Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 181/ШШ2024/01665

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 04 23

181/ШШ2024/01665

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: .... тоот хаягт оршин суух Нын М /РД:..../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .... тоот хаягт оршин байрлах, О ХХК /РД:..../-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 400,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Н.М,

Хариуцагчийн төлөөлөгч Г.А,

Гэрч Ү.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Н.М нь хариуцагч О ХХК-д холбогдуулан ажилласан өдрүүдийн цалин 400,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Нэхэмжлэгч М миний бие хариуцагч О ХХК-ийн захирал Ү.Атэй ярилцан тохиролцож 2023 оны 06 сарын 20-ны өдрөөс эхлэн тус компанийн Баянзүрх дүүрэг, 40-р хороонд байрлах Лавай далай зах доторх, street food гэх түргэн хоолны газар туслахаар ажилд орсон. Тухайн үед хариуцагч Ү.Атэй ярилцан өдрийн 50.000 төгрөгийн хөлсөөр 09 цагаас 20 цагийн хооронд ажиллахаар тохиролцсон. Харин хэд хоног ажиллахаа тодорхой ярилцаагүй. Ү.А нь цалинг cap бүрийн 5 болон 19-ний өдрүүдэд 2 хуваан дансанд шилжүүлнэ гэж хэлсэн. Би тухайн цайны газар 06 дугаар сарын 20-ноос 07 дугаар сарын 07-ныг хүртэл тасралтгүй, 07 дугаар сарын 10-наас 12-ныг хүртэл нийт 21 хоног ажилласан. 07 дугаар сарын 05-ны өдөр 16 хоногийн цалин буюу 800.000 төгрөгийг олгох ёстой байсан боловч 3 хоногийн цалин болох 150.000 төгрөгийг дутуу олгосон.

Цалинг хүлээн авсан байдлын хувьд:

1.2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр буюу ажиллаж эхлэхээс өмнө миний бие урдчилгаа 100.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5416062335 тоот дансаар авсан. Ү.А нь өөрийн Хаан банкны 5408032309 тоот данснаас шилжүүлсэн байдаг.

2.2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Ү.А нь өөрийн Хаан банкны 5408032309 тоот данснаас 300.000 төгрөгийг миний 5416062335 дансруу шилжүүлсэн.

3.Мөн би өөрийн хүсэлтээр цалингаасаа 250.000 төгрөгийг Ү.Ат хэлж өөр хүний дансанд шилжүүлүүлсэн байдаг.

Миний бие 07 дугаар сарын 05-наас хойш тус газарт 5 хоног ажилласан. Түргэн хоолны газар нь 07 дугаар сарын 12-ноос 19-нийг хүртэлх хугацаанд наадмын амралт гэж бүх нийтээр амарсан. 07 дугаар сарын 13-ны өдөр миний бие ар гэрийн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас үргэжлүүлэн ажиллах боломжгүй болсноо Ү.Ат утсаар ярьж мэдэгдсэн. 07 дугаар сарын 19-ний өдөр миний 07 дугаар сарын 6, 7, 10, 11, 12-ны өдрүүдэд ажилласан 5 хоногийн цалин 250.000 төгрөг олгогдох ёстой байсан боловч өгөөгүй. Хариуцагч болох Ү.Ат хандан 07 дугаар сарын 5-наас хойш ажилласан 5 хоногийн цалин, өмнөх сарын олгогдоогүй 3 хоногийн цалин нийт 8 хоногийн цалин болох 400.000 төгрөгийг авахаар удаа дараа мессэж, болон утсаар ярьж шаардсан боловч өгөхгүй гэсэн хариуг өгсөн. Одоо болтол цалингаа авч чадаагүй байна. Надад цланг олгохдоо О гэх утгаар шилжүүлсэн тул би компанид ажилласан гэж үзэж, хариуцагчийг тодорхойлсон.

Иймд миний ажилласан өдрүүдээс 8 өдрийн цалин болох 400.000 төгрөгийг хариуцагч О ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: О ХХК-ийн захирал Ганболд овогтой Азбаяр миний бие Надмид овогтой Мг О ХХК-д ажилд аваагүй, ажиллуулаагүй О ХХК-д ирсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Манай компани улсын бүртгэлд бүртгүүлсэн боловч ямар ч үйл ажиллагаа явуулдаггүй, ажилтан ажилд аваагүй.

Нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаа Ү.А нь миний эхнэр, Н.Мг түргэн хоолны газарт ажиллуулсан гэдэг учир би түүнийг хэд хоног, хэрхэн ажилласан, хэдэн төгрөгийн цалин хөлс олгосон болохыг мэдэхгүй гэв.

3.Шүүх хуралдаанд оролцсон гэрч Ү.А тайлбартаа: Н.М нь манай Сарантуяа гэдэг дүүгийн ангийн охин, манайх хуучин 19-т үйл ажиллагаа явуулдаг байсан. Тэгэхэд хагас, бүтэн сайн өдөр ирж ажилладаг байж байгаад би өөрөө хувиараа 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Миний тэмдэглэл дээр байгаа, М нь 7 дугаар сарын 6, 7, 8-ны өдрүүдэд ажиллаад 07 дугаар сарын 09, 10-ны өдрүүдэд ажилдаа ирээгүй. 7 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд ажиллаад наадмын амралт эхлээд 7 дугаар сарын 19-ний өдөр ажил орсон. 6 дугаар сарын 22-ноос ажиллаж эхэлсэн. Би шинэ газар үйл ажиллагаа явуулах гэж байгаа учраас өөртөө ээлтэй цаг хугацааг хараад 6 дугаар сарын 20-ны өдөр үйл ажиллагаагаа эхлээгүй. Тэрнээс өмнө бид нар шинэ талбайгаа засаж тохижуулсан, тоног төхөөрөмж ирээд тэрийгээ оруулаад, дөрвүүлээ нийлээд хоол, цай хийж ууж, идээд тараад явсан. Яг ажиллаад үйл ажиллагаа эхлээд орлого олсон зүйл байхгүй. 6 дугаар сарын 21-ний өглөө ирээрэй гэж хэлсэн, Н.М ирсэн. Хиншүү сорогч дээр зоонтиг тавьсан байсан тэр зоонтигийг угаагаарай гэсэн угаачихсан байсан тэгээд хоол идчихээд тарсан. Маргааш нь 22-ны өдөр хана тааз угаагаарай гэсэн яагаад гэхээр тохижуулсан талбай шинэ тоног төхөөрөмж маш их ирж байсан учраас тоос шороо ихтэй учир цэвэрлэгээ хийгээрэй гэсэн боловч тэр цэвэрлэгээг хийгээгүй байсан. Эгчээ би ажил эхлэхээс өмнө гадуур ажилтай болчихлоо гээд гараад явчихсан. Ажил 6 дугаар сарын 22-ны өдрөөс эхэлсэн учраас цалинг 6 дугаар сарын 22-ны өдрөөс эхэлж тооцсон. Н.Мгийн хувьд 7 дугаар сарын 6, 7, 8-ны өдрүүдэд ажилчихаад 7 дугаар сарын 9, 10-ны өдрүүдэд ажилдаа ирээгүй. Тэгээд 7 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд ирж ажиллачихаад тэр чигтээ явчихсан. Тэгэхээр 14-ний өдөр цалин боддоггүй учраас цалин өгөх боломжгүй. Ажилласан өдрүүдийнхээ цалинг гарах гэж байгаа шалтгаанаа хэлээд цалингаа бодуулаад авах боломжтой байсан. Надруу янз бүрийн мессеж бичээд байхаар нь би хэл аманд дургүй болохоор блок хийгээд тэр чигт нь орхисон. Тэгсэн чинь гэнэт О гэдэг компанид нэхэмжлэл ирсэн байна гэсэн. Би гэр бүлийн хүний хувьд энэ компанид хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй байдаг. Н.М ч мэднэ, нөхөр бид хоёр тус тусдаа өөр өөрсдийн сонирхдог мэргэжлийнхээ ажлыг хийж явдаг гэв.

3. Зохигч талуудаас хэрэгт гаргаж өгсөн нотлох баримтууд:

3.1.Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамжид 12,650 төгрөг төлсөн баримт, Н.Мгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Н.Мгийн Хаан банк дахь 5416062335 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргийг гаргаж өгсөн.

3.2.Гэрч Ү.Аээс нэхэмжлэгч Н.Мг ажиллуулсан өдрүүдийг бүртгэсэн шар өнгийн хавтастай хувийн тэмдэглэлийн дэвтрийг гаргаж өгсөн.

3.3.Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтууд: О ХХК-ийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа, хувийн хэргийн хуулбар зэрэг авагджээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

1.Нэхэмжлэгч Н.М нь хариуцагч О ХХК-д холбогдуулан хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 400,000 төгрөг гаргуулахаар шаардсан.

2.Нэхэмжлэлийн үндэслэлээ: Баянзүрх дүүрэг 40-р хороонд байрлах Лавай далай зах доторх, street food гэх түргэн хоолны газарт 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн хариуцагч компанийн захирал Ү.Атэй ярилцан өдрийн 50.000 төгрөгийн хөлсөөр 09 цагаас 20 цагийн хооронд туслахаар ажиллахаар амаар харилцан тохирч ажилласан, 06 дугаар сарын 20-ны өдрөөс 07 дугаар сарын 07-ныг хүртэл тасралтгүй, 07 дугаар сарын 10-ны өдрөөс 12-ныг хүртэл 21 хоног ажилласан, нийт 650,000 төгрөг шилжүүлэн өгсөн, хөлсийг сар бүрийн 5 болон 19-ний өдрүүдэд 2 хуваан шилжүүлнэ гэж тохирсон боловч 8 өдрийн хөлс 400.000 төгрөгийг өгөөгүй тул гаргуулна гэж тодорхойлов.

3.Хариуцагч О ХХК-ийн захирал Г.Азбаяр нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ: манай компани ямар ч үйл ажиллагаа явуулдаггүй, нэхэмжлэгч Н.Мг ажилд аваагүй, ажиллуулаагүй, эхнэр Ү.А цайны газар хувиараа ажиллуулдаг, би мэдэхгүй гэж маргасан.

4.Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдсон. Үүнд:

4.1.Маргаанд хамаарах Баянзүрх дүүрэг 40-р хороонд байрлах Лавай далай зах доторх, street food гэх түргэн хоолны газрыг гэрчийн мэдүүлэг өгсөн Ү.А ажиллуулдаг, тус хоолны газарт нэхэмжлэгч Н.М 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдөр ирж Ү.Атэй ярилцан, өдрийн 50.000 төгрөгийн хөлстэй, туслах ажилтнаар ажиллахаар харилцан тохиролцсон байх бөгөөд 2023 оны 6 дугаар сарын 22, 23, 24, 26, 27, 28, 29, 30, 7 дугаар сарын 1, 2, 3, 4, 5-ний өдрүүдэд тус тус ажилласан, Ү.А өөрийн Хаан банкны 5408032309 тоот данснаас эхлээд 100.000 төгрөг, дараа нь 300.000 төгрөг, мөн сүүлд 250.000 төгрөг тус тус Н.Мд төлсөн үйл баримтад зохигчид маргаагүй.

5.Нэхэмжлэгч дээрх түргэн хоолны газарт хариуцагч О ХХК-тай амаар хэлцэл хийх замаар гэрээ байгуулж туслахаар ажилласан гэж, харин хариуцагч нь О ХХК-тай амаар болон бичгээр хэлцэл хийгээгүй, тийм хүсэл зориг анхнаасаа илэрхийлээгүй гэж маргасан.

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн хуулийн этгээдийн үйлдэл эс үйлдэхүйг хэлцэл гэж, хуульд заагаагүй бол хэлцлийг амаар байгуулж болно гэж, мөн хуулийн 196 дугаар зүйлд гэрээ байгуулагдсанд тооцох журмыг зохицуулсан.

5.1.Хэрэгт нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нотлох баримтыг шүүхэд гаргаагүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргээр нэхэмжлэгч Н.М нь гэрчийн мэдүүлэг өгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон Ү.Атэй анхнаасаа уулзаж, харилцан тохиролцсоны үндсэн дээр түүний үйл ажиллагаа явуулдаг street food гэх түргэн хоолны газарт туслах ажилтнаар ажиллахаар Ү.Атэй харилцан тохиролцож, ажилласан байх бөгөөд 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр буюу ажиллаж эхлэхээс нь өмнө 5408032309 тоот данснаас Дээгий гэх агуулгаар 100,000 төгрөгийн орлого, 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 5408032309 тоот данснаас Оргих Шүрэн-ундрах гэх агуулгаар 300,000 төгрөгийн орлогыг тус тус Н.Мгийн дансанд, мөн нэхэмжлэгчийн өөрийнх нь нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд өөрийн хүсэлтээр цалингаасаа 250.000 төгрөгийг Ү.Ат хэлж өөр хүний дансанд шилжүүлүүлсэн гэсэн тайлбараар Ү.А нь Н.Мг ажиллуулсны хөлсөнд нийт 650.000 төгрөгийг төлсөн үйл баримт нотлогдож байна./хх 1-2, 5-6/

Дээрх баримтаас үзвэл, Н.М нь Ү.Аийн street food гэх түргэн хоолны газарт туслахаар ажиллах хүсэл зоригийг илэрхийлсэн байх тул Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийг 359.1 дэх хэсэгт зааснаар Н.М болон Ү.А нарын хооронд бодит үйлдлээрээ 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

5.2.Энэ нь шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болоод гэрч Ү.Аийн ...Н.М нь манай дүү Сарантуяагийн ангийн хүүхэд, надтай уулзаж, миний ажиллуулдаг хоолны газарт туслахаар өдрийн 50.000 төгрөгийн хөлс олгохоор тохиролцож ажилласан, түүний ажилласан өдрүүдийг тэмдэглэлийн дэвтэрт бүртгэсэн гээд шар хавтастай тэмдэглэлийн дэвтрийг шүүхэд өгсөн, уг дэвтэрт: цаг бүртгэл, Туяацэцэг 5/22, 23, 24, 25, 26, 27, 28, 29, 30, 1, 2, 3, 4, 5 14, 430186, 7/6, 300+109813 гэж, ...5416062335 М 6.22, 23, 24, 26, 27, 28, 29, 30, 1, 2, 3, 4, 5, 13, 300,000 (гарт), 100+250-хүнд шилжүүл... гэж бичигдсэн бөгөөд, түүний тайлбарлаж байгаагаар нотлогдож байна. Өөрөөр хэлбэл Ү.А өөрийн ажиллуулдаг хоолны газарт туслах ажилтнаар Н.Мг ажиллуулж, өдрийн 50.000 төгрөгийн хөлс төлөхөөр тохирч, улмаар 650,000 төгрөгийн хөлс төлсөн үйл баримтаас үзвэл нэхэмжлэгч Н.Мтай Ү.А нь ажлын чиг үүргээ тохиролцсон гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотлох үүргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар биелүүлээгүй гэж шүүх дүгнэв.

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүрэг хүлээнэ.

6.Дээрх үйл баримтаар нэхэмжлэгч Н.М нь Ү.Атэй хөлсөөр ажиллах гэрээний харилцаанд орж, тодорхой хугацаанд ажил үүрэг гүйцэтгэсэн, нэхэмжлэгчийн тодорхойлсон хариуцагч О ХХК-тай хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүсээгүй гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймээс, нэхэмжлэгч Н.Мгийн хариуцагч О ХХК-иас хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 400.000/дөрвөн зуун мянга/ төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

7.Нэхэмжлэгч Н.М нь хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн Ү.Аээс гэрээний үүрэг шаардахад энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүй.

8.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан О ХХК-аас 400,000 төгрөг гаргуулах тухай Н.Мгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Н.Мгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 12,650/арван хоёр мянга зургаан зуун тавь/ төгрөгийг улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй, зохигчийн оролцоогүйгээр шийдвэрлэсэн талд шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулах ба ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлэх бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ