Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2022/ДШМ/03

 

 

З.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Ж даргалж, шүүгч Ч.Э, Ш.Б нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор Ц.Б,

Хохирогч П.Х /онлайнаар/,

Хохирогчийн өмгөөлөгч Ж.Д,

Шүүгдэгч З.Б /онлайнаар/, түүний өмгөөлөгч Ж.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.У нарыг оролцуулан

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.М-ын даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/108 дугаар шийтгэх тогтоолыг шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.М эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоор З.Б-д холбогдох 2116000690073 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Б-ын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

М овогт З.Б нь 1980 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, оператив тактик команд штабын офицер мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 4 хороо 10- ... тоотод оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, БЮ.............. регистрийн дугаартай,

 

Шүүгдэгч З.Б нь Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын  “Шуурхай удирдлагын өрөө”-нд 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 14 цаг 30 минутын үед П.Х-ын хамар дух орчимд нэг удаа цохиж, хохирогч П.Х-ын биед хамар ясны зүүн хажуу хананы урд хэсэгт жижиг цөмөрсөн хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын зөөлөн эдийн гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт буруутгагджээ.

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь шүүгдэгч М овогт З.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б-д 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч З.Б-ыг торгох ялаас өршөөн чөлөөлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хохирогч П.Х-ын нэхэмжилсэн 3.500.000 төгрөгийн нэхэмжлэлээс 51.600 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгож, үлдэгдэл 3.448.400 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэргийн шүүхээр нэхэмжлэх хохирогчийн эрхийг нээлттэй үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дүрс бичлэг бүхий сиди /cd/ 2 ширхгийг хэрэгт хавсаргаж, хохирогч П.Х-ын компьютер томографийн шинжилгээний сидиг /cd/ өөрт нь буцаан олгож, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах үндэслэл журмыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

 

 Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.М давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: З.Б-д холбогдох 2116000690073 дугаартай эрүүгийн хэргийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 108 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

 

З.Б-ыг хохирогч П.Х-ын биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд: Хохирогч П.Х-ын үзлэгийн томографийн сидины үзлэгт дүгнэлт гаргасан шинжээч эмч нар өөрсдөө уншаагүй, өөр эмчээр уншуулаад дүгнэлт гаргасан байгаа. Мөн 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн хамрын ясны рентген зурагт хамрын таславч S хэлбэрээр мурийсан, хамрын яс С.Т-шалгах гэж үзсэн байдаг. 2021 оны 04 дүгээр сарын 19-ний гавал тархины тодосгогч бодисгүй КТГ-д тархинд голомтод болон нэвчдэст өөрчлөлтгүй, тархины эдийн нягтрал жигд ховдол өргөсөөгүй, САП өргөсөөгүй, сильевиевийн ховил 2 талд өргөсөөгүй, хамрын таславч мурийсан гэсэн үзлэг хийсэн байхад тухайн үзлэг хийсэн эмч нарыг гэрчээр асуулгах хүсэлтийг удаа дараа гаргаж байхад хангаагүй.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан СД нь 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн СД байгаа. Уг хэрэгт 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн нэг л СД байдаг. Шинжээч эмч нар он сарыг нь андуурсан гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь СД-ээс тодорхой харагдаж байгаа. Мөн уг СД-нд үзлэг хийсэн эмчийн үзлэгээр “хамар орчмын зөөлөн эд хэвийн, хамрын хөндийн салс хэвийн” гэсэн байхад шинжээчийн дүгнэлтэнд хамрын зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон байдаг. Иймд З.Б-ын үйлдлээс хохирогч П.Х-ын биед хөнгөн гэмтэл учруулсан гэх нь эргэлзээтэй байгаа тул 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 108 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Шүүгдэгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хэрэг шалгах ажиллагааны явцад гаргасан хүсэлтийг прокурор хүлээж авдаггүй. Хэт нэг талыг барьж хэргийг шалгасан гэв.

Хохирогч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Гомдолтой байна, намайг зодсон хохирол төлөөгүй гэв.

Прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

 Хэрэгт ач холбогдол нөхцөл байдлыг гүйцэд тогтоогоогүй орхигдуулсан, З.Б түүний өмгөөлөгчөөс мөрдөн шалгах ажиллагааны үед гаргасан үндэслэл бүхий хүсэлтийг хүлээн аваагүйн улмаас нотлох баримтыг шалгах, цуглуулах ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдаагүй байхад шүүх уг нотлох баримтад тулгуурлан хэргийг шийдвэрлэсэн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

1.Хохирогч П.Х-ын амбулаториор эмчлүүлэгсдийн картад: /1хх 237-238/

Эмч А хамрын ясны шинэ хугарал, хамрын таславчийн муруйлт гэсэн оношийг тавьжээ. /2021.03.15/ Түүний доорхи бичиглэлд хамрын ясны рентген зурагт хамрын таславч S хэлбэрээр муруйсан. Хамрын яс ст-д шалгах саналтай гэсэн саналыг эмч гээд бичжээ. /2021.04.16 нэр тодорхойгүй/ Түүний доорхи бичиглэлд 4/19 Хамрын ясны шинэ хугарал, таславчийн дор, хамрын ясны зүүн талд жижиг муруйлт цөмөрсөн ясыг ренозицие хийх багажаар татан өмнөд чихээс хийв. Гарсан хүндрэлгүй эмч А гэжээ.

 

Дээрх эмнэлгийн анхан шатны үзлэгийн баримтад эмч А хамрын ясны шинэ хугарал, цөмрөлт гэсэн онош тавьсан. Рентген зураг авч оношилсон, дүрс оношилгооны эмч хамрын таславч S хэлбэрээр муруйсан. /цөмрөлгүй/ Хамрын яс ст-д шалгах саналтай гэсэн саналыг гаргажээ. Хохирогч П.Х-ын биеийн байдлыг үзсэн эмч А, дүрс оношилгооний эмчийн үнэлэмж зөрүүтэй учир ст шалгах буюу компьютер томограф хийлгэж нарийвчлан үзэх санал гаргасан байж болзошгүй байна. Дүрс оношилгооны эмч хохирогч П.Х-ын хамрын яс S хэлбэрээр муруйсан гэж оношилсон нь шүүгдэгч З.Б-ын үйлдэлтэй ямар шалтгаант холбоотой нь тодорхойгүй байна.

 

Хохирогчийг анх үзсэн эмч А-аас гадна рентгэн зураг авсан эмч, компьютер томограф хийсэн дүрс оношилгооны эмч нарыг гэрчээр асуулгах хүсэлтийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.М гаргасныг /2хх 0028/ “... шинжээчийн анхан болон дахин дүгнэлтүүдийг нотлох баримттай харьцуулан үзэхэд эргэлзээтэй гэж үзэх байдал тогтоогдоогүй гэж, хэрэгсэхгүй” болгон шийдвэрлэжээ. /2 хх 30-31. 2021.08.02/

 

Дээрх байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1.5-д заасан “ Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоох“ гэх заалтад хамаарал бүхий хүсэлт байжээ. Хохирогчийн биед учирсан гэмтлийг шинжлэх ухааны аргаар үзэж судалсан /зөрүүтэй байж болох дүгнэлт бичсэн/ дүрс оношилгооны эмч нарыг хэрэгт гэрчээр асуух хүсэлтийг хүлээн аваагүй байдал нь хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн байх бөгөөд энэ талаар тодруулах шаардлагатай байна.

 

Хохирогч П.Х хамрын хэсэгт шүүгдэгчийг цохьсон хамарын яс цөмөрсөн, муруйсан гэж мэдүүлдэг, шүүгдэгч З.Б түүний дух орчим чичсэн гэмтэл учруулах боломжгүй гэж маргаж буй тохиолдолд хохирогчийг тухайн үед үзэж оношилсон рентген зураг авсан болон компьютер томографийн зураг авч оношилсон эмч нарыг гэрчээр асууж тодруулах нь хэрэгт тогтоогдвол зохих нөхцөл байдал мөн байна. Хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахаар гаргасан хүсэлтийг хангахаас татгалзсан нь буруу байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “Мөрдөгч гэмт хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт хэргийг илрүүлэх, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоох талаар энэ хуульд заасан ажиллагаа явуулах” үүрэгтэй байна. Хэргийн бодит байдлыг тогтоох гэдэгт тухайн хэрэгт ач холбогдолтой байж болох нөхцөл байдал хамаарч байна.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-т “Мөрдөгч энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу нотлох баримтыг цуглуулж шалгана.“ гэжээ. Шүүгдэгч З.Б-с /2021.05.17-нд арын дардасаар/ прокурорт шинжээчийн дахин дүгнэлт гаргахад 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр аймгийн нэгдсэн эмнэлэгт хохирогч П.Х-ын биед хийсэн компьютер томографын зураг, рентген зургийг хүргүүлэх, хэргийн материалд оруулах гэсэн хүсэлт гаргажээ. /1хх 25-26/ 2021.05.21-ний №22 дугаар прокурорын тогтоолоор ...2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд гэмтлийн зэргийн дүгнэлт гаргуулахаар хүргүүлсэн, хамт П.Х-ын биед хийсэн компьютер томографын зураг, рентген зургийг хүргүүлсэн гэж хүсэлтийг хангахаас татгалзжээ.

 

Гэтэл хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорын тогтоолоор буцаасан 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр буюу шинжээчийн сүүлийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт гарснаас 2 сар 11 хоногийн дараа П.Х-ын биед хийсэн компьютер томографын зураг cd, рентген зураг, амбулаториор эмчлүүлэгсдийн карт 6 хуудас зэргийг мөрдөгчийн тогтоолоор хэрэгт тусгажээ. Шүүгдэгч З.Б-аас гаргасан шинжээчийн дүгнэлт дахин гаргахад “компьютер томографын зураг, рентген зургийг хэрэгт хавсаргах, шинжээчид хүргүүлэх“ хүсэлтийг хангахаас татгалзсан атлаа дахин шинжээчийн дүгнэлт гарсанаас 2 сарын дараа хэрэгт хавсаргасан байдал нь нотлох баримтыг хуульд заасан арга хэлбэрээр цуглуулж бэхжүүлэх шаардлагыг хангаагүй байна. Мөн хэнээс хэзээ ямар арга замаар уг эд зүйлүүдийг гаргуулж авсан байдал нь тусгагдаагүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт мөрдөгч хувь хүний эрүүл мэндтэй холбоотой эрүүгийн хэрэгт ач холбогдол бүхий мэдээлэл, баримт бичгийг холбогдох байгууллага, албан тушаалтан, хүнээс прокурорын зөвшөөрлөөр гаргуулан авна гэж заажээ.

 

Хохирогч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.2-т хэргийн бодит байдлыг тогтооход шаардлагатай эд зүйл, баримт бичиг, мэдээлэл, бусад баримтыг гаргаж өгч хавтаст хэрэгт бэхжүүлж тусгуулах эрхтэй байхаар заажээ.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт шинжээч томилох шийдвэрт шинжилгээний обьектын талаарх мэдээллийг тусгахаар заасан байна. Тиймээс хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт нь хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан эсэх талаар анхан шатны шүүх дүгнэлт хийлгүйгээр шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож үнэлсэн нь шүүхээс үндэслэлтэй шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлсөн байна.

 

 3. Прокурорын дахин шинжилгээ хийлгэх тухай 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн тогтоол №7-д /1 хх 147/ П.Х-аас гаргаж өгсөн гэрэл зураг, 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр аймгийн нэгдсэн эмнэлэгт авхуулсан хохирогч П.Х-ын компьютер томографын CD зэргийг шилжүүлсүгэй гэжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлд “Мөрдөгч мөрдөн байцаалтын явцад энэ хуульд заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж, нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлнэ” гэжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.10 дугаар зүйл. Нотлох баримт гаргаж өгөх, нотлох баримт шалгуулах, мөрдөн шалгах ажиллагаа явуулах хүсэлтийг шийдвэрлэх.” 1.Хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, яллагдагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргаж өгсөн эд зүйл, баримт бичиг, мэдээлэл, бусад баримтыг мөрдөгч хүлээн авч, тэмдэглэл үйлдэн хавтаст хэрэгт тусгаж хавсаргана ” гэжээ.        

 

4.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 350 дугаартай Ц.Г, Ж.Г, Н.Т нарын бүрэлдэхүүнтэй дүгнэлтэд: /1хх 149-152/

 

Дүрслэл оношилгооны хариу: 2021.04.16-ны өдрийн Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн гавал тархины КТГ /CD/  /1 хх 152/ “...хамрын орчмын зөөлөн эд хэвийн, хамрын хөндийн салст хэвийн...” гэсэн байхад” Дүгнэлт хэсэгт 1, 2 ... хамрын зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо... “ гэсэн зөрүүтэй байдлаар дүгнэсэн нь эргэлзээ төрүүлж байна.   

Дээрх байдлуудаас үндэслэн дүгнэвэл хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2, 1.3-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт хамаарал бүхий нөхцөл байдлыг тогтоолгох тухай оролцогчийн хүсэлтийг хангаагүй, нотлох баримтыг цуглуулах бэхжүүлэх талаар хуульд заасан шаардлага хангасны үндсэн дээр дахин шинжилгээ хийлгээгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/108 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд Шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл оролцогчид давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.Ж

 

   ШҮҮГЧИД                                  Ч.Э

 

                                                             Ш.Б