Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 181/ШШ2024/01846

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 05 03

181/ШШ2024/01846

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: .... тоот хаягт оршин суух, Оийн Э /рд:.../-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .... оршин байрлах М ТӨХК /рд:..../-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: М ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Б/403 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч О.Э нь хариуцагч М ТӨХК-д холбогдуулан анх М ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Б/403 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

О.Э би М ТӨХК-нд 2020 оны 06 дугаар сард нягтлан бодогчоор ажилд орсон. Би хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үйргээ шударгаар гүйцэтгэж ирсэн бөгөөд 2023 оны 07 дугаар сард М ТӨХК-ийн гүйцэтгэх захирал солигдсон ба 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр гүйцэтгэх захирал намайг өрөөндөө дуудан уулзсан, уулзахаар ороход туслах нь миний гар утсыг хурааж авсан, тэгээд гүйцэтгэх ажилд ороод хэдэн жил болж байна, мэргэшсэн нягтлан бодогчийн эрх аваагүй байгаа юу гэж асуугаад чамтай хамтарч ажиллаж чадахгүй 2023 оны 08 сарын 01-ний өдрөөр тасалбар болгон ажлаа хүлээлгэн өг гэж хэлсэн. Би ямар үндэслэлээр ажлаас халах гэж байгаа тухай асуухад аудитын дүгнэлт гарсан гэж хэлсэн. Тэгээд 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүртэл намайг нийт 3 удаа өрөөндөө дуудаж өргөдлөө бичиж өг гэж шаардсан ба өргөдлөө өгөхгүй бол бүтцээр хална, чамайг ямар ч тохиолдолд хална гэж хэлсэн. Тухайн үед би халагдмааргүй байна, би энэ ажлаа хиймээр байна гэж удаа дараа хэлж байсан .

Гэтэл 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр ажлаас халах тухай мэдэгдэх хуудсыг нийт ажилтан албан хаагчид тараасан ба 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр оффисын нийт ажилчдыг А зааланд цуглуулан бүх хүнийг нэр заан дуудаж ажлаас халсан тухай хэлсэн. Тэгээд буцаагаад ажилд томилогдож байгаа хүмүүсийн нэрсийг дуудсан боловч миний нэр буцаад ажилд томилж байгаа хүмүүсийн нэрс дунд байгаагүй.

Үүний дараа захиргаа хүний нөөцийн хэлтсийн дарга н.Амраа намайг дуудаад харж байна уу чамайг ямар ч тохиолдолд ажлаас хална гэж захирал хэлсэн гэсэн тодорхой ойлгуулсан гэж хэлсэн одоо ойлгож байна уу. Чи өөрөө өргөдлөө өгөхгүй бол тэтгэмж ч өгөхгүй халж чадна шүү чи өргөдлөө өгөөд 3 сарын тэтгэмж аваад явсан чинь дээр гэж удаа дараа дуудаж, өмнө гүйцэтгэх захирал дарамталж байсан шиг намайг дарамталсан. Би хүнд байдалд орж ямар ч тохиолдолд ажлаас халах юм байна гэж ойлгон нэгэнт халагдаж байгаа юм чинь хэдэн төгрөг нь хэрэгтэй гэж үзээд өргөдөл бичиж өгсөн ба маргааш нь буюу 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр миний тушаал гарсан байсан.

Иймд М ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын Б/403 дугаартай тушаал нь Хөдөлмөрийн тухай хууль, Монгол Улсын олон Улсын гэрээ болон холбогдох бусад хууль журмыг ноцтой зөрчин, намайг дарамт шахалтад оруулан, миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн тул хуульд заасан журмын дагуу хүчингүй болгож, намайг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү. гэжээ.

2.Хариуцагчийн төлөөлөгч Г.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч О.Э нь М ТӨХК-д Гүйцэтгэх захирлын 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/142 дугаартай ажилд түр томилох тухай тушаалаар Санхүү, эдийн засгийн газарт Нягтлан бодогч албан тушаалд 3 хүртэлх сарын хугацаатай туршилтын журмаар томилогдож, 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 20/137 дугаартай Хөдөлмөрийн гэрээ байгуулсан байх бөгөөд мөн гүйцэтгэх захирлын 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Б/179 дугаартай ажилд томилох тушаалаар Төслийн нэгжид Төсвийн инженер албан тушаалд томилогдож хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан.

Төсвийн инженер албан тушаалд ажиллаж байсан О.Эыг гүйцэтгэх захирлын 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/272 дугаартай ажилд шилжүүлэн томилох тухай тушаалаар Санхүү, эдийн засгийн газарт Нягтлан бодогч албан тушаалд томилж, хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан байна.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 379 дугаартай тогтоол, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн хурлын 23/18 тогтоолоор компанид бүтэц орон тооны өөрчлөлт орсон.

Үүний дагуу О.Э нь Компанийн шинэчлэн батлагдсан бүтэц, зохион байгуулалтаар Санхүү, эдийн засгийн газрын Нягтлан бодох бүртгэлийн албаны нягтлан бодогчийн орон тоо цөөрсөнтэй холбогдуулан 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх утга бүхий өргөдлийг гүйцэтгэх захиралд хандан бичсэн байдаг бөгөөд уг өргөдөлдөө 4 сарын цалин-тай тэнцэх хэмжээний тэтгэмж олгож өгөхийг дурдсан.

О.Эын хүсэлтийг үндэслэн гүйцэтгэх захирлын 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Б/403 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаал батлагдсан бөгөөд уг тушаалын 3 дугаарт О.Эт 3 /гурав/ сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохыг зөвшөөрсөн байна.

Иймд М ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын шийдвэр нь хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд гаргасан, Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжид нийцсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3.Хэргийн оролцогчдоос гаргасан болон шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд:

3.1 Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: О.Эын иргэний үнэмлэхийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 91 дугаартай 3 талт хорооны тэмдэглэл, шийдвэр, Б.Бг өмгөөлөгчөөр оролцуулах хүсэлт, О.Эын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Б.Бд олгосон итгэмжлэл зэргийг гаргаж өгсөн байна.

3.2 Хариуцагчаас нотлох баримтаар: Г.Тт олгосон итгэмжлэл, М ТӨХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэргийг гарган өгчээ.

3.3 Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтууд: М ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн 23/18 дугаартай тогтоолыг хавсралтын хамт, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 379 дугаартай тогтоолыг хавсралтын хамт, М ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн А/99 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хавсралтын хамт, М ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн А/100 дугаартай ажилд томилох тухай тушаалыг хавсралтын хамт, М ТӨХК-ийн дүрэм, М ТӨХК-ийн Хөдөлмөрийн дотоод журам, О.Эын М ТӨХК-нд ажиллаж байхдаа авч байсан цалингийн карт, сүүлийн 3 сарын байдлаар, О.Эын М ТӨХК-нд бичиж өгсөн ажилгүйдлийн тэтгэмж авах тухай хүсэлт, М ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 29 дугаартай хуралдааны тогтоол хавсралтын хамт, М ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Б/403 дугаартай тушаал, М ТӨХК-ийн мэдэгдэх хуудас, 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 23/97 дугаартай хөдөлмөрийн гэрээ зэрэг авагдсан.

ҮНДЭСЛЭХ нь:

4.Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

5.Нэхэмжлэгч О.Э нь хариуцагч М ТӨХК-д холбогдуулан М ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Б/403 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

6.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ ...2020 оны 06 дугаар сараас "М" ТӨХК-д нягтлан бодогчоор ажилд орсон. ...2023 оны 07 дугаар сард гүйцэтгэх захирал солигдсон ба 7 дугаар сарын 28-ны өдөр гүйцэтгэх захирал намайг өрөөндөө дуудсан, ороход миний гар утсыг хурааж авсан, ажилд ороод хэдэн жил болж байна, мэргэшсэн нягтлан бодогчийн эрх аваагүй юу гэж асуугаад, чамтай хамтарч ажиллахгүй, 2023 оны 8 дугар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон ажлаа хүлээлгэн өг гэж хэлсэн. Намайг 8 дугаар сарын 01-ний өдрөөс 07-ны өдрийг хүртэл 3 удаа өрөөндөө дуудаж өргөдлөө бичиж өг гэж шаардсан, өргөдлөө өгөхгүй бол бүтцээр хална, ямар ч тохиолдолд хална гэж хэлсэн. 8 дугаар сарын 07-ны өдөр ажлаас халах тухай мэдэгдэх хуудсыг нийт ажилтанд тараасан, 09-ний өдөр оффисын нийт ажилчдыг А зааланд цуглуулан бүх хүнийг нэр заан дуудаж ажлаас халсан тухай хэлсэн, буцаагаад ажилд томилогдсон хүмүүсийн нэрсийг дуудсан боловч миний нэр байгаагүй. Захиргаа хүний нөөцийн хэлтсийн дарга н.Амараа намайг дуудаад харж байна уу чамайг ямар ч тохиолдолд ажлаас хална гэж захирал хэлсэн, одоо ойлгож байна уу. Чи өөрөө өргөдлөө өгөхгүй бол тэтгэмж ч өгөхгүй халж чадна шүү, чи өргөдлөө өгөөд 3 сарын тэтгэмж аваад явсан чинь дээр гэж удаа дараа дуудаж, өмнө гүйцэтгэх захирал дарамталж байсан шиг намайг дарамталсан. М ТӨХК намайг ажлаас үндэслэлгүй халж, хууль журмыг ноцтой зөрчин, намайг дарамт шахалтад оруулан, миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн...гэж тодорхойлсон.

7.Хариуцагч нь Компанийн шинэчлэн батлагдсан бүтэц, зохион байгуулалтаар Санхүү, эдийн засгийн газрын Нягтлан бодох бүртгэлийн албаны нягтлан бодогчийн орон тоо цөөрсөнтэй холбогдуулан өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлөх Гүйцэтгэх захирлын шийдвэр хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд гаргасан, Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргасан.

8.Хэрэгт цугларсан баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

8.1 Нэхэмжлэгч О.Э нь М ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Б/403 дугаар Э.Эын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүлээн авч, Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдлоо гаргаж, 2023.10.05-ны өдрийн 91 дүгээр тэмдэглэлээр хариу авч, шүүхэд 2023.10.12-ны өдөр нэхэмжлэлээ гаргасан нь Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн хуулийн 154 дугаар зүйлийн 154.2, 154.2.1-д заасан 30 хоногийн дотор гомдол гаргах эрхийн хугацааг хэтрүүлээгүй байна. /хх 2-ын ар тал, 14-15/

О.Э нь 2020 оноос эхлэн М ТӨХК-д ажилласан бөгөөд 2023.01.02-ны өдрийн 23/97 дугаар Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчтой байгуулж, нягтлан бодогч-оор ажиллажээ. /хх ......./

8.2 М ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Б/403 дугаар О.Эын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, ажлаас чөлөөлөх тухай тушаалаар тус компанийн шинэчлэн батлагдсан бүтэц, зохион байгуулалтаар Санхүү, эдийн засгийн газрын Нягтлан бодох бүртгэлийн албаны нягтлан бодогчийн орон тоо цөөрсөн тул О.Эын гаргасан хүсэлтийн дагуу түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөр тасалбар болгон цуцалж үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. /хх ..../

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 379 дугаар тогтоол, 1, 2 дугаар хавсралт, М ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 23/18 дугаар Компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг шинэчлэн батлах тухай тогтоол, 1, 2 дугаар хавсралт зэргээр М ТӨХК-ийн бүтэц, орон тоо 550 ажилтантай байхаар баталжээ. /хх 43-50, 36-42/

8.3 Талууд бүтэц, орон тоо шинээр батлагдсан талаар маргаагүй бөгөөд нэхэмжлэгч нийт 690 орон тоотой байсныг 550 болгож, ажлын байрыг 150 орчимоор цөөрүүлсэн гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 669 орон тоотой байсныг 550 орон тоотой болгож, 119 ажлын байрыг цөөрүүлсэн гэж тайлбарлаж байна.

М ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн А/99 дүгээр Ажлаас чөлөөлөх тухай тушаал, түүний хавсралтаар 461 хүнийг ажлаас чөлөөлж, мөн өдрийн А/100 дугаар Ажилд томилох тухай тушаал, түүний хавсралтаар 463 хүнийг ажилд томилжээ. /хх 51-57, 58-65/

Уг тушаалуудад нэхэмжлэгч О.Эын нэр байхгүй байгаа тул ажлын байр цөөрсөн үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн хүмүүст уг тушаалууд хамааралгүй гэж үзэхээр байна.

Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 81 дүгээр зүйлийн 81.1-д Аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, эсхүл орон тоог цөөрүүлсэн, ажлын байр хасагдсан үндэслэлээр тухайн аж ахуйн нэгж, байгууллагын дараах хувь, хэмжээний ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 90 хоногийн хугацаанд цуцалсныг бөөнөөр халсанд тооцно гээд 81.1.3-т 500 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллагын 50 ба түүнээс дээш ажилтны... гэж заасан.

Зохигчийн дээрх тайлбараас үзэхэд М ТӨХК нь бүтэц, орон тоог шинэчлэн баталж, 119-өөс 140 орчим ажлын байрыг цөөрүүлсэн байх тул ажилтнуудыг бөөнөөр халсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 81 дүгээр зүйлийн 81.2-д Ажил олгогч ажилтныг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчид хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах үндэслэл, хамрагдах ажилтны нэр, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох өдрийн тухай мэдэгдэж, энэ хуулийн 81.3-т заасан асуудлаар хэлэлцээ хийнэ гэж, мөн зүйлийн 81.3-д Бөөнөөр халах асуудлаар хийх хэлэлцээгээр ажил олгогч болон ажилтны төлөөлөгчид халагдах ажилтны тоог багасгах; тухайн аж ахуйн нэгж, байгууллагад байгаа сул орон тоонд ажилтныг шилжүүлэх; ажлын байр шинээр бий болгох, орон тоо нэмэгдэхэд эхний ээлжид авч ажиллуулах; ажилтныг мэргэшүүлэх, өөр мэргэжлээр сургах; хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болгосны тэтгэмжийн хэмжээ зэрэг асуудлыг хэлэлцэнэ гэж тус тус заасныг хариуцагч М ТӨХК хэрэгжүүлээгүй, хууль зөрчсөн байна.

8.4 Мөн 3 талт хорооны 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 91 дүгээр хуралдааны тэмдэглэлд: ...Гомдол гаргагч О.Э: 2023 оны 07 сарын 28-ны өдрөөс эхлэн намайг ажлаа өг хэмээн дарамталж арга буюу өргөдлөө өгсөн. Б/403 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Чөлөөлөх тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа. Мэдэгдэх хуудас 08 сарын 07-нд өгсөн. Компаний шинэ бүтэц, зохион байгуулалтын батлагдсан орон тооны жагсаалт танилцуулаагүй, ажлын байр хасагдсан гэж ойлгуулж, чөлөөлсөнд гомдолтой байна., ...Ажил олгогчийн төлөөлөл Б.Отгонбаатар: Үндэслэл нь орон тоо цөөрсөн. Жишээлбэл 9 орон тоотой бүтэц гэхэд 4, 5 болж цөөрсөн....гэжээ./хх 14-15/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М ТӨХК нь 2022-2023 оны бүтэц, орон тоогоор нягтлан бодогч хэд байсан, нягтлан бодогчийн ажлын байранд хэн хэн ажиллаж байсан, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 379 дугаар тогтоолоор батлагдсан бүтэц, орон тооны нягтлан бодогч 5 гэсэн ажлын байранд ажиллаж буй ажилтнуудыг хэрхэн ямар шалгуур үзүүлэлтээр тус ажлын байранд нь буцаан томилсон, нягтлан бодогч О.Эыг орон тоо цөөрүүлсэн үндэслэлд хэрхэн хамруулсан эсэхийг баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Түүнчлэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд оролцогч дараах суурь зарчмыг баримталж, холбогдох үндсэн эрхийг эдэлнэ:, 5.1.3-т дарамт, хүчирхийлэл ... хориглох; 43 дугаар зүйлийн 43.2-т Ажил олгогч дараах үндсэн үүрэгтэй:, 43.2.2-т хөдөлмөрийн хууль тогтоомж ... хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг дагаж мөрдөх, 43.2.3-т ...ялгаварлан гадуурхалт, дарамт, хүчирхийлэлээс ангид ажлын байраар хангах; 43.2.4-д ажилтны эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол, нэр төр, алдар хүндэд хүндэтгэлтэй хандах; гэж заасан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.1.3 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн харилцаанд дарамтыг хориглоно.

8.5 Нэхэмжлэгч нь гомдлын үндэслэлээ ...гүйцэтгэх захирал намайг өрөөндөө дуудсан, ороход миний гар утсыг хурааж авсан, чамтай хамтарч ажиллахгүй, 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон ажлаа хүлээлгэн өг гэж хэлсэн. 8 дугаар сарын 01-ний өдрөөс 07-ны өдрийг хүртэл 3 удаа өрөөндөө дуудаж өргөдлөө бичиж өг гэж шаардсан, өргөдлөө өгөхгүй бол бүтцээр хална, ямар ч тохиолдолд хална гэж хэлсэн. Захиргаа хүний нөөцийн хэлтсийн дарга н.Амараа намайг дуудаад харж байна уу чамайг ямар ч тохиолдолд ажлаас хална гэж захирал хэлсэн, одоо ойлгож байна уу. Чи өөрөө өргөдлөө өгөхгүй бол тэтгэмж ч өгөхгүй халж чадна шүү, чи өргөдлөө өгөөд 3 сарын тэтгэмж аваад явсан чинь дээр гэж удаа дараа дуудаж, өмнө гүйцэтгэх захирал дарамталж байсан шиг намайг дарамталсан. ...намайг ажлаас үндэслэлгүй халж, хууль журмыг ноцтой зөрчин, намайг дарамт шахалтад оруулан, миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн...гэж тодорхойлсон үйл баримтыг хариуцагч үгүйсгээгүй.

Дээрхээс үзэхэд, Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.1.3, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасан ажилтны үндсэн эрхийг нь хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирал зөрчиж нэхэмжлэгч буюу ажилтан О.Эын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон үйл баримт тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд О.Эыг нягтлан бодогч ажлын байр цөөрсөн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн орон тоог цөөрүүлсэн бол тухайн орон тоонд ажиллаж байсан ажилтнуудыг сонгон шалгаруулж тухайн ажлын байранд хэнийг үлдэхийг шийдвэрлээгүй гэх нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

9.Дээрхи үндэслэлээр М ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Б/403 дугаар О.Эын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, ажлаас чөлөөлөх тухай тушаал хууль зүйн үндэслэлгүй байх тул уг тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгч О.Эыг нягтлан бодогчийн ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорыг хариуцагч М ТӨХК-иас гаргуулах нь Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасанд нийцнэ.

10.Нэхэмжлэгч О.Эын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт-ыг үндэслэн Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын дагуу сүүлийн 3 сараар сарын дундаж цалин хөлсийг тодорхойлоход 3,154,000 төгрөг байна. /хх 96/

Ажилгүй байсан хугацааг Б/403 дугаар тушаалд заасан 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл 8 сар 19 хоногоор тооцоход 28,019,262 төгрөг /1 сар 3,154,000 төгрөг, 1 өдөр 146,698 төгрөг/ 3,154,000 : 21,5 хоног = 146,698 төгрөг, 3,154,000 х 8 сар = 25,232,000 төгрөг, 146,698 х 19 хоног = 2,787,262 төгрөг, 25,232,000 + 2,787,262 = 28,019,262 төгрөг/ болж байх тул уг олговорыг олгох үндэслэлтэй гэж үзлээ.

11.Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д Ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах гэж ажил олгогчийн үндсэн үүргийг заасныг баримтлан нэхэмжлэгч О.Эын нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, зохих баталгаажуулалт хийхийг хариуцагч М ТӨХК-д даалгах нь зүйтэй байна.

12.Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч О.Эын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн тул хариуцагчаас ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагад 70.200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 28,019,262 төгрөгөөс Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу тооцож 298,046 төгрөг, нийт 368,246 төгрөгийн тэмдэгтийн хураамжийг гаргуулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасантай нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэг, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэг, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч М ТӨХК-ын гүйцэтгэх захирлын 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Б/403 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч О.Эыг М ТӨХК-ийн Санхүү эдийн засгийн газрын Нягтлан бодох бүртгэлийн албаны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч М ТӨХК-аас 28,019,262 /хорин найман сая арван есөн мянга хоёр зуун жаран хоёр/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Эт олгож, О.Эын эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, төлснийг баталгаажуулахыг хариуцагч М ТӨХК-д даалгасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч О.Эын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар М ТӨХК-аас 368,246 /гурван зуун жаран найман мянга хоёр зуун дөчин зургаан/ төгрөгийг гаргуулж Улсын төсвийн орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ