Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 145/ШШ2024/00165

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 145/ШШ2024/00165

Арвайхээр сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

       Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа, шүүгч Д.Элбэгзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

       Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн .... оршин суух, Г.Б,

 

       Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн ....тоотод оршин суух, Э.У нарын нэхэмжлэлтэй,

 

        Хариуцагч: Өвөрхангай аймгийн .... оршин суух, С.А холбогдох,

 

       “Гэм хорын хохирол 908,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.У, Г.Б, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Г.А, хариуцагч С.А, хариуцагчийн өмгөөлөгч М.Д, иргэдийн төлөөлөгч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Батцагаан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Нэхэмжлэгч Э.У шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2022 оны 11-р сарын 27-ны өдөр Г.Б гэрт болсон. Тэр өдөр нохойндоо хоол өгөх гээд ирсэн байсан. Их хүйтэн байсан болохоор нохойныхоо хоолыг гэсгээх гээд бас гэртээ ойр зуур юмыг янзлах гээд орсон байсан. Тэгсэн гэнэт хаалга нүдээд байхаар юу болов оо гэсэн чинь С.А ирсэн юм шиг байна. Энэ яах гэж ирсэн юм болдоо, хаалгаа онгойлгоод дэмий юм биш үү? Согтуу байгаа юм биш үү? гэхэд, мэдэгдэхгүй байна над руу утсаар ярьж байсан, санаатай ирж байгаа юм байгаа биз гэсэн. Тэгээд бүүр их нүдээд, цонх бас нүдээд байхаар нь хоёулаа хүн дуудах юм уу? гэхэд Б чи байж бай гээд доошоо бууж, хаалгаа онгойлгосон. Тэгсэн С.А аймар орилоод, түс тас гэсэн чимээ гараад, хаана байна? гээд байсан. Тэр үед би жижиг өрөөнд байсан. С.А хаалганаас татаад, бид 2 хаалганы 2 талаас таталцаж, 2 үстэлцээд, намайг эхэлж алагдсанаар зодоон эхэлсэн. Б ирж биднийг салгаж, С.А хорьж, чи явж бай гэсэн. Би гараад доошоо буугаад явах гэсэн Г.Бид миний машины түлхүүр байсан учраас явж чадахгүй. Г.Б гарч ирээд яагаад яваагүй юм бэ? гэхэд миний машины түлхүүр байхгүй явж чадаагүй гэж хэлсэн.  Машинаа асаах гэтэл машин асаагүй тэгтэл С.А гарч ирээд, чи муу гараад ир гээд, ногоон өнгийн заазуураар машины шил рүү цохиод, хаалгыг нь хөшөөд, урд гупер, толь руу цохихоор нь хаалгаа жоохон онгойлгосон. Тэгсэн хаалгаар намайг татаж машинаас буулгаад өшиглөөд, үсдэж аваад чирсэн. Тэрнээс болоод годон гутлын үс нь халзарч, заазуураар куртик зүссэн. Г.Б ирээд салгаад би явсан. Дараа нь Г.Б байранд цустай холилдоод орж ирсэн. Би яасан бэ? гэхэд барьж байсан заазуураараа миний хоолой гарыг зүсчихлээ гэсэн. Харсан чинь өмссөн байсан цамц, хүзүү, гарыг нь зүсэж, цус нь гарчихсан байсан. Би тухайн үед С.А салсан гэж бодож байсан. Тэгтэл С.А ирээд намайг эвгүй байдалд оруулж, эд зүйлийг эвдсэнд гомдолтой байна. Тухайн үед хийлгэсэн үнэлгээнийхээ дагуу нэхэмжлэлээ гаргасан. Машины эвдрэлийн төлбөр 580,000 төгрөг, куртик, годон гутлын мөнгө 80,000 төгрөг, үнэлгээний хураамж 90,000 төгрөг нийт 750,000 төгрөг нэхэмжилж байна гэв.

 

         Нэхэмжлэгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2022 оны 11 сарын 27-ний өдөр 2-34-01 тоотод болсон үйл явдал юм. С.А өмнө хамтран амьдарч байсан. Тухайн үйл явдал болоход Э.У тэй хамт байсан. Хэд хоногийн өмнө С.А ярихдаа ээжийнхээ хашаа байшингийн гэрчилгээг, найман сая төгрөгтөө бодоод өгчих, тэгээд цэвэрхэн салъя, цэвэрхэн салж чадахгүй бол би чамайг бусниулаад өгнө шүү гэсэн. Надад шүүх, прокурор, цагдаад зөндөө таньдаг хүмүүс байна. Чамайг яаж ч чадна, шоронд хийнэ шүү гэсэн утгатай юм хэлсэн. 11 дүгээр сарын 27-ны өдөр 5 дугаар багаас 02-34-01 тоотод нохойндоо хоол өгөх гээд байж байсан. Нохойн хоол хөлдчихсөн байхаар нь гэсгээх гээд гэртээ халуун тогоон дээрээ халаагаад нохойндоо өгөөд хаалгаа цоожилсон. Тэгсэн хаалга түс тас гээд байхаар нь дээр өрөөнийхөө цонхоор харсан чинь С.А ирсэн байсан. Би бараг 30 минут шахам хаалгаа онгойлгоогүй. Тэгсэн өшиглөөд, цонх юмаар нүдээд байсан. Тэгээд би Урнааг бөөн юм болж магадгүй өрөөндөө ороод байж бай гэж хэлээд доошоо буугаад хаалгаа онгойлгосон. С.А гэрт дайрч орж ирээд дэргэд нь байсан сандал ширээг бүгдийг нь өшиглөж, хаана байна би алаад өгье хэнтэй харьцаад байгаа юм гээд байсан. Тухайн үед би чамаас салчихсан юм чинь яах гээд байгаа юм бэ? Чи манай гэрээс яв гэж хэлсэн. Тэгсэн орилоод дээшээ гараад 2 давхарт унтлагын өрөөнд ороод шкаф хаалгыг цохиж, нэг гүйдэг хаалгыг нь эвдэлсэн. Тэгээд хаана байна гэж орилоод тайван бус, согтуу эрүүл нь мэдэгдэхгүй байсан. Тэгэхэд хүүхдийн өрөөнд Урнаа байсан юм. Тэгээд хоёр талаасаа таталцаж байгаад хаалга руу хөлөөрөө жийгээд хүүхдийн өрөөний хаалгыг цөм өшиглөсөн. Урнаа С.А2 зодолдсон. С.А гараа зангидаад Урнааг цохиход далбилзахаар нь би дундуур нь ороод С.А бүсэлхийнээс нь бариад, Урнаа чи яв бөөн юм болох шинжтэй гэж хэлээд доош нь буулгасан. Намайг самардаад алагдаад байхаар нь С.А тавьсан. Тэгсэн шатан дээр дахин тааралдаж, барилцаад авсан. С.А дахин барьж аваад, машинаа бариад ерөөсөө яв, одоо цагдаа сэргийлэх болно гэсэн. Урнааг явсан байх гэж бодоод С.А тавьсан. Тэгсэн У машины түлхүүр надаа байж таараад У яваагүй байсан. Би машиныг асааж өгөх гэсэн машин нь асахгүй байсан. Машины урд хэсгийг сөхөхөд аккумляторын утас салсан байсан. Тэрийг залгачхаад машиндаа буцаж суугаад машинаа асаасан.  С.А машины цонхыг юмаар зураад байсан. Тухайн үед гэрээс заазуур аваад ирсэн байсан. Тэгээд Урнааг хөлийг татаад машинаас чирч буулгаад дахиад барилцаад авсан. С.А заазуур бариад алнаа гээд зогсож байсан. Тэгээд би ерөөсөө хүн амины хэрэг болох нь гэж бодоод дахин С.Алтанцэцэгийг бариад авсан. Тэр үед машины зүүн талын толь, урд гупер, хойд хаалга зэргийг заазуураар зохисон ул мөртэй, энэ нь нотлох баримттай. Цагдаа нар шалгасан нилээд удаан шалгаж, шүүх хэргээс тусгаарласан. Тэгээд нэг цагдаа шалгаж байгаад, би шалгаж байгаа юм чинь юу болсон бэ? Хэрэгсэх хугацаа нь дуусаж байгаа юм биш үү? гэхэд годон гутлаа аваад ир гэсэн. Очиход зүгээр нэг баримт бичгийг гаргаж ирээд энэ байна, би ингэж байгаад шалгана даа гээд байсан. Тэр бичиг баримтыг тэр цагдаа хадгалсаар байгаад хэрэгсэх хугацааг дуусгасан. Миний хувьд бол С.А дээр яг тухайн үед Уранчимэгийг явсны дараа билүү намайг заазуурдсан. Гар болон хүзүүн дээр сорви нь байгаа. Тухайн үед шүүх хурал дээр нотлогдсон байдаг. Тэгээд сүүлд нь би гомдолтой байна гэж явсаар байгаад С.А 200,000 төгрөгөөр торгуулсан. Одоо бол өөрт учирсан гэм хорынхоо хохирлыг төлүүлэх гэж байгаа гэв. 

 

        Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Г.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.А нэхэмжлэгч Э.У, Г.Б нар нь 2022 оны 11-р сарын 27-ны өдөр болсон маргааны улмаас эд зүйл эвдэлсэн талаарх хохирлоо нэхэмжилсэн. Хохирол учирсан байдал нь тухайн үед цагдаагийн байгууллагаас шалгасан баримтууд, эрүүгийн хэрэг, зөрчлийн хэргийн журмаар шийдвэрлэсэн баримтууд, үнэлгээний баримтууд, хөөн хэлэлцэх хугацаа дуусан үндэслэлийн талаарх прокурорыг газрын хариу мэдэгдэх хуудаснууд, Г.Б ийн эд хөрөнгөтэй холбоотой асуудал, гэх мэт холбогдох бүх баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байгаа. Эдгээр гаргаж өгсөн нотлох баримтуудаар тухайн үед Г.Б ийн гэрт эд зүйл эвдэлсэн, Э.У ийн машины эвдрэл, энэ хоёрын хувцас эдгээр баримтууд хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримтууд, тухайн үед шийдвэрлэгдсэн эрхийн актууд хэрэгт тусгагдсан байдаг. Энэ дээр хэрэг шийдэгдэхгүй удаашраад байсан зүйл нь юу гэхлээр эрүүгийн хэргээс зөрчлийн хэргийг тусгаарлаад, зөрчлийн хэргийг шийдвэрлэхдээ холбогдогч, хохирогч нараас мэдүүлэг аваад явж байгаа боловч, зөрчлийн хэрэг үүсгээгүй, нээгээгүй үндэслэлээр шийдвэрлэгдэхгүй явсаар он гарсан. Гол хэргийн удаашрах болсон шалтгаан нь хэрэг бүртгэх ажиллагааг явуулж байгаа эрх бүхий албан тушаалтнуудын хууль хэрэгжүүлэх алдаануудаас болсон. Ингээд С.А энэ хохирлуудыг учруулаагүй гэдэг нь шийтгэх тогтоолд болон давж заалдах шатны шүүхийн магадлалд шийдэгдээгүй боловч тэр гэмтлүүд байна гэдэг нь бичигдсэн байгаа. Зөвхөн эрх бүхий албан тушаалтны алдаанаас болоод энэ хэрэг шүүх дээр шийдвэрлэж болохгүй, зөрчлийн хэрэг үүсээгүй ийм үндэслэлээр хуралдаанд орсон прокурор нь энэ хэргийг авч шалгая, шүүхээс хариуцлага тооцох боломжгүй байна гэдэг үндэслэлээр хариуцлага тооцолгүй буцаж байсан. Хэргийн материалыг уншиж байхад Бийг хохирогчоор тогтоосон, мэдүүлэг авсан нотлох баримт байгаа. Энэ болохоор эрүүгийн хэргийг шийдвэрлэх явцад хэргийг тусгаарлаад шалгаж байхад шалгасан материалаа эрүүгийн хэрэг дотроо хийгээд явуулсан учраас шүүгчээс зөрчлийн хэрэг ирэхэд зөрчлийн хэрэгт нь хохирогчийг асуусан, А үйлдэлд зөрчлийн хэрэг үүсгэсэн материал, эрх бүхий албан тушаалтны тогтоол нь байхгүй учраас шүүх шийдэж чадахгүй байсан. Ийм үндэслэлээр хэрэг удааширч шийдсэн. Энэ хугацаанд холбогдох баримтуудыг цуглуулж өгөхөд А бол 2022 оны 11-р сарын 27-ны өдөр Б ийн гэрт хэрүүл маргаан үүсгэж, бие биедээ харилцан гэмтэл хохирол санаатай учруулсан хэрэгт эрүүгийн журмаар шийдвэрлэгдээд тогтоол нь хүчин төгөлдөр болсон. Зөрчлийн шинжтэй үйлдэлд хэрэг нь шалгагдаад явж байгаа баримт иргэний хэргийн материалд хангалттай орсон байгаа. Тийм учраас эрүүгийн хэргийн тогтоолд заазуурын эрүүгийн хэргийн яллах дүгнэлтэд дурдсан байгаа. Эрүүгийн хэргийн яллах дүгнэлтэд дурдсан заазуурыг анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд устгахаар заасан учраас заазуур энэ иргэний хэрэгт орж ирээгүй. Тэр нөхцөл байдлыг нотлохын тулд шийтгэх тогтоол болон яллах дүгнэлтийг иргэний хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа. Тухайн үед Б нь гэр бүлийн хамааралтай хүнийг зодсон гэдэг үндэслэлээр эрүүгийн хэргийн зүйлчлэл хүндэрч орж ирж байсан. Тухайн үед шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үеэр нотлох баримтыг үндэслээд шүүхээс С.Алтанцэцэг, Г.Б 2 тухайн үед гэр бүлийн харилцаа байгаагүй гэдэг үндэслэл байна гэж үзээд хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэгдэж байсан баримтууд хэрэгт байгаа. Өмгөөлөгчийн зүгээс бол хэрэгт авагдсан нотлох баримтууд хангалттай байгаа нотлогдсон, тухайн хэргийг зөвшөөрөх эсэх нь тухайн хүний өөрийнх нь асуудал. Нотлох баримтаар тогтоогдож байгаа учраас иргэний хуулийн 497 дугаар зүйлд зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатайгаар болгоомжгүйгээр гэмтээсэн этгээд гэм хорыг арилгах, 510 дугаар зүйлд зааснаар  Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заалт нэхэмжлэлийн агуулга шаардлагад үндэслэлтэй байгаа учраас нэхэмжлэлийн хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэсэн саналтай байн гэв.

      

       Хариуцагч С.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2022 оны 11-р сарын 27-ны өдөр юу болсон талаар тайлбараа хэлье. Би Г.Б той 2018 онд танилцаад 2022 оны 6 сар хүртэл хамт амьдарсан. 7 сард манай аавын бие муудаад эмнэлэгт хэвтэж, би өөрөө БОЭТ-д шинжилгээ мэдээ дээр ажиллаж байсан. Тухайн үед хариуцлагатай нөхцөлд ажилладаг байсан. Бас аавын бие муудаад, манайх 07-р сарын 01-ний өдрөөс 07-р сарын 18-ны хүртэл амраад, тухайн үед аавыгаа сахиад эмнэлэгт 18 хоног гараагүй. Тэр үед Г.Б ирээд явдаг байсан. Г.Б нь намайг хадаг тавьж гуйгаад авч байсан. Тухайн үед тэдний хувьд албан ёсны бэр нь болсон. Тэр байшинг 2 талаасаа босгон 2021 оны 11-р сарын 13-ны өдөр орж амьдарсан. 2022 оны 8-р сарын 15-ны нас аав нас бараад 49 хоногийг өнгөрөөд 2 сар л болох гэж байсан. Миний сэтгэл зүйн байдал муу, ээж бас эмнэлгийн хяналтад байдаг ээжийгээ асраад ирэн очин байсан. Өөрөө бас эмнэлгийн ажлаа хийгээд өглөө 6 цаг 30 минут гэж гараад орой 5 цаг 30 минутад тарж гэртээ ирдэг байсан. Тухайн үед би хувийн бизнестэй, одоог хүртэл байгаа, би санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн Г.Б той байшингаа 2 талаасаа босгоод айл гэр болж байсан. Тухайн үед гэр бүлээ батлуулаагүй. 11-р сарын 27-ны өдөр ээжийн бие тааруу, аавын ажил явдал, ээжийн бие тааруу, ажил төрөл гээд ар гэртээ анхаарлаа хандуулаагүй. Г.Б нь монтёрын ажил хийдэг. Дандаа дуудлагатай гээд шөнийн 1, 2 цагийн үед гэртээ ирдэг. Чи хааччихаад ирэв гэхээр айлд юм хийж байгаад хэдэн төгрөг олоод ирлээ гэхээр нь би хардаж сэрдэх юм байхгүй байдаг байсан. Тэр үед болохоор байшингийн гадна талын түлхүүр байдаг байсан. Тухайн нөхцөл байдалд очиход танихгүй машин гэрийн гадаа байсан. Би очихдоо эрүүл байсан, очихдоо хувцсаа авах гээд очсон. Маргааш өглөө нь хурал орох гэж байсан. Жигдэрдэг хувцас гэрт байсан учраас очсон. Тэгээд хаалгаа нүдсэн чинь онгойлгож өгөхгүй, манай 2 давхар 2-уулаа гэрэлтэй байсан. Гадна талын түлхүүр байсан болохоор дотор талаасаа түгжсэн байсныг онгойлгож болохгүй байсан. Гэрэл нь асаалттай, гадаа нь машин байсан болохоор би гадаа бараг 10 минут нүдэж зогссон. Гадаа хүйтэн байсан. Тэгээд байж байтал 2 давхраас хөлийн чимээ гараад Г.Б царай нь улаан болчихсон, хөлс нь гарчихсан, сандарсан байдалтай хаалгаа онгойлгосон. Гадаа байсан машиныг хэнийх вэ гэж асуухад манай ажлын газрын хүний машин, миний машин эвдрээд би дуудлагад явж байгаа гэсэн. Тухайн нөхцөл байдалд том өрөөнд ороход цэвэрхэн, буйдан нураасан, хувцас тайлсан байсан. Нэг хүнтэй байгаа юм шиг санагдсан. Тэгээд чи ямар хүнтэй байгаа юм бэ? гэж асуусан чинь жижиг өрөөнд Э.У гэх хүүхнийг нуусан байсан. Тэгээд би унтлагын өрөө рүү орсон. Тэр шкаф нь хадам ээжийн гэрт байдаг байсныг авчраад угсарсан байсан. Тухайн үед гэртээ ирэн очин, сүүлдээ эмнэлэг дээр байгаад бараг очихгүй байсан. Тэгээд би чи хэнтэй байгаад байгаа юм бэ? гэхэд хэнтэй ч байгаагүй гээд намайг хэл амаар доромжилсон. Жижиг өрөөний хаалгыг татсан чинь цаанаас нь татаад байсан. Тэгээд зөрүүлээд татсан чинь дотроос нь Э.У гараад ирсэн. Чи юу хийж байгаа юм бэ? гэхэд би гэртээ тавилгаа угсраад байж байна гээд намайг шууд самардсан. Тэгэхээр нь би зөрүүлээд шууд алгадсан. Тэгсэн Г.Б боль гээд намайг дарж, Э.У нь намайг нэмж цохиод элдвээр хэлээд байсан. Тэгсэн Г.Б намайг багалзуурдаж аваад, чи айлын гэрт ирчихээд юу гээд байгаа юм гээхээр нь би юмаа авах гэж ирлээ. Чи энэ эргүү амьтантайгаа яваач гэж хэлсэн. Тухайн нөхцөл байдалд Э.У ийг яваач гээд муухай орилоод байсан. Би тэр үед гэр бүлийн гадуурх харилцаатайг нь мэдсэн. Э.У гараад явахаар нь би араас гараад ярилцъя гэхэд машины хаалга онгорхой руль дээрээ биш рулийнхээ хажуу талд сууж байсан. Э.У нь миний нүүр рүү өшиглөхөөр нь би хөлөөс нь татаад буулгахад чулуу шидсэн. Г.Б ирээд чи наадхаа нэлээн зодчихлоо ш дээ ингэж зодолдож болохгүй гээд дундуур орж ирсэн. Тэгээд зодуулчхаад байж байхад Э.У яваад өгсөн. Тэгээд Г.Б би ингээд хүүхэдтэй болсон гэр бүлийн гадуур харилцаатай болсон гээд хэл амаар доромжлоод намайг хөл гар руу цохиод хөнгөн зэргийн гэмтэл учруулсан. Би Эрүүгийн хэрэгт бүх мэдүүлгээ өгсөн байгаа. Тэгж цохиж гэмтээчхээд өөрөө зугтаасан. Тэгэхээр нь би цагдаа дуудаад эцэг эх рүү нь залгахад ээж нь утсаар танай хүүхэд чинь өөр хүнтэй болчихсон байна гэж хэлчхээд хэрүүл маргаан болохгүйг хичээгээд байж байхад нэг танихгүй дугаар залгасан. Тэр нь Э.У байсан. Тэгэхэд Э.У надад хэлэхдээ нөхрөө харж байхгүй юугаа хийж байсан юм. Хоорондоо ярилцъя эвлэрье, битгий цагдаа шүүх гээд хачин юм яриад яваад бай, гурвуулаа хоорондоо ярилцаж байгаад болъё гэсэн. Та 2 намайг элбэж зодчихоод явсан. Тийм учраас би нэр хүндээ сэргээлгэж авмаар байна. Тэгээд эрүүгийн хэрэг үүсэхэд энэ 2 намайг гүтгэж, С.А заазуур барьж, намайг ингэсэн тэгсэн гэж худал яриад байсан. Тэр үед хот руу шинжилгээ хийлгэхэд Г.Бийн зүссэн нь 8 удаагийн давтамжаар үүсэх боломжтой гэж прокурор хэлж байсан. Тэгж тэр заазуур хэрэгсэхгүй болсон. Тухайн үед Э.У ийг годон гутал, тийм куртик өмссөн байсныг мэдээгүй. Энэ хоёрын тавилга ганцхан гэмтээд байна уу? гэвэл тухайн үед гурвуулаа бие биедээ гар хүрсэн, ноцолдож байх нөхцөл байдалд эвдрэл үүссэн байх ч магадлалтай. Тэрнээс биш би оронгуутаа тавилгыг эвдээд агсан согтуу тавиагүй. Г.Б, Э.У хоёрыг амьдарч байсан бол тухайн танихгүй айлд очоод хэрүүл маргаан, зодоон гэр бүлийн маргаан хийгээд нэг нэгэн рүүгээ дайрахгүй. Тэгсэн салгаад хоорондоо явсаар байгаад өдий хүрлээ. Би гэр бүлээрээ доромжлууллаа одоо болъё гэж хэлсэн. Тэгэхэд ганц удаа ч ирж уучлалт гуйгаагүй. Одоо ингээд энд чи надад хамаагүй, Э.У ийг хамт амьдардаг байхад чи дундуур орж ирлээ гэж ярьж байна. 5 жил хамт амьдарчхаад ингэж ярьж байна. Ахиж шүүх цагдаа гэж явмааргүй байна . Одоо хувийн ажлаа хиймээр байна. Бизнесээ хөгжүүлээд Улаанбаатар хотод дэлгүүрээ нээмээр байхад байнгын наашаа цаашаа дуудагдаад 2 жил явчихлаа. Тайван амьдармаар байна. Надад хийсэн зүйл байгаа бол 900,000 төгрөг битгий хэл 9,000,000 төгрөг төлөх чадвартай. Даанч би өөрөө хийгээгүй нэг ширхэг юманд хүрч эвдлээгүй болохоор энэ хэргийг С.Ахийсэн юм аа гэх нотлох баримт гарч ирээгүй болохоор, цагдаагаас, прокуророос дуудах болгонд нь очиж байсан тэгтэл хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж надад хэлсэн. Сайхан амьдрал зүгээр байсан гэр бүлээ Г.Б өөрөө ийм болгосон. Тийм болохоор намайг одоо тайван байлгаж болдоггүй юм уу? би одоо нэр төрөө сэргээж авмаар байна. Тухайн бичиг баримтыг тавиад тэр байшинд зориулж байсан. Одоо бол тэр бичиг баримтыг аваад ээжид нь өгчихсөн. Г.Бтой ямар ч холбоотой баймааргүй байна. Энэ 2 бүхэл бүтэн 2 жил араар минь тавиад үр хүүхэдтэй болсон байсан. Тухайн нөхцөл байдалд энэ хүнд итгээд ажлаа хийгээд явж байсан. Би бол одоо залхаж байна. Та бүхэн зөв талаас нь шийдвэрлэж өгөөрэй гэж хүсэж байна гэв.

 

      Хариуцагчийн өмгөөлөгч М.Д. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Бийн хохирол 150000 төгрөг, нэхэмжлэгч Уранчимэгийн хохирол 750000 төгрөг А нэхэмжилсэн байгаа. У эд зүйлийг эвдсэн гэдэг нь зөрчлийн, эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар тухайн уд зүйлийг эвдсэн гэдэг тухайн А үйлдлээр дээрх гэмтэл нь үүссэн байна гэдэг нь тогтоогдохгүй байна. Дахин шалга гэдэг асуудлаар цагдаагийн байгууллага руу буцаасан. Цагдаагийн байгууллага шалгаад дээрх эд зүйлсийг А эвдсэн гэдэг нь нотлогдохгүй байна гэдэг үндэслэлээр мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр У эд зүйлийг эвдсэн гэдэг хэрэг хэрэгсэхгүй болж дууссан. Бийн эд зүйлийг эвдсэн талаарх асуудлыг зөрчлийн хурал шалгасан. Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулаад эрх бүхий албан тушаалтан бол Бийн эд зүйлд 150000 төгрөгийн хохирол учруулсан гэдэг хохирлыг тогтоогоод, А 250000 төгрөгөөр шийтгэл оногдуулсан байдаг. А У хохирол учруулсан гэдэг талаар гэм буруутайд тооцсон эрх бүхий албан тушаалтны шийдвэр, шүүхийн шийдвэр байдаггүй. Тийм учраас нэхэмжлэгч У гэм хорын хохирол 750,000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож  өгнө үү гэв. 

 

            Шүүх бүрэлдэхүүн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчийн тайлбаруудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

           1. Нэхэмжлэгч Э.У, Г.Б нар хариуцагч С.А холбогдуулан “Гэм хорын хохирол 980,000 төгрөг гаргуулах” нэхэмжлэл шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч Э.У нь “Хонда инсайт” загварын 02-93 дугаартай автомашины гэмтэл 580,000 төгрөг, куртик болон годон гутлын хохирол 80,000 төгрөг, үнэлгээний хураамж 90,000 төгрөг нийт 750,000 төгрөг, нэхэмжлэгч Г.Б нь модон шкафын эвдрэл болон биеийн тамирын цамцыг зүсэж, урсан хохиролд 128,000 төгрөг, үнэлгээний 30,000 төгрөг, нийт 158,000 төгрөгийг тус тус хариуцагч С.А гаргуулах нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан. /хх-ийн 01 дүгээр хуудас/

 

          2. Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

 

          3. Хариуцагч С.А нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

          4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан.

 

           5. 2022 оны 11 дүгээр сарын 27-ны .......тоот хашаанд нэхэмжлэгч нар болон хариуцагчийн хооронд маргаан үүсч, нэхэмжлэгч Э.У, хариуцагч С.А биед хөнгөн гэмтэл учирсан байх ба хэрэгт авагдсан Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн 2023/шцт/53 дугаартай шийтгэх тогтоолоор нэхэмжлэгч Э.У, Г.Б, хариуцагч  С. ял шийтгэгдэж, энэ хэрэгтэй холбоотой нэхэмжлэх зүйлгүй гэсэн нь шийтгэх тогтоолд дурдагджээ. 

             

            6. Нэхэмжлэгч Э.У, Г.Б нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ эд хөрөнгөнд учирсан хохирол нэхэмжилсэн ба  Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ........ дугаартай шийтгэврийн тогтоох хэсгийн 5-т “Холбогдогч С.А холбогдох Зөрчлийн тухай хуулийн 8.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан зөрчил нь гэмт хэргийн шинжтэй эсэхийг, мөн Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.4-т заасан зөрчлийг дахин шалгахыг Өвөрхангай аймгийн Прокурорт тус тус даалгасугай” гэжээ.

 

            7. Хариуцагч С.А шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.У ийн гэх автомашинд гэмтэл учруулаагүй, заазуураар болон чулуугаар цохиж эвдээгүй, мөн гутал болон куртикийг нь ураагүй гэсэн тайлбар гаргасан. 2022 оны 11 дүгээр сарын 27-ны орой нэхэмжлэгч нартай маргаан үүсгэхдээ нэхэмжлэгч Э.У ийг автомашинаас нь хөлөөс нь татаж буулгасан гэж тайлбартаа дурдсан ч нэхэмжлэгчийн годон гутал болон куртикыг урж гэмтээгээгүй гэсэн. Нэхэмжлэгч Э.У ийн эд хөрөнгөнд гэм хор учруулсан гэх гэм буруугийн асуудлаар талууд маргаантай байгаа ба Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ... шийтгэвэрээр хариуцагч С.А эд хөрөнгө устгах, гэмтээх зөрчилд гэм буруутай эсэхийг шийдвэрлээгүй, эрүүгийн журмаар шийдвэрлэсэн эсэх нь тодорхойгүй, хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагч С.Ань нэхэмжлэгч Э.Уийн эд хөрөнгөд 750,000 төгрөгийн  гэм хор учруулсан эсэх нь тогтоогдохгүй байна гэж үзлээ.

 

            8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” нь зохигчийн үүрэг байхаар хуульчилсан ба нэхэмжлэгч Э.Уийн шүүхэд гаргасан нэхэмжлэл хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдоогүй байх тул хариуцагч С.А гэм хорын хохирол 750,000 төгрөг гаргуулах гэсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

            9. Харин хэрэгт авагдсан 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 0030698 дугаартай “Шийтгэлийн хуудас”-аар хариуцагч С.Алтанцэцэгийг нэхэмжлэгч Г.Бийн эзэмшлийн эд хөрөнгийг устгасан, гэмтээсэн гэх зөрчилд 200,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна. Энэхүү шийтгэл оногдуулсанд хариуцагч С.Амаргаагүй, гомдол гаргаагүй бөгөөд нэхэмжлэгч Г.Бийн эд хөрөнгөнд 158,000 төгрөгийн гэм хор  учирсан гэсэн үнэлгээтэй маргаагүй байна. Иймд  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”,  510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж зааснаар хариуцагч С.Алтанцэцэгээс 158,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Б д олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

            10. Иргэдийн төлөөлөгч Б.Д Шүүх хуралдаанд гаргасан дүнэлтдээ “Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцлоо. 908,000 төгрөг нэхэмжилсэн байна. Хэргийн үйл явцтай танилцлаа. Нэхэмжилсэн эд зүйлсийг холбогдох газарт нотлуулах. Нотлох баримт бичгийг үндэслэн шүүх шийдвэр гаргах байх. 908,000 төгрөгийг хариуцагч тал төлөх нь зүйтэй гэж үзэж байна” гэсэн байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтад үндэслэн шийдвэр гаргах тухай, нотлох баримтаар хангалттай нотлогдож байгаа тохиолдолд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэсэн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт үндэслэлтэй юм. 

 

         Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилав.       

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 497, дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар С.А 158,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Б ид олгож,  хариуцагч С.А “750,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэгч Э.У ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь хэсэгт зааснаар хариуцагч С.А 5,390 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Б  олгож, нэхэмжлэгч Г.Б улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5,390 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Э.Уийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,850 төгрөгийг орон нутгийн орлогын /100100000941/ тоот данснаас буцаан олгосугай.

 

        3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          А.ҮҮРИЙНТУЯА

 

                                             ШҮҮГЧИД                           Д.МӨНХТУЯА

 

                                                                                         Д.ЭЛБЭГЗАЯА