| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 181/2023/05491/И |
| Дугаар | 181/ШШ2024/01426 |
| Огноо | 2024-04-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 181/ШШ2024/01426
| 2024 04 09 | 181/ШШ2024/01426 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: .... тоот хаягт оршин байрлах, Б ХХК /рд:.../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ..... тоот хаягт оршин суух, эрэгтэй, Оийн Д /рд:..../-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт 6,376,170 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч П.Х,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.О нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч О.Дт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,376,170 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон.
Үүнд: Б болон О.Д нарын хооронд 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ЗГ17012502 тоот Зээлийн гэрээ байгуулан, 2,000,000 /хоёр сая/ төгрөгийг 10 сарын хугацаатай, 1 сарын 5%-ийн хүүтэй зээл олгосон. Улмаар гэрээний хугацааг 2019.08.20-ны өдрөөс 2020.08.15-ны өдрийг хүртэл хугацааг сунгасан хэдий ч О.Д нь зээлээ төлөөгүй тул Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба Шүүхээс 2021 оны 07 сарын 08-ны өдөр ИХШХШТХуулийн 65.1.9-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Эрэн сурвалжлуулахаар шүүхэд хандсан бөгөөд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2021 оны 11 сарын 15-ны өдөр О.Дын хаягийг олж тогтоолгохоор Орхон аймаг дахь Цагдаагийн газарт даалгасан. Орхон аймаг дахь Цагдаагийн газраас О.Дыг Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 14-р хороо, Оргил 6 буудлын ажилчдын байр 12 тоотод түр оршин сууж байгааг тогтоосон. Улмаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Шүүхээс 2023 оны 05 сарын 25-ны өдөр ИХШХШТХуулийн 65.1.9-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Дахин эрэн сурвалжлуулахаар шүүхэд хандсан бөгөөд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны 08 сарын 11-ны өдөр О.Дын хаягийг олж тогтоолгохоор Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт даалгасан. Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн 2023 оны 10 сарын 23-ны өдөр №28ибЗ/4072 тоот албан бичгээр О.Дыг Сүхбаатар дүүргийн 14-р хороо, Хандгайтын 36 дугаар гудамжны 417 тоотод түр оршин суудаг гэж тодорхойлсон тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.
Иймээс, О.Даас үндсэн зээл 1,270,000 төгрөг, зээлийн хүүнд 5,106,170 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 943,535 төгрөг нийт 7,319,705 төгрөгөөс ББСБ-ын зүгээс 943,535 төгрөгийн хөнгөлөлт үзүүлж буй тул 6,376,170 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч О.Дт 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулан өгсөн боловч хариу тайлбар, холбогдох бичгийн баримтыг гаргаж өгөөгүй байна.
3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамжид 116,969 төргрөг төлсөн баримт, Бат ундрам мандах ББСБ ХХК-ийн улсын бүтгэлийн гэрчилгээний хуулбар, 2017.01.25-ны өдрийн 1701502 дугаартай зээлийн гэрээ, бэлэн мөнгөний зарлагын баримт, О.Дын Бат ундрам мандах ББСБ ХХК-д гаргасан өргөдөл, 2019.08.20-ны өдрийн 17012502 дугааратй Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ, зээл эргэн төлөх хуваарь, зээлийн тооцоолол, Орхон аймаг дахь Цагдаагийн газрын 2022.01.05-ны өдрийн 3в/05-130 тоот албан бичиг, Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 142/ШЗ2021/03002 тоот Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2023.10.23-ны өдрийн 28иб3/4072 тоот албан бичиг, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШШ2023/02315 дугаар шийдвэр зэргийг гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
4.Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч О.Дт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,376,170 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
5.Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ: зээлийн гэрээгээр зээл олгосон, гэрээний хугацааг түүний хүсэлтээр сунгасан, зээлийг эргүүлэн төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүүг гаргуулна гэв.
6.Хариуцагч О.Д нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч шүүхэд хариу тайлбар гаргаж өгөөгүй, шүүх хуралдааны тов мэдэгдсэн атал хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
7.Нэхэмжлэгч Б ХХК нь банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд байна.
7.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогдсон. Үүнд:
7.1. Нэг талаас Б ХХК, нөгөө талаас О.Д нар 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр харилцан тохиролцож, 17012502 тоот Зээлийн гэрээг байгуулж, 2,000,000 төгрөгийг, 10 сарын хугацаатай, нэг сард 5% /таван/ хувийн хүүтэй зээлж, үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг тогтоосон хугацаанд буцаан төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн 20 хувиар бодож нэмэгдүүлсэн хүү зээлдүүлэгчид төлөхөөр тохиролцжээ. /хх 4/
2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ-гээр зээлдэгчийн гаргасан хүсэлтийн дагуу гэрээний 2.3 дахь заалтад зээлийн гэрээний хугацааг 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр дуусгавар болгох өөрчлөлт орсонтой холбоотойгоор зээлийн гэрээний хавсралт-1 нь энэхүү гэрээний Хавсралт №1 болж өөрчлөгдөж байгааг тодорхойлж, Зээл эргэн төлөх хуваарь-ийг өөрчилсөн байна./хх 6-8/
Талууд Зээлийн гэрээ-г бичгээр байгуулан нотариатаар гэрчлүүлсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэслэлгүй, хүчин төгөлдөр байна.
7.2. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.
Б ХХК нь 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр зээлдэгч О.Дт зээл 2,000,000/хоёр сая/ төгрөгийг бэлэн мөнгөний зарлагын баримт үйлдэн хүлээлгэн өгсөн, уг мөнгийг хүлээн авч О.Д гарын үсэг зурсан баримт авагдсан байна. /хх 5/
Зээлийн гэрээний 2.2 дахь заалтад Зээлийн сарын хүү 5/таван/ хувь байна гэж талууд тохиролцсон байх бөгөөд зээл 2,000,000 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр зээлдэгч О.Д хүлээн авснаас хойш 2017.03.28-ны өдөр 390.000 төгрөг, 2017.07.25-ны өдөр 140.000 төгрөг, 2019.10.15-ны өдөр 200.000 төгрөг буюу нийт 730.000 төгрөгийг үндсэн зээлд төлсөн, хүүгийн төлбөрт 2017.03.28-ны өдөр 200.000 төгрөг, 2017.07.25-ны өдөр 300.000 төгрөг буюу 500.000 төгрөг, нийтдээ 1.230.000 төгрөгийг төлсөн гэж нэхэмжлэгч тайлбарлан, зээлийн тооцооллын хүснэгтийг шүүхэд гаргасныг хариуцагч үгүйсгээгүй.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 3-т Зээл олгох хэлбэрийг зээлдэгч, зээлдүүлэгч нь зээлийн гэрээндээ харилцан тохиролцоно. гэж заасны дагуу талууд хоорондын байгуулсан зээлийн гэрээний 2.4-т зээл авах хэлбэрийг бэлнээр гэж, 13-т Зээлдүүлэгч гэрээнд заасан мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр энэхүү гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус зааснаар Б ХХК-иас зээлдэгч О.Дт зээлсэн 2,000,000 /хоёр сая/ төгрөгийг бэлэн мөнгөний зарлагын баримтыг үйлдэн шилжүүлэн өгсөн байх тул зээл олгох үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлтэй.
7.3. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасан.
Талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээний 2.5, 3, 4-т зааснаар зээлдэгч нь зээлийн төлбөрийг гэрээний хавсралт №1-д заасан Зээл эргэн төлөх хуваарь-ийн дагуу төлөх үүрэгтэй гээд, гэрээний хавсралт №1-д Зээл эргэн төлөх хуваарь-ийг тогтоож, мөн гэрээний 2.2-т Зээлийн сарын хүү: 5 хувь байхаар тохиролцсон нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү ... төлөх үүрэгтэй гэж заасантай нийцсэн байна.
Зээлдэгч О.Д нь 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Зээлийн гэрээ-ний хавсралт №1 Зээл эргэн төлөх хуваарь-ийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүг эргүүлэн төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй ба зээлдэгчийн хүсэлтийн дагуу талууд 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ-нд өөрчлөлт оруулж, үндсэн зээл 2,000,000 төгрөгийн зээлийн гэрээний хугацааг 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр дуусгавар болгох-оор сунгаж, 1 дүгээр хавсралтаар Зээл эргэн төлөх хуваарь-ийг баталжээ./хх 7/
7.4. Зээлдэгч О.Д нь 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Зээлийн гэрээ болон 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ-ний дагуу хамгийн сүүлд 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 200,000 төгрөг төлсөн болох нь нэхэмжлэгчийн зээлийн тооцооллын хүснэгтээр нотлогдож байна. /хх 8/
Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1-д зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатай зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээхээр зохицуулсан, хэрэгт авагдсан зээл олгосон бэлэн мөнгөний баримтаар нэхэмжлэгч мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн нь тогтоогдсон тул тэрээр төлөгдөөгүй зээлийн үлдэгдлийг буцаан төлөхийг нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч О.Даас шаардах эрхтэй.
8.Нэхэмжлэгч үндсэн зээлийн үлдэгдэл 1.270.000 төгрөг, үндсэн хүүнд 5.106.170 төгрөг, нийт 6.376.170 төгрөг гаргуулахаар шаардсан бөгөөд нэмэгдүүлсэн хүү 943.535 төгрөгийн хөнгөлөлтийг үзүүлж, шаардаагүй байна.
Зээлдэгч мөнгөн хөрөнгө болох 2.000.000/хоёр сая/ төгрөгийг хүлээн авсанд маргаагүй гэж үзнэ. Шүүх хариуцагч О.Дыг албадан ирүүлж, нэхэмжлэлийн хувийг 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр гардуулан өгөөд, хариу тайлбар, холбогдох бичгийн баримтаа гаргаж өгөх хуульд заасан 14 хоногийн хугацааг олгосон атал хариу тайлбараа гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй бөгөөд шүүх хуралдааны тов мэдэгдсээр байтал хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр товлон зарлагдсан шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ. гэж зааснаар түүнийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох учиртай.
Нэхэмжлэгч талаас ирүүлсэн зээл, хүүгийн тооцоололд 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр үндсэн зээлд 390.000 төгрөг, үндсэн хүүнд 200.000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр үндсэн зээлд 140.000 төгрөг, үндсэн хүүнд 300.000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр үндсэн зээлд 200.000 төгрөг тус тус төлсөн тухай тэмдэглэгдсэн байна./хх 8/
9.Хариуцагч зээлийн гэрээнд заасан үүргээ 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр төлөлт хийснээс хойш дахин төлөлт хийгээгүйн улмаас нэхэмжлэгч 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр О.Дын зээлийн гэрээнд бичигдсэн Орхон аймаг, Баян-Өндөр сум, 9-р баг, Шанд 25 дугаар гудамжны 1 тоот хаягаар Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд Зээлийн гэрээний үүрэгт 7.126.520 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргахад нь ...тус хаягт оршин суух бүртгэлтэй боловч оршин суудаггүй ...үндэслэлээр тухайн шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 142/ШЗ2021/03002 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар нэхэмжлэгч Б ХХК-ийн гаргасан нэхэмжлэлд үүсгэсэн иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон болох нь шүүгчийн захирамжаар нотлогдож байна./хх 10/
9.1 Нэхэмжлэгч нь хуульд зааснаар хариуцагч О.Дыг эрэн сурвалжлуулж оршин суугаа хаягийг тогтоолгохоор Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2021 онд нэхэмжлэл гаргасныг нь тус шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 182/ШШ2021/02498 дугаар шийдвэрээр О.Дыг эрэн сурвалжилж, түүний оршин байгаа хаягийг олж тогтоохыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар даалгаж шийдвэрлэснээр тус аймгийн Цагдаагийн газар нь 2022.01.05-ны өдрийн 38/05-130 тоот албан бичгээр ...эрэн сурвалжлагдаж байгаа Оюун-Эрдэнийн Д /МФ86122538, утас 96111318/-ыг Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 14 дүгээр хороо Оргил 6 буудлын ажилчдын байр 12 тоотод түр оршин сууж байгааг олж тогтоон, эрэн сурвалжлах ажиллагааг зогсоон талаар албан бичиг авагджээ./хх 9/
9.2 Дээрх олж тогтоосон хаягаар нь нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд О.Дт холбогдуулан нэхэмжлэлээ гаргахад мөн л хариуцагч Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 14 дүгээр хороо Оргил 6 буудлын ажилчдын байр 12 тоотод түр оршин суудаггүй болох нь тогтоогдсон үндэслэлээр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШЗ2023/09214 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар хянан шийдвэрлэсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШШ2023/02315 дугаар шийдвэрээр тогтоогдож байна./хх 12-15/
9.3 Мөн Б ХХК нь хариуцагч О.Дын хаягийг дахин олж тогтоолгохоор Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар тус шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШШ2023/02315 дугаар шийдвэрээр хариуцагчаар оролцвол зохих этгээд О.Дыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг биелүүлэхийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт даалгасан бөгөөд тус Цагдаагийн газар нь 2023.10.23-ны өдрийн 28иб3/4072 тоот албан бичгээр...Оюун-Эрдэнэ овогтой Д /МФ86122538/-ыг эрэн сурвалжлахад Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо хандгайтын 36 дугаар гудамжны 417 тоотод түр оршин сууж байгаа болохыг олж тогтоон эрэн сурвалжлалтыг зогсоосон талаар баримт авагджээ./хх 11/
Дээрх бичгийн баримтаар нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас шаардах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна.
10.Иймд үндсэн зээл 1.270.000 төгрөг, үндсэн хүү 5.106.170 төгрөг, нийт 6.376.170 төгрөг гаргуулахаар шаардсан, дээрх тооцоололд хариуцагч маргаагүй. Түүнчлэн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс хойшхи хугацаанд төлөлт хийгээгүй, зээлийг тохиролцсон хуваарийн дагуу анхнаасаа төлөөгүй хугацаа хэтрүүлсэн болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй.
Иймээс, нээхмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
11.Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдаж байгаа тул түүнд тооцогдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар төлүүлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.Даас 6,376,170 төгрөг /зургаан сая гурван зуун далан зургаан мянга нэг зуун дал/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 116,969/нэг зуун арван зургаан мянга есөн зуун жаран ес/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Даас улсын тэмдэгтийн хураамжид 116,969/нэг зуун арван зургаан мянга есөн зуун жаран ес/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй, зохигчийн оролцоогүйгээр шийдвэрлэсэн талд шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулах ба ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлэх бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ