Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2026 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 2026/ШЦТ/340

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дүүргийн Эрүү Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,

Улсын яллагч Г.Мөнхтүвшин /Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар/,

Шүүгдэгч М.Д******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д******* овогт М*******ын Д*******т холбогдох эрүүгийн 2608000000126 дугаартай 1 хавтас хэргийг хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

Монгол Улсын иргэн, 1986 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Баянгол дүүргийн *******,******* тоотод  оршин суух, урьд

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ******* дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял, уг торгох ял 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр дуусгавар болсон, Д******* овогт М*******ын Д******* /РД:*******/.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч М.Д******* нь Б.Ч*******ийг “хөгжлийн төвд таньдаг хүн байгаа, нарийн мэргэжлээр сургаж өгнө” гэж хэлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Б.Ч*******ээс 2025 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр шилжүүлсэн 5.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ******* тоот дансаараа шилжүүлэн авч хохирогчид 5.000.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүгдэгч М.Д******* нь Б.Ч*******ийг “хөгжлийн төвд таньдаг хүн байгаа, нарийн мэргэжлээр сургаж өгнө” гэж хуурч,  залилсан хэргийн үйл баримт нь:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Ч*******ийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 10-11/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.Үын өгсөн мэдүүлэг /хх-ийн 13-14/-р тал,

М.Д*******ийн Хаан банкны ******* тоот дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга /хх-ийн 24-26/-р тал,

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дугаартай албан бичиг /хх-ийн 43/-р тал зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч нь бусдыг хуурч эд хөрөнгийг нь шилжүүлэн авсан хууль бус үйлдэл нь Залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч М.Д*******ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.Д******* нь өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, хэргийг хянан хэлэлцэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт заасан нөхцөл бүрэн хангагдсан байна.

Хохирогч Б.Ч*******тэй шүүх хурлын тов мэдэгдэхээр холбогдоход хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгч М.Д*******ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв

Хоёр. Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар.

Прокурорын санал болгож, шүүгдэгч М.Д*******ийн хүлээн зөвшөөрсөн 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял нь түүний гэм бурууд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч М.Д*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 340 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч М.Д*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д******* нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхээс зайлсхийсэн тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсан болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн  4, 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д******* овогт М*******ын Д*******ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д*******т 320 /гурван зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д******* нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхээс зайлсхийсэн тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Шүүгдэгч М.Д******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч  нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой үндэслэлээр давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Д*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                                                                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.ДАРЬСҮРЭН