| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 145/2023/00455/И |
| Дугаар | 145/ШШ2023/00476 |
| Огноо | 2023-11-06 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 145/ШШ2023/00476
| 2023 оны 11 сарын 06 өдөр | Дугаар 145/ШШ2023/00476 | Өвөрхангай аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймаг ......... оршин суух, П нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймаг, ........оршин суух, . Ж холбогдох,
“3,000,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болортуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.П шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ц.Ж ...ӨВР дугаартай Бонго пронтер автомашиныг 2021 оны 9 дүгээр сарын сүүлээр 3,000,000 төгрөгөөр үнэлж аман тохиролцоо хийж өгсөн. Ц.Ж нь урьдчилгаа өгөлгүй тухайн ондоо багтаан 3,000,000 төгрөг өгнө гэж хэлээд одоог хүртэл өгөөгүй. Би анх машинаа хөдөөнөөс авчраад Ц.Ж мотор солиулж, янзлуулсан. Машин янзалсны дараа нь тэр хүнд машинаа зарчихмаар байна гэж хэлсэн чинь би таны машиныг авъя, нааш цаашаа юм зөөхөд надад тохирох байна гэсэн. Тэгэхээр нь хоёулаа ярилцаад тохиролцож болно гэсэн чинь би машиныг чинь янзалж авъя гэхээр нь хоёулаа наймаагаа баруун зүүнээрээ хийнэ шүү гэсэн. Тэгээд мөнгийг нь энэ ондоо багтааж бөөнд нь өгөөрэй гэж тохиролцсон. Тэгээд он дууссан. Оноос өмнө би Ц.Ж...д нэг очиход Цагдаагийн газрын арын байрны подволд амьдарч байгаад би энэ байраа зарчихвал таны мөнгийг шууд өгнө. Байрыг маань хүмүүс үзээд байгаа, он гараад цагаан сараас өмнө байр зарагдчих юм бол таны мөнгийг бэлнээр бүгдийг нь өгнө гэсэн. Тэгээд хараад байсан ч мөнгөө өгөөгүй. Сүүлд нь би нөгөө байранд нь очиход байхгүй болохоор нь сураглаад явахад аймгийн баруун талаар нэг блокоор засварын газар барьж байгаа гээд шавар хийж, гэрт амьдарч байсан. Тэгээд нөгөө байрандаа байгаад байхаар болохгүй байраа чөлөөлөөд, цэвэрлэгээ хийчихээр зарагдах байх удахгүй гэсэн. Ахиад хараад байсан ч мөнгөө өгөөгүй. Би тэр үед хөдөө байсан болохоор хөдөөнөөс ирэхээрээ очиж уулздаг байсан. Тэр болгонд худлаа, үнэн нь мэдэгдэхгүй боломж муутай байна, машин засаж байгаа, гагнуур хийж байгаа гэдэг байсан. Өнгөрсөн өвөл хөдөөнөөс ирсэн чинь энд ерөөсөө олигтой мөнгө олж чадахгүй, таны мөнгийг удаагаад байна би Өмнөговь аймгийн Цагаан хад руу явах санаа байгаа гэсэн. Тэгэхээр нь чи тийшээ явчих юм бол холбоогүй болоод уулзаж чадахгүй болчих юм биш үү? гэсэн чинь би байнга холбоотой байна гэсэн. Тэрнээс өмнө би машиныхаа мөнгийг боломжоороо бага багаар ч хамаагүй өгөөд бай гэж байсан тэгье гэдэг байсан. Тэгээд гэрт нь нэг очиход байхгүй байхаар нь утас руу нь залгасан чинь гэр орон хамаг юмаа ачаад шөнөдөө саадгүй, эхнэр хүүхдээ ч дааруулаагүй ирэх газраа ирчихлээ гэсэн. За тэгвэл миний дүү наанаа ажил хийгээд ахынхаа мөнгийг даруйхан өгөөрэй, цаг хугацаа нэлээд явчихлаа шүү гэсэн. Тэгээд сүүлдээ утсаа авахаа больсон. Хүүхдүүдийн утсаар залгаад ч авдаггүй байсан. Холбоогүй байгаа болохоор хүүхдүүд маань явдаг газраар нь яв, таныг элэг бариад мөнгөө өгөхөө больчихлоо гэхээр нь би шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ц.Ж ерөөсөө худлаа яриад байгаа. Өмнөх шүүх хуралдаан дээр миний машиныг төмрийн хог, байнга эвдэрдэг энэ тэр гээд байсан. Үнэхээр тийм бол хаа байсан Өмнөговь руу шөнөдөө орно гэж байхгүй. Одоогоороо тэнд машин нь яваад, намайг зарснаас хойш нэлээд торгуулж байгаа юм байна лээ. Явдаггүй төмрийн хог байсан бол торгуулна гэж байхгүй. 2023 оны 04 дүгээр сард 50,000 төгрөгөөр торгуулсан л байсан. Тэгэхээр тэнд миний машин зүгээр явж л байгаа. Одоо би энэ хүнээс машиныхаа үнийг гаргуулж авмаар байна. Эхлээд машинаа зарахдаа 4,000,000 төгрөгөөр тохирч байсан ч ахаа миний бололцоо муу байна жаахан яриад өгөөч гэхээр нь би 3,500,000 төгрөг л болгож болно, чи овоо хэдэн сар унаад ажлаа амжуулаад байгаа гэсэн арай л биш байна гэхээр нь за яахав 3,000,000 төгрөгөөр заръя, бэлэн өг гэсэн чинь одоо бол мөнгө байхгүй, хэд хоног юм уу ганц хоёр сарын дараа бэлэн өгье гээд 3,000,000 төгрөгөөр тохиролцсон. Бид хоёрын дунд машин засварын 500,000 төгрөгийн яриа гарсан. Эхлээд машиныхаа үнийг буулгаач гэхэд нь би засварын мөнгө 500,000 төгрөг хасъя гэсэн. Өөрөө болохоор би засаж таны машиныг сайхан болгосон гээд 3,000,000 төгрөгөөр тохиръё гэхээр нь засварын үнэ мөнгөө шингээгээд 3,000,000 төгрөгөөр тохиролцсон гэв.
Шүүх зохигчийн шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Ц.П нь хариуцагч Ц.Ж..т холбогдуулан “3,000,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Хариуцагч Ц.Ж нэхэмжлэлийн хувийг гардуулсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй” гэж заасан хугацаанд шүүхэд хариу тайлбар гаргаагүй. 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр товлогдсон шүүх хуралдаанд хариуцагч Ц.Ж цахимаар оролцсон ч шүүх хуралдаанд цахимаар оролцох нөхцлөө бүрэн хангаагүйгээс хариуцагчийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулахаар шүүх хуралдааныг хойшлуулсан.
3. Шүүх хуралдааны товыг хариуцагчид мэдэгдсэн ч хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, нэхэмжлэгч Ц.Пшүүх хуралдааныг хариуцагчийн эзгүйд үргэлжлүүлэх тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж зааснаар хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болно.
4. Нэхэмжлэгч Ц.П болон хариуцагч Ц.Ж нар нь 2021 оны 09 дүгээр сард автомашин худалдах, худалдан авах талаар харилцан тохиролцож, Ц.Пнь өөрийн өмчлөлийн автомашинаа холбогдох баримт бичгийн хамт шилжүүлэх, харин Ц.Ж нь автомашины үнэ 3,000,000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбараар нотлогдож байна. Талуудын дээрх тохиролцоо нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан худалдах, худалдан авах гэрээний шинжтэй байх тул нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд худалдах худалдан авах гэрээ амаар байгуулагдсан гэж дүгнэхээр байна.
5. Нэхэмжлэгч Ц.П ...ӨВР дугаартай Бонго пронтер автомашинаа холбогдох баримт бичгийн хамт хариуцагч Ц.Ж шилжүүлсэн байх ба хариуцагч энэ үйл баримттай маргаагүй болохыг дурдах нь зүйтэй. Автомашин нь хөдлөх эд хөрөнгө бөгөөд Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж зааснаар гэрээний зүйл болох автомашины өмчлөх эрх хариуцагч Ц.Ж шилжжээ.
6. Хариуцагч Ц.Ж шүүхэд хариу тайлбар гаргаагүй ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт зааснаар 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд оролцож гаргасан тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан тайлбартай адилтган үзсэн болно. Хариуцагч тайлбар гаргахдаа гэрээний зүйл болох автомашиныг зориулалтын дагуу ашиглах боломжгүй эвдрэлтэй байсан буюу худалдсан эд хөрөнгө биет байдлын доголдолтой байсан гээд, одоо автомашиныг нь буцаан шилжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт “Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй” гэж заасан ч хариуцагч эд хөрөнгийн доголдолтой холбоотойгоор шаардлага гаргаж байсан эсэхээ нотлоогүй. Нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбарт хариуцагч Ц.Ж нь автомашин засварын үйл ажиллагаа эрхэлдэг, гэрээний зүйл болох автомашиныг худалдан авахаасаа өмнө засвар, үйлчилгээ хийж байсан гэх үйл баримт дурдагдсан байгаа тул хариуцагчийг эд хөрөнгийн доголдлын талаар гэрээ байгуулах үедээ мэдээгүй, мэдэх боломжгүй байсан гэж үзэх үндэслэлгүй байна.
7. Нэхэмжлэгч, хариуцагч нар Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, хариуцагч Ц.Ж худалдан авсан эд хөрөнгийн биет байдлын доголдолтой холбоотойгоор ямар нэгэн шаардлага гаргасан эсэхээ нотлоогүй тул нар Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хэлэлцэн тохирсон үнийг хариуцагч Ц.Ж төлөх үүрэгтэй байна гэж үзлээ.
8. Талууд худалдах, худалдан авах гэрээний үнэ буюу автомашины үнийг 3,000,000 төгрөг байхаар харилцан тохиролцсон талаар тайлбар гаргасан. Нэхэмжлэгч Ц.П шүүхэд гаргасан тайлбартаа уг автомашиныг худалдахаасаа өмнө хариуцагч Ц.Ж...оор 500,000 төгрөгийн үнэ бүхий засвар, үйлчилгээ хийлгэж, засварын төлбөр 500,000 төгрөгийг өгөөгүй гэсэн ба хариуцагч Ц.Ж шүүхэд гаргасан тайлбартаа засвар үйлчилгээний төлбөрийг нэхэмжлэгч төлөөгүй тухай мөн тайлбар гаргасан. Хариуцагч засварын төлбөр төлөөгүй гэх тайлбар гаргасан ч үнийн талаар шүүхэд тайлбарлаагүй тул нэхэмжлэгчийн тайлбарт дурдагдсанаар засварын төлбөрийг 500,000 төгрөг гэж тооцлоо. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч тал биет байдлын доголдолгүй эд хөрөнгө худалдан авагчид шилжүүлэх үүрэг хүлээдэг, мөн автомашинд засвар, үйлчилгээг хийсний дараа талууд худалдах, худалдан авах гэрээний талаар тохиролцсон байх тул нэхэмжлэлийн шаардлага 3,000,000 төгрөгөөс засварын хөлс гэх 500,000 төгрөгийг хасаж, хариуцагч Ц.Ж..оос 2,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.П..д олгох нь зүйтэй байна.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч Ц.Ж..оос 54,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.П..оод олгож, нэхэмжлэгч Ц.П...гоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийн орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дах хэсэгт зааснаар хариуцагч Ц.Ж...оос 2,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.П..оод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Ц.Ж...оос 54,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.П..гоод олгож, нэхэмжлэгч Ц.П...гоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийн орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА