Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2016/00867

 

Г.Наранцэцэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2016/01374 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 832 дугаар магадлалтай,

Г.Наранцэцэгийн нэхэмжлэлтэй

Ч.Уранбилэгт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 85 653 600 төгрөг, түрээсийн гэрээний үүрэгт 16 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, зээлийн болон барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах, зээлийн хүүд үндэслэлгүйгээр тооцон авсан 4 500 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хүнсний 51 дүгээр дэлгүүрийн засварын зардал 8 510 758 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Наранцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Сосорбарам, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Одончимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Ч.Уранбилэгт маш олон удаа зээл өгч, бид хоёр тооцоо нийлээд 6 000 ам.доллар буюу 57400 000 төгрөг дээр харилцан тохиролцож, барьцаа хэрэгтэй гэж үзэж зээлийн гэрээ, барьцааны гэрээ хийсэн. Ч.Уранбилэг нь орон сууц худалдан авсан тул зээл, түрээсээ ч өгч чадахааргүй болсон. Хамгийн сүүлд 2015 оны 08 дугаар сарын 08-ны өдөр надад амлалт гэсэн бичиг дээр түрээсийн гэрээний төлбөрүүдийг, зээлийн гэрээний төлбөрийг 2015 оны 08 дугаар сардаа багтаж төлнө, хэрэв тус сардаа багтаж төлөхгүй бол түүнээс хойшхи саруудад алданги төлнө гэж бичиж өгсөн. Зээлээ төлж чадахгүй болохоор нь аргагүй эрхэнд шүүхэд хандсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 57 400 000 төгрөг, зээлийн хүүд 6 888 000 төгрөг, нийт 64 288 000 төгрөг, 6 000 ам.доллар, 6 000 ам.долларын хүү 720 ам.доллар, 6 000 ам.долларыг 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Монголбанкны ханшаар бодоход 13 386 880 төгрөг болсон. Миний зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Нэмэгдүүлсэн шаардлага дээр зээлийн гэрээний алдангийг тооцсон. 2015 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл нийт 23 хоногийн алданги 7 975 800 төгрөг, түрээсийн гэрээний үүрэгт 6, 7, 8, 9 дүгээр саруудын түрээсийн төлбөр 16 000 000 төгрөгийг тус тус нэхэмжилж байна. Амлалт гэсэн бичиг байгаа уг бичгийг хариуцагч өөрөө өөрийн гараараа бичиж өгсөн. 57 000 000 төгрөгийн хүү алдангийн хувьд 27 400 000 төгрөгийг түрээсэнд өгсөн гэх нотлох баримт хариуцагчийн зүгээс гаргаж өгөөгүй. Хариуцагчийн шүүхэд өгсөн баримтууд нь ганцхан Ч.Уранбилэгийн гарын үсэгтэй, хаана ямар байгууллагын баталгаажилттай нь тодорхойгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хувьд хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахаар нь нэхэмжлэгч түрээсийн төлбөрөө нэхнэ гээд түрээсийн төлбөрийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргасан. 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж маргаж байгаа нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 196 дугаар зүйлд зааснаар гэрээг бичгээр байгуулж, аль аль тал нь гарын үсгээ зурж баталгаажуулан хүчин төгөлдөр болсон. Иргэний хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2, 181.3-т зааснаар гэрээг бичгээр байгуулж, хүү тооцсон. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар анз бодсон. Мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.7-д зааснаар үүрэг гүйцэтгэгчийн хугацаа хэтрүүлэх асуудлыг зааж өгсөн. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж байгаа хууль ёсны шаардлагыг манай зүгээс шаардаж байна. Хариуцагч 27 400 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь баримтаар нотлогдохгүй байна. Хариуцагчаас зээлийн гэрээний үүрэг, түрээсийн гэрээний үүрэгт хүү алдангийн хамт нийт 101 650 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын 30 000 000 төгрөг болон, 6 000 ам.долларыг хүлээн зөвшөөрч байна. Харин 27400 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Түрээсийн гэрээг 2011 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 5 жилийн хугацаатай байгуулсан. Нэхэмжлэгч өөрөө ярьсан бид хоёр мөнгө өгч авдаг байсан. Гэхдээ гэрээ байгуулаагүй, итгэлцэл дээр гэрээ байгуулсан. Ингээд түрээсийн төлбөр, зээлийн төлөлт хийж байгаад тооцоо нийлээд 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 37 000 000 төгрөг дээр гэрээ хийсэн. Уг гэрээнд зээл болсон түрээс багтсан. Анх 25 000 000 ам.долларыг зээлсэн төлөлт хийж байгаад 6 000 ам.доллар үлдсэн. Ингээд хүмүүсийн худалдан авах чадвар муудаж, эдийн засгийн хүнд нөхцөл байдал үүсэж хариуцагч түрээсээ төлж чадахаа больсон. Ингээд 2015 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 57 400 000 төгрөг, 6 000 ам.доллар гэсэн гэрээ хийсэн. 27 400 000 төгрөгийг зөвшөөрөхгүй. Хариуцагчийн зүгээс 30 000 000 төгрөгийг зээлсэн ба сар бүр 900 000 төгрөгийн хүү төлж байсан. Энэ нь хар дэвтэр дээр тэмдэглэгдэж түрээсийн төлбөрт 4 300 000 төгрөг, зээлийн хүүд 900 000 төгрөг төлж байсан. Ингээд талууд тооцоо нийлээд төлөгдөөгүй түрээс 37 000 000 төгрөг гэж тооцож хийсэн. Ингээд 57 400 000 төгрөгийг хүлээлцсэн гэдгийг би өөрөө бичсэн гэдгээ нэхэмжлэгч хэлсэн. 37 000 000 төгрөгийн зээл явж байгаад 57 400 000 болсон. Түрээсийн гэрээний хугацаа дууссан үйл баримт, түрээсийн гэрээ дуусмагц талууд зээлийн гэрээ байгуулж байгаа үйл баримт нь түрээсийн гэрээ болон зээлийн гэрээ нийлсэн нийт үнийн дүн дээр гэрээ хийсэн нь нотлогдож байна. 57 400 000 төгрөгийн зээлийн гэрээний 27 400 000 төгрөг нь түрээсийн гэрээний төлбөр юм. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээ болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагатай сөрөг нэхэмжлэл гаргасан. Г.Наранцэцэг нь Ч.Уранбилэгтэй 2011 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ажлын байр түрээслэх гэрээ байгуулж хүнсний 51 дүгээр дэлгүүрийг 4 жилийн хугацаатай түрээслэсэн. Г.Наранцэцэг нь Ч.Уранбилэгт энэ дэлгүүрийг түрээсэлж байгаа гэж хүмүүст битгий хэлээрэй, манай компанид нийгмийн даатгалын шимтгэлээ төлж яваарай гэсэн санал тавьсан. Сүүлдээ түрээсийн төлбөр нэмэгдсэн бөгөөд түрээсийн гэрээний хугацаа дууссан. Төлөгдөөгүй түрээсийн гэрээг зээлийн гэрээ мэтээр хийсэн. Иймд талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ, барьцааны гэрээр өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү. 30 000 000 төгрөгийн зээл авсан. Уг зээлийг гэрээг бичгээр хийгээгүй атлаа хүү тооцож байсан. Ийнхүү хүчин төгөлдөр бус гэрээ байгуулсны үр дагаварт 21 500 000 төгрөг төлсөн. Түрээсийн гэрээг бичгээр байгуулах шаардлагыг хангаагүй, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т зааснаар хүчин төгөлдөр биш. Мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар түрээсийн гэрээ хүчин төгөлдөр биш, зээлийн гэрээ нь мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус. 56.5-д зааснаар талууд харилцан буцааж өгөх үүрэгтэй. Ч.Уранбилэгээс Г.Наранцэцэгт шилжүүлсэн 21 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Зээлийн үлдэгдэл дээр 30 000 000 төгрөг, 6 000 ам.долларыг хүлээн зөвшөөрнө. 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн хүү алдангийн хувьд 30 000 000 төгрөгийн хүүд 1 700 000 төгрөг, 6 000 ам.долларт 1 400 ам.долларын хүүг хүлээн зөвшөөрч байна. Алдангийн хувьд нэхэмжлэгчийн шаардаж байгаа 23 хоногийн алдангийг зөвшөөрч байна. Ам.доллароос 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 150 ам.доллар, төгрөгөөс 300 000 төгрөг төлсөн. Нэмэгдүүлсэн шаардлагаар түрээсийн төлбөрийг шаарддаг. Дэвтрийн 2 дахь хуудсанд түрээсийг төлж хаасан баримт байдаг. Мөн түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус учраас 16 000 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй. Сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрээ нь Иргэний хуульд зааснаар хүчин төгөлдөр. Зээлийн гэрээ, барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлж баталгаажуулсан. Ч.Уранбилэг зээлийн гэрээний үүрэгт орон сууцаа барьцаалсан. Ч.Уранбилэг нь өөрөө бүх өр төлбөрийг хүлээн зөвшөөрч, 2015 оны 08 дугаар сарын 08-ны өдөр амлалт өөрийн гараар бичсэн байдаг. 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гэнэт дэлгүүрээс хөөж гаргасан зүйл байхгүй. 2014 оны 10 дугаар сард 30 000 000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй зээлсэн нь бичгийн гэрээ байхгүй, барьцаа байхгүй гэж байгаа нь худлаа. Зээлийн гэрээний хувийг хавтаст хэрэгт өгсөн байгаа. Ч.Уранбилэг зээлийн гэрээг бичгээр хийгээгүй. Зээлийн гэрээ бол 30 000 000 төгрөг биш, 37 000 000 төгрөг хүү нь 4 хувь, уг зээлийн гэрээгээр “Лексус 470” автомашиныг унах эрхтэйгээр барьцаанд тавьсан. 25 000 ам.доллароос төлөлж хийж байгаад 6 000 ам.доллар үлдсэн. Бүх зээлийн тооцоонуудыг нийлүүлж 57 400 000 төгрөгийн гэрээ хийсэн. Түрээсийн гэрээний төлбөр 27 400 000 төгрөг гэсэн зүйл байхгүй. Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2016/01374 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Ч.Уранбилэгээс 56 218 011 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Наранцэцэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 45 434 983 төгрөг болон зээлийн болон барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах, зээлийн хүүд үндэслэлгүйгээр тооцон авсан 4 500 000 төгрөг гаргуулах, Хүнсний 51 дүгээр дэлгүүрийн засварын зардал 8 510 758 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 926 853 төгрөг болон хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 459 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Уранбилэгээс улсын тэмдэгтийн хураамж 439 040 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Наранцэцэгт олгож шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 832 дугаар магадлалаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2016/01374 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Ч.Уранбилэгээс 69 355 180 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Наранцэцэгт олгож, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 32 298 422 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10, 492 дугаар зүйлийн 492.1.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасан үндэслэлгүй тул зээлийн болон барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах, зээлийн хүүд үндэслэлгүйгээр тооцон авсан 4 500 000 төгрөг гаргуулах, Хүнсний 51 дүгээр дэлгүүрийн засварын зардал 8 510 758 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн найруулж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...439 040 төгрөг...” гэснийг “...504 725 төгрөг...” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 362 830 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын гомдолдоо: Магадлалд гомдол гаргаж байна. Магадлалаар шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Уг заалтаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө, эд хөрөнгө шилжүүлсэн байх шаардлагыг хуульчилсан. Гэтэл давж заалдах шатны шүүх зээлдүүлэгчийн зээлдэгчид шилжүүлэн өгөөгүй 27 400 000 төгрөгийг зээлдэгч буюу хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуулийн дурдсан шаардлагыг үл хэрэгсэж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэнд гомдолтой байна. Мөн шүүх “Ч.Уранбилэг нь 27 400 000 төгрөг нь түрээсийн төлбөрийн үлдэгдлийг зээлийн гэрээнд оруулж 57 400 000 төгрөг болгож байгуулсан гэх тайлбараа нотлох үүрэгтэй боловч нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй” гэх дүгнэлтийг хийхдээ тус үйл баримтыг нотлох түрээсийн гэрээ, түүний үнэ болон бусад баримт, талуудын маргаагүй, үйл баримт /Түрээсийн гэрээний дуусгавар болсон хугацаа, түрээсийн гэрээ байгуулаагүй хэдий ч түрээсийн объектод хариуцагч үйл ажиллагаа явуулсаар байсан үйл баримт гэх мэт/-ыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн. Дээр дурдсанчлан “...хариуцагч 57 400 000 төгрөг болгож байгуулсан” хэмээн дүгнэсэн атлаа нэхэмжпэгчийн Ч.Уранбилэгт 37 000 000 төгрөг, 6 000 ам.доллароос өөр мөнгө зээлүүлсэн, гэрээ байгуулсан гэх тайлбараа ямар ч баримтаар нотолж чадаагүй байхад ямар баримтыг үндэслэн 2 удаагийн зээлийн гэрээний үүргийг нэгтгэж, зээлийн гэрээг шинэчлэн байгуулсан гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, дээрх заалтыг зөрчсөн хэрэг болсон. Шуүх нэхэмжлэгч нь 2 удаагийн зээлийн гэрээгээр хариуцагчид зээл олгосон уйл баримт нотлогдоогүй байхад “...дээрх хоёр зээлийн гэрээний үүргийг нэгтгэж зээлийн гэрээг шинэчлэн байгуулсан” гэх нотлох баримтад үндэслээгүй, хийсвэр дүгнэлтийг хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасныг зөрчсөн. Дээр дурдсанаар зөвхөн “Амлалт” гэх баримтыг үндэслэн хоёр зээлийн гэрээний үүргийг нэгтгэсэн хэмээн дүгнэхдээ талуудын тайлбар, түүний үндэслэлийг нотолсон баримтуудыг хуульд заасан журмаар үнэлээгүй бөгөөд энэ нь хэт нэг талыг барьсан, нотлох баримт үнэлэх журам, зарчмыг ноцтой зөрчсөн хэрэг болсон. Иймд магадлалыг хүчингүй болгон шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд  шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна.

Нэхэмжлэгч Г.Наранцэцэг нь хариуцагч Ч.Уранбилэгээс зээлийн үүрэгт 85 653 600 төгрөг, түрээсийн гэрээний үүрэгт 16 000 000 төгрөг нийт 101 653 600 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нь нэхэмжлэгчээс 37 000 000 төгрөг, 6 000 ам.долларыг зээлсэн талаар маргаагүй, харин 57 400 000 төгрөгийг аваагүй тул зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, зээлийн хүүд үндэслэлгүйгээр илүү авсан 4 500 000 төгрөг, түрээсийн байранд хийсэн засан сайжруулсаны зардал 8 510 758 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан байна. 

Давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд байгуулагдсан 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээ, 2015 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Ч.Уранбилэгийн бичгээр гаргасан “...6 000 ам.долларыг эхний ээлжинд хүүгийн хамтаар барагдуулна. 57 400 000 төгрөг зээлж авснаа хүүгийн хамт төлж барагдуулах...” тухай  амлалт гэсэн баримтыг үнэлж, хариуцагчаас 69 355 180 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д нийцжээ. /хх-4, 5, 34/ Дээрх баримтаар хариуцагч нь 57 400 000 төгрөг, 6 000 ам.долларыг нэхэмжлэгчээс зээлж авснаа зөвшөөрч, баталгаажуулсан нь тогтоогдсон байна.

Хоёр шатны шүүх нэхэмжлэгчийг түрээсийн гэрээний оролцогч биш тул түрээсийн төлбөр шаардах эрхгүй этгээд гэж үзсэн нь зөв болсноос гадна Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, түрээсийн байранд хийсэн засвар 8 510 758 төгрөг, зээлийн хүүд илүү авсан 4 500 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хуулийн үндэслэлтэй болжээ.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байх тул “шийдвэрийг хэвээр үлдээж” өгөхийг хүссэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганцэцэгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 832 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганцэцэгийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганцэцэгээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 224 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        П.ЗОЛЗАЯА