Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 2022/ДШМ/05

 

 

Д.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүгч Ш.Б даргалж, шүүгч Т.Ж, Ч.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор А.О,

Хохирогчийн өмгөөлөгч Ж.Д,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.М, Б.Э /цахимаар/,

Хохирогч Ш.Э,

Шүүгдэгч Д.Б /цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Х нарыг оролцуулан

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.М даргалж, шүүгч Д.С, шүүгч З.Н нарын бүрэлдэхүүнтэйгээр хийсэн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2021/ШЦТ/114 дугаар шийтгэх тогтоолыг шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.М, Б.Э нар эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоор Д.Б холбогдох 2116000000071 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Э-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Д.Б нь Монгол Улсын иргэн, 1964 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Говь-Алтай аймгийн Халиун сумд төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Говь-Алтай аймгийн Халиун сумын Чацран, 4-р багт оршин суух бүртгэлтэй, урьд нь ял шийтгэгдэж байгаагүй, ДК............. регистрийн дугаартай,

Шүүгдэгч Д.Б нь согтуурсан үедээ 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 21 цагийн орчим Говь-Алтай аймгийн Халиун сум, Чацран 4-р багийн нутаг “Арын шанд” гэх нэртэй газарт бэр гуйх цайллагын үеэр баз хүргэн болох А.Б-тэй согтуурхан маргалдаж хутгаар зүүн гуяны дотор талд нь 1 удаа хутгалж алсан гэмт хэрэгт буруутгагджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овгийн Д.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б оногдуулсан 10 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.Б-н баривчлагдсан 2 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, ял эдлэх хугацааг тухайн өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг өмд, хутганы хуй, цус мэт зүйлээр бохирлогдсон 4 ширхэг цаас зэргийг устгаж, 1 ширхэг CD-г хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-өөс 7,369,411 (долоон сая гурван зуун жаран есөн мянга дөрвөн зуун арван нэг) төгрөгийг гаргуулж, хохирогч Ш.Э-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9,452,366 (есөн сая дөрвөн зуун тавин хоёр мянга гурван зуун жаран зургаа) төгрөгийг хэрэгсэхгүй болгож, энэ хэрэгт шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдаж, эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах, үндэслэл журмыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.М давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Д.Б холбогдох 2116000000071 дугаартай эрүүгийн хэргийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2021/ШЦТ/114 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Д.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байгаа. Д.Б нь эхнэрийн хамт амьдардаг. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирлоо төлсөн байдлуудыг харгалзан үзэж Д.Б-ийн ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Э давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2021/ШЦТ/114 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Б-ийн өмгөөлөгч би дараах үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. Шүүгдэгч Д.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан дараах хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзнэ.

Энэ хуулийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдалд “бэр гуйх цайллагын үеэр баз хүргэн А.Б-тэй согтуурхан маргалдсан” явдал юм. Түүнээс биш урьдын өс хонзон байгаагүй. Алах санаа зорилго байгаагүй. Д.Б “анх удаа” гэмт хэрэг үйлдсэн болох нь ял шийтгэлтэй эсэхийг шалгуулах хуудас болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтаар тогтоогдож байгаа.

Энэ хуулийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн бусад туслалцаа үзүүлсэн. Учруулсан хохирлыг төлсөн. Энэ нөхцөл байдал гэрч Ш.М-ийн “30 минут орчмын дараа нас барсан байх. Д.Б баруун гар талын судсыг барьж, цээжин дээр нь дараад миний баз арай үхээгүй байлгүй. Би хүн алчихлаа. Миний баз зүгээр биз дээ. Битгий үхээрэй гэж байсан.” тухай мэдүүлэг /хх-н 1-79-80 тал/,

Гэрч Ш.М-ын “Талийгаачийн хөлийг боосон байсан” тухай мэдүүлэг /хх-н 93-94 тал/,

Гэрч М.Ж-ийн “Д.Б ах гарыг нь барьсан сууж байсан.” тухай мэдүүлэг /хх-н 99-100 тал/ гэсэн,

Гэрч Ш.Б-ийн “Гэхдээ байнга архи уугаад байдаггүй, хааяа хааяа уудаг.” гэсэн мэдүүлэг /хх-н 1-84-86 тал/,

Гэрч Б.Д-ы “Сумын төвөөс 40 орчим км зайтай, бартаа ихтэй замтай байсан.” гэсэн мэдүүлэг /хх-н 1-110 тал/,

Шинжээч эмч Т.А-ын “Гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, бусад гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэсэн дүгнэлт /хх-н 169-170 тал/ зэрэг нотлох баримтаар тогтоогдох ба шүүгдэгч Д.Б нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан хохирол болох 7,369,411 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан болно. Хохирол төлсөн баримтыг хавсаргав.

Энэ хуулийн 1 дэх хэсгийн 1.4-д заасан хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн. Энэ нөхцөл байдал нь гэрч Б.Д-ийн “Талийгаач Д.Б-г толгойн хэсэг рүү нэг удаа цохиж байсныг санаж байна.” гэсэн мэдүүлэг /хх-н 90-91/,

Хохирогч Ш.Э-ийн “дүү Ш.М-ийн цайллаганд очсон. Хүүхэн гуйсан хүмүүс яваад үлдсэн 2-3 хүн архи уусан. Манай талийгаач, Д.Б ах, гадны гэрч Ш.М-ийн хүргэн дүү байсан.” гэсэн шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлгээр тогтоогдоно.

Энэ хуулийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар Д.Б нь өөрийгөө илчилсэн. Энэ нөхцөл байдал нь түүний гэрч Ш.М-ийн дээр дурьдсан мэдүүлэг, мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б-ийн гэм буруугаа хүлээж өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдоно. Анхан шатны шүүх Д.Б-г гэм буруутайд тооцохдоо түүний эхнэр Ш.М, охин Б.М нарын гэрчийн мэдүүлгийг тодорхойлох хэсэгтээ дурьдаж өгсөн, мөн хэрэглэх ёсгүй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг хэрэглэсэн /шийтгэх тогтоолын 9-р тал/ зэрэг алдаа зөрчил гаргасан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.4-д заасныг үндэслэн Д.Б-н үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал, дээр дурьдсан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан 10 жилийн хугацаагаар хорих ялыг 6 жил болгож, мөн уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх зэргээр хөнгөрүүлж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих байдлуудыг хангалттай  шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болгосон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Д.Б нь 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 21 цагийн үед Говь-Алтай аймгийн Халиун сумын Чацран 4 дүгээр багийн Арын шанд гэдэг газарт бэр гуйх цайллагын үеэр баз хүргэн болох А.Б-тэй маргалдаж зүүн гуяны дотор талд нь 1 удаа хутгалсны улмаас хохирогч нас барсан байна.

Энэ үйл баримт нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Э-ийн: “2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр дүү Ш.М-ийнд хүүхэн гуйж ирсэн хүмүүс явсны дараа түүнийг гэрээс гараад явж байхад Ж гэдэг хүүхэд араас нь орилж ирээд “Ш.Б ах Ш ахыг хутгалсан” гэж хэлсэн бөгөөд очиход нь хохирогч ухаангүй, нүд нь хөдөлгөөнгүй болсон, зүүн гуянаас нь цус гарсан, өмд гутал руу нь цус гоожоод аймаар болсон байсан” тухай мэдүүлэг (1 хх 68-69, 2 хх 134),

 Гэрч Б.О-ийн: “Тухайн өдрийн 21 цагийн үед бие засчихаад ирж явахад нь гэрээс эхлээд Д.Б араас нь талийгаач А.Б гарч ирээд барилцаж аваад Д.Б нь баруун талын гутлын түрийнээсээ юм аваад дүрэх шиг болоход талийгаач А.Б газарт унаад зүүн талын хөлнөөс нь цус гарч өмд нь цус болсон байсан” тухай мэдүүлэг (1 хх 73-74, 76-77),

Гэрч Ш.М-ийн: “2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Б, талийгаач Б нар нэгнийхээ үгийг өөлж, үг сөрж байгаад хоёулаа “Чи чадах уу?” гэж заамдалцаж авч гараад талийгаач Б газар унасан, зүүн талын хөлнөөс нь их хэмжээний цус гарч байсан” тухай мэдүүлэг (1 хх 79-80),

Гэрч Б.Д-ийн: “Б, талийгаач хоёр маргалдаж, талийгаач нь Б-г толгойн хэсэг рүү нь нэг удаа цохиж, тэр хоёр гэрээс гарч, араас нь гараад ирэхэд талийгаач гуянаас нь цус гоожоод унаж байсан тул шархны хоёр талаар боосон. Үйл явдал 2-3 секундын хугацаанд болоод өнгөрсөн” тухай мэдүүлэг (1 хх 88, 90, 91),

Гэрч Ш.Б, Ш.М, Ш.О нарын: “М-ийн гэрийн гадаа талийгаач зүүн талын гуянаас нь цус гоожсон байдалтай хэвтэж байсан” тухай (1 хх 84-86, 93-94, 96-97) мэдүүлэг,             

Гэрч М.Ж-ийн: “Б, Б нар гэрээс муудалцаж гарсны дараа хүн орилох чимээнээр гэрээс гарахад Б нь газарт унасан байсан. Тэгээд Ш.М, Ш.Э нарыг дуудаж ирэхэд аав Ш.М нь талийгаачийн толгойг, Д.Б гарыг нь барьсан байсан” тухай (1 хх 99-100),

Гэрч Б.Д-ы: “Халиун сумаас 40 километр орчим зайд байдаг Чацран багийн арын шанд гэдэг газарт 24 цаг 30 минутын үед очиход Б нь газарт хэвтсэн, Ш.М, Д.Б нар хажууд нь байсан бөгөөд эмч үзээд нас барсан байна гэж хэлсэн” тухай (1 хх 110) мэдүүлэг,

 Гэрч Г.Э-ийн: “2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 21 цаг 07 минутад 9885....... дугаараас Б.О нь А.Б ухаан алдаад  уначихлаа гэж дуудлага өгөөд 21 цаг 47 минутад дахин залгаад Б-д хутгалуулаад ухаан орохгүй байна гэж хэлсэн” тухай (1 хх 116) мэдүүлэг,

Шинжээч Т.Н-ийн: “2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн: “Талийгаач А.Б-ий тухайн үед өмсөж явсан хар, цэнхэр өнгийн өмдөнд нэг удаагийн үйлчлэлээр үүссэн зүсэгдэлт гэмтэл гарсан нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой” тухай 27 дугаартай дүгнэлт (1 хх 166-168),

Говь-Алтай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн: “Талийгаач А.Б-ий биед зүүн гуяны дотор дунд хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн гуяны артерийн /тараагуур/ судасны хагас тасрал гэмтэл тогтоогдсон нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд талийгаач нь уг гэмтлийн улмаас цочмог цус алдаж нас барсан, тухайн хэрэг учрал болсон нөхцөл байдал, цаг хугацааны хувьд талийгаачид эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь насыг нь аврах боломжгүй байсан” тухай 35 дугаартай шинжээчийн дүгнэлт (1 хх 159-162),

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 хх 2-12), Амь хохирогч А.Б-ий өмсөж явсан хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хх 13-15), Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хх 16-23), Гэрчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хх 29-31), Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хх 33-34) зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон эдгээр нотлох баримтууд нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэнээс гадна эргэлзээгүй, хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

Хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг няцаан үгүйсгээгүй, харин давхар нотлож байгаа болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн байна.

Шүүгдэгч Д.Б нь хохирогчтой маргалдаж тэмцэлдэх явцдаа урьдаас төлөвлөөгүй гэнэт үүссэн санаа сэдэлтээр хохирогчийг хутгалсан байна.

Шүүгдэгч нь хүнийг хутгалах нь хууль бус бөгөөд энэ үйлдлийнх нь улмаас хохирогчийн амьд явах эрх дахин сэргэхгүйгээр зөрчигдөх, амь нас, эрүүл мэнд нь эрсдэлд орох гэмтэл учрах магадлалтайг ухамсарлаж байсан ч санаатайгаар хохирогчийн зүүн гуянд нь хутгалсны улмаас хохирогчийн биед зүүн гуяны артерийн /тараагуур/ судасны хагас тасралт гэмтэл учирч цочмог цус алдалтын улмаас хохирогч нас барсан байна.

Шүүгдэгч Д.Б-ийн хохирогч Ш.Б-ийг хутгалсан үйлдэл нь түүнийг үхэлд хүргэх шууд шалтгаан болсон байна.

Тиймээс анхан шатны шүүх шүүгдэгч Д.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнгүйгээр хүнийг алах гэмт хэргээр зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Мөн анхан шатны шүүхээс  шүүгдэгч Д.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хорих ялаар шийтгэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирч байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.М нь шүүдэгчид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Э нь шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур буюу 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах агуулгатай давж заалдах гомдол гаргажээ.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид өөрийн боломжит хэмжээнд эмнэлгийн тусламж үзүүлсэн, гэмт хэрэг үйлдсэндээ чин санаанаасаа гэмшиж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа бүрэн хүлээн зөвшөөрч, гэмт хэргийг илрүүлэхэд дэмжлэг үзүүлж, мөрдөн байцаалтын ажиллагааг хөнгөвчилсөн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан эд хөрөнгийн хохирлыг анхан шатны шүүхийн тогтоосон хэмжээгээр төлж барагдуулсан зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзлээ.

   Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ялыг хөнгөрүүлэхдээ гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэхээс гадна хохирол, хор уршгийг төлж арилгасан, эсхүл энэ талаар гаргасан саналыг харгалзан үзэхээр зохицуулсан байна.

   Гэтэл энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон байх бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг бүрэн арилгах боломжгүй тул дээрх зохицуулалтыг хэрэглэх боломжгүй байна.

Тиймээс шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Э-ын энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагын аль нэгэнд эдлүүлэхээр тогтоох шаардлагатай.

Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 199 дүгээр зүйлийн 199.2 дахь хэсэгт нэгэнт шүүхээс хаалттай хорих байгууллагад хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн этгээдийг хаалттай хорих байгууллагын энгийн болон, тусгай зэрэглэлийн алинд эдлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага шийдвэрлэхээр зохицуулсан байх тул шүүх шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхийг шийдвэрлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг хэрэглэх шаардлагагүй болохыг цаашид анхаарах нь зүйтэй.   

           Мөн анхан шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлээс зан үйлтэй холбоотой гаргасан зардал 852 366 төгрөгийн  нэхэмжлэлийг нотлох баримтын шаардлага хангахгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулахгүйгээр иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд шүүх иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж, түүний хэмжээний тухай асуудлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар  шийдвэрлүүлэхээр шилжүүлж болохоор заасан байна. Мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлүүлэхтэй холбогдуулж гаргасан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн бусад нэхэмжлэлийн үндэслэл, нотлогдсон байдалд анхан шатны шүүх бодитой дүгнэлт хийж, иргэний нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

          Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэсэн хэсэгт иргэний нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэлэлцэхгүй орхиж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.Б-д холбогдох 2116000000071 дугаартай эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 114 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дараах өөрчлөлтийг оруулсугай.

Үүнд А дугаарт: Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын 10 жилийн хугацаагаар хорих ялыг гэсний дараа “хаалттай” гэснийг “нээлттэй” гэж өөрчилсүгэй.

Б. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтын нэхэмжлэлийн шаардлагаас гэсний дараа “9 452 366 /есөн сая дөрвөн зуун тавин хоёр мянга гурван зуун жаран зургаа/” гэснийг “8 600 000 /найман сая зургаан зуун мянга/” гэж өөрчилсүгэй.

В. Шийтгэх тогтоолд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлээс 852 366 /найман зуун тавин хоёр мянга гурван зуун  жаран зургаа/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нэхэмжлэгч нь оршуулгын зан үйлтэй холбоотой эдгээр зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурьдсугай” гэсэн нэмэлт заалт оруулж шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

   2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаас хойш буюу 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон нэг хоногийг нь хорих ялын нэг хоногоор тооцож, нийт 77 хоногийг ял эдлэх хугацаанаас нь хассугай.

  3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ш.Б

                  ШҮҮГЧИД                             Т.Ж

                                                                                                                            Ч.Э