Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2023/0647

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: З******* овогт З*******ын А*******, , РД:Ч*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: З.Б*******,

Хариуцагч: Том татвар төлөгчийн газар,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.А*******, Ч.О******* нарын хоорондын төрийн албаны маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.А*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А*******, Ч.Октябарь, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар П.Энхжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Маргааны үйл баримтын талаар:

1.1. Татварын ерөнхий газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Б/689 дугаар тушаалаар Төв аймгийн татварын хэлтсийн дарга З.А*******г 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс Том татвар төлөгчийн газрын Татвар төлөгчтэй харилцах хэлтсийн татварын улсын ахлах байцаагчаар шилжүүлэн томилсон.

1.2.Том татвар төлөгчийн газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/01 дугаартай тушаалаар албан хаагчдын цалинг шинэчлэн тогтоосон байх ба уг тушаалын хавсралтын 14-т З.А*******гийн цалинг ТЗ-4 ангиллаар тогтоосон.

1.3.Том татвар төлөгчийн газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/05 дугаартай тушаалаар нэр бүхий 5 албан хаагчийн үндсэн цалинг эрхэлж буй албан тушаалын ангилал, зэрэглэлийн дагуу шинэчлэн тогтоож, 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс тооцон олгохоор шийдвэрлэсэн ба хоёрдугаар хавсралтын 4-т З.А*******гийн цалинг ТЗ-6 ангиллаар тогтоосон.

1.4. А*******гаас 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Төрийн албаны зөвлөлд гаргасан гомдолд Төрийн албаны зөвлөлөөс 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 03/1176 тоот албан бичгээр ... та дэс түшмэлийн ангилалд хамаарах Татварын улсын ахлах байцаагч /ТЗ-6/-ийн албан тушаалын чиг үүргийг хэрэгжүүлж байх тул Татварын ерөнхий газрын Хэлтсийн даргын албан тушаалын цалин хөлс авах хууль зүйн үндэслэлгүй гэсэн хариу өгсөн.

1.5. 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр З.А*******гаас Том татвар төлөгчийн газарт холбогдуулан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу Том татвар төлөгчийн газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/05 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, мөн хуулийн 106.3.7-д заасны дагуу 2023 оны 1, 2 сарын цалингаас нөхөн суутгасан цалинг буцаан олгуулах, 2023 оны 03 дугаар сараас хойш бууруулан тооцсон цалингийн зөрүүг шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар тооцон олгуулах, цалин бууруулаагүй дүнгээр нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгэхийг Том татвар төлөгчийн газрын даргад даалгах тухай нэхэмжлэлийг гаргасан.

 

Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:

2.1 Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: З******* овогтой А******* миний бие Татварын ерөнхий газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Б/185 дугаар тушаалаар Төв аймгийн татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/645 тушаалаар Төв аймгийн татварын хэлтсийн даргаар томилогдон ажиллаж байгаад Татварын ерөнхий газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/207 дугаар тушаалаар уг албан тушаалаас чөлөөлөгдөж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 128/ШШ2017/0421 шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 221/MA2017/0612 магадлал, Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 456 дугаар тогтоолоор Татварын ерөнхий газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/207 дугаар тушаалыг хүчингүй болгож, Төв аймгийн татварын хэлтсийн даргаар эгүүлэн тогтоосны дагуу Татварын ерөнхий газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Б/180 тушаалаар Төв аймгийн татварын хэлтсийн Даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон. Уг тушаалаар Төв аймгийн Татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон ба цалинг бууруулан ТЗ-9-5-аас Т3-9-1 ээр бууруулан тогтоосон байдаг. 2020 онд Сангийн яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлөөс зарласан сонгон шалгаруулалтад тэнцэж, Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Б/148 тушаалаар Төв аймгийн татварын хэлтсийн даргаар томилогдсон. Хэлтсийн даргаар ажиллаж байх хугацаанд Татварын ерөнхий газрын Төрийн захиргаа удирдлагын газраас хүний нөөцийн асуудлыг шийдвэрлэж өгдөггүйн улмаас хэт их ажлын ачаалалтай ажиллаж байсан. Удирдлагын зүгээс удаа дараагийн шахалт дарамт үзүүлж, ялгаварлан гадуурхан, хэлтсийн албан хаагчдыг элдвээр гаднаас өдөөн турхирч, ажлаа өөрөө өг гэдэг шаардлага тавьдаг байсан. Эдгээр дарамт хэрээс хэтэрч 2022 оны 6 дугаар сараас эхлэн ажлын ачааллыг нугалдаг 8 албан хаагч өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж чөлөөлөгдсөн ба ажлаа өг гэж байнгын дарамтын улмаас сэлгэн ажиллах хүсэлт өгч Татварын ерөнхий газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Б/689 тушаалаар Том татвар төлөгчийн газрын Татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын ахлах байцаагчаар Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.5 дахь заалтыг үндэслэсэн шилжүүлэн томилсон.

Уг албан тушаалд томилогдсонтой холбоотойгоор Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т Энэ хуулийн 44.1, 44.2, 44.5-д заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулахдаа эрхэлж байгаа албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүй, 44.5-д Томилох эрх бүхий этгээд төрийн жинхэнэ албан хаагчид өөрт нь мэдэгдэн тухайн байгууллагын нэгж хооронд шилжүүлэн ажиллуулж болно гэж заасны дагуу ТЗ-10 /2022 онд/ зэрэглэлд хамруулан цалинг тогтоон олгож байсан бөгөөд шинэчлэн тогтоосноор ТЗ-4 албан тушаалын зэрэглэлээр цалинг тогтоосон болно. Гэтэл Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6.бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог минь хангаагүй, мөн хуулийн 26 дугаар зүйлд заасан захиргааны актыг гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоогүй, мөн хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг огт явуулахгүйгээр Том татвар төлөгчийн газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/05 тушаалыг батлан, 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 10 цаг 07 минутад *******@mta.gov.mn хаягаар ирүүлсэн байна. Уг тушаалыг цахим шуудан ирснээр мэдсэн. Том татвар төлөгчийн газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/05 тушаалаар албан тушаалын зэрэглэлийг ТЗ-4 өөс 2 шатлал бууруулан бууруулан ТЗ-6 аар тогтоон, цалинг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс тооцон, нөхөж хассан байна.

Энэ талаар Төрийн албаны зөвлөлд 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр гомдол гаргасан. Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангах хугацааг тогтоох тухай шүүгчийн захирамж гарсны дараа буюу 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 03/1176 дугаар албан бичгээр хариу өгсөн. Тус албан бичигт Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дах заалт нь томилох эрх бүхий албан тушаалтны санаачилгаар шилжүүлэн ажиллуулсан бол цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүйгээр томилох байсан. Гэтэл нэхэмжлэгч миний хүсэл зоригийн дагуу өөр албан тушаалд шилжин ажиллах хүсэлт гаргасан тул төрийн албан хаагчийн цалинг дуртай үедээ урьдчилан мэдэгдэхгүйгээр буулгасан, нөхөн суутгасан нь хууль тогтоомж зөрчсөн гэх үндэслэлгүй, Татварын ерөнхий газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Б/689 дүгээр шийдвэрт хуульд заасан хугацааны дотор ямар нэг гомдол гаргаагүй байна гэсэн байна. Томилох эрх бүхий албан тушаалтны санал буюу шаардлагаар Татварын ерөнхий газрын даргад хүсэлт гаргахдаа цалин хөдөлмөрийн хөлсийг бууруулахгүй, ижил түвшний албан тушаалд шилжүүлэн томилох хүсэлт гаргасан. Татварын ерөнхий газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Б/689 дүгээр шийдвэр гарч улмаар 3.А*******гийн цалинг тогтоох тухай Том татвар төлөгчийн газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/65 тушаалаар З*******ын А*******гийн үндсэн цалинг ТЗ-10-5 дугаар шатлал, зэрэглэлийн дагуу 1,088,657 төгрөгөөр бууруулахгүйгээр тогтоосон нь Татварын ерөнхий газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Б/689 дүгээр шийдвэрт гомдол гаргуулахгүйн тулд дүр үзүүлсэн гаргасан шийдвэр гэж үзэж байна.

Иймд Төрийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.5. өөрийн хууль ёсны ашиг сонирхлыг шүүх болон холбогдох бусад байгууллагаар хамгаалуулах гэж заасны дагуу Том татвар төлөгчийн газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/05 тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 26, 27 дугаар зүйлийг хангаагүй, төрийн албан хаагч миний хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж, эрх зүйн байдлыг дордуулсан тул нэхэмжлэл гаргаж байна. гэжээ.

2.2. Нэхэмжлэгч З.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 4 сарын 17-нд Татварын Ерөнхий Газрын даргын Б/183 дугаар тушаалаар Төв аймгийн татварын тасгийн даргын түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон. 2015 оны 11 сарын 19-ний Б/645 дугаар тушаалаар Төв аймгийн татварын тасгийн даргаар томилогдсон. 2016 оны 11 сарын 28-ны өдрийн Татварын ерөнхий газрын Б/207 дугаар тушаалаар албан тушаалаас чөлөөлөгдөж Захиргааны хэргийн 3 шатны шүүхийн шийдвэрээр эгүүлэн тогтоогдож 2018 оны 5 сарын 3-ны өдрийн Б/180 дугаар тушаалаар Төв аймгийн Татварын хэлтсийн даргын түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон. Томилогдохдоо ТЗ-9-5 цалингаар цалинжиж байхад ТЗ-9-1 ээр цалин буурсан. Сангийн яамнаас сонгон шалгаруулалт зарлаад сонгон шалгаруулалтад тэнцээд 2020 оны 6 сарын 8-ны өдрийн Б/148 дугаар тушаалаар татварын хэлтсийн даргаар томилогдсон. Томилогдоод ажиллаж байх хугацаанд ТЗ-10-5 болсон. Ажиллаж байх хугацаанд дарамт шахалт ихтэй ажлаа байн байн өг гэж дарамталдаг. 4 жилд нэг удаа авдаг шалгалт жил болгон дараалан орж ирсэн. Ерөнхий газраас байнга шалгалт ирдэг ажилчдыг дарамталдаг шөнийн 22 цаг хүртэл шинээр ажилд орсон хүмүүсийг байцаалт юм уу асуудаг юм уу ингээд дарамталж байгаад 8 албан хаагч дарамтаас шалтгаалан нэгэн зэрэг ажлаас чөлөөлөгдсөн. Намайг ажлаа өг гэж удаа дараа дарамтлаад улмаар тэнд ажил хийдэг бүх улсууд чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд гараад явчихаар тэнд надад ажиллах үндэслэл байхгүй болсон. Тийм учраас би 2022 оны 10 сарын 11-ний өдөр татварын Ерөнхий газрын даргад хүсэлт гаргаад цалин цалин бууруулахгүй ижил түвшний албан тушаалд хандаж өгөх хүсэлт гаргасан. Үүний дараа 2022 оны 10 сарын 11-ний өдөр Б/689 дугаартай тушаалаар том татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын ахлах байцаагчаар томилсон. Ингэж томилохдоо цалин буураагүй. Ажиллаж байх явцад 2023 оны 3 сарын 10-ны өдөр цахим шуудан шалгахад мэйл ирчихсэн байсан. Тэр мэйл дээр нь 2024 оны 3 сарын 6-ны А/5 тушаал батлаад Татварын ерөнхий газраас өгсөн чиглэлийн дагуу 5 албан хаагчдын цалинг буурууллаа гэсэн шуудан ирсэн. Үүнтэй холбоотой хэлтсийн даргаасаа орж асуухад наад тушаалд миний нэр ч гэсэн явж байна наадхыг чинь би ч мэдээгүй гэсэн ийм тайлбаруудыг өгсөн.

Ингээд Төрийн албаны зөвлөлд урьдчилан шийдвэрлэх ажиллагаа болгож гомдол гаргасан. Том татварын төлөгчийн газрын даргын 2023 оны А/05 гэдэг тушаал гаргахдаа ямар нэгэн байдлаар урьдчилж мэдэгдээгүй асуугаагүй миний эрх ашиг болон эрх зүйн байдлыг дордуулж байна. Миний тухайд мэдэгдээгүй байгаа дээр гомдол гаргасан. Миний цалинг өмнөх түвшинд буюу тухайн үедээ ТЗ-10-5 гэж мөрдөгдөж байсан. Одоо бол Засгийн газрын 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 241 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтын ТЗ-5 гэдэг түвшингээр тогтоож өгнө үү гэж хүсэж байна. гэв.

2.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Б******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: З.А******* гэдэг хүнийг анх шилжүүлэн томилохдоо Төрийн албаны тухай хуулийн 44.3, 44.5 дах заалтыг баримталсан. Тэгвэл сая хариуцагч нараас бүр томилсон юм гэж байна. Хэрэв бүр томилсон бол тухайн үеийн тушаал өөр байх байсан. Хэрэв үнэхээр цалингийн сүлжээ Засгийн газрын тогтоолоор хэрэв өөрчлөгдсөн юм бол энэ хүний эрх ашиг хөндөгдөнө. Эрх ашиг хөндөж байгаа тохиолдолд тухайн албан хаагчид сонсох ажиллагаа явуулах ёстой. Захиргааны ерөнхий хуулийн 28-д сонсох ажиллагаа явуулахгүй байх үндэслэлийг заадаг. Энэ үндэслэл нь тогтоогдоогүй. Гэтэл сонсох ажиллагаа хийгдээгүй. Үнэхээр энэ хүний цалинг өөрчлөхөөр байсан бол тухайн үеийн сэлгэн ажиллуулах тушаал ажил албан тушаалыг өөрчлөхгүй байх энэ үндэслэл хөндөгдөж байгаа учраас энэ талаар З.А*******д мэдэгдэж сонсох ажиллагаа явуулах ёстой. Таныг 44.3.5-аар томилсон байна энэ тушаал гарснаар таны эрх өөрчлөгдөнө гэсэн бол та буцаад Төв аймгийн Татварын хэлтсийн даргын албан тушаалд томилогдох уу гэх байсан. Хариуцагч нарын зүгээс та энэ ажил албан тушаалыг эрхлээгүй байж энэ хэмжээний цалинг авах уу гэдэг. Татварын ерөнхий газрын дарга өөрөө энэ албан тушаалд томилоод байгаа. Ажил албан тушаалыг өөрчлөх юм бол хүчингүй болгох үндэслэл өөрөө гараад ирж байна. Сэлгэн ажиллуулахдаа ажил албан тушаал өөрчлөхгүй цалин хөлс бууруулахгүй гэсэн. Тэгвэл өөр тушаал гарч ирэхээр сэлгэн ажиллуулах тушаал хөндөгдөөд ирж байгаа. Энэ тохиолдолд сонсох ажиллагаа хийгээд та буцаад тэгвэл Төв аймгийн Татварын хэлтсийн даргаар томилогдох уу. Энэ албан тушаалд цалин буусан зэргээрээ томилогдох уу гэдэг сонсох ажиллагаа хийгдээгүй.

Нөгөө талаас хүний ажил албан тушаалыг авах болохоороо янз бүрийн аргаар дарамтлаад албан тушаалыг янз бүрийн аргаар авч байна. Төрийн алба гэдэг нэг намын компанийн асуудал шиг л болчхоод байна. Үүнийг бол Захиргааны шүүх төрийн албан хаагчдын эрх ашгийг зохих хэмжээгээр хамгаалж байна. Гэтэл энэ улам цаашаа арга нь нарийсаад эхэллээ л дээ. Эхлээд ажил албан тушаалыг чинь өөрчлөхгүй гээд томилонгуутаа энэ тушаал дээр маргах хугацаа өнгөрөнгүүт тухайн ажил албан тушаалынх нь цалинг зэрэг зэрэглэлийг нь бүгдийг нь бууруулаад арга нь нарийсаад ирж байна. Төрийн албаны тухай хуулийн 38.1.5-д өөрийн хууль ёсны эрх ашгийг сонирхож шүүх холбогдох бусад байгууллагад хамгаалуулах төрийн албан хаагчийн эрх нь байна. Эрх ашиг хөндөгдчихсөн учраас шүүхэд хандаад байгаа. Ажил албан тушаалын цалин хөлсийг бууруулахгүй гэж энэ албан тушаалд томилонгуутаа маргах хугацаа өнгөрөнгүүт цалинг нь бууруулчихъя гэж байна. Улмаар энэ хүний амьдралын баталгаа юм. Төрийн албан хаагч нарын эрх ашгийг захиргааны шүүх гэдэг байгууллага л хамгаалаад байгаа. Үүний дагуу л захиргааны шүүх гэдэг байгууллагууд нэхэмжлэгч гомдол хүсэлтээ гаргаж байгаа юм. Эрх нь хөндөгдөөд амьдралын баталгаануудыг нь алдагдуулаад байгаа учраас хандаж байна. Амьдралд тодорхой хэмжээний цалин хөлс нөлөөтэй байдаг учраас шүүхэд хандаж байгаа үүнийг шүүх анхаарч үзээсэй гэдгийг хүсээд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэж шүүхээс хүсэж байна. гэв.

 

Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

3.1 Хариуцагч Том татвар төлөгчийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А******* шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч нь Том татвар төлөгчийн газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/05 тушаалыг хүчингүй болгуулах, 2023 оны 01, 02 дугаар сарын цалингаас нөхөн суутгасан цалинг буцаан олгуулах, 2023 оны 03 дугаар сараас хойш бууруулан тооцсон цалингийн зөрүүг шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар тооцон олгуулах, цалин бууруулаагүй дүнгээр нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгэхийг Том татвар төлөгчийн газрын даргад даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Том татвар төлөгчийн газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/05 тушаалын хууль зүйн үндэслэл нь:

Нэхэмжлэгчийг Татварын ерөнхий газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Б/689 дугаар тушаалаар Том татвар төлөгчийн газрын даргын татвар төлөгчтэй харилцах хэлтсийн татварын улсын ахлах байцаагчаар шилжүүлэн томилсон бөгөөд уг тушаалын 2 дахь хэсэгт албан тушаалын сарын үндсэн цалин, нэмэгдлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу тооцож олгохыг Том татвар төлөгчийн газар /С.Т*******/-т даалгасан байна. Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.Төрийн албан хаагчид хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно гэж заасны дагуу Том татвар төлөгчийн газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 31-ний Б/65 дугаар тушаалаар татварын улсын ахлах байцаагч 3.А*******гийн сарын үндсэн цалинг ТЗ-10-5 дугаар шатлал, зэрэглэлийн дагуу 1,088,657.0 төгрөгөөр тогтоосон. Энэ нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Засгийн газрын 2019 оны 275 дугаар тогтоол болон бусад холбогдох тогтоол, дүрэм, журмыг үндэслэсэн байна. Харин Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 487 дугаар тогтоолоор Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын жагсаалт-ыг шинэчлэн баталсан бөгөөд уг тогтоол нь 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн. Энэхүү тогтоолоор Том татвар төлөгчийн газрын Татвар төлөгчтэй харилцах хэлтсийн татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалын ангилал нь Дэс түшмэлд, төрийн захиргааны албан тушаалын зэрэглэл нь ТЗ-6-д хамаарч байсан тул Том татвар төлөгчийн даргын 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/05 дугаар тушаалаар цалинг шинэчлэн тогтоосон.

Мөн захиргааны шийдвэр гаргахдаа урьдчилан мэдэгдээгүй хуульд заасан сонсох ажиллагаа явуулаагүй гэх гомдлын хүрээнд:

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 487 дугаар тогтоолоор Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын жагсаалт-ыг шинэчлэн баталсан бөгөөд уг тогтоол нь 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн. Дээрх тогтоол батлагдан гарсантай холбогдуулан Татварын ерөнхий газрын даргын шуурхай хурал, Том татвар төлөгчийн газрын шуурхай хурлаар нийт албан хаагчдад мэдэгдэхийг холбогдох нэгжийн даргад үүрэг болгож мэдэгдсэн. Иймд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн шаардлагын бол Том татвар төлөгчийн газрын А/05 дугаартай тушаалыг хүчингүй болгуулахаар шаардлага гаргасан. Шаардлагын хүрээнд өмнөх Төв аймгийн татварын хэлтсийн дарга байж байгаад гарсан нь энэ хэрэгт хамааралгүй гэж үзэж байна. Ерөнхий газрын 2021 оны 10 сарын 11-ний өдрийн Б/689 дугаар тушаалаар анх бол Том татвар төлөгчийн татвар төлөгчтэй харилцах хэлтэс рүү томилогдсон. Энэ тушаалыг үндэслээд Том татвар төлөгчийн газрын цалингийн шинэчилж тогтоосон. 2022 оны 10 сарын 31-ний өдрийн Б/65 дугаар тушаалаар ТЗ-10-5 аар тогтоож өгсөн. Үүн дээр бол Төрийн албаны тухай хуулийн хориглох заалтыг үндэслэж цалинг бууруулахгүйгээр томилсон байгаа. Өөрөөр хэлэх юм бол хэлтсийн даргаас Том татвар төлөгчтэй харилцах хэлтсийн ахлах байцаагчийн зэрэглэл шатлалын хувьд нэг түвшний зэрэглэлтэй байдаг тул бууруулахгүйгээр томилсон. Харин 2022 оны 12 сарын 28-ны өдрийн 487 дугаар тогтоол гарч ирсэн. Энэ тогтоол бол 2023 оны 01 сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн байгаа. Цалингийн суурийг бол өөрчилж өгсөн байгаа. Ингээд Засгийн газрын тогтоолыг холбогдох төрийн албаны тухай хуульд үндэслээд тухайн ТЗ-10 буюу татварын улсын ахлах байцаагчийн албан тушаал нь өөрөө тухайн журмаар бол ТЗ-6-д хамаарч байгаа. Албан тушаал зэрэглэл шатлал ТЗ- 6 буюу татварын улсын ахлах байцаагчийн албан тушаал юм. Ингээд дэс түшмэлд хамаараад дээрх тогтоол журмыг үндэслээд А/05 тушаал гарсан байгаа. Ер нь цалингийн шатлалын бууруулсан хууль зөрчсөн асуудал байхгүй. гэв.

3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь өөрийн хүсэлтээр сайн дурын үндсэн дээр ижил түвшний албан тушаалд томилуулах хүсэлтийг бол томилох эрх бүхий албан тушаалтанд гаргаад үүнийх нь үндсэн дээр Том татвар төлөгчийн газрын татвар төлөгчтэй харилцах хэлтсийн татварын улсын ахлах байцаагчаар шилжүүлэн томилох шийдвэр гаргасан. Төв аймгийн Татварын хэлтсийн даргын албан тушаал нь өөрөө Том татвар төлөгчийн газрын татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалын ангилал зэрэглэлтэй бууруулсан асуудал байхгүй байна гэж үзээд тухайн шийдвэртээ бол маргасан асуудал бол байхгүй. Нөгөөтээгүүр нэхэмжлэгч нь томилогдсон Том татвар төлөгчийн газрын татварын улсын ахлах байцаагчийн батлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлснийхээ төлөө тухайн ангилал албан тушаалын шатлалд тохирсон цалин хөлсийг авах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Тийм учраас тухайн нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг хөндөж дордуулсан шийдвэр төрийн албаны зүгээс гаргаагүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна. гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч З.А*******гаас Том татвар төлөгчийн газарт холбогдуулан Том татвар төлөгчийн газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/05 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, 2023 оны 1, 2 сарын цалингаас нөхөн суутгасан цалинг буцаан олгуулах, 2023 оны 03 дугаар сараас хойш бууруулан тооцсон цалингийн зөрүүг шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар тооцон олгуулах, цалин бууруулаагүй дүнгээр нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгэхийг Том татвар төлөгчийн газрын даргад даалгах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ, ... намайг шилжүүлэн ажиллуулахдаа цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүйгээр томилсон боловч хэсэг хугацааны дараа надад мэдэгдэхгүйгээр цалинг бууруулан тогтоосон хууль бус гэх агуулгаар тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлтэй байна. Учир нь:

2. Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлд төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх болон сэлгэн ажиллуулах харилцааг хуульчилсан байх ба хуулийн энэ зохицуулалтын дагуу шилжин ажиллаж байгаа албан хаагчийн баталгааг 44 дүгээр зүйлийн 44.3-т Энэ хуулийн 44.1, 44.2, 44.5-д заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулахдаа эрхэлж байгаа албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүй гэж зохицуулжээ.

3. Маргааны тохиолдолд Төв аймгийн татварын хэлтсийн даргаар ажиллаж байсан З.А*******г Татварын ерөнхий газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Б/689 дугаар тушаалаар Том татвар төлөгчийн газрын Татвар төлөгчтэй харилцах хэлтсийн татварын улсын ахлах байцаагчаар шилжүүлэн ажиллуулсан байх тул хуулийн дээрх зохицуулалтын түүний эрхэлж байгаа албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэв хадгалагдахаар байна.

4. Гэтэл хариуцагч Том татвар төлөгчийн газрын дарга нь 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/65 дугаар тушаалаар нэхэмжлэгчийн эрхэлж байгаа албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийн баталгааг хадгалж З.А*******гийн сарын үндсэн цалинг 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн ТЗ-10-5 дугаар шатлал, зэрэглэлийн дагуу 1,088,657 төгрөгөөр тогтоож, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 20 хувь, зэрэг дэвийн нэмэгдэл 28 хувийг тус тус тооцон олгохоор шийдвэрлэж байсан атлаа энэ нөхцөл байдал өөрчлөгдөөгүй байхад маргаан бүхий актыг гаргаж албан тушаалын ангилал зэрэглэл, цалин хөлсийг бууруулсан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан захиргааны акт зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй. Тодруулбал,

4.1. З.А*******г Татварын ерөнхий хуулийн 77 дугаар зүйлийн 77.3, 77.5, 77.7.9, Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.5-д зааснаар шилжүүлэн томилсон эрх бүхий этгээдийн шийдвэр хүчин төгөлдөр хэвээр байна /хариуцагчөөс уг тушаалыг өөрчилсөн, хүчингүй болгосон аливаа шийдвэрийг ирүүлээгүй, маргаагүй/,

4.2. Мөн Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн батлах тухай Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 487, Төрийн албаны зарим албан тушаалын цалин хэмжээ, доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай 488, Журамд өөрчлөлт оруулах тухай 491 дугаар тогтоолуудыг үндэслэн Том татвар төлөгчийн газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/01 дугаартай тушаалаар нийт албан хаагчдын цалинг шинэчлэн тогтоосон нэхэмжлэгч З.А*******г албан тушаалын ангиллыг ТЗ-4 ангилал /Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний нутгийн захиргааны байгууллагын хэлтсийн дарга/-аар тогтоож байжээ.

5. Үүнээс үзвэл, нэхэмжлэгчийг татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалд шилжүүлэн томилсон нөхцөл байдал арилаагүй, хэвээрээ байсан байханд хариуцагч Том татвар төлөгчийн газрын дарга нь 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/05 дугаартай тушаалаар эрхэлж буй албан тушаалын ангилал, зэрэглэлийг ТЗ-6/Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний нутгийн захиргааны байгууллагын хэлтсийн дарга / ангиллаар тогтоосон нь буруу байна.

6. Өөрөөр хэлбэл, төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэн ажиллуулах харилцааг дуусгавар болгох Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасан нөхцөл үүсээгүй, Татварын ерөнхий газрын даргаас З.А*******г татварын улсын ахлах байцаагчаар жинхлэн ажиллуулах аливаа шийдвэр гараагүй байхад хариуцагч Том татвар төлөгчийн газрын дарга нь эрх бүхий этгээдийн шийдвэрээр шилжин ажиллаж буй албан хаагчийн албан тушаалын ангилал, зэрэг дэвийг өөрчлөх эрхгүй юм.

7. Түүнчлэн хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно, 27 дугаар зүйлийн 27.2-т Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ:, 27.2.2-т орин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх гэж зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийн цалин хөлсийг бууруулан тогтоох үндэслэл бүрдсэн тухай сонсох ажиллагаа явуулж, тайлбар саналыг гаргуулах үүрэгтэй атал энэ үүргээ хэрэгжүүлсэн талаарх баримтыг шүүхэд мөн ирүүлсэнгүй.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас нэхэмжлэгч нь татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалд шилжин ажиллахаар өөрөө хүсэлтээ гаргасан, уг албан тушаалын чиг үүргийг хэрэгжүүлж байгаа атлаа хэлтсийн даргын албан тушаалын цалин авахаар нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэх агуулгаар тайлбарлан маргах боловч маргааны тохиолдолд З.А*******г Татварын ерөнхий даргын тушаалаар хэлтсийн даргаар ажиллаж байхад нь ахлах байцаагчаар шилжүүлэн ажиллуулсан байх тул З.А*******гийн албан тушаалын ангилал, зэрэглэл, цалинг тогтоох харилцаанд төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэн ажиллах үеийн холбогдох зохицуулалтыг хэрэглэнэ.

9. Иймд нэхэмжлэгч З.А*******гийн гаргасан Том татвар төлөгчийн газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/05 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, 2023 оны 1, 2 сарын цалингаас нөхөн суутгасан цалинг буцаан олгуулах, 2023 оны 03 дугаар сараас хойш бууруулан тооцсон цалингийн зөрүүг шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар тооцон олгуулах, цалин бууруулаагүй дүнгээр нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгэхийг Том татвар төлөгчийн газрын даргад даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх зүйтэй гэж дүгнэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 44.3, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.2, 27.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч З.А*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Том татвар төлөгчийн газрын 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/05 тушаалын З.А*******д холбогдох хэсгийг хүчингүй болгож, 2023 оны 01, 02 дугаар сарын суутгасан цалинг нөхөн олгох, цалингийн зөрүүг олгох, нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийхийг хариуцагч Том татвар төлөгчийн газарт даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ