Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 181/ШШ2024/01510

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 04 12

181/ШШ2024/01510

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: .... байранд байрлах Б ЗГБХН /РД:.../,

Нэхэмжлэгч ....тоотод оршин суух, Мы Т /РД:.../ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... давхарт байрлах А ХХК /РД:..../-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийг газар эзэмших эрхийн хамт худалдах, худалдан авах гэрээ-ний салшгүй хэсэг болох тус өдрийн Автомашин зогсоол худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус гэж тооцуулж тус авто зогсоолын үнэ 49,685,750 төгрөгийг, 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Өр төлбөр барагдуулах гэрээ-ний дагуу 44 хоногийн түрээсийн төлбөр 6,138,938 төгрөг, 2 сарын барьцаа төлбөр 8,565,960 төгрөг, нийт 14,704,898 төгрөгийг А ХХК-аас гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянхишиг, Н.АриунТ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Чингис,

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Энэрэлт,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Б ЗГБХН, М.Т нар нь хариуцагч А ХХК-д холбогдуулан Улаанбаатар хот, The Olympic Resodence цогцолбор барилгын 4 дүгээр давхарын 77.7 мкв талбай бүхий үйлчилгээний талбайн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн өмчлөх эрхийн гэрчилгээг, мөн Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Олимпийн гудамж, 16-р байрны зоорийн давхарт байрлах 80 тоот автомашины зогсоолын үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн өмчлөх эрхийн гэрчилгээг иргэн М.Т, Б ЗБН нарын өмчлөлд тус тус шилжүүлэхийг хариуцагчид даалгах, 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Өр төлбөр барагдуулах гэрээ-ний дагуу 44 хоногийн түрээсийн төлбөр 6,138,938 төгрөг, 2 сарын барьцаа төлбөр 8,565,960 төгрөг, нийт 14,704,898 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нарын төлөөлөгчид анх гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Б ЗБН болон иргэн М.Т нар нь А ХХК-тай 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгийг газар эзэмших эрхийн хамт худалдах, худалдан авах гэрээ-г байгууж Сүхбаатар дүүрэг, 2-р хороо, 5-р хороолол, Б.Ренчингийн гудамж, 10/1 хаягт байрлах үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай, нийт 3551 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 5008 м.кв талбайтай аж ахуйн зориулалт бүхий Газар эзэмших эрхийн хамт нийт 4,571,089,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцсон.

Нэг. Энэхүү гэрээний нийт үнийн дүнгийн 3 030 826 139.16 төгрөгт тооцуулан дараах үл хөдлөх эд хөрөнгүүдийг А ХХК нь манай өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон. Үүнд:

1.Улаанбаатар хот, Хан-уул дүүрэг, 4-р хороо, Яармагийн урд дэнж гудамж, Нүхтийн зам, 13/1 байрны 101 тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай 121 м.кв

2.Улаанбаатар хот, Хан-уул дүүрэг, 4-р хороо, Яармагийн урд дэнж гудамж, Нүхтийн зам, 13/1 байр, 102 тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай 194.20 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг 908 798 138.01 төгрөгт тооцож,

3.Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Олимпийн гудамж, 16-р хороо, 705 тоот хаягт байрлах 165.56 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг 888 405 059.16 төгрөгт тооцож,

4.Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Олимпийн гудамжинд байрлах газар дээр баригдаж байгаа The Olympic Residence цогцолбор барилгын 4 дүгээр давхарын 77.7 м.кв талбай бүхий үйлчилгээний талбайг 617 693 244 төгрөгт тооцож,

5.Улаанбаатар хот,Хан-уул дүүрэг, 4-р хороо, Яармагийн урд дэнж гудамж, Нүхтийн зам, 13/3 байр зоорийн давхарт, 21 тоот 13.75 м.кв талбай бүхий автомашин зогсоол, үнэ төлбөргүй,

6.Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Олимпийн гудамж, 16-р байрны зоорийн давхарт байрлах 80 тоот автомашин зогсоол 49 685 750 төгрөгт тооцож,

7.Улаанбаатар хот,Хан-уул дүүрэг, 4-р хороо, Яармагийн урд дэнж гудамж, Нүхтийн зам, 13/3 байр зоорийн давхарт, 22 тоот 13.75 м.кв талбай бүхий автомашин зогсоол, үнэ төлбөргүй тус тус шилжүүлэхээр харилцан тохиролцсон.

А ХХК нь дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг манай эзэмшил, ашиглалтанд шилжүүлсэн боловч Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Олимпийн гудамжинд байрлах газар дээр баригдаж байгаа The Olympic Residence цогцолбор барилгын 4 дүгээр давхарын 77.7 м.кв талбай бүхий үйлчилгээний талбайн, мөн Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Олимпийн гудамж, 16-р байрны зоорийн давхарт байрлах 80 тоот автомашин зогсоолын үл хөдлөх эд хөрөнгүүдийн улсын бүртгэлийн өмчлөх эрхийн гэрчилгээг тодорхой шалтгаангүйгээр манай нэр дээр шилжүүлэхгүй өнөөдрийг хүрээд байна.

Нэхэмжлэгчийн зүгээс дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн улсын бүртгэлийн өмчлөх эрхийн гэрчилгээг нэн даруй гаргаж өгөхийг удаа дараа шаардаж байгаа боловч тодорхой хариу өгөхгүй элдэв шалтгаан дурьдаж ойлгомжгүй байдлыг үүсгээд байна.

Хоёр. А ХХК нь 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгийг газар эзэмших эрхийн хамт худалдах, худалдан авах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.3-д заасны дагуу 1 540 258 250 төгрөгийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлж барагдуулахаар харилцан тохиролцсон боловч тухайн үүргээ биелүүлээгүй бөгөөд энэ талаар шүүх хяналтын байгууллагад хандаж улмаар 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Өр төлбөр барагдуулах гэрээ-г байгуулсан.

Дээрх Өр төлбөр барагдуулах гэрээ-гээр өр төлбөр болох 1 238 925 917 төгрөгт тооцуулан Улаанбаатар хот, Хан-уул дүүрэг, 4-р хороо, Яармагийн урд дэнж гудамж, Нүхтийн зам, 13/1 байр 201 тоот хаягт байрлах 329.46 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн авахаар харилдан тохиролцсон бөгөөд тус гэрээний 4 дүгээр зүйлд тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь бусдад түрээслүүлсэн ба энэхүү гэрээ хүчин төгөлдөр болсноос хойших 44 хоногийн түрээсийн төлбөр 6.138.938 төгрөг, 2 сарын барьцаа төлбөр 8.565.960 төгрөг нийт 14.704.898 төгрөгийг А ХХК нь нэхэмжлэхийн дагуу манайд шилжүүлэхээр харилцан тохиролцсон.

Гэвч А ХХК нь дээрх шилжүүлэх 14 704 898 төгрөгийг өнөөдрийг хүртэл манайд шилжүүлээгүй бөгөөд удаа дараа түрээсийн төлбөрийг шилжүүлэх талаар мэдэгдэж, шаардсан боловч мөн л тодорхой үр дүн гаргахгүй, ач холбогдол өгөхгүй байна.

Дээрх асуудлаар тус шүүхэд 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд нэхэмжлэл гаргасан эсэх нь тодорхойгүй, улсын тэмдэгтийн хураамж илүү төлсөн шалтгаанаар тус шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 181/Ш32022/08611 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзсан.

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд 77.7 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон 80 тоот автозогсоолын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус нэхэмжлэгч нарын нэр дээр шилжүүлэхийг даалгах шаардлага гаргаж байгаа тул үл хөдлөх эд хөрөнгө тус бүр 70.200 гэж нийт 140.400 төгрөг, мөн түрээсийн төлбөр 14.704.989 төгрөг нэхэмжилж байгаа тул 231.474 төгрөг нийт 371.874 төгрөг тушаасан болно.

Харин нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэдгийг нотлох зорилгоор нийтэд илэрхий баримт болох Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийг хавсаргаж нэхэмжлэгч нарын зүгээр дээрх захирамжийн дагуу нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг бүрэн хангасан байдлаар дахин нэхэмжлэл гаргаж байна.

Нэхэмжлэлийн шаардлага: А ХХК-д холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үүнд:

1.Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Олимпийн гудамжинд байрлах The Olympic Residence цогцолбор барилгын 4 дүгээр давхарын 77.7 м.кв талбай бүхий үйлчилгээний талбайн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн өмчлөх эрхийн гэрчилгээг,

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Олимпийн гудамж, 16-р байрны зоорийн давхарт байрлах 80 тоот автомашин зогсоолын үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн өмчлөх эрхийн гэрчилгээг иргэн М.Т, Б ЗБН нарын өмчлөлд тус тус шилжүүлэхийг А ХХК-д даалгах,

2.2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Өр төлбөр барагдуулах гэрээ-ний дагуу 44 хоногийн түрээсийн төлбөр 6.138.938 төгрөг, 2 сарын барьцаа төлбөр 8.565.960 төгрөг нийт 14.704.898 төгрөгийг А ХХК-иас гаргуулах. гэжээ.

1.1. 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж, өөрчлөхдөө:

Нэхэмжлэгч нарын хувьд шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар багасгаж, өөрчилж байна. Үүнд:

1.Нэхэмжлэлийн 1 дэх шаардлага болох Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Олимпийн гудамжинд байрлах The Olympic Residence цогцолбор барилгын 4 дүгээр давхарын 77.7 м.кв талбай бүхий үйлчилгээний талбайн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч нарын өмчлөлд шилжүүлэхийг даалгах шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгчийн хамаарал бүхий иргэний нэр дээр гаргасан тул дээрх нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

2.Харин нэхэмжлэлийн 2 дахь шаардлага болох Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Олимпийн гудамж, 16-р байрны зоорийн давхарт байрлах 80 тоот автомашин зогсоолын үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч нарын нэр дээр гаргуулахыг даалгах шаардлагын хувьд:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 181/Ш32023/01468 дугаар шүүгчийн захирамжаар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн зоорийн давахрын скиз зургийг түүхчилсэн лавлагаа, скиз зураг өөрчлөгдснөөс үүдэн 80 тоот үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гарах боломжгүй болсон эсэх талаар лавлагааг Сүхбаатар дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс тус тус гаргуулахаар болсон.

Дээрх захирамжийн дагуу Сүхбаатар дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс нотлох баримт ирүүлэхдээ хариуцагч тал маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн зоорийн давхарын скиз зурагт өөрчлөлт оруулж 71 авто зогсоол байсныг 11 авто зогсоолоор нэмэгдүүлж нийт 81 авто зогсоолтой болсныг тодорхойлж нэмэгдсэн авто зогсоол болон өмнө байсан авто зогсоолд 80 тоот автозогсоол огт байгаагүй талаар скиз зургуудыг хавсралтаар ирүүлсэн байна.

Өөрөөр хэлбэл хариуцагчийн хариу тайлбартаа дурдаад буй авто машины зогсоолд барилгын скиз зураг өөрчлөгдсөний улмаас Улсын бүртгэлийн газраас улсын бүртгэлийн өмчлөх эрхийн гэрчилгээ гарах боломжгүй биш харин анхнаасаа 80 тоот авто зогсоолын улсын бүртгэлийн гэрчилгээ гарах ёсгүй байхад 80 тоот зогсоол байгаа мэтээр тайлбарлаж, түүнийгээ нотолсон хуурамч скиз зураг үзүүлж, нэхэмжлэгч нарыг төөрөгдөлд оруулсан нь тодорхой харагдаж байна.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Иргэн хуулийн хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1-д заасан эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ гэж, 5.2-д эд хөрөнгө өмчлөх эрхтэй холбоотой Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.2-8.1.9-д заасан эрх нь эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ гэж, 5.3-д Улсын бүртгэлийн байгууллага энэ хуулийн 5.1-д заасан өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэснийг нотолж эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгоно гэж тус тус заасан.

Гэтэл Үл хөдлөх эд хөрөнгийг газар эзэмших эрхийн хамт худалдах, худалдан авал гэрээ-ний дагуу 49.685.750 төгрөгт тооцуулан худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээ өнөөдрийг хүртэл гаргуулж чадахгүй цаашид ч гаргах боломжгүй, өмчлөх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй, захиран зарцуулах боломжгүй болж нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөөд байна.

Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-д Хэлцэл хийхэд саад болох нөхцөл байдлыг хэлцэл хийгч нэг тал нь нуун дарагдуулсныг нөгөө тал хожим мэдсэн бол хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэйгэж заасан.

Иймд нэхэмжлэлийн 2 дахь шаардлагаа 2015 оны 03 дугаар сарын 16-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийг газар эзэмших эрхийн хамт худалдах, худалдан авах гэрээ-ний салшгүй хэсэг болох тус өдрийн Автомашин зогсоол худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус гэж тооцуулж тус авто зогсоолын үнэ 49.685.750 төгрөгийг А ХХК-иас гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна.

Нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага:

1.2015 оны 03 дугаар сарын 16-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийг газар эзэмших эрхийн хамт худалдах, худалдан авах гэрээ-ний салшгүй хэсэг болох тус өдрийн Автомашин зогсоол худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус гэж тооцуулж тус авто зогсоолын үнэ 49.685.750 төгрөгийг,

2.2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Өр төлбөр барагдуулах гэрээ-ний дагуу 44 хоногийн түрээсийн төлбөр 6.138.938 төгрөг, 2 сарын барьцаа төлбөр 8.565.960 төгрөг нийт 14.704.898 төгрөгийг тус тус А ХХК-иас гаргуулах гэжээ.

1.2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Анх 2022 оны 6 дугаар сард шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Тус нэхэмжлэлээр нэг дэх шаардлагаа Улаанбаатар хот, сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо олимпын гудамжинд байрлах Олимп президент цогцолбор барилгын 4 дүгээр давхрын 77,7 метр квадрат талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулах, мөн Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, олимпийн гудамж, 16 дугаар байрны зоорины давхарт байрлах 80 тоот авто зогсоолын үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн өмчлөх эрхийн гэрчилгээг М.Т болон Б нөхөрлөл нарын өмчлөлд тус тус шилжүүлэхийг А ХХК-д даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хоёр дахь шаардлагаа 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн өр төлбөр барагдуулах гэрээний дагуу 44 хоногийн түрээсийн төлбөр болох 6.138.938 төгрөг, 2 сарын барьцааны төлбөр 8,565,960 төгрөг, нийт 14,704,898 төгрөгийг А ХХК-иас гаргуулах шаардлагыг тус тус гаргасан байдаг.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн захирамжийн дагуу улсын бүртгэлийн байгууллагаас ирсэн баримтуудыг үндэслээд манайх 2023 оны 3 дугаар сард нэхэмжлэлийн шаардлагаа багасгаад өөрчилсөн. Яагаад багасгасан бэ гэхээр манай нэхэмжлэлийн нэг дэх шаардлага болох Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороонд байрлах 77,7 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөлийн гэрчилгээг А ХХК гаргуулж өгсөн. Иймээс нэхэмжлэлийн шаардлага биелэгдсэн үндэслэлээр нэхэмжлэлийн нэг дэх шаардлагаасаа татгалзаж багасгасан, ба Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Олимпийн гудамж, 16 дугаар байрны зоорийн давхарт байрлах 80 тоот автозогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахыг даалгах шаардлагаа өөрчлөөд тус автозогсоолын зах зээлийн үнэ болох 49.685.750 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар өөрчилөн тодорхойлсон.

Мөн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн өр төлбөр барагдуулах гэрээний дагуу нийт 14.704.898 төгрөгийг тус тус гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа өнөөдөр дэмжиж оролцож байна.

Шаардлагаа өөрчлөх болсон шалтгааны тухайд: Анх энэ автозогсоолыг өөрийн нэр дээр өмчлөх гэрчилгээ гаргуулах үндэслэл шаардлагаа 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн гэрээний дагуу гаргаж байсан. Тус гэрээгээр Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, Ренчингийн гудамж 1/10 тоотод байрлах үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай нийт 3551 метр квадрат талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн гэрчилгээний хамт мөн газар эзэмших эрхийн хамт Б нөхөрлөл болон М.Т нараас А ХХК худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн байгаа. Энэ гэрээний хариу төлбөр болох төлбөрт тооцуулаад нэр бүхий 6 үл хөдлөх эд хөрөнгийг Азиа пасафик ланд ХХК нь Б нөхөрлөл болон М.Т нарын өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Тус гэрээний 3.3.6-д маргаан бүхий 80 тоот зогсоолын зохицуулалтыг хийсэн байдаг. Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо, 16 дугаар байрны зоорийн давхарт байрлах 80 тоот зогсоолыг 49.685.750 төгрөгт тооцоод тус автозогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон. Манай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгоод байгаа гэрээ 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийнх, энэ гэрээний дагуу 2 үл хөдлөх хөрөнгө шаардсаны нэгийг хариуцагч тал хүлээн зөвшөөрөөд биелүүлсэн байдаг. Харин 80 тоот автозогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг яагаад өдийг хүртэл гаргаж өгөхгүй удаашралтай байгаа талаар өөрсдөө тайлбарлахдаа 80 тоот автозогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг анх гэрээ байгуулахад гаргуулж өгнө, улсын комисс хүлээж аваагүй байна гэдэг тайлбарыг тавьж байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2010 онд улсын комисс тухайн байрыг хүлээж авсан. Нийт 70 тооны автомашины зогсоолд өмчлөх эрхийн гэрчилгээ олгож улсын комисс хүлээн авсан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2017 онд хариуцагч А ХХК-ийн зүгээс тухайн зоорийн давхрын автозогсоолын тоог нэмэгдүүлээд 81 ширхэг авто зогсоол болгон нэмэгдүүлсэн байгаа, нэмэгдүүлсэн талаар зураг төслийг улсын комисст хүлээлгэж, улсын бүртгэлд өгсөн. Үүнээс шалтгаалаад манай үл хөдлөх эд хөрөнгө гарах боломжтой гэх тайлбарыг манайд өгөөд өдийг хүрсэн. Үүнтэй холбоотойгоор Улсын бүртгэлийн газар А ХХК, Монголиан Пропертис ХХК-ийн зүгээс улсын бүртгэлийн газарт тухайн 80 тоот автозогсоолыг Б нөхөрлөл болон М.Т нарын өмчлөлд шилжүүлэхийг хүссэн хүсэлтүүдийг 2020 онд гаргаж байсан. Улсын комисс 80 тоот автозогсоолыг хүлээж аваагүй учраас улсын бүртгэлийн гэрчилгээ гарах боломжгүй гэсэн хариуг Улсын бүртгэлийн ерөнхий газраас өгсөн байдаг. Гэрээ байгуулахад 80 тоот авто зогсоолын гэрчилгээ гарах боломжтой гэсэн план зураг бүхий баримтыг манайд хүлээлгэж өгсөн. Тухайн план зургаас харвал 80 тоот авто зогсоол нь ийм байрлалтай байх ёстой гэсэн план зураг бүхий баримтыг өгсний үндсэн дээрээс тухайн гэрээ хийгдсэн байдаг. Гэтэл улсын бүртгэлд өгсөн А ХХК-ийн план зургаас харахад тухайн 80 тоот авто зогсоол анхнаасаа тухайн газар байгаагүй гэсэн зураг бүхий нотлох баримт план зураг улсын бүртгэлд авагдсан байгаа. Үүнээс шалтгаалаад улсын бүртгэлээс гарах боломжгүй гэсэн хариу тайлбарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн захирамжийн дагуу нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр гаргаж өгсөн. Тиймээс эдгээр баримтуудаас харахад А ХХК-ийн 80 тоот авто зогсоол нь өмчлөх эрхийн гэрчилгээ гаргах боломжгүй гэдгийг мэдэж байсан мөртлөө хуурамч план зургийг үндэслээд нэхэмжлэгч талд тухайн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулсан болох нь тодорхой харагдаж байгаа учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т заасны дагуу хэлцэл хийхэд саад болох нөхцөл байдлыг хэлцэл хийгч нэг тал нь нуун дарагдуулсныг нөгөө тал хожим мэдсэн бол хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй гэсэн заалтын дагуу анхнаасаа энэ гэрээ биелэгдэх боломжгүй байсан учраас түүний үнэд өгсөн 49.685.750 төгрөгийг А ХХК-иас гаргуулах нь зүйтэй гэж үзээд тухайн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулаад мөнгөө шаардаж байна.

Нэхэмжлэлийн хоёр дахь шаардлагын хувьд: Талуудын хооронд 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн гэрээний үлдэгдэл өр төлбөрийг шаардсан ажиллагаа шүүхэд нэхэмжлэл гаргаад явагдсан. Тухайн нэхэмжлэл гаргаад шүүхээр хянан шийдвэрлэгдээд А ХХК-иас нэхэмжлэлийн өр төлбөрийг гаргуулахаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан. Тус шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн хүрээнд одоогийн мөнгөн төлбөрийг А ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч талд өгөхөөр шийдвэрт тусгасан. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байх хугацаанд тухайн мөнгөн төлбөрийг үл хөдлөх эд хөрөнгөөр төлөхөөр харилцан тохиролцоод төлбөр барагдуулах гэрээг хийсэн байдаг. Энэ төлбөр барагдуулах гэрээ нь 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр байгуулагдсан. Уг төлбөр барагдуулах гэрээгээр нийт өр төлбөр болох 1.238.925.917 төгрөгт тооцуулан Улаанбаатар хот, Хан-уул дүүрэг, 4 дүгээр хороо, яармагийн урд дэнж гудамж, нүхтийн зам 1/13 байр, 201 тоот хаягт байрлах 329,46 метр талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг манай нэхэмжлэгч тал өөрт шилжүүлэн авсан байгаа. Тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг манайх шилжүүлэн авсан байдаг. Гэтэл тухайн үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн авах явцад бусдад түрээслүүлсэн байдаг. Энэхүү гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш 44 хоногийн түрээсийн төлбөрийг буюу 6.138.938 төгрөг, 2 сарын түрээсийн барьцаа төлбөр 8.565.960 төгрөг, нийт 14.704.898 төгрөгийг А ХХК түрээслэгч газраас өөрт шилжүүлэн авсан байгаа. Энд өмчлөх эрхийн гэрчилгээ шилжүүлэн авснаас хойш өмчлөгч өөрчлөгдсөн. Өөрөөр хэлбэл, түрээслүүлэгч өөрчлөгдөж байгаагаас шалтгаалаад тухайн 14.704.898 төгрөгийг А ХХК нь манай байгууллагад шилжүүлэх ёстой гэж харилцан тохиролцоод Өр төлбөр барагдуулах гэрээ-нд тусгаж өгсөн. Гэтэл өнөөдрийг хүртэл 14.704.898 төгрөгийг манайд шилжүүлж өгөөгүй учраас шүүхэд энэ нэхэмжлэлийг гаргасан. Манай нэхэмжлэлийн шаардлага нэгдүгээрт 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийг газар эзэмших эрхийн хамт худалдан худалдан авах гэрээний дагуу шилжүүлж өгөх ёстой байсан 80 тоот авто зогсоолыг шилжүүлж өгөх боломжгүй байсан учраас түүний өмнө төлсөн 49.685.750 төгрөгийг А ХХК-иас гаргуулах, хоёрдугаарт 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн өр төлбөр барагдуулах гэрээний дагуу 14.704.898 төгрөгийг А ХХК-иас тус тус гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна гэв.

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анх гаргасан нэхэмжлэлийн хариу тайлбар: Иргэн М.Т болон Б ЗГБХН-ийн нэхэмжлэлтэй А ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараахь тайлбарыг гаргаж байна.

Нэг. Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Олимпийн гудамжид байрлах, Олимпик резиденс цогцолбор барилгын 4-р давхарын 77,7 м.кв талбай бүхий үйлчилгээний талбайн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд.

Энэхүү барилга нь нийт үйлчилгээтэй, орон сууцны зориулалттай 16 давхар бөгөөд 2018 онд ашиглалтанд орж. улсын комисс хүлээж авсан. Манай компанийн хувьд нэхэмжлэгчийг уг орон сууцны өмчлөгч мөн эсэхтэй маргахгүй бөгөөд гагцхүү дараахь хүчин зүйлсийг харгалзаж үзээсэй хэмээн хүсэж байна.

Тодруулбал, барилгын санхүүжилтийг шийдвэрлэхтэй холбогдуулан Худалдаа Хөгжлийн Банкнаас зээл авсан бөгөөд уг зээлийн барьцаанд барилга нь бүхэлдээ барьцаанд байгаа болно.

Уг зээлийн төлбөрийг бид банктай харилцан тохиролцож зээлийн төлбөрийн ихэнхи хэсгийг төлсөн байгаа бөгөөд уг төлбөрийг хугацаа тохирон бүрэн барагдуулж дуусгахаар ажиллаж байна.

Ийнхүү дээрх зээлийн төлбөрийг бүрэн төлж дуусгавар болсон нөхцөлд төлбөрөө бүрэн төлсөн захиалагчдын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг бид саадгүй гаргах боломжтой болно.

Иймд нэхэмжлэгчтэй нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хугацаа тохирон эвлэрэн хэлэлцэх хүсэлтэй байгааг үүгээр уламжилж байна.

Хоёр. Мөн дээрх байрны зоорийн давхарт байрлах 80 тоот автомашины зогсоолын үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд.

Талуудын хоорон дахь үндсэн өр төлбөр болох 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгийг газар эзэмших эрхийн хамт худалдах, худалдан авах гэрээ-ний нэг төлбөрт буюу 49,685,750 төгрөгийн үнэ бүхий авто зогсоолыг тооцож мөн өдөр Автомашины зогсоол худалдах худалдан авах гэрээг нэхэмжлэгч М.Т болон түүний охин З.Болороо нартай байгуулсан байдаг.

Ийнхүү тухайн үед гэрээг байгуулах, автомашины зогсоолыг хүлээлгэн өгөх болон түүнээс өмнөх хугацаанд Худалдан авагч М.Т, З.Болороо нар нь тус автомашины зогсоолд барилгын скиз зураг өөрчлөгдсөний улмаас улсын бүртгэлийн газраас өмчлөх эрхийн гэрчилгээг гаргах боломжгүй гэдгийг мэдэж байсан ба Худалдагчийн зүгээс ч мэдээлсэн бөгөөд үүнийг хүлээн зөвшөөрч автомашины зогсоолыг хүлээн авч, 2015 оноос эхлэн Худалдан авагч буюу З.Болороо нь өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа болно.

Тиймээс бидний хувьд нэхэмжлэгч М.Т болон З.Болороо нар уг орон сууцны өмчлөгч мөн эсэхтэй маргахгүй харин үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ нь биднээс хамаарахгүй нөхцөл байдлын улмаас гарахгүй тул гэрчилгээг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нар нь иргэн болон хуулийн этгээд байгаа ба харин автозогсоол худалдах, худалдан авах гэрээг 2 иргэнээр байгуулсан байдаг тул энэхүү шаардлагыг хуулийн этгээд хамтатган гаргасан нь ойлгомжгүйг дурдах нь зүйтэй.

Гурав. 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Өр төлбөр барагдуулах гэрээ-ний дагуу 44 хоногийн түрээсийн төлбөр 6,138,938 төгрөг, 2 сарын барьцаа төлбөр 8,565,960 төгрөг нийт 14,704,898 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд.

Дээр дурдсанаар компанийн зүгээс үл хөдлөх эд хөрөнгүүдийг ямар нэг маргаангүйгээр хүлээлгэж өгсөн ба Олимпик резиденс барилгын 4-р давхарын 77,7 м.кв талбай бүхий үйлчилгээний талбайг 2020 онд З.Болороод хүлээлгэн өгсөн байдаг.

Энэхүү үйлчилгээний талбайг хүлээн авсан 2020 оноос эхлэн өмчлөгч нар бусдад буюу иргэн, хуулийн этгээдэд /Сеntury21/ түрээслүүлж байгаа ингэхдээ барилгын үйлчилгээний хэсгийн менежментийн төлбөр /лифт, урсдаг шатны ашиглалт, засвар үйлчилгээ, харуул хамгаалалтын ажлын хөлс, хог хаягдлын төлбөр гэх мэт/-ийг түрээслэгч нь болон өмчлөгч нар нь өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөөгүй байгаа бөгөөд энэхүү төлбөр 2021-2022 онд нийт 13,986,000 төгрөг болсон байгаа.

Уг төлбөрийг нэхэмжлэгч М.Тийн охин З.Болороотой харилцан тохиролцсон дагуу түүний Олимпик Резиденс барилгын 4 давхарын 77,7 м.кв талбайд ногдох дулаан, цэвэр бохир усны төлбөр, харуул хамгаалалтын төлбөрт тооцож суутгахыг зөвшөөрсөн. Үүний дагуу А ХХК нь тус барилгын Дулаан эрчим, Халаалт халуун ус, цэвэр бохир усны ашиглалт, засвар үйлчилгээг 2019 оны 09-р сарын 12-ны өдрөөс эхлэн хариуцаж байгаа Зүмбэр орд Өргөө ХХК-д төлсөн.

Иймд М.Т болон Б ЗГБХН-ийн нэхэмжлэлтэй А ХХК-д холбогдох 14,704,898 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. гэжээ.

2.1. Хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн нэг дэх шаардлагатай холбоотойгоор энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд талууд гэж оролцоод байгаа Б нөхөрлөл, М.Т, мөн Азиа пасафик ланд ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний хувьд маргаж байна гэж үзэхгүй байна. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд анх байгуулагдсан 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн газар эзэмших эрхийн хамт худалдах, худалдан авах гэрээний холбогдох зүйл заалттай маргаагүй гэж ойлгож байна. Нэхэмжлэлийн шаардлагаа энэ гэрээний дагуу байгуулагдаад байгаа автомашин худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулъя гэж гаргасан байна. Тухайн маргаан бүхий гэрээний талуудад худалдагч тал нь Монголиан порпертис ХХК тусдаа хуулийн этгээд. Тухайн хуулийн этгээд иргэн З.Болороо, М.Т нартай гэрээ байгуулсан. Тухайн гэрээг энэ этгээдүүд хоорондоо байгуулахдаа тухайн зогсоолыг шилжүүлэхдээ төлбөр тооцооны асуудлаа Азиа пасафик ланд ХХК болон М.Т, Б нөхөрлөл нарын хооронд байгуулагдсан гэрээний төлбөрт тооцож шилжүүлнэ гэдэг байдлаар зогсоолыг шилжүүлсэн байна. Тиймээс нэгдүгээрт хамтран хариуцагчаар оролцуулах хүсэлтийг шүүх хангаагүй шийдсэн. Энэ гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулъя гэж байгаа бол үр дагавар нь хариуцагч компанид үүсээгүй байна гэж үзэж байгаа. Хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд мөн талуудын хооронд анх байгуулагдсан 2015 оны үл хөдлөх эд хөрөнгө болон газар шилжүүлэх гэрээн дээр талууд нэг зүйлийг тохиролцсон. Тухайн автомашины зогсоолыг анхнаасаа үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгүй автозогсоол байна гэдгийг тохиролцсон. Энэ гэрээтэй холбоотойгоор өмнө нь нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаад гурван шатны шүүхээр шийдвэрлэсэн. Тухайн 3 шатны шүүхээр нэхэмжлэгчийн заасан тэр газартай холбоотойгоор хариуцагч А ХХК тодорхой үл хөдлөх эд хөрөнгүүдийн эзэмшил, ашиглалтыг шилжүүлсэн талаар талууд маргаагүй байна. Энэ хүчин төгөлдөр болоод дуусчихсан гэрээ хэлцэл байна, энэний үлдэгдэл төлбөрийг шилжүүлээгүй байна гэдэг байдлаар шийдвэрлэсэн. Тэгэхээр энэ 80 тоот зогсоолын эзэмшил, ашиглалтыг шилжүүлсэн үү, үгүй юү гэдэг маргааныг өмнө нь шийдчихсэн 3 шатны шүүхийн шийдвэр байгаа гэж үзэж байна.

Үл хөдлөх эд хөрөнгө бүхий тухайн авто зогсоолыг анхнаасаа ерөөсөө мэдээгүй байсан юм шиг байдлаар тайлбарлаад байна. Шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа этгээдүүд үнэн зөв мэдээлэл өгөх үүрэгтэй. Тухайн хариуцагч анх энэ гэрээг байгуулахдаа Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасны дагуу яг энэ худалдаж байгаа зүйлийнхээ талаарх мэдээллийг үнэн зөв, бодит байдлаар мэдээлээд явчихсан. Тэр нь юунаас харагдах юм бэ гэвэл талуудын хооронд байгуулагдсан гэрээнд тусгагдсан бусад үл хөдлөх хөрөнгүүд гэрчилгээний дугааргүй, дугаартай байгаа. Яг энэ зогсоол анхнаасаа гэрчилгээ байхгүй гарахгүй, гэрчилгээгүй зогсоол гэдэг байдлаар өгсөн. Худалдан авагч бартерт аваад байгаа тал М.Т, Б нөхөрлөл нар өөрсдөө хүлээн зөвшөөрөөд авчихсан байгаа. Түүнээс биш энийг нуун дарагдуулаад, худал мэдээлэл өгөөд гэрчилгээтэй гэсэн тайлбар ойлголт өгөөд энэ гэрээг байгуулсан зүйл байхгүй. Үүнийх нь дагуу 3 шатны шүүхээс зарим үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшил, ашиглалтыг өгөөд өмчлөлд нь өгч байсан үйл баримтууд байна, энэ нь тогтоогдож байна гээд дүгнэчихсэн.

2. Нэхэмжлэлийн шаардлагаас 14.000.000 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг барагдуулах гэрээ хийсэн. Энэ гэрээг хийхдээ хариуцагчийн зүгээс тухайн гэрээ хариуцагч болон бид нар түрүүн З.Болороог оролцуулья гэж тайлбарлан хүсэлт гаргаад байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд бүх зүйлийг зөвтгөх гээд байсан учраас ядаж гуравдагч этгээдээр оруулаад тэр хүний хүсэл зоригийг нь сонсоё гэсэн юм. Энэ үл хөдлөх хөрөнгүүдийг анхнаас нь шилжүүлэхдээ бид нар энэ үл хөдлөх хөрөнгүүд дунд Олимп президент барилгын 4 давхарын 77,7 мкв үйлчилгээний талбайг нэхэмжлэгч гээд байгаа М.Тийн охин З.Болороогийн өмчлөлд шилжүүлээд өгчихсөн байгаа. Тэрийг өмчлөлд нь шилжүүлснээс хойш 2015 оноос хойших ашиглалтын зардал, менежментийн зардал, эдгээр төлбөрийг төлөхгүй яваад байсан. Төлөхгүй яваад байгаа шалтгаанаа З.Болороо юу гэж тайлбарладаг вэ гэхээр бид нар танайхаас авах ёстой 14.000.0000 төгрөгөөсөө тооцуулаад хасуулъя гэдэг байдлаар тайлбарлаад 4 давхарын 77,7 м2 талбайн ашиглалт, засвар менежментийн зардал нь 2020 оноос 2023 онууд хүртэл нийт 10.800.000 төгрөг болчихсон. Тухайн талбайн менежмент, үйлчилгээг нь хэн хариуцдаг байсан гэхээр Монголиан пропертис ХХК хариуцаад өмнөөс нь төлчихсөн юм. Тэгэхдээ хэрэг үүсгэх ажиллагаанд Монголиан пропертис ХХК, З.Болороо нар оролцоогүй байна. Бид нар хүсэлтээ гаргаад энэ үйл баримтыг тогтоолгохыг хүссэн. Тийм учраас 14.000.000 төгрөгийг нэгэнт өр төлбөр барагдуулах гэрээгээр тохирчихсон үнийг бид нар дээшээ доошоо гэж ярих шаардлага байхгүй. Энэ нөхцөл байдал яригдах байсан. Нэхэмжлэгчийн төлөөлөгч энэ нэхэмжлэлийг гаргаад байгаа М.Т нь өөрөө 14.000.000 төгрөгөө гаргуулж авна, З.Болороо хамаагүй гэж өнөөдрийн байдлаар ярьж байгаа бол шүүх өнөөдөр 14.000.000 төгрөгийг гаргуулаад шийдэх нь зөв байх. Бид нар Болороогоос 10.800.000 төгрөгийг дараа нь иргэний шүүхээр нэхэмжлээд авах боломжтой учраас илүү тайлбар хэлээд байх шаардлагагүй гэж үзэж байна. Шүүх шийдэхэд гуравдагч этгээдийг татан оролцуулаагүйгээр шийдэснээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гэж үзээд давж заалдах болон хяналтын шатны шүүх дээр энэ нөхцөл байдлуудыг тодруулах шаардлагатай гэж үзээд буцах вий гэдэг болгоомжлол байна.

Мөн хариуцагчийн зүгээс нэгэнт шүүх хуралдаан үргэлжлээд явчихсан учраас Болороогоос байр суурийг нь тодруулъя, ядаж гэрчээр асуух ёстой гэдэг байдлаар тодруулаад явах нь зүйтэй байх. Тэгэхгүй бол цаашдаа хэрэг маргаанд энэ хүнийг оролцуулаагүй болохоор ойлгомжгүй байдалд хүрээд байна. З.Болороог Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-т зааснаар гэрчээр асууж өгөөч гэх хүсэлтээ тавьж байна. Тэгэхдээ шийдэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал гэв.

3. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Б ЗГБХН-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа, Б ЗГБХН-с С.Буянхишиг, Н.АриунТ нарт олгосон итгэмжлэл, М.Таас С.Буянхишиг, Н.АриунТ нарт олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамжид 371,874 төгрөг төлсөн баримт, 2015.03.16-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийг газар эзэмших эрхийн хамт худалдах, худалан авах гэрээ, 2015.03.16-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө арилжааны гэрээ, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.03.13-ны өдрийн 181/ШШ2019/00635 дугаар шийдвэр, Улсын Дээд шүүхийн 2021.01.21-ний өдрийн 001/ХТ2021/00062 дугаар тогтоол, 2021.11.16-ны өдрийн Өр төлбөр барагдуулах гэрээ, А ХХК-д хүргүүлсэн мэдэгдэл, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.06.24-ний өдрийн 181/ШЗ2022/08611 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, скиз зураг, Б ЗГБХН-с С.Буянхишиг, Н.АриунТ нарт олгосон итгэмжлэл, улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах тухай мэдэгдэл, мемориалын баримт, 2015.03.16-ны өдрийн Автомашины зогсоол худалдах худалдан авах гэрээ, Монголиан пропертик ХХК-ийн 2020.06.10-ны өдрийн 20/117, 2022.12.05-ны өдрийн 22/119 тоот албан бичиг зэргийг гаргаж өгсөн байна.

Хариуцагч талаас нотлох баримтаар: Б.Сод-Эрдэнэд олгосон итгэмжлэл, А ХХК-ийн улсын бүтгэлийн гэрчилгээний хуулбар, М.Чингист олгосон итгэмжлэл, А ХХК-ийн шинэчлэн найруулсан дүрэм, Б ЗГБХН-ийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа зэргийг гаргаж өгсөн байна.

Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтууд: Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол-1, Олимпийн гудамж, 16 дугаар байрны зоорийн давхарын скиз зургын түүхчилсэн лавлагаа, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 16-р байрны зоорийн давхарт байрлах 80 тоот авто машины зогсоолд үзлэг хийсэн тэмдэглэл, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 16-р байрны 80 тоот авто зогсоолыг 2015 оноос хойш нэхэмжлэгч Б ЗГБХН, М.Т нар эсвэл түүний хамаарал бүхий этгээд болох иргэн З.Болормаа нь эзэмшиж, ашигладаг эсэх лавлагаа зэрэг авагдсан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

4. Нэхэмжлэгч Б ЗГБХН, М.Т нар нь хариуцагч А ХХК-д холбогдуулан анх 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд 1.Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Олимпийн гудамжинд байрлах The Olympic Residence цогцолбор барилгын 4 дүгээр давхарын 77.7 м.кв талбай бүхий үйлчилгээний талбайн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн өмчлөх эрхийн гэрчилгээг,

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Олимпийн гудамж, 16-р байрны зоорийн давхарт байрлах 80 тоот автомашин зогсоолын үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн өмчлөх эрхийн гэрчилгээг иргэн М.Т, Б ЗБН нарын өмчлөлд тус тус шилжүүлэхийг хариуцагчид даалгах,

2.2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Өр төлбөр барагдуулах гэрээ-ний дагуу 44 хоногийн түрээсийн төлбөр 6.138.938 төгрөг, 2 сарын барьцаа төлбөр 8.565.960 төгрөг нийт 14.704.898 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл шаардлагыг гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагын 1 дэх хэсгийг

-2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийг газар эзэмших эрхийн хамт худалдах, худалдан авах гэрээ-ний салшгүй хэсэг болох тус өдрийн Автомашин зогсоол худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус гэж тооцуулж тус авто зогсоолын үнэ 49,685,750 төгрөг гаргуулах болгон өөрчилсөн ба хоёр дахь хэсэг 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Өр төлбөр барагдуулах гэрээ-ний дагуу 44 хоногийн түрээсийн төлбөр 6,138,938 төгрөг, 2 сарын барьцаа төлбөр 8.565.960 төгрөг, нийт 14.704.898 төгрөг гаргуулах хэвээр бөгөөд тухай нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч М.Тийн итгэмжлэгдэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд дэмжиж оролцсон.

5. Нэхэмжлэгч Б ЗГБХ нөхөрлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс... анх шүүхэд нэхэмжлэл гаргахад тус нөхөрлөл нь хуулийн этгээдийн эрхтэй байсан, ажиллагааны явцад буюу 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр улсын бүртгэлээс хасагдсан тул шүүхийн зүгээс нэхэмжлэгч гэж үзэхгүй бол хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх боломжтой гэсэн тайлбарыг гаргасан.

5.1 Нэхэмжлэгч М.Тийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс ...хариуцагч компанитай 2015.03.16-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийг газар эзэмших эрхийн хамт худалдах, худалдан авах гэрээг Бадраххундага ЗБ нөхөрлөл, М.Т нар байгуулсан, тус гэрээний маргааныг 3 шатны шүүх шийдвэрлэсэн, хүчин төгөлдөр гэрээний үүргийг шаардсан нэхэмжлэлийг нэхэмжлэгч нар хамтран гаргасан тул нэхэмжлэгч М.Тийн нэхэмжлэлийн шаардлагаар уг иргэний хэргийг хянан шийдвэрлүүлнэ гэж тайлбарлав.

6. Хариуцагч тал нэхэмжлэгч нарын гаргасан нэг дэх шаардлагыг ...тус гэрээний хариуцагч биш учраас хүлээн зөвшөөрөхгүй, 80 тоот зогсоолын эзэмшил, ашиглалтыг шилжүүлсэн эсэх маргааныг 3 шатны шүүх шийдвэрлэсэн, уг зогсоол анхнаасаа гэрчилгээгүй зогсоол гэдгээр өгсөн, худалдан авагч бартерт авсан бөгөөд үүнийг М.Т, Б нөхөрлөл нар өөрсдөө хүлээн зөвшөөрөөд авчихсан учраас нуун дарагдуулсан, худал мэдээлэл өгсөн зүйл байхгүй гэж маргасан бөгөөд, хоёр дахь шаардлагын хариуцагч, шүүхээр шийдвэрлэсний дагуу өр төлбөр барагдуулах гэрээг байгуулсан тул хариуцах ёстой боловч нэхэмжлэгч М.Тийн охин З.Болороогийн өмчлөлд үл хөдлөх хөрөнгүүд дунд Олимп президент барилгын 4 давхарын 77,7 мкв үйлчилгээний талбайг шилжүүлж өгсөн, 2015 оноос хойших ашиглалтын болон менежментийн зардал төлбөрийг төлөхгүй яваад байгаа шалтгаанаа 14.000.0000 төгрөгийг бид нараас авах ёстойгоос 2020-2023 оныг хүртэл нийт 10.800.000 төгрөгөө тооцуулан хасуулъя гэж тайлбарласан гэх тайлбарыг гаргаж маргасан.

7. Тус хэргийн нэхэмжлэгч Б ЗГБХНөхөрлөл болон М.Т нар нь хариуцагч А ХХК-д холбогдуулан анх 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр дээрх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хүлээн аваад 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШЗ2022/13471 дүгээр иргэний хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамжаар хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан байна./хх-ийн 1-48/

7.1 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар анх нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагын нэг дэх хэсгийг багасгаж, өөрчилсөн бөгөөд шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах явцад буюу 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэгч Б ЗГБХНөхөрлөлийг Сангийн яамнаас ирүүлсэн 2022 оны 03/701 тоот албан бичгийн дагуу санхүүгийн тайлангаа найм ба түүнээс дээш улирал дараалан гаргаагүй, харилцагч байгууллагад илгээж баталгаажуулаагүй хуулийн этгээдийн мэдээллийг нийтэд мэдээлж зарласнаас хойш 6 сарын дотор бичгээр санал гомдол гаргаагүй хуулийн этгээдийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2023 оны А/1345 дугаар тушаалаар улсын бүртгэлээс хассан талаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023.01.16-ны өдрийн 9/589 тоот албан бичгийг хавсралтын хамт ирүүлснээр нотлогдож байна. Энэ үйл баримттай нэхэмжлэгч тал маргаагүй.

7.2 Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсч, хуульд заасан журмын дагуу татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болно. гэж, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Хуулийн этгээдийн төрөл, хэлбэрээс үл хамааран иргэний эрх зүйн чадвар нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсэж, хуульд заасан журмын дагуу татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болохтой холбогдон үүсэх харилцааг энэ хуулиар зохицуулна. гэж тус тус зааснаар тухайн хэргийн нэхэмжлэгч Б ЗГНөхөрлөл нь 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр улсын бүртгэлээс хасагдсанаар иргэний эрх зүйн чадвар дуусгавар болсон байх тул хуулийн этгээд гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

7.3 Иймээс, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.4, мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б ЗГБХНөхөрлөлийн хариуцагч А ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлд үүсгэсэн иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

8. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

8.1 Нэхэмжлэгч /худалдагч/ Б ЗБН, М.Т нар нь хариуцагч /худалдан авагч/ А ХХК-ийн өмчлөлд Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, Б.Ренчингийн гудамж, 10/1 хаягт байрлах үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай, нийт 3551 м.кв талбай бүхий, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн 000359880 дугаартай гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-2203011534 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг 5008 м.кв талбайтай аж ахуйн зориулалт бүхий газар эзэмших эрхийн 0065628 дугаарын гэрчилгээтэй Газар эзэмших эрхийн хамт шилжүүлэх, А ХХК-д нийт 4.571.089.000 төгрөгийг гэрээнд заасан хэлбэр, хэмжээгээр шилжүүлэх үүргийг тус тус хүлээж, Үл хөдлөх эд хөрөнгийг газар эзэмших эрхийн хамт худалдах, худалдан авах гэрээг 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдөр байгуулан талууд гарын үсэг зурж баталгаажуулсан бөгөөд тус гэрээ хүчин төгөлдөр болсон талаар зохигчдын хэн алин маргаагүй./хх-ийн 12-19/

8.2 Талуудын хоорондох гэрээний үүргийн талаар нэхэмжлэгч Б ЗБН, М.Т нар хариуцагч А ХХК-д холбогдуулан шүүхэд 1.444.165.291,26 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2018/00639 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8-д заасныг баримтлан хариуцагч А ХХК-иас 1.231.609.918,84 /нэг тэрбум хоёр зуун гучин нэгэн сая зургаан зуун есөн мянга есөн зуун арван найман төгрөг наян дөрвөн мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б ЗБН, М.Т нарт хувь тэнцүүлэн олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 212.555.372,42 /хоёр зуун арван хоёр сая таван зуун тавин таван мянга гурван зуун далан хоёр төгрөг дөчин хоёр мөнгө/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 928 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 001/ХТ2021/00062 дугаар тогтоолоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ./хх-ийн 28-39/

8.3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан тул шүүх дээрх шүүхийн шийдвэрээр шийдвэрлэсэн талуудын хооронд гэрээний хүчин төгөлдөр байдал, үүргийн биелэлттэй холбоотой үйл баримтыг дахин нотлохгүй.

8.4 Нэхэмжлэгч М.Т тус гэрээний худалдагч тал-ын хувьд гэрээний 3.3.6-д Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо /14220/ Олимпийн гудамж 16 дугаар байрны зоорийн давхарт байрлах 80 тоот автомашины зогсоолыг шилжүүлэх үнэ нь 49.685.750 /дөчин есөн сая зургаан зуун наян таван мянга долоон зуун тавин/ төгрөг (Талуудын хооронд Автомашины зогсоол худалдах худалдах авах гэрээ-г байгуулах бөгөөд энэхүү гэрээний салшгүй нэг хэсэг нь болно) гэж заасан заалтын биелэлтийг шаардаж энэхүү нэхэмжлэлийн нэг дэх шаардлагыг тодорхойлж байна.

8.5 Хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэгч М.Тийг 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан үндсэн гэрээний үүргийн биелэлтийг шаардаагүй, тус гэрээг үндэслэн мөн өдөр худалдагч тал Монголиан пропертис ХХК, худалдан авагч тал М.Т, З.Болороо нарын хооронд байгуулагдсан Автомашины зогсоол худалдах худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагыг гаргаж байгаа тул энэ нэхэмжлэлийн шаардлагын хариуцагч А ХХК биш, тус гэрээг байгуулсан буюу гэрээний зүйлийн өмчлөгч болох Монголиан пропертис ХХК-ийг хариуцагчаар татах ёстой гэж маргасан.

8.6 Хэдийгээр 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдөр нэг талаас Монголиан пропертис ХХК, нөгөө талаас М.Т, З.Болороо нарын хооронд Автомашины зогсоол худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан боловч уг гэрээг байгуулахдаа мөн өдөр нэг талаас Б ЗГБХ нөхөрлөл /эрх шилжүүлэгч/ болон иргэн М.Т /худалдагч/ нар, нөгөө талаас А ХХК /худалдан авагч/ нар нь харилцан тохиролцож Үл хөдлөх эд хөрөнгийг газар эзэмших эрхийн хамт худалдах, худалдан авах гэрээ-г байгуулсан, уг гэрээний 3.3.6-д Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо /14220/ Олимпийн гудамж 16 дугаар байрны зоорийн давхарт байрлах 80 тоот автомашины зогсоолыг шилжүүлэх үнэ нь 49.685.750 /дөчин есөн сая зургаан зуун наян таван мянга долоон зуун тавин/ төгрөг (Талуудын хооронд Автомашины зогсоол худалдах худалдах авах гэрээ-г байгуулах бөгөөд энэхүү гэрээний салшгүй нэг хэсэг нь болно) гэж заасан тохиролцоог үндэслэн байгуулагдсан байх бөгөөд энэ заалтад Монголиан пропертис ХХК-ийн өмчлөлийн автомашины зогсоолыг шилжүүлэн өгөх буюу тус компанитай гэрээг байгуулах талаар тусгаагүй байх тул нэхэмжлэгчийг үндсэн гэрээний 3.3.6-д заасан заалтыг үндэслэл болгон шаардах эрхээ тодорхойлж буйг буруутгах үндэслэл болохгүй гэж шүүх дүгнэлээ.

Иймээс хариуцагчийн уг нэхэмжлэлийн хариуцагч биш гэж маргаж буй татгалзлыг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзсэн болно.

8.7 Мөн хариуцагч тал гэрээний нэг тал болох М.Т, З.Болороо нар байхад ганцаараа уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхгүй, З.Болороог гуравдагч этгээдээр татуулан оролцуулах буюу нэхэмжлэгч тал хамтран нэхэмжлэгчээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй гэх тайлбар, татгалзлыг шүүх хүлээн авч хангах үндэслэлгүй гэж үзлээ.

8.9 Тэрээр, хариуцагчаас хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр ...Гэрээнд заасан худалдаж буй болон төлбөрт тооцох үл хөдлөх эд хөрөнгүүдийн эзэмшлийг, мөн өмчлөх эрхийг талууд харилцан шилжүүлсэн, үнийн зарим хэсэг төлөгдсөн... гэж дүгнэсэн байхад гэрээний үүрэг шаардах боломжгүй гэх татгалзал, тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй байна.

8.10 Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж, 243.2-т Худалдагч нь худалдаж байгаа эд хөрөнгийн зориулалт, хэрэглээний шинж чанар, хадгалах, хэрэглэх, тээвэрлэх нөхцөл, журам, баталгаат болон эдэлгээний хугацаа, үйлдвэрлэгчтэй холбогдсон үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүрэгтэй. гэж тус тус заасан байтал тус гэрээний хариуцагч тал гэрээний 3.3.6-д заасан болон энэхүү заалтыг үндэслэн Монголиан пропертис ХХК-тай М.Т, З.Болороо нарыг 2025 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Автомашины зогсоол худалдах худалдан авах гэрээ-г байгуулуулан,

Гэрээний 1.2-т Худалдагч нь өөрийн эзэмшил, өмчлөлийн СБДүүргийн 1 дүгэр хороо 13 дугаар хороолол Олимпийн гудамжны 16 дугаар байрны зоорийн давхарт байрлах 13,75 мкв талбайтай 80 тоот автозогсоолыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлнэ.

Гэрээний 1.3-т Автозогсоолыг /гараж/ худалдан авах нийт үнэ нь 49 685 750 /дөчин есөн сая зургаан зуун наян таван мянга долоон зуун тавин/ төгрөг байх бөгөөд автозогсоол худалдан авах төлбөрийг А ХХКомпани болон иргэн Магван овогтой Т, Б ЗГБХ-тай 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгийг газар эзэмших эрхийн хамт худалдах худалдан авах гэрээ-ний төлбөрт тооцож шилжүүлж байгаа болно.

Гэрээний 1.4-т Худалдагч нь худалдан авагчийн эзэмшил, өмчлөлд шилжүүлж байгаа автомашины зогсоолын байршил харуулсан схем зураглал бусад тэмдэг тэмдэглэгээг тавьж худалдан авагчид хүлээлгэн өгнө.

Гэрээний 1.5-д Худалдан авагч нь автомашины зогсоолыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан өдрөөс хойш СӨХолбоо болон дулаан, цахилгааны нийт төлбөрийн ногдох хэсгийг нэхэмжлэлийн дагуу бүрэн хариуцан төлнө.

Гэрээний 1.6-д Худалдан авагчийн эзэмшил, өмчлөлд шилжүүлж байгаа автомашины зогсоол нь барьцаалагдаагүй, битүүмжлэгдээгүй, хөлслүүлээгүй, түрээслүүлээгүй мөн ямарваа нэгэн өмчлөлийн маргаантай асуудал байхгүй.

Гэрээний 1.7-д Худалдан авагч нь гэрээнд дурдсан автомашины зогсоолыг өөрийн эзэмшил, өмчлөлд шилжүүлэн авсан өдрөөс эхлэн 80 тоот автозогсоолыг захиран зарцуулах, бусдад шилжүүлэх, худалдах, бэлэглэх бүрэн эрхтэй болно. гэж тус тус заажээ./хх-ийн 120/

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ. гэж заасан.

8.11 Хариуцагч нь нэхэмжлэгч М.Ттай байгуулсан үндсэн гэрээний 3.3.6-т ...(Талуудын хооронд Автомашины зогсоол худалдах худалдах авах гэрээ-г байгуулах бөгөөд энэхүү гэрээний салшгүй нэг хэсэг нь болно) гэж заасны дагуу байгуулагдсан Автомашины зогсоол худалдах худалдах авах гэрээ-ний 1.3-т Автозогсоолыг /гараж/ худалдан авах нийт үнэ нь 49 685 750 /дөчин есөн сая зургаан зуун наян таван мянга долоон зуун тавин/ төгрөг байх бөгөөд автозогсоол худалдан авах төлбөрийг А ХХК болон иргэн М.Т, Б ЗГБХ-тай 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгийг газар эзэмших эрхийн хамт худалдах худалдан авах гэрээ-ний төлбөрт тооцож шилжүүлж байгаа болно гэж заасан заалтыг биелүүлэх үүрэгтэй болох нь тогтоогдож байна.

8.12 Гэтэл гэрээгээр тохиролцсон үүргийг Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ. гэж зааснаар хариуцагч А ХХК биелүүлээгүй үйл баримт талуудын тайлбар, хэргийн үйл баримтаар тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

8.13 Дээрх гэрээний үүргийн биелэлтийг хангагдах боломжгүй нөхцөл байдлыг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр З.Болороо татварын албанд улсын тэмдэгтийн хураамж 5,000 төгрөг төлөөд Улын бүртгэлийн газарт хандсан, тус газраас татгалзсан хариуг өгсөн баримтаар нотлогдож байна. Энэ үеэс нэхэмжлэгчийг гэрээний үүргийг хариуцагч талаас шаардах эрх үүссэн гэж шүүх дүгнэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн шүүх авсан нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар заасан шаардлагад нийцсэн, шаардах эрхийн хугацаа хэтрүүлээгүй байна.

8.14 Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага, Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай мэдэгдэлд ...80 тоот зогсоолыг улсын комисс хүлээж аваагүй байх тул бүртгэх боломжгүй байна гэх, Улаанбаатар хотын банкны мемориалын баримт, үзлэгийн тэмдэглэлд ...МР-7 номерын зогсоолд 61-57 УАО дугаарын автомашин зогсож байх бөгөөд үүний урд хэсэгт ногоон өнгөтэй моторт дугуй зогсож байсан хэсгийг 80 тоот зогсоол гэж зохигч талуудын төлөөлөгч нар тайлбарласан болно. 80 тоот автозогсоолыг дугаарлаагүй бөгөөд бусад автозогсоолыг /51, 52, 53 г.м/ дугаарласан байв гэх, Сүхбаатар дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2023.02.07-ны өдрийн 114 тоот Хариу хүргүүлэх тухай албан бичигт ...Олимпийн 16 дугаар байрыг 2010 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 01/26/2010 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын актаар 70 авто машины зогсоолтой хүлээн авсан байх бөгөөд Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2017 оны 05/1285 дугаартай албан бичиг, Онцгой байдлын ерөнхий газрын Гамшигаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн 02 дугаартай дүгнэлтийг тус тус үндэслэн 11 авто зогсоолоор нэмэгдүүлэн 81 авто зогсоолтой болсон байна. Анхны болон өөрчлөлт орсон план зураг бусад байгууллагаас ирсэн албан бичиг 7 хуудсыг хүргүүлэв гэсэн зэрэг баримтуудыг харьцуулан судлахад хариуцагч талаас нэхэмжлэгчид 49.685.750 төгрөгөөр түүний өмчлөлд шилжүүлэн өгөхөөр тохирсон 80 тоот автомашины зогсоол нь байгаа гэх боловч бодитоор улсын комисс хүлээн аваагүй, улсын бүртгэлд албан ёсоор бүртгэгдээгүй үйл баримт тогтоогдож байна гэж шүүхээс дүгнэлээ. /хх-ийн 65-73, 75-75, 118-119/

8.15 Нэхэмжлэгч М.Т нь анх 80 тоот автомашины зогсоолыг улсын комисс хүлээн аваагүй, улсын бүртгэлд бүртгэгдээгүй үйл баримтыг мэдээгүй сүүлд буюу шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж нотлох баримтыг бүрдүүлснээр мэдэж, улмаар Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т Хэлцэл хийхэд саад болох нөхцөл байдлыг хэлцэл хийгч нэг тал нь нуун дарагдуулсныг нөгөө тал хожим мэдсэн бол хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй. гэж заасны дагуу 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдөр худалдагч тал Монголиан пропертис ХХК, худалдан авагч тал М.Т, З.Болороо нарын хооронд байгуулагдсан Автомашины зогсоол худалдах худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцуулах-аар тус шүүхэд 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилснийг шүүх хүлээн авч хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

8.16 Ийнхүү дээрх хэлцлийг шүүх хүчин төгөлдөр бусд тооцсон тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно. гэсний дагуу хариуцагч А ХХК-иас гэрээгээр тохиролцсон ..автомашины зогсоолын үнэ 49.685,750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Тт олгож шийдвэрлэх үндэслэлтэй.

9. 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Өр төлбөр барагдуулах гэрээ-ний дагуу 44 хоногийн түрээсийн төлбөр 6,138,938 төгрөг, 2 сарын барьцаа төлбөр 8.565.960 төгрөг, нийт 14.704.898 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

9.1 Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2018/00639 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 928 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хур1алдааны 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 001/ХТ2021/00062 дугаар тогтоолоор зохигч талуудын хоорондох гэрээний үүргийн биелэлтийг хянан шийдвэрлэсэн шийдвэрийг биелүүлэх үүднээс 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Өр төлбөр барагдуулах гэрээ-г нэг талаас хариуцагч А ХХК, нөгөө талаас Б ЗГБХН, М.Т нар байгуулсан бөгөөд гэрээний 4-т Гэрээний 1 дүгээр зүйлд заасан төлбөрт тооцож шилжүүлэх үл хөдлөх эд хөрөнгө нь энэхүү гэрээг байгуулах өдрийн байдлаар гуравдагч этгээдэд Түрээслэгдсэн байгаа бөгөөд Төлбөр төлөгч нь энэхүү гэрээг хүчин төгөлдөр болсноос хойшхи 44 хоногийн түрээсийн төлбөр 6 238 938 төрөг, 2 сарын барьцаа төлбөр 8 565 960 төгрөг, нийт 14 704 898 төгрөгийг төлбөр авагчид нэхэмжлэхийн дагуу шилжүүлж, өмчлөгч өөрчлөгдсөн талаар Түрээслэгчид албан тоотоор мэдэгдэнэ гэж тохиролцжээ./хх-ийн 40-41/

9.2 Гэтэл энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ хариуцагч биелүүлээгүй болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан ...нэгэнт гэрээ байгуулагдсан, М.Т нь өөрөө 14.704.898 төгрөгөө гаргуулж авна, З.Болороо надад хамаагүй гэж өнөөдрийн байдлаар тайлбарлаж байгаа бол шүүх 14.704.898 төгрөгийг гаргуулаад шийдэх нь зөв байх... гэсэн тайлбар зэргээр хөдөлбөргүй тогтоогдож байна.

9.3 Хариуцагч нь З.Болороотой уг төлбөрийн талаар харилцан тохиролцох талаар ярилцах байсан, Болороо гэж хүнээс 10.800.000 төгрөгийг манайх дараа нь иргэний шүүхээр нэхэмжлээд авах боломжтой учраас илүү тайлбар хэлэх шаардлагагүй гэж үзэж байна гэх тайлбар нь тус маргаанд хамааралгүй болохыг нотолж байна гэж дүгнэх үндэслэлтэй байна.

9.4 Талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Өр төлбөр барагдуулах гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй., 189.5-д Энэ хуулиар зохицуулаагүй, шууд нэрлэгдээгүй боловч гэрээний үндсэн шинж, хэлбэрийг илэрхийлсэн өвөрмөц агуулга бүхий гэрээг нэрлэгдээгүй гэрээ гэнэ. Нэрлэгдээгүй гэрээнд энэ хуулийн үүргийн тухай нийтлэг үндэслэл хамаарна. гэж заасны дагуу байгуулагдсан нэрлэгдээгүй гэрээ гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

9.5 Иймээс, хариуцагч А ХХК-иас 14.704.898 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Тт олгож шийдвэрлэв.

10. Хариуцагчийн төлөөлөгч нь шүүх хуралдааны явцад З.Болороог Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-т зааснаар гэрчээр асууж өгөөч гэх хүсэлтээ тавьж байна. гэсэн боловч шүүх уг хүсэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнээд, тус хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

11. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч М.Тийн 2022 оны 10 дугаар сарын 03 болон 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдөр тус тус улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн /371,874+406,380/ нийт 778.254 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А ХХК-аас /406.379+231.474/ нийт 637.853 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Тт олгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.4-т зааснаар Б ЗГБХН-ийн А ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлд үүсгэсэн иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2, 243 дугаар зүйлийн 243.1, 189 дүгээр зүйлийн 189.1, 189.5-д заасныг баримтлан 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийг газар эзэмших эрхийн хамт худалдах, худалдан авах гэрээ-ний салшгүй хэсэг болох тус өдрийн Автомашины зогсоол худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус гэж тооцож, автомашины зогсоолын үнэ 49.685.750/дөчин есөн сая зургаан зуун наян таван мянга долоон зуун тавь/ төгрөг, Өр төлбөр барагдуулах гэрээ-ний үүрэгт 14,704,898/арван дөрвөн сая долоон зуун дөрвөн мянга найман зуун ерин найм/ төгрөгийг тус тус Азиа пасафик ланд ХХК-аас гаргуулж, нэхэмжлэгч М.Тт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 778.254/долоон зуун далан найман мянга хоёр зуун тавин дөрөв/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч А ХХК-аас 637.853/зургаан зуун гучин долоон мянга найман зуун тавин гурав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Тт олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй, зохигчийн оролцоогүйгээр шийдвэрлэсэн талд шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулах ба ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлэх бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ