| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 181/2024/00393/И |
| Дугаар | 181/ШШ2024/01626 |
| Огноо | 2024-04-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 181/ШШ2024/01626
| 2024 04 19 | 181/ШШ2024/01626 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: .... тоотод оршин суух, Бийн Э /РД:.../,
Хариуцагч: ..... тоотод оршин суух, Оийн Н /РД:..../-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт нийт 29,982,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т,
Хариуцагч О.Н,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч О.Нд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 29,982,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон.
Үүнд: Монгол Улсын Иргэн Олхонууд овогтой Отгонгэрэлийн Н нь 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 20,000,000 /Хорин сая/ төгрөгийг 40 хоногийн хугацаатай үндсэн зээл болон хүүгийн хамт буцаан өгөхөөр иргэн Батсуурийн Этэй харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон ба зээлдэгч О.Н нь зээлийн гэрээний үндсэн үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүрсэн байна.
Зээлдүүлэгч Э нь 2022 оны 05 сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг биелүүлэхийг шаардаж Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан боловч иргэний хэрэг үүсгэхээс татгалзснаар зээлдэгч буюу хариуцагчийг эрэн хайх үүднээс Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Отгонгэрэлийн Нг эрэн сурвалжлуулахаар шүүхийн шийдвэр гарснаар Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсээс О.Н нь Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 25 дугаар гудамж 556 тоотод оршин суудаг болохыг олж тогтоосон.
Зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.6-д заасны дагуу Зээлдэгч О.Н нь 20,000,000 төгрөгийг зээлдүүлэгч талд шилжүүлэх үндсэн үүрэгтэй. О.Н нь зээлийн үндсэн төлбөр 20,000,000 төгрөг болон хүүгийн хамт төлөөгүй тул зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.7-д заасны дагуу гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр талууд харилцан тохирсон. Зээлийн гэрээний үндсэн үүрэгт 20,000,000 төгрөг, зээлийн гэрээний 3.7-д заасны дагуу зээлийн гэрээний хугацаа болох 2022 оны 06 сарын 15-ны өдрөөс эхлэн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны №11532 тоот шүүгчийн захирамж гарах хүртлэх хугацаа болох 322 хоногийн алданги 32,200,000 төгрөг үүнээс гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 31 хувиар тооцож 9,982,000 төгрөг, үндсэн зээл 20,000,000 төгрөг нийт 29,982,000 төгрөгийг хариуцагч талаас нэхэмжилж байна.
Иймд О.Нгээс 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Зээлийн гэрээний үндсэн үүрэгт 20,000,000 төгрөг, алданги 9,982,000 төгрөг нийт 29,982,000 төгрөгийг гаргуулж Б.Эт олгож өгнө үү гэжээ.
1.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч 2.000.000 төгрөгийг төлсөн учир үүнийг үндсэн зээл 20.000.000 төгрөгөөс хасаад үлдэх 18.000.000 төгрөгийг болон гэрээ болон хуульд заасан заалтын дагуу зээлийн 20.000.000 төгрөгт ногдох алдангид 9.928.000 төгрөгийг тооцсон тул нийт 27.982.000 төгрөгийг хариуцагч О.Нгээс гаргуулна. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд 1 сар 10 хоногийн хугацаагаар зээлдүүлсэн боловч хүүг огт шаардаагүй. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаас доогуур тооцож алдангийг шаардсан тул нэхэмжлэлээр шаардсан алдангийг хэвээр тооцож хариуцагчаас гаргуулан шийдвэрлэж өгнө үү гэв.
2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Отгонгэрэл овогтой Н миний бие Эээс 20 сая төгрөг зээлсэн. Ковидын нөхцөл байдлаас шалтгаалан Хятад улс руу мах гаргадаг байж байгаад их хэмжээний махаа хугацаа хэтрүүлэн устгуулж алдагдалд орсон. Ийм нөхцөл байдлаас шалтгаалж мөнгийг нь өгч чадаагүй одоо эргэж ажлаа хийж эхэлж байгаа тул мөнгийг нь яаралтай 5 сараас өмнө хуваан барагдуулна гэжээ.
2.1. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Б.Этэй байгуулсан зээлийн гэрээ болон зээлсэн 20.000.000 төгрөгийг авсантай маргахгүй. Харин Б.Э нь намайг байнга дарамталдаг, би 2024 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр 2.000.000 төгрөгийг Б.Эийн Хаан банкны данс руу шилжүүлсэн тул 20.000.000 төгрөгөөс хасаж тооцуулна. Иймд 18.000.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна, уг мөнгийг бөөнөөр нь төлөх боломжгүй хуваагаад төлөх тул 2024 оны 08 дугаар сарын 30-наас өмнө төлье хугацаа олгож өгнө үү. Үндсэн зээлийн үлдэгдэл 18.000.000 төгрөгийг 2024 ондоо төлж дуусгаад, 2025 ондоо алданги 9.982.000 төгрөгийг төлье гэв.
3. Хэрэгт цугларсан нотлох баримтын тухайд:
3.1. Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамжид 310,000 төгрөг төлсөн баримт, Э.Төгссайханд олгосон итгэмжлэл, 2022.05.05-ны өдрийн 0112 дугаартай зээлийн гэрээ, Хаан банкны шилжүүлгийн баримт, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.07.28-ны өдрийн 182/ШШ2023/02223 дугаар шийдвэр, Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын 2023.11.09-ний өдрийн 28ж3-5/4688 тоот албан бичиг, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.12.27-ны өдрийн 181/ШЗ2024/00457 дугаар захирамж зэргийг гаргаж өгсөн.
3.2. Хариуцагчаас нотлох баримт гаргаж өгөөгүй болно
ҮНДЭСЛЭХ нь:
4. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
5. Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч О.Нд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 29.9820.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч ...2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж, 20.000.000 төгрөг авсантай маргахгүй. Б.Э нь намайг байнга дарамталдаг, би 2024 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг түүний данс руу шилжүүдж төлсөн учир 20.000.000 /хорин сая/ төгрөгнөөс хасаж тооцуулна. 18.000.000/арван найман сая/ төгрөгийг төлнө, бөөнөөр нь төлөх боломжгүй хуваагаад төлөх тул 2024 оны 08 дугаар сарын 30-наас өмнө төлье хугацаа олгож өгнө үү, алдангийг төлөхгүй... гэх тайлбар гаргаж, маргасан.
6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:
6.1. Хариуцагч О.Н нь 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Зээлийн гэрээг нэхэмжлэгч Б.Этэй байгуулсан бөгөөд, уг гэрээгээр 20.000.000/хорин сая/ төгрөгийг 2022-05-05-ны өдрөөс 2022-06-15-ны өдрийг хүртэл нэг сар арав хоногийн хугацаатай, 5 хувийн хүүтэй, барьцаагүй, 2022-06-15-нд зээл болон хүүгийн хамт эргэн төлөхөөр, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр харилцан тохиролцжээ./хх 5-6/
Дээрх гэрээг Нийслэлийн тойргийн нотариатч Д.Солонго бүртгэлийн 0112 дугаарт бүртгэж нотариатаар баталгаажуулсан бөгөөд гэрээний талууд болох зээлдүүлэгч Б.Э, зээлдэгч О.Н нар гарын үсэг зурсан, гэрээний бүртгэлийн хуудас, бүртгэлийн дугаар № 112-г мөн өдөр үйлдсэн ба Б.Э, О.Н нар гарын үсэг зурсан, тэдгээрийн иргэний үнэмлэхний лавлагаа тус тус тухайн өдөр авагдсанаар хавсаргагдсан байна./хх 7-8/
6.2. Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтанд: огноо 2022.05.08, Хүлээн авагчийн: данс 5039068196, нэр Хадагтай Отгонгэрэл НацагЕмбүү, Дүн 20,000,000 /хорин сая/ төгрөг, гүйлгээний утга Anka zeel, данс хоорондын шилжүүлэг, Шилжүүлэгчийн: данс 5040043950, нэр Хадагтай Батсуурь Э, Дүн 20,000,000/хорин хоёр сая/ төгрөг гэж бичигджээ./хх-9/
6.3. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2023/02223 дугартай шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч Б.Э нь хариуцагчаар оролцвол зохих этгээд О.Нг эрэн сурвалжлуулж, оршин байгаа хаягийг олж тогтоолгох хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэсэн бөгөөд Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс 2023.11.09-ний өдрийн 28ж3-5/4688 тоот албан бичгээр ...О.Н /РД: ОЭ86081968/ нь Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 25 дугаар гудамж 556 тоотод оршин сууж байгаа болохыг олж тогтоон эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосон болно... гэжээ./хх 10-12/
7. Зохигч талуудын хооронд байгуулагдсан дээр дурдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу байгуулагдсан бөгөөд мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчид мөнгөн хөрөнгийг бодитойгоор шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцохоор заасан шаардлагыг тус тус хангасан байна гэж шүүх үзлээ.
7.1. Хариуцагч О.Н нь нэхэмжлэгч Б.Этэй байгуулсан зээлийн гэрээ болон гэрээний дагуу 20.000.000/хорин сая/ төгрөгийг хүлээн авсан талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч байна.
7.2. Иймээс, зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр байх тул нэхэмжлэгч хариуцагчаас гэрээний үүргийг шаардах эрхтэй.
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ. гэж заасан.
8. Талууд зээлийн гэрээний 3.7-д Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө гэж зааж тохиролцсон бөгөөд нэхэмжлэгч тал 2022.06.15-ны өдрөөс Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.05.08-ны өдрийн №11532 тоот шүүгчийн захирамж гарах хүртэлх хугацаа болох 322 хоногийн алданги 32.200.000 төгрөг үүнээс гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 31 хувиар тооцож 9.982.000 төгрөг гэж тооцон алдангийг шаардаж буй нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ. гэж заасанд нийцсэн байна.
8.1. Хэргийн үйл баримтаар хариуцагч О.Н нь зээлийн гэрээний дагуу хүлээн авсан мөнгөн хөрөнгө болох 20.000.000 төгрөг, харилцан тохиролцсон алданги 9.982.000 төгрөгийг тус тус буцаан төлөх үүрэгтэй гэж шүүх дүгнэлээ.
8.2. Хариуцагч нь нэхэмжлэгчид 2024 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр 2.000.000/хоёр сая/ төгрөгийг түүний Хаан банкны дансанд шилжүүлэн төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагаас хасаж, үлдэх 18.000.000/арван найман сая/ төгрөгийг төлнө, хүүг төлөхгүй гэж шүүх хуралдаанд тайлбарласан бол, нэхэмжлэгчийн төлөөлөгч хариуцагчийн төлсөн 2.000.000/хоёр сая/ төгрөгийг хүлээн авсантай маргаагүй бөгөөд үлдэх 18.000.000/арван найман сая/ төгрөгийг, алданги 9.982.000/есөн сая есөн зуун наян хоёр мянга/ төгрөгийн хамт гаргуулна гэж шаардсан.
8.3. Хариуцагч ...18.000.000 /арван найман сая/ төгрөгийг төлнө, бөөнөөр нь төлөх боломжгүй хуваагаад төлөх тул 2024 оны 08 дугаар сарын 30-наас өмнө төлье хугацаа олгож өгнө үү, алдангийг төлөхгүй... гэх тайлбар, татгалзалыг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
9. Дээрхийг нэгтгэхэд, хариуцагч О.Н нь зээлийн гэрээний үүрэгт /18.000.000+9,982,000/ нийт 27.982.000/хорин долоон сая есөн зуун наян хоёр сая/ төгрөгийг төлөх үүрэгтэй байх тул хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
10. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд:
Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 310,000/гурван зуун арав/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч О.Нгээс тэмдэгтийн хураамж 297.870/хоёр зуун ерин долоон мянга найман зуун далан/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Эт олгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан О.Нгээс 27.982.000/хорин долоон сая есөн зуун наян хоёр мянга/ төгрөгийг гаргуулж Б.Эт олгож, нэхэмжлэлээс 2.000.000/хоёр сая/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хараамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 310,000/гурван зуун арван мянга/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч О.Нгээс тэмдэгтийн хураамж 297.860/хоёр зуун ерин долоон мянга найман зуун далан/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Эт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй, зохигчийн оролцоогүйгээр шийдвэрлэсэн талд шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулах ба ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлэх бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ