| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхуяг Жавхлантөгс |
| Хэргийн индекс | 135/2021/00216/И |
| Дугаар | 135/ШШ2021/00385 |
| Огноо | 2021-05-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 135/ШШ2021/00385
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:135/2021/00216/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Жавхлантөгс би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Ерөө сум, 3-р баг, Бугант тосгон, Чулуутын гудамж, 2-27 тоотод оршин суух Хамниган овогт Баасанжавын Өлзийсайхан /РД:МЕ85030939/-ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 8-р баг, 17-р хороолол, 10-р байр, 17тоотод оршин суух Цагаан туг овогт Нямсүрэнгийн Батцэцэг /РД:ТЛ82022463/-т холбогдох,
5,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Доржханд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболд, гэрч Б.Түмэннаст, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Доржханд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...манай нөхөр Б.Өлзийсайхан нь 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдөр иргэн Н.Батцэцэгт 5,0 сая төгрөг зээлдүүлж, Н.Батцэцэгийн дансанд нь хийсэн байгаа. Тухайн үед зээлдүүлсэн 5,0 сая төгрөгөө Н.Батцэцэгээс гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна. Зээлсэн хүн нь Н.Батцэцэг шүү дээ. Би ногоо тарьдаг, өнгөрсөн жил шатсан тул мөнгөгүй болчихоод байна, энэ жил ногоо хураалт хийхэд мөнгө хэрэгтэй байгаа тул 5,0 сая төгрөг зээлээч гэж хэлсэн учир зээлдүүлсэн. Мөнгө зээлсэн хүнээсээ нэхнэ, энэ хүний өмнөөс Б.Түмэннаст хариуцъя гэсэн ч хариуцуулах боломж байхгүй. Бидний зүгээс Н.Батцэцэгээс мөнгөө өгөхийг олон удаа шаардаж, очиж уулзаж байсан гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нь Б.Түмэннаст гэж өөрийнхөө нагац эгчтэй хамтран хувиараа алт олборлосон байдаг. Энэ хүмүүсийн хооронд өглөг, авлага байсан бөгөөд хариуцагч Н.Батцэцэг нь Б.Түмэннасттай найз нөхдийн холбоотой хүмүүс юм. 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Б.Түмэннаст нь Дарханд орж ирэхдээ хувийн бичиг баримт, виза картаа орхиод ирсэн тул Н.Батцэцэгийн дансаар нэхэмжлэгч Б.Өлзийсайханаас авах ёстой байсан 33,0 сая төгрөгийн 5,0 сая төгрөгийг авсан байдаг. Н.Батцэцэг нь нэхэмжлэгчийн эгч Б.Түмэннастыг таньдаг, найз нөхдийн холбоотой учир ийм зүйл болно гэж бодолгүй 5,0 сая төгрөгийг дансаар нь шилжүүлж авахыг зөвшөөрч, АТМ-ээс 2,5 сая төгрөг авч өөрт бэлэн байсан 2,5 сая төгрөгийг нэмж Б.Түмэннастад 5,0 төгрөг өгсөн байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь эгчдээ өгөх ёстой байсан мөнгөө өгснийгөө Н.Батцэцэгт зээл өгсөн тул одоо гаргуулъя гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Н.Батцэцэгт үнэхээр мөнгө зээлдүүлсэн юм уу гэхэд данс руу нь шилжүүлэг хийсэн гүйлгээний утга дээр зээл гэж бичээгүй байгаагаас 5,0 сая төгрөг Н.Батцэцэгт зээл биш эгч Б.Түмэннастад өгөх ёстой байсан мөнгөө өгсөн гэж харагдаж байна. Н.Батцэцэгийн хувьд Дархан-Уул аймгийн Орхон суманд төрж өссөн бөгөөд эхийн хамт ногоо тарьдаг аж ахуйч хүн бөгөөд тухайн үед ногоо хураалт эхэлсэн байсан тул ногоо хураалтын ажилчдын цалинг бэлнээр нь биедээ авч явсан байдаг. Өөрт байсан мөнгө дээр АТМ-ээс мөнгө авч Б.Түмэннастад мөнгийг өгсөн байдаг. Н.Батцэцэг нь Б.Өлзийсайхантай зээлийн гэрээний эрх зүйн харилцаанд орж 5,0 сая төгрөг аваагүй, нэхэмжлэгчийн эгч нь Н.Батцэцэгийн дансаар авах ёстой байсан мөнгөө авсан юм. Хэдийгээр 5,0 сая төгрөгийг өөрийн дансаар оруулж эгчид нь өгсөн байхад Н.Батцэцэгээс энэ мөнгийг нэхэмжилж байгаа нь огт үндэслэлгүй. Хэрэв үнэхээр мөнгөө буцааж авах ёстой гэж үзэж байгаа бол энэ хэргийн жинхэнэ хариуцагч болох Б.Түмэннастыг хариуцагчаар татуулах хүсэлтийг бидний зүгээс гаргасан боловч хэнийг хариуцагч хэмээн үзэх эрх нь нэхэмжлэгчид байгаа учир шүүх хүсэлтийг хангаагүй. Хэрэгт авагдсан нотлох баримтаас харвал хариуцагчийн татгалзал нотлогдож байгаа бөгөөд Н.Батцэцэгт олгосон зээл биш тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Өлзийсайхан нь хариуцагч Н.Батцэцэгт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч тал 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Н.Батцэцэгт 5,0 сая төгрөг зээлдүүлж, түүний дансанд шилжүүлсэн, зээлсэн хүн нь Н.Батцэцэг тул энэ хүний өмнөөс Б.Түмэннаст гэх хүн хариуцуулах боломжгүй гэж, хариуцагч тал Б.Өлзийсайханаас 5,000,000 төгрөгийг өөрийн дансаар хүлээн авсан нь үнэн боловч Б.Түмэннастад дамжуулан өгсөн, тухайн мөнгийг Б.Түмэннаст миний дансаар дамжуулж авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тус тус маргадаг.
Нэхэмжлэгч Б.Өлзийсайхан нь 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хариуцагч Н.Батцэцэгт 5,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн болох нь Хаан банкны Б.Өлзийсайхан, Н.Батцэцэг нарын депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд, гэрч Б.Түмэннастын мэдүүлэг, зохигчдын тайлбараар тус тус тогтоогдож байгаа бөгөөд энэ талаар талууд маргаагүй болно.
Дээрх үйл баримт, талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Б.Өлзийсайхан, Н.Батцэцэг нарын хооронд 5,000,000 төгрөгийн зээлийн гэрээ амаар байгуулагдсан байна.
Өөрөөр хэлбэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ... шилжүүлэх, зээлдэгч нь ... мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 282 дугаар зүйлийн 282.4-д мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заажээ.
Дээрх хуульд заасны дагуу нэхэмжлэгч Б.Өлзийсайхан нь 5,000,000 төгрөгийг хариуцагч Н.Батцэцэгт шилжүүлэн өгөх үүргээ биелүүлжээ.
Хариуцагч Н.Батцэцэг нь 5,000,000 төгрөгииг шилжүүлэн авсан талаараа маргаагүй, харин Б.Өлзийсайханы данснаас шилжүүлсэн 5,000,000 төгрөгийг Б.Өлзийсайханы нагац эгч болох найз Б.Түмэннаст авсан, тухайн мөнгийг зөвхөн дамжуулж өгсөн гэж маргаж, мөнгийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй байна.
Зээлдэгч Н.Батцэцэг нь зээлийн гэрээний үүрэгт 5,000,000 төгрөгийг зээлдэгч Б.Өлзийсайханд буцаан төлөх нь дээрх хуульд заасантай нийцэх бөгөөд нэхэмжлэгч Б.Өлзийсайхан нь хариуцагч Н.Батцэцэгээс зээлийн гэрээний үүрэгт 5,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардах эрхтэй.
Хариуцагч Н.Батцэцэг нь Б.Түмэннаст гэх хүнд зээлийн гэрээний зүйл болох 5,000,000 төгрөгийг өгсөн эсэх асуудал нь түүнийг зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
Өөрөөр хэлбэл зээлдэгч нь зээлийн гэрээний зүйлийг хэрхэн захиран зарцуулсан нь түүнийг гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.
Иймд хариуцагч Н.Батцэцэгээс үндсэн зээлийн төлбөр 5,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Өлзийсайханд олгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Хариуцагч Н.Батцэцэг нь татгалзлынхаа үндэслэл болгож буй тухайн 5,000,000 төгрөгийг Б.Түмэннаст авсан гэх асуудлаараа шүүхэд тусдаа нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй болохыг дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Н.Батцэцэгээс 5,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Өлзийсайханд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Батцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжид 94,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Өлзийсайханд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС