Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 2021/ДШМ/45

 

Д.Батсайхан, Д.Ганбат, Э.Энхбаатар нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Хүрэлбаатар даргалж, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Шүүх хуралдаанд:

Прокурор М.Сайнзаяа

Шүүгдэгч Д.Батсайхан, Д.Ганбат, Э.Энхбаатар,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч О.Сарантуул, М.Даваасүрэн, Ч.Отгонжаргал

Нарийн бичгийн дарга М.Энхмаа нар оролцов.

 

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 207 дугаар шийтгэх тогтоолтой Д.Батсайхан, Д.Ганбат, Э.Энхбаатар нарт холбогдох 2015001860122 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 11 дүгээр дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд  хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт: 

Монгол улсын иргэн, Хөхөө овогт Даваанямын Батсайхан, 1978 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн ...... суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаан, уурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүгийн хамт Булгангийн Х  сумын Хялганат *-р баг дан байрны **-* тоотод оршин суух, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй,

Монгол улсын иргэн, Өндөрийнхөн овогт Энэбулганы Энхбаатар, 1988 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Орхон аймгийн Б суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, программист мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Орхон аймаг Б сумын Б баг ** тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,

 Монгол улсын иргэн, Боржигон овог Дагвадоржийн Ганбат, 1974 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Булган аймгийн С  суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Булган аймгийн Х сумын Х тосгоны О *-*-*** тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Д.Батсайхан, Д.Ганбат, Э.Энхбаатар нар нь 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантайн 2-р багийн нутаг “Баянголын мухдаг” гэх газарт хуурайшилтын үед ил задгай гал түлж, дутуу унтраасны улмаас буюу галтай болгоомжгүй харьцаж ой, хээрийн түймэр гаргаж их хэмжээний хохирол болох шууд хохирол 183 421 668 төгрөг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1, 4.3 дахь хэсэгт зааснаар 550 710 326 төгрөгийн, гал унтраахад 2 915 160 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

 Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 207 дугаар шийтгэх тогтоолоор:

Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Өндөрийнхөн овогт Эрдэнэбулганы Энхбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Э.Энхбаатарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж,

 Шүүгдэгч Хөхөө овогт Даваанямын Батсайхан, Боржигон овогт Дагвадоржийн Ганбат нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан галтай болгоомжгүй харьцсаны улмаас ой, хээрийн түймэр тавьж, байгаль экологид 550 710 326 /таван зуун тавин сая долоон зуун арван мянга гурван зуун хорин зургаа/ төгрөгийн, гал түймрийг унтраахад 2 915 160 /хоёр сая есөн зуун арван таван мянга нэг зуун жар/ төгрөгийн нийт 553 625 486 /таван зуун тавин гурван сая зургаан зуун хорин таван мянга дөрвөн зуун наян зургаа/ төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Батсайхан, Д.Ганбат нарыг тус бүр хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Д.Батсайхан, Д.Ганбат нарт тус тус гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Д.Батсайхан, Д.Ганбат нарт мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Батсайхан, Д.Ганбат нарын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 2 /хоёр/ жилийн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгож,

    Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.2, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Батсайхан, Д.Ганбат нараас тус бүр гэмт хэргийн улмаас байгаль экологид учруулсан хохиролд 91 710 834 /ерэн нэгэн сая долоон зуун арван мянга найман зуун гучин дөрөв/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын сангийн /РД:9085084/, төрийн сан дахь 100900013040 тоот дансанд, гал түймэр унтраахад гарсан зардалд 1 457 580 /нэг сая дөрвөн зуун тавин долоон мянган таван зуун наян/ төгрөгийг гаргуулан Булган аймгийн Хутаг- Өндөр сумын Засаг даргын тамгын газрын /РД:9011153/ төрийн сан дахь 100041355001 дугаарын дансанд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 100 000 /нэг зуун мянга/ төгрөгийг гаргуулан Булган аймаг дахь Цагдаагийн газрын /РД 9012656/ төрийн сан дахь дансанд тус тус оруулж,

    Хэрэгт эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын 4/21, 4/22 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, битүүмжпэгдсэн Орхон аймаг Б сум *-р баг * *-р байр ** тоот хаягтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-****** дугаартай 18м.кв талбай бүхий 1 өрөө байр, “Mitsubishi challenger” загварын **-** ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжпэлээс чөлөөлж, эзэмшигч Э.Энхбаатарт буцаан олгож,

     Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Ганбат, Э.Энхбаатар нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Д.Батсайхан 190 /нэг зуун ерэн/ хоног цагдан хоригдсоныг дурдаж,

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт хавсарган ирсэн СД 2/хоёр/ ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,

   Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Батсайханд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Д.Ганбатад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Э.Энхбаатарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн хүчингүй болгож,

     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгг зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн давж даалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжпэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж даалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

   Прокурор эсэргүүцэлдээ: Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Сайнзаяа би, тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 207 дугаартай шийтгэх тогтоолыг 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч ХЯ НАВАЛ:

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 207 дугаартай шийтгэх тогтоолоор Д.Батсайхан, Д.Ганбат, Э.Энхбаатар нарт холбогдох хэргийг шийдвэрлэхдээ:

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 207 дугаартай шийтгэх тогтоол нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь “Гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас ой, хээрийн түймэр гарч хүний бие мах бодид хүнд хохирол учирсан, хүний амь нас хохирсон, их хэмжээний хохирол учирсан” байхаар хуульчилсан ба уг хуулийн зүйл ангийн гол зорилго нь галтай болгоомжгүй харьцсан байхыг шаардаж байна. Өөрөөр хэлбэл уг гэмт хэргийг урьдаас төлөвлөх, санаатайгаар үйлдэх шинжийг агуулахгүй зөвхөн тухайн гэмт хэрэг үйлдэгдэн гарах цаг хугацаанд гал болон шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцахыг хуульчилсан байгаагаас үзэхэд анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 207 дугаартай шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн дүгнэлтэнд дурдагдсан Д.Батсайхан, Д.Ганбат нар нь урьдаас хиргисүүр ухах, бугын эвэр түүх зорилготойгоор Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн Баянголын Мухдаг гэх газарт Э.Энхбаатараар хүргүүлэхдээ Д.Батсайхан нь гал түлж цай чанасан үйлдлээс болж гал гарсан гэж үзсэнтэй утга агуулгын хувьд эрс зөрүүтэй байна. Учир нь Д.Батсайхан гал түлсэн болохыг Д.Ганбат, Э.Энхбаатар хэн аль нь мэдэж байсан түүнийг гал унтраахыг 2-лаа харсан талаар мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдүүлсэн байдаг. Энэ нь дээрх 2 хүн болох Д.Ганбат, Э.Энхбаатар нар нь хуурайшилтын үед ил задгай гал түлж болохгүй, гал алдаж болно гэдгийг мэдсээр байж Д.Батсайханы үйлдлийг таслан зогсоогоогүй, мөн түүнчлэн гал унтраахад хүртэл оролцоогүй нөхцөл байдал тогтоогдож байна.

Хэрэв Д.Ганбат, Э.Энхбаатар нар нь тухайн галыг Д.Батсайхантай цуг хамтарч унтраасан, аюулгүй болгосон бол дээрх гэмт хэрэг үйлдэгдэн гарахгүйгээс үзэхэд шүүгдэгч нарын хэн аль нь иргэний үүргээ биелүүлээгүй, хэт хөнгөмсгөөр найдсанаас дээрх гэмт хэрэг үйлдэгдэн гарсан гэж үзэхээр байна.

Мөн хүний өдөр тутмын зайлшгүй хэрэгцээ шаардлагын нэг бол хоол хүнс хэрэглэх явдал бөгөөд хүн хоол хүнс хэрэглэснийхээ төлөө, урьдаас хоол хүнсээ базаасныхаа төлөө болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэн гардаг гэмт хэргийг урьдчилан бэлтгэсэн гэж үзэх боломжгүй байна.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж хуульчилсан байх ба шүүгдэгч Д.Батсайхан, Д.Ганбат нарын хувьд хохирол төлбөр огт төлөгдөөгүй, мөн хохирол төлбөрийг хэрхэн ямар орлогын эх үүсвэрээр төлж барагдуулах талаар үндэслэл бүхий баталгаа гаргаагүй байхад шүүх хуулийг буруу хэрэглэж шүүгдэгч нарыг тэнсэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нар нь байгаль экологид учирсан хохирлыг төлөх төлбөрийн чадваргүй буюу өөрийн нэр дээр үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгөгүй этгээдийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлсэн гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Мөн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн өршөөл үзүулэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж хуульчилсан ба шүүгдэгч нарын хувьд гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо хэрхэн нөхөн төлөхөө илэрхийлсэн нь тодорхойгүй байхад анхан шатны шүүх өршөөл үзүүлэх тухай хууль хэрэглэсэн нь Эрүүгийн хуулийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

  1. Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 207 дугаартай шийтгэх тогтоолын Тодорхойлох хэсэгт:

“Иймд Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.2 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч Д.Батсайхан, Д.Ганбат нарын гэм буруу, эд хөрөнгийн байдлыг харгалзан, байгаль орчинд учруулсан 183 421 668 төгрөгийн шууд хохирлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 дахин нэмэгдүүлэхгүйгээр 183 421 668 шууд хохирол, гал түймэр унтраахад 2 915 160 төгрөг нийт 186 336 828 төгрөгийг нөхөн төлүүлэхээр тогтоож Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль, орчин уур амьсгалын санд оруулах нь зүйтэй гэж үзлээ” гэсэн атлаа “Тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Шүүгдэгч Хөхөө овогт Даваанямын Батсайхан, Боржигон овогт Дагвадоржийн Ганбат нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан галтай болгоомжгүй харьцсаны улмаас ой, хээрийн түймэр тавьж, байгаль экологид 550 71 0 326 /таван зуун тавин сая долоон зуун арван мянга гурван зуун хорин зургаа/ төгрөгийн, гал түймрийг унтраахад 2 91 5 160 /хоёр сая есөн зуун арван таван мянга нэг зуун жар/ төгрөгийн нийт 553 625 486 /таван зуун тавин гурван сая зургаан зуун хорин таван мянга дөрвөн зуун наян зургаа/ төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэж хохирол төлбөрийг буруутайгаар тооцож шийдвэрлэсэн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэснийг тус тус зөрчсөн байна гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан гаргасан прокурорын эсэргүүцлийг үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд гомдолд дурдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхийг бүхэлд нь хянав.

 

Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.Батсайхан, Д.Ганбат, Э.Энхбаатар нарыг 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантайн 2 дугаар багийн нутаг “Баянголын мухдаг” гэх газарт хуурайшилтын үед ил задгай гал түлж, дутуу унтраасны улмаас буюу галтай болгоомжгүй харьцаж ой, хээрийн түймэр гаргаж их хэмжээний  буюу байгаль экологид 550 710 326 төгрөгийн, гал унтраахад 2 915 160 төгрөгийн нийт 553 625 486 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд ирүүлжээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Энхбаатарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Д.Батсайхан, Д.Ганбат нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан галтай болгоомжгүй харьцсаны улмаас ой хээрийн түймэр тавьж, байгаль экологид  их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан хариуцлага хүлээлгэж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Д.Батсайхан, Д.Ганбат нар нь 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантайн 2 дугаар багийн нутаг “Баянголын мухдаг” гэх газарт хуурайшилтын үед ил задгай гал түлж, дутуу унтраасны улмаас буюу галтай болгоомжгүй харьцаж ой, хээрийн түймэр гаргаж их хэмжээний хохирол учруулсан болох нь:

-шүүгдэгч Д.Батсайхан, Д.Ганбат нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд, шүүгдэгч Э.Энхбаатарын мөрдөн байцаалтын болон шүүх хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, иргэний нэхэмжлэгч П.Итгэлбаяр, Г.Мөнхболд, гэрч Л.Батбаяр, П.Үүрийнтуяа, Н.Батбаяр, Ж.Амартүвшин, Д.Болорчулуун нарын  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд, 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 11 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 9 дугаартай хохирлын үнэлгээ тооцох тухай дүгнэлт, Булган аймгийн Онцгой Байдлын газрын гал түймрийн улсын байцаагчийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 071/11 дугаартай дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд хөрөнгө битүүмжилэх тухай тогтоол, тэмдэглэл зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Харин шүүгдэгч Э.Энхбаатар нь Д.Батсайхан, Д.Ганбат нарын гуйлтаар Баян голын мухдаг” гэдэг газар тэднийг машинаараа шөнө хүргэж өгөөд өглөө машиндаа унтаж байхад нь  Д.Батсайхан, Д.Ганбат нар отоглох газартаа  гал асааж цай чанаж уусан байдаг ба галтай харьцсан үйлдэлд Э.Энхбаатарын оролцсон оролцоо тогтоогдохгүй байна гэж дүгнээд хэрэгт хамаарал бүхий нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж хэргийг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

  Шүүгдэгч Д.Батсайхан, Д.Ганбат нарыг хуурайшилтын үед ил задгай гал түлж, галтай болгоомжгүй харьцсаны улмаас хээрийн түймэр тавьж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан шүүгдэгч Д.Батсайхан, Д.Ганбат нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.Батсайхан, Д.Ганбат нарын байгаль экологид учруулсан хохирлыг шүүх шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 2.т зааснаар шүүгдэгч Д.Батсайхан, Д.Ганбат нарыг болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, тэдний эд хөрөнгийн байдлыг харгалзан үзээд  байгаль орчинд учруулсан шууд хохирол болох 183,421,668 төгрөгийг , гал унтраахад гаргасан зардлын 2,915,160 төгрөг, нийт 186,336,828 төгрөгийг шүүгдэгч нараас тэнцүү хуваан гаргуулж, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль, орчин уур, амьсгалын санд оруулахаар шийдвэрлэж шүүгдэгч нарын гэм буруу, гэм хор учруулагчийн эд хөрөнгийн байдлыг харгалзан үзэж хохирлыг бууруулж тооцсныг буруутган үгүйсгэх үндэслэлгүй   байна.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээр хэрэг хянан хэлэлцэх явцад шүүгдэгч болон хэргийн бусад оролцогч нарын эрхийг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна

 

Шүүгдэгч нар нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн ,гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзээд Д.Батсайхан, Д.Ганбат нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хууль болон Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу хэрэглээгүй байх тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 207 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

          

          

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.ХҮРЭЛБААТАР

 

                                  ШҮҮГЧИД                                        С.ЦЭЦЭГМАА

 

                                                                                       Ё.БЯМБАЦЭРЭН