Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 1800

 

 

“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо, даргалж, шүүгч М.Наранцэцэг, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2019/02156 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “Г” ХХК-ийн хариуцагч Г.У-т холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 7 839 457.18 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Э.У нь 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр “Г” ХХК-тай ЗП 20746505 дугаарт Кредит карт эзэмших гэрээ байгуулан 5 000 000 төгрөгийг жилийн бэлэн бус гүйлгээний 24 % бэлэн мөнгө авсаны 42 % хүүтэйгээр 2 жилийн хугацаатай зохих хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээн зээлийн эрхтэй карт нээлгэн зарцуулалтыг хийсэн болно. Зээлдэгч нь ЗП 20746505 дугаарт Кредит карт ашиглан гүйлгээ хийсэн зарцуулалтын төлбөрөө гэрээний нөхцөлд зааснаар төлөхгүй банкийг хохироож байгаа тул зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлан иргэн Г.У-т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөр 5 029 923.13 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2 023 273.66 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсний төлбөр 486 680.66 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсний төлбөр 299 579.73 төгрөг, нийт 7 839 457.18 төгрөгийг Э.У-ээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Э.У шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр “Г” ХХК-тай ЗП20746505 дугаарт Кредит карт эзэмших гэрээ байгуулан 5 000 000 төгрөгийн зээлийн эрхтэй зэс карт гэдгийг нээлгэсэн. Нэхэмжлэлийн зарим хэсгийг тухайлбал зээлийн хүүгийн төлбөр болох 2 023 273.66 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсний төлбөр 486 680.66 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсний төлбөр 299 579.73 төгрөгийг тус тус хүлээн зөвшөөрөхгүй байна. Зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь би урьд нь тус банкнаас зээл авч эргүүлэн төлж байсан жишгээрээ 5 000 000 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай ашиглана гэж ойлгож авсан. Банкны эдийн засагч бэлэн бус гүйлгээний үед хүү хэд байх зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү гэх мэт нэр томьёог тайлбарлаж өгөөгүй ба би ойлгоогүй. 50 хувийн хүүтэй зээлдүүлж байгаа нь шударга бус гэж үзэж байна. Банк. эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт “Зээлийн хүүг гэрээнд заасан хугацаагаар тооцож болно" гэж заасан. Талуудын хооронд байгуулсан гэрээгээр 2 жилийн хугацаатай зээлийн гэрээг 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан. Зээлийн гэрээний хугацаа дуусаагүй тул хэтэрсэн хугацааны хүү төлөх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Э.У-ээс 7 457 851 1 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Г” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 381 605 9 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 381 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Э.У-ээс 134 275 төгрөг нөхөн гаргуулж нэхэмжлэгч “Г” ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч Э.У давж заалдах гомдолдоо:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар “Тодорхойлох хэсэгт нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэлийн тайлбар, хариуцагчийн татгалзал, тайлбар, зохигчийн төлөөлөгч гуравдагч этгээд, түүний төлөөлөгчийн тайлбарын агуулгыг заана” гэжээ. Гэтэл Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт хэргийн оролцогч талуудын нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэлийн тайлбар, хариуцагчийн татгалзал огт заагдаагүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь хэсэгт “Хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн бол анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоно” гэсэн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрээр хариуцагчаас үндсэн зээлд 5 029 923 төгрөг, зээлийн үндсэн хүүд 2 023 273 66 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 404 654 төгрөг, нийт 7 457 851 1 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэрээс хариуцагч үндсэн зээл 5 000 000 төгрөг, зээлийн үндсэн хүүд 313 000 төгрөг нийт 5 313 000 төгрөг төлөхийг зөвшөөрч, нэхэмжлэлээс 2 144 851 төгрөг төлөхийг зөвшөөрөөгүй. Анхан шатны шүүх зээлийн үндсэн хүүд 2 023 273 66 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 404 654 төгрөг гаргуулан шийдвэрлэхдээ тооцооллын болон хууль хэрэглээний алдаа гаргасан. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд: “…Зээлийн гэрээний хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүг нэг хувь” гэж заасан байхад анхан шатны шүүх хорин хувиар тооцон гаргуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд нэмэгдүүлсэн хүүд 404 654 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн кредит картын гүйлгээний хуулгад зээлдэгч нь бэлнээр 3 704 623 төгрөгийн гүйлгээ хийсэн. Бэлэн бусаар 1 290 000 төгрөгийн гүйлгээ хийсэн гэжээ. Гэрээнд зааснаар бэлэн гүйлгээний сарын хүү 3.5 хувь байхаар заасан ба 3 704 623 х 3.5 хувь = 129 661 төг х 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдрөөс 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 12 сар, 9 хоног = 1 912 170 төгрөг байна. Иймд нэмэгдүүлсэн хүүд тооцон гаргуулахаар шийдвэрлэсэн 404 654 төгрөгийг, зээлийн үндсэн хүүд илүү тооцож гаргуулахаар шийдвэрлэсэн 111 103 төгрөгийг хасаж, шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч “Г” ХХК-ийн хариуцагч Г.У-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7 839 457.18 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг шийдвэрлэсэн 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2019/02156 дугаар шүүхийн шийдвэрийн агуулга нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.1 дэх хэсгийн “Шийдвэр удиртгал, тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсгээс бүрдэнэ”, мөн хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсгийн “Тодорхойлох хэсэгт нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн татгалзал, тайлбар, зохигчийн төлөөлөгч гуравдагч этгээд, түүний төлөөлөгчийн тайлбарын агуулгыг заана” гэж заасны дагуу үйлдэгдээгүй, өөрөөр хэлбэл шүүх шийдвэртээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хариуцагчийн тайлбар, татгалзлыг бичээгүй орхигдуулсан байна.

 

            Иймд шийдвэрийн үндэслэл болон талуудын маргааны талаар давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байна. Энэ талаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр хэргийг буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2019/02156 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16 122 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

 

     ШҮҮГЧИД                                      М.НАРАНЦЭЦЭГ

 

А.ОТГОНЦЭЦЭГ