Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2022/ДШМ/04

 

Н.Б-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Э даргалж, шүүгч Т.Ж, Ш.Б нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор А.О,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Б /цахимаар/

Хохирогчийн өмгөөлөгч Д.Б /цахимаар/,

Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.А,

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.З /цахимаар/,

Шүүгдэгч Н.Б /цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Х нарыг оролцуулан

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.М даргалж, шүүгч Д.С, Н.Д нарын бүрэлдэхүүнтэйгээр хийсэн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/115 дугаар шийтгэх тогтоолыг шүүгдэгчийн өмгөөлөгч А.З эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоор Н.Б-т холбогдох 1916002790127 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Б-ын илтгэснээр хянан хэлэлцэв.

И овогт Н.Б нь 1995 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлийн мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, 4 дүүгийн хамт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багийн 11- ... тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ДЛ................. регистрийн дугаартай, Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 2019/ШЦТ/65 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар, мөн шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 2021/ШЦТ/89 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж байсан гэх.

 Шүүгдэгч Н.Б нь 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Наран багийн нутаг “Замын хүрэн” гэх газарт өөрөөс нь зам асуусан 45 настай, эмэгтэй М.Б-г “архи нэхлээ” гэж боож унагаан чулуугаар цохиж алсан, улмаар үйлдсэн гэмт хэргээ нуун далдлах, гэмт хэргийн ул мөрийг устгах зорилгоор цогцсыг автомашинтай нь галдан шатаасан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь шүүгдэгч И овгийн Н.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-ыг 11 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 11 жилийн хугацаагаар хорих ял дээр Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/89 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас элдээгүй үлдсэн 1 жил 11 сар 28 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 12 жил 11 сар 28 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б оногдуулсан 12 жил 11 сар 28 хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Н.Б-ын цагдан хоригдсон 91 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-аас 24,508,810 (хорин дөрвөн сая таван зуун найман мянга найман зуун арав) төгрөгийг гаргуулж, хохирогч М.Б-д, 7,260,000 (долоон сая хоёр зуун жаран мянга) төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Г.М-т тус тус олгож, хохирогч М.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 1,287,000 (нэг сая хоёр зуун наян долоон мянга) төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож...шийдвэрлэжээ.

 

 Шүүгдэгчийн өмгөөлөгч А.З давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой байна гэж хэргийг буцаасны дагуу анхан шатны шүүх хэргийн бодит байдлыг тогтоолгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэл муутай байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 10 цаг 20 минутанд 91-71 ГАҮ улсын дугаартай приус 20 маркийн цэнхэр өнгийн автомашинтай амь хохирогч аймгийн төвөөс гарч байгаагаар камерт бичигджээ. Улмаар 12 цаг 25 минутанд 8899........ дугаартай М.П-тай “нөхөртөө түлш хүргэж өгөх гээд явж байна...” /1-234хх/, 13 цаг 30 минутанд О.Э-той “түлш хүргэж өгөх гээд явж байна” /248хх/, 14 цагт Г.М болон М.Ц нар дээр ирээд 30 минут болоод явсан гэсэн Г.М, М.Ц нарын мэдүүлэг авагдсан байна.  Мөн 17-18 цагийн үед “нартай” байхад утгаа гарч байсан талаар гэрч Б.Н, 20 цагийн үед “нар ташиж байсан” утаа гарсаар байсан талаар гэрч Б.Ө нарын мэдүүлгээс харахад хэрэг, учрал 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 14 цаг 30 минутаас 17 цагийн хооронд буюу 2 цаг 30 минутын хугацаанд болжээ. Галын шинжээчийн дүгнэлтээр автомашин бүрэн шатахад 5-6 цаг болно гэсэн нь 17 цагаас 20 цагийн үед утаа гарч байсантай нийцэж байна.

Гэтэл хэрэг, учрал болсон байж болох 14 цаг 30 минутаас 17 цагийн хооронд Н.Б нь гэрч Ж.М, З.Н, н.Ч нартай хамт байсан нь гэрч Ж.М, З.Н нарын шүүхийн хэлэлцүүлэгт удаа дараа өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна. Нэг хүн 2 газар зэрэг байх боломжгүй байхаас гадна гэрч З.Н-ийн өмнө өгсөн мэдүүлэг яагаад хэргийн материалд байхгүй байгаа нь эргэлзээг үүсгэж байна. Мөн хохирогчийн цуснаас согтууруулах ундааны зүйл илэрсэн бөгөөд архи хаанаас авсаныг, хэнтэй уусныг нь тогтоогоогүй байна. Мөрдөн байцаалтын үед Г.М, М.Ц нар замдаа архи уугаагүй, архи байгаагүй гэж мэдүүлсэн боловч шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Ц.М-ын /1-242/ мэдүүлэгт үндэслэн асуухад мэдүүлгээ өөрчлөөд архи уугаад, машины цонхоор шидсэн гэдэг.

Н.Б-ын өмнөх мэдүүлгээр хохирогч 1 шил архи хувааж уугаад явсан гэсэн боловч Г.М, М.Ц нарын мэдүүлгээр хохирогч машиндаа архи авч яваагүй, архи уугаагүй байсан нь тогтоогддогоос гадна Н.Б тухайн үед архи, согтууруулах ундааны зүйл байгаагүй байна. Иймд хохирогчийн Говь-Алтай аймгаас архи авсан уу? эсхүл Г.М, М.Ц нар Бигэр сумаас хэдэн шил архи авсан, Н.Б архи авч явсан уу гэдгийг тогтоох шаардлагатай, тогтоох боломжтой. Учир нь амь хохирогч тухайн үед бусадтай нийлэн архидан согтуурахаар хувийн байдал тогтоогдоогүй, ажилладаг газраасаа түр чөлөө авсан, хүүхдээ сургуулиас авах байсан, түлшний мөнгийг бусдаас авсан зэргээс харахад бусадтай нийлж архи уухын тулд 2 шил архи авч нөхөр лүүгээ явах нь бодит байдалтай нийцэхгүй байна. Түүнчлэн анхан шатны шүүхээс шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа албадсан, эрүү шүүлт тулгасан, бусад хэлбэрээр хүнлэг бус хэрцгий харьцсан байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь шүүх бүрэлдэхүүнийг хэргийн материалтай бүрэн гүйцэд танилцаагүй байгааг харуулж байна.

Н.Б-ыг Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын 3-4 албан хаагч “яагаад худал яриад байна, бид нараар тоглоод байгаа юм уу, хэргээ хүлээ” гэсэн шалтгаанаар элэг, гэдэс рүү нь өшиглөж, гараараа цохиж, дал, нуруугаар нь бороохойгоор зодож, толгойд нь буу тулган цэнэглэж гэмтэл учруулсны улмаас 2019 оны 03 дугаар сард хагалгаанд орсон эвэрхий задарч дахин 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хагалгаанд ороод байна.  Энэ талаар Авлигатай тэмцэх газарт гомдол гаргаж, мэдүүлэг өгсөн бөгөөд хууль зөрчиж, шүүхээс гэм буруутай нь тогтоогдоогүй байгаа Н.Б-ын биед ямар шалтгааны улмаас халдсан, гэмтэл учруулсан үйлдлийг нь шалгаж, эрүү шүүлт тулгаж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн эсэх талаар мөрдөн байцаалтын ажиллагаа явагдсан боловч прокурор болон мөрдөгчийн зүгээс хэт нэг талыг барьж, хэргийн бодит байдлаас зөрүүтэй дүгнэлт хийж хэрэг бүртгэлтийн хэрэг хаасан. Холбогдох гомдлыг хаасан гэдэг нь хууль бус үйл явдал болоогүй гэсэн үг биш бөгөөд хэрэгт авагдсан баримтаас Н.Б-тай хүнлэг бус харьцсан байдал тогтоогдож байхад шүүх дээрх дүгнэлтийг хийсэн нь ойлгомжгүй байна.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.12 дугаар зүйлд зааснаар эрүү шүүлт тулгаж, бусад хэлбэрээр хүнлэг бус хэрцгий харьцаж мэдүүлэг авсан нь тогтоогдвол авсан мэдүүлгийг нотлох баримтаар тооцохгүй.

Н.Б-ыг цагдаагийн алба хаагчид зодсон болох нь гэрч Д.Б-ийн “...шөнө цагийг нь сайн санахгүй байна дэд дарга Н.Э намайг дуудаад хүн үзээдэх гэхээр нь би уг хүнийг нь дагуулж яваад үзлэг хийсэн. ... Б нь хий ханиалгаад хүчээр огилт өгөөд өөрт нь зовиуртай байгаад байх шиг байхаар нь анилгин, демодрол тариагаар судсаар хийсэн”, гэрч С.О-ын “... 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр тухайн өдрийн ээлжийг ахлаж ажиллаж байх үед манай цагдан хорих байранд Н.Б 19 цагийн үед хүргэгдэж ирсэн. Н.Б-ыг миний бие болон цагдан хорих байрны дарга Г.Г, бага эмч ахмад З.Э, хүний тоо бүртгэлийн байцаагч ахлах дэслэгч Л.Д нар хүлээн авч Н.Б-ын биед үзлэг хийж тэмдэглэл хөтлөн, тоо бүртгэлд оруулж хүлээн авсан. ... нүцгэн биеийг үзэхэд зүүн далны доод хэсэгт хөхрөлттэй байсан ба хэмжээг нь хэлж мэдэхгүй байна. Далны хэсэгт үүссэн шарх сорвийн талаар асуухад цагдаагийн газар мэдүүлэг өгч байхад бороохойдуулсан гэсэн”, гэрч Г.Г-ын “...юу болсон талаар асуухад миний нуруу руу резенин бороохойгоор 4 удаа бороохойдож цохьсон гэж хэлсэн” шүүхийн шинжилгээний албаны шинжээч Д.Д-ийн 01 дугаартай хүний биед шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт, Н.Б-ын тодорхой, үйл баримтыг дурдаж өгүүлсэн мэдүүлэг зэргээр эрүү шүүлт тулгасан, гэмтэл учруулсан нь тогтоогдсоор байхад хэрэгт холбогдогч цагдаагийн алба хаагч нарын эрс үгүйсгэсэн мэдүүлгийг үндэслэж хэргийг хаасан нь илт үндэслэл муутай байхаас гадна хэргийн бодит байдлаас зөрүүтэй байгааг шүүх анхаарч чадаагүй байна.

Дээрх үндэслэлүүдээр хэргийн жинхэнэ байдал тогтоогдоогүй байхад шүүх таамаглалд үндэслэж, “Замын хүрэн” гэх газар эзгүй хээр газар тул өөр хүн байхгүй гэсэн байдлаар шүүгдэгч Н.Б-ын өөрийнх нь өгсөн худал мэдүүлэгт үндэслэн гэм буруутайд тооцсоноос өөр бусад баримтыг нэрлэн зааж чадаагүй байна. Иймд шүүх Н.Б холбогдох хэргийн жинхэнэ байдлыг тогтоож чадаагүй, түүний гэм буруутай эсэхэд эргэлзээтэй байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж хэргийг цагаатгаж өгнө үү гэжээ.

Прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Н.Б нь 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Наран багийн нутаг “Замын хүрэн” гэх газарт өөрөөс нь зам асуусан 45 настай, эмэгтэй М.Б-г “архи нэхлээ” гэж боож унагаан чулуугаар цохиж алсан, улмаар үйлдсэн гэмт хэргээ нуун далдлах, гэмт хэргийн ул мөрийг устгах зорилгоор цогцсыг автомашинтай нь галдан шатаасан гэмт хэрэг үйлдсэн байна.  Энэ үйл баримт нь иргэний нэхэмжлэгч Г.М-ын мөрдөн байцаалтад өгсөн “... 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр би өөрийн эзэмшлийн 82-38 ГАҮ улсын дугаартай ХОВО маркын ачааны машинаар өвс ачаад Бигэр сумаас аймгийн төв рүү ирж байгаад дизелийн түлш дууссан юм. Тэгээд аймгийн төв рүү утсаар талийгаач эхнэр Б-тэй холбоо бариад түлш захиж авхуулсан юм. Тэр өдөр надад түлш авч ирж өгөхдөө миний эзэмшлийн 91-71 ГАҮ улсын дугаартай хар хөх өнгийн цэнхэр гэж хэлэхээр Приус-20 загварын машиныг унаад очсон юм. Тэгээд түлшээ өгчихөөд буцах замдаа машиныхаа номерыг жалганд хаясан байх  тул олж аваад Наран баг дээр очоод надад нэг ундаа авч тавиад явах талаар хэлээд явсан юм. Тэгээд би араас нь яваад аймгийн төв дээр ирэхэд гэртээ ирээгүй байсан тэгээд хайж эхэлсэн бөгөөд 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр машинтайгаа шатсан байдалтай нас барсан байхыг нь олсон байсан. Талийгаачийг нас барсантай холбоотойгоор эгч Б нь хохирогчоор тогтоогдсон байгаа. Харин би өөрийнхөө шатсан автомашиныг нэхэмжилж, иргэний нэхэмжлэгчээр оролцож байна.... 2004 онд үйлдвэрлэгдсэн, 2012 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Монгол улсад орж ирсэн автомашин байгаа. Би 2018 оны 10 дугаар сард Улаанбаатар хотоос Э гэсэн байх танихгүй хүнээс 8,500,000 төгрөгөөр худалдаж авсан юм. Одоо тухайн автомашинаа 8,500,000 төгрөгөөр нь үнэлж байна...” гэсэн мэдүүлэг /1 хх 197-198/,

Гэрч Н.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...Өглөө 10 цагийн үед цэнхэр өнгийн Приус-20 загварын авто машинтай, улсын дугаарыг нь сайн анзаараагүй, нэг 40 орчим насны эмэгтэй жолооч ганцаараа ирээд машиныхаа банкинд 10.000 төгрөгт 92 бензин хийлгээд, 20 литр, 10 литрийн, 4 литрийн хуванцар тос маслоны саванд дизель түлш хийлгэж авсан, нийт бензин, дизель түлш нийлээд 88.600 төгрөгт авсан. Тооцоогоо бэлэн мөнгөөр хийсэн... Бигэр сумаас ирж байсан манай хүний түлш дууссан байна гэж хэлсэн. Өөр зүйл яриагүй... Өөр хүн байгаагүй, ганцаараа явж байсан...” гэсэн мэдүүлэг /1 хх 249-250/,

Гэрч М.Ц-ийн мөрдөн байцаалтад өгсөн “... 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 16 цагийн үед Бигэр сумаас аймгийн төв рүү орж ирсэн юм. Тэгээд би аймгийн төв рүү орж ирээд М-ийн гадаа буучихаад байж байсан чинь манай эхнэр ирж намайг авсан юм...Бид 2 наашаа ирж яваад Бигэр сумын Бор нурууны овоо өнгөрөөд машины түлш дууссан юм. Тэгсэн М-ийн эхнэр бид хоёрт 30 литр түлш авчирч өгсөн... М-ийн эхнэр бид 2 дээр ирэхдээ машиныхаа гуперийг хагалчихсан, урд номероо хаячихсан байсан. Тэгээд бид 2 дээр ирэхдээ төөрч явж байгаад ирлээ гэж хэлж байсан. Ганга руу машинаа хийчихээд гаргаж авлаа. Тэндээ машиныхаа номерыг гээсэн байх гэж хэлсэн. Тэгсэн М замдаа номероо олж аваад яваарай гэж хэлээд явуулсан... М-ийн эхнэр бид 2 дээр ирчихээд 20-30 минутын өмнө явсан байх ...” гэсэн мэдүүлэг /2 хх 16-17/,

Гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн “... Би Нарангаас явахдаа хүмүүст эмэгтэй хүн хайж байгаа, таарах юм бол хэлээрэй гэж захиж үлдээсэн. Маргааш өглөө нь байж байсан чинь манай ах Д над руу залгаад чи өчигдөр ямар хүн хайгаад байсан юм гэхээр нь хөх Приустэй эмэгтэй хүн хайж байсан юм гэсэн чинь олсон юм уу гэхээр нь олоогүй гэсэн чинь би адуунд явж байгаад Замын хүрэнгийн бууцны салаа уруудаж бууж байгаад шатсан Приус машинтай таарсан урд хамар дээр нь хүний хөл байх шиг байсан гэхээр нь би тэгээд наад тухайгаа хүнд хэлсэн юм уу гэсэн чинь миний утас цэнэггүй, сүлжээгүй газар мал хөөгөөд явж байсан болохоор хүнд хэл өгч чадсангүй одоо л утас цэнэглээд сүлжээнд гарч ирж байна гэсэн...” гэсэн мэдүүлэг /2 хх 101-103/,

Гэрч Ц.О-ийн мөрдөн байцаалтад өгсөн “... Намайг очиход манай эхнэр, Д, талийгаач Д-ын адуучин гээд нударгатай цэнхэр тэрлэг өмссөн, сартай хонгор морь унасан 25 орчим насны эрэгтэй хүн ирсэн байсан. Мөн би тэр хүнтэй 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өглөө адуунд явж байгаад Эрэнгийн худгийн бэлийн тэнд тааралдсан юм. Тэгээд бид 4 манай малыг хараад машины хажууд хоносон. Мөн тэр талийгаач Д-ын адуучин залуу би өнөөдөр Цахир булаг дээр адуу орж иртэл өнжлөө. Мөн манай нэг найз Приусээ шатаачихсан гэж хэлж байсан. Тэгээд би нэг их тоогоогүй унтаад өгсөн ...Цахир булаг дээр ирж байхад Д мотоциклоо унаад мөн Цахир булаг дээр ирээд бид хоёр адуугаа олоод 2 морио тавьсан. Тэр үед Д надад Замын хүрэнгийн бууцны эх өөд ганганы ёроолд машин шатсан байна гэж хэлсэн... Замын хүрэнгийн бууцны эхийн зүүн талын толгойн энгэр дээрээс би дурандахад шатсан машины тааз харагдахаар нь өчигдрийн ирж хонодог талийгаач Д-ын адуучны ярьсан зүйл юм байна гэж бодоод очилгүй явсан юм...” гэсэн мэдүүлэг /2 хх 117-119/,

Гэрч Б.М-ийн мөрдөн байцаалтад өгсөн “... Н.Б 2019 оны 09 дүгээр сарын 02-нд зүүн тийшээ Наран багийн нутаг руу холбоотой хоёр адуугаа олж ирнэ гээд 10 цагийн үед явсан. Тухайн 2 адууг Хөхморьт сумаас тууж ирсэн талаар өөрөө ярьдаг ба тухайн адууг манайхан хараагүй. Маргааш нь буюу 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр ирсэн. Манай ээж хаана хоносон талаар асуухад хойно дэрсэнд хоносон талаар хэлсэн, адуугаа олоогүй гэсэн ... Н.Б хааяа архи уудаг юм шиг байна лээ. Ямар зан араншин гаргадгийг нь сайн мэдэхгүй ... Н.Б огцом ууртай, хүний үгийг сонсохдоо муу, хааяа худлаа яриад байдаг ...” гэсэн мэдүүлэг /2 хх 131-132/,

Гэрч З.Н-ийн мөрдөн байцаалтад өгсөн “... Талийгаач Д-ын адуучин гэх хонгор морь унасан хөх өнгийн дээлтэй залуу үдээс өмнө хавьцаа байсан байх манайх дөнгөж нүүж ирж байсан учир цагаа далд хийсэн байсан, анзаарч хараагүй... Надад гэрт юм оруулж өгөхдөө дээлээ тайлаад цайвар цамцтай байсан санагдаж байна. Өмд нь бараан өнгийн өмд байсан ажиглаж хараагүй. Надад ярихдаа урд шөнө Нарангийн гол дээр унтаад ирлээ, адуу мал хайж байна гэж байсан... Надад хэлэхдээ гол дээр адуу орж ирэхийг хүлээж байгаад явна гэсэн. Бид нар удалгүй нүүж ирсэн газар луугаа буцаад тэр залуу гол дээр үлдсэн...” гэсэн мэдүүлэг /2 хх133-134/,

Гэрч Б.Я-ийн мөрдөн байцаалтад өгсөн “... Бид 3 хониныхоо хажууд хоноглох гээд байж байхад талийгаач Д-ын адууг хардаг гээд сартай хонгор морьтой, хар сеткэн малгайтай, цэнхэр өнгийн нударгатай тэрлэгтэй, цэнхэр женсин өмдтэй, хар өнгийн бакалан гуталтай, цэнхэр женсин өмдний баруун талын гуяны дотор хэсэг дотуур өмдтэйгөө хамт урагдсан өмдтэй 25 орчим насны залуу ирж хамт хоносон. Адуугаа олоод алдчихлаа гэж ярьж байсан. Мөн манай найзын Приус маркийн машин шатсан талаар ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /2-р ХХ137-138/

Гэрч Д.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн “... Н.Б 2019 оны 09 дүгээр сарын 03-нд гэртээ ирсэн... Хар саравчтай малгайтай, цэнхэр дээлтэй, шар дурдан бүстэй, хар хөх өнгийн женсин өмдтэй, хар бакалан гуталтай явсан... 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр жижиг гэрт усанд ороод хувцсаа угааж байсан. Ногоон футболк, хар ногоон цахилгаантай ханцуйтай цамцаа угаасан байсан, цус болсон эсэхийг мэдээгүй ...” гэсэн мэдүүлэг /2-р ХХ139-140/,

Шүүгдэгч Н.Б-ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “... Тэр эгч урагшаагаа хөдөлж яваад буцаад ухарч ирээд сэтгэл санаа тавгүй байна архи ууя гэж хэлсэн тэгэхээр нь би дуугүй байж байтал машинаасаа 0,75 литр архи гаргаж ирээд задалсан тэгээд тэр архийг бид 2 хувааж уугаад 2 тийшээ салсан. Тэгээд надад хэлэхдээ наанаа хүлээж байгаарай би буцаад хүрээд ирье гэж хэлээд явсан. Тэгээд би морио аваад замын эсрэг талд байсан үрээнүүдээ хойшоогоо хөөчихөөд байж байтал ардаас тэр эгч хүрээд ирсэн. Тэгээд 2-лаа нэг салаа руу орж архи ууя манай нөхөр араас ирж байгаа гэж хэлсэн тэгээд замаас салаад зогсохоор нь би морио чөдөрлөж орхиод тэр эгчийн машинд суугаад дээшээгээ өгсөж яваад нэг хадтай газар архи хувааж уусан тэгээд тэр эгч надад архи авч өгсөн чи одоо надад архи авч өг гээд маргалдсан. Тэгээд маргалдаж байснаа тэр эгч миний толгой руу нэг юмаар цохиод авсан би уур хүрээд тэр хүнийг боогоод унагаачихсан. Тэгээд би толгой, шанаа хавь руу чулуугаар цохисон тэр эгчийн толгой хамар орчмоос цус гарч байсан тэгээд би айгаад машиныг нь унаад дээшээгээ явж байгаад эрэг рүү очоод мөргөчихсөн. Би нэлээн байсныхаа дараа нөгөө хүн дээрээ яваад очсон чинь ухаан ороогүй надад цохиулсан газраа хэвтэж байсан. Тэгээд би өргөсөн чинь даахгүй байсан эхлээд өргөөд явж байгаад худаг шиг юмны цаад талд очоод тэрнээс цааш чирээд явсан тэгээд машин дээрээ очоод хажууд нь тавьчихаад машины ар талыг онгойлгож үзсэн чинь 3 ширхэг түлшний сав байсан юм. Би тэр түлшний савнуудыг 0,5 литрийн ундааны саванд юүлээд тал орчим түлш гарч ирсэн тэгээд тухайн юүлж авсан 250 грамм орчим дизелийн түлш байхаар нь машины суудал дээр асгаад шүдэнз зураад асаачихсан юм. Тэгээд айхдаа тухайн газарт байсан хүнийг машины урд талын копудан дээр нь тавьсан юм. Тэгээд тэндээсээ хөндийрөөд жоохон урагш яваад унтаад өгсөн байсан сэрээд урд талын орой дээр нь гараад бор савтай ус, тэр эмэгтэй хүний гар утас зэрэг байсныг утсыг нь дундуур нь нугалаад хаячихсан. Тэндээсээ бүрий болж байхад морь руугаа яваад чөдөрлөсөн газрынхаа нэлээн цаад талаас аваад Ямаан усны хөндий өгсөөд хойшоогоо Наран багийн тал руу гарсан юм. Тэгээд нүүж явсан айл байхаар очоод уулзахад О гэдэг айл байсан тэндээ хоол идэж хоночихоод өглөө нь үрээнүүдээ аваад гэр лүүгээ явсан юм...” гэсэн мэдүүлэг /3 хх 99-102/,

Шинжээч Д.Д-ийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 34 дугаартай цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “... 1. Талийгаач М.Б-ийн цогцос нь толгой, цээж, хэвлий, дотор эрхтэн /бөөр, дэлүү, нойр булчирхай, нарийн бүдүүн гэдэс/, мөчдийн шаталт явагдсан тул гэмтэл тогтоох боломжгүй.

2. Дээрх эрхтнүүдийн шаталт нь өндөр хэмийн үйлчлэлээр үүснэ.

3.4. Цогцосны толгой, цээж, хэвлий, дотор эрхтэн /бөөр, дэлүү, нойр булчирхай, нарийн бүдүүн гэдэс/, мөчид бүрэн шатаж бүтцийн өөрчлөлтөнд орсон тул нас барсан шалтгааныг нарийвчлан тогтоох боломжгүй.

5. Шүүх химийн шинжилгээний №5911 тоот хариунд 1.1 промилли спиртийн зүйл илэрлээ.

6. Дээрх спиртийн зүйл нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна.

7. Цогцос нь шатсан учир цусны бүлэг тогтоох боломжгүй болно...” гэсэн дүгнэлт /3 хх 22-23/,

Шинжээч Д.З-ийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 5911 дугаартай химийн шинжилгээний дүгнэлт /3  хх 27/,

Шинжээч Ш.П-ын 2019 оны 10 дугаар сарын 23-ны 4984 дугаартай “... 1. Бугуйвч, гар утас дээр хүний цус илэрсэн. Уг цус нь ДНХ-ийн тогтцоороо нэг эмэгтэй хүний цус байна.

2. Бугуйвч, гар утас дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо талийгаач М.Б-ийн гэх булчингийн эдийн ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...” гэсэн дүгнэлт /3 хх 174-175/,

Шинжээч Ш.П-ын 2019 оны 10 дугаар сарын 23-ны 5000 дугаартай “...1. Шинжилгээнд ирүүлсэн бор өнгийн цаасан ууттай шороо, цагаан өнгийн цаасан ууттай хайрга дээр цус илэрсэн, нийлэг уутанд хийсэн хар өнгийн чулуулаг зүйлс дээр цус илрээгүй.

2. Бор болон цагаан өнгийн цаасан уутанд хийж ирүүлсэн шороо, хайрган дээр илэрсэн цус нь ДНХ-н тогтоцоороо нэг эмэгтэй хүний цус байна. Уг цус нь ДНХ-н тогтцоороо булчингийн эдийн ДНХ-ийн тогтцоороо тохирч байна.

3. Шинжилгээнд ирүүлсэн булчингийн эд нь ДНХ-н тогтцоороо Д.А-ийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой ½ буюу генотипийн 50%-тай тохирч байх тул шатсан гэх цогцос нь Д.А-ийн охин М.Б-ийн цогцос байх боломжтой байна...” /3 хх 178-180/, 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, /1 хх 5-7/, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 9-21/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 25-31/, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 83-85/, Unitel ХХК-ний 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 05-01/5766 дугаартай албан бичиг/148/, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /3 хх 63-66/, гэрэл зургийн үзүүлэлт /3хх 67-76/, Ашид билгүүн ХХК-ний 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 292 дугаартай Автомашины техникийн үнэлгээний тайлан /3хх 243-244/, М.Б-ийн нас барсны бүртгэлийн лавлагаа /4 хх6/, зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ.

Н.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн амь хохирогч М.Б-ийн амь насыг хохироосон талаарх мэдүүлэг нь түүний мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл болон бусад нотлох баримтуудаар тухайлбал амь хохирогчийг боож, чулуугаар толгой руу нь цохиж амь насыг хохироосон гэх газраас цусны ул мөр илэрсэн, хохирогчийг өргөж авч явж байгаад цааш чирсэн гэх газарт нь чирсэн ул мөр илэрсэн, улмаар хохирогчийг машины урд шил рүү толгой хэсгийг харуулан машины хамар дээр өргөж тавиад шатаасан гэж заасан газарт нь тухайн байдлыг нотлох ул мөр илэрснийг хэргийн газрын үзлэгээр бэхжүүлсэн, мөн газар орны болон эд зүйлсийн байршлыг эргэлзээгүй заасан нь хэргийн газрын үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдалтай тохирч байна. Мөн шүүгдэгч Н.Б нь амь хохирогчтой архи хувааж уусны дараа, маргалдан цамцаар нь боож унагаад 3, 4 удаа толгойд нь чулуугаар цохисон гэх  газрын хөрснөөс илэрсэн цус нь амь хохирогч М.Б-ийн цус мөн болох нь шинжилгээгээр, тогтоогдсон. /3 хх 072-74, 173-174/

Мөн “хүн алсанаасаа айгаад түлшний савнуудын үлдэгдлийг асгаж байгаад шүдэнзээр гал тавьсан, баруун талын орой дээр гараад талийгаачийн гар утсыг, бор савтай устайгаа хаясан. Гар утсыг нугалаад базаад хаясан” талаарх шүүгдэгчийн мэдүүлэг газар хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /1хх 6-7/, шүүгдэгчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /3 хх 75-76/ “... уг газрын орчим 500 метрт самналт хийн баруун урд талд байх толгой дээр гарч ирэхэд шүдэнзний хайрцаг байсныг А 7 тоогоор тэмдэглэж, координат тогтооход N46002’40.3, E096039’44.05 солбицолд байв. Уг цэгээс баруун урагш 2,50 метр зайд бор өнгийн таган дээрээ “Сэнгүр” гэх бичиглэлтэй хуванцар сав, дотроо шингэн агууламжтай байв. Уг цэгээс урагш 3,30 метр зайд шаргал өнгийн Самсунг гэх бичиглэлтэй гар утас байх бөгөөд дэлгэц хагарсан, дундуур нь нугалж хугалсан байдалтай байв. Арын тагыг салгасан байв. “ гэсэн тэмдэглэлтэй тохирч байна.

Шинжээчийн дүгнэлтэд уг гар утаснаас хүний цус илэрсэн нь ДНХ тогтоцоороо хохирогч М.Б-ийн булчингийн эдийн ДНХ тогтоцтой тохирч байгааг тусгасан байна. /3 хх 174-175/

Гэрч Ц.О-нд очиж түүний эхнэр Б.Д, Ц.О нарт “... манай найз машинаа шатаачихсан ...” гэж хэлсэн байдал /2хх26-32, 156-157/ буюу Н.Б-ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд нь хэрэгт  нотлох баримтаар авагдаж мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогджээ. Шүүгдэгч нь тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед тухайн газарт байгаагүй хүн мэдэх боломжгүй мэдээллүүдийг нарийвчилж, тодорхой мэдүүлж байсан нь бусад нотлох баримтаар давхар нотлогдсон байх тул анхан шатны шүүх шүүгдэгчийн мөрдөн байцаалтад хэргээ хүлээсэн, мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлсэн нь үндэслэлтэй байна.  Мөн гэрч нарын эхний мэдүүлгүүдэд тухайн үед болсон үйл явдлыг тодорхой эргэлзээгүй мэдүүлж байсан бөгөөд гэрч нар энэ хэрэгт хувийн ямар нэгэн сонирхолгүй, тухайн үйл явдал болсноос хойш удаан хугацаа өнгөрсний улмаас зарим зүйлийн талаарх гэрч нарын ой санамж бүдгэрсэн болохыг зарим гэрч нар  мэдүүлсэн ч гэрч нарын мэдүүлэг хоорондоо ноцтой зөрүүгүй, бие биеэ нөхсөн шинжтэй  байгаа тул гэрч нарын мэдүүлэгт эргэлзэх үндэслэлгүй байна.

Шүүгдэгч нь гэрч нарыг  машин шатсан талаар асуугаагүй байхад найзынх нь машин шатсан талаар ярьсан. Мөн өөрийнхөө танихгүй, уулзаагүй хүмүүс буюу хохирогчийн нөхөрийн талаарх мэдээллүүдийг гэрч нарт ярьж байсан зэрэг нь шүүгдэгч хохирогчтой хамт байхдаа уг мэдээллүүдийг авсан болохыг нотлож байгаа бөгөөд шүүгдэгчийн хожим өгсөн “Зөвхөн зам асуугаад явсан.” гэх мэдүүлэг үндэслэлгүй, харин түүний хохирогчтой хамт архи ууж байгаад маргалдаж түүнийг чулуугаар цохьсон гэх мэдүүлэг үндэслэлтэй болохыг давхар нотлож байна гэж дүгнэх үндэслэлтэй. Мөн Н.Б-аас мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн, эрүүдэн шүүсэн, эрхийг нь хязгаарласан байдал нотлох баримтаар тогтоогдоогүй бөгөөд энэ асуудлыг шалгаад Авлигатай тэмцэх газраас хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн байна.

Шүүхээс Н.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-ыг 11 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 11 жилийн хугацаагаар хорих ял дээр Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/89 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас элдээгүй үлдсэн 1 жил 11 сар 28 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 12 жил 11 сар 28 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б оногдуулсан 12 жил 11 сар 28 хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.  Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

          Тиймээс шүүгдэгчийн өмгөөлөгчийн хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгчийг цагаатгах агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/115 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч А.З-ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

           2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-ын анхан шатны шүүх хуралдаанаас хойш цагдан хоригдсон 71 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

          3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд Шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.Э

                   ШҮҮГЧИД                              Т.Ж

                                                                                  Ш.Б