Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 101/ШШ2024/02090

 

 

 

 

 

 

2024 04 17

101/ШШ2024/02090

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М /РД:0000/,

Нэхэмжлэгч: Ц РД:0000/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э /РД:0000/-д холбогдох,

33,900,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.П, өмгөөлөгч Б.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ө, өмгөөлөгч Д.Б, гэрч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ооролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

У.Э болон М.Ц нар нь анх харилцан тохиролцож 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 10 сая төгрөгийг зээлүүлсэн бөгөөд тухай үед энэ талаар талууд харилцан баталгаажуулж, У.Э нь тодорхойлолт үйлдэж өгсөн байдаг.

Ингээд мөнгө зээлсний дараа У.Эд дахин мөнгө хэрэгтэй болсон тул М.Маас мөнгө зээлэх хүсэлт гаргасан. Тухайн үед М.Мт мөнгө байгаагүй тул өөрийн танил Н.Б гэх хүнтэй уулзаж мөнгө асуухад У.Эд мөнгө зээлэхгүй гэсэн тул М.М түүнд санал тавьж У.Эгийн байрыг худалдаж авах хүсэлтэй байна. Харин хэрэгтэй мөнгийг нь олж өгье гэж санал тавьсан.

Ингээд У.Эгийн Улаанбаатар хот, 0 тоот байрыг 30 сая төгрөгт худалдаж авахаар тохиролцсон. Ингээд Н.Баас М.М нь 20 сая төгрөгийг зээлж, 10 сая төгрөгийг өөртөө авсан бол үлдсэн 10 сая төгрөгийг бэлнээр У.Эд өгөөд орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан.

Мөн М.Ц нь 2017 оны 9 сард 1 сая төгрөг, 2017 оны 11 сарын 16-ны 8,400,000 төгрөг, 2017 оны 11 сарын 29-ний өдөр 500,000 төгрөг тус тус У.Эд дансаар шилжүүлсэн.

Өмнө нь 2016 оны 10 сарын 25-ны өдөр М.Цгаас зээлсэн 10 сая төгрөг болон түүний нөхөр М.М Н.Баас зээлж авч, У.Эд өгсөн 10 сая төгрөг, мөн М.Цгийн данснаас 2017 оны 9 сард хийсэн 1 сая төгрөг, 2017 оны 11 сарын 16-ны өдрийн 8,400,000 төгрөг, 2017 оны 11 сарын 29-ний өдрийн 500,000 төгрөгийг тус тус У.Эд өгч нийт 29,900,000 төгрөгийг байрны үнэд төлсөн.

Гэтэл У.Э нь байраа буцаан авах нэхэмжлэл гаргаснаар шүүх нэхэмжлэлийг хангасан бөгөөд хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлийг харилцан буцаахаар болсон байдаг.

Нэгэнт орон сууцыг буцаан гаргуулахаар шийдсэн тул хариуцагчаас 29,900,000 төгрөг, зээлийн гэрээний хүүнд төлсөн 4,000,000 төгрөг нийт 33,900,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан.

Хариуцагчаас 9,900,000 төгрөгийг буцаагаад төлсөн гэдэг. Гэхдээ энэ мөнгийг зээлийн төлбөртөө буцаан авсан мөнгө биш бөгөөд У.Э нь байраа худалдчихаад хүлээлгэн өгөлгүй түрээслэж амьдарч байсан хугацааны түрээсийн төлбөрт шилжүүлсэн мөнгө юм.

Иймд зээлийн төлбөрт буцаан төлөгдсөн гэж үзэхгүй байна. Улсын бүртгэл үнэн байх зарчмын хувьд М.М нь өмчлөгч тул тухайн мөчид өмчлөгч нь өмчийнхөө үр шимийг хүртэж байсан гэж үзнэ.

Хэрэг авагдсан баримтаар У.Э өөрийнхөө А ХХК-ийн үнэлгээний төлбөрт 10 сая төгрөг хэрэгтэй байна гээд М.Цгийн дансаар авсан байдаг. Эхний 10 сая төгрөгийн хувьд зээлийн харилцаа гэж үзэж байсан тул тодорхой бичүүлж авсан. Сүүлийн 10 сая төгрөгийг М.М, У.Э нар Н.Бтай уулзаад М.М нь бэлнээр аваад У.Эд өгч байрыг худалдан худалдан авах гэрээг батлуулсан.

Үүний дараагаас М.Цгийн зүгээс 9,900,000 төгрөгийг шижүүлсэн үйл баримт байдаг.

2016 оны 10 сарын 25-ны өдрийн 10 сая төгрөгийг зээлүүлсэн нь хэрэгт авагдсан баримт, хариуцагчийн тайлбараар нотлогдоно гэж үзэж байна. Яаж юунд зарцуулсан нь манайд хамааралгүй юм.

Орон сууц худалдах худалдан авах гэрээг байгуулаад 9,900,000 төгрөгийг шилжүүлсэн. 10 сая төгрөг болон 9,900,000 төгрөгийн харилцаа нь У.Э, М.Ц нарын хооронд байгуулсан харилцаа.

У.Энхамгалан зээл аваад орон сууц худалдах худалдан авах грээ байгуулсан үйл баримт болон гэрчийн М.М ирээд мөнгө зээлсэн гэх мэдүүлгээр У.Э нь М.Маар дамжуулж 10 сая төгрөгийг зээлсэн гэдэг нь нотлогдоно.

Орон сууцны гэрээнд зүгээр л 30 сая төгрөг тавигдаагүй. Өмнө нь өгч байсан 10 сая төгрөг, сүүлд авсан 10 сая төгрөг болон 9,900,000 төгрөгийн нийт үнийн дүн нь 30 сая төгрөг болж байгаа. 4 сая төгрөгийг бусдад төлсөн хүүний хохирол гэж нэхэмжилж байна.

Иймд 19,900,000 төгрөгийг У.Цд, 14,000,000 төгрөгийг М.Мт гаргуулж өгнө үү гэв.

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч нараас шилжүүж авсан 9,900,000 төгрөгийг 2018 оны 6 сарын 29-ний өдрөөс 2020 оны 8 сарын 25-ны өдөр хооронд 9 удаагийн гүйлгээгээр буцааж төлсөн.

-М.Цгаас хийж өгсөн тодорхойлолт байгаа. Энэ тодорхойлолт дээрх агуулга нь М.Ц, М.М нар нь ажил хэргийн холбоотой хүмүүс байсан бөгөөд байгаль орчны үнэлгээний мөнгийг төлүүлэхийн тулд А ХХК-иас энэ мөнгийг авсан гэсэн агуулганатай байдаг.

У.Э нь М.Цгаас энэ мөнгийг хүлээн авсан баримт байхгүй хариуцвал зохих этгээд биш юм.

Б.Баас авсан 20 сая төгрөгийн 10 сая төгрөгийг У.Эд өгсөн гэдэг боловч ийм зүйл болоогүй, баримтаар нотлогдохгүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Байр яагаад нэхэмжлэгчийн өмчлөлд шилжсэн бэ гэхээр 9,900,000 төгрөгийг зээлэхийн тулд хариуцагч байраа өмчлөлд нь шилжүүлж өгсөн байдаг. Өнөөдөр энэ хүн өөрийн орон сууцандаа амьдарч байгаа.

Б нь М.Ц М.М нарт хэд хэдэн удаа мөнгө зээлж байсан. Би төв аймгийн шүүхэд мэдүүлэг өгөхдөө У.Э гэж хүнийг дагуулж ирээд 20 сая төгрөгийг олон жилийн өмнө авч байсан гэж хэлдэг.

М.Мыг бэлнээр авсан уу, дансаар авсан уу гэхэд дансаар авсан байх гэж ярьдэг. М.М мөнгөө буцаагаад төлсөн. Хүү төлсөн үү төлсөн. У.Э мөнгө хайж байсан гэсэн тэгэхээр нь би танихгүй тул М.Мт зээлсэн. М.Мт чи өөрөө наад зээлж авч байгаа хүнтэйгээ учраа ол гэж хэлсэн гэдэг.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүх хүчин төгөлдөр үйл баримтыг нотлохгүй гэсэн зохицуулалт байгаа. Төв аймгийн Давж заалдах шатны шүүхээр 29,900,000 төгрөгийн асуудал дүгнэгдсэн, 9,900,000 төгрөгийг зээлээд үүнийхээ хариуд худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн гэж дүгнээд хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч тал хүү болон түрээсийн төлбөр гэж хэлж байх боловч эдгээр төлбөрийг төлсөн байна гэж шийдвэрт дүгнэсэн байгаа.

2016 оны 10 сарын 25-ны өдрийн 10 сая төгрөгийг давж заалдах шатны шүүх дээр дүгнэсэн байгаа. Гэрч Б.Б У.Эгийн эхнэр гэх хүний дансанд шилжүүлсэн гэж хэлсэн. Бодит байдал дээр нарийвчилсан үнэлгийн хохирлын мөнгийг хамт явж талууд тушаасан байсан. М.Ц нь У.Эд 10 сая төгрөгийг өгсөн гэсэн баримт байхгүй. Дараагийн 10 сая төгрөгийн хувьд нэхэмжлэгч нь 2017 оны 10 сарын 8-ны өдөр гэж тодорхойлдог. Энэ тайлбар нь нотлогдохгүй. Энэ мөнгийг хүлээн авах шаардлага байгаагүй. Төв аймгийн шүүх дээр бол 9,900,000 төгрөгийг аваад байрыг шилжүүлсэн гэж яригддаг.

Талуудын хооронд Иргэни хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн харилцаа үүссэгүй хүү тохиролцсон зүйл байхгүй тул 4 сая төгрөгийг төлөх үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3.Хэрэгт: нэхэмжлэгчээс, Төв аймгийн цагдаагийн газрын 2023 оны 2 сарын 09-ний өдрийн 0 дугаар албан тоот, оршин суугаа хаягийн лавлагаа, Баянзүрх дүүргийн 0 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 сарын 17-ны өдрийн 0 дугаар магадлал, Н.Бын эзэмшлийн Хаан банкны дансны хуулга, Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 сарын 19-ний өдрийн 0 дугаартай шийдвэр, 2017 оны 11 сарын 08-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ, орон сууцны гэрчилгээний хуулбар, тодорхойлолт,

хариуцагчаас, Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 сарын 11-ний өдрийн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, Иргэний хэргийн гүйцэтгэх хуудас олгох тухай захирамж, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хяналтын гомдол хэлэлцүүлэхээс татгалзах тухай тогтоол, А ХХК-ийн 2016 оны 10 сарын 27-ны өдрийн кассын орлогын ордер, гэрлэлтийн гэрчилгээ, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Хаан банкны захирлын 0 тоот тушаал, хүүхдийн төрсний гэрчилгээ, У.Эгийн эзэмшлийн Хаан банкны дансны хуулга зэрэг баримтыг тус тус гаргаж өгсөн байна.

Шүүхээс хариуцагчийн хүсэлтээр Төв аймгийн шүүхээс өмгөөлөгч Ц.А хүсэлт, шүүх хуралдааныг хойшлуулах тухай шүүгчийн захирамж, гэрчид хууль сануулсан баримт, 2021 оны 7 сарын 29-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл, гэрч Бын асуусан тэмдэглэл зэрэг баримт авагдсан байна.

 

Зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч М.М, М.Ц нар нь хариуцагч У.Эд холбогдуулан 33,900,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

2.Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримт болон талуудын тайлбарт үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас 1,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, 23,900,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

3.Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг зээлийн гэрээний үүрэгт нийт 29,900,000 төгрөг, хохиролд 4,000,000 төгрөг, нийт 33,900,000 төгрөг гаргуулна гэж тодорхойлсон.

Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлийг нэхэмжлэгчээс зээлийн гэрээний дагуу авсан 9,900,000 төгрөгийг буцаан төлсөн, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр шилжүүлсэн гэх 10 сая төгрөгийн хувьд зээлж аваагүй. Компанийн үйл ажиллагаатай холбоотой зөвшөөрөл авахын тул бусдад шилжүүлсэн. 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 10 сая төгрөг зээлээгүй, дээрх үйл баримтуудын талаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй гэж маргасан.

4.2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр М.М, У.Э нарын хооронд орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байх бөгөөд Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 0 дугаартай шийдвэр, 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 0 дугаартай магадлалаар дээрх худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт зааснаар дүр үзүүлэн хийсэн гэх үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож шийдвэрлэсэн байна. /хх-ийн 14-19,21-24 дүгээр тал/

5. Нэхэмжлэгч М.Цгийн данснаас 2017 оны 11 дүгээр сард гурван удаагийн гүйлгээгээр нийт 9,900,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн үйл баримтын талаар талууд маргахгүй байх бөгөөд У.Эгийн эзэмшлийн Хаан банкны дансны хуулгаар хариуцагчаас 9,900,000 төгрөгийг буцаан төлсөн үйл баримт тогтоогдож байна. /хх-ийн 113-121 дүгээр тал/

Мөн хэрэгт авагдсан тодорхойлолт гэх баримтад У.Э миний бие 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Заамар суманд оршин суух М.Цгаас Нарийн гол компанийн Нуман Алтай компаниар хийлгэсэн хохирлын үнэлгээний төлбөр болох 10,000,000 төгрөгийг /өөрийн эхнэрийн дансаар хүлээж авсан/ зээлж авсан үнэн болно. Тодорхойлолт гаргасан У.Э 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр гэжээ. /хх-ийн 27 дугаар тал/

6.Дээрх үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд 19,900,000 төгрөгийн зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл тоо чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан.

Хариуцагчаас 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр шилжүүлсэн гэх 10,000,000 төгрөгийг зээлээгүй, энэ нь компанийн үйл ажиллагаанд зарцуулагдсан төлбөр гэж тайлбарлаж байх боловч тайлбар нь баримтаар нотлогдохгүй байна.

Хэрэгт авагдсан А ХХК-ийн орлогын ордер гэх баримтаар зохигчдын хооронд үүссэн 10,000,000 төгрөгийн зээлийн гэрээний харилцааг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна. /хх-ийн 48 дугаар тал/

Мөн хариуцагчийн 9,900,000 төгрөгийг орон сууц хөлсөнд тооцож авсан гэх тайлбар нь баримтаар нотлогдохгүй байна.

Тодруулбал, гэрээний талуудын хүсэл зоригийн илэрхийлэл тодорхой байх, тухайн хүсэл зоригийн илэрхийлэлийг нөгөө тал хүлээн авснаар тэдгээрийн хооронд хэлцэл байгуулагдсан гэж үзэх хуулийн зохицуулалттай бөгөөд хэрэгт авагдсан баримтаар орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн үйл баримт тогтоогдохгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг, хариуцагч хариу тайлбар, татгалзлсын үндэслэлээ өөрөө нотлох, холбогдох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй.

7.Нэхэмжлэгчийн 2017 оны 11 сарын 08-ны өдөр 10,000,000 төгрөгийг зээлдүүлсэн гэх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч талаас хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Хэрэгт авагдсан баримтаар 2017 оны 11 сарын 08-ны өдөр нэхэмжлэгч нараас 10 сая төгрөгийг шилжүүлсэн гэж үзэх үйл баримт тогтоогдохгүй байна.

Гэрч Н.Бын эзэмшлийн Хаан банкны дансны хуулга дахь Маас 24,000,000 төгрөг орлого гэх бичвэр, гэрч Н.Бын мэдүүлгүүдээр талуудын хооронд 10,000,000 төгрөгийн зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй байна.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан.

Хариуцагчаас талуудын хооронд үүссэн 29,900,000 төгрөгтэй холбоотой харилцааг дүгнэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй гэж маргасан.

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 0 дугаартай шийдвэр, 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 0 дугаартай магадлалаар орон сууц худалдах худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж шийдвэрлэсэн байна.

Дээрх шүүхийн шийдвэр, магадлалаар талуудын хооронд үүссэн орон сууц худалдах, худалдан авах гэрээний харилцаа болон 9,900,000 төгрөгийг буцаан төлсөн үйл баримтын талаар хууль зүйн дүгнэлт хийж маргааныг шийдвэрлэсэн байх бөгөөд зээлийн гэрээний харилцаатай холбоотой хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй гэж үзэхээргүй байна.

Дурдсан үндэслэлүүдээр талуудын хооронд 19,900,000 төгрөгийн зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байх бөгөөд 9,900,000 төгрөгийг буцаан төлсөн байна.

9.Нэхэмжлэгчээс хохиролд 4,000,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж 227.3-т үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасан.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой 4,000,000 төгрөгийг бусдад төлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд талуудын хооронд байгуулагдсан үүргийн гүйцэтгэлтэй хамааралтай гэж үзэхээргүй байна.

10. Дурдсан үндэслэлүүдээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч У.Эгаас 10,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.М, М.Ц нарт олгож, 23,900,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэг заасныг баримтлан хариуцагч У.Эгаас 10,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.М, М.Ц нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 23,900,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 327,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн хариуцагч У.Эгаас 174,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.М, М.Ц нарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.БАЯРМАА