Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 2022/ДШМ/01

 


        Х.Э-д холбогдох эрүүгийн 
      хэргийн тухай


 Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Б даргалж, ерөнхий шүүгч Т.Д, шүүгч В.Ц нарын бүрэлдэхүүнтэй, прокурор С.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч В.У, нарийн бичгийн дарга Б.Д нарыг оролцуулж нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар 

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2021/ШЦТ/258 дугаар цагаатгах тогтоолтой Х.Эд холбогдох эрүүгийн 2012000000103 дугаартай хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Б-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1999 онд төрсөн, 22 настай, эрэгтэй, малчин, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Алаг-Уул багийн Хэсгийн ар гэх газар оршин суух, ял шийтгэлгүй, Х.Э

Х.Э нь 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Алаг-Уул багийн Хэсгийн ар гэх газар хохирогч Ш.Птэй өвөлжөөний газар булаацалдаж маргалдан гарыг нь мушгиж, баруун мөрний үений холбоосны суналт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2021/ШЦТ/258 дугаар цагаатгах тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х.Эд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатган, цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Х.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч Х.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдан хохирогч Ш.Пгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. 

Давж заалдах шатны шүүхэд прокурор С.Б бичсэн эсэргүүцэлдээ: “Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Б би эрүүгийн 2012000000103 дугаартай Х.Эд холбогдох хэрэгт прокурорын яллах дүгнэлт үйлдэн 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн.
Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцээд 2021/ШЦТ/258 дугаар цагаатгах тогтоолоор хэргийг цагаатгаж шийдвэрлэжээ.
Цагаатгах тогтоолд: “Шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 114 дугаартай дүгнэлтийн эх сурвалж нь болсон нотлох баримт тодорхой бус, 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гэмт хэрэг гарснаас хойш 4 сар орчмын дараа 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр шинжээч дүгнэлт гаргахдаа гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг 4 долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан талаар дүгнэсэн нь эргэлзээтэй, мөн уг шинжээчийн дүгнэлтийн эх сурвалж болсон 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд хохирогч үзүүлээгүй болох нь тогтоогдож байна. Хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй тул улсын яллагч болон хохирогчийн өмгөөлөгч нарын шүүгдэгч Х.Э нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх дүгнэлт няцаагдаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлд шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэх үндэслэлээр цагаатгах тогтоол гарсан бол холбогдох шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаана гэж заасан боловч Х.Эд холбогдох хэргийн тухайд эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгосон тул хэргийг прокурорт буцаах шаардлагагүй гэж үзэв” гэж дүгнээд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Эд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай” гэжээ.
Цагаатгах тогтоолыг 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хэргийн бодит байдалд нийцээгүй гэж дүгнэн дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
1. Хэрэгт авагдсан хохирогч Ш.Пгийн "... Х.Э намайг багалзуурдан түлхэж газар унагаж гар мушгиж, ар нуруу руу тохойгоороо цохиж зодсон. Гэрт орж ирэхэд миний дотор муухай оргиж, бие чичирч салганаад зүрхээр хатгаад байхаар нь сумын төв рүү эмнэлэг рүү түргэн дуудсан. Эмч ирээд миний даралтыг үзэж тайвшруулах эм өгөөд сум орж эмнэлэгт хэвтүүлнэ гээд эмнэлэгт авчирч хэвтүүлсэн...” гэсэн мэдүүлэг /1-р  хх- ийн 20-21 дүгээр хуудас/, гэрч Ш.О-ы “... Халзан ахын хүү Э Ш.П ахын 2 гарыг нь хойш татаж мушгиж хойно нь зөрүүлж татаад газар унагасан. Ш.П ах гар хугаллаа гээд орилоод байсан ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 23-24 дүгээр хуудас/, гэрч Б.Б-ийн “...очоод байж байхад Х.Э Ш.Пгийн гарыг ард нь мушгиж газар унагасан. Би тэрийг л харсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 25-26 дугаар хуудас/, гэрч Г.П-ийн "... Би 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр жижүүрийн эмчээр үүрэг гүйцэтгэж байхад Алаг-Уул багаас дотор муухай оргиж, толгой өвдөнө гэсэн зовуурьтай Ш.П гэх хүн дуудлага өгсний дагуу очиж, Ш.П гэх хүний биед үзлэг хийсэн. Ш.П “ах нь хүнтэй муудалцсан, улмаар дотор муухай оргиж толгой өвдөөд байна” гэсэн. “Миний хоёр гарыг мушгиж цохисон” гэж ярьж байсан. Би ямар ч байсан хүнтэй муудалцсаны улмаас даралт нь ихсэж дотор нь муухайрсан юм байна гэж ойлгосон...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 49-50 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Э нь 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хохирогч Ш.Пгийн гарыг мушгисан үйл явдал болсон, үүний улмаас хохирогч Ш.П нь сумын эмнэлэгт дуудлага өгсний дагуу жижүүрийн эмч Г.П ирж үзлэг хийсэн үйл баримт тогтоогдож байна.
Харин хохирогч Ш.П нь уг гэмтлийн улмаас 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод очиж үзүүлсэн талаар амбулаториор эмчлүүлэгсдийн картад тэмдэглэгдсэнийг шинжээч Б.О нь дүгнэлтдээ “2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлсэн” гэж ташаа бичсэн нь шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаас хасах үндэслэл бус, харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй” гэж үзэх үндэслэл болжээ.
Дээрх нөхцөл байдлуудад шүүх буруу дүгнэлт хийж  тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ...шүүгдэгч Х.Эд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай” гэсэн нь хуульд нийцэхгүй байна.
Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан ба энэ хэргийн хувьд шүүгдэгч Х.Эы үйлдэл хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон, түүний хохирогч Ш.Пг зодсон үйлдлийн хувьд эргэлзээгүй, харин шинжээчийн дүгнэлт болон хохирогчийн эмнэлгийн тусламж авсан он, сарын хувьд эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн байхад дээрх хуулийн заалтыг үндэслэн шүүгдэгчийг цагаатгах боломжгүй юм.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлүүдийн чухам аль үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа талаар тогтоолын тогтоох хэсэгт дурдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан заалтыг зөрчсөн байна.
Иймд шинжээчийн дүгнэлтийн эргэлзээтэй байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “дахин шинжилгээ хийлгэх” үндэслэлд хамаарч байх тул хэргийг прокурорт буцааж дахин шинжилгээ хийлгэх үндэслэлтэй байна.
2. Мөн шүүгдэгч Х.Эы төрсөн эцэг Д.Х нь тухайн хэрэг үйлдэгдэх үед хохирогч Ш.П эхнэр Х, хүү Э, Э нарын хамт гэрийн хана, хаалга эвдсэн талаар гомдол гаргасны дагуу Д.Х-ийн гэрийн хана, хаалганы үнэлгээг тогтоолгож, Д.Х-г иргэний нэхэмжлэгчээр тогтоосон атлаа тухайн хохирлыг хариуцан арилгах этгээд буюу иргэний хариуцагч хэн болохыг шалгаж тогтоогоогүй зэрэг мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.
Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд шинжээч Б.О-ын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 114 дугаартай дүгнэлтийг 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 114 дугаартай дүгнэлт гэж ташаа бичсэнийг дурдах нь зүйтэй байна.
Иймд Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2021/ШЦТ/258 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг прокурорт буцаалгахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ. 

Прокурор С.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд хэлсэн дүгнэлтдээ: “Шүүгдэгч Х.Э нь Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Алаг-Уул багийн Хэсгийн ар гэх газар 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Ш.Птэй маргалдаж, улмаар гарыг нь мушгиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон. Уг хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн бөгөөд Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2021/ШЦТ/258 дугаар цагаатгах тогтоол гарсан. Уг цагаатгах тогтоол нь Эрүүгийн хууль тогтоомжийг зөрчсөн бөгөөд шинжээчийн дүгнэлтийн эргэлзээтэй байгаа нөхцөл байдлыг анхаарч үзээгүй. Шүүхийн цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл заалтыг зөрчиж байгаа учраас прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй байна гэсэн дүгнэлтийг гаргаж байна.” гэв. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.У давж заалдах шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлд хэргийг прокурорт буцаах үндэслэлүүд байдаг. Энд заасан үндэслэлүүдэд хамаарахгүй байгаа учраас Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2021/ШЦТ/258 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна.” гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Прокурор С.Б-ийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн Х.Эд холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Х.Эг 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Алаг-Уул багийн Хэсгийн ар гэх газар хохирогч Ш.Пгийн гарыг нь мушгиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

    Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг үнэн зөв гэж үзсэн болон эсрэг агуулга бүхий бусад нотлох баримтыг няцаан үгүйсгэх талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийхгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3-д заасан үндэслэлд хамаарах тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.  

Анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлт /х-1, х 12-13/ эргэлзээтэй гэсэн үндэслэлээр шүүгдэгч Х.Эг иргэн Ш.Пгийн гарыг нь мушгиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь нотлогдоогүй гэж дүгнэн дээрх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаас хасах байдлаар гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг үгүйсгэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг бүхэлд нь үнэлэх, улмаар харилцан эсрэг нотлох баримтыг няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийхгүй орхигдуулжээ. 

Тухайлбал, хохирогч Ш.П нь Архангай аймаг дахь Цагдаагийн газарт хандаж, түүнийг Х.Э гар мушгиж зодсон талаар гомдол гаргаж /х-1, х-1/, улмаар 2020 оны 03 дугаар сарын 11-нд хохирогчоор мэдүүлэхдээ “Халзан гэрээ барих гэхэд нь би “энд гэр бариулахгүй” гэж хэлэхэд Х-ийн хүү Х.Э намайг багалзуурдан түлхэж, газар унагаж, гар мушгиж, ар нуруу руу тохойгоороо цохиж зодсон” /х-1, х-21/ гэж мэдүүлжээ. 

Түүнчлэн хэргийн газарт байсан гэрч Ш.О 2020 оны 03 дугаар сарын 11-нд өгсөн мэдүүлэгт “Тэгээд Ш.П ахын эхнэр, хоёр хүүхэд гэртээ орчихсон байхад Халзан ахын хүү Х.Э Ш.П ахын хоёр гарыг хойш нь татаж мушгин хойно нь зөрүүлж татаад газар унагасан” /х-1, х-23/, гэрч Б.Б 2020 оны 03 дугаар сарын 11-нд өгсөн мэдүүлэгт “Тэгээд очоод байж байхад Х.Э Ш.Пгийн гарыг ард нь мушгиж газар унагасан” /х-1, х-26/, гэрч П.Э 2020 оны 03 дугаар сарын 11-нд өгсөн мэдүүлэгт “Тэгээд гадаа аав орилоод Ш.О эгч намайг дуудаад би гэрээс гараад аав дээр очиход манай аав баруун гараа барьчихсан “Х.Э гар өчиж мушгиад намайг зодлоо” гэж хэлсэн” /х-1, х-28/, гэрч Д.Х 2020 оны 03 дугаар сарын 20-нд өгсөн мэдүүлэгт “Би мушгиж байхыг нь бол хараагүй. “Гэрээ барья, холд” гэж түлхэж байхыг харсан” /х-1, х-32/, гэрч Р.Д 2020 оны 03 дугаар сарын 20-нд өгсөн мэдүүлэгт “Би хараагүй, тухайн үед хэрүүл маргаан болоод байсан” /х-1, х-34/, гэрч Х.М 2020 оны 03 дугаар сарын 20-нд өгсөн мэдүүлэгт “Миний дүү Ш.Пг зодсон цохисон асуудал байхгүй” /х-1, х-37/, гэрч С.М 2020 оны 03 дугаар сарын 21-нд өгсөн мэдүүлэгт “Намайг тэнд байх хугацаанд Ш.П ах Х.Э ахтай маргалдаж муудалцаагүй” /х-1, х-44/, гэрч Л.Х 2020 оны 03 дугаар сарын 21-нд өгсөн мэдүүлэгт “Тэгээд удалгүй манай нөхөр Ш.П “гар хугалчихлаа” гээд орилоод байхаар нь би гэрээс гарч нөхөр дээрээ очиход нөхөр надад “Х.Э миний хоёр гарыг мушгиж, мөр, нуруу руу цохисон” гэж хэлсэн” /х-1, х-46/, гэрч П.Э 2020 оны 03 дугаар сарын 23-нд өгсөн мэдүүлэгт “Харанхуй болчихоор нь би үхрээ хаших гээд явж байхад Б.П ирээд бид хоёр хамт үхэр хашиж байсан чинь манай аав “гар хугаллаа” гээд орилохоор нь Б.Пүрэв-Очир бид хоёр аав дээр гүйж очиход Э ах, О эгч, Б  ах нар Х.Эаас аавыг салгаад байж байсан” /х-1, х-52/, гэрч Б.П 2020 оны 03 дугаар сарын 23-нд өгсөн мэдүүлэгт “Би хонио хашчихаад Ш.П ахынд очиход Э ах үхрээ хашиж байхаар нь хамт үхрийг нь хашаад байж байсан чинь Ш.П ах “гар хугаллаа” гээд орилохоор нь Э ах бид хоёр гүйж очиход Х.Э Ш.П ахын гарыг мушгиж ард нь барьчихсан, Э ах болон манай аав, ээж хоёр салгаж байсан.” /х-1, х-55/ гэж тус тус мэдүүлсэн байна. 

Гэтэл шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг үгүйсгэхдээ дээрх хохирогч болон гэрчүүдийн мэдүүлэгт дүгнэлт хийхгүйгээр “Хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй тул улсын яллагч болон хохирогчийн өмгөөлөгч нарын шүүгдэгч Х.Э нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх дүгнэлт няцаагдаж байна” гэсэн хэт ерөнхий, хялбарчилсан дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.2-т заасан шаардлагад нийцэхгүй байна. 

Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Х.Эд холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.  

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон             
                                                        
                                                       ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2021/ШЦТ/258 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Х.Э-д холбогдох хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай. 
 
2. Хэрэг шүүхэд очтол Х.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 


                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                 Д.Б

         ШҮҮГЧИД                 Т.Д

                              В.Ц