| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 145/2023/00439/И |
| Дугаар | 145/ШШ2023/00491 |
| Огноо | 2023-11-10 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 145/ШШ2023/00491
| 2023 оны 11 сарын 10 өдөр | Дугаар 145/ШШ2023/00491 | Өвөрхангай аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Х..............” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “д......” ХХК,
Хариуцагч: .................. оршин суух, ......... овгийн ....д ххк......... нарт холбогдох,
“................... төгрөг гаргуулах” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, Ө.Б, хариуцагч .............. ХХК-ийн захирал Г.Э., хариуцагч О.Г шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн Өвөрхангайн салбарын захирал Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч “д” ХХК хамтран үүрэг гүйцэтгэгч О.Г нар нь Х 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ,,,,,,,,,,,,,,,зээлийн гэрээ байгуулж 800,000,000 төгрөгийг жилийн 10.65 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай нөөцийн мах бүрдүүлэх зориулалтаар зээл авсан. Зээлдэгч нар нь 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр тус зээлийн банкны энгийн бизнесийн зээл рүү шилжүүлэн зээл олголт, эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулах гэрээ байгуулж зээлийн хугацааг 6 сараар сунгаж өөрчлөлт оруулсан. Тус зээлийн үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ....... болон ........ тоот барьцааны гэрээнүүдийг тус тус байгуулан дараах эд хөрөнгийг барьцаалуулсан. Үүнд: Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, ..... гудамж, ....... тоот хаягт байршилтай “Д.” ХХК-ийн өмчлөлийн .........кв талбайтай, улсын бүртгэлийн ....... дугаар бүхий махны зоорь зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, 5-р баг, Арвайхээр Шинэ Арвайхээр гудамж, 422 тоот хаягт байршилтай “Д..” ХХК-ийн 5000 м.кв талбайтай, улсын бүртгэлийн .... дугаар бүхий эзэмших эрхтэй газар "Д ХХК”-ийн үйлдвэрийн байранд ашиглаж буй үйлдвэрийн тоног төхөөрөмж жагсаалтаар тус тус барьцаалуулсан. Зээлдэгч нь 2023 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн байдлаар зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээлд 569,391,350.74 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 27,741,998.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 80,989.8 төгрөг нийт 597,214,339.29 төгрөг төлсөн байна. Зээлдэгч нь “Д” ХХК, хамтран үүрэг гүйцэтгэгч О.Г нар нь зээлээ хугацаандаа төлөлгүй хугацаа хэтрүүлж гэрээний үүргээ зөрчсөн, мөн зээлийн гэрээний үүргийн дагуу зээл, хүү төлөх талаар удаа дараа мэдэгдсэн боловч өнөөдрийн хүртэл зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй байна. Иймд банк зээлдэгч “Д..” ХХК, хамтран үүрэг гүйцэтгэгч О.Г нарт дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ........ дугаартай зээлийн гэрээний төлбөрт 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар: Үндсэн зээлийн үлдэгдэл 230,608,649.26 төгрөг зээлийн хүүгийн төлбөр 15,751,906.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1,668,918.76 төгрөг нотариатын зардал 19,000 төгрөг, нийт 248,048,474.59 төгрөгийг гаргуулах, дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалуулсан доорх барьцаа хөрөнгүүдээр үүргийг гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. Үүнд:....... хаягт байршилтай “Д” ХХК-ийн өмчлөлийн 1152м.кв талбайтай, улсын бүртгэлийн .. дугаар бүхий махны зоорь зориулалттай үл хөдлөх хөрөнгө, .... хаягт байршилтай “Д.” ХХК-ийн 5000 м.кв талбайтай, улсын бүртгэлийн .... дугаар бүхий эзэмших эрхтэй газар, “Д ХХК”-ийн үйлдвэрийн байранд ашиглаж буй үйлдвэрийн тоног төхөөрөмж жагсаалтаар, Жич: Шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл хуульд заасан баримтыг бүрдүүлж хариуцагчаас нэмж нэхэмжилнэ гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн үнийн дүнгээс 20,070,000 төгрөгийг үндсэн зээлийн үлдэгдлээс хасах боломжтой. Үлдэгдэл 229,376,571.59 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн “Д” ХХК нь 2021 онд зээл авахдаа 2020 онд зээлийн хүсэлт гаргаж байх үеийн өөрсдийнх нь гаргаж өгсөн эд хөрөнгийн жагсаалт байгаа. Эдгээр эд хөрөнгүүд нь байгаа гэж үзсэн. Мөн барьцааны гэрээг жагсаалтын дагуу гэж барьцаалсан учир эдгээр эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэсэн зорилгоор гаргаж өгсөн. Бидний хувьд эвлэрэх боломжгүй гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Батхорол шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Нэмэлт тайлбар байхгүй гэв.
Хариуцагч О.Г...шүүхэд гаргасан тайлбартаа: Манайх нэхэмжлэгч талтай зөвшилцөх, эвлэрэх хуульд заасан хугацаа байсан ч бид нар тухайн үед гуравдагч талтай худалдах, худалдан авах харилцаатай байсан. Түүнээс шалтгаалж нэхэмжлэгч талтай зөвшилцөх саналтай байгаа. Миний бие тухайн үед “Д.” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Уг компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, хөрөнгө оруулагч нар бүгд Улаанбаатар хотод байдаг. Өвөрхангай аймагт ирээд Хтай зөвшилцөх хугацаа өгөх, гуравдагч талаасаа мөнгөө авах гэж хүлээсээр байгаад, мөн тодорхой хэмжээний төлөлт хийгээд уулзах боломж байгаа гэж ойлгоод ярилцсан. Төлөлтөө хийх гэхээр тухайн салбар нь өөрөө тийм ч сайнгүй байгаа байсан учир зөвшилцөх хугацаа өнгөрсөн. Одоо бид нар шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч талтай зөвшилцөлд хүрч тодорхой хувиар график гаргаж тохироод хоёр талаасаа гэрээ хийх боломж байна уу? гэж хүсмээр байна. Тухайн үед бид нарын нөхцөл байдал маш хүнд байсан. 2021 оны 12 дугаар сард уг зээлийг аваад нөөцийн мах бүрдүүлж буцаагаад 2022 оны хавар Нийслэлийн нөөцийн махыг хүн амын хэрэглээнд гаргах хариуцлагатай байсан. 2021 оны 12 дугаар сарын үед мал махны бэлтгэл үе дуусах тал руугаа орчихсон байхад өндөр дүнтэй зээл авсан. Дээрээс нь хүйтэрсэн, цаг орсон байсан учир малчдын нөхцөл байдал хүнд байсан. Гэсэн хэдий ч бид энэ зээлийг үр ашигтай зарцуулж нөөцийн махаа борлуулна гэж тухайн зээлийг авсан. 2022 оны хавар экспорт яваагүй, 01 дүгээр сараас хойш Монгол Улсаас нэг ч тонн мах гадагшаа гараагүй. Тухайн экспортын уялдаа холбоо нь дотоодын махны үнэ өсөхгүй байх, үнэ хэлбэлзэхгүй байхад нөлөөлдөг. 2022 онд Нийслэлийн хэмжээнд 13,000 тонн нөөцийн мах бэлдсэн. Гэтэл 2022 оны хавар 22 аж ахуй нэгж 13,000 тонн мах Нийслэлийн хэмжээнд бэлдчихээд 06 дугаар сар хүртэл борлуулахад нийт махны дөнгөж 50 хувийг л борлуулсан. Тэр нөөцийн махнаас манай компанид үлдсэн. Дээрээс нь нөөцийн махны борлуулалт маш удаан, зардал өндөртэй. Ингээд 2022 оны нөөцийн мах бэлдсэн зөвхөн манайх биш маш олон компани санхүүгийн хүнд байдалд орсон. 12 дугаар сард нь мал мах бэлтгэн нийлүүлэгч гуравдагч буюу бидний хэлж заншсанаар махны ченжүүдээс мах авч бэлдсэн. Тухайн үед урт хугацаанд харилцаж байсан хүмүүсээсээ махаа авч бүрдүүлээд хавар нь үнэтэй зарж байж зээлийнхээ хүүг төлж эргэн төлөлт хийнэ, компани тодорхой хэмжээний үр ашигтай байх ёстой байтал 2022 онд экспорт яваагүй, махны үнэ уналттай, мах авч чадах амьжиргааны чадвар маш хүнд байсан. Мах битгий хэл гэдсэн бууз авч идэх хүн ховор, махны борлуулалт бага байсан. Махны үнэ бага байгаа ч борлуулалт муу байсан. Энэ хүнд байдлаас болоод тухайн зээлээ цаг хугацаанд нь төлж чадаагүй нөхцөл байдалд хүрсэн. Тухайн хүнд байдлаа нэхэмжлэгч талд тайлбарлаад зээлээс хоног хугацаа хойшлуулах хүсэлт гаргаагүй ч тайлбар гаргаад явж байсан. Гэхдээ өнөөдрийн байдлаар тухайн зээл төлөгдөөгүй урт хугацаа өнгөрсөн ч манай зүгээс сөрөг нэхэмжлэл гаргахгүй. Хамгийн гол нь тухайн цаг үеийн нөхцөл байдлаас хойш махны үйлдвэрүүдийн үйл ажиллагаа өнөөдрийг хүртэл гүйцэт сайн сэргээгүй байгаа. 2022 оны 11 дүгээр сараас экспорт бага багаар явж эхэлж байгаа. “Д” ХХК-ийн махны үйлдвэр экспортын чиг хандлагатай үйлдвэр бөгөөд дулааны аргаар мах боловсруулдаг дотоодын махны хэрэгцээ, хүнсний хангамжид өмнө нь орж байсан туршлагатай. Өмнө нь Хнаас зээл аваад цаг хугацаанд нь төлөөд явж байсан. Одоо бол энэ хэргийн хувьд шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч талтай зөвшилцөлд хүрэх сонирхолтой байна. Одоо махны бэлтгэл ажил явагдаж байгаа, өнөөдрийн байдлаар “Д” ХХК-д дулааны аргаар мах боловсруулах ажиллагаа хийгдээд мах экспортод явуулах гээд экспортын бичиг баримтын зөвшөөрөл стандартуудаа аваад, орон нутагтаа ажлын байр бий болгоод Узбекстан улс руу экспорт хийх гэж байгаа. Энэ үйлдвэрийг би тухайн үед хариуцаж байсан бөгөөд 0-ээс эхлээд би өөрийн биеэр оролцоод гүйцэтгэх захирлаар явж байсан. 3 жил гаран гүйцэтгэх захирлаар ажилласан. Энэ хугацааны хүнд байдалд компани хар толботой үлдэх гээд байна. Уг компанийг эхнээс нь явахад хасах бланстай гарч байсан тохиолдол бараг байхгүй. Ер нь бол нэмэх бланстай гараад, мах боловсруулаад, дотоодын хэрэгцээнд сав баглаа боодолтой, “Д” ХХК гэсэн брэндтэй, сарлагийн зурагтай бүтээгдэхүүнээ гаргаад явж байсан. Энэ хүнд байдлыг зөвхөн манай компани биш маш олон компаниуд үүрээд гарсан. Хэдийгээ манай компани хэдэн арван жил хөл дээрээ тогтож чадаагүй болохоор бүдэрч байх шиг байна. Гэхдээ нэхэмжлэгч талын нэхэмжилж байгаа мөнгийг төлж барагдуулахад ямар ч асуудал байхгүй. Хоорондоо тохиролцоод хуваарь график гаргаад явах хүсэлттэй байна. Энэ экспортын үед Узбекстан улс руу экспорт хийхээр явж байгаа болохоор ажил хийж, хөдөлж байж өрөө дараад явна. Зээлийн хугацаа дууссанаас хойших хүү, алдангийг төлөөд явж байгаа. 1 сар хүрэхгүй хугацааны өмнө “Д” ХХК-аас 20,000,000 төгрөгийн төлөлт хийгдсэн. Хүү, алдангийг төлөөд явж байгаа учраас нэхэмжлэгч талтай эвлэрэх санал гаргаж байгаа. Зээл авсан, буцааж төлөх үүрэг хүлээсний дагуу тухайн үйл ажиллагаа явуулж байгаа компани нь гуравдагч этгээдээс авах авлагаа аваад төлөлтөө хийнэ гэсэн бодолтой байгаа гэв.
Хариуцагч “Д” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Э шүүхэд гаргасан тайлбартаа: О.Г захирлын тайлбарыг дэмжиж байна. Учир нь О.Г захирал анхнаасаа манай үйл ажиллагааг явуулж байсан. Мөн өр төлбөрийн асуудал дээр гэрээг гардан хийсэн. Миний хувьд санхүүгийн асуудлаар холбоотой учир түр зуур гүйцэтгэх захирлаар томилогдсон. Тэрнээс манай үйл ажиллагааг О. захирал гардан явуулж байсан учир О.Гзахирлыг ямар санал гаргаж байна түүнийг би дэмжинэ гэв.
.......... хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ,
Х ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 5540/315 дугаартай итгэмжлэл, 01/8526 дугаартай, 29/3558 дугаартай итгэмжлэлийн хуулбарууд,
ЗГ/202147050509 дугаартай зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, БГҮ/202147050509 дугаартай барьцааны гэрээний хуулбар, БГХ/202147050509 дугаартай барьцааны гэрээний хуулбар, 62-113444 дугаартай барьцаалбар,
Д ХХК, О.Гансүх нарын Х ХХК-аас зээл хүссэн өргөдөл,
5564292427 дугаартай зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга,
2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр болон 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн зээл төлөх мэдэгдлүүд,
Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Улсын ........... дугаартай гэрчилгээний хуулбар,
....... дугаартай Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар,
....... дугаартай Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,
“Д” ХХК-ийн дүрэм,
“Х” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн .... дугаартай итгэмжлэл болон тоног төхөөрөмжийн жагсаалт зэрэг нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. “Х” ХХК нь хариуцагч “Д” ХХК, О.Г нарт холбогдуулан “249,446,571.59 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.Г зээлийн төлбөрт төлсөн 20,070,000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж, үлдэгдэл 229,376,571.59 төгрөгийг хариуцагч нараас гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, хариуцагч О.Г болон “Д” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Э нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, Ө.Б нарт олгосон итгэмжлэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлүүдэд заасан эрхийг олгосон байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. нь нэхэмжлэлийн шаардлагыг багасгах эрхтэй гэж үзсэн. Хариуцагч “Д”ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр э... томилсон гэсэн бичилттэй Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар хэрэгт авагдсан байна. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь хэсэгт “Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна” гэж зааснаар хариуцагч “Д”ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Э хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан.
4. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
5. Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч “Д” ХХК, О.Г нартай 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн .........зээлийн гэрээ, барьцааны гэрээг тус тус байгуулжээ. Зээлийн гэрээ байгуулсан эсэх болон нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн эсэх асуудлаар хариуцагч нар маргаан гаргаагүй. Хариуцагч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь нэхэмжлэгч талын тайлбарууд, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хариуцагч нарын тайлбараар нотлогдож байна.
6. Хариуцагч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагыг үнийн дүнгийн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, тодорхой хугацааны дотор хэсэгчлэн төлөх саналыг гаргасан боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь хариуцагч нарын гаргасан саналыг хүлээн зөвшөөрөх боломжгүйгээ илэрхийлсэн.
7. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Иргэний хуулийн 451.1-д заасны дагуу зээлийн гэрээгээр банк, эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, зээлийн гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ” гэж тус тус зааснаар хариуцагч “Д”ХХК, О.Г. нараас 229,376,571 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
8. Хэрэгт авагдсан ..........дугаартай барьцааны гэрээний хуулбар, .... дугаартай барьцааны гэрээний хуулбар, ....... дугаартай барьцаалбарын хуулбаруудаар ..... дугаартай ....... байрлах 1152 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, .........дугаартай Өвөрхангай аймгийн ...... тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгө, мөн үйлдвэрийн тоног төхөөрөмж, бараа материалыг барьцаалсан байх ба барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэл хангах эсэх асуудлаар хариуцагч тал маргаагүй. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасан.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас 1,304,832 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,405,182 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгүүдэд тус тус зааснаар хариуцагч “Д” ХХК, О.Г нараас 229,376,571 /хоёр зуун хорин есөн сая гурван зуун далан зургаан мянга таван зуун далан нэгэн/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Х” ХХК-д олгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох ....... дугаартай Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг, Шинэ ..... талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, ... дугаартай Өвөрхангай аймгийн ........ тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгө, мөн үйлдвэрийн тоног төхөөрөмж, бараа материалаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Д” ХХК, О.Г нараас 1,304,832 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,405,182 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА