Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 2022/ДШМ/01

 

 

Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч О.Однямаа даргалж, шүүгч Х.Байгалмаа, Ерөнхий шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Нэргүй,

шүүгдэгч, хохирогч Б.Б өмгөөлөгч Э.С,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бямбасайхан нарыг оролцуулан,  

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхмандах даргалж шийдвэрлэсэн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/69 дугаар шийтгэх тогтоолтой шүүгдэгч Э.Д, Б.Б нарт холбогдох хэрэгт  аймгийн Прокурорын газрын 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дугаартай “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай прокурорын дүгнэлтийг  2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Тэгшсуурийн  илтгэснээр  хянан хэлэлцэв. 

Говьсүмбэр аймгийн прокурорын газрын 2022 оны 01 дүгээр сарын 05-ны 01 дүгээр дүгнэлтээр “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Нэргүй би, шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгах хэрэг үүсгэх, хянан шалгасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Б.Б, Э.Д нарт холбогдох 1917001410081 дугаартай хэргийг хянахад дараах нөхцөл байдал тогтоогдсон байна.

Шүүхийн шийдвэр: Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцээд 2020/ШЦТ/69 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Х овогтой Э Д, Б овогт Б Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Э.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600 000 төгрөгөөр, Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн.

Шинээр илэрсэн нөхцөл байдал илэрсэн гэж үзсэн үндэслэл, дүгнэлт:

Б.Б нарт холбогдох эрүүгийн 1917001410081 дугаартай хэргийг Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцээд тухайн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад шүүгдэгч Б.Б, Э.Д нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр торгох ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулжээ. Өөрөөр хэлбэл Э.Д, Б.Б нар нь 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 12-ны шилжих шөнө Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг давсгэрт маргалдаж, харилцан бие биедээ хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 1 жил байхаар зохицуулсан. Уг хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр дууссан байна.

Өмгөөлөгчийн зүгээс тухайн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан талаар хүсэлт гаргаж байсан боловч шүүх хүлээн авах боломжгүй гэсэн дүгнэлт хийсэн байна. Учир нь Улсын Их хурлаас баталсан 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай” хуулийн 3 дугаар зүйлд “...мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй ...гэсэн заалт хүчин төгөлдөр үйлчилж байжээ. Гэтэл Монгол улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор Улсын Их хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зүйл заалтуудыг зөрчсөн гэж үзэн уг хуулийг бүхэлд нь хүчингүй болгосон үндэслэл тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан нөхцөл байдал үүссэн гэж дүгнэхээр байна.

Иймд Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/69 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын дүгнэлт бичив гэжээ.  

Прокурор Э.Нэргүй давж заалдах дүгнэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Д, Б.Б нарт холбогдох хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан нөхцөл байдал илэрсний улмаас шүүхэд прокурорын дүгнэлт хүргүүлсэн. Тухайн хэргийг шийдэх явцад Улсын Их Хурлаас баталсан 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй гэсэн заалт хүчин төгөлдөр үйлчилж байсан. Гэтэл тухайн заалт үйлчилж байхад Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 01 дугаартай тогтоолоор Улсын Их Хурлаас баталсан тухайн хуулийг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэж бүхэлд нь хүчингүй болгосон үндэслэл тогтоогдож байгаа учраас шинээр илэрсэн нөхцөл байдал үүссэн. Тухайн хүмүүст хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад ял шийтгэл оногдуулсан үндэслэл тогтоогдсон учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах тухай прокурорын дүгнэлтийг бичсэн гэжээ.

Шүүгдэгч Б.Б өмгөөлөгч Э.С давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд Б.Б хууль ёсны эрх ашгийг  хамгаалж оролцож байгаа. 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 69 дугаартай тогтоолоор 600 нэгж буюу 600 000 төгрөгтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулсан байдаг. Оногдуулах үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуульд хөөн хэлэлцэх хугацаа дууссан ч гэсэн энэ хууль батлагдсан учир Эрүүгийн хуулийн 10 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй юм гэсэн үндэслэлээр ял, шийтгэл оногдуулсан. 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Монгол Улсын үндсэн хуулийн цэцийн 01 дүгээр тогтоолд тухайн хуулийг батлагдсан өдрөөс эхлэн хүчингүй болгохоор хянан шийдвэрлэсэн байдаг. Өөрөөр хэлбэл Б.Б 600 000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулсан 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.                                    

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан үндэслэл тогтоогдсон гэж үзэн Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/69 дугаартай шийтгэх тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокурорын дүгнэлт бичиж ирүүлжээ.  

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/69 дугаар тогтоолоор шүүгдэгч Э.Д, Б.Б нарт холбогдох хэргийг шийдвэрлэсэн байх ба шүүгдэгч нар  нь 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Сет баарны гадаа харилцан маргалдаж бие биенийхээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас: Э.Д, Б.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх:  Шүүгдэгч Х овогт Э Д хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Б овогт Б Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Шүүгдэгч Э.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

Шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг, шүүгдэгч Б.Б оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг тус бүр 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоож шийдвэрлэсэн байх ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Анхан шатны шүүхээс тухайн хэргийг шийдвэрлэх үед Улсын Их Хурлаас баталсан 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд “мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй” гэсэн заалт хүчин төгөлдөр үйлчилж байсан ба шүүх  шүүгдэгч нарын үйлдлийг хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй гэж үзэн тэдэнд ял оногдуулан шийдвэрлэжээ.

Гэвч тухайн хуулийг Монгол улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааны 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 01 дугаартай тогтоолоор Монгол улсын үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж үзэж баталсан өдрөөс нь хүчингүй болгосон байна.

Прокурор нь дээрх нөхцөл байдлыг  “шүүх  шийдвэр гаргах үед мэдэгдээгүй нөхцөл байдал илэрсэн гэж дүгнэсэн нь буюу хэргийг шүүхээр шийдвэрлэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хууль дараа нь хүчингүй болох нь мэдэгдээгүй, энэ нь шинээр илэрсэн нөхцөл байдалд тооцогдоно гэдэг нь эргэлзээтэй байна.

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан “ хуулийг илт буруу хэрэглэсэн шүүхийн шийдвэрийн улмаас хүний эрх ноцтой зөрчигдсөн “  гэх үндэслэлээр шинээр илэрсэн нөхцөл байдал үүссэн байх боломжтой гэж үзлээ. Өөрөөр хэлвэл хэргийг шийдвэрлэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хууль дараа нь батлагдсан өдрөөсөө эхлэн хүчингүй болсон нь шүүх хэрэг шийдвэрлэх үед хууль илт буруу хэрэглэгдсэн, энэ шийдвэрийн улмаас хүний эрх ноцтой зөрчигдсөн байгаа нь түүнийг  шинээр илэрсэн  нөхцөл байдалд тооцох боломжтой гэж үзлээ.   

Хэрэг шийдвэрлэх үед шүүгдэгч нарт холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох боломжтой байсан эсэх, мөн  шүүх хуулийг зөв хэрэглэсэн эсэх асуудлын талаар давж заалдах шатны шүүх шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас бичигдсэн прокурорын дүгнэлтийг хэлэлцэж байгаа тохиолдолд дүгнэлт хийх боломжгүй гэж үзлээ.          

Иймд прокурорын дүгнэлтийг хүлээн авч Э.Д, Б.Б нарт холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3, 41.4 дүгээр зүйлийн 4.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           

1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/69 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, 1917001410081 дугаартай хэргийг Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд  буцаасугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

              

 

 

                 ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                            О.ОДНЯМАА

 

                 ШҮҮГЧИД                                             Х.БАЙГАЛМАА

                

                                                                                                Г.ТЭГШСУУРЬ