Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2021/ДШМ/46

 

Д.Даваадорж, М.Оюунчимэг нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Хүрэлбаатар даргалж, Ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Шүүх хуралдаанд:

Прокурор Э.Гантулга

Шүүгдэгч Д. Даваадорж, М.Оюунчимэг,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Мэндбаяр, М.Ганзориг, Ц.Мөнх-Эрдэнэ, Б.Батдорж

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Бадамгарав, Ж.Уранчимэг,

Тэдний өмгөөлөгч О.Сарантуул,

Нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ нар оролцов.

 

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар даргалж, Ерөнхий шүүгч С.Цэрэнханд, шүүгч Э.Энэрэл нарын бүрэлдэхүүнтэй хийсэн  шүүх хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 40 дугаар тогтоолыг шүүгдэгч Д.Даваадоржийн өмгөөлөгч М.Мэндбаяр, шүүгдэгч М.Оюунчимэг нарын давж заалдах гомдлоор шүүгдэгч Даваадорж, М.Оюунчимэг нарт холбогдох 1915000010291 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

  

Монгол Улсын иргэн, Луугар овогт Даваасүрэнгийн Даваадорж,1985 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Булган аймгийн Б  суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, Булган аймгийн Б сумын * дүгээр багт оршин суух хаягтай, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 охины хамт амьдардаг. Урьд ял шийтгэл эдэлж байгаагүй

Монгол Улсын иргэн, Дөмөн овогтой Мөнх-Очирын Оюунчимэг, 1986 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Булган аймгийн Б  суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, Булган аймгийн Б сумын * дүгээр багт оршин суух хаягтай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, нөхөр, 2 охины хамт амьдардаг. Урьд ял шийтгэл эдэлж байгаагүй  

Шүүгдэгч Д.Даваадорж, М.Оюунчимэг нарыг бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Булган аймгийн Бугат сумын 3 дугаар багийн нутагт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамт архи ууж байсан хүмүүстэй маргалдах явцдаа иргэн Д.Баттогтохын толгойн тус газарт нь битүү чанагчны тагаар цохих, хөлөөрөө өшиглөсний улмаас Д.Баттогтохын биед гавал тархины битүү гэмтэл учирч улмаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр нас барсан буюу хүнийг алах гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Булган аймгийн Прокурорын газраас Д.Даваадорж, М.Оюунчимэг нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т зааснаар зүйчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

 Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 40 дугаар тогтоолоор:

 “1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Луугар овогт Даваасүрэнгийн Даваадорж, Дөмөн овогт Мөнх-Очирын Оюунчимэг нарт холбогдох эрүүгийн 1915000010291 дугаартай хэргийг Булган аймгийн Прокурорын газарт буцаасугай.

2. Шүүгдэгч Д.Даваадорж, М.Оюунчимэг нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Хэрэгт битүүмжилсэн болон хураагдсан эд зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гэрийн гадна бүрээсний хэсэг, шаргал өнгийн хөшигний хэсэг, саарал өнгийн фудболк, түрийтэй хос гутал, жижиг цагаан өнгийн нимгэн даавуу, шар өнгийн модон сандал, угаалтуурын төмөр тосгуур 1 ширхэг, ногоон өнгийн хуванцар угаалтуурын гоожуур 1 ширхэг, запас нь хагарсан халуун савны гэр 1 ширхэг, битүү чанагч, битүү чанагчны таг 1 ширхэг болон нууцын магадлалгаа 1 хавтас зэргийг хэргийн хамт Булган аймгийн Прокурорын газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Баасандоржид даалгасугай.

  4. Хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, шүүгдэгч, түүний өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэйг дурдсугай” гэж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мэндбаяр давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Анхан шатны шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нййцээгүй байна. Үүнд:

1. Шүүхийн тогтоолд “...Тус хэргийг Прокурорт буцааж шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 654 дугаартай тоггоолд дурдсан ажиллагаа бүрэн хийгдээгүй байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасны дагуу хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоож, мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.6-д заасан хэрэгт нотолбол зохих зүйлийг тогтоож ирүүлээгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.....” гэжээ. Энэхүү хэрэг нь нийт 5 хавтасаас бүрдэх бөгөөд 5 дахь хавтасны 152 дахь талд Улсын дээд шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 654 дугаартай тогтоол авагдсан. Өөрөөр хэлбэл Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр буюу бүтэн 1 жил орчим хугацааны өмнө болсон. Үүнээс хойш анхан шатны шүүх хуралдаан явагдах хүртэл бүтэн нэг жил орчмын хугацаанд нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явагдсан. Тодруулбал модон сандалд 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр үзлэг хийсэн, 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр битүү чанагчны таганд үзлэг хийсэн, 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Мөрдөгчийн 28 дугаартай “Мөрдөн шалгах ажиллагааг харьяаллын бус мөрдөн шалгах байгууллагаар хийлгэх тухай” даалгавраар 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаатайгаар мөрдөн шалгах Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, 2021 оны 03 дугаар сарын 28-ны өдөр гэрч Д.Төвсанаагаас дахин мэдүүлэг авсан, 2021 өны 03 дугаар сарын 29-ний өдөр насанд хүрээгүй гэрчээс дахин мэдүүлэг авсан, 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр гэрч С.Лхагвасүрэнгээс дахин мэдүүлэг авсан зэрэг ажиллагаануудыг хийж гүйцэтгэсэн байдаг. Үүнээс гадна 2018 оны 12 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө амь хохирогчийн гэрт байсан гэрч С.Лхагвасүрэн, Г.Жадамба, М.Пүрэвсүрэн, О.Пүрэвсүрэн, Д.Отгонбор, Д.Отгонзул, насанд хүрээгүй гэрч С.Лхагвасүрэн, Г.Жадамба, М.Пүрэвсүрэн, О.Пүрэвсүрэн, Д.Отгонбор, Д.Отгонзул,, Д.Төвсанаа нарыг гэм буруугийн шүүх хуралдаанд гэрчээр оролцуулж мэдүүлэг авсан. Ийнхүү дээд шүүхээс хэрэг буцсаны дараа тодорхой мөрдөн шалгах ажиллагаа явуулсан бөгөөд гэм буруугийн шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх байдлаар гэрчүүдийг дахин асууж шүүх хурлыг хийсэн боловч шүүгдэгч Д.Даваадоржийг гэм буруутайд тооцох үндэслэл бүхий нотлох баримт бүрдээгүй. Энэхүү шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 1.15 дугаар зүйлийн 2. Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасан зохицуулалтанд шууд хамаарч байна. Гэтэл анхан шатны шүүх хуулийн дээрх заалтыг анхаарч үзэлгүйгээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай боллоо. Нэгэнт мөрдөн шалгах бүхий л ажиллагааг явуулсаар байгаа боловч Д.Даваадоржийн гэм буруутай эсэхийг шийдвэрлэхэд бодитой эргэлзээ бий болсоор байтал цагаатгах шийдвэр гаргалгүйгээр дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай гэж хэргийг прокурорт буцааж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1. Гэмт хэргийг шуурхай бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоох, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зэрэг зорилтод нийцэхгүй байна.

2. Тогтоолд “...хэрэгт ач холбогдол бүхий гэрч нарын мэдүүлгийн зөрүү арилгаагүй байх тул шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд хууль сануулж, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа тэдний зөрүүтэй мэдүүлэг өгөх, мэдүүлэг өгөхөөс санаатайгаар зайлсхийж буй үйлдэлд Эрүүгийн хуулийн тухай ангийн 21.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгаж тогтоох нь хэрэгт ач холбогдол бүхий байна гэж үзэв...” гэжээ. Энэхүү хэрэг нь Д.Даваадорж, М.Оюунчимэг нарт холбогдох эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлт зэрэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан хүнийг алах гэмт хэрэг юм. Гэтэл шүүхийн тогтоолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дааар зүйлд заасан гэмт хэргийн талаар дүгнэлт хийж байгаа нь үндэслэлгүй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1. Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаараас хэтэрсэн гэж үзэхэд хүргэлээ.

 

            3. Мөн тогтоолд “...Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүх бүрэлдэхүүн болон талуудаас тухайн үед гадаа сартай байсан уу?, гадаа үзэгдэх орчин ямар байсан бэ?, Жадамба хаана байсан бэ? гэх асуултанд шүүгдэгч Б.Оюунчимэг “Сартай байсан. ...Тэгсэн Лхагвасүрэн намайг хаалгаар түлхэж гаргасан. Намайг мөлхөж гарахад Жадамба Баттогтохтой барьцалдсан, маргалдаад зогсож байсан нь тод харагдаж байсан” гэх, гэрч С.Лхагвасүрэн “гадаа харанхуй байсан” гэх, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ж.Уранчимэг “Саргүй, харанхуй байсан” гэх хохирогч, гэрч, шүүгдэгч нарын өөр хоорондоо зөрүүтэй мэдүүлгийн эх сурвалжийг шалгаж /Цаг уур, орчны шинжилгээний газраас тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн гэх он, сар, өдрийн Булган аймгийн Бугат сумын цаг, уур, орчны мэдээллийг гаргуулан авах/ нь хэрэгт ач холбогдолтой гэж үзэв...” гэсэн нь үндэслэлгүй байна. Дээр дурьсан тухайн өдөр буюу 2018 оны 12 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө сартай эсхүл саргүй байсан асуудлыг шалган тогтоох ажиллагааг Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргуулан авах шаардлагагүй гэж үзэж байна. Тодруулбал дээрх сартай байсан эсэх асуудлыг “Монгол зурхайн цаг тооны бичиг” гэх нийтэд илэрхий баримтаас харах боломжтой юм. Энэ талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.9 дүгээр зүйлийн 1. Шүүх дараах тохиолдолд нотлох баримтыг дахин шинжлэн судлахгүй, 1.1. танин мэдэхүйн хувьд нийтэд илэрхий...хэргийн нөхцөл байдал гэж заасан байна. Нөгөө талаас шүүх ямар нотлох баримтыг хэрхэн цуглуулах талаар тогтоолд заасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 1.7 дугаар зүйлийн 2. Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно. Мөн зүйлийн 3 дах хэсэгт Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэж тус тус заасантай нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл гэм буруугийн шүүх хуралдаанаар талуудын мэтгэлцээн, шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзээ бий болсоор байтал яллах талыг хэт баримталж хэргийг прокурорт буцаахдаа мөрдөгч прокурорын хуулиар хүлээсэн чиг үүрэгт хэт оролцож байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна. Анхан шатны шүүхийн тогтоол нь хууль ёсны байх шаардлагыг дээрх үндэслэлээр хангахгүй байх тул тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч М.Оюунчимэг давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 40 дугаартай тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Би энэ хэрэгт 2018 оноос хойш одоог хүртэл гэр бүлээрээ гүтгэгдэж, алуурчин нэр зүүгээд өдийг хүрлээ. Одоо миний хүүхэд хүртэл сургуульдаа явж чадахгүй алуурчны охин гэж хүүхдүүдэд дооглууах болсон. Бугат суманд Төвсанаа, Уранчимэг нар нь нөхөр бид хоёрыг алуурчин гэж тарааж явж байна. Сум орон нутагтаа өдийг хүртэл алуурчин нэр зүүж, үр хүүхэд минь хүртэл алуурчин аав, ээжтэй гэж гүтгүүлж байна.

Мөн цагдаа нар нь хүртэл доромжилж, айлган сүрдүүлж, сэтгэл санаа болон эд мөнгөний хохиролтой өдийг хүрч байна. Энэ хэргийн үнэн зөвийг олохгүй удаашируулж байгаад гомдолтой байна. Мөн шүүхээр эцэслэн шийдвэрлэхгүй удаашруулж прокурорт  буцааж байгаад гомдолтой байна. Анхан шатны шүүхийн тогтоолыг бүхэлд нь хянаж, үзэж бидний гэм буруугүй болохыг тогтоож өгөхийг хүсье гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Ганзориг давж заалдах гомдолд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 ...2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гэм буруугийн асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанаас 40 дугаартай тогтоолоор Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн ба энэ тогтоол нь дараах байдлаар үндэслэлгүй байна. ...Гэтэл шүүхийн тогтоолд “...тухайн хэрэгт ач холбогдол бүхий гэрч нарын мэдүүлгийн зөрүү арилаагүй байх тул шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд хууль сануулж, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа тэдний зөрүүтэй мэдүүлэг өгөх, мэдүүлэг өгөхөөс санаатайгаар зайлсхийж буй үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгаж тогтоох нь хэрэгт ач холбогдол бүхий байна гэж үзэв...” гэсэн нь нэгдүгээрт, шүүхийн мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг даалгавар бичих, хоёрдугаарт, энэ хэргийн шүүгдэгч нарыг буруутгасан мэдүүлгийг гэрч нараас гаргуулахаар ажиллаагааг шүүх прокурорт буцааж хийлгүүлэх, гуравдугаарт, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шүүх шийдвэрлэхээс татгалзаж улмаар өөр гэмт хэрэг илрүүлж, түүнийг шалгах замаар шүүгдэгч нарыг буруутгаж байгаад худал мэдүүлэг гаргуулах замаар гүтгэх ажиллагааг гүйцэтгүүлэхээр даалгавар өгч байна. Монгол улсын Үндсэн хуулийн дөчинес дүгээр зүйлийн 1-т зааснаар “шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдана” гэх үндсэн зарчмын хүрээнд шүүх хөндлөнгийн, хараат бус байдлаар хэрэг маргааныг хянан шийдвэрлэхийн оронд “мөрдөн шалгах ажиллагааг удирдан явуулах” ёстой мэтээр өөртөө эрх олгож, улмаар шүүгдэгч нарыг буруутгах үндэслэлийг олж тогтоохдоо гэрчүүдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгах замаар Д.Даваадорж, М.Оюунчимэг нарыг яллагдагчаар татсан хэрэгт дээрх дүгнэлтийг хийж байгаа нь тэдний шударга шүүхээр шүүлгэх эрхэнд шууд халдсан маш бүдүүлэг үйлдэл болж байна. ...Хэрэв шүүх мөрдөн шалгах ажиллагааг удирдах явуулах бүрэн эрхтэй гэж прокурор бус шүүхээс мөрдөгчид даалгавар бичих замаар хэргийг шийдвэрлэх ёстой болж байна. Энэ тохиолдолд шүүх хөндлөнгийн байх, хэрэг маргааныг хэнээс ч хараат бусаар шийдвэрлэх Үндсэн хуулийн болон салбар хуулийн зарчим алдагдахаар болж байна. Энэ тохиолдолд шударга шүүхээр шүүлгэх эрхийг ноцтой зөрчихөөр байна. Иймд мэдүүлгийн зөрүүг гэрчүүдэд эрүүгийн хэрэг үүсгэх, мөрдөн шалгах ажиллагааг Д.Даваадорж, М.Оюунчимэг нарт холбогдох хэрэг дээр явуулах замаар арилгах нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ямар хуульд заасан ажиллагаа болохыг ойлгохгүй байна гэв.

Прокурор Э.Гантулга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Гэм буруугийн талаар дүгнэлт гаргаагүй учир гэм буруугийн талаар ярих шаардлагагүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүх Д.Даваадорж, М.Оюунчимэг нарт холбогдох хэргийг шийдвэрлэхдээ шүүхийн тогтоолд дурдсан “...мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдээгүй нөхөн гүйцэтгэх боломжгүй...” гэсэн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байна.

Анхан шатны шүүх Д.Даваадорж, М.Оюунчимэг нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд хэргийг прокурорт буцааж шийдвэрлэснийг эс зөвшөөрч шүүгдэгч М.Оюунчимэг, шүүгдэгч Д.Даваадоржийн өмгөөдөгч М.Мэндбаяр нар давж заалдах гомдол гаргажээ.

 

Булган аймгийн Прокурорын газраас Д.Даваадорж, М.Оюунчимэг нарыг  бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Булган аймгийн Бугат сумын 3 дугаар багийн нутагт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамт архи ууж байсан хүмүүстэй маргалдах явцдаа иргэн Д.Баттогтохын толгойн тус газарт нь битүү чанагчны тагаар цохих, хөлөөрөө өшиглөсний улмаас Д.Баттогтохын биед гавал тархины битүү гэмтэл учирч улмаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр нас барсан буюу хүнийг алах гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

 

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдолтой, гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудыг үндэслэн Д.Даваадорж, М.Оюунчимэг нарын гэм буруутай эсэх асуудлыг хянан шийдвэрлэх боломжтой байхад хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.

 

Түүнээс гадна прокурор, хэргийн бусад оролцогчид хүсэлт гаргасан тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд шинжээч болон бусад оролцогч нарыг оролцуулан яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох зарчимд нийцэх юм.

 

Иймд шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, энэ талаарх шүүгдэгч М.Оюунчимэг, шүүгдэгч Д.Даваадоржийн өмгөөлөгч М.Мэндбаяр нарын давж заалдах гомдлыг хүлээн авах нь  зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1.Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 40 дугаар тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Шүүгдэгч М.Оюунчимэг, шүүгдэгч Д.Даваадоржийн өмгөөлөгч М.Мэндбаяр нарын давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

 

3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол Д.Даваадорж, М.Оюунчимэг нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

          

                

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.ХҮРЭЛБААТАР

 

                                          ШҮҮГЧ                                    С.ЦЭЦЭГМАА

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ё.БЯМБАЦЭРЭН