| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Борхүүгийн Бямбаабаатар |
| Хэргийн индекс | Э.Энххүслэн |
| Дугаар | 2026/ШЦТ/542 |
| Огноо | 2026-03-27 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Э.Билгүүн |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2026 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 2026/ШЦТ/542
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг Эрүүгийн танхимын тэргүүн, шүүгч Б.Бямбаабаатар даргалж, шүүх хуралдааны нАйн бичгийн дарга Г.Ариунжаргал, улсын яллагч Э.Билгүүн, шүүгдэгч Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн шүүгдэгч Э.Э-д холбогдох эрүүгийн 2605000000631 дугаар хэргийг 2026 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Э.Э (регистрийн дугаар *******), **** оны 5 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, ** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, МУБИС-ийн 2 дугаар курсийн оюутан, ам бүл-6, аав, ээж, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 27-р хороо, 21-р хороолол ******** тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Хэргийн товч агуулга: Э.Э нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар.
Шүүгдэгч Э.Э нь Баянгол дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хохирогч Н.А-гийн эзэмшлийн “****” гэх нэртэй онлайн дэлгүүрээс 2026 оны 1-р сарын 18, 19-ний өдрүүдэд хүргэлтийн ажил эрхэлдэг Г.О-оор дамжуулан нэр бүхий 15 ширхэг гоо сайхны бараа бүтээгдэхүүнийг хүргэлтээр авч, улмаар төлбөр төлсөн гүйлгээ амжилтай гэсэн зурвас үзүүлж, хохирогчийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, *** байрны гадна шилжүүлэн авч 303,000 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан:
- хохирогч Н.А-гийн “...2026 оны 1-р сарын 19-ний өдөр миний ажиллуулдаг Баянгол дүүргийн 23 дугаар хороо **** зочид буудлын зүүн талд байрлах А нэртэй онлайн дэлгүүрт дунд насны эмэгтэй бусадтай утсаар дүрсээ харж яриад 210,000 төгрөгийн гоо сайхны бараа аваад гүйлгээ амжилттай үзүүлээд гарсан боловч мөнгө нь ороогүй байсан. Орохгүй байхаар нь камер шүүхэд цагаан үслэг малгайтай маск зүүсэн шар куртиктэй эмэгтэй 30 орчим насны хүн байсан. Маргааш нь туранхай 30 орчим насны эрэгтэй орж ирээд видео калл хийгээд 165,000 төгрөгийн бараа аваад гүйлгээ амжилттай үзүүлсэн. Тухайн барааны мөнгийг орохыг хүлээхэд мөнгө орохгүй байхаар нь та өөрөө авсан юм уу хүн авхуулсан юм уу гэж асуухад би хүргэлт хийдэг хүн намайг эндээс бараа аваад ирвэл 15,000 төгрөг өгнө гэж хэлсэн. Тухайн залуу би танайхаас өмнөх өдөр буюу 2026 оны 1-р сарын 18-ны өдөр 74,000 төгрөгөөр бараа авсан гэж хэлхээр нь орлого зарлагаа шүүхэд тийм худалдан авалтын гүйлгээ ороогүй байсан. Тухайн залуугаас өмнөх авсан бараагаа хаана хүргэсэн бэ гэхэд Сонгинохайрхан дүүрэг 27 дугаар хороо **** давхраас сургуулийн насны эмэгтэй хүн гарч ирж авсан гэж хэлсэн. Тэгээд захиалсан барааг нь хүргэж өгч барьж авахаар очиход би гараад ирсэн байна. *** гээд дэлгүүрт үлдээчих гэсэн тэгээд буцаж ирсэн..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас),
- гэрч Д.П-ын “...2026 оны 1-р сарын 19-ний өдөр 14 цаг 35 минутад манай цагийн ажил хийдэг *** онлайн шоп гэх газарт гоо сайхны бараа авсан. Тухайн тооцоо хийхдээ гүйлгээ амжилттай үзүүлж гарсан боловч одоо хүртэл мөнгө нь ороогүй тэгээд цагдаагийн байгууллагад хандаж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас),
- гэрч Г.О-ын "...нийт 2 удаа Г М гэх фейсбүүк хаягтай холбогдоод нэг удаа хүргэж өгөхөд 15,000 төгрөгөөр тохироод Баянгол дүүргийн 23 дугаар хороо Э-н замаар хойш өгсөөд А нэртэй онлайн шоп дэлгүүрээс бараа аваад Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо *** байранд хүргэж өгөөрэй гэж хэлсэн. Дэлгүүрийн барааны зургийг явуулахад тухайн хүн сонголтоо хийгээд бараа 73,000 төгрөг болсон. Би тухайн дэлгүүрийн дансны дугаарын зургийг дарж явуулахад мөнгө хийсэн гэсэн гүйлгээ амжилттай гэсэн утгатай зураг явуулсан. Дэлгүүрээс гараад тухайн хүний өгсөн Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо **** байранд очиход намхан эмэгтэй хүүхэд бололтой нимгэн хар өнгийн цамц, хар өнгийн өмдтэй гарч ирсэн. Би тухайн бараагаа өгсөн. Тэр эмэгтэй гэр лүүгээ ороод надтай чат бичиж байсан Г М гэх фейсбүүк хаягтай хүн миний дансны дугаарыг аваад удалгүй миний монпе ******** гэх данс руу Хаан банкны ***** гэх данснаас 15,000 төгрөг шилжүүлсэн байсан. Тэгээд хоёр хоногийн дараа тухайн Г М гэх фейсбүүк хаягтай хүн чат бичээд нөгөө Э-ын замд байдаг дэлгүүрээс бараа авна гэсэн. Би тухайн дэлгүүр дээр очоод барааны зураг явуулаад нийт 175,000 төгрөг болсон. Тухайн хүн рүү хэлэхэд мөнгө хийсэн гэсэн гүйлгээ амжилттай гэсэн утгатай зураг явуулсан. Би тухайн дэлгүүрээс гарах гэтэл мөнгө ороогүй байна гээд 30-40 минут орчим болсон. Тэгээд дэлгүүрийн эзэн ирээд надтай уулзаад наад хүн чинь манай дэлгүүрийг удаа дараа залилж байна гээд хамт очиж барина гээд Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо *** байр луу очиход тухайн хүн гарч ирээгүй. Дөл хүнсний дэлгүүрт өгчих гэж чат бичсэн. Бид хоёр тэндээс салаад явсан. Тухайн хүн хүргэлтийн мөнгө болох 15,000 төгрөгөө өгөөгүй долоо хонгийн дараа миний монпе ******* тоот данс руу Хаан банкны ******* тоот данснаас 10,000 төгрөг 1-р сарын 27-ны өдөр 22 цаг 30 минутын орчим хийсэн байсан..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дугаар хуудас),
- “***********” ХХКомпанийн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 59-63 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой, шүүгдэгч Э.Э өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэргийн шинж нь “бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг бөгөөд бодит байдлыг гуйвуулах, зохиомол байдал бий болгон худал хэлэх, хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх, цахим хэрэгсэл ашиглах, худал амлах, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглах зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг бөгөөд гэмт этгээд нь бодит байдлыг гуйвуулах замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөлдүүлсний үндсэн дээр түүний зөвшөөрлийн дагуу хариу төлбөргүйгээр, өөрийн өмчлөлд авч байгаа, шунахай сэдэлттэй, шууд санаатай үйлдэл” байдаг.
Хэрэгт цугларсан баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Э.Э нь хохирогч Н.А-гийн эзэмшлийн “А” гэх нэртэй онлайн дэлгүүрээс 2026 оны 1-р сарын 18, 19-ний өдрүүдэд бусдаар дамжуулан нэр бүхий 15 ширхэг гоо сайхны бараа бүтээгдэхүүнийг хүргэлтээр авч, улмаар төлбөр төлсөн гүйлгээ амжилтай гэсэн зурвас үзүүлж, хохирогчийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 303,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Н.А-гаас “...сэтгэцэд учирсан гэм хороо үзүүлэх шаардлагагүй...” гэх мессеж (хавтаст хэргийн 69 дугаар тал), хохирогчтой утсаар ярьсан прокурорын “...хохирол, төлбөрийг бүрэн төлж авсан. Цаашид нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 96 дугаар тал) авагдсан тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Э.Э нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцох” хүсэлт гаргасан болохыг тэмдэглэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ял оногдуулах” дүгнэлтийг шүүгдэгчээс “хүлээн зөвшөөрч мэтгэлцээгүй” оролцсон болно.
Прокурорын санал болгож, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн ял нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зарчимд нийцсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасан нөхцөл байдлуудыг анхан шатны шүүх шалган тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр прокурорын саналын хүрээнд батлах нь зүйтэй гэж дүгнэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, түүний цалин хөлс, хөрөнгө, бусад орлого олох боломж зэргийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг түүнд сануулж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Эд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн 2605000000631 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 7, 8 дахь хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-д дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Э.Э-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд сануулсугай.
4. Эрүүгийн 2605000000631 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Э.Э нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл оролцогчид гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш арван дөрөв хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
6. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Э.Э-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.