2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2026 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 2026/ШЦТ/809

 

 

 2026         3            26                                            2026/ШЦТ/809

 

           

           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Оюунбат,

улсын яллагч Б.Бат-Эрдэнэ,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Г,

шүүгдэгч Д.Б , түүний өмгөөлөгч Э.Уянга нарыг оролцуулан тус шүүхийн “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б д холбогдох 2511 01866 1566 дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Д.Б , Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Б  нь Авлигатай тэмцэх газрын 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр “...ашиг сонирхлын зөрчил үүссэн нөхцөл байдал одоогоор тогтоогдоогүй болно” гэх 05/12093 дугаартай албан бичиг, тамга, тэмдэг хэвлэмэл маягтыг хуурамчаар үйлдэж, ажилд орохдоо ашиглаж, хуурамч болохыг мэдсээр байж ... Газрын 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Б/60 дугаартай “...Хяналт шалгалтын улсын байцаагчаар шилжүүлэн томилуулах...” тушаал гаргуулж 2025 оны 06 дугаар сар хүртэл хугацаанд ашигласан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Б  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Г  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Хэргийн талаар бол 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн бичиг үйлдсэн байсан. Үүнээс 29.000.000 төгрөгийн нэхэмжилж, хохирол төлж барагдуулсан байгаа. Төрийн байгууллагад учруулсан хохирол дууссан” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн үйл баримтын талаар

Хохирогчийн хууль ёсны төлөолөгч М.Г-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай байгууллага 2025 оны 05 дугаар сараас 06 дугаар сарын хооронд 1 сарын хугацаанд төлөвлөгөөт шалгалтыг Газрын 2023-2024 оны баримтуудыг шалгах явцад Д.Б-ийн хувийн хэргийг шалгах явцад 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Газрын 5/60 тоот дугаар тушаалаар Д.Б-ийг ... газар  дотроо цахим үйлчилгээ хариуцсан мэргэжилтэнгийн ажлаас тус газрын хяналт шалгалтын улсын байцаагчийн албан тушаал руу шилжсэн байсан тушаалын үндэслэл хэсэг дээр АТГ-ын 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 05/12093 дугаартай албан бичгийг үндэслэж албан тушаал томилсон байсан. Тухайн АТГ-ын 05/12093 дугаартай албан бичиг нь Д.Б-ийн Төрийн алба хаагчийн хувийн хэрэг дотроос эх хувиараа гарж ирсэн болно. АТГ-ын хөрөнгө орлогын цахим бүртгэлийн системээс Б-тэй холбоотой урьдчилсан мэдүүлэгийн дүгнэлтүүдийг шүүж үзэхэд зөвхөн ... газраас 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 527 дугаартай албан бичгээр Д.Б-ийг хяналт шалгалтын байцаагчаар томилохоор шалгаж байгаа тул ашиг сонирхлын зөрчил байгаа талаар дүгнэлт гаргуулахаар албан бичиг хүргүүлсэн байсан. Дээрх албан бичгийн хариу нь 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн АТГ-ын 05/15406 дугаартай албан бичгээр илт ашиг сонирхлын зөрчилтэй ашиг сонирхлын зөрчил үүссэн зөрчил байдал тогтоогдсон гэсэн хариу ирсэн... Дээрх АТГ-ын 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 05/12093 дугаартай албан бичиг нь ... газар т ирсэн бүртгэл байхгүй, архивын баримтанд байхгүй, зөвхөн Б-ийн хувийн хэрэгт байсан. АТГ-руу ... газраас урьдчидсан мэдүүлэг хянуулахаас илгээсэн бүртгэл хувийн ашиг сонирхол бүртгэх бүртгэл 2024 онд Б-ийн урьдчилсан мэдүүлэгт бүртгэгдээгүй байсан... 2023-2024 онд Газрын хувийн ашиг сонирхол хөрөнгө орлогийн мэдүүлгийг бүртгэх хянах албан тушаалтан В.Э байсан. 2024 оны сүүлээр тухайн эрх бүхий албан тушаалтан нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн мэдээлэл лавлагааны ажилтаны албан тушаал дээр ажиллаж байгаа би утасны дугаарыг нь олоод өгж болно... Надад байгаа мэдээлэлээр Б нь 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр ... Б/07, Б/09 дугаартай албан тушаалаар орлого шимтгэлийн улсын байцаагчаас тус газраа хяналт шалгалтын улсын байцаагчийн албан тушаалд шилжүүлсэн байсан дээрх албан тушаалууд ангилал нь төрийн захиргааны албан тушаал болно. 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр тэтгэвэрийн байцаагчаар ... газар т томилогдсон, энэ албан тушаал нь төрийн захиргааны албан тушаал, 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Газрын Б/45 тушаалаар тэтгэвэрийн тогтоолт олгох байцаагчаас тус газраа цахим үйлчилгээ хариуцсан мэргэжилтэнгээр томилогдсон байсан дээрх тушаал шийдвэрүүдэд Газрын дарга Н.А дарга ажиллаж байсан болно... Н.А гэх хүн газрын даргаар ажиллаж байсан. ... гэсэн дугаартай... Хяналт шалгалтын улсын байцаагчийн албан тушаалын доторхойлолт гэж байгаа. Нийгмийн даатгалын улсын байцаагчийн эрхтэй байна төрийн захиргаа 7 гэсэн зэрэглэлтэй байна. Улсын байцаагчийн эрхийг Нийгмийн даатгалын байгууллагад 3 жил ажиллаад шалгалт өгч байж эрх авдаг, улсын байцаагч ажиллаж байх хугацаандаа 3 жилд 1 удаа шалгалт өгдөг. Төрийн захиргаа 7 зэрэглэлийн албан тушаал болохоор Улсын их хурлын 05 дугаар тогтоолд заасны дагуу хувийн ашиг сонирхол хөрөнгө орлогын мэдүүлэгийг гаргах үүрэгтэй гэж заасан байдаг...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-25 дугаар хуудас),

Шүүгдэгч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд хяналт шалгалтын улсын байцаагчаар томилогдохоос өмнө би өөрийн хүсэлт, материалаа өгөөд байж байтал 2024 оны 09 дүгээр сарын эхээр Авлигатай тэмцэх газраас “Ашиг сонирхлын зөрчилтэй” гэсэн албан бичиг ирсэн байсан юм. Тус бичгийг би хүлээж аваад өөртөө гэртээ сканердаж хуулбарлан засварлаж, утга хэсгийг өөрчлөн ашиг сонирхлын зөрчилгүй утгатай болгон Газрын хүний нөөцөд Авлигатай тэмцэх газрын албан бичиг хэмээн өгсөн байдаг...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 156-157 дугаар хуудас),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн ЕГ0125/2735 дугаар: “...Шинжилгээнд ирүүлсэн баримтууд нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн 2024.09.23 гэсэн огноотой, 05/12093 дугаартай, “Нийслэлийн Газрын дарга Н.А танаа” гэсэн албан бичгийн тэмдгийн дардас нь шингэн хортой өнгөт хэвлэх төхөөрөмжөөр хэвлэгдсэн хуурамч тэмдгийн дардас байна. Шинжилгээнд ирүүлсэн 2024.09.23 гэсэн огноотой, 05/12093 дугаартай, “Нийслэлийн Газрын дарга Н.А танаа” гэсэн албан бичигт зурагдсан гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн Н.Дамдинсүрэнгийн гэх гарын үсгийн загваруудтай загваруудтай тохирохгүй. Шинжилгээнд ирүүлсэн 2024.09.23 гэсэн огноотой, 05/12093 дугаартай, “Нийслэлийн Газрын дарга Н.А танаа” гэсэн албан бичгийн хэвлэмэл хуудас нь шингэн хортой өнгөт хэвлэх төхөөрөмжөөр хэвлэгдсэн хуурамч хэвлэмэл хуудас байна. Шинээр илэрсэн нөхцөл байдал үгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 42-50 дугаар хуудас),

Нийгмийн даатгалын Ерөнхий газраас ирүүлсэн гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 10 дугаар хуудас),

Авлигатай тэмцэх газрын 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 03/10933 дугаар “...Тус газраас Нийслэлийн ... газар т 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 05/12093 дугаартай албан бичиг хүргүүлээгүй болно... ... газар т Хяналт шалгалтын улсын байцаагчаар томилогдохоор нэр дэвшсэн Д.Б-ийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс хойш хугацаанд манайд хянуулаагүй байна...” гэх албан бичиг (хавтаст хэргийн 55 дугаар хуудас),

Газрын 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Б/60 дугаар “...Цахим үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн ажилтай Д Б-тэй харилцан зөвшилцөж, хүсэлтийг нь үндэслэн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс Хяналт шалгалтын улсын байцаагчаар шилжүүлэн томилсугай...” гэх тушаал баримт (хавтаст хэргийн 103 дугаар хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 160 дугаар хуудас),

Иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 163 дугаар хуудас),

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 162 дугаар хуудас),

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 164 дүгээр хуудас),

Шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 170-179 дүгээр хуудас) зэргийг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагчаас “Шүүгдэгч Д.Б  нь Авлигатай тэмцэх газрын 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр “...ашиг сонирхлын зөрчил үүссэн нөхцөл байдал одоогоор тогтоогдоогүй болно” гэх 05/12093 дугаартай албан бичиг, тамга, тэмдэг хэвлэмэл маягтыг хуурамчаар үйлдэж, ажилд орохдоо ашиглаж, хуурамч болохыг мэдсээр байж Газрын 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Б/60 дугаартай “...Хяналт шалгалтын улсын байцаагчаар шилжүүлэн томилуулах...” тушаал гаргуулж 2025 оны 06 дугаар сар хүртэл хугацаанд ашигласан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай...” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Үйл баримтын талаарх дүгнэлт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Д.Б  нь Авлигатай тэмцэх газрын 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр “...ашиг сонирхлын зөрчил үүссэн нөхцөл байдал одоогоор тогтоогдоогүй болно” гэх 05/12093 дугаартай албан бичиг, тамга, тэмдэг хэвлэмэл маягтыг хуурамчаар үйлдэж, ажилд орохдоо ашиглаж, хуурамч болохыг мэдсээр байж Газрын 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Б/60 дугаартай “...Хяналт шалгалтын улсын байцаагчаар шилжүүлэн томилуулах...” тушаал гаргуулж 2025 оны 06 дугаар сар хүртэл хугацаанд ашигласан үйл баримт тогтоогдож байна.

Хэргийн үйл баримтын талаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар маргаагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна.

Эрх зүйн дүгнэлт

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Д.Б-ийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлд “Хуурамч бичиг баримт үйлдэх,  ашиглах” гэмт хэргийг хуульчилж, харин 1 дэх хэсэгт “Тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, иргэний, албаны, жолоодох эрхийн үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом, гадаад паспорт, төрийн шагнал, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн, эдийн, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, худалдсан” гэх гэмт хэргийг хуульчилсан.

Авлигатай тэмцэх газрын 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 05/12093 дугаар албан бичиг нь “эрх олгосон баримт бичиг” хамаарна.

Шүүгдэгч Д.Б  нь Авлигатай тэмцэх газрын 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр “...ашиг сонирхлын зөрчил үүссэн нөхцөл байдал одоогоор тогтоогдоогүй болно” гэх 05/12093 дугаартай албан бичиг, тамга, тэмдэг хэвлэмэл маягтыг хуурамчаар үйлдэж, ажилд орохдоо ашиглаж, хуурамч болохыг мэдсээр байж Газрын 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Б/60 дугаартай “...Хяналт шалгалтын улсын байцаагчаар шилжүүлэн томилуулах...” тушаал гаргуулж 2025 оны 06 дугаар сар хүртэл хугацаанд ашигласан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрх олгосон баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягтыг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна” гэж тус тус заасан.

Хэрэгт хуурамч баримт бичиг үйлдэх гэмт хэргийн тухайд уг баримт бичгийг хуурамчаар үйлдсэн тэрхүү цаг хугацаанд гэмт хэрэг төгссөн гэж үзэх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлах шаардлагагүй байна.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан ба тухайн албан бичгийг үйлдсэн, мөн ашигласан хоёр үйлдэл байх тул үргэлжилсэн нэг гэмт хэрэгт гэж үзнэ.  

Иймд шүүгдэгч Д.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр “эрх олгосон баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягтыг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “1.Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж тус тус заасан.

Дээрх гэмт хэргийн улмаас нийтийн ашиг сонирхолд хохирол, хор уршиг учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Д.Б-ийн үйлдлийн улмаас Нийгмийн даатгалын ерөнхий газарт 29.601.347 төгрөгийн хохирол учирсан ба уг хохирлыг төлсөн байх тул шүүгдэгч Д.Б-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Улсын яллагчаас “...Шүүгдэгч Д.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна...” гэх саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдож байна. Миний үйлчлүүлэгч өмнө ойлгосон хэдий ч томоогүй үйлдэл гаргасан. Энэ үйлдлээ зөвтгөхөөр ямар нэгэн зүйл хэлээгүй. Гэм буруу дээрээ маргахгүй. Хийсэн үйлдэлдээ чин сэтгэлээсээ гэмшиж шүүх хуралдаанд орж ирсэн. Гэм буруу дээрээ маргахгүй. Ял шийтгэлийн хувьд сонгох санкц байна. Миний үйлчлүүлэгч Д.Б  бол 3 хүүхэдтэй. Эхнэрийн хамт ам бүл тавуулаа амьдарч байгаа. Бага хоёр хүүхэд нь ихэр. Эрүүл мэндийн шалтгаан байгаа. Өөрөө бол зөвтгөж байгаа мэтээр оруулж ирээгүй. Эрх зүйн байдлыг дээрдүүлж торгох ялыг хуульд заасан хэмжээгээр 3 жилийн хугацаагаар төлөхөөр ноогдуулж өгнө үү. Орон сууцны зээл зэргээс болж ажил хийхгүй учир найзтайгаа нийлж засварын туслах ажил хийж байгаа. Эхнэр нь хүүхдүүдээ харж, Д.Б-ийн хувьд ганцаараа ажил хөдөлмөр эрхэлж ар гэрээ тэжээн тэтгэдэг. Ямар нэгэн зөрчил гаргахгүйгээр торгуулийн ялыг төлөх боломжтой байна. Шүүхээс нэг удаадаа итгэл үзүүлж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан.

Шүүгдэгч Д.Б-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар урьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан болох нь тогтоогдож байна.

Мөн “Төрийн алба” нь төрийн зорилт, чиг үүргийг Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлэх, төрийн бодлого боловсруулах, төрөөс зайлшгүй үзүүлэх шаардлагатай бусад үйлчилгээг нийтэд хүргэх үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалтыг хэлэх бөгөөд уг үйл ажиллагааг хэрэгжүүлэгч нь Төрийн албан хаагч билээ.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу төрийн албан хаагчаар ажиллаж байхдаа үйлдсэн, урьд Авлигын эсрэг гэмт хэрэгт холбогдож “торгох” ял шийтгэгдсэн хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан “торгох ял шийтгэж өгнө үү” гэх дүгнэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

Харин шүүгдэгч Д.Б-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн байдлыг нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б  нь оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэв.      

Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Д.Б д урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр “эрх олгосон баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягтыг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял  оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б  нь оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.     

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Д.Б-д урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                                  ДАРГАЛАГЧ

ШҮҮГЧ                             М.ТҮМЭННАСТ