Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2026 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 2026/ШЦТ/920

 

 

                                                           

 

 

 

 

 

2026          05          06                                      2026/ШЦТ/920

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Батмандах даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Урантэс,

улсын яллагч О.Дэлгэрцэцэг,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Х.Наранзул, Б.Өлзийбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн .... Хт холбогдох эрүүгийн “2502001130478” дугаартай хэргийг 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, .... оны .... дугаар сарын 2....7-ны өдөр ..... төрсөн, 52 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш, дасгалжуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт..... тоотод оршин суух хаягтай, урьд Дорноговь аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2004 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолоор ..... тус тус шийтгэгдэж байсан, .... Х /РД: ..../.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эмийг зохих зөвшөөрөлгүйгээр импортолсон, бусдад худалдсан” гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн, нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Наранзул нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний үйлчлүүлэгч гэм буруугийн тал дээр маргадаггүй, прокурорын гаргасан саналыг дэмжиж байна...” гэв.

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь зохих зөвшөөрөлгүйгээр ....... төгрөгөөр худалдаж, өөрийн эзэмшлийн Хаан банкны 5087299999 дугаарын дансаар төлбөрийг шилжүүлэн авсан,

..... дугаарын дансаар төлбөрийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Гэрч Г.....: “... Миний бие амжилт гаргахын тулд сонирхож байгаад судалж үзтэл хүмүүс хүндийн өргөлтийн дасгалжуулагч Х гэдэг хүн зардаг гэж сонсож байсан юм. Тэгээд Б.....гэх найзаараа дамжуулан холбогдоод асуутал холбоо барих ..... гэх фейсбүүк хаягтай Казак хүний фейсбүүк, утсыг манай найзад өгсөн. Түүгээр дамжуулан 2024 оны 02 дугаар сарын сүүлээр холбогдож, биедээ тарьж хэрэглэдэг гэх бодисыг 1 ширхгийг аваад өөртөө 7 хоногт 2 удаагаар 0,5 граммаар мөрний булчиндаа тарьж 1 сар гаруй хугацаанд хэрэглээд больсон. Үүнээс хойш дахин хэрэглээгүй байж байгаад Улсын наадамд барилдсаны араа шинжилгээгээр дээрх бодис илэрсэн байна. Миний бие бол дахин ийм зүйл хэрэглэхгүй ээ, алдаа дутагдлаа ухамсарлаж соён гэгээрүүлэх сургалт семинарыг Допингийн төвтэй хамтран явуулж байгаа...” гэх мэдүүлэг (1хх-ийн 17-18); 

Гэрч Н.....: “... Тэгээд миний мэдэхээр дасгалжуулагч ******* нь надаас парпонат гэх нэртэй жижиг улаан савтай эмийг нэг ширхгийг 140,000 төгрөгөөр тооцоод 3 ширхгийг авч, мөнгөө нь миний .... тоот Хаан банкны дансанд шилжүүлж авсан юм. Би тухайн мөнгийг Казахстан Улсад байгаа Э...... руу шилжүүлэхээр .... гэх нэртэй Э.... ахын данс руу шилжүүлсэн юм. Өмыртай нь одоо Казахстан Улсад байгаа юм. Миний хувьд эмүүдийг тогтмол *******, Д.Чинзориг гэх хоёр хүнд л бол аваачиж өгөөд, мөнгийг тэд нар Э..... руу шилжүүлдэг юм...” гэх мэдүүлэг (1хх-ийн 23-26);

Гэрч С.....: “... “..... бодис нь Оросын Холбооны Улсын хүндийн өргөлтийн тамирчдын нууц гэх тариаг Монгол Улсад ******* зардаг гэх мэдээлэл үе үе ирдэг байсан, тэгээд бид нар 2024 онд тухайн тарианы зураг, бичлэгийг хүмүүс явуулж байсан. Тухайн худалдан авсан, бидэнд бичлэгийг илгээсэн, мэдээлэл өгсөн хүмүүсийн талаар бид нар гарган өгөх боломжгүй байна... Өмнө манай байгууллагад мэдээлэгч этгээд нь *******аас, "Only for Russian national team" гэх нэртэй бодис нэг ширхгийг гарган өгч шинжилгээнд хүргүүлсэн ба орц, найрлагын хариу ирсэн байгаа. Тухайн хариу надад байгаа, гарган өгөх боломжтой. Дээрх бүтээгдэхүүнээс бүх цаг үед хориглосон S4-4 буюу бодисын солилцооны модуляторын ангилалд багтах AICAR (AICA-riboside, acadesine) гэх бодис илэрсэн байсан. Б.... нь өөрөө хэрэглэснээ хүлээн зөвшөөрч, тухайн бодисоос 2,9 сая төгрөгөөр Хүндийн өргөлтийн шигшээ багийн дасгалжуулагч ******* санал болгон зарсан тухай хэлж, худалдан авсан баримт болон бусад мэдээллийг манай байгууллагад өгсөн байна. Ө......нь мөн ******* гэгчээс худалдан авсан гэх ба худалдан авахдаа бусдаар дамжуулан авсан тухайгаа мэдэгдэж, холбогдох баримтуудыг гарган өгсөн. Тэгээд хэрэглэсэн гэх "Only for Russian national team" гэх нэртэй бодисыг нэг ширхэг ампулийг манай байгууллагад гарган өгсөн ба түүнийг Олон Улсын Допингийн эсрэг байгууллагын лабораторид "үл мэдэгдэх" бодис гэсэн ангиллаар илгээж шинжилгээ хийлгэхээр ажиллаж байна...” гэх мэдүүлэг; (1хх-ийн 65-67, 98-100,);

Гэрч Э......: “... Эм гэдэг нь Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 4.1.1-т зааснаар “өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчнийг оношлох, эмчлэх зориулалттай хүний физиологийн үйл ажиллагаанд нөлөөлөх, үйлдэл нь эм судлал, эмнэлзүйн туршилтаар нотлогдсон, зохих тун хэмжээгээр хэрэглэдэг тодорхой хэлбэртэй бүтээгдэхүүнийг хэлнэ. Эмийн түүхий эд гэдэг нь Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 4.1.36-т зааснаар “эм үйлдвэрлэл, найруулахад хэрэглэх байгалийн болон нийлэг гаралтай эмийн үйлчлэгч бодис, эмийн туслах бодисыг хэлнэ. Биобэлдмэл гэдэг нь Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 4.1.8-т зааснаар “өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчнийг оношлох, эмлэх зориулалтаар амьд бие, эд эсээс үйлдвэрлэлийн болон биотехнологийн аргаар гаргаж авсан бүтээгдэхүүн болон вакциныг хэлнэ. Эм, биобэлдмэл, эмийн түүхийн эдийг Монгол Улс руу импортлох, ханган нийлүүлэхэд Эрүүл мэндийн тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль, эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулиар зохицуулагддаг. Импортлох ханган нийлүүлэх тусгай зөвшөөрлийг олгох сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох асуудлыг Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас олгодог. Нэгдүгээрт, зөвхөн тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж нь эм, биобэлдмэл, эмийн түүхийн эдийг импортлон оруулах боломжтой. Хоёрдугаарт, импортолж буй эм нь Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн байх ёстой. Түүнчлэн Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн эмийг тусгай зөвшөөрлийн дагуу импортлон оруулахдаа эм, эмнэлгийн хэрэгслийн импортын бүртгэлийг манай байгууллагаас авч, хилээр авч ордог байна. Импортын мэдүүлэг дээр хилээр оруулах хэмжээ, улсын бүртгэлийн дугаар, хүчинтэй хугацаа, гэрээний дугаар зэрэг бүртгэгдсэн байдаг. Ханган нийлүүлэх зорилгоор эмийн бүртгэлгүй эм, биобэлдмэл, эмийн түүхий эдийг оруулан ирэх боломжгүй...” гэх мэдүүлэг; (1хх-ийн 70-73);

Гэрч Н.....: “...Наадмын бэлтгэлд 06 дугаар сарын 16-ны өдөр гарахын өмнө 12-ны өдөр надтай миний танил ах болох ... надтай холбогдоод, “Надтай хүндийн өргөлтийн холбооны менежер .... гэх хүн холбогдлоо, гавьяат дасгалжуулагч Х гэх хүн допингийн бодис илэрдэггүй, дархлаа дэмждэг, ажиллагаа сайжруулдаг, ядралт багасгадаг бодис зарж борлуулдаг гэнэ, гавьяат тамирчин .... дэлхийн аваргад орохынхоо өмнө 3 ширхгийг хийгээд орсон, их сэргээд орсон гэнэ, энийг авч хэрэглүүлэхэд ямар ч асуудал байхгүй гэнэ" гэж ярьсных нь дагуу би сонирхоод хэрэглэж үзэхээр болсон. Эхлээд манай ах Т.....бэлтгэлийн өмнө 10 ширхгийг өгөөд ба "...." нэртэй судсаар 100 мл-ийн Натритай холиод тарьж хэрэглэдэг гэж заасан. Тэгээд би 06.13-ны өдрөөс 21-нийг хүртэл хэрэглээд, 21-ний өдөр дахин .... ахдаа захиад, Х багшийн гэрээс нь найз .... дамжуулан авхуулсан. Тухайн 20 ширхэг бодисыг 4,667,000 төгрөг буюу 10 ширхгийг нь 750 доллароор нь нийт 1500 доллароор авсан. Манай найз Ж..... хүндийн өргөлтийн Х багшийн гэрээс очиж, тухайн бодисыг хүлээн авч, надад өгсөн. Миний хувьд дээрх бодисыг хориотой бодис гэж огт мэдээгүй....... ахдаа залгаж хэлээд хүндийн өргөлтийн Х багшийн гэрээс нь найз ... дамжуулан 20 ширхгийг авхуулсан. Тухайн 20 ширхэг бодисын үнэ болох 4,667,000 төгрөгийг найз М..... данснаас .... тоот Хаан банкны данс руу 2025.06.21-ний өдөр .... ахын хэлж өгсөн данс руу шилжүүлсэн. Манай найз ..... Хүндийн өргөлтийн Х багшийн гэрээс очиж, тухайн бодисыг хүлээн авч. 06 дугаар сарын 21-ний өдөр надад өгсөн...” гэх мэдүүлэг; (1хх-ийн 88-90, 3хх-ийн 24-26);

Гэрч Б....: “... Миний найз .... нь энэ жил буюу 2025 онд наадмын бэлтгэлдээ гарсан байх үедээ намайг хүнээс очоод юм аваад авчраад өгөөч гэж гуйсны дагуу 19-Үйлчилгээний төвөөс нэлээн урагшаа Улаанбаатар сувиллын урд байрлах 3 билүү 5 давхарт очиж, авахад хүндийн өргөлтийн Х багшаас уутан боодолтой 2 хэсэг юм авсан. Скочоор битүү юмаар байсан тул дотор нь юу байсныг мэдэхгүй байна. Тэгээд би Х багшаас авсныхаа дараа тэр өдөртөө найз Өсө....хбаяртаа хүргэж өгсөн юм...” гэх мэдүүлэг; (1хх-ийн 94-95);

Гэрч Я......: “...Тэгээд би 06 дугаар сард Х багштай утсаар холбогдож, гэрийг нь заалгаад, Улаанбаатар сувиллын орчимд гэрт нь очиж уулзахад, надад “Одоо чиний сонирхоод байгаа тариаг авна гэвэл би олоод өгч болно оо, авна гэвэл” гэж хэлэхээр нь “Би аймагт үзүүр түрүүнд барилдах дүүдээ өгөх гэсэн юмаа, допинг биш, шинжилгээнд ямар ч хамааралгүй биз дээ?” гэж асуухад, “Энэ тариа бол допингтой ямар ч хамааралтай дархлаа дэмжиж, ядралт багасгадаг, ажиллах чадварыг 30 хувиар нэмэгдүүлдэг юмаа....,”... гэж ярихаар нь Х гэх хүнийг шигшээ багийн дасгалжуулагч гэж мэдэх тул итгээд нийт 70 билүү 80 ширхгийг 21,042,000 төгрөгийг өөрийн Хаан банкны .... тоот данснаас ..... тоот данс руу “ТВ” гэсэн утгаар шилжүүлсэн...” гэх мэдүүлэг; (1хх-ийн 108-111);

Гэрч Н......: “...Бэлтгэл хийх явцад 2024 оны 10 дугаар сард Х багш надад “Хүч нэмэгдүүлэх, бэлтгэлд нэмэлтээр хэрэглэх бодис захих гэж байна, чи сонирхох уу?” гэж асуугаад нэрийг нь бичээд үзүүлсэн, тухайн үед юу бичиж байсныг сайн санахгүй байна, тэр үедээ би багшдаа итгээд зөвшөөрсөн. Тэгээд би 2,9 сая төгрөгийг Х багшийн ..... тоот данс руу өөрийн ... тоот данснаас 10 дугаар сарын 19-ний өдөр шилжүүлсэн. Одоо санаж буйгаар 10 дугаар сарын 30-ны өдөр бэлтгэл дээрээ очиход Х багш “Чиний захисан юм ирсэн” гээд надад тарих зориулалт бүхий “Testomed E250” хоёр хайрцаг, “Primomed 100” нэг хайрцаг, “Stanozon” хоёр хайрцаг шахмал бэлдмэл өгсөн...” гэх мэдүүлэг; (1хх-ийн 119-121),

18.Гэрч Б.....: “... Миний үеэл ах ******* нь надтай гар утсаар холбогдоод миний арилжааны банкны данс хэрэгтэй байна. Ах нь мөнгө оруулаад авна гэж хэлсэн. Би өөрийн үеээл ах учраас юм бодолгүй, мөн яагаад шилжүүлж байгаа талаар асуухгүй өөрийн Хаан банкны .... тоот дансыг өгсөн. Үүний дараа тухайн 21,042,000 төгрөгийн гүйлгээг хийгдэж орж ирсэний дараа ах ******* надтай холбогдоод энэ мөнгийг дараах байдлаар шилжүүлчих гэж хэлсэн учираас би түүний хэлсэний дагуу гүйлгээний утгыг бичээд шилжүүлсэн. Тэр өдөр ах Х над руу залгаад мөнгө дансанд чинь орсон өөрийнх нь данс руу шилжүүлчих гэж хэлсэн. Тэгээд би хэлсний дагуу “Моторын үнэ” гэсэн утгатайгаар 4,667,000 төгрөгийг шилжүүлсэн. Би дээрх мөнгийг ямар учиртай мөнгө гэдгийг мэдэхгүй, хэн энэ мөнгийг шилжүүлж байгаа талаар мэдэхгүй, манай ах Х л энэ талаар мэднэ...” гэх мэдүүлэг (3хх-ийн 145-146);

Шинжээч Б......: “... Би тухайн шинжилгээнд ирүүлсэн 28 нэр төрлийн бүтээгдэхүүнийг Монгол Улсын эм, эрүүл мэнд, эмнэлгийн хэрэгсэл бүртгэлээс шүүж үзэхэд 26 төрлийн бүтээгдэхүүн “Лайсмет” сангаас шүүж үзэх боломжтой, тэдгээр нь Монгол Улсад бүртгэгдээгүй байсан. Монгол Улсын бүртгэлийн системд байхгүй нэр төрлийн бүтээгдэхүүнийг би шууд эм, эмийн түүний эд, биобэлдмэлийн төрөл байна гэж шууд бие даан дүгнэх боломжгүй. Учир нь Эрүүл мэндийн сайдын А/295 дугаартай тухайн үед мөрдөгдөж байсан тушаалаар баталсан “Монгол Улсад эм, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн бүртгэх журам”-ын дагуу бүртгэдэг. Бүртгэлгүй эмийг бүртгэхийн тулд эрүүл мэндийн яамны дэргэдэх хүний эмийн зөвлөл, түүний дэргэдэх, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний салбар зөвлөлийн хурлаар эм, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн, биобэлдмэл байна шинжилгээ дүгнэлт, бусад баримт бичгийн бүрдэл, лабораторийн шинжилгээний дүгнэлт зэргийг харгалзаж бүртгэдэг. Мөн ижил төрлийн үйлчлэгч бодис агууламжтай эмийн хэлбэр, тухайн бүртгээгдэхүүний доторх агууламж хэлбэр адил байвал түүнийг эмийн ангилалд оруулж үзэх боломжтой. Гэхдээ тухайн шинжилгээнд ирүүлсэн эмийн нэр, үйлдвэрлэсэн үйлдвэр, савлагаа зэрэг өөр байвал Монгол Улсад бүртгэлгүй эм гэж авч үзэж худалдан борлуулахыг хориглоно...” гэх мэдүүлэг (3хх-ийн 167-168);

Орон байранд нэгжлэг хийсэн: “........тоотод хийсэн нэгжлэгээр “Тус байрны унтлагын өрөөний орон доороос гадна талаараа скочоор ороосон, 13 боодол бүхий зүйл байлаа. Тус боодолтой зүйлийг задалж үзтэл “.....” бичиглэлтэй 10 ширхэг шилтэй шингэн зүйл гарч ирэв.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1хх-ийн 133-137);

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 501 дугаартай “... Тус төвийн Эрүүл мэндийн ажилтны нэгдсэн бүртгэл мэдээний сан болон архивын материалаас шүүж үзэхэд...*******(РД:.....)-т мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгосон талаарх мэдээлэл олдоогүй болно.” гэх албан бичиг (1хх-ийн 215);

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 01/707 дугаартай “...Танайхаас ирүүлсэн албан бичигт дурдсан 23 нэрийн бүтээгдэхүүнийг Монгол улсын эмийн бүртгэлийн Лайсмед мэдээний сангаас шалгахад Милдронат (Мельдоний) 100мг/мл-5мл тарилгын уусмал нь ... улсын бүртгэлийн дугаараар бүртгэлтэй, бусад 23 нэрийн бүтээгдэхүүн нь эмийн бүртгэлд бүртгэлгүй байна.” гэх албан бичиг (1хх-ийн 247);

Дансны хуулганд үзлэг хийсэн: “... Үзлэгээр Б.... нь өөрийн 5750315760 дансаар дансанд орсон нийт 25,709,000 төгрөгийг *******ын 5087299999 дансанд болон 5005310636, 5031701538, 5006521828, 5059766118 данснуудад Хын нэрээр буцаан шилжүүлсэн нь тогтоогдож байна.” гэх тэмдэглэл; (2хх-ийн 23-24;

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Чанарын хяналтын газрын Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2025 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн:

1. “... Эрүүл мэндийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/295 дугаар тушаалаар батлагдсан "Эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэлийн журам батлах тухай" журмаар Монгол Улсад бүртгүүлэхээр хүсэлт өгсөн бүтээгдэхүүнийг Хүний эмийн зөвлөл болон түүний салбар зөвлөлийн шийдвэрээр эм, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнээр бүртгэх эсэхийг шийддэг.

2. Улсын эмийн бүртгэлийн Лайсмед мэдээний сангаас худалдааны болон олон улсын нэршлээр шалгаж үзэхэд ..... зэрэг 26 нэрийн бүтээгдэхүүн нь Монгол Улсын эм, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний бүртгэлд бүртгэлгүй байна. Үлдсэн 2 нэрийн бүтээгдэхүүний савлагааны дээрх үйлчлэгч бодис болон мэдээлэл байхгүй байх тул бүртгэлийн мэдээллийг харах боломжгүй байна.

Монгол Улсын эм, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний бүртгэлд бүртгэгдээгүй дээрх 26 нэрийн эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг Монгол Улсад худалдан борлуулахыг хориглоно.” гэх шинжээчийн дүгнэлт; (2хх-ийн 30-34);

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Улсын ахлах байцаагчийн “2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 10-13-05/180/139-өөс 10-13-05/180/166 дугаартай дүгнэлтүүд (2хх-ийн 129-184);

Олон улсын Допингийн хяналтын ажилтан Б.Номинцэцэгийн “Эм, бэлдмэл, бүтээгдэхүүнүүд нь допингийн төрлийн бодис агуулсан эсэх” талаар “... Stanozon, Primomed 100 бодис нь 2023, 2024, 2025 оны хориглосон жагсаалтад орсон” гэх шинжээчийн дүгнэлт (2хх-ийн 220-239);

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01/24 дугаартай “... “Testomed E250”, “Primomed 100” нэртэй 2 эм нь Монгол Улсын эмийн бүртгэлийн нэгдсэн санд бүртгэлгүй байна.” гэх албан бичиг (3хх-ийн 131);

Монголын Үндэсний Допингийн эсрэг байгууллагын 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 302 дугаартай нэмэлт мэдээлэл хүргүүлэх тухай “Only for the Russian national team” ... тухайн бүтээгдэхүүнд ДДЭА-ын Хориглосон жагсаалт(2023, 2024, 2025)-ын S161 бүлгийн Андрогены Анаболик Стеройдууд багтсан  2 бодис илэрсэн.” гэх албан бичиг (3хх-ийн 132-133);

20. Яллагдагч *******ын: “...Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...Би энэ мөнгийг авсан. Энэ мөнгө миний ..... нэртэй тариаг зарсан мөнгө. Би энийг тухайн Т..... гэх залуу манай гэрийн гадаа ирээд надаас авсан. Надад ямар нэгэн эм бэлдмэл оруулж ирэх зөвшөөрөл байхгүй. Худалдан борлуулахыг зөвшөөрдөггүй. Би өөрийн хууль бус эм бэлдмэл хилээр оруулж ирсэн, гэртээ хадгалсныг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (3хх-ийн 88-90), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3хх-ийн 189/, иргэний үнэмлэхний лавлагаа /3хх-ийн 218/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамаараалтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5.400.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 120.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэв.

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарлав.

            Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 4 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, Эрүүгийн цагдаагийн албаны эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа 28 нэр төрлийн эмийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эрүүгийн цагдаагийн алба, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч .... Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эмийг зохих зөвшөөрөлгүйгээр импортолсон, бусдад худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5.400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 4 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, Эрүүгийн цагдаагийн албаны эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа 28 нэр төрлийн эмийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эрүүгийн цагдаагийн алба, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг прокурор, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                               А.БАТМАНДАХ