Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2023/0190

 

 

 

 

 

 

 

 

  2023          03            06                                   128/ШЗ2023/0190

 

 

МОНГОЛ  УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны дөрөвдүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.П*******

Хариуцагч: ******* Засаг дарга

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О*******, Д.Ж******* нарын хоорондын “******* Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн дүгээр захирамжийн Б******* овогтой П*******ийн гараашид холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоож, нураасан гараашийн хохирол болох дөчин сая төгрөгийг гаргуулах”-ыг хүссэн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.П*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О*******, Д.Ж*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.П******* нь ******* Засаг даргад холбогдуулан ******* Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн дүгээр захирамжийн Б******* овогтой П*******ийн гараашид холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоож, нураасан гараашийн хохирол болох дөчин сая төгрөгийг гаргуулах” гэж тодорхойлсон маргааныг хянан хэлэлцэв.

2. Нэхэмжлэгч нь маргаан бүхий актыг эс зөвшөөрч 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдөр ******* Газар зохион байгуулалтын албанд өргөдөл гаргаж,  2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн албан бичгээр гомдлыг хангах боломжгүй тухай хариуг өгсөн тул 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд:

1/ ******* Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 06-ний өдрийн тоот захирамж болон даргын 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн тоот захирамжуудад миний гараашуудын байршил тусгагдаагүй  байхад хууль бусаар буулгасан гэж,

2/ даргын захирамжаар эрх олгогдсон, зураг төслийг мэргэжлийн байгууллагаар боловсруулан баталгаажуулж, барьсан, техникийн дүгнэлттэй, газрын төлбөрийг жил бүр төлж, эзэмших гэрээгээ дүгнэж сунгаж ирсэн зөвшөөрөлтэй хөрөнгийг шударгаар олж авч, хуулийн дагуу эзэмшиж байсан гэж,

3/ Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 3-д “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө” гэж заасан тул уг актын улмаас миний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тул хүчингүй болгож, хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгч Б.П******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “2022 оны хавар 2,3 дугаар сараас эхлээд гарааш чөлөөлөх тухай асуудал үүссэн. Төд удалгүй гараашуудыг албадан буулгасан. Тэр дотор миний ашиглаж эзэмшиж байсан гарааш орсон. Үүнийг ямар хууль эрх зүйн үндэслэлээр буулгаж байгаа талаар тухайн мөчид ******* хорооны дарга болон Газар зохион байгуулалтын албанд хандаж тавьсан. Газар зохион байгуулалтын албанаас эрх зүйн акттай та бичгээр өргөдөл хүсэлт гарга гээд тэр дагуу бид нар хариу өгнө гээд ингэж хэлсний дагуу газрын албанд өргөдөл бичиж өгсөн. Тэр өргөдөл маань сүүлдээ олдохоо байсан, алга болсон. Би өргөдлийн хариу авахаар маш олон удаа очсон боловч сүүлдээ өргөдлийн хариу өгөхгүй, өргөдөл олдохгүй байсан болохоор ******* Засаг даргын Тамгын газрын дарга н.Т******* гэдэг хүн дээр орсон. н.Т******* дарга хууль эрх зүйн хэлтсийн даргаа дуудаад энэ хүний өргөдлийг өг, хариуг нь өг гээд ямар үндэслэлээр гараашуудыг татан буулгасан эрх зүйн актуудыг үзүүл гэсэн үүрэг даалгавар өгсөн. Тэр хүн яг үүний дагуу намайг дагуулаад хууль эрх зүйн хэлтэс дээр орж Газар зохион байгуулалтын албан дээр намайг дагуулж ороод ярилцаж байгаад дахиад та өргөдөл өг гээд өргөдлийн дагуу бид нар албан ёсны хариу өгөхөөр тохиролцсон. Дахиж өргөдөл бичиж өгсөн. Үүний дагуу 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр гэсэн албан бичгээр надад хариу өгсөн байдаг. Энэ хариу дээр юу гэж бичсэн бэ гэхээр тус дүүргийн хороо 19 болон 20 дугаар байрны дунд байсан 40 ширхэг автомашины гараашийг дүүргийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн дүгээр захирамжийг үндэслэн албадан буулгасан болно гээд бичсэн байдаг. Энэ захирамжийг үзэж танилцахад миний ашиглаж эзэмшиж байсан гараашийн байрлал дурдагдаагүй байсан юм. Захирамжид өөр гараашийн тухай бичсэн байсан учраас миний эзэмшиж ашиглаж байсан гараашийг эрх зүйн үндэслэлгүйгээр буулгасан байна гэж үзээд нэхэмжлэл гаргасан.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх чөлөөг баталгаатай эдэлнэ гэж заасан. 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй, Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно, Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө гэж заасан. Надад иргэн хүнд өргөдлийн хариу болгоод өгсөн албан бичиг байгаа юм. Энэ гэдэг захирамж дээр 22 дугаар байрны баруун талын 40 гарааш гээд маш тодорхой заасан. Ер нь энэ захирамжуудыг үзэхээр зүг чиг болон байршлуудыг маш сайн зааж өгсөн байгаа юм. Зүгээр урд хойно баруун зүүн гэж заахаасаа баруун урд, зүүн урд гэж маш сайн зааж өгч тодорхойлсон байдаг. Энд бол 22-р байрны баруун талд 40 ширхэг автомашины гарааш буюу 22-р байрны өөрийнх нь байрны урттай адил гарааш хоорондоо зөвхөн дундын тусгаарлах ханаар тусгаарласан гараашууд байсан. Гэтэл миний яриад байгаа 19-р байрны дэргэд 22-р байрнаас илүү хол зайтай эсрэг зүгт нь харж байгаа 20 гарааш байсан. Нийт 60 гарааш байсан. дүгээр захирамжид тун тодорхойгоор 22-р байрны баруун талд байрлах 40 ширхэг авто машины гараашийг буулгасан байна. 19-р байрны зүүн талын 20 гарааш бол тусдаа өөр байрлалд байсан учраас хамаатуулна гэж бодохгүй байна. Иргэн хүний хувьд төрийн байгууллагад газрыг яаж эзэмшиж, ашиглах ёстой вэ гэх асуудлаа тавьдаг. Ийм учиртай гэж газрын албанаас хороо хариуцсан байцаагч нар хариулдаг. Хариулахдаа та газрын төлбөрийг жил жилд нь төлнө, энэ хүчин төгөлдөр, зөрчилгүй явж байгаа байна гээд явж байгаа гэж ойлгосон. Гараашуудыг буулгахад тэр дариуд нь хөөцөлдсөн. 17, 18-р байрны хажууд гээд гараашууд байсан. Тэр гараашууд дээр том том мэдэгдлүүд наасан байсан. Гэхдээ тэр гараашуудыг буулгаасай гэж ярьж байгаа зүйл биш. Тэр гараашууд буугаагүй, яагаад мэдэгдлүүд наасныг би мэдэхгүй. Хариуцагч нарын хэлснийг ойлгож байна. Гэхдээ ямар ч зүйл хэрэгжсэн байлаа ч гэсэн хууль эрх зүйн хүрээнд үндэслэлтэйгээр өмчийн харилцаанд халдах болов уу, эрх зүйн актгүйгээр уриалга хөтөлбөрөөр хамрагдаж байна гэж хамаагүй хандаж болохгүй л гэж үзэж байна” гэв.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэний гараашийг буулгахдаа манай албанаас зүгээр ирээд ямар нэгэн байдлаар мэдэгдэхгүй ч гэдэг юм уу сайн дурын үндсэн дээр буулгасан ажил бол биш. даргын мөрийн хөтөлбөрөөр дарга, дүүргийн Засаг дарга 2020-2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгасны дагуу мөн энэ шийдвэрүүдээ үндэслэн дүүргийн , даргын дугаар захирамжуудыг гаргасан. Энэ захирамжийн хавсралтад дурдсанчлан ******* хороо 22 дугаар байрны баруун талд 40 гараашийг гаргасан. Буулгахад би өөрөө байгаагүй учраас П*******ийн гарааш аль талдаа байсан гэдгийг мэдэхгүй байсан учраас сая газрын үзлэгээр тодорхойлж авсан. Манай албаны зүгээс буулгах танилцуулга, түүнтэй холбогдох захирамж шийдвэр дээр энэ маань ерөнхий утгаар орсон байгаа. 40 гарааш гэдэг нь 22 дугаар байрны баруун талд гэж гарсан байгаа юм. Б.П******* нь баруун тал гэдэг бол миний байршил биш гэдэг. Манай зүгээс цэцэрлэгийн урд талын 2 талдаа байсан голоороо замтай байсан 22 дугаар байрны баруун тал гэдэг ерөнхий утгаар нийт гараашийг гаргасан байгаа. Энэ байршилд хамрагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн ч тэр дүүргийн ч тэр аль ч захирамж дээр байршил нь 22 дугаар байрны баруун талд гээд орсон байгаа юм. Үүнийг газрын үзлэгээр бид очиж үзсэн. 19 дүгээр байрны зүүн тал гэж яагаад дурдаагүй вэ гэдгийг ярих магадлалтай.

Гэхдээ бид үүнийг нэг бүрчлэн гарааш болгоныг гэхгүйгээр ерөнхий буулгалтын объектыг хараад 40 байршил нь нэг байршил гээд цэцэрлэгийн баруун тал болох 22 дугаар байрны баруун тал болох дан гудамж байсан. Энэ нь Жавхлант төвийн баруун талд буюу тэр талдаа байсан болов уу гэдэг бодол тэр талдаа сая газрын үзлэгээр харж ойлгож байсан. 22 дугаар байрны баруун тал энэ 2 байрны голд байгаа гараашууд байсан. Манайх хувь хүний тайлбараар нэг хүний захиалгаар дандаа тайлбар гаргаж болохгүй. Яг нэг ерөнхий байршлаасаа дурдсан байгаа юм. Гарааш буулгах арга хэмжээг даргаас 2 сараас эхлээд зураг дараад бүх төрлийн мэдээллийн албаар өөрсдөө манай газрын албанаас тайлбар гаргаад байнгын сануулж мэдээлэл хүргүүлж явсан. Үүний дагуу шаардах мэдэгдлийг хүртэл наасан. Наасны хүрээнд албадан буулгасан байгаа юм. 1999 онд захирамж шийдвэр гараад гарааш бариад тухайн компани нь иргэдэд зарсан тохиолдол байгаа. Газар эзэмших эрхийн даргын захирамжтай байж байгаад 5 жилийн хугацаатай эзэмших, ашиглах эрхтэй байсан байна. 2004 онд газар ашиглах эрхийн хугацаа дууссан. Үүнийг дахиж сунгаагүй. Үүнийг Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд зааснаар хүчингүй гэж үзэхгүй, дуусгавар болсон гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл иргэн Б.П******* нь газар ашиглах эрхийг сунгах тухай хүсэлт өгөөгүй. 2005 онд хугацаа дууссан байхад өнөөдрийг хүртэл сунгуулах хүсэлтээ өгөөгүй. Газар эзэмших эрхийн хугацаа дууссан байгаа юм. Манайхаас нөхөн олговор олгох ямар ч боломжгүй гэж үзэж байгаа юм” гэв.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гарааш буулгах ажил нь дарга, дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт батлагдаад 2022 оны газрын төлөвлөгөөнд тусгуулах зориулалтаар 2022 онд ганц Баянзүрх дүүрэг гэлтгүй Улаанбаатар хотын хэмжээнд нийт газрын зөрчилтэй гарааш буулгах арга хэмжээ өргөн хүрээнд явагдсан. Нэхэмжлэгчийн хувьд буулгасан гараашийн тухайд 40 сая төгрөгийн хохирол нэхэмжилсэн байгаа юм. Бид үүнийг үндэслэлгүй гэж үзсэн. Үндэслэлгүй гэж үзэж байгаагийн тухайд тухайн газрыг даргын 1999 оны дугаар захирамжаар 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлснээс хойш эзэмших хугацаа сунгагдаагүй. Тухайн гарааш худалдаж авах гэрээ хийгдсэн боловч газраа эзэмших эсэх асуудлыг гэрээгээр шийдээгүй. Гарааш дээр хуулийн шаардлага хангаж улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулаагүй ийм зүйлүүд байгаа юм. Газар ашиглах гэрчилгээг нотлох баримтаар сая өгч байна. Энэ гэрчилгээ нь мөн 5 жилийн хугацаатай олгогдоод хугацаа дууссан байна. Т******* гэдэг хүний нэр дээр байсан ба нэхэмжлэгчтэй хамаарахгүй гэж үзэж байгаа юм. Нэхэмжлэгчийн эзэмшиж байсан 4 ба 17 тоот гараашнуудад хууль ёсны болох нь нотлох баримтаар тогтоогдоогүй. Тухайлбал, Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-т Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ. гэж заасны дагуу маргаан бүхий гараашийн өмчлөх эрхийн гэрчилгээ нэхэмжлэгчийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэгдээгүй байна.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1-д заасан эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ гэж заасан. Дээрх хуулийн шаардлагын дагуу нэхэмжлэгчид эд хөрөнгө өмчлөх эрхийг бүртгүүлсэн болон бүртгэгдсэнийг нотолсон улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдоогүй байх тул маргаан бүхий захиргааны акт хууль зөрчсөн, түүний улмаас 40 сая төгрөгийн хохирол үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байгаа юм. Нөхөн олговор бол олгох боломжгүй байсан. Хэрвээ газрыг хуульд заасан журмын дагуу эзэмшиж, өмчилж байсан, Үл хөдлөх эд хөрөнгийн хуульд заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлж өмчилж байсан бол нөхөн олговор олгодог ийм зохицуулалттай. Нөхөн олговрыг Засгийн газрын 2018 оны 222 дугаар тогтоолоор нөхөн олговор олгох журмыг баталсан байдаг. Энэ журмыг 3 дахь хэсэгт нөхөн олговор олгох үнэлгээний зүйл гэж байгаа. Нөхөн олговрын үнэлгээний зүйлд дараах зүйлүүд хамаарна. Өмчлөх, эзэмших эрх бүхий газар, Иргэний хуулийн 85.2-т заасан газрын үндсэн бүрдэл хэсэгт хамаарах тухайн газар дээрх үл хөдлөх хөрөнгө буюу барилга байгууламж хамаарна гэж заасан. Нэхэмжлэгчийн тухайд нөхөн олговор олгоход үнэлгээний зүйл болох хуульд заасан эрх, ашиг сонирхол байгаагүй. Тийм учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.  Анх даргын 1999 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн дугаар захирамжаар “Ш” ББНөхөрлөлийн гараашийн барилгыг ******* хорооны нутаг дэвсгэрт, орон сууцны 19 дүгээр байрны зүүн талд байршуулан 0,03 га газрыг 2 жилийн хугацаатай ашиглуулахаар олгогдож, уг газар дээр 20 ширхэг автомашины гарааш баригдсан байна.

2. Үүний дараа 1999 оны 12 дугаар сарын 22-ны өдөр иргэн Б.П******* “Ш” ББНөхөрлөлөөс, мөн 2006 онд иргэн Ч.Т 4,17 тоот гараашуудыг худалдан авч 2019 оны 12 дугаар сар дуустал төлбөр төлж байсан болох худалдах, худалдан авах гэрээ, автомашины гарааш худалдан авч, бэлэн мөнгө хүлээлгэн өгсөн тухай баримтаар тогтоогдож байна.

3. ******* Засаг даргын 2022 оны дүгээр захирамжаар “...зохих зөвшөөрөлгүй автомашины тоосгон болон бетонон гарааш барьсан, төмөр гарааш чингэлэг, зөөврийн байгууламж байршуулсан зөрчлийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд албадан буулгаж, газар чөлөөлүүлэх”-ээр шийдвэрлэж үүний дагуу дээр дурдсан автомашины гараашийг буулгасан байна.

4. Нэхэмжлэгч Б.П*******ээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Нийслэлийн ******* Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн тоот захирамж, даргын 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн тоот захирамжуудтай танилцахад миний гараашийг буулгах тухай шийдвэр гараагүй байхад иргэний өмчид халдаж бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн, уг актын улмаас миний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж маргажээ.

5. ******* Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн  дүгээр захирамжаар “Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2, 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн “...дүүргийн хорооны нутаг дэвсгэр 22 дугаар байрны баруун талд зөвшөөрөлгүй баригдсан 40 ширхэг гараашийг албадан буулгаж, газар чөлөөлөх”-өөр шийдвэрлэсэн, уг захирамжийн үйлчлэлд орсон 40 гараашнаас 4, 17 тоот гараашийг иргэн Б.П******* худалдан авсан, уг гарааш байрлаж буй газрын хувьд Б.П*******ийн эзэмшил, ашиглалтад олгосон талаар эрх бүхий этгээдийн шийдвэр гарч байгаагүй, энэ талаар талууд маргаагүй байна.

6. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ", 27.3-т “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна”, 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасан, газар эзэмших эрхийг хуульд заасан журмын дагуу олж аваагүй, газар эзэмших, ашиглах талаар гэрээ байгуулаагүй, эрхийн гэрчилгээгүй этгээдийн хувьд газар эзэмших, ашиглах аливаа эрх хамгаалагдахгүй юм.

7. Маргаан бүхий газрыг 1999 оны 3 дугаар сарын 19-ний өдөр “Ш” ББНөхөрлөлд 2 жилийн хугацаатайгаар олгогдсон хугацаа нь дуусгавар болсон, нэхэмжлэгч Б.П******* нь автомашины гараашийн зориулалтаар өөрийн ашиглаж байгаа 4, 17 тоот гараашийн газрыг хуульд заасан журмын дагуу эзэмших, ашиглах эрхийг шилжүүлж аваагүй, гэрээ байгуулаагүй, түүнд газар эзэмших эсхүл ашиглах эрхийн гэрчилгээ олгогдож байгаагүй байх тул Б.П*******т газар эзэмших, ашиглах талаар хамгаалагдах эрх үүсээгүй, газрыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу эзэмшээгүй этгээдийн хууль бус эзэмшлээс газар чөлөөлөх зорилгоор гарсан ******* Засаг даргын маргаан бүхий 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн  дүгээр захирамж хууль зөрчөөгүй байна.

8. Газрыг хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлдэг /ашиглуулдаг/ бөгөөд хүн өөрийн хувийн өмчийн автомашины гараашийг төрийн өмчийн газар дээр бэхэлснээр тухайн газрыг өмчлөх, эзэмших, ашиглах эрх шууд дагаж үүсэхгүй бөгөөд газар эзэмших, ашиглах талаарх хуульд заасан нөхцөл шаардлага, газар эзэмшигч, ашиглагчийн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй, түүнчлэн уг автомашины гараашийг өмчлөх эрхээ бүртгүүлээгүй байна.

9. Өөрөөр хэлбэл, иргэн Б.П******* нь төрийн өмчийн газар дээр баригдсан өөрийн хувийн өмчийн гараашийг эзэмшихдээ хуульд заасан журмын дагуу төрийн өмчийн газрыг эзэмших, ашиглах эрхийг олж авах, хадгалах үүрэгтэй, гараашийн газар ашиглах талаар эрх бүхий этгээдийн шийдвэр гаргах, эсхүл газар ашиглах эрхийг шилжүүлэн авах, газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах болон гэрээ байгуулж, гэрчилгээ авах талаар эрх бүхий этгээдэд хандаж байсан баримт байхгүй, энэ талаарх үүргээ хэрэгжүүлээгүй байна.

10. Энэ тохиолдолд газарт бэхлэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг газар эзэмших, ашиглах эрхээс салгаж тусад нь дүгнэх хууль зүйн боломжгүй байна.

11. Гэхдээ маргаан бүхий ******* Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн дүгээр захирамжид ******* хорооны 22 дугаар байрны баруун талд байрлах 40 ширхэг автомашины гараашийг буулгаж, газар чөлөөлүүлэхээр заасан хэдий ч шүүхийн үзлэгээр ******* хороо 22 дугаар байрны баруун талд нэг эгнээгээр 42 ширхэг гарааш, 19 дүгээр байрны зүүн талд 20 ширхэг гарааш байрлаж байсан болох нь тогтоогдож байна.

12. Нэхэмжлэгч маргаан бүхий захирамжид автомашины гараашууд нь 22 дугаар байрны баруун талд байрлах нэг эгнээний 40 гарааш тусгагдсан, харин тухайн иргэний 4 болон 17 тоот гарааш нь 19 байрны зүүн талын 20 автомашины гараашуудын дунд байсан тул 2022 оны дүгээр захирамжид миний гараашийн байршил ороогүй гэж маргаж байна.

13. Мөн хавтаст хэрэгт авагдсан ******* Засаг дарга нь 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн А/328 дугаар захирамжаар тус дүүргийн хороо, 19 дүгээр байрны зүүн талд байрлах 20 ширхэг тоосгон гараашийг албадан буулгаж, газар чөлөөлөхийг үүрэг болгосон байх ба Б******* ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ болон гэрээ дүгнэсэн актаас үзвэл даргын 2022 оны А/388, дүүргийн Засаг даргын 2022 оны дүгээр захирамжийн хүрээнд ******* хороо, 19, 20 дугаар байрны дунд байрлах 40-н тоосгон гараашийг 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хооронд буулгасан болох нь тогтоогдож байна.

14. Иргэн Б.П******* нь ******* Засаг даргын 2022 оны дүгээр захирамжид манай гараашийн байршил ороогүй байхад хууль бусаар буулгасан гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байгаа хэдий ч уг маргаан бүхий захирамжид заасан байршлын хувьд нэхэмжлэгчийн гараашнууд ороогүй гэж үзэх боломжгүй юм.

15. Учир нь даргын 2022 оны А/388, ******* Засаг даргын 2022 оны дүгээр захирамжуудад нэхэмжлэгчийн гараашнуудын байршлыг 22 дугаар байрны баруун тал гэж зааж, харин 22 дугаар байрны баруун талын нэг эгнээний 40 автомашины гараашнаас 20 гараашийг салган Жавхлан төвийн  баруун тал гэж заасан болох нь хавтаст хэрэгт авагдсан ******* Газар зохион байгуулалтын албанаас 2022 онд хийсэн зөрчлийн судалгаагаар тогтоогдож байна.

16. Учир нь уг судалгааны зураг болон байршлаас үзвэл зөрчилтэй байршилд  байгаа 22 дугаар байрны 40 автомашины гараашнаас 22 автомашин гараашийг  Жавхлант төвийн баруун талд гэж зааж, харин 19, 20 дугаар байрны дундах 40 автомашины гараашийг 22 байрны баруун талд гэж тусгасан байх тул  нэхэмжлэгчийн авто гараашнуудын байршил 22 дугаар байрны баруун талд гэж  маргаан бүхий захирамжид заагдсан болох нь тогтоогдож байна.

Хууль бусаар нураасан гараашийн хохирол болох дөчин сая төгрөгийг гаргуулах тухайд:

17. Нэхэмжлэгч Б.П*******ийн 4, 17 тоот гараашнуудыг бусдаас худалдан авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож, энэ талаарх маргаанаа иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй, харин уг хэргийн хувьд дээрх гараашнуудыг 40,000,000 /дөчин сая/ төгрөгийн үнэлгээ тогтоосон үнэлгээний байгууллагын дүгнэлт байхгүй, мөн дээрх үндэслэлүүдээр гараашийг буулгаж, газар чөлөөлсөн захиргааны байгууллагын шийдвэр хууль бус болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

18. Өөрөөр хэлбэл шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэр гаргах эрхтэй, маргаан бүхий актыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн аливаа эрх сэргээгдэхээргүй байх тул нэхэмжлэгч Б.П*******т захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус үйлдлийн улмаас хохирол учирсан гэж үзэх боломжгүй байна.

19. Хэдийгээр захиргааны байгууллагын шийдвэрт гараашнуудын байршлын хувьд тодорхой гараагүй байх боловч тухайн газрыг нэхэмжлэгч эзэмшиж ашигладаггүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчид хохирол учирсан гэж үзэхээргүй байна.

20. Учир нь Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө”, 57.4-д “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна” гэж зааснаар зөвшөөрөлгүй баригдсан гараашийг албадан буулгах тухай ******* Засаг даргын 2022 оны дүгээр захирамжийг хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй байна.

21. Мөн Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д Газар эзэмших, ашиглах хугацаа дууссан, тэрчлэн зохих зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар чөлөөлөх тухай мэдэгдлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас өгсөн тохиолдолд тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага заасан хугацаанд багтааж газар чөлөөлөх үүрэгтэй байна.

22. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14 дэх заалтад заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4, 56 дугаар зүйлийн 56.5, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан иргэн Б.П*******ээс ******* Засаг даргад холбогдуулан гаргасан “******* Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн дүгээр захирамжийн Б******* овогтой П*******ийн гараашнуудад холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоож, нураасан гараашнуудын хохирол болох дөчин сая төгрөгийг гаргуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр 114.1-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

            ШҮҮГЧ                                        Д.ЧАНЦАЛНЯМ