| Шүүх | Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхжаргалын Золбадрах |
| Хэргийн индекс | 112/2023/0016/З |
| Дугаар | 112/ШШ2023/0042 |
| Огноо | 2023-08-31 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 112/ШШ2023/0042
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн ******* сумын иргэн Ц.А
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ж.Дорждэрэм, М.Энхзаяа
Хариуцагч: Говь-Алтай аймгийн ******* Ш.Э
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.З
Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Эрдэнэбат нарын хоорондын төрийн албаны маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм, М.Энхзаяа, хариуцагч Ш.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, хариуцагчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Баасанцэрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/20 дугаар “Ц.Аыг ажлаас халах тухай” тушаал, 2023 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн Б/20 дугаар “Ц.Аыг ажлаас халах тухай” тушаалуудыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгуулахаар маргаж байна.
2. Нэхэмжлэгч Ц.А нь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/126 дугаар тушаалаар Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн орон нутгийн удирдлага, зохион байгуулалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд сонгон шалгаруулалт хүртэл томилогдоод, мөн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/179 дүгээр тушаалаар Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн орон нутгийн удирдлага, зохион байгуулалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд жинхлэн томилогдсон байна.
3. Харин аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/20 дугаар “Ц.Аыг ажлаас халах тухай” тушаал, 2023 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн Б/20 дугаар “Ц.Аыг ажлаас халах тухай” тушаалуудаар Ц.А нь Төрийн албаны тухай хуулийн 37,39 дүгээр зүйлд заасан нийтлэг үүргийг хэрэгжүүлээгүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, чухал шаардлагатай ажлын үед ажил тасалсан, аймгийн Засаг даргын гэрээ байгуулах ёслолын үйл ажиллагааг алдагдуулж, Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлүүдээр Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн орон нутгийн удирдлага, зохион байгуулалт хариуцсан мэргэжилтний албан тушаалаас чөлөөлөгдсөн.
4. Ц.А нь 2023 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн Б/20 дугаар “Ц.Аыг ажлаас халах тухай” тушаалыг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан боловч Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 01/933 дугаар албан бичгээр шүүхийн байгууллагад хандана уу гэсэн хариу өгсөн байна.
5. Иймд Ц.А нь 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр шүүхэд дээрх шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.
6. Нэхэмжлэгч Ц.А шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Миний бие 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Эын Б/179 дүгээр тушаалаар Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн орон нутгийн удирдлага зохион байгуулалт хариуцсан мэргэжилтний орон тоонд жинхлэгдэн ажиллаж эхэлсэн.
Ажиллаж байх хугацаанд ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй. Гэтэл 2023 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн Б/20 дугаар тушаалаар Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн мэргэжилтний үүрэгт ажлаас үндэслэлгүйгээр халж миний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн. Миний бие тухайн тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй талаарх гомдлыг Төрийн албаны зөвлөлд 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр гаргаж, 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр гомдлын хариуд шүүхийн байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ үү гэсэн хариу мэдэгдэх ирсэн.
Ажил олгогч намайг ажлаас чөлөөлөхдөө нийтлэг үүрэг хэрэгжүүлээгүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар удаа дараа биелүүлээгүй, ажил тасалсан, албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн гэж хууль зүйн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн.
Аймгийн Засаг даргын Тамгын газар нь Төрийн захиргаа, удирдлагын хэлтэс, Хууль эрх зүйн хэлтэс, Нийгмийн бодлогын хэлтэс, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, Статистикийн хэлтэс, Цэргийн штаб гэсэн хэлтсүүдтэй. Аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтсүүд нь агентлаг байгууллагуудынхаа чиг үүргийн дагуу жишээ нь Нийгмийн бодлого гэхэд Эрүүл мэндийн газрын, Хууль эрх зүйн хэлтэс нь Цагдаагийн газрын гэрээг хариуцаж, зохион байгуулалт, удирдлагаар хангаж ажилладаг. Тэр гэрээг нь хариуцаж хянаад манай хэлтэст ирүүлсэн байгаа. Гэтэл Тамгын дарга байгууллагын чиг үүргийн дагуу хариуцаж удирдлага зохион байгуулалтаар хангадаг бөгөөд тухайн байгууллагуудын гэрээг хариуцсан хэлтэс нь хянаж ирүүлдэг байхад намайг хянах ёстой гээд байгаа. Би эрүүл мэндийн газрын бүх нарийн ширийн зүйлийг мэдэхгүй холбогдох хэлтэс нь л мэднэ. Цагдаагийн газартай ямар гэрээ байгуулсан, яах ийхийг нь Хууль эрх зүйн хэлтэс мэднэ. Гэтэл ганцхан миний буруу юм шиг л яриад байх юм. Тэгээд үүнтэй холбоотойгоор гэрчийн мэдүүлэг холбогдох газруудын дарга нараас авсан байгаа. Гэрээнүүдийг 2023 оны 02 сарын 13-нд би аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд бэлэн өрөөд тавьчихсан байсан. Тэгээд өглөө нь яах аргагүй ходоод өвдөөд бөөлжис цутгаад байхаар нь ажилдаа очиж чадаагүй. Гэрээнүүдийн жагсаалтыг нь гаргаж тавьсан. Жагсаалтыг гаргаж тавихад Мал эмнэлгийн газрын дарга хагалгаанд орсон, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга томилолттой, Статистикийн хэлтсийн дарга гадаадад томилолттой явж байсан. Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн даргын чиг үүрэгт ч гэсэн агентлагуудын дарга нартай гэрээ байгуулах чиг үүрэг байдаг. Миний дээр хэлтсийн дарга гэж байгаа. Тэгээд бүгдийг нь бүрдүүлж тавиад зохион байгуулсан шүү дээ. Өглөө нь дотор муухай оргиод ходоод өвдөөд байхаар Х дарга руу залгасан. Тийм байдалтай би яаж очих юм.Бие өвдөөд болохгүй байсан. Тэгэхээр нь би 9 цаг 30 минутын үед ажлын хойд талын хаалгаар ороод “миний бие өвдөөд байна” гэж жижүүрт хэлчихээд гараад явсан. Гэртээ орж ирээд ходоодны мезимфорте гээд эмийг 2 ширхгийг давхарлаж уугаад, гэрт нүүрсэн эм байхаар бас уучихаад хэвтэж байсан чинь унтчихсан байсан. Яах аргагүй нам унтчихсан байсан. Тэгээд 12 цаг өнгөрч байхад сэрээд ажил дээр очсон чинь н.М эгч хүүе миний дүү яав ийв гэхээр нь ийм зүйл боллоо гэдгээ би хэлсэн. Тэгээд үдээс хойш нь хариуцлагатай жижүүрийн хуваарийг гаргах гээд бичээч н.Ц эгчээс хариуцлагатай жижүүрийн хуваарь гаргах гэсэн юм. Ямархуу байдлаар яаж гаргадаг талаар асуусан чинь сүүлийн 2 жил ковидоос шалтгаалаад цагаан сар болоогүй. Үзэхээр бол 2019 оныхыг л үзэх юм байна. Чи цахимаас үзчих гэсэн. Тэгээд би өрөөндөө ороод Тамгын газрын сайтаас 2019 оныг сонгоод захирамж руу ороод 2019 оноосоо 02 сарыг нь сонгоод захирамжийг хэвлэж гарган боловсруулаад 2 давхарт явж байгаад Онцгой байдлын газрын Б-тэй тааралдсан. Үдээс хойш намайг чуулга дээр явж байсан гэж байна. Чуулга дээр нөхрөөсөө машины түлхүүр авах гэж очсон. Тангараг өргөх ажиллагаанд ирээгүй гэж байна. Тангараг өргөх ажиллагаанд ирээгүй хүмүүс байсан. Тангараг өргөх ажиллагаанд ирээгүй ч сүүлд нь тангаргийн хуудсаа аваад өөр ажил албан тушаал дээр томилогдоод явж байгаа хүмүүс байгаа шүү дээ. Яагаад ганцхан намайг тангараг өргөөгүй гээд байгаа юм? Эрүүл мэндийн шалтгаанаар тэр өдөр би тангараг өргөөгүйгээс та нар хохирохгүй би л хохирох юм шүү дээ. Цалингийнхаа нэмэгдэл гэх мэтээр би л хохирно. Тэгээд сүүлд нь тангараг өргөөгүй хүмүүс тангаргийнхаа хуудсыг аваад ажил албан тушаал дэвшээд явж байна шүү дээ. Хэнд нь өгөөд хэнд нь өгдөггүй юм бэ? Би тангараг өргөнө, гэрээ байгуулна гээд өчнөөн олон хоногийн өмнөөс бэлдээд гутал хувцсаа хүртэл бэлдчихсэн байсан. Эрүүл мэндийн шалтгаантай болоод очиж чадаагүй. Х дарга тухайн үед тушаалыг гаргасан юм байна. Тэгээд Иг гардуулж өг гэхэд би тушаалаа аваагүй байж байдаг. Ажлаа хийх гэхээр чиний тушаал гарсан гэдэг.Тэгээд тушаалаа өгдөггүй. Би тэр ажлыг чинь хаяад явах юм уу? Хаяад явах хэцүү түрүүн өөрөө ч гэсэн хэлж байна шүү дээ. Намайг орж гараад л яваад байсан гэж байна. Тушаал өгөхгүй байгаа юм чинь яах юм, энэ ажлыг чинь тэгээд хаяад явах юм уу? Та нар тэгж 02 сарын 17-нд тушаалаа гаргасан юм бол өгөхгүй яасан юм? Яах гэж тэгж дараад байлгаад байсан юм бэ? Тушаал өгөхгүй байхаар нь намайг арай ч ингээд халчихгүй байлгүй. Эргээд ажилдаа ороорой гэх юм болов уу гэсэн чинь тэгээгүй. Тэгээд 03 сарын 20-ны өглөөТамгын дарга дээр би хүүгээ дагуулаад орсон. Тамгын дарга аа, би ажлаас гарсан тушаалаа ерөөсөө аваагүй байгаа. Өнөөдөр 03 сарын 20-ны өдөр. Тушаалынхаа он, сар, өдрийг 03 сарын 07 юм уу 08-ны өдрөөр тавиулчих юм бол ажилгүйдлийнхээ тэтгэмжийг авмаар байна гэж хэлсэн. Тэгсэн чинь “тэг тэг, би И-д хэлчихье” гэсэн. И нь болохоор өнөөдөр зөвлөлийн хуралтай байна гэсэн. Тэгээд зөвлөлийн хурал дуусаад орой нь тушаалаа аваарай гэсэн. Ажлын цаг дуусчихсан болохоор маргааш нь тушаалаа аваад нийгмийн даатгал дээр очсон чинь Игийн өгсөн тушаалыг энэ засвартай тушаал байна. Санхүүгийн асуудал учраас болохгүй гээд өөрчлүүлээд ир гэсэн. Тэгээд өөрчлүүлж авч очиж өгсөн. Ийм л зүйл болсон гэв.
7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Өнөөдөр бүхэл бүтэн Үндсэн хуулиар олгогдсон хүний хөдөлмөрлөх эрх, амьд явах эрхэд халдаж байна. Энэ хүмүүс амьжиргаагаа ажил, хөдөлмөр эрхэлж авч явдаг. Гэтэл энэ амьд явах эрхэд нь халдаж, ийм эрх зүйн акт гаргаж байж ямар ч хуулийн шаардлага хангаагүй, бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, зөрчлийг тогтоогоогүй, яг ямар зөрчил гаргасныг тогтоогоогүй байж хүний эрхэд халдаж ажлаас чөлөөлсөн тушаал гаргачхаад үндэслэлтэй тушаал гаргаж байгаа гэж маргаж байгаа нь харамсалтай байна. Дараагийн дугаарт хэлэхэд ажил олгогчийн хувьд бүхэл бүтэн хууль зүйн хэлтэст ажиллаж байгаа. Хүний эрхэнд нэгэнт халдаж байгаа бол энэ тушаалаа хуульд заасан үндэслэл журмаар гарга. Энэ тушаалуудаа хуульд заасан үндэслэл журмаар мэдэгдчих. Энэ бодит нөхцөл байдлаа хуульд заасан үндэслэл журмаар тогтоочхооч. Эрх мэдэл, тамга тэмдэг, гарын үсэг зурдаг эрх нь байна гээд хэд хэдэн тушаал гаргаж болно шүү дээ. Эрх хэмжээ чинь байгаа болохоор гаргаж болно. Гэхдээ гаргахдаа хуульд заасан үндэслэл журмаар л явуулчих гэж хэлмээр байна. Түүнээс биш хэн нэгний гараар дамжуулаад хүргэчихсэн шүү дээ гээд амаар дамжуулдаг, бид нар ингэдэг, ингэж шийднэ гэж явахгүй. Энэ хүний цаана 3 хүүхдийн эрх ашиг хөндөгдөж байна. Өнөөдрийг хүртэл 5, 6 сар ажилгүй байна. Энэ хүний сэтгэл зүй ямар байх вэ? Төрийн албанаас халах хэмжээний сахилгын шийтгэл оногдуулахдаа тэр хэмжээний зөрчлийг нэхэмжлэгчийн хувьд гаргаагүй байна гэж үзэж байгаа. Өөр төрлийн сахилгын шийтгэл оногдуулах бүрэн боломж байсан. Энэ зөрчлүүдээ өөрсдөө тогтоогоогүй байж тушаалыг гаргасан байна. Урьд нь гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагчийн зүгээс 2023 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн Б/20 дугаар тушаалаа өөрсдөө хүчингүй болгосон байдаг. Нэгэнт хүчингүй болгосон тушаалаас татгалзсан гэдгийг дурдах нь зүйтэй байх. Агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор дараах хууль зүйн дүгнэлтийг хэлмээр байна. Нэхэмжлэгчийн тухайд төрийн албанд багагүй хугацаанд амьдарлаа зориулсан. 1-2 жил ажиллаж байгаа хүн биш 10 аад жил төрийн албанд шат дарааллаад дэвшээд явж байгаа ийм хүн байгаа. Тухайн албанд 2022 оны 10 сард томилогдсон. Төрийн албанд 10 жил ажиллаж байх хугацаандаа сахилгын ямар ч шийтгэл авч байгаагүй. Сахилгын шийтгэл авч байсан талаарх хавтас хэргийн материалд байхгүй байгааг дурдах нь зүйтэй байх. Ажил олгогчийн зүгээс 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн тушаалыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ажил ологч болон ажил олгогчийн талаас тайлбарлахдаа захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.3 дахь хэсэгт заасан, Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах, урьдчилан шийдвэрлэх ажиллагаа биелүүлээгүй байна. Тухайн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн нэхэмжлэлийг төрийн албаны зөвлөлд хандаагүй байна гэж үүнтэй холбоотойгоор нотлох баримтыг хавтаст хэргийн материалд гаргаж өгсөн. Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй байгаа учраас нэхэмжлэлийг буцааж өгнө үү гэсэн дүгнэлтийг өмгөөлөгчийн хувьд хэлж байгаа. Энэ тал дээр өмгөөлөгчийн тухайд дараах байр суурьтай байна. Нотлох баримтын хүрээнд харах юм бол хавтас хэргийн материалын 6 дугаар хуудсанд нэхэмжлэгч анх нэхэмжлэлээ 2023 оны 04 дүгээр сарны 26-ны өдөр гаргасан. Нэхэмжлэлээ 2023 оны 03 дугаар 08-ны өдрийн 20 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай агуулга бүхий нэхэмжлэлийг гаргасан байгаа. Үүнтэй холбоотой 03 дугаар сарын 08-ны өдрийн тушаалыг урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулахаар төрийн албаны зөвлөл бол хавтаст хэргийн материалын 5 дугаар хуудсанд гомдол гаргасан. Төрийн албаны зөвлөлөөс хавтаст хэргийн материалын 7 дугаар хуудсанд хариу хүргүүлсэн. Хариу хүргүүлэхдээ манай Төрийн албаны зөвлөлийн харьяаллын маргаан биш байна шүүхийн журмаар шийдүүл гэсэн хариу өгсөн. Гэтэл ажил олгогч, хариуцагчийн өмгөөлөгчийн мэтгэлцэж байгаа мэтгэлцээн нь юу бэ гэхээр урьдчилан шийдвэрлэх ажиллагааг 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/20 дугаар тушаал дээр хийгдээгүй байна гэсэн асуудал яригддаг. Өнөөдөр Монгол улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36/32 дугаар хамтарсан тушаал байгаа. Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах тухай түүнд гомдол гаргах журам гэж байгаа. Энэ Гомдол гаргах журмын 8.3-д төрийн албанаас халах, 8.1-д зааж өгсөн байгаа. Сахилгын шийтгэл хүлээсэн албан хаагч уг шийтгэлийг үндэслэлгүй болон буруу оногдуулсан гэж үзвэл энэ тухай гомдлоо мэдсэнээс хойш 30 хоногийн дотор төрийн албаны зөвлөлд эсвэл шүүхэд бичгээр гаргана. 8.2-т Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.1, 48.1.2-т заасан тушаалаар халагдсан тохиолдолд төрийн албаны зөвлөлд гомдол гаргахаар, 48 дугаар зүйлийн 48.1.3, 48 дугаар зүйлийн 48.1.4 дэх хэсэгт заасан хууль зүй тушаалын гомдлыг шүүхэд гаргана гэж тухайн журмаар зохицуулсан байгаа. Энэ журмаараа бол заавал төрийн албаны зөвлөлд 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/20 тушаалыг урьдчилан шийдвэрлэх шаардлагагүй байна шүүхэд харьяалан шийдвэрлэх эрх хэмжээ нь байна. Иймд захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нэхэмжлэлийг буцаах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж байна. 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/20 дугаар тушаалыг өнөөдөр хариуцагч хэлээд байсан. Удаа дараагийн энэ тушаалыг тушаал гаргах эрх хэмжээ, гарын үсэг зурах, тамга дарах эрх хэмжээ өнөөдөр нэхэмжлэгч тал буюу А гэдэг хүнд байдаггүй юм. Мөн мэргэжилтэн гээд гардуулж өгсөн этгээдэд байдаггүй. Энэ ажил олгогч субъектэд олгогддог. Энэ тушаал удаа дараа 2023 оны 03 дугаар сарын 07, 08-ны 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн тушаалыг хэн үйлдэж хэн тамга дарж гаргаад байгаа юм. Энэ ажил олгогчийн эрх хэмжээний асуудал. Хэн нэгэн этгээд гуйсны дагуу гаргаад өгч байдаг ажил олгогч байдаг гэдэг нь сонин байна. Түрүүн өмгөөлөгч нь хэлсэн. Тэгээд тэр нийгмийн даатгалын хүний хэлснээр гаргуулаад аваад байдаг гэсэн асуудал энэ дээр ярихгүй. Тэрийг гаргаж өгөх үү үгүй юу гэдэг эрх хэмжээ өнөөдөр ажил олгогчид олгогдсон байгаа гэдгийг дурдах нь зүйтэй байх. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 2023 оны 03 дугаар сарын 08-ны өдрийнхөө тушаалыг сөрөг нөлөөлөл бүхий тушаал байна гээд хүчингүй болгуулчихдаг. Ер нь үзэх юм бол тухайн хүчингүй болгосон хууль зүйн үндэслэл нь бас ойлгомжгүй зүйл заалтаар хүчингүй болгосон нь харагдаад байгаа. Хүчингүй болгосныг өнөөдөр бид нар хэргийн материалтай танилцахад хариуцагч талаас ямар тайлбар гаргадаг бэ гэхээр 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн тушаалаараа энэ хүнийг бид нар ажлаас нь халсан юм. 2023 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн тушаал 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн тушаалаар хүчингүй болсон учраас энийг ярих шаардлагагүй гэж байгаа. 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн тушаал өнөөдөр нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн тушаал болж байна. Иймд 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн гаргасан тушаалтай чинь холбогдуулаад 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/20 дугаартай тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж гаргасан. Сонсох ажиллагаа хийгдсэн талаарх тайлбарт бол урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн үү гэдэг нь хийгдэх шаардлагагүй хууль зүйн дүрэмд зааснаар энэ бол шүүх шийдэх эрх хэмжээний маргаан байгаа юм байна. Шүүхэд хандах хуулийн хугацаа хэтрээгүй 2023 оны 08 дугаар сарын 11-ны өдрийн тушаалаар баталж байгааг дурдах нь зүйтэй. Хавтаст хэргийн материалын 47 дугаар хуудсанд 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр сонсох ажиллагаа хийгдсэн талаарх баримтыг ажил олгогчийн зүгээс гаргаж өгсөн байгаа. Энэ сонсох ажиллагаа хийсэн тэмдэглэл өөрөө хуульд заасан шаардлага хангасан юм уу гэдэг дээр өмгөөлөгч дүгнэлтээ хэлмээр байна. Ажил олгогчийн зүгээс хэлж байгаа цэг цэг он сар өдөр хоосон тушаалын төслийг танилцуулсан гэж дурдсан байдаг. Цэг цэг он сар үйлдээд ямар тушаалын ямар төслийг танилцуулсан болох нь тодорхойгүй. Хариуцагч талаас ярьж байгаа боловч нотлох баримтыг хариуцагч талаас хэрхэн яаж тайлбарлах нь хариуцагч талд байгаа гэхдээ хавтас хэргийн материалд бичгийн нотлох баримтаар энэ тайлбар маань өөрөө нотлогдсон байх ёстой. Сая хэлж байна би тушаалын төслөө танилцуулсан гээд цаас үзүүлээд байгаа. Хэргийн материалд өнөөдөр цаас үзүүлж танилцуулсан ямар ч нотлох баримт байхгүй. Сонсох ажиллагаа хуульд зааснаар хэрхэн хийгдсэн бэ гэдгийг хараад үзэх юм бол Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлийг ажлаас чөлөөлж байгаа тушаал дээр бичсэн байгаа. 26 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох ёстой гэж байгаа. Хэрхэн яаж боломж олгосон юм. Өнөөдөр хэлээд байна 02 дугаар сарын 16-ны өдрийн сонсох ажиллагаа хийсэн тэмдэглэлээрээ 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн тушаалыг мэдэгдсэн гэж байгаа. Энэ нэгхэн хоногийн дотор гарсан тушаал дээр хэрхэн тайлбар гаргах боломжоор хангасан юм. Дараа нь 27 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэг Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ гэж байгаа. Мэдэгдэл хүргүүлдэг байгаа. Бичгээр таныг ийм ийм учраас ийм ийм зөрчил гаргасан учир, ийм ийм хуулийн заалтаар ажлаас чөлөөлөх асуудал гаргаж байна. Иймд сонсох ажиллагаандаа хүрэлцэн ирнэ үү гэсэн мэдэгдэл үйлдэх ёстой. Энэ мэдэгдэл хэрхэн яаж үйлдэгдсэн талаар хавтаст хэргийн материалд ямар нэгэн баримт байхгүй байгаа. Өөрт нь гардуулагдсан мэдэгдэл байхгүй байгаа. 27 дахь хэсгийн 5 дахь зүйлд “ Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна” гэж байгаа эндээс харахад 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр сонсох ажиллагаа хийгээд байгаа юм чинь бараг 03 дугаар сарын 08-ны өдөр тушаал гаргаад өгсөн нь үнэн юм шиг. Оролцогчийн эрхийг хангасан, сонсох ажиллагаа хийчихсэн гээд байгаа. 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр сонсох ажиллагаа хийгээд 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр тушаалаа гаргасан гэж байгаа нөхцөл байдал нь өөрөө сонсох ажиллагаагаа хуульд заасан үндэслэлээр хийгээгүй болох нь эсэргээр нотлогдоод байна. Захиргааны ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зөрчсөн. Захиргааны байгууллагаас захиргааны шийдвэрийн хувийн хэргийг хөтлөх бөгөөд уг хувийн хэрэгт шийдвэр гаргах үйл ажиллагааны үндэслэл, үе шат, оролцогчийн санал, холбогдох баримт, сонсох ажиллагаа, уулзалт, хуралдааны тэмдэглэл, шийдэл, хүргүүлсэн, мэдэгдсэн баримт зэргийг бүрдүүлэн, архивт хадгална. Сая хэлээд байна хариуцагч төслийг үзүүлсэн гээд. Өнөөдөр шүүх дээр ингэж ярьдаг юм бол биш. Хэзээ ямар төсөл үйлдсэн юм. Энэ төслийг яаж А гэдэг хүнд мэдэгдсэн юм. Мэдэгдээд сонсох ажиллагаа хийсэн, мэдэгдлээ гардуулсан бүх баримтаа хувийн хэрэг нээгээд хийсэн байх ёстой. Энэ ажиллагаа хийгдээгүй байна. Ингэхлээр сонсох ажиллагаа өөрөө хуульд заасан хууль журмаар хийгдээгүй. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт захиргааны байгууллагын үйл ажиллагааны зарчим гэж байгаа. Бусдын хууль эрх ашгийг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх үүрэгтэй. Энэ нь өөрөө захиргааны үйл ажиллагааны зарчим гэж байгаа. Гэтэл яаж 02 дугаар сарын 17-ны өдрийн тушаалаа үйлдчихээд 16-ны өдөр буюу нэг өдрийн өмнө мэдэгдээд байгаа нь өөрөө энэ захиргааны үйл ажиллагааны баримтыг хэрхэн хэрэгжүүлж ажилласан юм бэ гэдэг нь хавтаст хэргийн материалын нотлох баримтын хүрээнд харагдахгүй байна. Оролцоог хангах боломжоор ерөөсөө хангаагүй. 16-ны өдөр бланк дээр нэг юм үйлдээд, он сар өдөр нь ч байхгүй бланк дээр төслийг танилцуулав гэж байна. Ямар төслийг, ямар төрлийн ямар зүйл заалттай ямар хуулийг зөрчсөн, энэ зөрчлийг хэрхэн танилцуулсан талаар тэмдэглэл дээрээ ч тусгаагүй. Энэ хүний саналыг бичээд одоо танилц гарын үсэг зур ийм л юм өгсөн. Энэ өөрөө хуульд нийцсэн сонсох ажиллагаа биш байна. Хуульд заасан сонсох ажиллагаа явагдаагүй байна гэсэн дүгнэлтийг өмгөөлөгчийн хувьд хэлж байна. Захиргааны актыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн эсэх дээр дүгнэлт хэлэхэд ажил олгогчийн зүгээс тайлбар хэлэхэд 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/20 дугаар ажлаас халсан тушаал. Хүчингүй болсон ч агуулга ижил 2023 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн Б/20 дугаар тушаалуудыг зохих журмын дагуу мэдэгдсэн гэж тайлбар хэлж байгаа. Үүнийг хуульд заасан үндэслэл журмаар мэдэгдсэн нь гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байна. Мөн сонсох ажиллагаа хийсэн тэмдэглэлээр, хүсэлт өгч байгаа баримтуудаар тус тус тогтоогдож байна гэж байгаа. Гэтэл энэ нотлох баримтууд нь эсэргээрээ хэрхэн яаж үгүйсгэгдэж байна уу гэхээр түрүү нь хуулийн хэлтсийн дарга нь хэлсэн. Сонсох ажиллагаа хийхэд тухайн тушаал нь хэзээ хэрхэн гарах талаар бид нар мэдэхгүй юм чинь он сар өдрийг тавиагүй гэж хэлж байгаа. Тэмдэглэл үйлдээд ажлаас халаад байгаа эрх бүхий субъектүүд өөрсдөө хэзээ ажлаас халах тушаал гарахыг нь мэдэхгүй гэж байгаа нь өнөөдөр эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээд тушаал хэзээ гарахыг нь яаж мэдэх юм. Тэгсэн хэр нь 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн тэмдэглэлээрээ 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн ажлаас чөлөөлсөн тушаал нь нотлогдож байна гэж ярьж байна. Гэрч нарын мэдүүлэг гэж ярьж байна. Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хуульд заасан хүний хөдөлмөрлөх эрхэд халдаж байгаа, эрхийг зөрчиж байгаа актыг үйлдэж байгаа этгээдүүд бол ажил олгогч. Ажил олгогч нэгэнт энэ актыг зөрчих, хууль зүйн үндэслэл байгаа гэж үзсэн тохиолдолд зөрчлөө тогтоогоод сонсох ажиллагаагаа хийгээд, актаа үйлдээд үйлдсэн актаа хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдэгдэх үүрэг нь ажил олгогчид байгаа. Энэ үүргээ ухамсарлаагүй. Нэг зөрчил гаргангуут түүн дээр нь шалтгаалаад ажлаас чөлөөлж болдог юм байна гэсэн бодолтой. Гэрч нараар нотлуулах гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад олон гэрч нарыг дуудаж оруулж ирдэг. Гэрч нар нь болохоор ашиг сонирхол бүхий этгээдүүд, дандаа доор нь ажилладаг субъектүүд, мэдээж ямар мэдүүлэг өгөх нь тодорхой. Гэрч нар нь өгсөн гэдгийг нотолдог юм байна. Гэтэл хуульд өөрөө юу гэж заасан юм гэхээр Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна гэж заасан байдаг мөн 43.2 дахь хэсэгт ямар журмаар гардуулах бэ гэдгийг олон янзаар тайлбарласан байгаа.Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна.
Ирээд аваач гээд гуйдаг авахгүй гэдэг гэж тайлбарлаж байсан. Гэтэл энэ өөрөө хуульд заасан мэдэгдэх олон янзын аргууд ажил олгогчид олгогдсон байгаа. Факсаар болон гэрийн хаягаар, шуудангаар явуулж болж байна. Гэтэл нийтэд мэдээлэх хуулийн зохицуулалт байхад үүнийг яагаад хэрэгжүүлээгүй юм. Өөрт нь гардуулсан гэж тайлбарлаж байгаа. Би Хд хэлсэн, Х Ид хэлсэн гээд дамжуулаад яваад байдаг. Төрийн алба ингэж явахгүй. Бүхэл бүтэн захиргааны байгууллага. Хүний эрх ашиг хөндөж гарч байгаа акт шийдвэр хэрхэн хүргүүлэх, хэрхэн мэдэгдэх, хэрхэн хариу авах гэж явдаг болохоос хүнээр дамжуулаад дам дам явдаг бол яаж төрийн алба явах юм. Хуульд заасан үндэслэл журмаар өөрсдөө ажлаа хийсэн юм уу. 43.2 дахь хэсэгт зааснаар өөрт нь гардуулсан гэдгийг нотлохын тулд 2 гэрч оруулж ирдэг. Доор нь ажилладаг ашиг сонирхлын зөрчилтэй этгээдүүд орж ирээд бид нар гардуулсан гэдэг асуудал ярьдаг. 3 дахь хэсэгт захиргааны актыг бичгээр гаргах шаардлагууд байдаг. Шаардлага дотроо захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал хууль зүйн үндэслэлийг заана гэж байгаа. Бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, хууль зүйн үндэслэлийг заагаагүй, зөрчлийг тогтоогоогүй байж өнөөдөр ажлаас халсныхаа дараа нөгөө зөрчлийг нь тогтоох гээд гэрч нараа асуулгаад, болсон болоогүй баримтуудыг гаргаж өгөөд байх юм. Шүүх дээр ирчихсэн байхад тогтоох гээд яваад байгаа нь ажил олгогчийн зүгээс харагддаг. Иймд 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн тушаалыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдож байна. Иймд уг тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 08 сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд гаргуулж, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилтийг хийлгүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
8. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхзаяа шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Миний зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн байгаа. Өөрөөр хэлбэл 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/20 дугаартай Ц.Аыг ажлаас халах тухай Засаг даргын Тамгын газрын даргын тушаал байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх дээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дээр чинь ихэсгэх гэж л үг байгаа болохоос биш нэмэгдүүлэх гэж үг байхгүй гэх тайлбарыг хариуцагчийн өмгөөлөгч хэлж байна. Үүн дээр тайлбар хэлэхэд Монгол хэлний Цэвэлийн толиноос харахад нэмэгдүүлэх, ихэсгэх нь нэг юмны 2 тал юм. Тэгэхээр бид нар 81 дүгээр тушаал гарсантай холбогдуулаад 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/20 дугаартай тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийнхээ шаардлагыг нэмэгдүүлсэн байгаа. Энэ нэмэгдүүлсэн шаардлагатай холбогдуулаад дараах өмгөөлөгчийн дүгнэлтийг хэлье. 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/20 дугаартай тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрх ашиг нь хөндөгдсөн этгээдэд яаж мэдэгдсэн юм гэдэг нь тодорхой бус байгаа. Өөрөөр хэлбэл гар утсаар юм уу, шуудангаар юм уу, факсаар юм уу, өөрт нь яаж гардуулсан юм гэсэн хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаагүй. Энэ хуулийн заалтыг зөрчсөн гэсэн гэж үзэж байгаа. Тушаал гарсны дараа хуульд заасан үндэслэл журмын дагуу захиргааны актыг мэдэгдсэнээ нотлох үүрэгтэй. Гэтэл тушаал гарсны дараа шүүх хуралдаанд оролцогчдын хүсэлтээр гэрчээр тайлбар авч нотлуулах гээд байгаа нь хууль зүйн утга агуулгын хувьд хэр нийцтэй нь ойлгомжгүй байгаа. Гэтэл 8 сард хэд хэдэн гэрч тушаал гарсан талаар тайлбар өгсөн байдаг юм. Тэгэхээр Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т зааснаар яаж бичсэн, яаж баримтжуулсан талаар нотолгооны зүйл хавтаст хэргийн материалд нотлох баримтаар бэхжигдээгүй. Өөрөөр хэлбэл Ц.Ат гардуулж, хүлээлгэж өгсөн гарын үсэг зуруулсан баримт байхгүй. Дараагийн дугаарт гэрчүүд нүүр нүүрээ харж байгаад манай өрөөнд тушаал хүлээлгэж өгсөн гэж байгаа юм. Тушаал өгсөн, утсаа авахгүй байсан, холбогдохгүй байсан гээд байгаа. Энэ нь яаж нотлогдоод байгаа юм. Мобиком, Юнител гэх мэт сүлжээний компаниас авсан утасны билл нотолгооны зүйл хэргийн материалд яаж бэхжигдсэн талаар нотолгооны зүйл байхгүй. Захиргааны актыг хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдэгдээгүй нь миний үйлчлүүлэгчийн хууль ёсны эрх ашгийг зөрчигдөхөд хүргэж байгаа. Үүн дээр хариуцагчийн өмгөөлөгч хэлдэг шүү дээ. Энэ дүү чинь Захиргааны ерөнхий хуулийн 92, 94 дүгээр зүйлд заасан заалтыг зөрчсөн байна шүү дээ. Урьдчилан шийдвэрлэх боломжтой байтал энэ боломжоо ашиглаагүй байна гэж хэлдэг. Энэ боломжийг чинь Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт зааснаар хууль зүйн үндэслэл журмын дагуу мэдэгдээгүйгээс болж миний үйлчлүүлэгч 92, 94 дэх хэсэгт заасан эрхээ эдлэх боломжгүй нөхцөл байдалд хүрсэн. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.8-д заасан шалтгаангүйгээр хуулийн хугацаа хэтрүүлсэн нөхцөл байдалд хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдэгдээгүйгээс болсон гэж үзэж байна. Б/20 дугаарын тушаалын 2 дугаар хэсэгт тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Захиргаа удирдлагын хэлтсийн дарга П.Х, Хуулийн хэлтэст тус тус даалгасугай гэж байгаа юм.
Тэгэхээр дээрх эрх бүхий субъектүүд Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөн бөгөөд мэдэгдсэн эсэхээ баримтжуулаагүй үйл баримт тогтоогдож байна. Б/20 тушаалын үндэслэсэн заалтад ерөнхий байдлаар авч үзсэн байгаа. Яг нарийвчилсан зүйл байхгүй. Би өмнө нь хэлсэн. Ямар ч үр дүнгүй, бодит байдалд нийцээгүй, хууль хэрэглээнийхээ зорилгод нийцээгүй үйл явдал нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад бэхжигдээгүй үндэслэлүүд байгаа юм. Өөрөөр хэлбэл гурваас дээш үүрэг даалгавар биелүүлээгүй нь хэргийн материалд яаж нотлогдсон юм? Ажил тасалсан гээд байгаа. Ажил тасалсан юм бол та нар яагаад тэр Б/20 тушаалынх нь үндэслэх хэсэгт бичээгүй вэ? Та нар хөдөлмөрийн дотоод журмынхаа 7.1.5 дахь заалтыг яагаад тусгаагүй юм? Тэгэхээр хууль хэрэглээ бодит байдалтайгаа огт нийцээгүй. Мөн ёс зүйн зөрчил гаргасан гэсэн байдаг. Ёс зүй зөрчил гаргасан юм бол энэ нь яаж нотлогдсон юм бэ? Захиргааны акт буюу Б/20 дугаартай тушаал нь хууль тогтоомжийнхоо зорилго бодит байдалтайгаа нийцээгүй байна. Төрийн албаны ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн юм бол төрийн албан хаагчийн ёс зүйн зөвлөл гээд 3-7 хүний бүрэлдэхүүнтэйгээр хуралдаад дүгнэлт гаргасан байх ёстой. Ёс зүйн дүгнэлт гараагүй шүү дээ. Түрүүн хариуцагчийн тайлбарыг сонсож байхад яагаад ёс зүйн зөрчил гэж үзсэн юм бэ гэхээр төрийн албан хаагчийн тангараг өргөөгүй гэдэг кэйс дээр төрийн албан хаагчийн ёс зүйн дүгнэлт гарч нотлогдох зүйл мөн үү? гэдэг дээр ойлгомжгүй зүйл байна. Тэгээд ажил тасалсан гэтэл цалин бүтэн олгогдсон, мөн цагийн бүртгэл байж байна. Таслаагүй хоцорсон юм уу? гэтэл гэрч Төмөрбаатарын тайлбар байна. Бие өвдөөд байна гэдгээ хэлээд цагаа бүртгүүлсэн. Гэтэл үүнийг нэг хоног тасалсан гэж үзэх юм уу? Тушаал дээр 2020 оны 05 дугаар сарын 22-ны А/30 дугаартай дотоод журам танилцуулаагүй. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн хуулийн 122 дээр байгаа. Хөдөлмөрийн дотоод журмыг шинээр баталсан, түүнд нэмэлт өөрчлөлт оруулсан тохиолдолд нийт ажилтанд танилцуулаад харагдахуйц газар байршуулах үүрэгтэй. Ажил таслаад байгаа юм бол энэ нь ноцтой зөрчил гээд хөдөлмөрийнхөө дотоод журамд тусгайлан заах ёстой байхгүй юу. Гэтэл энэ талаар нотолгооны зүйл хэргийн материалд бас байхгүй байгаа гэдгийг хэлье. Төрийн албанаас халагдах ямар хуулийн зөрчил гаргасан юм бэ? Зайлшгүй халагдах ийм нөхцөл байдалд орчихсон албан хаагч юм уу? Мөн хариуцагчийн өмгөөлөгч нэхэмжлэгч талыг та нар шүүхээс юу хүсээд байгаа юм бэ? гэж хэлж байсан. 02 дугаар сарын 17-ны Б/20 дугаартай тушаал нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хууль зүйн үндэслэлгүй нөхцөл байдал гарсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 зааснаар хууль зүйн үндэслэлгүй акт гарсан тул хүчингүй болгож өгөхийг шүүхээс хүсээд байгаа юм. Яагаад ийм юм хүсээд байгаа юм бэ? гэхээр Захиргааны ерөнхий хуулийн 26.1, 26.2-д зааснаар оролцогчоос тайлбар, санал аваагүй, ажиллагааг хийгээгүй, эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдийг сонсох ажиллагаанд оруулаагүй. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1-д зааснаар өөрөөр хэлбэл энэ гаргаад байгаа тушаалын хууль зүйн үндэслэл нь хуульд үндэслэгдээгүй байна. Дараагийн дугаарт зорилгодоо нийцээгүй байна. Бодит байдалд үндэслэгдээгүй байна гэсэн ийм үндэслэл журмын дагуу захиргааны акт нь хууль тогтоомж болон зорилгодоо нийцээгүй нөхцөл байдлууд нь миний үйлчлүүлэгчийн эрхийг зөрчсөн байна. Иймд Б/20 дугаартай 02 дугаар сарын 17-ны өдрийг тушаалыг хүчингүй болгож миний үйлчлүүлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин болон эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэсэн саналыг шүүх бүрэлдэхүүнд оруулж байна. Тэгээд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн одоо 3.12-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэсэн саналыг шүүх бүрэлдэхүүнд оруулж байна гэв.
9. Хариуцагч Ш.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.А нь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/179 дүгээр тушаалаар Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн орон нутгийн удирдлага зохион байгуулалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилогдсон бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт “Монгол Улсын иргэн төрийн захиргааны албанд анх орохдоо: "Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, Монгол Улсын хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглая. Тангаргаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ" хэмээн тангараг өргөж баталгаажуулна гэж заасны дагуу тангараг өргөж, баталгаажаагүй албан хаагч юм. Энэхүү тангараг өргөөгүй нь ажпаас халах нэг үндэслэл болсон. Учир чь аймгийн хэмжээнд 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигаар баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ын дагуу тангараг өргөх ёслолын үйл ажиллагааг зохион байгуулсан бөгөөд нэхэмжпэгч Ц.А нь тангараг өргөх ёслолын үйл ажиллагаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирж оролцоогүй, тангараг өргөөгүй болно.
Мөн аймгийн Засаг дарга төрийн байгууллагын дарга нарын 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө байгуулах ажлыг зохион байгуулахад өөрийн хариуцсан чиг үүргээ биелүүлээгүй, хариуцсан ажилдаа алдаа дутагдал гаргасан, удирдлагын өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, ажил тасалсан, ёс зүйгүй гэх мэт удаа дараагийн үйлдлүүд нь сонсох ажиллагааны тэмдэглэл, бусад баримтаар нотлогдоно. Ер нь бол Ц.А гэдэг хүнийг таньдаггүй байсан. Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр төрийн албаны шалгалт 2022 оны 04 дүгээр сарын 01-нд өгөөд нөөцөд бүртгэгдсэн байсан. Дараа нь 11 дүгээр сарын 03-ны өдөр аймгийн Засаг дарга болон аймгийн Засаг даргын орлогч нар дуудаад манай Тамгын газрын дарга ажлаасаа чөлөөлөгдөж байгаа. Энэ ажлыг хийх шаардлага хангасан хүн нь та байна. Энэ ажлыг хий гэсэн. Тэр үеэс хойш Ц.А гэдэг хүнтэй ажил төрлийн холбоотой байсан. Ер нь өмнө нь хэлсэн.Энэ хэргийн материалд бас нэлээн сайн дэлгэрэнгүй орсон байгаа. Гэрчүүд бас хэлсэн байгаа байх гэж бодож байна. 02 дугаар сарын 13-нд сумын Засаг дарга нартай гэрээ байгуулах ажил хийгдсэн.02 дугаар сарын 14-нд аймгийн агентлагуудтай гэрээ байгуулах ажил хийгдэж дээр нь төрийн албанд одоо тусгай шалгалтуудаа өгөөд тэнцсэн улсуудын тангараг өргөх ёслолын ажиллагаа болсон. Эдгээр ажлуудыг мэргэжилтэн Ц.А хариуцаж хийх ёстой байсан. 13-ны ажлаа сайн хийсэн гэж бодож байгаа. Өмнө нь ч хэлж байсан. 12-13-нд шилжих шөнө нөхөртэйгөө цуг сууж, гэрээ хэлэлцээрийг надад хянуулж, бүх сумын болон Ерөнхий сайд, бусад салбарын сайдуудын гэрээнд тусгагдсан аймагтай холбоотой бүх заалтуудыг нэмж оруулаад гэрээг хийлгэсэн. Үүн дээр миний санаа оноо ч нэлээн орсон. Энэ ажлыг өглөө 6 цаг хүртэл хийсэн гэж ярьж байсан. Тэрийг нь би хүлээн зөвшөөрч байгаа. 02 дугаар сарын 13-нд аймгийн Засаг дарга сумын дарга нартай гэрээ байгуулахдаа дээр доороос нь нэрийг нь дуудаад явчих. Үргэлж Алтай сумаас эхлээд нэр дуудаад байхаар хэцүү байдаг юм гэж хэлснийх нь дагуу би Алтай сум, Эрдэнэ сум гэх мэтээр дээр доороос нь нэрийг нь дуудаад явсан. Ц.А болохоор Халиун сумын Засаг даргатай байгуулах гэрээг авч ирээд индэр дээр тавьчихсан байсан. Сумдын нэрийг дээр, доороос нь дуудаж явсаар Халиун сум, Тонхил сумын гэрээнүүд хамгийн сүүлд зурагдсан. Маргааш өглөө нь агентлагийн дарга нартай байгуулах гэрээний ажлыг мөн Ц.А хариуцаж байсан бөгөөд тус гэрээн дээр сайд нарын салбаруудад тусгуулах ёстой санал болон бусад зүйлсийг засаж янзалж хийх ёстой байсан. Гэтэл энэ ажлаа хийж, надад үзүүлээгүй. Тэгээд гэрээ хэлцэл хийх цаг болоход Ц.А ажилдаа ирээгүй. Тэгэхээр нь Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэж байсан П.Х Ц.Аын утас руу нь олон удаа залгасан боловч утсаа авахгүй байсан. Аймгийн Засаг дарга болон Засаг даргын орлогч нар гэрээ хэлэлцээр хийх ажил чинь яасан юм гэж дахин дахин асуусан. Тэгээд хариуцсан хүн нь алга байна гэж хэлэхэд тэр хүнээ хурдан дууд гэсэн. Ингээд нөхрийнх нь утас руу н.Хг залгуулаад Ц.Аыг хурдан явуул гэхэд одоо гарах гэж байна гэсэн. Гэр нь Тамгын газрын хойд талд байгаа юм чинь цонхоор хараад хүлээгээд байдаг. Бас ирээгүй. Аргаа бараад өөр мэргэжилтэн оруулсан. Тухайн үеийн тэмдэглэл нь байгаа байх. Ц.А нь тэр өдөр ажилдаа ирээгүй. Тухай өдөр 11 цагаас Төрийн албан хаагчид тангараг өргөх байсан. Тангараг өргөх ёслол дээр Ц.А өөрөө тангаргаа өргөх ёстой байсан ч бас л ирээгүй. Тэр өдрийн үдээс хойш нь Энхмэндийн золгуут гээд цагаан сарын мэндчилгээний зураг авалт чуулга дээр хийж байх үед Ц.А тэнд байж байсан. Би харчихаад ажилдаа ирээгүй байж энд явж байна даа, бие хаа нь гайгүй юм байна гээд л бодоод өнгөрсөн. Ингээд нөгөөдөр нь уулзахад Халиун сумын гэрээг эхэнд нь байгуулаагүй. Говь-Алтай аймгийн удирдлагууд Халиун сумын Засаг дарга Мянганбаярын ажлыг үнэлдэггүй юм байна гэж хэлнэ гээд хамгийн эхэнд Халиун сумыг дуудаад өгөөч гэж хэлсэн гэдэг тайлбар хэлсэн. Тэгэхээр нь Засаг дарга дээр, доороос нь дуудаад яв гэж байхад би яаж зөрчөөд Халиун сумыг эхэлж дуудах юм бэ? гэсэн. Дараа нь үдээс хойш Тангараг өргөх ёслолд яагаад ирээгүй юм бэ? гэхэд би дотор нь ажилладаг хүн юм чинь тангаргийнхаа хуудсан дээр гарын үсгийг зураад хувийн хэрэгтээ хийчхэж болно гэж бодсон шүү дээ дарга гэж хариулахад нь Төрийн албан хаагч хүн ингэж болохгүй миний дүү энэ бол чиний алдаа шүү гэж хэлсэн. Аймгийн Засаг дарга холбогдох улсуудтай маш олон удаа ярьсан. Ер нь бол энэ улсуудаа, зайлуул хөө, та нар арай дэндэж байна. Төрийн албанд ингэж ажиллах ёстой юм уу? гэдэг маш их дарамт шахалт, үүрэг чиглэлийг өгч байсан. Тэгээд үндсэндээ би хэлтсийн дарга нарыг цуглуулаад Ц.Ат сонсох ажиллагаа явуулъя гээд 02 дугаар сарын 16-ны өдөр Ц.Аыг дуудаад сонсох ажиллагаа явах гэж байна шүү гэж хэлээд өөрөөр нь гарын үсэг зуруулсан. Баримт нь байж байгаа. Сонсох ажиллагаа явуулах гэж байгааг хүлээн зөвшөөрөөд гарын үсгээ зурсан. Сонсох ажиллагаанд Хууль, эрх зүйн хэлтсийн даргын үүргийг гүйцэтгэж байгаа Б.З н.Хаш-Эрдэнэ, н.Мөнхжаргал 3 хүн орсон. Энэ нь нотлох баримтаар хэрэг дотор байж байгаа. Сонсох ажиллагаа явагдаад протокол тэмдэглэл үйлдэгдээд эцэст нь ажлаас чөлөөлөхөөр боллоо шүү гэдгийг нь хэлэхэд Ц.А би зурахгүй гэж хэлээд гарсан. Үүний дараа сая шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн Ц.Аын өөрийн гараар бичсэн өргөдөл нь байгаа. Уг өргөдөлд Ц овогтой А миний бие 1986 онд төрсөн, ам бүл 5 нөхөр, 3 хүүхдийн хамт амьдардаг, 2022 оны 10 сарын 21-ний өдрийн Б/126 дугаар тушаалаар орон нутгийн удирдлага, сум, агентлаг хариуцсан мэргэжилтнээр томилогдсон. 2022 оны 10 сард төрийн албаны ерөнхий шалгалт мөн тусгай шалгалт өгсөн. 2023 оны 02 сарын 14-ний өдөр агентлагийн дарга нартай байгуулах гэрээнд өөрийн үүрэгт ажлаа ухамсарлаж ирээгүй, ёс зүйгүй хандаж, төрийн албаны нэр хүндийг унагасандаа гүнээ харамсаж байна. Мөн 2023 оны 02 сарын 14-ний өдөр гэж байгаа төрийн албаны тангараг өргөх ёслолд ёс зүйгүй хандаж оролцоогүйдээ харамсаж байна. Цаашид эрхэлсэн ажилдаа хариуцлагатай сэтгэл зүтгэлтэй хандаж ажиллахаа албан ёсоор мэдэгдэж байна. Хүсэлт гаргасан Тамгын газрын мэргэжилтэн Ц.А гэрийн хаяг ....... баг ........дугаар байр, .......... тоот утас, ..........., 2023 оны 02 сарын 16-ны өдөр 17 цаг 46 минут гэсэн өргөдөл өгсөн. Үүнийг хүлээж авах боломжгүй, чи хүсэлтээ өгчих гэдгийг хэлсэн. Өөрөөр хэлбэл тухайн өдөр ажлаас чөлөөлөх тухай тушаал гарахаар болоод тушаалаа төлөвлөчихсөн байсан. Маргааш нь тушаалаа гаргасан. Тушаал гаргасны дараа надад гарын үсэггүй нэг баримт авч ирж өгсөн. Энэ нь аймгийн Засаг дарга А танаа хүсэлт гаргах учир нь Ж овогтой М миний бие .......онд төрсөн, ам бүл ..........., эхнэр ....... хүүхдийн хамт амьдардаг. 2023 оны 03 сарын 01-нд Улаанбаатар хотод ажиллаж амьдрах болсон тул Халиун сумын Засаг даргын үүрэгт ажлаа чөлөөлж өгнө үү гээд гарын үсэггүй хүсэлтийг та нар намайг ажлаас гаргаж байгаа бол бид нар одоо хотод амьдрахаас даа гэж хэлээд өгсөн. Би уг бичгийг аймгийн Засаг дарга болон орлогчид танилцуулахад
Нөхрийнхөө өмнөөс ийм юм бичиж өгдөг хүн гэж юу байдаг юм? Тэгвэл одоо бараг нөхрийг нь чөлөөлөөдөхье гэж аймгийн Засаг дарга, орлогч 2 хэлсэн. Тэгэхээр нь би нэг айлын амьдралыг ингэж сүйрүүлж болохгүй. Та нар энийг бас ингээд яах вэ? Залуу улсууд түргэдсэн гомдсон янз бүрийн юм байгаа байх. Н.М өөрөө ч гарын үсэг зураагүй байна. Уурандаа л ийм юм хийсэн байх гэж бодож байгаа гэж хэлсэн. Энэ бүхний дараа хэсэг чимээгүй болсон. Тэгээд дараа нь Ц.А ажил дээр ирээд суучихсан, орж гараад л явж байсан. Би н.Хд энэ хүний ажлыг хүлээлцдэггүй юм уу? Тушаал ном нь гарчихсан шүү дээ гэж хэлсэн. Тухайн үед юу болсныг н.Х гэрчийн мэдүүлэг дээр бичсэн байна. Ажлыг чинь хаяад явна. Ажил хүлээлгэж өгөхгүй гэж хэлсэн талаар гэрчийн мэдүүлэг дээр байсан. Тэгээд орж гараад ганц нэг өдөр байгаад байсан. Мөн яагаад цалинг нь бүтэн өгсөн гэдэг юм бэ? гэдэг асуудал байгаа. 02 сарын 10-нд Тамгын газрын бүх ажилтнуудын цалинг цагаан ногоон сар болох гэж байна гээд манай нягтлан бодогч, хэлтсийн дарга бид нар ярьж байгаад урьдчилаад өгчихсөн юм. Магадгүй цалингаа авчихсан учраас ирж очоод байсан байж магадгүй гэж бодож байгаа. Дараагийн асуудал нь 3 сар гарсан хойно над руу Ц.А утасдсан бас мессеж бичсэн. Мессежийг нь хэрвээ одоо шалгуулж болдог бол нотлох баримтаар шалгуулж болно. Би мессежийг скрийншот хийж аваагүй байсан бөгөөд анхны шүүх хурал дээр надад ирүүлсэн мессеж нь хүртэл байгаа гэж хэлэхэд шууд өөрөө устгачихсан байсан. Надад явуулж байсан мессежүүд чинь шаардлагатай гэж үзвэл би энийг хууль хяналтын байгууллагад хандаж байгаад мессежүүдийг нь гаргаж үзүүлж болно. Над руу юу гэж бичсэн бэ гэхээр “миний нийгмийн даатгалын хугацаа өнгөрчихсөн байна дарга аа. Тэтгэмж авах хугацаа өнгөрчихсөн байна. Та тушаалыг он, сарыг нь хойшлуулаад гаргаад өгөөч гэж бичсэн байсан. Тэгээд Ируу дахин дахин залгаад байсан гэсэн. н.И надаас энэ асуудлыг яах вэ? гэж асуухаар би тэг ээ тэг гэсэн юм. Хууль, эрх зүйн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.З надад тухайн үед болохгүй шүү сүүлд нь ямар нэгэн хэрэг гараад өөр юманд ашиглачихвал та яах юм бэ?” гэж хэлэхэд нь “арай ч тэгэхгүй байлгүй дээ. Хүн байна даа. Хүн туслаач гээд гуйж байхад нэг хамт олон дотор байсны хэрэг юу билээ. Би өөрөө төрийн албанд олон жил ажилласан хүн. Ц.А нь миний хүүхэд шиг хүн арай тэгэхгүй байх” гэж хэлээд тушаалыг нь өөрчлөөд гаргаад өгчих гэж хэлээд нэг хувь тушаал дээр би гарын үсэг зурсан. Тушаалын он, сарыг нь хэднээр тавьсныг би үнэндээ мэдэхгүй. Мэргэжилтэн он, сарыг тавьдаг. Гэхдээ энэ бол 03 сарын 20-ны үеэр болсон процесс гэж би бодож байгаа. Ингээд 03 сарын 08-ны тушаалыг намайг гуйж засаж гаргуулчихаад эргээд шүүхэд хандаж байгаа бол энэ тушаал чинь хүчингүй гэж үзээд өөрийн эрх хэмжээний хүрээнд уг тушаалыг бол хүчингүй болгосон. Ц.А нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2023 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн тушаалыг хүчингүй болгуулах тухай шаардлага тавьсан. Сүүлд 2023 оны 02 дугаар сарын 17-ны одоо тушаалыг хүчингүй болгуулахаар шаардлагаа өөрчилсөн байсан. Уг нэхэмжлэлдээ Ш.Э нь 02 дугаар сарын 17-ны өдрийн тушаалыг гаргахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зориудаар хуурамчаар баримт үйлдсэн гэсэн байсанд нь би нэлээн гомдож байгаа. Ер нь арай ч ингэж өмгөөлөгчид, хуульчид, төрийн албан хаагчид ийм зүйлүүдийг ярих хэмжээнд хүрсэн юм уу. Үнэн бодит баримт дээр тулгуурлаад гарчихсан, энэ бүртгэл нь байж байна. Тухайн үед н.М, н.Х нарт сануулах шийтгэл оногдуулсан. Аймгийн Засаг дарга над дээр ч мөн арга хэмжээ авна гэсэн.Тэгээд чи шат дараалаад улсууддаа арга хэмжээ ав гэсэн. Тэгээд н.М урьд нь ажлаа тасалсан гэж, н.Х нь уг ажлыг хариуцаж зохион байгуулах хэлтсийн дарга нь учраас энэ ажилтай уялдуулаад сануулах сахилгын шийтгэл оногдуулсан. Тэгээд уг бүртгэл дээр 02 дугаар сарын 17-ны Б/20 дугаартай Ц.Аыг ажлаас чөлөөлөх тухай, 02 дугаар сарын 17-нд Б/21 дугаартай ажил хүлээлцэх тухай тушаал, Б/22 дугаартай 02 дугаар сарын 24-нд н.И-д цалинтай чөлөө олгох тухай гэх мэтээр тушаалын бүртгэл нь байж байхад би яахаараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуурамчаар гаргасан болох вэ? Гэтэл нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага дээрээ “...учир нь хариуцагчийн зүгээс 2023 оны 02 сарын 17-ны өдрийн Б/20 дугаартай Ц.А-ыг ажлаас халах тухай Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын тушаалыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үйлдэж гаргаж өгсөн байх бөгөөд миний бие энэ тушаалыг мэдэхгүй. Надад ийм тушаал гардуулж өгөөгүй...” гэчихсэн байгаа. Мэдэхгүй гэж сая хүртэл өөрөө ярьж байна шүү дээ. Өмгөөлж байгаа өмгөөлөгч нар нь ч жаахан үнэн бодит баримт дээр тулгуурлаж байж нэхэмжлэлийг нь бичихгүй яав даа гэж харамсаж байгаа юм. Тийм учраас хүнийг ингэж гүтгэж, доромжлуулж нэг талаараа хүнийг стресст оруулсан тул би гомдолтой байгаа. Үнэн мөнийг нь шалгуулна. 2023 оны 02 дугаар сарын 17-нд Б/20 дугаартай тушаал үйлдэгдээд бүртгэлд ороод баталгаажсан.
10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Ер нь бол Тамгын газрын хувьд Захиргааны акт маань гараад уг актыг үндсэн үйл ажиллагааны чиглэлээр нь хариуцсан мэргэжилтэн нь тухайн хүнд мэдэгдэж, хүлээлгэж өгдөг. Хүлээлгэж өгөхдөө ирсэн, явсан бичгийн бүртгэлийн дэвтэр шиг бүртгэл бол байдаггүй. Зүгээр өөрт нь гардуулаад өгдөг. Байхгүй тохиолдолд утсаар болон мэйл хаягаар нь явуулдаг. Эсхүл 20 буюу түүнээс дээш оролцогч байгаа тохиолдолд нийтэд нээлттэй байдлаар мэдэгддэг.
Оролцогчийн эрхийг хангасан гэж үзэж байгаа. Тухайн үед бол ийм л процесс болсон. Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга болон 2 мэргэжилтэнд сахилгын шийтгэл ногдуулах гэж байна. Хүний нөөц чөлөө аваад явчихсан. Тийм учраас сонсох ажиллагааны тэмдэглэлийг хөтөл гэж хэлсэн. Тэгэхээр нь сонсох ажиллагаа хийх гэж байгаа бол гэрч заавал байлцуулах ёстой. Та бид хоёр хоёулаа сууж байгаад хийдэг юм бол биш гэж хэлсэн. Үүний дагуу 2 хэлтсийн даргыг дуудаж оруулж ирээд сонсох ажиллагааны тэмдэглэлийг нь би өөрөө хөтөлсөн.
Ер нь бол Тамгын дарга сонсох ажиллагаан дээрээ амаар хэлчихсэн. Захиргааны ерөнхий хуульд амаар болон бичгээр захиргааны акт гарах боломжтой байгаа. 3 сарын 08-ны өдөр гарсан Б/20 дугаар тушаал бол хариуцагч өөрөө хүчингүй болгосон. Энэ өөрөө хууль зөрчсөн үйлдэл гээд хэргийн материалд авагдсан. Энэ тал дээр маргаан үүсгэх шаардлагагүй гэж үзэж байна. 2 сарын 17-ны өдрийн Б/20 дугаар тушаал тухайн цаг хугацаандаа гарсан. Ажлаас халсан шийдвэр гарсан гэдгийг өөрөө мэдсэн. 3 сарын 21-ний өдөр 03 дугаар сарын 08-ны өдрийн тушаалыг гардуулж өгөхөд энэ тушаалыг цуг өгсөн гэж гэрч мэдүүлсэн. Илэрхий үйл баримтууд байгаа. 2 сарын 17-ны өдрийн Б/20 дугаар тушаалын хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. Ийм учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
11. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбат шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Ц.Аын нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.
Үүнд: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулинд “нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх” гэсэн үг үсэг байхгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “шаардлагын хэмжээг ихэсгэх” гэж зааж өгсөн байна. “Нэмэгдүүлэх” гэж хуулинд заагаагүй үг хэллэг хэрэглэснээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хууль ёсны бус болсон бөгөөд 2023 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн эсхүл 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн аль захиргааны актыг хүчингүй болгуулах гэж байгаа, эсхүл урьд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа эсэх нь мэдэгдэхгүй, эсхүл хоёуланг нь хүчингүй болгуулах гээд байгаа юм уу зэргээр ойлгомжгүй болжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.3-д нэхэмжлэгч “шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах” үүрэгтэй гэж заасныг дурьдах нь зүйтэй гэж үзнэ.
Нэхэмжлэгч Ц.А 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/20 дугаартай Ц.Аыг ажлаас халах тухай Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын тушаалыг хүчингүй болгуулах тухай Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаагүй байна. Урьдчилан шийдвэрлүүлэх хуулийн шаардлагыг биелүүлээгүй. 30 хоногийн дотор гомдол гаргах хугацааг алдсан. Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдснээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана” гэж заажээ. Харин хариуцагч Говь-Алтай аймгийн ******* Ш.Э нь Ц.Аыг 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ажлаас халах тухай тушаалаа 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр мэдэгдсэн байна.
2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Төрийн албаны тангараг өргөх ёслолд оролцоогүй Ц.А өөрөө гарын үсэг зурж огноо тавьсан хүсэлт зэрэг баримт хэрэгт авагдсан байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т “Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй”, 54.1.8-д “энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж заасан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2-т зааснаар нэхэмжпэлийг буцааж өгнө үү. 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын Ц.Аыг ажлаас халах тушаалыг хүчингүй болгуулах гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хэлэх байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 3.14-ийг хэрэглэж өгнө үү. Урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаагаа хийлгээгүй буюу энэ шаардлагыг биелүүлээгүй байж энэ захиргааны акт хууль ёсны гарсан юм уу яаж гаргах байсан юм гээд л баахан л юм ярьж байна. Энэ шаардлагагүй байхгүй юу. Нэгэнт л та хуульд ингээд заачихсан байна шүү дээ. Захиргааны ерөнхий хуулийн 94.1-д 30 хоногийн дотор та Төрийн албаны зөвлөл, төрийн захиргааны байгууллагад гомдлоо гаргана гэж байгаа. Тэгээд хариугаа авна. Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлд гомдол гаргах түүнийг хянан шийдвэрлэх хугацаа, 94.1-д захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана. Гэтэл энэ гомдлыг Төрийн албаны зөвлөлд 30 хоногийн дотор гаргаагүй болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн өөрийнх нь тайлбарт байгаа. Би 02 дугаар сарын 17-ны гомдлыг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаагүй гээд хүлээн зөвшөөрч байна. Мөн Төрийн албаны зөвлөлөөс гомдол гаргаагүй гэсэн албан бичиг буюу нотлох баримт ирсэн. Тийм учраас 02 дугаар сарын 17-ны захиргааны акт хууль ёсны гарсан юм уу? Тэр үндэслэл нь юу болох, дотор нь юу гээд дурдаад байгаа юм тэрийг зааж тайлбарлаж хэлэх шаардлагагүй. Төрийн захиргааны байгууллагын ажлыг өмгөөлөгч бид нар зааж зааварлах ёсгүй, тийм хууль ч байхгүй. Төрийн захиргааны байгууллага эрх хэмжээндээ ажил төрлөө явуулна. Ж.Дорждэрэм өмгөөлөгч хэлж байсан. 03 дугаар сарын 08-ны өдрийн тушаалыг хүчингүй болгохоосоо татгалзсан гэж хэлсэн шүү. Тэгвэл 03 дугаар сарын 08-ны тушаалыг яагаад хүчингүй болгож өгөөч гээд Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан юм. Тэгээд 02 дугаар сарын 17-нд тушаал дээр гомдол гаргах шаардлагагүй гэдэг тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй л дээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-д Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой гэж, 54.1.8-д нь энэ хуулийн 14.1-14.4-д заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн бол шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж, 54.2-т нэхэмжлэлийг энэ хуулийн 54.1-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзахдаа шүүгч захирамж гарган татгалзсан шалтгааныг зааж, уг нэхэмжлэлийг дахин гаргах эсхүл хүлээн авахад саад болж байгаа зөрчлийг хэрхэн засахыг зааж нэхэмжлэлийг буцаана гэж заасан. Ийм хууль зүйн үндэслэлүүд байдаг. Тийм учраас би 106.3.14 гэж хэлж байгаа юм. Мөн Ж.Дорждэрэм өмгөөлөгч мэдэгдэх боломжоор хангаагүй гээд байна. Сонсох ажиллагаа гэдэг чинь сонсгоод л болчих юм байхгүй юу. Та сонсов уу? гэхэд Ц.А би оролцсон, сонссон гэж байна шүү дээ. Эрх үүрэгтэй нь танилцсан, гарын үсэг зурсан, өргөдлөө бичээд өгчихсөн. Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаагүй, эрх үүрэг тайлбарлаж өгөхөд нь би гарын үсэг зурсан, сонсох ажиллагаанд оролцсон. Нийгмийн даатгалын шимтгэл 2 сар хүртэл төлүүлчихсэн, ажилгүйдлийн тэтгэмжээ 3 сарын 22-ноос эхлээд 76 хоногоор авчихсан. Би өөрөө хүлээн зөвшөөрөөд байна шүү дээ. Мэдэгдсэн гэдгийг чинь мэдэж байсан байна. Энэ 03 дугаар сарын 08 гэдэг чинь 76 хоногийн ажилгүйдлийн даатгал авахын тулд л хуурамч бичиг баримтыг Игоор огноолуулаад, дотор засалтыг нь бас хийгээд яваад байсан юм байна лээ шүү дээ. Ийм учраас захиргааны байгууллага буюу Тамгын газрын дарга 03 дугаар сарын 08-ны Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр улс даяараа амарч байгаа өдөр тушаал гарсан байна гэж үзээд хүчингүй болгосон юм. Үүнийгээ 08 дугаар сарын 11-нд гаргасан. Угаасаа хууль бус юм байна гэж үзсэн. Ж.Дорждэрэм өмгөөлөгч бодит байдалд нийцээгүй гэж байна. Тэрийг бол ганцхан юмаар л хариулаад байгаа. Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй учраас бусад юмыг ярьж хэрэггүй, цагийн гарз. Мөн М.Энхзаяа өмгөөлөгчид хэлье. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг Цэвэлийн толиор тайлбарлахгүй. М.Энхзаяа өмгөөлөгч өө, Цэвэлийн толиор хуулийг тайлбарладаг юм биш. Хуулийг хэн тайлбарладгийг бид мэдэж байгаа. Улсын дээд шүүх тайлбарлана. Тийм учраас тайлбарлаж байгаа үндэслэл чинь буруу. Мөн мэдэгдсэн нь тодорхой бус байна гэж байна. Би одоо дахиад тайлбарлалтай биш. Өргөдлөө бичээд өгчихсөн байна. Сонсох ажиллагаа гэдэг чинь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд сонсох ажиллагааг явуулах, гаргах захиргааны байгууллага, эрх бүхий хууль, ёсны, сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно. Өөрөө тодорхойлно. Тэгээд урьдчилан мэдэгдэхээр бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлнэ. Урьдчилан мэдэгдэж байгаад буюу таныг ажлаас чинь халах гэж байна гэдгийг урьдчилан мэдэгдэж байгаа ажиллагаа юм. Хууль ёсны дагуу гэрчтэй мэдэгдсэн л бол энэ нь хууль хэрэгжиж байгаа асуудал. Ц.А гарын үсэг зураагүй гэж байна л даа. Гарын үсэг зуруулах шаардлагагүй шүү дээ. Энд заавал зуруулна гэсэн юм байхгүй 27 дугаар зүйл дээр чинь. Бүр 28 дугаар зүйл дээр сонсгох ажиллагаа хийхгүй байсан ч болно. Яагаад гэвэл Ц.А өргөдлөө бичээд өгчихсөн. 28.1.3-д өргөдөл бичээд өгчихсөн тохиолдолд сонсох ажиллагаа хийлгэх ч шаардлагагүй гэсэн байгаа. 29-д заасан хувийн хэрэг хөтлөөгүй, дагалдах хуудаснууд алга байна гэж тайлбарлаж байна. Бүх хувийн хэргүүд нь байж л байна. Мэдэгдсэн, эрх үүрэг тайлбарласан гэх мэт. Эдгээр материалаа авчраад өгчихсөн байна. Үүнийг хувийн хэрэг гэхгүй юм уу? Нэг хувь нь архивд байж байгаа. Архивд алга байна гээд байх юм. Архиваас авч ирээд өгсөн материал шүү дээ. 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын Б/20 дугаартай Ц.А ажлаас халах тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нотлох баримтууд хавтаст хэрэгт хангалттай байна гэж үзэж байгаа. ХХ-30-р хуудсан дээр байгаа хариуцагчийн хариу тайлбарыг түрүүн бүтнээр нь уншиж өглөө. ХХ-32-р хуудсан дээр гүйцэтгэлийн төлөвлөгөө байж байна. ХХ-43-р хуудсан дээр эрх үүрэг тайлбарлаж өгсөн баримт, ХХ-44-р хуудсан дээр сонсох ажиллагаа хийсэн тэмдэглэл байна. Тэмдэглэл нь гэрчтэй хууль ёсны болсон. Тангараг өргөөгүй байдлыг нотолсон баримт баримт ХХ-63-р хуудаст байна. Ц.Аыг оролцоогүй болно гэсэн Төрийн албаны зөвлөлийн албан бичиг байж байна. Төрийн албаны зөвлөл гэдэг чинь Монгол Улсад төрийн захиргааны байгууллагуудыг бүхэлд нь барьж, мэдэж байдаг байгууллага юм биш үү? Мөн хууль ёсны гарсан Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Ц.Аыг ажлаас халсан тушаал нь ХХ-96-р хуудсанд байна. Архиваас авчирсан Б тушаалын бүртгэл нь ХХ-98-р хуудсанд байна. Гэрчүүд олон байгаа шүү дээ. Мэдэгдсэнийг мэдээд, гэрчлээд байгаа. Бүр хууль сануулагдаж гэрчийн мэдүүлгээ ирж өгцгөөсөн. Би ажилдаа 02 сарын 24-нд ирсэн. Намайг гардуулж өг гэсэн. Ц.А олдохгүй байж байгаад сүүлд өгсөн. Гардуулаад өгсөн. 2 тушаал аваад явсан гээд байгаа шүү дээ. Нэг нь нийгмийн даатгалд хэрэглэнэ гээд. Гэрч Х байна. Сонсох ажиллагаа явуулсныг нотолж байгаа. Ажилгүйдлийн даатгал авчихсан нотлох баримт ХХ-225-р хуудсан дээр байна. Одоо сулаар явж байна. Төрийн албаны зөвлөлөөс ирсэн 02 сарын 17-ны өдрийн тушаалд гомдол гаргаагүй гэсэн албан бичиг байна. Ийм баримтууд хангалттай цугларсан. Тэгээд ч Ц.А өөрөө хүлээн зөвшөөрөөд байгаа шүү. Тийм учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл бүрэн байна гэж үзэж байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Анх 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр шүүхэд ******* сумын иргэн Ц.А нь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн Б/20 дугаар Ц.Аыг ажлаас халах тухай тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 81 дүгээр тушаалаар 2023 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн Б/20 дугаар тушаалыг хүчингүй болгосон тул 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/20 дугаар Ц.Аыг ажлаас халах тухай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн байна.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
1. Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн Б/20 дугаар тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 32 дугаар зүйлийн 32.7, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 7.1.8, 39 дүгээр зүйлийн 39.1.2, 47 дугаар зүйлийн 47.1.1, 48 дугаар зүйлийн 48.1.4 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, 27 дугаар зйлийн 27.4.1, 27.4.3 дахь заалтыг тус тус үндэслэн Төрийн албаны тухай хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасан нийтлэг үүргийг хэрэгжүүлээгүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, чухал шаардлагатай ажлын үед ажил тасалсан, аймгийн Засаг даргын гэрээ байгуулах ёслолын ажиллагааг алдагдуулж, Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн орон нутгийн удирдлага, зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Ц.Аыг 03 дугаар сарын 08-ны өдрөөс ажлаас нь халсан байна.
2. Мөн хавтаст хэргийн матеиралд авагдсан аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 02 дугаар сары 17-ны өдрийн Б/20 дугаар тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 32 дугаар зүйлийн 32.7, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 7.1.8, 39 дүгээр зүйлийн 39.1.2, 47 дугаар зүйлийн 47.1.1, 48 дугаар зүйлийн 48.1.4 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, 27 дугаар зйлийн 27.4.1, 27.4.3 дахь заалтыг тус тус үндэслэн Төрийн албаны тухай хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасан нийтлэг үүргийг хэрэгжүүлээгүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, чухал шаардлагатай ажлын үед ажил тасалсан, аймгийн Засаг даргын гэрээ байгуулах ёслолын ажиллагааг алдагдуулж, Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн орон нутгийн удирдлага, зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Ц.Аыг 02 дугаар сарын 16-ны өдрөөс ажлаас нь халсан байна.
3. Дээрх 2 тушаалын дугаар, хуулийн үндэслэл болон ажлаас халсан шалтгаан нөхцөл нь үг үсэг агуулгын хувьд адилхан боловч цаг хугацааны хувьд өөр бөгөөд нэг тушаалаар 2023 оны 02 дугаар сарын 16-наас нөгөө тушаалаар 03 дугаар сарын 08-ны өдрөөс ажлаас нь халсан байна.
4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад аймгийн ******* 2023 оны 08 дугаар сарын 11-ны өдөр 81 дүгээр тушаалаар Ц.Аыг ажлаас халах тухай шийдвэр нь 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/20 дугаартай гарч, хуулийн хүрээнд мэдэгдсэн ба Ц.Аын хүсэлтийн дагуу дээрх шийдвэрийн дугаартай давхцуулж, ажилгүйдлийн тэтгэмж авахад материал бүрдүүлж өгөх зорилгоор 2023 оны 03 дугаар сарын 08-ны өдрөөр он сар өдрийг өөрчлөн дахин нэг хувь тушаал гаргаж өгсөн нь хууль бус шийдвэр болж байгаа тул Тамгын газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн Б/20 дугаар тушаалыг хүчингүй болгосон байна.
5. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.9-т “Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан тухай шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай гомдлоо тухайн шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор төрийн албаны төв байгууллагад, эсхүл шүүхэд гаргаж болно”, 48.10-т “Сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмыг төрийн албаны төв байгууллага, Засгийн газар хамтран батална” гэж заасан.
6. Нэхэмжлэгчийн тухайд Төрийн албаны зөвлөлд ажлаас халсан 2023 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн Б/20 дугаар тушаалын талаар гомдол гаргасан. Төрийн албаны зөвлөлөөс 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 01/933 дугаар албан бичгээр “...2019 оны 36/32 дугаар хамтарсан тушаалаар баталсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 8.2-т төрийн албанаас халах болон төрийн албанд гурван жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийн талаар шүүхэд гомдол гаргахаар зохицуулсан ... та гомдолд дурдсан асуудлаар шүүхийн байгууллагад хандана уу” гэсэн хариу өгсөний дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан.
7. Иймд Ц.Аыг ажлаас халах тухай 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/20 дугаар тушаалын хөөн хэлэлцэх хугацааны тухайд:
7.1. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд сонсох ажиллагааг хэрхэн явуулах талаар тусгайлан зохицуулсан. 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Сонсох ажиллагааны тэмдэглэл, захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогчид эрх үүрэг тайлбарласан баримт хэргийн материалд авагдсан.
7.2. Уг сонсох ажиллагааны тэмдэглэлээс үзэхэд “ажлаас халах тухай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын тушаалын төслийг танилцуулж” гэсэн байгаа болохоос 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс эсхүл 2023 оны 03 дугаар сарын 08-ны өдрөөс ажлаас нь халж байгаа гэдгээ тодорхойлоогүй. Ийм тохиолдолд Ц.А хэдэн сарын хэднээс ажлаас халагдаж байгаагаа мэдэх боломжгүй байна. Мөн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/21 дүгээр тушаалаар Ц.Аын ажлыг хүлээлцэх комиссыг 5 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан боловч ажил хүлээлцсэн талаар нотлох баримт байхгүй, албан ёсоор ажил хүлээлцээгүй талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.
7.3. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна”, 43.2-т “Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна”, 43.4-т “Хуульд өөрөөр заасан тохиолдолд захиргааны актыг гардуулах бөгөөд гардан авсан этгээд гарын үсгээ зурж баталгаажуулна. Захиргааны актыг албан ёсоор гардуулснаар түүнийг мэдэгдсэнд тооцно” гэж заасан.
7.4. Шүүхээс аймгийн Засаг даргын Тамгын газрын хүний нөөцийн бодлого хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан гэрч Б.Ичинхорол “...2023 оны 04 дүгээр сарын 24-нд ажилдаа ирэхэд 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/20 дугаар тушаалыг Ц.А мэргэжилтэнд хүлээлгэж өгөөрэй гэж Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Х хэлсэн би тушаалыг гардуулах гээд Ц.Аын утасруу залгахад утасаа авахгүй байсан ...золгуут дууссанаас хойш хэд хоногийн дараа Тамгын дарга Ш.Эын өрөөнд ороход Ц.А надаас ирж гуйгаад байна. Ажилгүйдлын тэтгэмж авах гэсэн чинь 14 хоногийн хугацаа нь өнгөрцөн байна гэнэ. Тушаалынх нь хугацааг хойшлуулаад нэг хувь гаргаад өгчихөө зөвхөн Нийгмийн даатгалд өгөх юм байна гэсэн ...14 хоногийг нь тааруулах гээд 2023 оны 03 дугаар сарын 08 гэсэн он сараар тушаалыг нь гаргацан бүх нийтийн амралтын өдөр гэдгийг нь анзаараагүй гаргацан ...2 тушаалыг хамт өгсөн ...яг тушаал өгсөн тэр өдрөө сайн санахгүй байна ...Ц.Ат гардуулж, хүлээлгэж өгч гарын үсэг зуруулсан баримт байхгүй” гэсэн мэдүүлэг, нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...2023 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн Б/20 дугаар тушаалыг Б.Ичинхоролоос 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр гардаж авсан...” гэж тайлбарладаг.
7.5. Дээрх нөхцөл байдлаас дүгнэж үзэхэд захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцах бөгөөд Ц.Ат 2023 оны 02 дугаар сарын 17-ны, 2023 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн Б/20 дугаартай актыг хэдэн сарын хэдний өдөр албан ёсоор гардуулсан, гарын үсэг зурж баталгаажуулсан талаар нотлох баримт байхгүй, ажил хүлээлцээгүй зэрэг нөхцөл байдлаас шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
8. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.9-т “Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан тухай шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай гомдлоо тухайн шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор төрийн албаны төв байгууллагад, эсхүл шүүхэд гаргаж болно”, 48.10-т “Сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмыг төрийн албаны төв байгууллага, Засгийн газар хамтран батална” гэж заасан.
9. Нэхэмжлэгчийн тухайд Төрийн албаны зөвлөлд ажлаас халсан 2023 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн Б/20 дугаар тушаалын талаар гомдол гаргасан. Төрийн албаны зөвлөлөөс 2023 оны 04 дүгээр сарын 21-ны өдрийн 01/933 дугаар албан бичгээр “...2019 оны 36/32 дугаар хамтарсан тушаалаар баталсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 8.2-т төрийн албанаас халах болон төрийн албанд гурван жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийн талаар шүүхэд гомдол гаргахаар зохицуулсан ...иймд та гомдолд дурдсан асуудлаар шүүхийн байгууллагад хандана уу” гэсэн хариуг өгсөн.
10. 2023 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн Б/20 дугаар тушаал, 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/20 дугаар тушаалтай агуулга, хуулийн заалт, үг үсэг адилхан харин цаг хугацааны тухайд өөр бөгөөд хариуцагчаас 03 дугаар сарын 08-ны өдрийн Б/20 дугаар тушаалыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүчингүй болгосноор Ц.Аын ажлаас халсан тушаал буюу эрх зүйн үр дагавар үүсгэж байгаа тушаал нь 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/20 дугаар тушаал байна. Энэ тушаалын тухайд урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулахгүйгээр шүүхэд хандах боломжтой байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулах энэ журмыг зөрчсөн гэсэн тайлбар нь үндэслэлгүй байна.
11. Ц.Аын тухайд 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр аймгийн Засаг дарга агентлагуудын дарга нартай 2023 онд хамтран ажиллах гэрээ байгуулах чухал шаардлагатай ажлын үед ажил таслан өглөө нь ажилдаа ирээгүй нь хариуцагч, нэхэмжлэгч нарын тайлбар гэрчийн мэдүүлгээр тогтоогддог. Аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн орон нутгийн удирдлага, зохион байгуулалт хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтын албан тушаалын зорилт 2-т “аймгийн Засаг даргаас сумын Засаг дарга, агентлагийн дарга нартай байгууллах гэрээ, гүйцэтгэлийн төлөвлөгөөний төсөл боловсруулах, батлуулах, дүгнэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих, тайлагнах” чиг үүргийг хэрэгжүүлж ажиллахаар албан тушаалын тодорхойлолтод заасан.
12. Ц.А нь гэрээ байгуулахаас өмнөх өдрүүдэд нь аймгийн Засаг дарга агентлагийн дарга нартай байгуулах гэрээний төсөл бэлдэх, тухайн гэрээг Тамгын газрын даргаар хянуулах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэж байсан талаар хэргийн оролцогч нар тайлбарладаг энэ талаар маргаагүй. Харин гэрээ байгуулах өглөө ажилдаа ирээгүйгээс тухайн гэрээ байгуулах ажил цагаасаа хоцорч эхэлсэн, гэрээ байгуулах ажлыг хариуцан зохион байгуулах чиг үүргээ хэрэгжүүлээгүй, үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
13. Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-т “Ажил олгогч ажилтны төлөөлөгчийн саналыг харгалзан хууль тогтоомжид нийцүүлэн тухайн аж ахуйн нэгж, байгууллагын хэмжээнд үйлчлэх хөдөлмөрийн дотоод журмыг баталж мөрдүүлнэ” гэж заасан.
14. Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн А/34 дүгээр тушаалын хавсралтаар баталсан “Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын хөдөлмөрийн дотоод журам”-ын 8.1-т “Төрийн албаны тухай хуулийн 48, Хөлөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйл, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36/32 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын дагуу ажилтанд сахилгын шийтгэл ногдуулахаар хөдөлмөрийн дотоод журамдаа заасан байна.
15. Төрийн албан хаагчийг ажлаас халах нь өөрөө сахилгын шийтгэл төдийгүй “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 3.3-т зааснаар сахилгын шийтгэл ногдуулахдаа зөрчил гаргасан нөхцөл байдал, үр дагавар; гэм буруугийн санаатай болон болгоомжгүй хэлбэр; албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан ажил үүрэг болон түүний үйлдэл, эс үйлдэхүйн хоорондын хамаарал; өмнө нь зөрчил гаргаж байсан эсэх; гаргасан зөрчилдөө дүгнэлт хийж, ухамсарласан байдал зэргийг харгалзан үзэж шийтгэл ногдуулахдаа тухайн албан хаагчийг харьяалсан нэгжийн удирдлагын санал, тухайн зөрчлийн шинж байдал болон хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүнг харгалзан сахилгын шийтгэл ногдуулахаар байна.
16. Маргаан бүхий Б/20 дугаар тушаалын хууль зүйн үндэслэлийн тухайд: Төрийн албан тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-т “хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /3 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэж зааснаар 3 ба түүнээс дээш удаа дараа албан тушаалын тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэргээр зохих ёсоор биелүүлээгүй байхыг ойлгох бөгөөд зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай. Ц.А нь аймгийн Засаг дарга агентлагийн дарга нартай гэрээ байгуулах, батлуулах ажлыг зохион байгуулах чиг үүргээ хэрэгжүүлэхгүйгээр ажилдаа ирээгүй зөрчил гаргасан байдал нь тогтоогдож байгаа хэдий ч энэ нь удаа дараа 3 ба түүнээс дээш албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна.
17. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна” гэж заасан. Маргаан бүхийн актын хууль зүйн үндэслэлд Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2-т “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй гэсэн байгаа хэдий энэ нөхцөл байдал нь тогтоогдохгүй байна.
18. Өөрөөр хэлбэл Ц.А нь тухайн албан тушаал, албан тушаалын тодорхойлолтоор хориглосон үйл ажиллагаа явуулсан, эрх, албан тушаалаа ашиглан хууль бус үйлдэл хийсэн зэргээр албаны болон бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байхыг ойлгох бөгөөд албан эрх мэдлээ хэтрүүлсэн гэдэг нь нотлох баримтаар тогтоогдсон, өөрт нь мэдэгдсэн байна. Харин албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй ажил тасалсан гэх зөрчил нь албаны эрх мэдлээ хэтрүүлэх гэсэн нөхцөл байдалд хамаарахгүй бөгөөд удирдлагаас албаны чиг үүрэгтэй холбоотой ямар үүрэг даалгавар өгсөн, нэхэмжлэгч удаа дараа хэрхэн биелүүлээгүй талаар хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримт байхгүй, хариуцагч энэ талаар нотолж чадахгүй байна.
19. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 33 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм"-ийг 6.1-т “Төрийн албан хаагч ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн эсэх асуудлаар эцэслэн дүгнэж, шийдвэр гаргах эрх бүхий Төрийн албан хаагчийн ёс зүйн зөвлөл (цаашид “Ёс зүйн зөвлөл” гэх) төрийн захиргааны болон үйлчилгээний байгууллагын дэргэд ажиллана” гэж заасан. Аймгийн Засаг даргын Тамгын газрын /2020 оны/ хөдөлмөрийн дотоод журам”-ын 8.6-т “Ажилтны гаргасан зөрчил, дутагдлын талаарх “Байгууллагын ёс зүйн зөвлөл” болон “Дотоод хяналт, шалгалтын нэгж”-ийн гаргасан дүгнэлтийг үндэслэн сахилгын шийтгэл ногдуулах” гэж хөдөлмөрийн дотоод журмаараа зохицуулсан.
20. Аймгийн Засаг дарга агентлагийн дарга нартай гэрээ байгуулсаны дараа буюу 2023 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн 11 цагаас Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын арга хэмжээ болсон. Ц.А тангараг өргөх байсан боловч ажилдаа ирээгүй, Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөөгүй нь ажлаас халах нэг үндэслэл болсон. Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын үйл ажиллагаанд оролцоогүй, тангараг өргөөгүй тухайд Ц.Аыг зөвтгөхгүй харин тангараг өргөөгүй нь сахилгын зөрчил мөн эсэх, Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн талаар хөдөлмөрийн дотоод журамд зааснаар байгууллагын ёс зүйн зөвлөлөөс дүгнэлт гаргаагүй байна. Энэ тохиолдолд Ц.А нь Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг хэрхэн ноцтой зөрчсөн, зөрчсөн бол ямар зөрчил гаргасан энэ нь ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болсон эсэхэд шүүх дүгнэлт өгөх боломжгүй байна.
21. Иймд дээрхийг нэгтгэн дүгнэвэл маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэсэн заалтыг болон дээр дурдсан хууль тогтоомжийг зөрчсөн байх тул аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/20 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ц.Аыг Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн орон нутгийн удирдлага, зохион байгуулалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.
22. Шүүх аймгийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/20 дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно.” гэж заасны дагуу 2023 оны 02 дугаар сарын 17-ноос 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр буюу шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны 130 хоногийн олговор 9.642,017 төгрөгийг хариуцагч аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-т “ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах” гэж заасны дагуу уг олговроос эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
23. Мөн хэрэгт авагдсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор Ц.Ат 2023 оны 02 дугаар сарын цалин бүтэн олгогдсон, шүүх 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс цалинг гаргуулахаар шийдвэрлэсэн байгаа тул 02 дугаар сард буюу 17-ноос хойших олгогдсон цалинг суутган тооцох боломжтой байгааг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.7, 106.3.12 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 43 дугаар зүйлийн 43.1, 43.2, 43.4 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2, 41 дүгээр зүйлийн 41.3, 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Аын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/20 дугаар тушаалыг хүчингүй болгож, Ц.Аыг урьд эрхэлж байсан аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн орон нутгийн удирдлага, зохион байгуулалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоосугай.
2. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны 130 хоногийн олговор 9.642,017 /есөн сая зургаан зуун дөчин хоёр мянга арван долоо/ төгрөгийг Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж, түүнээс зохих журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж үлдсэнийг нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЗОЛБАДРАХ