| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 181/2023/03802/И |
| Дугаар | 181/ШШ2024/01736 |
| Огноо | 2024-04-26 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 181/ШШ2024/01736
| 2024 04 26 | 181/ШШ2024/01736 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ..... тоотод оршин байрлах И ХХК /РД:..../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: .... байрлах, Ю ХХК /РД:..../-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 20220401 дугаартай гэрээний үүрэг болох тос, тосолгооны материалын үлдэгдэл 117.617.800 төгрөг, алданги 9.288.177 төгрөг, нийт 126.906.977 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Е,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.О нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч И ХХК нь хариуцагч Ю ХХК-д холбогдуулан 20220401 дугаартай гэрээний үүрэгт 126.906.977 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон.
Үүнд: Юнайтед мерес мешинери ХХК нь манай компанитай 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр лукойл болон шелл брэндийн тос, тослох материал худалдан авах тухай 20220401 дугаартай гэрээ байгуулсан.
Манай компаний зүгээс гэрээ байгуулагдсан өдрөөс хойш гэрээний үүргийн дагуу заасан хугацаанд олон удаа тос, тосолгооны материал /цаашид ТТМ гэх/ нийлүүлсэн бөгөөд гэрээний хариуцагч талаас хугацаа хожимдуулсан ч төлбөрөө хийдэг байсан.
Гэтэл 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 213.520.500 төгрөгийн үнэ бүхий ТТМ аваад үүнээс 181.734.500 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг огт төлөлгүй хугацаа хэтрүүлсэн, 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 44.244.700 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 40.000.000 төгрөг, 2023 оны 08 дугаар сард 20.000.000 төгрөг төлсөн, одоо үлдэгдэл төлбөр 77.489.800 төгрөг.
Мөн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 25,289,000 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 14.839.000 төгрөгийн үнэ бүхий ТТМ авсан боловч одоог хүртэл төлбөр хийгдээгүй. Нийт үлдэгдэл төлбөр 117.617.800 төгрөг огт төлөгдөөгүй байна.
2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан 20220401 дугаартай гэрээний 4.1-т худалдан авагч нь ТТМ-ыг хүлээн авсан өдрөөс хойш төлбөрийг 45 хоногийн дотор бэлнээр болон бэлэн бусаар төлнө, 4.2-т худалдан авагч нь төлбөрөө хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хоног тутамд төлөөгүй үнийн дүнгийн 0,03%-тай тэнцэх алдангийг нэмж худалдагч талд төлнө гэж тус тус заасан бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс хойш 45 хоног хүлээгээд төлбөр хугацаандаа хийгдээгүй учраас алданги тооцож эхэлсэн бөгөөд 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар нийт 9.289.177 төгрөгийн алданги тооцсон болно. Манай байгууллагын зүгээс шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд алданги тооцох бөгөөд шүүх хурал товлогдсон өдөр алдангийн үнийн дүнд нэмэгдсэн дүнгээр өөрчлөлт орох болно.
Манай байгууллагын зүгээс гэрээний үүргийг биелүүлэх шаардлагыг удаа дараа хүргүүлж, хариу авсан боловч тохиролцсон хугацаанд төлбөрөө төлөөгүй, шүүхэд нэхэмжлэл гаргах тухай эцсийн мэдэгдэл хүргүүлэхэд алдангийн хамт төлөх тухай амласан боловч одоог хүртэл төлбөр хийгдээгүй болно. Үүнээс шалтгаалан бидний цаашдын тогтвортой үйл ажиллагаанд хүндрэл учирч, санхүүгийн эрсдэл тулгарч байна.
Иймд 20220401 дугаартай гэрээний үүрэг болох тос, тослох материалын үлдэгдэл 117.617.800 төгрөг, гэрээний алданги 9.289.177 төгрөг, нийт 126.906.977 төгрөгийг Юнайтед мерес мешинери ХХК-иас гаргуулахаар нэхэмжилж анх нээхмжлэлийн шаардлага гаргасан.
Гэтэл ажиллагааны явцад хариуцагч талаас 27.617.183 төгрөгийг төлсөн учир гэрээний үүргийн төлөгдөөгүй үлдэгдэл 90.000.617 төгрөг, алданги 9.288.177 төгрөг, нийт 99.289.794 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгаж байна. Иймд гэрээний үүрэгт нийт 99.289.794 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч хариу тайлбартаа: Э.Номин, би Индустриал Любрикантс Глобал Трейд ХХК-ийн нэхэмжлэлтэй "Ю ХХК-д холбогдох хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа болно.
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Дэлгэрэнгүй тайлбарыг өмгөөлөгчөөс Хууль зүйн туслалцаа авсны үндсэн дээр гаргах болно гэжээ.
3.Хэрэгт авагдсан нотлох баримтуудад:
3.1.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамжид 792,485 төгрөг төлсөн баримт, Б.Ербахытад олгосон итгэмжлэл, И ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2022.04.01-ний өдрийн 20220401 дугаартай гэрээ, зарлагын баримтууд, тооцооны үлдэгдлийн баталгаа, тооцооны баримтын жагсаалт, И ХХК-ийн №/23/04-01 дугаартай албан мэдэгдэл, И ХХК болон Ю ХХК хоорондын гэрээ №20220404 4.2 нөхцлийн дагуу алданги тооцсон хүснэгт зэргийг гаргаж өгсөн.
3.2.Хариуцагч талаас нотлох баримтаар: Я.Уугансүх, Э.Номин нарт олгосон итгэмжлэл, Юнайтед белаз машинери инвестмент ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэргийг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
4.Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
5.Нэхэмжлэгч Индустриал любрикантс глобал трейд ХХК нь хариуцагч "Ю ХХК-д холбогдуулан 20220401 дугаартай гэрээний үүрэг болох тос, тосолгооны материалын үлдэгдэл 117.617.800 төгрөг, алданги 9.288.177 төгрөг, нийт 126.906.977 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхэд хариуцагчийг 27.617.183 төгрөгийг төлсөн гэж тайлбарлан гэрээний үүргийн төлөгдөөгүй үлдэгдэл 90.000.617 төгрөг, алданги 9.288.177 төгрөг, нийт 99.289.794 төгрөгийг гаргуулна гэж шаардсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т ...нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгах эрхтэй гэж заасантай нийцнэ. Иймээс, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгасан 99.289.794 төгрөгийг хариуцагчаас гаргуулах эсэх талаар шүүх хууль зүйн дүгнэлтийг хийнэ.
6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна гэх тайлбарыг гаргасан.
7.Хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүх хуралдааны тов мэдсэн атлаа хүндэтгэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн төлөөлөгч хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт ...нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
8.Хэрэгт авагдсан бичгийн баримтаар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:
8.1.Талуудын хооронд 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 20220401 дугаартай Тос, тосолгооны материал /цаашид ТТМ гэх/ худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж, уг гэрээг 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал 1 жилийн хугацаатайгаар, Худалдагч нь Худалдагч болон Худалдан авагчийн сар бүр баталж гаргадаг хэрэглээний төлөвлөгөөний дагуу Худалдан авагчийн баталсан тоо ширхэг болон нэршилээр ТТМ-ын агуулахыг дүүргэх, Худалдагч нь худалдан авагчийн захиалсан тоо хэмжээгээр энэхүү гэрээний 4.1-т заасныг үндэслэж ТТМ-ыг өөрийн агуулахаас Улаанбаатар хотод нийлүүлэх, (Дэлхийн з/з дээрх түүхий эдийн үнэ болон валютын ханшийн өсөлт бууралтаас шалтгаалж барааны үнэд өөрчлөлт орох боломжтой), Худалдан авагч нь ТТМ-ыг хүлээн авсан өдрөөс хойш 45 хоногийн дотор бэлнээр болон бэлэн бусаар төлөх, Худалдан авагч нь төлбөрөө хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хоног тутамд төлөөгүй үнийн дүнгийн 0.03%-тай тэнцэх алдангийг нэмж Худалдагч талд төлнө гэж тохиролцсон болох нь хэрэгт авагдсан 20220401 дугаартай гэрээ, зарлагын баримтууд, талуудын хооронд үйлдсэн тооцооны үлдэгдлийн баталгаа №01, Тооцооны баримтын жагсаалт/Юнайтед белаз машинери ХХК гэх, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл, тайлбар зэргээр тогтоогдож байна./хх 1-2, 8-11, 12-16, 17-18/
Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээхээр Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан ба мөн хуулийн 263 дугаар зүйлд гэрээний хэлбэрийг тодорхойлсон байдаг.
8.2.Талуудын хооронд байгуулсан гэрээ нь дээрх хуулийн заалтад заасан шаардлагыг бүрэн хангасан болох нь хэрэгт авагдсан гэрээ, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар зэргээр тодорхойлогдож байх бөгөөд мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар талууд гэрээний 4.1-д Худалдан авагч нь ТТМ-ыг хүлээн авсан өдрөөс хойш 45 хоногийн дотор бэлнээр болон бэлэн бусаар төлнө, 4.2-т Худалдан авагч нь төлбөрөө хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хоног тутамд төлөөгүй үнийн дүнгийн 0.03%-тай тэнцэх алдангийг нэмж Худалдагч талд төлнө гэж тус тус тохиролцон, Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар баримт үйлдэж гарын үсэг зурж байгуулсан хүчин төгөлдөр хэлцэл хийсэн байх тул нэхэмжлэгч гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзнэ.
8.3.Хэргийн 12-20 дугаар талд авагдсан бичгийн баримтуудаар гэрээний дагуу нэхэмжлэгч ХХК нь хариуцагч ХХК-тай 2023 оны 01 сарын 01-ний өдрөөс 2023 оны 06 сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзэхэд Юнайтед белаз машинери ХХК нь 177.618.800 төгрөгний өртэй гарсныг харилцан батлав гэж, 2.Тооцооны баримтын жагсаалт гаргаж эдгээрт нэхэмжлэгч байгууллагын нягтлан бодогч Ц.Сарантуяа, хариуцагч байгууллагын нягтлан бодогч Г.Цоггэрэл нар тус тус гарын үсэг зурж, тус тусын санхүүгийн тэмдэг дарж баталгаажуулсан баримтаар тооцоо нийлжээ./хх 17-18/
8.4.Индустриал любрикантс глобал трейд ХХК нь 2023.04.13-ны өдөр №23/04-01 дугаартай Албан мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр Ю ХХК-д ...Лукойл болон Шелл брэндийн тос тосолгооны материалыг хоёр талаас хийгдсэн гэрээний дагуу Ю ХХК-д нийлүүлсэн болно. Гэвч худалдан авагч талаас гэрээний үүргээ биелүүлээгүй төлбөрийг хэт удаасан учир Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу Шүүхэд хандахаас өмнөх албан мэдэгдлийг хүргүүлж байна. Хэрэв Ю ХХК нь 2023 оны 04-р сарын 21-ний өдрийн дотор хугацаа хэтэрсэн төлбөр болох 221 862 500 төгрөгийг төлөөгүй тохиолдолд 2023 оны 04-р сарын 24-ны өдөр албан ёсоор Шүүхээр нэхэмжлэх болсныг мэдэгдэж байна. Ингэхдээ хоёр талаас хийгдсэн Тос тосолгооны материал худалдах худалдан авах гэрээний 4-ийн 2-т заасны дагуу хугацаа хэтэрсэн төлбөрийн нийт үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн өдөр тутамд 0,03%-ийн алдангийг тооцож нэхэмжлэх болсныг мэдэгдэж байна гэжээ./хх 19/
Дээрхээс үзэхэд, нэхэмжлэгч талаас гэрээний дагуу 221.862.500 төгрөгийн Тос тосолгооны материалыг хариуцагч тал хүлээн авсан байх бөгөөд 2023 оны 06 сарын 30-ны өдрийн байдлаар 177.618.800 төгрөгийг төлөөгүй үйл баримт тогтоогдсон тул гэрээгээр тохирсон үнийг хариуцагч төлөх үүрэгтэй байх тул нэхэмжлэгчийн гэрээний үүргийн төлөгдөөгүй төлбөрт тооцон шаардаж буй 90.000.617 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
9.Гэрээний 4.1-т Худалдан авагч нь ТТМ-ыг хүлээн авсан өдрөөс хойш 45 хоногийн дотор бэлнээр болон бэлэн бусаар төлнө гэж заасан үүргийг Юнайтед белаз машинери ХХК биелүүлээгүй болох нь тогтоогдож байх тул тус гэрээний 4.2-т Худалдан авагч нь төлбөрөө хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хоног тутамд төлөөгүй үнийн дүнгийн 0.03%-тай тэнцэх алдангийг нэмж Худалдагч талд төлнө гэсэн заалтын дагуу хариуцагч талд алданги төлөх үүрэг үүснэ. Энэ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцэх бөгөөд нэхэмжлэгч алдангийг хэргийн 20 дахь хуудсанд И ХХК болон Ю ХХК хоорондын гэрээ №20220401 4.2 нөхцөлийн дагуу алданга тооцов 0.03%-иар гэх толгойн бичвэр бүхий, 9.289.177,92 төгрөгийн алдангийг тооцож нэхэмжлэлээр шаардсан.
9.1.Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд тодорхойлсон үндсэн төлбөрөөс төлөгдөөгүй 90.000.617 төгрөг, алданги 9.289.177 төгрөг, нийт 99.289.794 төгрөгийн нэхэмжлэлийг хариуцагч эс зөвшөөрсөн тайлбарыг гаргасан боловч татгалзлаа нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй бөгөөд нотлох үүргээ хуульд заасан журмын дагуу биелүүлээгүй байна.
Хариуцагч ХХК гэрээний 4.1-т зааснаар Худалдан авагч нь ТТМ-ыг хүлээн авсан өдрөөс хойш 45 хоногийн дотор бэлнээр болон бэлэн бусаар төлнө гэж заасан заалтыг биелүүлээгүй болох нь хэргийн баримтаар тогтоогдсон талаар шүүх дээрх дүгнэлтийг хийсэн.
9.2.Талуудын хооронд байгуулагдсан гэрээний хугацаа 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал 1 жилийн хугацаатай байгуулагдсан, уг гэрээний хугацааг сунгаагүй байна.
9.3.Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 213.520.500 төгрөгийн үнэ бүхий ТТМ аваад үүнээс 181.734.500 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг огт төлөлгүй хугацаа хэтрүүлсэн, 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 44.244.700 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 40,000,000 төгрөг, 2023 оны 08 дугаар сард 20,000,000 төгрөг төлсөн, одоо үлдэгдэл төлбөр 77.489.800 төгрөг. Мөн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 25.289.000 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 14.839.000 төгрөгийн үнэ бүхий ТТМ авсан боловч одоог хүртэл төлбөр хийгдээгүй. Нийт үлдэгдэл төлбөр 117.617.800 төгрөг огт төлөгдөөгүй байна гэж тодорхойлсон.
Мөн хэргийн 20 дахь талд алдангийг тооцсон жагсаалтад: Борлуулсан огноо 2022.12.27, Барааны дүн 181.734.500 төгрөг, төлбөл зохих огноо 2023.02.09, Төлбөр хийх огноо 2023.05.15, Төлбөрийн дүн 44.244.700, үлдэгдэл 97.489.800, Борлуулсан огноо 2023.01.12, Барааны дүн 25,289,500 төгрөг, төлбөл зохих огноо 2023.02.25, Төлбөр хийх огноо 2023.07.07, Төлбөрийн дүн 40.000.000, үлдэгдэл 25.289.000, Борлуулсан огноо 2023.03.02, Барааны дүн 14.839.000 төгрөг, төлбөл зохих огноо 2023.04.15, үлдэгдэл 14.839.000, Нийт дүн 221.862.500 төгрөг, төлбөрийн дүн 84.244.700 төгрөг, үлдэгдэл 137.617.800 төгрөг гэжээ./хх-20/
10.Зохигч талуудын хооронд байгуулагдсан 20220401 дугаартай гэрээний хугацаа 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссан, гэрээг талууд сунгаагүй байх тул сүүлд буюу 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 25.289.000 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 14.839.000 төгрөгийн тос тосолгооны материалыг нэхэмжлэгчээс хариуцагчид нийлүүлсэн нийт 40.128.000 төгрөгийн бүтээгдэхүүний үнийн дүнг төлөөгүй хэсэгт нэхэмжлэгч алдангийг тооцож шаардах эрхгүй гэж үзнэ.
10.1.Иймд гэрээний хугацаанд нэхэмжлэгчээс хариуцагчид нийлүүлсэн тос, тосолгооны материалын төлөгдөөгүй үнэ 181.734.500 төгрөгийн төлбөрийг 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр төлөх байтал 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 44.244.700 төгрөгийг, 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 40.000.000 төгрөгийг, нийлээд 84.244.700 төгрөг төлөгдсөн, үлдэх 97.489.800 төгрөгийг төлөгдөөгүй гэж үзэхээр байх тул энэхүү гэрээний үнийн дүнгийн төлөгдөөгүй хэсэг 97.489.800 төгрөгт гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т Худалдан авагч нь төлбөрөө хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хоног тутамд төлөөгүй үнийн дүнгийн 0.03%-тай тэнцэх алдангийг нэмж Худалдагч талд төлнө гэж заасны дагуу алдангийг нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.
11.Шүүх, нэхэмжлэгч талын тооцоолсон баримтыг үндэслэн алдангийг доорх байдлаар тооцож, тодорхойлов. Үүнд:
11.1.Нийт төлөгдөөгүй үлдэгдэл төлбөр 181.734.500 төгрөгөөс 0,03 хувийн алданги тооцоход 54.521 төгрөг, үүнийг 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн төлбөр төлсөн 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл тооцоход 2 дугаар сард 19 хоног, 3 дугаар сард 31 хоног, 4 дүгээр сард 30 хоног, 5 дугаар сарын 14-ийг хүртэл 14 хоног /19+31+30+14/ нийт 94 хоног х 54.521 төгрөгөөр үржүүлэхэд 5.124.974 төгрөгийн алданги,
11.2.Төлөгдөөгүй 181.734.500 төгрөгөөс 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр төлсөн 44.244.700 төгрөгийг хасахаар 137.489.800 төгрөгийн үлдэгдэлтэй тул үүний 0,03 хувь нь 41.247 төгрөг, 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс хойш 5 дугаар сард 16 хоног, 6 дугаар сард 30 хоног, 7 дугаар сард 7 хоног /16+30+7/ нийлээд 53 хоног х 41.247 төгрөгөөр үржүүлэхэд 2.186.091 төгрөгийн алданги,
11.3.Мөн төлөгдөөгүй 137.489.800 төгрөгөөс 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 40,000,000 төгрөг төлсөн учир үлдэгдэл 97.489.800 төгрөгийн үлдэгдэлтэй тул үүний 0,03 хувь нь 29.247 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасан 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл тооцоход 7 дугаар сард 23 хоног, 8 дугаар сард 17 хоног /23+17/ нийлээд 40 хоног х 29.247 төгрөгөөр үржүүлэхэд 1.169.880 төгрөгийн алданги тус тус тооцогдож байх бөгөөд /5.124.974+2.186.091+1.169.880/ нийтдээ 8.480.945 төгрөгийн алдангийг нэхэмжлэгч шаардах эрхтэй байна гэж шүүх дүгнэлээ.
12.Дээрх бүгдийг нэгтгэн дүгнэхэд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан хэмжээ /90.000.617 төгрөг + алданги 9.289.177 төгрөг/ нийт 99.289.794 төгрөгөөс үндсэн төлбөрийн үлдэгдэл 90.000617 төгрөг, алданги 8.480.945 төгрөг, нийт 98.481.562 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх алданги 808.232 төгрөг болон нэхэмжлэгчийн шаардлагын хэмжээг багасгасан 27.617.183 төгрөг, нийлээд 28.425.415 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
13.Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 792.485 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ю ХХК-аас тэмдэгтийн хураамжид 650.358 төгрөг гаргуулж нэхэмжлэгч И ХХК-д олгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт тус тус заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ю ХХК-аас 98.481.562/ерин найман сая дөрвөн зуун наян нэгэн мянга таван зуун жаран хоёр/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч И ХХК-д олгож, нэхэмжлэлээс /алданги 808.232 төгрөг + 27.617.183 төгрөгөөр багасгасан хэмжээ/ нийт 28.425.415 /хорин найман сая дөрвөн зуун хорин таван мянга дөрвөн зуун арван таван/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хараамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 792.485 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ю ХХК-аас тэмдэгтийн хураамж 650.358 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй, зохигчийн оролцоогүйгээр шийдвэрлэсэн талд шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулах ба ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлэх бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ