Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 1802

 

 

 

 

С.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч М.Наранцэцэг, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2019/02162 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч С.М-ын хариуцагч Ч.Б , Н.Н нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 27 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Ч.Б , Н.Н нар нь 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 15 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлдэж авсан үүнээс хойш хүү болон үндсэн төлбөрөө төлөлгүй өдий хүрсэн. Иймд Ч.Б , Н.Н нараас үндсэн зээл 15 000 000 төгрөг, түүний хүү 3 000 000 төгрөг, алданги 2019 оны 1 дүгээр сарын 25-наас 2019 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл бодож 120х*75 000=9 000 000 төгрөг, нийт 27 000 000 төгрөгийг гаргуулан иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ч.Б ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие өөрийн хамаатан Н.Н-ын хамт С.М-тай 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 15 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлсэн. Мөнгө зээлсэн хугацаанаас хойш нийт 6 175 000 төгрөгийг Ч.Б , Н.Н-ын данснаас С.М-ын хаан банкны дансанд төлсөн. Иймд нэхэмжлэгчийн гаргасан үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй. Зээлийн гэрээний дагуу төлөх гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 8 825 000 төгрөг, 2 сарын хүүг 6 хувиар тооцож 1 800 000 төгрөг, хамгийн сүүлд төлсөн төлбөрөөс хойш буюу 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш 60 хоногийн алданги 2 647 500 төгрөг нийт 13 272 500 төгрөгийг төлөх боломжтой гэжээ.

 

Хариуцагч Н.Н-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие өөрийн хамаатан Н.Н-ын хамт С.М-тай 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 15. 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийн хүү нь 10 хувь байгаа нь илт хохиролтой, санхүүгийн хувьд ихээхэн дарамт учруулж байгаа тул зээлийн хүүг зах зээлийн бодит хүүгээр тооцож 6 хувь болгож бууруулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Ч.Б , Н.Н нараас 19 200 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.М т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 293 000 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ч.Б , Н.Н нараас 253 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.М т олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н давж заалдах гомдолдоо:

2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2019/02162 дугаар шийдвэрээр хариуцагч Ч.Б, Н.Н нараас 19 200 000 төгрөгийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.М т олгуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүхийн дээрх шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлд зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Учир нь Ч.Б, Н.Н бид нар 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр С.М-тай зээлийн гэрээ байгуулж 15 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлж зээлийн гэрээ байгуулсан. Анх зээлж авсан хугацаанаас хойш гэрээний үүргийн гүйцэтгэлийн дагуу 7 775 000 төгрөгийг С.М-ын дансанд хүүгийн хамт тушаасан болно. Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 10 225 000 төгрөг үлдсэн бөгөөд иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны /Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй/ дагуу анз нь 5 112 500 төгрөг нийт 15 337 500 төгрөгийг С.М-т өгөх ёстой байтал шүүх гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг 15 000 000 төгрөгөөс алданги тооцож Ч.Б, Н.Н бид нараас 19 200 000 төгрөг гаргуулж С.М-т олгуулах шийдвэр гаргасанд гомдолтой байна. Мөн зээлийн хүү нь зээлдэгчийн эрх ашигт ноцтой хохирол учруулж байгаа тул шүүхээс зээлийн хүүг бууруулах хүсэлт гаргасан боловч хүсэлтийг шүүх хангаагүй болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээс 3 862 500 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн зарим хэсгийг өөрчлөн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

            Нэхэмжлэгч С.М  нь хариуцагч Ч.Б , Н.Н нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 19 200 000 төгрөг гаргуулахаар шаардсаны зарим хэсгийг хариуцагч зөвшөөрөхгүй гэжээ.

 

            Зохигчдын хооронд 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр хариуцагч Ч.Б , Н.Н нар нь С.М-аас 15 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэйгээр зээлсэн бөгөөд зээлдүүлэгч нь зээлийн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлсэн тул зээлдэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар 15 000 000 төгрөгийг 3 000 000 төгрөгийн хамт  эргүүлэн төлөх үүрэг хүлээжээ.

 

            Хариуцагч нь зээлийн төлбөрт нийт 7 775 000 төгрөг төлснөө баримтаар нотолсныг нэхэмжлэгч үгүйсгээгүй бөгөөд зээлдэгч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281 дэх  хэсэгт зааснаар төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч уг үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.  

 

Дээрх 7 775 000 төгрөгийн төлбөрийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 1 500 000 төгрөг, 2019 оны 1 дүгээр сарын 24, 25-ны төлсөн 1 500 000 төгрөгийг зээлийн гэрээнд заасан хугацааны хүүгийн төлбөр гэж үзэх бөгөөд үлдэх 4 775 000 төгрөг нь   үндсэн зээлээс хасагдах үндэслэлтэй тул төлбөрийн үлдэгдэл 10 225 000 /15 000 000-4 775 000/ төгрөг болжээ.

 

Талууд гэрээний 4 дэх заалтад гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0,5 хувийн алданги тооцож төлүүлэхээр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцэх бөгөөд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс гэрээнд заасан хувиар тооцон үндсэн төлбөрийн 50 хувиас хязгаарлаж алданги шаардах эрхтэй, ийнхүү тооцвол 5 112 500 төгрөгийн алданги гаргуулах үндэслэлтэй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч нараас 15 337 500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй байна.

 

Анхан шатны шүүх зээлийн тооцооллыг гэрээний нөхцөлд нийцүүлэн, хэрэгт авагдсан баримтын хүрээнд зөв гаргаагүй, нэхэмжлэгчийн шаардсан 19 200 000 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийг хангасан нь алдаатай байгааг дээрх байдлаар зөвтгөн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн       167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2019/02162 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “19 200 000 төгрөг” гэснийг “15 337 500 төгрөг” гэж, “олгосугай” гэснийг “олгож, үлдэх 3 862 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “253 950 төгрөг” гэснийг ”234 637 төгрөг” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг  хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 76 750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

 

     ШҮҮГЧИД                                      М.НАРАНЦЭЦЭГ

 

А.ОТГОНЦЭЦЭГ