Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 0013

 

=

 

 

 

 

 

 

 

      Д.Бд холбогдох

                                             эрүүгийн хэргийн тухай

 

                                             

           Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, Ерөнхий шүүгч З.Хосбаяр, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

    Прокурор                                                     Л.О

    Шүүгдэгч                                                      Д.Б

 Шүүгдэгчийн өмгөөлөгч                           С.Т, Ж.Н

 Нарийн бичгийн дарга                            Э.Булгантамир нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж, шүүгч Ц.Алтангадас, шүүгч Г.Энхтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 312 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Б болон түүний өмгөөлөгч С.Т нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Д.Бд холбогдох эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овгийн Д-н Б,

 

Д.Б нь 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр       аймгийн        сум       гудамжинд иргэн Д.Жыг зодож архины шил буюу зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймгийн Прокурорын газраас: Д.Бы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

 

Шүүгдэгч Б овгийн Д-н Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай  зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч Д.Быг 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд оногдуулсан 5 жилийн хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж, эдлэх ялыг 3 / гурав/ жилийн хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Шүүгдэгч Д.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар ирүүлсэн архины шилний хагархай, нарийн төмөр, тамхины хайрцаг, амны хаалт тус бүр 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч  цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Б давж заалдах гомдолдоо:

 

... 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр иргэн Жтай маргалдан түүний биед хүнд гэмтэл учруулсан хэрэг үйлдсэн бөгөөд энэ үйлдсэн хэрэгтээ маш их харамсаж гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Энэ хэргийн улмаас хохирогчид учирсан эмчилгээний зардал болон бусад өр төлбөрийг төлж хохирол гомдолгүй болгосон байгаа.

Уг хэргийн улмаас анхан шатны шүүх надад 3 жилийн хорих ял оноосон билээ. Миний бие Б нь 57 настай элэгний хатууралтайгаас гадна миний хань Лхагва нь бага тархины тэнцвэргүйжилт оноштой 80 хувийн хөдөлмөрийн чадвар алдагдалтай бие даан явж чадахгүйгээс болж миний болон бусдын асаргаанд байдаг билээ. Иймээс Б би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч буруугаа ухамсарлаж байгаа тул надад оноосон зүйл ангийг хөнгөрүүлж өгөхийг та бүхнээс хүсэж байна гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т давж заалдах гомдолдоо:

 

... Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын талаар:

Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ ... “би мориноосоо хүчтэй унасан, биеийнхээ аль хэсгээр унаснаа санахгүй байна, Д.Б миний толгой руу 2 удаа өшиглөх үед ухаан алдсан” гэх мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт болон мэдүүлгээр ... хохирогчид учирсан хүнд гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ, хагарсан архины шилээр цохиход хурц ир үзүүртэй зүйлд хамаарах учраас зүсэгдсэн шарх үүснэ, мохоо зүйл гэдэгт гараар цохих, унах, өшиглөх, дэвсэх зэрэг зүйлүүд хамаарна, хэргийн газрын үзлэгээр Ерөөл гэх архины шилний хагархайг эд мөрийн баримтаар тооцож авсан... гэх, гэрч Ц ...0.75 литрийн архины шилээр нэг цохисон хоёр цохисон ... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримт хэрэгт авагдсан байх бөгөөд эдгээр нотлох баримтыг шууд нэгтгэн үнэлж дүгнэлт хийх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд нотлох баримтыг харьцуулах, эх сурвалжийг магадлах асуудлыг хуульд заасан бөгөөд энэхүү шаардлага хангагдаагүй байна.

Д.Бы үйлдсэн гэмт гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлд "... Энд манай хашааны урд нэг нь нэгнийгээ зодоод байна” гэх мэдээллийг 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 16:06 цагт цагдаагийн байгууллага хүлээн авсан байх бөгөөд /хх 06/ энэ хэрэгт холбогдох хэргийн газрын үзлэгийг 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 09:06 цагт хийсэн байна. Уг үзлэгээр Ерөөл гэх архины хагархай шил эд мөрийн баримтаар хураан авав /хх 07/. Д.Бы гэрчээр өгсөн мэдүүлэг “ ... 0.5 литрийн Ерөөл нэртэй 1 ширхэг архинаас 200 гр хэмжээтэй уусан” /хх 43/,

Гэрч Ц-н мэдүүлэг “... Бүтэн 0.75 архины шилээр толгой руу нь цохиод хагалсан” гэх мэдүүлэг /хх-34/ зэрэг нь хэргийн үйл байдал, цаг хугацааг тогтоосон боловч Д.Б нь хохирогчийн биед гэмтэл учруулахаар архины шилийг халаасандаа авч явж тусгайлан бэлтгэсэн эсэх, мөн тухайн архины шилний хэмжээ 0.5, эсхүл 0.75 литрийнх эсэх, хаанаас гаргаж ирж цохисон эсэх асуудал нь тодорхой бус байхад шүүх болон прокурорын байгууллагаас хэргийн зүйлчлэлийг хүндрүүлж үзэх үндэслэл болсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн бодит байдлыг тогтоох зарчим бүрэн хэрэгжээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэм буруу, хэргийн зүйлчлэлийн хүрээнд:

Шүүгдэгч Д.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн үйлдсэн гэмт хэрэг гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч хохирогчид учирсан хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан байх бөгөөд хэргийн үйлдэл, гэм буруугийн байдал дээрээ огтоос маргаагүй болох нь хэрэгт авагдсан байдаг.

Гэтэл шүүгдэгч Д.Б нь өөрийн ууж байсан архийг халааснаасаа гаргаж хохирогчийн толгой руу нь цохиж хагарсны дараа хагархай хэсгээр дахин цохисон болох нь гэрч И.Ц-н мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зураг, эд мөрийн баримтаар ерөөл гэсэн архины шилний хагархай хэсгүүдийг тооцох тухай мөрдөгчийн тогтоол зэрэг нотлох баримтаар тогтоогдсон тул шүүгдэгчийг архины шилийг тусгайлан бэлтгэж, зэвсгийн чанартай хэрэглэсэн гэж шүүх дүгнэсэн болно хэмээн үзсэн нь шүүхээс хэргийн зүйлчлэлийг хүндрүүлж шийдвэрлэсэн үндэслэлээ тайлбарласан гэж ойлгохоор байна. Гэтэл шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дэх хэсэгт заасан нотлох баримтыг шалгаж үнэлсэн гэхэд эргэлзээ бүхий байна.

Өөрөөр хэлбэл хууль хэрэглээ болон онолын үндэслэлийн хувьд зэвсгийн чанартай зүйлийг тусгайлан бэлтгэсэн гэх томьёоллыг шүүхийн практикт хэрхэн нэг мөр олгох, хэрэглэх талаар албан ёсны тайлбар, зөвлөмж бий болоогүй байхад шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэлээр тайлбарласан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан эрүүгийн хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчимтай харшлах үндэслэлийг бий болгосон байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгчид ял, шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан хохирлыг төлсөн зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээсэн зэргийг харгалзан үзэж хуульд заасан хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулж, ялыг эдлүүлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ хэмээн шийдвэрийнхээ үндэслэлийг тодорхойлсон байна.

Гэтэл эрүүгийн хариуцлагын хуралдаанд шүүгдэгч болон өмгөөлөгч нараас гаргасан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх үндэслэлийг гаргасан боловч хүлээж аваагүй, хэрэглээгүй үндэслэлээ шийдвэрийнхээ үндэслэлд тайлбарлаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6, 39.7 дугаар зүйлийн 1.3 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Д.Б тайлбартаа: ...Ял шийтгэлийг минь хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү ... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т тайлбартаа: ...Давж заалдах гомдлоо дэмжиж байна.Хэргийн бодит байдлыг тогтоож үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах саналтай байна... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Н тайлбартаа: ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчиж мөрдөн шалгах ажиллагаа хийгдсэн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Л.О дүгнэлтдээ: ...Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна... гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч С.Т нарын давж заалдах гомдлыг үндэслэн Д.Бд холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэр, хэргийн бүх ажиллагааг бүхэлд нь хянан үзлээ.        

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Э нь Д.Быг  2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр        аймгийн       сум        дүгээр гудамжинд иргэн Д.Жыг зодож архины шил буюу зэвсгийн чанартай зүйлээр эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт  холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд ирүүлжээ.

Анхан шатны шүүх Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4.д заасан тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд оногдуулсан 5 жилийн хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж, эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн байна.

Хэргийн бүх ажиллагааг хянавал мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдохгүй байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан аливаа хэргийн үйл баримтыг тогтоохдоо тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй.

 

            Шүүгдэгч Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Д.Жыг мориноос нь татаж унагаан, архины шилээр толгой руу нь цохисны улмаас хохирогчийн биед тархины хатуу бүрхүүл хальсан доорх цусан хураа бүхий хүнд хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан гэрч И.Ц-н мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар нотлогддог ба түүний гэм буруутай үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүнд хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуульд заасан “тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэдэгт хүний биед гэмтэл, эд хөрөнгөнд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг хамааруулан ойлгодог.

 

Тухайн үед шүүгдэгч Д.Б нь өөрийн ууж байсан шилтэй архийг халааснаасаа гаргаж ирээд хохирогчийн толгой руу цохисон ... цохисны дараа уг архины  шил хагарсан, ... шил хагарсны дараа хохирогчийн толгойн тус газар дахин цохисон ... үйл баримт тогтоогдож байхад анхан шатны шүүх түүнийг “тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй, хэргийн зүйлчлэлийн хувьд Эрүүгийн хуулийг тайлбарлан хэрэглэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсч байна.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Бы дээрх үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн боловч шүүгдэгч нь хохирогчийн биед хүнд хохирол учруулахдаа тухайн архины шилийг тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан нөхцөл байдал тогтоогдохгүй, хохирогчийн толгойн тус газарт цохиж буюу гэмт хэрэг үргэлжилж байх явцад уг архины шил хагарсан үйл баримт тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийг тайлбарлан хэрэглэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал үүссэн гэж үзэж шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Мөн шүүгдэгч Д.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг болон  хохирогч Д.Жы ... нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй ... гэснийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай 2021 оны хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасны дагуу түүнд оногдуулсан 3 жилийн хорих ялаас 2 жилийн ялыг өршөөн хасах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Д.Бы үйлдсэн гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлууд болон түүнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан хорих ялыг хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж,  шүүгдэгч Д.Бы ... зүйл ангийг хөнгөрүүлж өгнө үү ... гэсэн давж заалдах гомдол, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т-н давж заалдах гомдлын ... шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү ... гэсэн  хэсгийг тус тус хүлээн авч бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 312 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын  ... Шүүгдэгч Б овгийн Д-н Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай  зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай ... гэснийг

 

... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан  шүүгдэгч Б овогт Д-н Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай ... гэж,

 

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4.д зааснаар шүүгдэгч Д.Быг 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй ... гэснийг ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Быг 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй... гэж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын ... 5 жилийн ... гэснийг ...3 жилийн... гэж, ...эдлэх ялыг 3 жилийн ... гэснийг ... эдлэх ялыг 1 жилийн... гэж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтын ... 3 жилийн ... гэснийг ...1 жилийн... гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Д.Бы ... зүйл ангийг хөнгөрүүлж өгнө үү ... гэсэн давж заалдах гомдол, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т-н давж заалдах гомдлын  ...шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү ... гэсэн хэсгийг тус тус хүлээн авч, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор  эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         С.УРАНЧИМЭГ

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      З.ХОСБАЯР

                        ШҮҮГЧ                                                           С.ЦЭЦЭГМАА