000 төгрөгөөр,

Эрхийн улсын бүртгэлийн Ү-2203029903 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг 8-р хороо, 46/3 байр 12Б тоотод байрлах 40,68 мкв талбайтай 2 өрөө, орон сууцыг 127,561,000 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэгч нар тус тусдаа нэхэмжлэлийн шаардлага гаргасныг нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс эдгээр хоёр хэргийг нэгтгэн шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШЗ2023/21072 дугаар Хүсэлт шийдвэрлэж, хэрэг нэгтгэх тухай захирамжаар Ц.Тын нэхэмжлэлтэй Н холбогдох иргэний хэргийг Б.Оийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н холбогдох иргэний хэрэгт нэгтгэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3-т заасанд нийцсэн.

8. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...үнийн санал авахаасаа өмнө шийдвэр гүйцэтгэгч шинжээч томилох тогтоол гаргасан нь хууль зөрчсөн, иргэн миний өмч байхад надаар үнэлгээ хийлгээгүй, зөвхөн хариуцагч тал үнэлгээ гаргуулсан учир үнэлгээ хууль бусаар явагдсан гэж хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардсан.

9. Хариуцагчийн төлөөлөгч татгалзлын үндэслэлээ ...Хатан цамхаг ХХК-ийн гомдлоор тус шүүхийн шийдвэрт бичигдсэн гүйцэтгэх хуудас бичиг баримтын дагуу явагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар хийгдсэн 5 үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар гаргасан гомдлыг нь анхан шатны шүүх болон давж заалдах, хяналтын шатны шүүхээр хянан шийдвэрлэгдсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй байхад дахин гомдол гаргасан,

мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасан хуулийн зохицуулалтыг зөрчиж 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хөрөнгийн үнэлгээний тайланг мэдэгдсэн байтал нэхэмжлэгч Б.О 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр, нэхэмжлэгч Ц.Та 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр тус тус нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэсэн хоёр үндэслэлээр маргаж байна.

10. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгчийн зүгээс Төлбөр төлөгч Хатан цамхаг ХХК энэхүү хөрөнгийн үнэлгээтэй холбогдуулан үнэлгээг хүчингүй болгуулахаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан ба тус шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 484 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 775 дугаар магадлалаар тус тус нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байтал дахин нэхэмжлэл гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дах хэсэгт заасныг зөрчсөн,

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэсэн хуулийн зохицуулалтыг зөрчиж 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хөрөнгийн үнэлгээний тайланг мэдэгдсэн байтал Б.О 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр, Ц.Та 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр тус тус нэхэмжлэл гаргасан

нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсгийг тус тус зөрчсөн, үндэслэлгүй тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

11. Шүүх доорх үндэслэлээр нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.

11.1 Нэхэмжлэгч Б.О, Ц.Та нар нь хариуцагч Н холбогдуулан

-Сүхбаатар дүүрэг 8-р хороо 46/3 байр 12А тоотод байрлах 70,32 мкв талбайтай Ү-2203014206 улсын бүртгэлтэй, 3 өрөө орон сууц,

-Сүхбаатар дүүрэг 8-р хороо, 46/3 байр 12Б тоотод байрлах 40,68 мкв талбайтай, Ү-2203029903 улсын бүртгэлтэй, 2 өрөө орон сууцыг тус тус үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

 

 

11.2 Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох төлбөр авагч Х ХХК-тай 6127053 тоот регистийн дугаартай Тайм энд валью ББСБ-г нэгтгэсэн болох нь тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээнд 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр бүртгэсэн болох нь тогтоогдож байна./хх-31/

11.3 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2021/01154 дугаар шийдвэрээр хариуцагч Хатан цамхаг ХХК, Ц.Та Б.О нараас 766,265,346 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Тайм энд валью ББСБ-д олгох,

-Хариуцагч нар гэрээний үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд эрхийн улсын бүртгэлийн Г-2204003258 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүрэг 4 дүгээр гудамж, 208 тоотод байрлах 683 м.кв талбайтай гэр бүлийн зориулалттай газар,

-Эрхийн улсын бүртгэлийн Г-2204013981 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүрэг 4 дүгээр гудамж, 207Б тоотод байрлах 492 м.кв талбайтай гэр бүлийн зориулалттай газар,

-Б.Тын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204081608 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол Дандарбаатарын гудамж 50а тоот хаягт байрлах 3.450 м.кв талбайтай, 70%-ийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө,

-Эрхийн улсын бүртгэлийн Ү-2203014206 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг 8-р хороо 46/3 байр 12А тоотод байрлах 70,32 мкв, талбайтай, 3 өрөө орон сууц,

-Эрхийн улсын бүртгэлийн Ү-2203029903 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг 8-р хороо, 46/3 байр 12Б тоотод байрлах 40,68 мкв талбайтай, 2 өрөө орон сууц,

-58-71 УБЗ улсын дугаартай Тоёота приус маркийн машинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд харилцан тохирч эвлэрэн, шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болжээ. /хх 6-7, 47-50/

11.4 Төлбөр төлөгч нар нь төлбөрийг төлөөгүй үндэслэлээр дээрхи шүүгчийн захирамжид Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатнй шүүхийн шүүгчийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШЗ2021/10737 дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж, мөн өдөр 181/ГХ2021/00678 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас тус тус бичигдсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлд заасантай нийцсэн байна./хх 43-46/

11.5 Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Шүүхийн гүйцэтгэх хуудасны дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 21280946 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол үйлдэж, төлбөр төлөгч Хатан цамхаг ХХК-нд шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл өгсөн талаар хэрэгт авагдсан Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2023/00484 дүгээр шийдвэрт дурдсан байна. /хх 116-126 дахь талд/

11.6 Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай 21280946/153-05 тоот тогтоол-оор Сүхбаатар дүүрэг 8-р хороо, 46/3 байр 12Б тоотод байрлах 40,68 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг, мөн өдрийн 21280946/153-04 тоот тогтоол-оор Сүхбаатар дүүрэг 8-р хороо 46/3 байр 12А тоотод байрлах 70,32 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг тус тус битүүмжилсэн,/хх 54-57 дахь талд/

2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн эд хөрөнгө хураах тухай 21280946/153-06, 21280946/153-07 тоот тогтоолуудаар хөндлөнгийн 2 гэрч, төлбөр төлөгч буюу өмчлөгч Ц.Та нарыг байлцуулан дээрхи хөрөнгийг хураан шүүхийн шийдвэрт заасан үүргээ биелүүлэхийг мэдэгдэж тэмдэглэл үйлдэн, үүргийг биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг мэдэгджээ. /хх-73-78 дахь талд/

11.7 Шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгч Хатан цамхаг ХХК-ийн захирал Ц.Та, Б.О нараас үнийн санал авах ажиллагааг хийж, төлбөр төлөгч нар нь дээрхи үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг нийт 15,000,000,000 төгрөгөөр үнэлсэн бичгийн хүсэлтийг Хатан цамхаг ХХК болон Ц.Та, Б.О нар ирүүлсэн байна. /хх 83-84 дэх талд/

Төлбөр авагч Тайм энд валью ББСБ ХХК нь төлбөр төлөгч нарын гаргасан үнийн саналыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар 2022 оны 03 дуаар сарын 10-ны өдрийн 2/127 тоот албан бичгээр шинжээч томилуулах хүсэлт ирүүлсэн энэ хэрэгт баримтаар авагджээ. /хх 85 дахь талд/

11.8 Хариуцагч, гуравдагч этгээд нарын зүгээс татгалзан, маргасан тайлбар нь хэрэгт авагдсан Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2023/00484 дүгээр шийдвэрт:

тус хэргийн нэхэмжлэгч буюу төлбөр төлөгч Хатан цамхаг ХХК /1 гишүүнтэй, үүсгэн байгуулагч нь Ц.Та/-ийн гаргасан

-Баянзүрх дүүрэг 16-р хороо 16-р хороолол, 50а тоотод байрлах Ү-2204081608 улсын бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө,

-Сүхбаатар дүүрэг 8-р хороо 46/3 байр 12А тоотод байрлах 70,32 мкв талбайтай Ү-2203014206 улсын бүртгэлтэй, 3 өрөө орон сууц,

-Сүхбаатар дүүрэг 8-р хороо, 46/3 байр 12Б тоотод байрлах 40,68 мкв талбайтай, Ү-2203029903 улсын бүртгэлтэй, 2 өрөө орон сууц,

-Баянзүрх дүүрэг 13-р хороо, 4-р гудамж 208 тоотод байрлах 683 мкв гэр бүлийн зориулалттай газар,

-Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүрэг 4 дүгээр гудамж, 207Б тоотод байрлах 492 мкв гэр бүлийн зориулалттай газар зэргийг үнэлсэн үнэлгээг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцээд, ...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгч талын давж заалдсан гомдлоор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хянан хэлэлцээд 210/МА2023/00775 дугаар магадлалаар ...анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2023/00484 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын 57 дугаар зүйлийн гэснийг 56 дугаар зүйлийн гэж, 4.1.2 дахь хэсэгт гэснийг 7.1.4-т гэж, үлдээсүгэй гэснийг үлдээж, илүү төлөгдсөн 211,400 төгрөгийг улсын орлогоос нэхэмжлэгч Хатан цамхаг ХХК-д буцаан олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлалууд хэрэгт авагджээ./хх-116-132 дахь тал/

Иймээс, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж зааснаар тухайн шийдвэр, магадлалд хийсэн дүгнэлттэй холбоотой үйл баримтыг энэ шүүхийн шийдвэрт дахин дүгнэлт хийхгүй болно.

12. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2-т зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 3/61 дугаартай тогтоолоор төлбөр төлөгч Хатан цамхаг ХХК, Б.О, Ц.Та нарын төлбөрт хураагдсан Эрхийн улсын бүртгэлийн Ү-2203014206 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг 8-р хороо 46/3 байр 12А тоотод байрлах 70,32 мкв талбайтай 3 өрөө орон сууц,

Эрхийн улсын бүртгэлийн Ү-2203029903 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг 8-р хороо, 46/3 байр 12Б тоотод байрлах 40,68 мкв талбайтай 2 өрөө, орон сууцуудыг үнэлүүлэхээр Виннэр Вэй ХХК-ийг шинжээчээр томилж, дээрхи үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг тогтоохыг даалгаж, шинжээчид эрх, үүргийг тайлбарлан гарын үсэг зуруулсан талаар хэрэгт авагдсан Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2023/00484 дүгээр шийдвэрт дүгнэгдсэн. /хх 116-126, 127-132 дахь талд/

13. Мөн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2023/00484 дүгээр шийдвэрт ...Хөрөнгийн үнэлгээний тайланг Мөнх-Оргил трейд ХХК, Сэлэнгэ Эстимейт ХХК, Виннэр Вэй ХХК гаргаж, Н дүгнэлтээ бичгээр ирүүлсэн. Мөнх-Оргил трейд ХХК нь үнэлгээний тайланд ...Эрхийн улсын бүртгэлийн Г-2204013981 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүрэг 4 дүгээр гудамж, 207Б тоотод байрлах 492 м.кв талбайтай гэр бүлийн зориулалттай газрыг 274,119,100 төгрөгөөр,

эрхийн улсын бүртгэлийн Г-2204003258 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүрэг 4 дүгээр гудамж, 208 тоотод байрлах 683 м.кв талбайтай гэр бүлийн зориулалттай газрыг 367,003,500 төгрөгөөр,

Виннэр Вэй ХХК нь үнэлгээний тайланд ...Эрхийн улсын бүртгэлийн Ү-2203014206 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг 8-р хороо 46/3 байр 12А тоотод байрлах 70,32 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг 220,504,000 төгрөгөөр,

Эрхийн улсын бүртгэлийн Ү-2203029903 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг 8-р хороо, 46/3 байр 12Б тоотод байрлах 40,68 мкв талбайтай 2 өрөө, орон сууцыг 127,561,000 төгрөгөөр,

Сэлэнгэ Эстимэйт ХХК нь үнэлгээний тайланд ...Б.Тын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204081608 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол Дандарбаатарын гудамж 50а тоот хаягт байрлах 3.450 м.кв талбайтай, 70%-ийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 3,795,604,670 төгрөгөөр тус тус үнэлсэн байна.

Шинжээч нарын гаргасан үнэлгээний тайланг төлбөр төлөгч Хатан цамхаг ХХК-ийн захирал Ц.Та болон Б.О нарт Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 4/153/6516, 4-453/6517, 4-153/6518, 4-153/6519, 4-153/6520, 4-153/6521 дүгээртэй мэдэгдлийг биечлэн танилцуулан Ц.Та, Б.О нар гарын үсэг зурсан. Мөн 2022 оны 04 сарын 28-ны өдрийн 4-153/9037 дүгээр мэдэгдлээр төлбөр төлөгч нарын барьцаа хөрөнгө болох үл хөдлөх эд хөрөнгө, газрыг үнэлсэн үнэлгээг Хатан цамхаг ХХК-ний захирал Ц.Тад танилцуулан гарын үсэг зуруулсан байна.

Ц.Та нь Н гаргасан бичгийн хүсэлтэндээ: ...2022.03.29-ний өдрөөс 2022.04.30-ний дотор өөрсдийн боломжоор барагдуулах хугацаа өгнө үү, үнийн саналын 6 ширхэг мэдэгдлийг гардаж авсан гэжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар талууд Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэхээр заасан тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас битүүмжлэн, хураагдсан төлбөр төлөгч нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болон гэр бүлийн хэрэгцээний газарт үнэлгээ хийлгэхээр шинжээч томилсон нь үндэслэлтэй хариуцагч нь хуульд заасан ажиллагааг хийсэн байна. гэж тус тус дүгнэжээ.

14. Нэхэмжлэгч нар нь ...үнийн санал авахаасаа өмнө шийдвэр гүйцэтгэгч шинжээч томилох тогтоол гаргасан нь хууль зөрчсөн, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасан үндэслэлээр үнийн санал авах ажиллагаа хийгдээгүй... гэсэн хоёр үндэслэлийг зааж маргасан боловч энэхүү маргааны талаар Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 210/МА2023/00775 дугаар магадлалын 5.1-д Хэдийгээр хариуцагч нь 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр үнэлгээ хийх шинжээчийг томилсон атлаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудаас 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр үнийн санал авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасныг зөрчсөн байгаа боловч энэ нь үнэлгээг хүчингүй болгох үндэслэл болохгүй. Учир нь хэрэгт авагдсан баримтаар төлбөр авагч болон төлбөр төлөгч талууд хураагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээн дээр тохиролцоогүй маргасан, ийнхүү маргасны дараа буюу 2022 оны 03 дугаар сарын 22, 24, 28-ны өдрүүдэд шинжээчид дээрх 5 үл хөдлөх эд хөрнгөд үнэлгээ хийсэн нь Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.2, 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцсэн байна. Иймд үнийн санал авахаас өмнө шийдвэр гүйцэтгэгч шинжээч томилох тогтоол гаргасан нь хууль зөрчсөн гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй гэж дүгнэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүх дахин дүгнэлт хийх шаардлагагүй. /хх 116-126, 127-132 дахь талд/

15. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно. гэж зохицуулжээ.

16. Нэхэмжлэгч Б.О ...12А тоотод байрлах 70,32 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг 220,504,000 төгрөгөөр,

...12Б тоотод байрлах 40,68 мкв талбайтай 2 өрөө, орон сууцыг 127,561,000 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээг эс зөвшөөрч, шүүхэд эдгээр хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлыг 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр,

нэхэмжлэгч Ц.Та 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр тус тус нэхэмжлэл гаргасан болох нь хэргийн үйл баримтаар тогтоогдож байх тул дээрх хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж маргаж буй хариуцагч, гуравдагч этгээд нарын тайлбарыг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй.

17. Дээрх үндэслэлээр эрхийн улсын бүртгэлийн Ү-2203014206 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо, 46/3 дугаар байрны 12А тоотод байрлах 70,32 мкв талбайтай, 3 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203029903 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо, 46/3 дугаар байрны 12Б тоотод байрлах 40,68 мкв талбайтай, 2 өрөө орон сууц зэргийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Б.О, Ц.Та нарын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

18. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд:

Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Б.Оээс улсын тэмдэгтийн хураамжид 2023-09-19-ний өдөр төлсөн 141.000 төгрөг, нэхэмжлэгч Ц.Тын 2023-09-20-ны өдөр төлсөн /70.200+70.200/ 140.400 төгрөг, нийт 281,400 төгрөгөөс төлбөл зохих 280.800 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, Б.Оийн илүү төлсөн 600 /зургаан зуу/ төгрөгийг улсын орлогоос гаргуулж буцаан олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт тус тус заасан зохицуулалтад нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар Н холбогдох

-Эрхийн улсын бүртгэлийн Ү-2203014206 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо, 46/3 дугаар байрны 12А тоотод байрлах 70,32 мкв талбайтай, 3 өрөө орон сууц,

-Эрхийн улсын бүртгэлийн Ү-2203029903 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо, 46/3 дугаар байрны 12Б тоотод байрлах 40,68 мкв талбайтай, 2 өрөө орон сууц зэргийг тус тус үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.О, Ц.Та нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.О, Ц.Та нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн /141.000+140.400/ нийт 281.400 төгрөгөөс 280.800 төгрөгийг улсын орлого олгож, илүү төлсөн 600/зургаан зуун/ төгрөгийг улсын орлогоос гаргуулж Б.От буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй, гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ