Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 145/ШШ2023/00420

 

 

 

 

 

2023 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 145/ШШ2023/00420

Өвөрхангай аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

          Нэхэмжлэгч: “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: Өвөрхангай аймаг, ...... оршин суух, “Ж” ХХК-ийн захирал Ч,

          Хариуцагч: Өвөрхангай аймаг, ..... тоотод оршин суух, . ..Н нарт холбогдох,

    173,345,844.49 төгрөг гаргуулах” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц, хариуцагч Ч, Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болортуяа нар оролцов.

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартааХуулийн этгээд “Ж ” ХХК-г төлөөлж Гүйцэтгэх захирал Ч, хамтран зээлдэгч Н нар нь Т ххк 300,000,000 төгрөгийн ажлын байрыг дэмжих зээлийг 2021 оны 04 сарын 07 -ны өдрийн ... тоот Зээлийн гэрээ байгуулан авсан, зээлийн барьцаанд Спорт заалны зориулалттай барилга, бараа материал барьцаалсан зээлдэгч “Ж” ХХК-г төлөөлж Гүйцэтгэх захирал Ч, хамтран зээлдэгч Н нар нь зээлийн төлбөрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар буюу 2023 оны 08-р сарын 16-ны өдрийн байдлаар зээлийн төлбөрт үндсэн зээл 135,456,441.16 төгрөг, зээлийн хүү 24,683,117.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 797,167.85 төгрөг төлсөн байна. Зээлдэгч  “Ж” ХХК-г төлөөлж Гүйцэтгэх захирал Ч зээлдэгч Н нар нь барьцаат зээлийн гэрээний 6-р зүйлийг зөрчиж зээл болон хүүгийн төлбөрийг бүрэн төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа ба банкны ажилтнуудын тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй зээлийн гэрээний үүргээ зөрчсөөр байна. Иймээс банк хуулийн этгээдийн хооронд байгуулсан зээлийн гэрээг үндэслэн зээлийг, зээлийн хугацаанаас өмнө дуусгавар болгож, 2023 оны 08-р сарын 18-ны өдрийн байдлаар дор дурдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Нийт 173,338,344.49, төгрөг төлөгдөөгүй байна. Иймд хариуцагч “Ж” ХХК-г төлөөлж Гүйцэтгэх захирал Ч, хамтран зээлдэгч Н нараас зээлийн төлбөр 173,338,344.49 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 5,619,927.23 төгрөг, хуримтлагдсан хүүгийн төлбөр 2,483,029.92 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 691.828.50 төгрөг, нийт 173,345,844.49 төгрөгийг гаргуулж өгнө үү. Эдийн засгийг сэргээх 10 их наядын хүрээнд зээл нь аж ахуй нэгж, иргэнийг дэмжих зорилгоор гарсан. Тухайн үеийн нөхцөлийн хувьд үндсэн төлбөрөөс 12 сар чөлөөлөх, Засгийн газрын дэмжлэг аж ахуй нэгжүүдэд 6 хувийн хүүтэй зээлийн дэмжлэг үзүүлсэн. Гэрээний заалтад гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд энгийн нөхцөлд шилжүүлэх заалттай олгогдсон зээл байсан. Чанаргүй зээлд шилжсэн зээлд хөнгөлөлт үзүүлэх боломжгүй гэв.

 

Хариуцагч “Ж” ХХК-ийн захирал Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх зээл авч спорт заал барьсан. Цар тахлын үе таарсан учир үйл ажиллагаа явуулах боломжгүй хаагдаад 2, 3 жил ажиллаагүй. Үйл ажиллагаа зогсоод ийм байдалд орчихсон зээлээ төлж чадаагүй. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаа. Нэхэмжлэгч талаас хугацаа өгөхийг хүсэж байна гэв.

 

           Хариуцагч Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх барилга барьж байхдаа төрийн банкнаас хөрөнгө оруулалтын зээл авсан. Аж ахуй нэгжүүдэд олгосон хөрөнгө оруулалтын 3 жилийн хугацаатай 3 хувийн хүүтэй зээл рүү шилжүүлээд эхний нэг жил хүүгээ өгсөн. Тэр үед корона /вирус/ гарч бид хоёрын бизнес эрэлтгүй болсон. Тэгээд эхний нэг жил хүүгээ төлж байсан ч сүүлдээ 2 жилийн хугацаанд үндсэн төлөлтөө төлөх гэхээр өндөр төлөлттэй болж, бизнес доголдсоны улмаас төлөх чадваргүй болоод байна. Энэ зээлийг төлж барагдуулахын тулд бид хоёр нэлээн ажилласан. Өөрсдөдөө байгаа эд зүйлээ нааш цааш нь болгож зохицуулж, банк бус санхүүгийн байгууллагад машин тэргээ тавьж, нэг хоёр сарынхаа төлөлтийг төлсөн. Ломбардад эд зүйл тавьж сарынхаа төлөлтийг төлдөг байсан ч сүүлдээ аргагүй байдалд орсон. Банкны нэхэмжлэлийг бид төлж барагдуулна. Гол нь бид хоёрын нөхцөл байдлыг ойлгоод хугацаа өгөөч ээ. Тэгвэл бид хоёр хугацаандаа зээлээ төлж дуусгана гэсэн бодолтой байгаа. Манай зээлийг 12 сараар зээлийн үндсэн чөлөөлөлтөөс чөлөөлөөгүй. Санал тавихад тийм боломжгүй гэсэн. Анх манайх “Х”-нд 180 сая төгрөгийн зээлтэй байсан. Түүнийгээ “Т” ххк руу шилжүүлээд нэг мөсөн ажлын байрыг дэмжих 500 сая төгрөгийн зээл авъя гэсэн хүсэлт өгсөн боловч хүсэлтээ оройтож өгөөд манай хүсэлтээс татгалзсан. Мөн эхний 1 жил бүрэн хүүгээс чөлөөлөхөөс татгалзаж, эхний 6 сар хүүгээс чөлөөлөх банкны тавьсан шаардлагын дагуу зээл авч байсан гэв.

      

           2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн .... дугаартай зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээний хуулбарууд,

  

            Ч, Н нарын иргэний үнэмлэхийн хуулбарууд,

 

 .... дугаартай “Т” ХХК /...../-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 04 дугаар, 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ... дугаартай зээлийн гэрээний үүргээ биелүүлэх тухай мэдэгдлийн хуулбарууд, 

... дугаартай “            Ж” ХХК /...../-н улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарууд, зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

   1. “Т” ХХК нь хариуцагч “Ж” ХХК-ийн захирал Ч, Н нарт холбогдуулан “173,345,844.49 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.  

 

   2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

   3. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо үндсэн зээлийн үлдэгдэл 164,543,558.84 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 5,619,927.23 төгрөг, хуримтлагдсан хүүгийн төлбөр 2,483,029.92 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 691.828.50 төгрөг, нотариатын зардал 7,500 төгрөг нийт 173,345,844.49 төгрөг гэсэн ба хариуцагч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэлд заасан үнийн дүнгийн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, тодорхой хугацааны дотор хэсэгчлэн төлөх санал гаргасан боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч нарын гаргасан саналыг хүлээн зөвшөөрөх боломжгүйгээ илэрхийлсэн.

 

    4. “Т” ХХК нь хариуцагч “Ж” ХХК-ийн захирал .Ч, Н нартай 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн ... дугаартай зээлийн гэрээ, барьцааны гэрээг тус тус байгуулжээ.

 

    5. Хариуцагч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь нэхэмжлэгчийн болон хариуцагч нарын тайлбараар нотлогдож байх ба Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”,  Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Иргэний хуулийн 451.1-д заасны дагуу зээлийн гэрээгээр банк, эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, зээлийн гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ” гэж тус тус  зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ. 

 

    6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас 1,024,679 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,024,679 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

     1. Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгүүдэд тус тус зааснаар хариуцагч “Ж” ХХК, Н нараас 173,345,844.49 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Т” ХХКолгосугай.

 

     2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Ж” ХХК-ийн захирал Ч, Н нараас 1,024,679 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,024,679 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

              3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 А.ҮҮРИЙНТУЯА