Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 470

 

Б.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Чинзориг, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 475 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 742 дугаар магадлалтай, Б.Б-д холбогдох 1811008710446 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Чинзоригийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1975 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт *** тоотод оршин суух,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 144 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасны дагуу 2 жил хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан Б овогт Б-н Б.

Б.Б- нь 2018 оны 03 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Баянбүрд төвийн гадаа иргэн Д.Б-той маргалдаж түүний баруун гарын 4 дүгээр хурууны үзүүрийн шивнүүр ясны суурь хэсгийг хазаж тасдан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-ийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар уг торгуулийн ялыг 3 сарын хугацаанд төлөхийг даалгаж, хохирогч Д.Б- нь хуруугаа эмчлүүлэх, хиймэл үе хийлгэхтэй холбоотой цаашид гарах зардлыг холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шүүгдэгч Б.Б-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Б-д холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, хэрэг шүүхэд очтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Чинзориг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Магадлалыг эс зөвшөөрч, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна. Б.Б- нь 2016 оны 11 дүгээр сард ... 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг 1.6 жилийн хугацаагаар тэнсэн харгалзсан хугацаандаа хохирогч Д.Б-ийн биед хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн нь үнэн боловч одоо 2015 оны Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу Б.Б-ийг урьд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, хэд хэдэн шийтгэх тогтоолоор түүнд ял шийтгэл нэмж оногдуулах хууль зүйн боломжгүй юм. Учир нь:

2002   оны Эрүүгийн хууль үйлчилж байх үед Б.Б-өд оногдуулж байсан 2 жилийн хорих ялыг Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн зохих зүйл, хэсэг, заалтад зааснаар оногдуулж болох тухайн төрлийн ялын хэмжээнээс хүнд байвал уг ялыг шүүх дүйцүүлэн хасна гэж зааснаар 2015 оны Эрүүгийн хуульд нийцүүлэн хасах шаардлагатай.

Мөн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.”, 3 дахь хэсэгт “Шинэ хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг багасгасан тохиолдолд шүүх урьд ял шийтгүүлсэн этгээдийн ялыг шинээр тогтоосон хэмжээнд нийцүүлэн хасна” гэж тус тус заажээ.

... 2002 оны Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь албадан ажил хийлгэх болон хорих гэсэн 2 төрөлтэй байсан. Харин 2015 оны Эрүүгийн хуулиар тухайн төрлийн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулж болох ял нь торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах гэсэн 3 төрөлтэй болсон бөгөөд урьдны хорих ялын санкц байхгүй болсон. Үүнийг “оногдуулах ялыг хөнгөрүүлсэн” буюу Эрүүгийн хуулиар тогтоосон ялын төрөлд заагдсан үндсэн ял болох тодорхой төрлийн ялыг өөр хөнгөн ялаар сольсон, хэд хэдэн төрлийн ялаас хүнд ялыг хүчингүй болгосон” гэж ойлгож болно.

Мөн 2015 оны Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж хуульчилсан байдгийг орхигдуулж болохгүй.

Шинэ хуулиар тухайн төрлийн гэмт хэрэгт оногдуулах ялын төрлөөс хорих ялын төрөл нь хасагдсан тул Эрүүгийн хууль хэрэглээний тал дээр эргэлзээтэй байдал үүсч байна. Хорих ялыг нийтэд тустай ажил хийлгэх ялтай дүйцүүлэн хасч болохгүй. Хуульд заахдаа тухайн төрлийн ялтай нийцүүлэн гэж заасан байгаа.

Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "... эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эруугийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг ... шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн журмаар шүүгдэгч Б.Б-өд ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй. Энэ талаар Улсын дээд шүүхийн 2018.05.09-ний өдрийн №01 дугаартай зөвлөмж гарсан тухайн зөвлөмжийн 2.1.3 дахь хэсэгт “эргэлзээтэй бол шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвээрлэх тухай хуулийн 1.15 дугаар дугаар зүйлд заасан зарчмыг шүүх удирдлага болгож шийдвэрлэнэ. Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ төрвөл дээрх журмыг баримтална” гэснийг дурдалгүй өнгөрөх боломжгүй байна.

Гэтэл давж заалдах шатны шүүх “...2002 оны Эрүүгийн хууль болон шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн аль алинд нь тухайн зүйл, хэсэгт хорих ял оногдуулахаар заасан бол ял дүйцүүлэн хасах асуудал үүснэ. Харин 2002 оны Эрүүгийн хуулиар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэгт 2015 оны Эрүүгийн хуулиар хорих ял оногдуулахаар заагаагүй тохиолдолд хорих ял дүйцүүлэн хасах үндэслэл үүсэхгүй” хэмээн Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг буруу тайлбарлажээ. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдол үндэслэлгүй. Давж заалдах шатны шүүхийн магадал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Энэ хэрэг нь 2018 оны 03 дугаар сарын 18-наас19-нд шилжих шөнө үйлдэгдсэн хэрэг. Шүүгдэгчид өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын талаар огт яриагүй. Анхан шатны шүүх 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-т зааснаар тэнсэн харгалзах хугацаанд мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг санаатай үйлдсэн бол шүүх тэнсэн харгалзсаныг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд тус тус зааснаар ял оногдуулна гэж заасныг хэрэглээгүй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Чинзоригийн гаргасан гомдлыг үндэслэн Б.Б-өд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Б.Б- нь 2018 оны 03 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Баянбүрд төвийн гадаа иргэн Д.Б-той маргалдаж түүний баруун гарын 4 дүгээр хурууны үзүүрийн шивнүүр ясны суурь хэсгийг хазаж тасдан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Анхан шатны шүүх Б.Б-өд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюул, хэр хэмжээнд нийцсэн байна.

Харин давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Б-ийн урьд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн байхад ялыг нэмж нэгтгэх талаар дүгнэлт хийгээгүй гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж, хэрэглэсэн гэж үзлээ.

2002 оны Эрүүгийн хуулиар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэгт, 2015 оны Эрүүгийн хуулиар хорихоос өөр төрлийн ял оногдуулахаар хуульчилсан нь хорих ялыг дүйцүүлэн хасах үндэслэл үүсэхгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн нь шүүхийн шийтгэх тогтоолын хувьд хууль буцаан хэрэглэх үндсэн агуулга төдийгүй түүнд холбогдох мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хуулийн 3 дугаар зүйлийн заалттай илтэд зөрчилдсөн үндэслэлгүй дүгнэлт болжээ.  

Мөн 2002 оны Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт албадан ажил хийлгэх болон хорих гэсэн 2 төрлийн ял оногдуулахаар заасан бол шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулиар хорих ял хасагдаж, оногдуулах ялыг хөнгөрүүлэн тогтоосон байна.

Гэмт хэрэгт оногдуулах ялыг хөнгөрүүлсэн нь хууль буцаан хэрэглэх үндэслэлд хамаарах бөгөөд тухайн үндэслэлийг хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцүүлэн ямар нэгэн ялгаваргүйгээр хэрэглэх ёстой.

Тиймээс 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 144 дүгээр шийтгэх тогтоолоор Б.Б-өд оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзсан байдлыг шинэ Эрүүгийн хуульд нийцүүлэн дүгнэж үзэхэд оногдуулсан хорих ял хасагдсан тул ял дүйцүүлэх нөхцөл үүсэхгүй, нөгөөтэйгүүр нэгэнт хүчин төгөлдөр болсон шүүхийн тогтоолд шинэ хууль зүйн дүгнэлт хийж шинээр ял шийтгэх боломжгүй нөхцөл байдлыг харгалзан өмнөх шийтгэх тогтоолыг хөндөлгүй орхих нь Эрүүгийн хууль хэрэглээний жишиг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго, зарчимд нийцнэ.         

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Чинзоригийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 742 дугаар магадлалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 475 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

         ШҮҮГЧ                                                        Б.БАТЦЭРЭН

                                                                           Д.ГАНЗОРИГ

                                                                          Ч.ХОСБАЯР

                                                                                          Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН