Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 2017/ШЦТ/119

 

 

                              

 

 

 

 

 

                                     

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа, улсын яллагч Д.Дуламжав,  шүүгдэгч Б.Ганболд  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Ганболдод холбогдох эрүүгийн 1736000250013 дугаартай, 178/2017/0123/Э/ индекстэй хэргийг 2017 оны 09 дүгээр  сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Усныхан овогт Баастын Ганболд, 1962 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн, 55 настай,эрэгтэй, ПБ62090371 регистрийн дугаартай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, ганцаараа  Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багт оршин суух, урьд 1981 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Ховд аймгийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар, Ховд аймгийн Сум дундын шүүхээр 1986 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр  Эрүүгийн хуулийн 110 дугаар зүйлийн 110б дэх хэсэгт зааснаар  2 жилийн хугацаагаар хорих ялаар, 2001 оны 10 дугаар сарын 04-ний өдөр  анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3, 131 дүгээр зүйлийн 131.2-т зааснаар 2 жилийн хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, 2002 оны 06 дугаар сарын 20-ны өдөр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-д зааснаар 4 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар, 2003 оны 07 сарын 09-ний өдөр анхан шатны шүүхийн 81 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 261 дүгээр зүйлийн 261.2-т зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ялаар, 2003 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр анхан шатны шүүхийн 04 дүгээртэй шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн 29 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан гэх

            Холбогдсон хэргийн талаар:/яллах дүгнэлтэнд дурьдсанаар/       

Шүүгдэгч Б.Ганболд  нь 2017 оны 07 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө  Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ариун” хүнсний дэлгүүр буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтрэн орж, эд зүйл хулгайлж 252500 төгрөгний хохирол, мөн 2017 оны 07 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах “Буянт урд гарам” хүнсний дэлгүүр буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтрэн орж,  эд зүйл хулгайлж 278600 төгрөгний хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

Шүүгдэгч Б.Ганболд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: урьд нь мөрдөн байцаалтанд бүгдийг ярьсан байгаа. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. гэв.

Хохирогч Г.Алтанцэцэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг манай “Ариун” гэх хүнсний дэлгүүрт  2017 оны 07 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө хулгай орж Evok архи 3 ширхэг, 1 литрийн Гоулд чингис архи 2 ширхэг,0.75-ийн Гоулд чингис архи 2 ширхэг, 0.75-ийн Соёрхол архи 2 ширхэг, салями хиам 3 ширхэг, Доширак бэлэн хоол 3 ширхэг, 0.75-ийн Улаанбаатар архи 1 ширхэг, Сэнгүр пиво 1 ширхэг, сайра консерв 1 ширхэг, бэлэн 10000 төгрөг зэргийг хулгайлсан байна   гэжээ. / хх-34-р хуудас/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-5-р хуудас/

Эд зүйл үнэлсэн тухай тайлан / хх-15,20-р хуудас/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх 23-28-р хуудас/

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт/ хх-45-50-р хуудас/

Хохирогч Ү.Баярмаа мөрдөн байцаалтанд  мэдүүлэхдээ:2017 оны 07 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багт үйл ажиллагаа явуулдаг манай “Буянт урд гарам” нэртэй  хүнсний дэлгүүрт хулгай орж 6 ширхэг ундаа, алтан навч тамхи 10 ширхэг, улаан шонхор тамхи 10 ширхэг, Парламент тамхи 10 ширхэг, экс архи 1 ширхэг, Улаанбаатар архи 1 ширхэг, Ерөөл архи 9 ширхэг, 0.33-ийн ерөөл архи 1 ширхэг, 2.5 литрийн Сэрүүн пиво 2 ширхэг, том чипс 1 ширхэг, шоко үрэл 1 ширхэг, вафель печень 500 грамм, цайны печень 2 ширхэг, сайра 2 ширхэг, килька 2 ширхэг, бэлэн мөнгө зэргийг хулгайлсан гэжээ. / хх-56-р хуудас/

Эд зүйл үнэлсэн тухай тайлан /хх-68-р хуудас/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх82-85-р хуудас/ зэрэг баримт болно.

Шүүгдэгч Б.Ганболд нь 2017 оны 07 дугаар сарын 14-15 -нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Ариун” хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж иргэн Ү.Баярмаад 278600 төгрөгний хохирол учруулсан, 2017 оны 07 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Ховд аймгийн Буянт сумын Норжинхарйхан багт үйл ажиллагаа явуулдаг “Буянт Урд гарам” хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж иргэн Т.Алтанцэцэгт 252500 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтаар  нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Ганболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд шүүх тооцов.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.Ганболд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлөөгүй зэрэг байдлыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулах хорих ялыг хаалттай дэглэмд эдлүүлэхээр шийдвэрлэв. 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ганболдын үйлдсэн гэмт хэрэг тус бүрд нь ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоох нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Ганболд нь 01 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD-г хэрэгт хавсаргаж хэргийн хадгалах хугацаагаар хадгалах, битүүмжилсэн эд хөрөнгөгүйг дурдаж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Усныхан  овогт Баастын Ганболдыг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч  хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Ганболдод 2017 оны 07 дугаар сарын 14-15 -нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Ариун” хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтэрч эд хөрөнгө хулгайлсан  гэмт хэрэгт нь 02 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар, 2017 оны 07 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Ховд аймгийн Буянт сумын Норжинхарйхан багт үйл ажиллагаа явуулдаг “Буянт Урд гарам” хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтэрч эд хөрөнгө  хулгайлсан  гэмт хэрэгт нь 02 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ганболдын үйлдсэн гэмт хэрэг тус бүрд нь оногдуулсан 02 жил 01 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг  04 жил 02 сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ганболдод оногдуулсан 04 жил 02 сарын хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Ганболдоос хохирогч Т.Алтанцэцэгт 252500 төгрөг, хохирогч Ү.Баярмаад 278600 төгрөг тус тус гаргуулж олгосугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD –г хэргийн хугацаа дуустал хадгалах, шүүгдэгчийн цагдан хоригдсон 01 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох, шүүгдэгчийн битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус  дурдсугай.

7. Шүүгдэгч Б.Ганболдод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ГАНТӨГС