Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 158/ШШ2023/0014

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхжаргал даргалж, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ууганцэцэг, шүүгч Д.Сарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч Хиад овогт Цэнджавын Батсайхан,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Цагаанбанди овогт Бат-Очирын Долгосүрэн,

Хариуцагч Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс,

Гуравдагч этгээд Их сул овогт Сундуйн Дүүрэнжаргал нарын хоорондын Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр бүртгэсэн Ү-0413000442, Ү-0413000443 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлүүдийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, С.Дүүрэнжаргалын өмчлөх эрхийн 000715537, 000715538 дугаартай гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Долгорсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Наранхүү, хариуцагч Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Ж.Ганболд, гуравдагч этгээд С.Дүүрэнжаргал, түүний өмгөөлөгч Д.Энхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энхмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.   Нэхэмжлэгч Ц.Батсайхан нь Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр бүртгэсэн Ү-0413000442, Ү-0413000443 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлүүдийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, С.Дүүрэнжаргалын өмчлөх эрхийн 000715537, 000715538 дугаартай гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгуулах-аар маргасан байна.

 

2.   Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь иргэн С.Дүүрэнжаргалаас гаргасан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг-ээр Булган аймгийн Хангал сумын 4 дүгээр баг, Хялганат Найрамдал 1 гудамж, 105 байр, 2 дугаар орцны 5, 6 тоот орон сууцнуудыг мэдүүлэг гаргагчийн өмчлөлд бүртгэн, 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр улсын бүртгэлийн 000715537, 000715538 дугаартай гэрчилгээнүүдийг олгожээ.

3.   Нэхэмжлэгч маргаан бүхий улсын бүртгэл болон улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар шүүхэд 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэл гаргасан байна.

4.   Нэхэмжлэлийн үндэслэл:

4.1.       Маргаан бүхий орон сууцанд би 1987 оноос хойш амьдарч байгаа ба өөрийн амьдарч буй байрыг авах ёстой байтал тухайн үеийн өмч хувьчлал явуулж байсан хүмүүс ягаан тасалбарын тоонд тааруулж бичилт хийсэн,

4.2.       Улсын бүртгэлийн хэлтсийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлүүд нь дуудлага худалдааны протоколд үндэслэсэн нь хууль бус,

4.3.       Тухайн үед өмч хувьчлалын комиссоос өмчлөх эрхтэйг нотолсон гэрчилгээг өгч байсан ба гэрчилгээгүй байхад бүртгэл хийсэн нь хууль зөрчсөн тул улсын бүртгэл болон бүртгэлд үндэслэн олгогдсон гэрчилгээнүүд хууль бус гэж тодорхойлсон.

5.   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Долгорсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Надад итгэмжлэл олгосон Ц.Батсайхан нь 1987 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Хялганатад ажиллахаар ирсэн байдаг. Техниккумыг төгсөөд Хялганат тосгоны Мод бэлтгэлийн ангид ажиллахаар ирсэн. Мод бэлтгэлийн аж ахуйгаас 1987 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хуучнаар 35 дугаар байрны 2 дугаар орцны 6 тоот 1 давхрын 3 өрөө байрыг Ц.Батсайханд өгсөн. Нэхэмжлэгч нь энэ байрандаа амьдарч байсан бөгөөд 1991 онд өмч хувьчлал болсон. Тухайн үед өмч хувьчлалын ажил шинэ байсан. Мод бэлтгэлийн аж ахуйгаас ажилчиддаа 10 хувийн хөнгөлөлттэй буюу давуу эрхтэйгээр байр худалдан авах боломж олгон дуудлага худалдаанд оролцуулсан. Ц.Батсайхан нь гэр бүлийн 6 хүний ягаан тасалбараар байраа хувьчилж авсан. Тэгэхдээ амьдарч байгаа байрнаасаа өөр байр худалдаж авсан гэдэг. Үүнээс хойш одоогийн хаягаар 105 дугаар байранд одоог хүртэл амьдарч байгаа. Нэхэмжлэгч нь Хялганат хорооны дарга, Булган аймгийн Хангал сумын Засаг даргаар ажиллаж байсан. Энэ байрандаа амьдардаггүй боловч уг байр энэ хүний эзэмшил, бүртгэлд байдаг. Үүний дараа хөрш байр болох 35 дугаар байрын 2 дугаар орцны 2 өрөө байрыг 2010 онд худаасаа худалдаж авсан байдаг. Энэ байрыг худалдан авсан гэдгийг байр зарсан хүний хүүхдүүд нь мэдэж байгаа. Мөн хэрэгт хүн амын тооллогын бүртгэл авагдсан. Уг бүртгэлд тухайн байрны 5 тоотод Пунцаг, 6 тоотод Ц.Батсайхан гэдэг айл ам бүлээрээ амьдарч байсан баримт байна. Тухайн байранд улсын бүртгэлийн гэрчилгээ олгож, бүртгэл хийхдээ зөвхөн 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дуудлага худалдааны протоколыг үндэслээд бүртгэсэн байдаг. Ц.Батсайханы зүгээс дуудлага худалдаанд оролцсон. Дуудлага худалдаанд тухайн үед гүйцэтгэх түвшний албан тушаалтнууд гэхээсээ илүү мэдээлэлд ойр байсан хүмүүс оролцсон байдаг. Тухайлбал Мод бэлтгэлийн ангийн санхүү, боловсон хүчний асуудал эрхэлсэн хүмүүс ягаан тасалбар цуглуулсан байдаг. Ц.Батсайхан би өөрийн амьдарч байсан байраа л авна. Тиймээс 6 тоот байрыг авахын тулд өөрийн ягаан тасалбарыг өгсөн. Миний амьдарч байгаа байр миний нэр дээр хувьчлагдах ёстой байсан. Гэтэл тухайн үед байгууллагын өмч гэдэг утгаараа Мод бэлтгэлийн аж ахуйн боловсон хүчин оролцоод танд хэдэн тасалбар байна гээд түүнд тааруулаад бичсэн. Уг нь би өөрийн амьдарч байгаа 6 тоот байрыг авах ёстой байтал хаа хамаагүй хувьчлал хийгдсэн. Ийм үйл баримт болсон байдаг. Ц.Батсайхан нь тодорхой хэмжээгээр Хялганат тосгонтой ажил, амьдралаа холбосон. Дараа нь засаг захиргааны нэгжид ажиллаж байсан хүний хувьд энэ асуудал нийтийн эрх ашгийг хангаасай гэж хандсан талаар ярьдаг. Гэтэл С.Дүүрэнжаргалын уг байрнаас албадан гаргуулах талаар баримт Орхон аймгийн шүүхээс ирсэн. Бид нарын хувьд дуудлага худалдаа явагдсантай холбоотой асуудал хууль ёсны дагуу явагдсан эсэхийг тогтоолгохоор Орхон аймаг дахь Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Өмч хувьчлалын асуудал анхнаасаа зөв явагдсан эсэхийг тогтоосны дараа бид нарын үйл баримт зөв эсэх нь тогтоогдоно. Улсын бүртгэлийн байгууллагаас ганцхан өмч хувьчлал хийгдсэн буюу дуудлага худалдааны протоколыг үндэслэж бүртгэл хийсэн байдаг. Бусад бүх баримтуудыг судалж байж бүртгэх ёстой байсан. Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн бүртгэл буруу хийгдсэн байна. Энэ үйлдлийг шийдвэрлүүлэхийн тулд бид нар захиргааны хэргийн шүүхээр энэ асуудлыг шийдүүлнэ. Энэ байр суурийг дэмжиж оролцож байна. Протокол нь тэр үед болсон үйл явдлыг дэс дарааллуулан бичсэн тэмдэглэл юм. Уг тэмдэглэлийг дагаад дуудлага худалдаа явуулсан тухай тогтоол гарах ёстой. Дуудлага худалдаа явагдсан бол өмч хувьчлалын гэрчилгээ өгсөн эсэх талаар асуудал яригдана. Тэгтэл 20 жилийн дараа буюу 2019 онд дуудлага худалдааны протоколыг үндэслээд орон сууцны өмчлөх эрхийн бүртгэл хийсэн нь хууль бус юм. Ингэснээр нэхэмжлэгч болон тухайн байранд амьдарч байгаа хүмүүс хохирч байна. Энэ үйл баримтыг Улсын бүртгэлийн хэлтсээс залруулж өгнө үү гэж нэхэмжлэгч хандахад танд ижилхэн гэрчилгээ байдаг түүнийгээ яах гэж байна вэ? гэдэг. Тухайн үед уг байр нь хувьчлагдсан эсхүл худалдан авсны дараа амьдарч байсан хүмүүсээс маргаан үүсээгүй байна. Маргаан үүсгээгүй хүмүүсийг заавал маргаан үүсгэх боломжгүй. Дүүрэнжаргал тухайн байрыг дуудлага худалдаанд оролцоод авсан гэх боловч нэг ч өдөр амьдраагүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

6.   Хариуцагч аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргаас нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан дараах тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна. Үүнд:

6.1. Булган аймгийн Хангал сумын 4 дүгээр баг Найрамдал 1 дүгээр гудамжны 105 дугаар байрны 05,06 тоот орон сууцны өмчлөх эрхийн бүртгэл нь эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хууль журмын хүрээнд холбогдох нотлох баримтыг үндэслэн хийгдсэн,

6.2. Иргэн Ц.Батсайхан нь тухайн орон сууцыг бүртгүүлэхээр Улсын бүртгэлийн байгууллагад хандаж байгаагүй, өмчлөгч нь мөн болох тухай баттай нотлох баримтгүй,

6.3. Иргэн С.Дүүрэнжаргалын өмчлөлийн нотлох баримт хуурамч болохыг тогтоосон шүүхийн болон хууль хяналтын байгууллагын шийдвэр байхгүй тул бүртгэлийг хүчингүй болгох үндэслэлгүй гэжээ.

7. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 онд уг байрны өмчлөх эрхийг бүртгэсэн бүртгэл нь өмч хувьчлалын протоколыг үндэслэсэн. Хувьчилсан протокол нь уг орон сууцыг хувьчилсан баримт биш юм уу? Тухайн үед ийм л процесс болсон. Ганцхан протоколыг үндэслээгүй. Дээрээс нь Хялганат тосгоны захирагчаас энэ хүний өмч мөн гэсэн албан бичиг, өмч хувьчлалын протокол, Орхон аймгийн Архивын тасгаас өмч хувьчлалын материалыг ирүүлсэн. Бүрдүүлэх материалын хувьд орон сууц хувьчилсан баримт гэж л шаарддаг. Тухайн үед гэрчилгээ олгосон эсэхийг мэдэхгүй байна. Ингэж Хялганат тосгонд байгаа байрны өмчлөлийн асуудлыг бүртгэж байна. Батсайхан нь нийтийн эрх ашгийн төлөө гэж тайлбар хэлээд байна. Тэгвэл өмнө нь орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлсэн хүмүүсийн гэрчилгээ хүчингүй болох гээд байна. Батсайхан нь өөрийнх нь орон сууцны өмчлөлийн асуудал дээр үнэн зөв гээд харин маргаж байгаа орон сууцны хувьд хууль бус гэдэг зүйл яриад байна. 2010 онд худаасаа орон сууц худалдаж авсан гэж байна. Хэрвээ тийм бол С.Дүүрэнжаргал гуайгаас өмнө нь манай байгууллагад ирээд орон сууцаа бүртгүүлж болох байсан. 2019 онд С.Дүүрэнжаргал тухайн орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэнгүүт 1991 онд болсон дуудлага худалдааны протокол хүчингүй, нотлох баримт биш гэж байна. Тэгвэл Ц.Батсайхан 35 дугаар байрны 5, 6 тоот байрыг бүртгүүлэх хүсэлтийг манай байгууллагад гаргаж байгаагүй. Уг байрыг хувьчилсан гэдгийг тухайн үед Ц.Батсайхан нь дуудлага худалдаанд оролцсон тул мэдэж байгаа. Энэ хүн нийтийн эрх ашгийн төлөө гэж ярьж болохгүй. Эдгээр орон сууцтай холбоотой бүх бүртгэлүүд 1991 оны дуудлага худалдааны протоколыг үндэслэж хийгдэж байна. Бүх байрны бүртгэл ингэж явагдсан. Протоколыг хүчингүй болговол тэр олон хүмүүсийн эд хөрөнгө, мөнгө яах вэ? Үүнээс өөр нотлох баримт байхгүй тул Улсын бүртгэлийн хэлтсээс гол барьж байгаа баримт юм. Дээрээс нь Хялганат тосгоны захирагчаас ийм ийм хүмүүсийн өмч хувьчлалын материал байна гээд албан ёсоор албан бичгээр ирүүлсэн гэв.

8. Гуравдагч этгээд С.Дүүрэнжаргал шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 1991 оны 12 дугаар сарын 01-нд Хялганат ХК-ны орон сууцны дан, давхар байруудыг дуудлага худалдаагаар хувьчилсан юм. Энэ үед миний бие нь Хялганат ХК-ны МБЗТА баазад эдийн засагч, нэхэмжлэгч Ц.Батсайхан мөн тус компанид механикаар ажиллаж байсан. Дуудлага худалдаанд нэхэмжлэгч бид хоёр хамт орж миний бие 35 дугаар байрны 2 дугаар орцыг бүхэлд нь өрсөлдөгчгүйгээр 25 ширхэг ягаан тасалбараар худалдаж авсан. Энэ орцонд нэхэмжлэгч Ц.Батсайхан амьдарч байсан бөгөөд дуудлага худалдаагаар өөрийн амьдарч буй байрыг бус хажуу талын 5 дугаар байрны 2 дугаар орцыг бүхэлд нь мөн өрсөлдөгчгүйгээр авсан. Дуудлага худалдааны дараа нэхэмжлэгч Ц.Батсайхан нь П.Наваансүрэнг дагуулан ирж, надтай уулзахдаа бид одоо амьдарч байгаа байраа өөрсдөө авмаар байна гэхээр нь би Ц.Батсайханд ягаан тасалбаруудыг айлуудаасаа цуглуулж аваад надад өгөөрэй гэхэд тэр зөвшөөрсөн. Ингээд би нэхэмжлэгчийг тухайн байранд амьдарч байгаа хүмүүсээс ягаан тасалбаруудыг нь цуглуулаад өгнө гэж итгээд орхисон. Гэтэл нэхэмжлэгч нь ягаан тасалбаруудыг надад авч өгөөгүй, миний бие 1996 онд хөдөө гараад явсан. Би 2008-2009 оны үед Ц.Батсайхантай уулзаад юу болж байна вэ гэхэд хөгшин нь тэтгэвэртээ гараад байрандаа очно. Хоёулаа болно биз гэж хэлсэн юм. Тэр үед би өмч хувьчлалын материал хаана байгааг мэдэхгүй байсан. 2017 онд өмч хувьчлалын материал Орхон аймгийн архивд байгааг мэдээд Ц.Батсайхантай уулзахад би доод давхрын хоёр байрыг л мэднэ, бусдыг нь мэдэхгүй гэж хэлсэн. Үүнээс хойш надтай уулзаагүй, сүүлдээ чадвал шүүхдээд ав гэх болсон. Ингээд үл ойлголцол үүсээд би бүх материалаа бүрдүүлэн Булган аймгийн Улсын бүртгэлийн байгууллагад хандаж бүртгүүлэн, гэрчилгээ авсан гэжээ.

9. Гуравдагч этгээдээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Батсайханы итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анх нэхэмжлэл гаргах үеэс шал өөрөөр ярьж байна. Их боловсон ярьж байна. Гэтэл Ц.Батсайхан намайг Чи хуц, солиор. Чаддаг юм бол шүүхдээд ав гэж хэлсэн. Ц.Батсайхан нь 1996 оноос Хялганат тосгоны орлогч даргаар ажиллаж байсан. Одоо л энэ хүн нийтийн эрх ашгийн төлөө гэж санаа зовж байна. Тухайн үед даргаар ажиллаж байх үедээ үүнийг залруулах ёстой байсан. Энэ хүн 2004 онд Булган аймгийн Хангал сумын Засаг дарга болоод явсан. Хангал суманд 8 жил ажиллаад шууд Эрдэнэт хот руу шилжээд явсан. Одоо өөрийнх нь 6 тоот гээд байгаа байр нь бараг 20 жил цоожтой байсан. Энэ байранд ус алдаад эхнэр нь очиж онгойлгож өгч байсан. Худалдан авсан гэх 5 тоот байрыг 2010 оноос хойш түрээсэлж байна. Өмч хувьчлалын протоколыг хуурамч гэж ярьж байна. Захиргааны эрх мэдэлтэй дарга хүмүүс өмч хувьчлалаар орон сууц авсан гэж ярьдаг. Өөрөө надтай зэрэгцэж сууж байгаад хүргэн ахынхаа 6 дугаар байрны 6 айлтай орцыг худалдаж авсан. Би өөрийнх нь амьдарч байгаа 4 айлтай орцыг худалдаж авсан. Би өөрийнхөө амьдарч байгаа байрыг авъя гэж хэлэлгүй, чимээгүй суугаад байсан. Тэгээд 3-4 хоногийн дараа Ц.Батсайхан нь би өөрийнхөө амьдарч байгаа байраа өрөө авъя гэсэн. Тэгэхээр нь би миний ягаан тасалбарыг аваад өгөөрэй гэж тохирсон. Тэгээд би хөдөө гарсан. 2004 онд Ц.Батсайханыг Хангал сум руу явахаас өмнө энэ талаар хэлсэн. Тэгэхэд би мэдэж байгаа гэсэн. Дараа нь Эрдэнэт хот руу шилжихэд нь утсаар ярьсан. Гэтэл чи байж бай, танайд очно гэсэн. Энэ үйл явдал 2016 онд болсон. Ц.Батсайхантай уулзаж чадахгүй байсан. 1 удаа утсаар ярьсан чинь чи юу яриад байгаа юм. Чи юу олж долоодог юм бэ гэсэн. Миний хувьд 4 айлаас хоёр хоёр сая төгрөг аваад өмчлөх эрхийн гэрчилгээг нь гаргаад өгчихье гэж бодсон. Батсайхан нь Мод бэлтгэлийн ангид ажиллаж байх үедээ амьдарч байсан байраа авах ёстой гэж байна. Гэтэл энэ байр миний байр гэдгийг нэхэмжлэгч мэдэж байгаа гэв.

10. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Наранхүү дүгнэлтдээ: Би нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний өмгөөлөгчөөр оролцож байна. Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн дагуу Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны найрамдал 1 дүгээр гудамж, 105 дугаар байрны 2 дугаар орцны 6 тоот, 5 тоот орон сууцуудад өмчлөх эрх олгосон улсын бүртгэл нь хууль бус байна. Үүний дагуу нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн талаар тайлбар хэлье. Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр дээрх орон сууцнуудын улсын бүртгэл нь холбогдох хуулийг зөрчсөн хууль бус бүртгэл юм. Энэ бүртгэлийг хийснээр нэхэмжлэгч 6 тоот орон сууцандаа 1987 оноос одоог хүртэл хүртэл амьдарч байгаа, 5 тоот орон сууцыг 13 жил эзэмшиж байгаа бөгөөд цаашид тухайн орон сууцнуудыг хууль ёсоор өмчилж авах эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж байна. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.3, 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэж үзээд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлтэй байна. Маргаан бүхий орон сууцнуудын өмчлөх эрхийг баталгаажуулсан Улсын бүртгэлийн хэлтсийн бүртгэл хүчингүй байна. Хамгийн гол нь өмчлөгч болохыг нь нотолсон хуульд заасан баримт буюу гэрчилгээ байгаа эсэх нь тодорхойгүй байна. Маргаан бүхий орон сууцны өмчлөх эрх үүсээгүй байхад бүртгэж гэрчилгээ олгосон нь хууль бус байна. Улсын бүртгэлийн байгууллагаас С.Дүүрэнжаргалын өмчлөх эрхийг нотолсон баримтыг 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дуудлага худалдааны протокол гэж үздэг. Өмгөөлөгчийн хувьд энэ протокол нь орон сууцнуудын өмчлөх эрхийг нотолсон баримт биш гэж үзэж байна. Яагаад гэвэл дуудлага худалдааны протокол нь тухайн үед дуудлага худалдаа явагдсан гэдгийг л нотолсон баримт юм. Үүний дараа орон сууцнуудыг хуулийн дагуу өмчлөх эрх бий болсон эсэх нь нотлох баримтаар нотлогдохгүй байна. Орон сууцыг өмчлөх эрх буюу гэрчилгээг орлох баримт биш юм. Дуудлага худалдааны дараа дуудлага худалдаа хүчин төгөлдөр болсон гэж үзвэл дуудлага худалдаанд оролцсон хүмүүст гэрчилгээ олгосны үндсэн дээр өмчлөх эрх үүснэ. Гэтэл энэ процесс явагдаагүй байна. Өмчлөх эрхтэйг нь нотолсон баримт байгаа эсэх талаар 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн протоколын төгсгөлд худалдан авсан этгээд нь 15 хоногийн дотор материал бүрдүүлсний дараа хөрөнгө эзэмших гэрчилгээ олгоно гэсэн байна. Дуудлага худалдаа хүчин төгөлдөр болвол 15 хоногийн дотор гэрчилгээ олгоно гэсэн байна. Гэрчилгээ олгосноор өмчлөх эрх үүснэ гэдгийг протоколд тодорхой тусгасан байна. 1991 оны 5 дугаар сарын 31-ний өдөр батлагдсан Өмч хувьчлалын тухай хуулийн 98 дугаар зүйлд эд хөрөнгийг хувьчлах шийдвэр гаргасан байгууллага хувьчилсан эд хөрөнгийг шинэ өмчлөгчийг нотолсон гэрчилгээ олгоно гэж заасан. Гэхдээ өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсоноор өмчлөх эрх үүснэ гэж тодорхойлж байна. Гэтэл яагаад Улсын бүртгэлийн хэлтсээс гэрчилгээ байхгүй байхад тухайн үйл явдлыг бичсэн баримтыг өмчлөх эрхийн баримт гэж үзсэн бэ? Дуудлага худалдаа явагдсан гэдэгтэй маргаагүй. Өөрөө ягаан тасалбараа бариад байраа худалдан авсан бол маргаан үүсэхгүй байсан. Гэтэл С.Дүүрэнжаргал нь Ц.Батсайханыг 30 жил яагаад байраа хувьчилж аваагүй вэ? гэж байна. Тэгвэл 2019 он хүртэл С.Дүүрэнжаргал энэ байрыг яагаад хувьчилж аваагүй юм бэ? гэдэг асуудал хөндөгдөнө. Энэ байрыг С.Дүүрэнжаргал нь ягаан тасалбараараа авсан бол яагаад хөрөнгөө авахгүй байгаад байсан бэ. Яагаад тухайн байранд нэг ч удаа амьдраагүй юм бэ. Тухайн байранд 4 айл амьдарч байсан. Гэтэл энэ 4 айл дуудлага худалдаанаас хойш өдийг хүртэл маргаан үүсгээгүй. Нөгөө айлууд ягаан тасалбараа өгөөд авчихлаа гээд ойлгосон. Яагаад өдий болтол чимээгүй яваад байсан нь үүнтэй холбоотой юм. Айлууд нь өөрсдийн байр болсон гэдэг итгэл үнэмшилтэй байсан тул өнөөдрийг хүртэл маргаан үүсэхгүй байсан. Энэ олон жилийн дараа яагаад Дүүрэнжаргал нь уг байрыг миний өмч гээд авчихсан бэ? Яагаад Улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлээд өмчлөх эрхийн гэрчилгээ авсан бэ?. Энэ нь бодит байдалд нийцэж байна уу? гэдэгт шүүх дүгнэлт хийх хэрэгтэй. 1991 оны өмч хувьчлах ажиллагаа нь Өмч хувьчлах хуулиар зохицуулагдсан. Дээрх хуулийн 9 дүгээр зүйлд дуудлага худалдаа явуулж, орон сууцыг хувьчлах шийдвэр гаргасан байгууллага нь шинэ өмчлөгчийн өмчлөх эрхийг нотолсон гэрчилгээ олгоно гэж заасан. Энэ хууль болон дуудлага худалдааны протоколд дурдаад байгаа гэрчилгээ нь Улсын бүртгэлийн хэлтэст ирсэн эсэх асуудал яригдана. Гэтэл гэрчилгээ ирээгүй гэдэг нь харагдаж байна. Эд хөрөнгийн улсын бүртгэлийн мэдүүлэгт хавсаргаж ирүүлсэн гэх протоколын хавсралтад орсон байруудын материал ирсэн гэж байна. Тэр баримтад гэрчилгээний дугаар 95 гээд С.Дүүрэнжаргалын нэрний ард тэмдэглэсэн байна. Энэ тэмдэглэгээгээр гэрчилгээ олгогдсон гэх үндэслэл харагдахгүй байна. Магадгүй гэрчилгээг айлуудын нэр дээр бичээд өгсөн байхыг үгүйсгэхгүй. 95 дугаартай гэрчилгээ олгогдсон ч байж болно, үгүй ч байж болно. Нэгэнт гэрчилгээ байхгүй тул олгогдоогүй гэж үзнэ. Энэ баримтын хамгийн сүүлд эзэмшигч гээд дуудлага худалдаанд орсон хүмүүсийн нэрсийг зааж өгсөн. Гэтэл эзэмшигч гэж бичсэн байна. Нэгэнт өмчлөгч биш эзэмшигч гэж бичсэн байх тул тэр нэрсийг өмчлөгч гэж үзэхгүй. Улсын бүртгэлийн байгууллага нь өмчлөх эрхийг баталгаажуулж бүртгэдэг. Түүнээс биш өмчлөх эрхийг тогтоогоод нотолдог байгууллага биш юм. Хэрэгт авагдсан мэдүүлэгт ирүүлсэн гэх баримтуудыг харахад Улсын бүртгэлийн хэлтэс нь энэ хүмүүсийг өмчлөх эрхтэй болохыг нотолж бүртгээд байна. Улсын бүртгэлийн байгууллага нь өмчлөх эрхийн гэрчилгээ олгохдоо холбогдох хуулийг баримталж гэрчилгээ олгох ёстой. Дуудлага худалдаа явагдсаны дараа дуудлага худалдаагаар худалдаж авсан гэх эд хөрөнгийг өмчлүүлэх эсэх асуудал дээрх хуульд зааснаар явагдах учиртай юм. Эд хөрөнгийг өмчлүүлэхгүй ч байж болно. Энэ дуудлага худалдаагаар С.Дүүрэнжаргал нь орон сууцнуудыг өмчлөн авсан баримт байхгүй байхад түүний өмчлөх эрхийг бүртгэсэн нь хууль бус байна. Орон сууцыг 30 жил эзэмшсэн Ц.Батсайхан өмчлөгч байхыг үгүйсгэхгүй. С.Дүүрэнжаргалын өмчлөх эрх нотлогдохгүй байна. Ц.Батсайхан нь өмчлөх эрхээ тогтоолгохыг хэн байг гэх вэ? Улсын бүртгэлийн байгууллагаас С.Дүүрэнжаргалын өмчлөх эрхийг бүртгэхдээ 1991 оноос хойш мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд өмчлөх эрхтэйг тогтоосон баримт байгаа эсэхийг нягталж шалгасны үндсэн дээр бүртгэх ёстой байсан. 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дуудлага худалдаагаар өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон эсэх, тухайн гэрчилгээг олгох нь үндэслэлтэй эсэх, дуудлага худалдааны үйл ажиллагаанд ямар хуулийг баримтлах ёстой байсан гэдгийг харах ёстой байсан. 1991 оны Өмч хувьчлалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийг баримтлах ёстой байсан. Дуудлага худалдаа явагдсан баримтууд дотор гэрчилгээ олгосон баримт тогтоогдохгүй байгаа бол дараа нь ямар хуулийг баримтлах ёстой вэ гэдгийг судлах ёстой. Дуудлага худалдаагаар орон сууц хувьчлагдаагүй гэвэл 1996 онд батлагдсан Орон сууц өмчлөх тухай хуулийг баримтлах ёстой. 1991 онд орон сууцнуудад гэрчилгээ олгогдоогүй тул дараагийн хуулийн зохицуулалтыг баримтлах ёстой. Энэ эрх зүйн баримт бичгүүд нь орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ авсан өдрөөс эхэлнэ гэж заасан. Улсын бүртгэлийн хэлтсээс дээр дурдсан хуулийн дагуу зохих ёсоор өмчлөх эрх үүссэн эсэхийг шалгалгүй бүртгэл хийсэн болох нь нотлогдож байна. Иймээс Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс С.Дүүрэнжаргалын өмчлөх эрхийг баталгаажуулсан нь Захиргааны ерөнхий хуульд заасан эрх зүйн зөрчилтэй захиргааны акт байна. Тухайн орон сууцыг 30 жил шударгаар эзэмшсэн Ц.Батсайханы эрх хөндөгдсөн. Цаашид тухайн орон сууцыг өмчлөх эрх нь зөрчигдөж байна. Ийм учраас Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн маргаан бүхий орон сууцыг бүртгэсэн өмчлөх эрхийн бүртгэлийг хууль бус болохыг тогтоож, С.Дүүрэнжаргалын нэр дээр олгосон өмчлөх эрхийн 2 гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

11. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Энхбаяр дүгнэлтдээ: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй байна. Ц.Батсайхан нь уг байранд 35 жил амьдарсан гэх боловч өмчлөгч гэдэг нь баримтаар нотлогдоогүй. Маргаан бүхий байрнаас өөр байр өмчилж авсан. Тэр байрныхаа өмчлөгч болсон. Энэ байранд амьдарч байсан болохоос биш энэ байрыг өмчлөх эрх үүсээгүй. Ц.Батсайхан нь өнөөдөр захиргааны байгууллагын бүртгэлийг эрх зүйн зөрчилтэй, хууль бус бүртгэл. Миний эрх, ашиг зөрчигдсөн гэдэг. Гэтэл тийм байдал тогтоогдохгүй байна. Нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд биш юм. Нэхэмжлэгч гэж Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээдийг хэлнэ. Хуульд тухайн иргэн, байгууллагаас гаргасан захиргааны эрх зүйн акт нь иргэн, хуулийн этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндсөн бол зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан этгээдийг хэлнэ. Гэтэл Ц.Батсайхан тухайн орон сууцны өмчлөгч гэдгээ нотолж чадаагүй. Өмчлөх эрхийн бүртгэлийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн ямар эрх, ашиг нь сэргэх вэ гэдгээ тайлбарлаж чадахгүй байна. Энэ хэрэг маргаан анхан шатны шүүхээр 3 удаа, давж заалдах шатны шүүхээр 2 удаа хэлэлцэгдсэн. Асуудал тодорхой байна. Ц.Батсайханаас ягаан тасалбараа өгөөд байраа ав гээд хүлээгээд байсан. Энэ 2 хүн хамт ажиллаж байсан тул итгээд хүлээгээд байсан. Сүүлдээ дарга, цэрэг болсон. Ц.Батсайхан нь зохицуулна гэсэн. Засаг дарга болоод Хангал сум руу явсан. Дараа нь Эрдэнэт хот руу явсан. Тэгтэл чи байж бай, би яваад очно гэсэн. Үүнийг тохиролцсон гэж үзэхэд хэцүү. Би очно, чи байж бай гээд хүлээлгээд байсан. 2017 онд С.Дүүрэнжаргалыг очиход нь чи шүүхдээд ав гээд муудалцсан байдаг. Тэгээд С.Дүүрэнжаргал нь орон сууцны гэрчилгээг гаргуулж авлаа гэж хэлсэн. Гэтэл ягаан тасалбараа С.Дүүрэнжаргалд өгөөд уг орон сууцыг авсан гэдэг. Ийм асуудал огт байхгүй. Тийм бол анхнаасаа энэ талаар ярихгүй яасан юм бэ? Ямар ч баримтгүй байна. Үүнийг хүлээн авахгүй, үгүйсгэж байна. Нэхэмжлэгч нь үнэхээр өмчлөгч болох байсан гэвэл энэ асуудлаар шүүхэд хандах хугацаа 40 жилийн хугацаанд нээлттэй байсан. Олон жил орон сууцанд амьдарсан бол шударга эзэмшигчээр тогтоолгох боломжтой. Гэтэл хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Иргэний хуульд үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой маргааны хөөн хэлэлцэх хугацаа 10 жил байна. Энэ нь нэхэмжлэгчид ашигтайгаар шийдэх боломжгүй. Тухайн үед дуудлага худалдаа явагдсан. Үүнээс хойш С.Дүүрэнжаргалд гэрчилгээ олгоогүй байна. Гэрчилгээг үндэслэж бүртгэх байсан гэж буруутгах үндэслэлгүй. Дуудлага худалдааны протоколоос гадна дуудлага худалдаанд орсон байрнуудын судалгаа, ягаан тасалбарыг хураан авсан тэмдэглэл зэрэг баримт байна. Энэ олон баримтуудаар дуудлага худалдаа явагдсан болохыг үндэслэж улсын бүртгэл хийгдсэнийг буруутгах үндэслэл байхгүй. Өмч хувьчлалын зорилго нь төрийн өмчид байсан эд хөрөнгийн тодорхой хэсгийн иргэн, хуулийн этгээдэд шилжүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулсан. 1991 оноос өмнө хувийн өмч гэж байгаагүй. Бүгд төрийн өмч байсан. 1991 онд Өмч хувьчлалын тухай хууль батлагдсанаар иргэн хувьдаа өмчтэй болсон. Өмч хувьчлал явагдсан гэх протокол архивд хадгалагдсан ба эдгээр баримтыг үндэслэсэн. Улсын бүртгэлийн байгууллагыг ямар ч баримтгүй хууль бус бүртгэл хийсэн гэж буруутгах боломжгүй. 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 02074 дугаартай шүүгчийн захирамж байна. Ц.Батсайханы нэхэмжлэлтэй, Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг шийдвэрлэх хүртэл Ц.Батсайханы нэхэмжлэлтэй Орхон аймгийн Орон нутгийн өмчийн газарт холбогдох иргэний хэргийг түдгэлзүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн байна. Дуудлага худалдааг хүчингүй болсныг тогтоовол улсын бүртгэлийн байгууллагаас тайлбар хийж болно. Харин дуудлага худалдааг хүчингүй болгуулах асуудлаа түдгэлзүүлээд Улсын бүртгэлийн хэлтсийг буруутгаж байгааг ойлгохгүй байна. Хэрвээ энэ байгууллагыг буруутгаж байгаа бол эхлээд дуудлага худалдааг хүчингүй болохыг тогтоогоод ороод ирсэн бол улсын бүртгэлийн байгууллагаас өөр тайлбар өгөх боломжтой. Улсын бүртгэлийн байгууллагаас манайхаас хийсэн бүртгэлийг хууль бус болохыг тогтоосон шийдвэр байхгүй гэж тайлбарлаад байна. Би нэхэмжлэгчийн уг үйлдлийг ойлгохгүй байна. Энэ асуудлаар тусдаа иргэний хэрэг үүсгээд явж байгаа. Тиймээс нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

12. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч М.Оюунтөгс дүгнэлтдээ: Улсын бүртгэлийн хэлтэс нь тухайн үеийн баримт болох архивын лавлагаа, дуудлага худалдааны протокол зэргийг үндэслээд тухайн 2 орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон нь зөв гэж үзэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.Батсайхан нь Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр бүртгэсэн Ү-0413000442, Ү-0413000443 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлүүдийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, С.Дүүрэнжаргалын өмчлөх эрхийн 000715537, 000715538 дугаартай гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.

2. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд иргэн С.Дүүрэнжаргалын хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй гэж үзэн 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 53 дугаартай захирамжаар түүнийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулжээ.

3. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ маргаан бүхий орон сууцнуудыг бүртгэсэн бүртгэл нь эрхийн гэрчилгээгүй байхад хийгдсэн, өмчлөх эрх үүсээгүй байхад бүртгэл хийсэн нь холбогдох хуулиудыг зөрчсөн. Дуудлага худалдааны протокол бол өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг биш гэж;

Хариуцагч талаас тухайн үеийн дуудлага худалдааны протокол болон бусад баримт бичигт үндэслэн бүртгэл хийсэн нь хууль зөрчөөгүй, нэхэмжлэгч өмнө нь өөрийн өмчлөх эрхийг бүртгүүлэхээр бүртгэлийн байгууллагад хандаж байгаагүй, бүртгэл хийх үед өмчлөлийн талаар маргаан байгаагүй гэж;

Гуравдагч этгээдийн талаас дуудлага худалдаанд оролцож өөрийн ягаан тасалбараар өрсөлдөгчгүйгээр маргаан бүхий байрнуудыг худалдаж авсан, тухайн үеийн холбогдох баримт материалд үндэслэж бүртгэл хийсэн нь хууль зөрчөөгүй гэж тус тус маргажээ.

4. Хариуцагч Улсын бүртгэлийн хэлтэс нь иргэн С.Дүүрэнжаргалаас 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хариуцагч байгууллагад хандан гаргасан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, түүнд хавсаргасан баримтад үндэслэж Булган аймгийн Хангал сумын 4 дүгээр баг Хялганат Найрамдал 1 гудамж 105 дугаар байр 2 дугаар орц 05 болон 06 тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр С.Дүүрэнжаргалыг бүртгэж, 000715537, 000715538 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгожээ.

5. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн... 8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлд холбогдсон маргааныг шүүх шийдвэрлэнэ гэж, 8 дугаар зүйлийн 8.1-д Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл дараах төрөлтэй байна, 8.1.1-д эд хөрөнгө өмчлөх эрх гэж тус тус заасан байх тул энэхүү маргаан нь тус шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарна.

6. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

7. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь 1991 оны өмч хувьчлалын дуудлага худалдаа явагдах үед одоогийн Хангал сумын Хялганат тосгонд байршилтай байсан ба тухайн үед Эрдэнэт хот болон Хялганат хорооны өмч хувьчлалын комиссын хамтарсан хурлын шийдвэрээр Хялганат хорооны дан 20 байр, давхар 28 байрыг дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэж, 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдөр дуудлага худалдаа Хялганатын Ой модны үйлдвэрийн хурлын танхимд явагдсан байна. /хэргийн 2 дугаар хавтасны 128,129 дугаар талууд/

8. Орхон аймгийн Архивын тасгаас ирүүлсэн Орон сууц хувьчлалын товчооны хадгаламжийн нэгжийн Хялганат хорооны байрнуудын хувьчлалын талаарх нотлох баримт болон гуравдагч этгээд С.Дүүрэнжаргалын улсын бүртгэлийн байгууллагад мэдүүлгийн хамт хавсарган өгсөн баримтуудыг шинжлэн судлах явцад дараах үйл баримт тогтоогдлоо. Үүнд:

8.1. Хялганатын Ой модны үйлдвэрээс 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулж явуулсан дуудлага худалдаагаар тус үйлдвэрийн ажилчдын оршин сууж байсан орон сууцуудыг хувьчилсан.

8.2. Тус дуудлага худалдаанд Ц.Батсайхан болон С.Дүүрэнжаргал нар нь биечлэн оролцсон.

8.3. Нэхэмжлэгч Ц.Батсайхан нь тухайн үеийн хаягаар Хялганат хорооны 5 дугаартай давхар байрны 2 дугаар орцыг бүхэлд нь 34 ширхэг ягаан тасалбараар,

8.4. Гуравдагч этгээд С.Дүүрэнжаргал нь 35 дугаартай давхар байрны 2 дугаар орцыг бүхэлд нь 25 ширхэг ягаан тасалбараар тус тус худалдан авсан нь Хялганат хороонд 1991 оны 12 дугаар сарын 01 өдөр явагдсан дуудлага худалдааны протокол-ын 24 болон 28 дугаарт тус тус тэмдэглэгдэн үлдсэн байна. /хэргийн 1 дүгээр хавтасны 41 дүгээр хуудас, 2 дугаар хавтасны 130, 131 дүгээр талууд/

8.5. Тухайн протоколын 3 дугаартай хуудсанд Байр худалдаж авсан гэсний доор доош цувуулан нийт 54 иргэний нэр дугаарлагдаагүй бичигдсэн байх ба дээрээс 21-т Ц.Батсайхан, 24-т С.Дүүрэнжаргал гэх нэрсүүд тэмдэглэгджээ. /хэргийн 2 дугаар хавтасны 132 дугаар тал/

8.6. Хялганат хорооноос дуудлага худалдаанд орсон байрнуудын судалгаа гэх хүснэгтэлсэн баримтад 57 байрны талаар тэмдэглэж, уг баримт /хэргийн 1 дүгээр хавтасны 38 дугаар хуудасны ар тал, 2 дугаар хавтасны 144 дүгээр тал/ -ын 26 дугаарт Байр, орцны дугаар- 05 /II/, Авсан эзний овог нэр- Ц.Батсайхан, ... айлуудын нэрс- Д.Ганбаатар, Лхамсүрэн, Сайнтогтох, Ганзориг гэж, 31 дугаарт Байр, орцны дугаар- 35 /II/, Авсан эзний овог нэр- С.Дүүрэнжаргал, ... айлуудын нэрс- Г.Пунцаг, Батсайхан, Наваансүрэн, Ц.Ганболд гэж тэмдэглэснээс харахад нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нар нь худалдаж авсан байрандаа оршин суудаггүй байсан нь тогтоогдож байна.

8.7. Мөн Хялганат хорооноос хувьчлагдсан орон сууцыг худалдан авсан эздээс ягаан тасалбарыг хүлээн авсан актын нэгдсэн товчоо гэх нийт 59 ширхэг байрны талаар тусгасан баримт /хэргийн 2 дугаар хавтасны 135-136 дугаар талууд/ -ын 28 дугаарт Байрны номер -давхар байр №5 /2-р орц/, Зарлагдсан үнэ- 34, Тушаасан -31, Худалдан авсан эзэн-Ц.Батсайхан, Тайлбар-10 хувийн хөнгөлөлт гэж, 31 дугаарт Байрны номер -давхар байр №35 /2-р орц/, Зарлагдсан үнэ- 25, Тушаасан -22, Худалдан авсан эзэн-С.Дүүрэнжаргал, Тайлбар-10 хувийн хөнгөлөлт гэж тус тус тэмдэглэснээс харахад дуудлага худалдаанд оролцогч нар нь худалдан авсан байрны үнэд тохирох ягаан тасалбараа хүлээлгэн өгсөн нь нотлогдож байна.

9. Нэхэмжлэгчээс маргаан бүхий байранд 1987 оноос хойш амьдарч байгаа ба өөрийн оршин сууж байгаа байрыг худалдаж авсан байхад гуравдагч этгээд С.Дүүрэнжаргалд тухайн байрны өмчлөх эрхийг олгосон нь буруу гэж мэтгэлцэж байх боловч дээрх баримтуудаас харахад Хялганатын Ой модны үйлдвэрийн өмчид байсан орон сууцнуудыг худалдах дуудлага худалдаанд оролцогч /Ц.Батсайхан, С.Дүүрэнжаргал/ нь уг байранд амьдарч байгаа эсэхээс үл шалтгаалан худалдсан байх ба нэхэмжлэгч Ц.Батсайхан өөрийн амьдарч байсан орон сууцыг худалдаж авсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

10. Харин байрны оршин суугчид нь дуудлага худалдааны ялагч буюу байр худалдан авсан иргэнтэй харилцан тохиролцож, анх дуудлага худалдаанд орж авсан ягаан тасалбарыг төлснөөр орон сууцыг шилжүүлэх зэрэг харилцан тохиролцоо явагдсан гэж үзэх боломжтой юм. Энэ талаар гуравдагч этгээд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дурдаж байх боловч нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын хооронд байр шилжүүлэх түүний үнийг ягаан тасалбар болон бусад хэлбэрээр төлөх талаар харилцсан тохиролцсон талаарх баримт тогтоогдсонгүй.

11. Хэргийн оролцогчид Ц.Батсайханыг 5 дугаар байрны 2 дугаар орцыг бүхэлд нь 31 ширхэг ягаан тасалбараар худалдаж авсныг үгүйсгэж маргаагүй, нэхэмжлэгч тус орон сууцуудыг өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээ авсан болох нь нотлогдож байна. /хэргийн 1 дүгээр хавтасны 231-241, 243 дугаар талууд/

12. Хялганат хорооны Ой модны үйлдвэрийн 35 дугаартай давхар байр нь хожим Булган аймгийн Сэлэнгэ сумын ИТХурлын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 59 дугаартай Хаягжуулалт батлах тухай тогтоолоор Найрамдал 1 гудамж 105 тоот болон өөрчлөгдсөн гэдэг нь Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны захирагчийн 2019 оны 5 дугаар сарын 13-ны 01/110 дугаартай албан бичгээр тогтоогдож байх ба нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нар маргаан бүхий орон сууцны хаяг, байршлын талаар маргаагүй.

13. Мөн нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нараас маргаан бүхий орон сууцнуудын өмчлөлийн талаар маргаан үүсгээгүй гэдгээ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дурдсаныг тэмдэглэх нь зүйтэй.

14. Харин нэхэмжлэгчээс 1991 оны өмч хувьчлах дуудлага худалдааг хүчингүйд тооцох тухай маргааныг Орхон аймгийн Орон нутгийн өмчийн газарт холбогдуулан Орхон аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхэд үүсгэсэн байх ба уг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааг тус шүүхийн шүүгчийн 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 142/ШЗ2023/02074 дугаартай захирамж /хэргийн 2 дугаар хавтасны 161-162 дугаар тал/-аар, гуравдагч этгээдээс нэхэмжлэгч Ц.Батсайханд холбогдуулан маргаан бүхий 05,06 тоот байрнаас албадан гаргуулах тухай маргаан үүсгэж, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн Орхон аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 142/ШЗ2022/01926 дугаартай захирамж /хэргийн 2 дугаар хавтасны 118-119 дүгээр тал/ -аар тус тус түдгэлзүүлжээ.

15. Нэхэмжлэгчээс дуудлага худалдаа явагдах үед Хангал сумын Хялганат Найрамдал 1 гудамж, 105 дугаар байрны 2 дугаар орц, 06 тоотод өөрөө, 05 тоотод иргэн Г.Пунцаг оршин суудаг байсан ба 05 тоотыг Г.Пунцагаас хожим худалдаж авсан гэж тайлбарладаг ба гуравдагч этгээдийн зүгээс дуудлага худалдаа явагдсан тухайн цаг үед нэхэмжлэгч 06 тоотод, Г.Пунцаг 05 тоотод амьдарч байсан гэдгийг үгүйсгээгүй.

16. Нэхэмжлэгч Ц.Батсайханы маргаан бүхий 05 тоотыг Г.Пунцагаас худалдаж авсан гэх тайлбар нотлогдохгүй байна. Нэхэмжлэгч нь энэ талаар гэрч асуулгах хүсэлт ирүүлснийг шүүх хүлээн авч, П.Баярмаа, П.Мядагмаа нараас гэрчийн мэдүүлэг авсан байх ба гэрч П.Баярмаагийн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтасны 73-74 дүгээр тал/ -т ...Боржигон овогт Пунцагийн Баярмаа...би ...1988 оноос 2014 он хүртэлх хугацаанд Хялганат тосгоны Давхар байрны 35 дугаар байрны 06 тоотод амьдарч байсан... манай аав мод бэлтгэлийн аж ахуйд насаараа хөрөөчнөөр ажилласан. Мод бэлтгэлийн ангиас Давхар байрны 35-6 тоотыг манайд өгсөн... Батсайхан гуайх 5 тоот, манайх 6 тоот, урд урдаасаа харсан хөрш айлууд байсан, гэрч П.Мядагмаагийн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтасны 76-77 дугаар тал/ -т ...Боржигон овогт Пунцагийн Мядагмаа...Хялганат тосгонд төрөөд 2007 онд оюутан болох хүртлээ амьдарч байсан...хэдэн тоотыг сайн санахгүй байна...2010 онд манайх хот руу шилжихээр болж, аав ээж хоёр байраа худдаа зарахаар болсон гэж ярьж байсан гэснээс өөр баримт байхгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ц.Батсайхан, байр худалдсан гэх иргэн Г.Пунцаг нарын хооронд хийгдсэн худалдах худалдан авах гэрээ болон байрны үнийг өгч, авалцсан талаарх нотлох баримт байхгүй гэдгийг нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан тайлбартаа хүлээн зөвшөөрсөн болно.

17. Мөн 05 тоот байрыг нэхэмжлэгчид худалдсан гэх иргэн Г.Пунцаг нь өмч хувьчлалын дуудлага худалдаанд орсон, амьдарч байсан байраа ягаан тасалбараар худалдаж авсан талаар Хялганат хороонд 1991 оны 12 дугаар сарын 01 өдөр явагдсан дуудлага худалдааны протокол, Хялганат хорооноос хувьчлагдсан орон сууцыг худалдан авсан эздээс ягаан тасалбарыг хүлээн авсан актын нэгдсэн товчоо болон Хялганат хорооноос дуудлага худалдаанд орсон байрнуудын судалгаа зэрэг баримтын алинд ч тэмдэглэгдээгүй байх тул маргаан бүхий 05 тоот байр Г.Пунцагийн /дуудлага худалдаагаар авсан/ өмчлөлийн байр байсан гэдэг нь тогтоогдохгүй байна.

18. Нэхэмжлэгчийн Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны 105 дугаар байрны 05 болон 06 дугаартай орон сууцуудыг өмчлөх эрх зөрчигдөж байна гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нотлогдсонгүй.

19. Нэхэмжлэгч талаас улсын бүртгэлийг хийхдээ Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6.1-д заасан өмчлөх эрхийг нотолсон баримт бичиг болох эрхийн гэрчилгээг аваагүй, шаардаагүй нь хууль зөрчсөн гэж мэтгэлцэж байх боловч хариуцагч Орхон аймгийн Архивын тасгаас ирүүлсэн Орон сууц хувьчлалын товчооны архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа 1991 оны Хялганат хорооны байрнуудын материалаас гуравдагч этгээдтэй холбоотой баримтуудад үндэслэн бүртгэл хийсэн нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн гэж дүгнэх боломжгүй юм. Учир нь 1991 онд болсон өмч хувьчлалыг зохион байгуулсан захиргаа буюу эрх бүхий албан тушаалтнуудаас эрхийн гэрчилгээ олгосон эсэх талаар тодорхой баримт үлдээгээгүй нь гуравдагч этгээд болон хариуцагчийг буруутгах үндэслэл болохгүй.

20. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг анх удаа бүртгүүлэхэд холбогдох баримт бичгийн эх хувийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор эрхийн улсын бүртгэлд бүртгэх эсэхийг шийдвэрлэж, энэ тухай мэдүүлэг гаргагчид мэдэгдэнэгэж заажээ.

Гуравдагч этгээд С.Дүүрэнжаргалаас улсын бүртгэлийн байгууллагад гаргаж өгсөн 35 дугаар байрны 2 дугаар орц нийт дөрвөн айлын орон сууцыг худалдаж авсан талаарх тухайн үеийн өмч хувьчлалыг зохион байгуулсан захиргаа, өмч хувьчлалын комиссоос баталгаажуулж, үлдээсэн нотлох баримтуудад засвартай, мэдээлэл нь хоорондоо зөрүүтэй, салаа утгыг илэрхийлсэн баримт гарч ирээгүй тул Хялганат хороонд 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдөр явагдсан дуудлага худалдааны протокол болон түүнд хавсаргасан баримтуудыг мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.6-д заасан нотлох баримт гэж үзэн улсын бүртгэл хөтөлсөн хариуцагчийн үйлдлийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

21. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь гуравдагч этгээд С.Дүүрэнжаргалын өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгосон үйлдлийг буруутгаагүй ба шүүх хэргийг шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг харгалзан үзэж, дээрх хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн өмчлөх эрх зөрчигдсөн нь нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасны удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5, 10.6-д заасныг тус тус баримтлан Ц.Батсайханаас Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр бүртгэсэн Ү-0413000442, Ү-0413000443 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлүүдийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох, С.Дүүрэнжаргалын өмчлөх эрхийн 000715537, 000715538 дугаар бүхий гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧИД П.УУГАНЦЭЦЭГ

Д.САРАНГЭРЭЛ