Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2024/02356

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2024/02356

Улаанбаатар хот

 

                         

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

                    

* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: * дүүрэг * дүгээр хороо *хотхон * дүгээр байр * тоотод оршин суух, * онд төрсөн * настай, * овогт А*ийн Т.

Хариуцагч: * дүүрэг* дугаар хороо* дүгээр хороолол * дугаар байр * тоотод бүртгэлтэй хаягтай * ХХК

Хариуцагч: * дүүрэг * дугаар хороо * дүгээр хороолол* дугаар байр * тоотод оршин суух, *онд төрсөн* настай, *овогт *ын *

Гэрээ цуцалж, гэрээний урьдчилгаа, алдангийн төлбөрт 29,802,000 төгрөг гаргуулах, дулаалгын хөөсөн материалаа буцаан авахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийг 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.*, хариуцагчийн төлөөлөгч Ж.* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов. /нэхэмжлэгч өөрийн эзгүйд өмгөлөөгчийг оролцуулан хэргийг шийдвэрлэх хүсэлт гаргасан тул өмгөөлөгчийг оролцуулж хэргийг хянан хэлэлцэв./

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч А.Т нь хариуцагч * ХХК, Г.* нарт холбогдуулж гэрээ цуцалж, гэрээний урьдчилгаа, алдангид 29,802,000 төгрөг гаргуулах, дулаалгын хөөсөн материалаа буцаан авахыг хариуцагчид даалгах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Сонгинохайрхан дүүрэг * хороо *ын аманд байрлах зуслангийн байшинд дээврийн ажил хийлгэх зорилгоор 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр *-тай * тоот 21,869,852 төгрөгийн дүнтэй Барилгын дээврийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Компаний ерөнхий захирал гэж гарын үсэг зурсан Г.*гийн бичиж өгсөн нэхэмжлэхийн дагуу тус өдөр түүний ээж Д.*гийн Хаан банк дахь дансанд урьдчилгаа төлбөр 19,868,000 төгрөгийг шилжүүлсэн. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажлыг 5 хоногийн дотор хийхээр тохирсон боловч шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаагаар гэрээ сунгагдаж явсан. Хариуцагч холбогдохгүй, гэрээний үүргээ биелүүлэхгүй явсаар 11 сар гарч хүйтний улирал эхэлж дээврийн ажил гүйцэтгэх боломжгүй болж хавар дулаан орохоор цагаан сараас хойш хийе гэдэг зүйл яригдсан. Нэхэмжлэгч ажлыг хийж гүйцэтгэх талаар хариуцагч талд утас, вайбараар мэдэгдэж ирсэн. Ажил гүйцэтгэгчийн саналыг үндэслэн гэрээний ажил хойшилж ирсэн боловч нэхэмжлэгч А.Т 2023 оны 03 дугаар сарын 31-нд гэрээг цуцалж шүүхэд хандсан. Гэрээний хавсралтад ажлыг үнийн дүнтэй нь хамт заасан. Хавсралтад заасан ажлаас 382,500 төгрөгний хөрсжүүлэлтийн ажил, 377,487 төгрөгний уур тусгаарлагч дэвсэх 1 үе гэсэн ажлууд, хар цаас дэвсэх зэрэг ажил хийгдсэн тул хүлээн зөвшөөрч нэхэмжлэлээс нийт 2,000,000 төгрөгийг хасаж тооцохыг зөвшөөрнө. Хариуцагч ажлыг гэрээнд зааснаар хийгээгүйгээс шалтгаалж дээврээс ус гоожиж, хөөс салхинд хийссэн. Хөөс дэвсэхдээ углуургаар нь углаад дунд нь ганц тогтоогоод явсанаас болж салхинд хөөс нь ховхорч хийссэн. Тэр хөөснүүдийг нь цуглуулаад барилга дотор хураасан. Энэ хөөсийг нэхэмжлэгч ашиглахгүй тул хариуцагчийг буцаан авах шаардлага гаргасан. Гэрээнд Г.* ерөнхий захирал гэж гарын үсэг зурсан тул хариуцагч мөн. Гэрээний 6.1.2-т гэрээг нэг талын санаачлагаар цуцалж болно гэж заасан. Гэрээний 5 дугаар зүйлд гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд алданги тооцохоор заасан. Хариуцагчийн нийт гүйцэтгээгүй гэрээний ажлын үнийн дүн 21,869,852 төгрөгнөөс хийж гүйцэтгэсэн 2,000,000 төгрөгний ажлыг хасаж 19,868,000 төгрөг, алданги 9,934,000 төгрөг нийт 29,802,000 төгрөгийг хариуцагч *, Г.* нараас гаргуулж, дулаалгын хөөсөн материалаа буцаан авахыг даалгаж өгнө үү гэв.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Энэ гэрээг хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий этгээд байгуулаагүй. *-нд ерөнхий захирал гэсэн орон тоо байхгүй. Гүйцэтгэх захирал нь Г.*. Тиймээс гэрээ хуульд заасан эрх бүхий этгээдийн зөвшөөрлийн дагуу хийгдээгүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан шаардлагыг хангаагүй. Хуулийн этгээдийн хувьд гэрээ хуулийн шаардлага хангаагүй тул хариуцахгүй. Иргэн Г.* А.Ттай гэрээний харилцааг үүсгэсэн. Ажил гүйцэтгэх гэрээний хавсралтаар 1-7 хүртэл гүйцэтгэх ажлуудыг заасан. Мембранаас бусад бүх ажил хийгдсэн. Хар цаасны ажил ч хийгдсэн. Дээврийг хөрсжүүлэх ажлыг хийж хар цаас дэвссэн. Гэрээ үргэлжлээд явсан байхад алданги шаардаад байгааг ойлгохгүй байна. Нэхэмжлэгч тал өөрсдөө дээврийн ажлыг өөрчилж хүнээр хийлгэсэн. Хариуцагч ямар ажлыг хийж гүйцэтгэсэн нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байгаа. Өөрийн дураар гэрээний нэг оролцогчийн зөвшөөрөл тохиролцоогүйгээр шууд хөөсөнцөрийг хуулж авчираад хөөсөө ав гэдэг байдлаар хандаж болохгүй. Нэхэмжлэлийн шаардлагаас 8,644,601 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэв.

3. Нэхэмжлэгчээс 2022 оны 10 дугаарүгээр сарын 11-ний өдрийн Барилгын дээврийн ажил гүйцэтгэх гэрээ, гэрээний хавсралт, *-наас ирүүлсэн нэхэмжлэх, ажлын хөлс 19,868,000 төгрөг шилжүүлсэн баримт, А.Т, Э.* нарын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ,

4. Хариуцагчаас 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хөөсөнцөр худалдаж авсан 6,110,000 төгрөгний зарлагын баримт,

5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчийн хүсэлтээр талуудын хооронд харьцсан гар утасны вайбар, фейсбүүкээр харилцсан чат, бичлэгт үзлэг хийж баримтжуулан, гэрч Э.*, Э.*, Б.* нараас гэрчийн мэдүүлэг авч, нэхэмжлэгчийн хүсэлтээр Д.*гийн Хаан банк дахь дансны хуулгийг нотлох баримтаар гаргуулж баримтыг шүүх бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч А.Тгийн нэхэмжлэлээс 17,868,000 төгрөгийн нэхэмжлэл, дулаалгын хөөсөн материалаа буцаан авахыг даалгах шаардлагыг хангаж, 11,934,000 төгрөг, хариуцагч Г.*д холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч нь 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 21,869,852 төгрөгний барилгын дээврийн ажлыг ажлын 5 хоногийн дотор хийж гүйцэтгэх ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, урьдчилгаа 19,868,027 төгрөгийг шилжүүлсэн. Хоёр тал гэрээг 2023 оны 03 дугаар сарын 31-нийг хүртэл сунгасан боловч хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй, хөөсөнцөрийг буцаан өгч ажлын хөлс, алдангид 29,802,000 төгрөг гаргуулна гэсэн үндэслэлээр шаардах эрхээ тодохойлсон.

3. Хариуцагч нар нь *-нд ерөнхий захирал гэсэн орон тоо байхгүй. Гүйцэтгэх захирал нь Г.* тул гэрээ хуульд заасан эрх бүхий этгээдийн зөвшөөрлийн дагуу хийгдээгүй, гэрээний хавсралтаар заасан 1-7 хүртэлх ажлыг гүйцэтгэсэн. Гэрээ үргэлжилсэн тул алданги шаардах эрхгүй. Нэхэмжлэлийн шаардлагаас 8,644,601 төгрөгийг төлнө гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн зарим хэсгээс татгалзсан.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Нэхэмжлэгч Э.Т, хариуцагч *-ийн хооронд 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Барилгын дээврийн ажил гүйцэтгэх 21,869,852 төгрөгний үнэ бүхий гэрээ байгуулагдаж, гэрээний хавсралтад заасан 1.1-1.7 хүртэлх ажлыг 127,1 мкв талбай бүхий дээвэрт ажлын 5 хоногийн дотор хийж гүйцэтгэх, захиалагч А.Т гэрээний 2.2-т заасан ажлын урьдчилгаа хөлс 19,868,027 төгрөгийг гүйцэтгэгчид шилжүүлж, гэрээ 2023 оны 03 дугаар сарын 31-нийг хүртэл үргэлжилсан болох нь гэрээ, талуудын хоорондоо харьцсан гар утасны вайбар, фейсбүүкээр харилцсан чатанд хийсэн үзлэг, шүүх хуралдаанд тайлбарласан талуудын тайлбараар тогтоогдож байна.

Хариуцагч *-ийг төлөөлөх эрх бүхий этгээд гэрээ байгуулаагүй хэмээн тайлбарладаг боловч * ХХК гэрээг зөвшөөрч компаний тамга дарагдаж, ажлын хөлсийг хүлээн авсан тул тайлбар нь үндэслэлгүй.

4.2. Ажил гүйцэтгэх гэрээний 2.6-д ажлын гүйцэтгэлийг талууд актаар хүлээлцэхээр тохирч, гүйцэтгэгч * 4.1, 4.3-т заасан барилгын угсралтын ажил шаардагдах чанарын шаардлага хангасан материал ашиглах ба материалын чанарын гэрчилгээг актанд хавсрган захиалагч талд хүлээлгэн өгөх, дээврийн ажлын гүйцэтгэлийг үнэн зөв гарган, ажлын журналыг өдөр тутам хөтөлж, зохигчоор ажлын явцад тогтмол хяналт тавиулж, фото зургаар баталгаажуулан гэрээнд тусгагдсан ажил дууссаны дараа ил, далд ажлын акт бичиж захиалагчид хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн.

Зохигч Ажил гүйцэтгэх гэрээгээр гэрээний хугацааг ажил эхэлсэнээс хойш ажлын 5 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэхээр тохиролцсон боловч энэ хугацаанд гэрээ хэрэгжээгүй, талууд гэрээний хугацааг сунгасан боловч хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, үр дүн гараагүй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар гэрээнээс татгалзаж, Э.*тай 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж барилгын дээврийн ажлыг гүйцэтгүүлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон.

4.3. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар хариуцагч * нь ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үүрэгтэй.

Мөн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ, 350 дугаар зүйлийн 350.1.1 гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх, Барилгын дээврийн ажил гүйцэтгэх гэрээний 2.6-д ажлын гүйцэтгэлийг талууд актаар хүлээлцэхээр тус тус заасан үүргийг хариуцагч биелүүлээгүй буруутай байна.

4.4. Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гэрээний хавсралтаар заасан 1-7 хүртэлх ажлыг хийж гүйцэтгэсэн. Нэхэмжлэлийн шаардлагаас 8,644,601 төгрөгийг төлнө гэсэн тайлбар гаргасан боловч Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6 захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, хийсэн ажлаа актаар хүлээлцээгүй тул тайлбарыг хүлээн авах боломжгүй.

4.5. Нэхэмжлэгч нь Барилгын дээврийн ажил гүйцэтгэх гэрээнд Г.* гарын үсэг зурсан гэсэн үндэслэлээр хариуцагчаар татсан боловч гэрээ *-тай байгуулагдсан тул Г.*гээс гэрээний үүргийг шаардах эрхгүй. Мөн шүүх хуралдаанд талууд хэн аль нь гэрээний хугацаа сунгагдаж 2023 оны 03 дугаар сарын 31-нийг хүртэл үргэлжилсэнг зөвшөөрч тайлбарласан тул нэхэмжлэгч нь гэрээний 5.1-д заасан гүйцэтгээгүй хугацаа хэтэрсэн хоног тутамаар тооцож алданги шаардах эрхгүй.

5. Нэхэмжлэгч ажлын хөлсөнд шилжүүлсэн 19,868,000 төгрөгийг буцаан шаардсан боловч шүүх хуралдаанд хариуцагчийг 2,000,000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэнг зөвшөөрсөн тул хариуцагч *-наас 17,868,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Тд олгож, дулаалгын хөөсөн материалыг буцаан авахыг хариуцагч *-нд даалгаж, үлдэх 11,934,000 төгрөг, хариуцагч Г.*д холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

6. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хангаж буй үнийн дүнд ногдох төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч *-наас 17,868,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Тд олгож, дулаалгын хөөсөн материалыг буцаан авахыг хариуцагч *-нд даалгаж, үлдэх 11,934,000 төгрөг, хариуцагч Г.*д холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 377,160 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч *-наас 317,490 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Тд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА