Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 1822

 

 

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2019/02154 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч ”Х” ХХК-ийн хариуцагч Л.Ч , Д.Б нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 29 971 092.73 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Д.Б , түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н , хариуцагч Л.Ч , хариуцагч Д.Б , хариуцагч Д.Б ын өмгөөлөгч Б.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ж , Д.Н нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манайх 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр анх нэхэмжлэл гаргасан. Дараа нь 2016 оны 8 сард 2 дахь нэхэмжлэлээ гаргасан. Зээлийн хүүг 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүртэл зогсоосон. Бид 1 жил гаран хугацааны хүүг нэмж нэхэмжлэхгүй. 2018 оны 10 дугаар сард нэхэмжлэл гаргах үед шийдсэн бол хүү нэмэгдэхгүй байсан. Хүү нэмэгдээд байгаа асуудалд манай банк бол хамаагүй. Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагч нараас нэхэмжлэгч бүрэн шаардах эрхтэй учраас нэхэмжлэл гаргасан. Банк болон төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зээлийн үнэ, зээлийн хүү болно гэсэн байдаг. Гэрээгээ бичгээр хийгээгүй бол зээлээ шаардах эрхгүй болно гэсэн байдаг. Илүү төлсөн төлбөрийг дараа сард нь тооцдог. Гэхдээ нийт үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүд ордог. Тооцооны бүх салбарт хүн нас барах асуудал гардаг. Энэ тохиолдолд бол зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх гэсэн зүйл байхгүй. Гэрээнд ч заагдаагүй юм. Зээлийн гэрээний 5 дугаар бүлэгт тодорхой заасан зохицуулалт байгаа. Нас барсан бол зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх зохицуулалт байхгүй. Өв залгамжлагч нь төлөхөөр хуульд заасан учраас Д.Б  нь төлөх зохицуулалттай. 2 удаа өргөдөл гаргасан нь үнэн. Д.Б  надтай уулзаж, “... хүү маань нас барсан, зээлийн хүүгээ зогсоолгох хүсэлтэй байна” гэсэн. Би албан ёсоор хүсэлт гаргаад өг гэж хэлсэн. Хүү зогсоож болох эсэх талаар харъя гэж би хэлсэн. Би материалуудыг нь татаад харахад зээлийн гэрээний үүргийг Л.Ч , Д.Б нар төлөхөөр байсан. Би хоёуланг нь дуудаж уулзаад үндсэн зээлдэгч нас барсан бол хамтран зээлдэгч төлнө, хүү зогсоох боломжгүй гэдгийг хэлж байсан. Тодорхой бол бичгээр хариу өгч байгаагүй, амаар хариу өгсөн гэж би ойлгож байгаа. Хариуцагч нар бол үндсэн зээлийн төлбөрөө төлөхөө хүлээн зөвшөөрч байгаа. Бид “Х” ХХК-ийг шууд төлөөлөх эрх байхгүй учраас эвлэрэх эрхгүй юм. Үндсэн зээл, хүү, хүүгийн төлбөрийг төлбөр тооцооны тухай хуулийн дагуу зохицуулсан байгаа гэжээ.

 

Хариуцагч Л.Ч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Өмгөөлөгчид энэ асуудлаа хэлэхэд хүү нь их байна. 49 000 000 төгрөгөөс 18 000 000 төгрөг илүү өгсөн байхад хүүгээ зогсоох ёстой, хүү тооцоод байдаггүй, үндсэн зээлдэгч нь нас барсан байхад хүүг тооцохгүй гэж хэлж байсан. Нэхэмжилж байгаа үлдэгдэл зээл 16 985 808 89 төгрөг, зардал 32 000 төгрөгийг бол төлөх нь тодорхой. Хүүг хүлээн зөвшөөрөхгүй. Барьцаатай холбоотойгоор шүүхэд гаргасан тайлбартайгаа санал нэг байна гэв.

 

Хариуцагч Д.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний хүү 50 000 000 төгрөгийн зээл авах гээд 49 500 000 төгрөгийг бэлнээр авсан байдаг. 500 000 төгрөгийг юунд авсан бэ гэдгийг гайхаад байгаа. 1 хувийн шимтгэлд авсан 500 000 төгрөгийг бол 16 500 000 төгрөгөөс хасуулах хүсэлтэй байна. Миний хүү сарын 1 900 000 төгрөгийг төлдөг байсан. Хаан банкны итгэлт харилцагч байсан. Хугацаа хэтэрч байгаагүй. Би хүүгээ нас барсны дараа хүү алдангиа зогсоогоод өгөөч гэж өргөдөл бичиж өгсөн. Гэтэл хариу өгөөгүй сүүлдээ аргаа бараад 12 дугаар сарын 03-ны өдөр Хаан банкны төв банк дээр нь өргөдөл өгсөн. Гэтэл бас л хариу өгөөгүй. Яагаад хариу өгөхгүй байсан талаар гомдож байна. Өмнөх нэхэмжлэлд бол Хаан банкны нэхэмжлэгчийн төлөөлөгчийн нэр зөрөөд хэрэгсэхгүй болгож байсан. Энэ хугацаанд мөн хүү алданги тооцогдож байсан. Миний хүүг нас барахад зээлийн үлдэгдэл 17 000 000 төгрөг гаруй байсан. Гэтэл миний хүүгийн оршуулгын зардалд 600 000 төгрөг орж ирэхэд Х ХХК хураагаад авсан. Хэнд ч үхэл тохиолдоно. Тухайн мөнгийг шууд татаад авсан. Яагаад авсан талаар асуухад Д.Баыг аргалж тархийг нь угааж байгаад гарын үсэг зуруулсан байсан. Би тухайн үед шүүх хуралдаанд очиход 16 985 000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. 50 хувийг нь би төлнө гэж хэлж байсан. Ах дүү нараасаа мөнгө олоод 8 000 000 төгрөгийг төлнө гэсэн гэтэл Х ХХК үгүй гэсэн. Гэтэл би байрандаа 1 нялх хүүхэдтэй байдаг байсан. Тэд нар гудамжинд гарна гэж би учир байдлынхаа талаар тайлбарлаад шүүхэд хэлсэн. Гэсэн хэдий ч Х ХХК зөвшөөрөөгүй. Хүү маань 49 500 000 төгрөгөөс 51 624 000 төгрөгийг илүү тушаасан. Х ХХК илүү төлөлт авсан, хохироогүй байгаа. Х ХХК дээр би гэрээ хийгээгүй. Хүүгийнхээ авч өгсөн байранд би байдаг байсан. Тал мөнгийг нь би төлөөд тал мөнгийг нь хүү маань төлсөн байр юм. Би 16 985 808 89 төгрөгийн тал хувь 8 492 904.445 төгрөгийг зардалтай нь төлөхөд бэлэн байна. Би анх нэхэмжлэл гаргасанд буруугүй учраас хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн Төв аймгийн банк болон Хаан банкны төв банкинд өргөдөл өгөөд байхад хариу өгөөгүй. Би тэтгэврийн хүн учраас шоронгоос гарч байгаад энэ асуудлыг зохицуулна. Илүү нэхэмжлээд байгаа мөнгийг бол өгч чадахгүй. Хүү алданги, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 515 дугаар зүйлийн 515.2-т заасныг тус тус баримтлан хариуцагч Л.Ч , Д.Б  нараас 26 145 709 23 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 3 825 383 5 төгрөгийн болон гэрийн эд хогшил, Нарантуул ОУХТ дэх бараагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Л.Ч , Д.Б  нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Төв аймгийн Зуун мод сумын 6 дугаар баг, 41 дүгээр байрны 9 тоотод орших улсын бүртгэлийн Ү-1427000584 дугаартай 37 м.кв талбайтай 3 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид 307 805 төгрөг төлснийг улсын орлогод үлдээж, дутуу төлсөн 70 200 төгрөгийг нэхэмжлэгч “Х” ХХК-аас нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч Л.Ч , Д.Б  нараас 358 878 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч Д.Б  давж заалдах гомдолдоо:

... Х ХХК-ны нэхэмжлэлийн асуудал анх 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн Налайх, Багахангай дүүргийн шүүх хурлын өдрөөс эхэлсэн асуудал одоог хүртэл үргэлжилсээр байна. Тухайн үед “Х” ХХК зээлийн 50 хувийг надаар төлүүлэх боломж байсан. Гэвч “Х” ХХК тухайн үед миний хүсэлтийг хүлээж аваагүй өдий хүртэл явсаар ирлээ. Миний хүү 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 3 жилийн хугацаатай бизнесийн зээл Төв аймгийн Х ХХХК-аас 50 000 000 төгрөг авсан боловч банк 1 хувийн нь үйлчилгээний хөлс гэсэн нэрээр 50 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн. Энэ зээлийн иргэн төлөгдөх график хуваарийн дагуу 4-өөс 5 хоногийн өмнө зээл, зээлийн хүүтэй 1 900 000 төгрөгийг сар бүр урьдчилан тогтмол хугацаанд төлсөн. Тус банкнаас 49 500 000 төгрөг аваад эргэн төлөлт 51 600 000 төгрөг графикийн дагуу тушааж байсан нь нотлох баримтаар хэрэгт авагдсан. Нас барснаас хойш үлдсэн 16 900 000 төгрөг байсан. Энэ үлдэгдэл зээлийн хүүг яаж тооцсон нь тодорхой бус байна. Би удаа дараа “Х” ХХК дээр очоод ахлах эдийн засагч С.Ж  эрхлэгч нартай биечлэн уулзаж, та надад цалингийн зээл өгөөч би хүүгийн үлдсэн зээлийн 50 хувийг төлье гэж гуйсан боловч эдийн засагч С.Ж  таны нас чинь хөгшин байна манайх танд зээл өгөх боломжгүй гэсэн хариу өгсөн. Тухайн үед миний бие нь аймгийн биеийн тамир спортын газрын ерөнхий санхүүгээр олон жил ажиллаж байгаад авто замын осол гаргаж 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр шоронд орж ял эдэлж байна.

Д.Н тай 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр биечлэн уулзсан тэрээр уулзахдаа зээлдэгч нас барсан тохиолдолд зээлийн 50 хувийг зогсоож болно гэж тайлбарлаж байсан өөр надад хариу өгөөгүй нэг удаа уулзсанаас хойш 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр шүүх хурал дээр “Х” ХХК-ийг төлөөлж Д.Н  намайг дуудаж уулзаагүй атлаа хурал дээр дуудаж уулзаж өргөдлийн хариу амаар өгсөн мэтээр тайлбарлаж байгаа нь өөрийгөө хамгаалах арга юм. Төв аймгийн шүүх үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний газраас 25 000 000 төгрөгөөр үнэлэгдсэн байрыг байсныг Л.Ч бид хоёрыг 50-50 хувиар өвлүүлэхээр шийдвэрлэсэн боловч би шоронд орж ял эдэлж байгаа болохоор өвийн асуудалтай байр орон сууцыг албан ёсоор өөрийн нэр дээр одоо ч хүртэл шилжүүлж чадаагүй байна. Иймд банкны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, зөвхөн бодит төлбөрийг үнэн зөвөөр тогтоож, охин нялх зээтэй минь элэг бүтэн амьдрах байрыг минь үлдээж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч Д.Б ын өмгөөлөгч Б.Э  давж заалдах гомдолдоо:

            ... Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Нэхэмжлэгч "Х" ХХК нь хариуцагч Л.Ч , Д.Б  нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 16 985 808 төгрөг, үндсэн хүү 11 023 557.28 төгрөг.нэмэгдүүлсэн хүү 1 929 726.56 төгрөг, нотариатын зардал 32 000 төгрөг нийт 29 971 092.73 төгрөгийг нэхэмжилсэн юм. Гэвч шүүх 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Багахангай ,Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 752 дугаар захирамжаар хэрэгсэхгүй болгож нэхэмжлэгч мөн оны 10-р сарын 05-ны өдөр дахин нэхэмжлэл гаргасан хугацааны хүү болох 2 926 212.7 төгрөг нэмэгдүүлсэн хүү 399 170.8 төгрөг нийт 3 325 383.5 төгрөгийн хүүг мөн шимтгэл гэж авч үлдсэн 500 000 төгрөгийн хамт нэхэмжлэгч банкны буруутай үйл ажиллагаатай холбоотой гэж үзэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хасаж 26 145 709.23 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн юм. Ингэхдээ шүүх Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2 дахь хэсэгт зааснаар "өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ гэж хуульчилсан тул хариуцагч Д.Б  нь зээлдэгч асан Батсайханы зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийг хүлээх үүрэгтэй гэж үзэн зээлдэгч нас барснаас хойших хүү болон нэмэгдүүлсэн хүүг өв залгамжлагч өндөр настай ээж Д.Б аар төлүүлэхээр шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь зээлдэгч асан Ба нь банкныхаа зээлийг цаг хугацаанд нь төлж явж байгаад 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр нас барсан, энэ өдрөөс түүний банкны өмнө хүлээсэн гэрээний үүрэг дуусгавар болох ба гэрээний үүрэг нь үүрэг гүйцэтгэгч нас барснаар зогсох ёстой гэж үзэж байна. Шүүх хамтран хариуцагч нь гэрээний үүргийн дагуу зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү хэдийг төлөх өв залгамжлагч нь ямар хэмжээгээр хэдийг хариуцаж төлөх талаар шударгаар нарийвчлан хуваарилаж шийдэлгүй бүхэлд нь хоёуланг нь хариуцан төлөхөөр шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр болж чадсангүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

            Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч Л.Ч , Д.Б  нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 29 971 092,73 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргасны үндсэн зээл 16 985 808,89 төгрөгийг төлөхийг хариуцагч нар зөвшөөрсөн, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй маргасан байна.

 

            Нэхэмжлэгч “Х” ХХК болон Ба, Л.Б нарын хооронд 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан БЗГ-13/270 тоот зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь 50 000 000 төгрөгийн зээлийг жилийн 24 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатай олгох, зээлдэгч зээлийг хүүгийн хамт гэрээгээр тогтоосон хуваарийн дагуу буцаан төлөх үүргийг хүлээсэн, талуудад Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх  хэсэгт заасан зээлийн харилцаа үүссэн  талаарх шүүхийн дүгнэлт зөв байна.

 

            Зээлдэгч Ба нь 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр нас барсан болон хамтран зээлдэгч Л.Б нэр сольсныг улсын бүртгэлд бүртгэснийг үндэслэн хариуцагчаар Л.Ч татагдсан тухайд зохигчид маргаагүй.

 

Нэхэмжлэгч нь зээлдэгч Ба-ы төрсөн эх, хууль ёсны өвлөгчийн хувьд Д.Б ыг хариуцагчаар татаж, Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2 дахь хэсэгт зааснаар гэрээний үүргийг түүнээс шаардсан байна.

 

Нэхэмжлэгч “Х” ХХК нь зээлийн 50 000 000 төгрөгийг Ба, Л.Б нарын эзэмшлийн 5721496955 тоот дансанд шилжүүлж зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн байх бөгөөд зээлдэгч Ба нь 2015 оны 10 дугаар сарын 21-нийг дуусталх хугацаанд 33 014 808.11 төгрөгийн үндсэн зээл, 18 609 819.07 төгрөгийн хүү, 639.83 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү, нийт 51 624 650.79 төгрөгийг зээлийн төлбөрт төлсөн нь зээлийн дансны хуулга, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан зээлийн тооцооллоор нотлогдож байна.

 

Зээлийн эргэн төлөлтийг зээлдэгч Ба өөрийн бизнесийн үйл ажиллагаагаар төлж байсан, хариуцагч Д.Б ял эдэлж байгаа, хариуцагч Л.Ч өвчний учир ажил эрхлээгүй, орлогогүй талаар тайлбарласан, энэ талаарх баримтыг шүүхэд гаргажээ. 

 

Хариуцагч нар нь Ба нас барснаар зээлийг эргүүлэн төлөх бодит нөхцөл боломжгүй болсон талаар зээлдүүлэгчид мэдэгдэхэд банк арга хэмжээ аваагүй, хүү, нэмэгдүүлсэн хүүг үргэлжлүүлэн тооцсоныг зөвшөөрөхгүй талаар тайлбарлан банкинд бичгээр хандсан 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн болон 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хүсэлтийг шүүхэд баримтаар гаргасан байна. Зээлдэгчээс 2 удаа бичгийн хүсэлт ирснийг хариуцагч үгүйсгээгүй, амаар хариу өгсөн гэжээ.

 

Дээрх хүсэлтийн “зээлийг төлж байсан хүү маань нас барсан тул зээлийн хүүг зогсоож, шүүхээр шийдвэрлүүлж өгөөч, үндсэн зээлийг л төлж барагдуулъя” гэсэн агуулгаас үзвэл зээлдэгч нас барснаар гэрээг үргэлжлүүлэн үүргээ биелүүлэх боломжгүй болсныг буюу гэрээ байгуулах үеийн нөхцөл байдал илтэд өөрчлөгдсөнийг мэдэгдэж, гэрээг үргэлжлүүлэлгүйгээр, хугацааг зогсоож, үлдэгдэл төлбөрийг төлөхийг хүссэн Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1 дэх хэсэгт заасан агуулгатай байна. Гэвч банк буюу зээлдүүлэгч нь өөрчлөгдсөн нөхцөл байдалд гэрээг зохицуулах арга хэмжээ аваагүй байх тул хуулийн 220 дугаар зүйлийн 220.3 дахь хэсэгт заасан үүргээ зөрчсөн гэж үзэхээр байна.

 

Хариуцагчийн тухайд нөхцөл байдал өөрчлөгдсөнөө үүрэг гүйцэтгэх боломжгүй болсон үндэслэл тогтоогдсон байна.

 

Дээрхээс дүгнэвэл хариуцагч талын зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй гэх татгалзал хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд хүсэлт гаргасан үеийн буюу 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн байдлаарх зээлийн төлбөрийн үлдэгдэл 16 985 808,89 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт нийцнэ.

 

Шүүх хэргийн дээрх нөхцөл байдал, бичгийн нотлох баримтыг маргаж буй үндэслэлд хамааралтай, үнэн зөв, бодитой талаас нь үнэлж чадаагүйг хэрэгт авагдсан баримтын хүрээнд зөвтгөх боломжтой, энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй.

 

Хариуцагч Л.Ч  нь зээлийн гэрээ болон барьцааны гэрээнд гарын үсэг зурж үүрэг хүлээсэн хамтран үүрэг гүйцэтгэгчийн хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар, хариуцагч Д.Б  нь үүрэг гүйцэтгэгчийн хууль ёсны өвлөгчийн хувьд  мөн хуулийн 515 дугаар зүйлийн 515.2 дахь хэсэгт зааснаар гэрээний үүргийг хариуцах үндэслэлтэй бөгөөд шүүх тэднээс бүхэлд нь төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсгийг зөрчихгүй тул хэн ямар хэмжээгээр хариуцан төлөхийг шүүх заагаагүй гэх хариуцагч Л.Ч ийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн үүргийн гүйцэтгэлийн барьцаанд Төв аймгийн Зуун мод сумын 6 дугаар баг, 41 дүгээр байрны 9 тоотод орших улсын бүртгэлийн Ү-1427000584 дугаартай 37 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд шүүх үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд уг барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

Мөн хөдлөх эд хөрөнгийн барьцааны зүйл нь бодитой байгаа эсэх нь тодорхойгүй талаар дүгнэж, гэрийн эд хогшил, Наран туул худалдааны төв дэх бараагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв болно.

 

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагаас 16 985 808 төгрөгийг хангаж, үлдэх 12 985 284 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон болон улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг өөрчилсөн өөрчлөлт оруулж, хариуцагч Д.Б , түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2019/02154 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “26 145 709,23 төгрөг” гэснийг “16 985 808 төгрөг” гэж, “3 825 383,5 төгрөгийн” гэснийг “12 985 284 төгрөгийн” гэж, “болгосугай” гэснийг “болгож” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “358 878 төгрөг” гэснийг ”242 879 төгрөг” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг  хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 288 679 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ц.ИЧИНХОРЛОО

 

     ШҮҮГЧИД                                Т.ТУЯА

 

      А.ОТГОНЦЭЦЭГ