Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 101/ШШ2023/04946

 

 

 

 

 

 

 

 

2023 11 13 101/ШШ2023/04946

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч:  тоот хаягт оршин суух, ******* ******* /РД: *******/ нэхэмжлэлтэй

Хариуцагч:  ХХК-ийн өмчлөлийн байр, ******* ******* ХХК-д /РД: *******/ холбогдох

******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 02 сарын 10-ны өдрийн ******* дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, 2023 оны 01 сараас урьд эрхэлж байсан ажил албан тушаалд томилох хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.*******,

Хариуцагчийн өмгөөлөгч А.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Чулуунцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.******* миний бие 2021 оны 09 сарын 20-ны өдрөөс ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар тус компанийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтаны албан тушаалд томилогдон хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан. 2022 оны 07 сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан ба гэрээний 1 хувийг хүний нөөцийн ажилтан нь баталгаажуулж тамга тэмдэг даруулж өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй.

Би 2023 оны 01 сарын 09-ний өдөр ажлын байран дээрээ гэнэт бие муудаж, ухаан алдаж унасан тул түргэн тусламж дуудаж яаралтай эмнэлэгт хүргэгдэж шууд Нийслэлийн өргөө амаржиж эмнэлэгт хэвтсэн.

Улмаар шинжилгээ, оношилгоонд хамрагдаж байгаад 2023 оны 01 сарын 19-ний өдөр нээлттэй хагалгаанд орж 2023 оны 01 сарын 24-ний өдөр эмнэлгээс гарч эмчлэгч эмчийн заалтын дагуу харьяа дүүргийн эмнэлэгт хяналтанд шилжиж 2023 оны 02 сарын 06-ны өдрийг дуустал боолт хийлгэж эмчлүүлсэн.

Мөн хагалгааны эмчийн заалтаар 45 хоногийн хугацаанд гэрээр эмчилгээ хийлгэх, гам барих зөвлөмжийн дагуу 2023 оны 02 сарын 02-ны өдөр ээлжийн амралт авах тухай өргөдлийг хүний нөөцийн ажилтан болон гүйцэтгэх захирлын мэйл хаягаар явуулсан.

Гэтэл 2023 оны 02 сарын 15-ны өдөр миний мэйл хаягаар ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 02 сарын 10-ны өдрийн ******* дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг ирүүлсэн.

Миний бие дээрх тушаалыг мэйл хаягаар хүлээн авч танилцаад хууль бус тушаалыг эс зөвшөөрч 2023 оны 02 сарын 15-ны өдөр гүйцэтгэх захирлын нэр дээр өргөдөл хүргүүлсэн боловч 2023 оны 03 сарын 01-ний өдөр өргөдлийг хүлээн авах боломжгүй тухай хариуг ирүүлсэн.

Намайг эмнэлэгт хэвтэж байх хугацаанд ******* ******* ХХК-ийн хүний нөөцийн ажилтан нь хэзээ ажилдаа орох вэ, тодорхой хугацаа хэл гэх мэтээр ажлын байрны дарамтыг байнга үзүүлж байсанд гомдолтой.

******* ******* ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн заалтуудыг ноцтой зөрчиж, Д.******* миний эрх зүйн байдлыг дордуулж, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж, хууль бус тушаал гаргасанд маш ихээр гомдолтой байна.

"******* ******* ХХК-нь Хөдөлмөрийн гэрээний нэг хувийг ажилтан надад гардуулж өгөөгүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.1-д заасан ажил олгогчтой сайн дурын үндсэн дээр хөдөлмөрийн гэрээ байгуулах, өөрчлөх, цуцлах, 42.1.4-д заасан ээлжийн амралт эдлэх, зохих журмын дагуу хувийн чөлөө авах, 43 дугаар зүйлийн 43.2.4-д заасан ажилтны эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол, нэр төр, алдар хүндэд хүндэтгэлтэй хандах, 43.2.10-д заасан хөдөлмөрийн гэрээг цуцлах, эсхүл дуусгавар болгож байгаа үндэслэлээ тайлбарлаж танилцуулах, 48 дугаар зүйлийн 48.1-д заасан ажил олгогч хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдэж талууд гарын үсэг зурах бөгөөд гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй, 48.2-д заасан хүндэтгэн үзэх шалтгаанаар хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдээгүй бол ажилтныг ажил үүргээ гүйцэтгэж эхэлсэнээс хойш ажил олгогч ажлын 10 өдрийн дотор хөдөлмөрийн гэрээг нөхөн байгуулах үүрэгтэй, 48.3-д заасан хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдээгүйгээс үл хамааран ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнд тооцно, 48.4-д заасан энэ хуулийн 48.2-д заасныг зөрчсөн этгээдэд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ, 60 дугаар зүйлийн 60.1.1, 60.1.2 дахь заалт, 93 дугаар зүйлийн 93.1.5, 99 дүгээр зүйлийн 99.8-д заасан заалтуудыг ноцтой зөрчсөн.

Мөн "******* *******" ХХК ажлаас чөлөөлөх тушаал гаргахдаа хуульд заасан сонсох ажиллагааг явуулаагүй, надаас санал асуугаагүй, ээлжийн амралт авах тухай өргөдөлд хуулийн хугацаанд хариу өгөөгүй, хууль бусаар ажлаас чөлөөлсөн.

Иймд "******* *******" ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 02 сарын 10-ны едрийн ******* дугаартай "Ажлаас чөлөөлөх тухай" тушаалыг хүчингүй олгуулж, урьд эрхэлж байсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтаны албан тушаалд эгүүлэн томилуулж 2023 оны 01 сараас урьд эрхэлж байсан ажил албан тушаалд томилох хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Цалингийн тухайд гэвэл 2023 оны 02 сарын 06-ны өдрөөс 2023 оны 11 сарын 13-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 14,000,000 төгрөгийг нэхэмжилж байгаа ба мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал М. шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч Д.******* манай компанид холбогдуулан гаргасан гүйцэтгэх захирлын 2023 оны 02 сарын 10-ны өдрийн ******* дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах нэхэмжлэлийг гардан авч нэхэмжлэлийн шаардлагыг дор дурдсан үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч тайлбар гаргаж байна.

1.    Хөдөлмөрийн гэрээний тухай.

Нэхэмжлэгч Д.******* нь ******* ******* ХХК-д 2021 оны 09 сарын 20-ны өдрөөс хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан албан тушаалд томилогдон хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж эхэлсэн бөгөөд тухайн гэрээ 2022 оны 06 сарын 30-ны өдөр дуусгавар болж ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 05 сарын 01-ний өдрийн А/22-073 дугаартай цалинд өөрчлөлт оруулах тухай тушаалын дагуу тус байгууллагын хөдөлмөрийн гэрээг шинэчлэн ажиллах болсон.

Улмаар Д.******* ажиллаж байсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтаны албан тушаалын үндсэн цалинг нэмэгдүүлсэн учир хөдөлмөрийн гэрээний гол нөхцөл өөрчлөгдсөн гэж үзэж хөдөлмөрийн гэрээг 2022 оны 07 сарын 01-ний өдөр шинэчлэн байгуулсан билээ.

Нэхэмжлэгч Д.*******той байгуулсан хөдөлмөрийн гэрээг талууд сайн дурын үндсэн дээр шинэчлэн бичгээр байгуулсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд бичсэн шиг ажил олгогчийн хувьд ажилтанд ямар нэгэн ажлын байрны дарамт, шахалт, нөлөөллийг үзүүлээгүй.

Түүний хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэхэд, ажил үүргээ гүйцэтгэхэд саад болоогүй, ажиллах бүхий л боломжоор хангаж ирсэн болно. Өөрөөр хэлбэл ажилтаны хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол, алдар хүндэд аливаа нэгэн байдлаар халдаж, үл хүндэтгэсэн үйлдэл гаргаж байгаагүй болно.

Харин ажил олгогчоос Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.7-д Ажил олгогчийн удирдах чиг үүргээ хэрэгжүүлэх эрхэд хүндэтгэлтэй хандах, ажил олгогчийн төлөөлөгчийн хууль ёсны үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлэх, мөн хуулийн 42.2.9-д Ажил олгогчийн шаардсанаар ажил үүрэгтэй холбоотой мэдээллийг ажил олгогчид үнэн зөвөөр өгөх, хийсэн ажлаа тайлагнах зэрэг ажилтаны хүлээх үүрэг, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтонд тус тус заасан бусад үүргээ биелүүлэхийг ажилтнаас хууль, гэрээнд тохиролцсоны дагуу шаардаж ирсэн.

Мөн түүнчлэн Д.*******той байгуулсан хөдөлмөрийн гэрээг компанийн гүйцэтгэх захирлаар батлуулан 1 хувийг байгууллагад зохих журмын дагуу хадгалсан.

Ажилтанд олгох гэрээний 1 хувийг ажилтаны өөрийн хүсэлтийг нь үндэслэн түүний хувийн хэрэгт давхар хадгалагдаж байгаа. Д.******* нь хүссэн үедээ хөдөлмөрийн гэрээний 1 хувийг авах бүрэн боломжтой, нээлттэй байсан.

Мөн түүнчлэн нэхэмжлэлд дурдсан Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, 48.3, 48.4 дэх хэсгийн заалтууд нь нэхэмжлэлийн үндэслэл шаардлагад ач холбогдолгүй, хамааралгүй байх ба хоорондоо байгуулсан хөдөлмөрийн гэрээний хэлбэрийн талаар зохигч талууд маргаагүй гэж үзэж байна.

2.    Ажилтанд ээлжийн амралт олгосон эсэх тухай.

Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 сарын 06-ны өдрийн А/191 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан Ээлжийн амралт олгох, ээлжийн амралтын цалин тооцох журам-ын 1.2 дахь хэсэгт Ажил олгогч нь тухайн ажлын жилийн ээлжийн амралтын хуваарийг ажилтаны саналыг үндэслэн ажил, үйлчилгээ, үйлдвэрлэлийн хэвийн ажиллагааг алдагдуулахгүй байдлаар зохион байгуулж, жил бүрийн нэг дүгээр улиралд батална гэж заасныг үндэслэн ажилтан өөрийн хүссэн үед, хүссэн хугацаагаар ээлжийн амралтыг эдлэх эрхийг олгоогүй юм.

Тодруулбал ээлжийн амралт олгох, ээлжийн амралтын цалин тооцох журмын1.2-т зааснаар ажилтан ээлжийн амралтаа хэзээ эдлэх талаар санал өгөх эрхтэй бөгөөд ажил олгогч нь байгууллагын ажил үйлчилгээ, үйлдвэрлэлийн хэвийн ажиллагааг алдагдуулахгүй байдлаар ээлжийн амралтын хуваарийг баталж мөрдүүлэх үндэслэлтэй.

Мөн түүнчлэн ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7.2-т ээлжийн амралтыг хоёр талын тохирсон хугацаанд биеэр эдлэх гэж заасан байх бөгөөд ажил олгогч ажилтантай ээлжийн амралт олгох талаар огт тохиролцоогүй байдаг.

Гэтэл нэхэмжлэгч Д.******* нь 2023 оны 02 сарын 06-ны өдрийг дуустал эмчийн магадлагаатай байсан бөгөөд 2023 оны 02 сарын 02-ны өдөр ээлжийн амралтаа биеэр эдлэх хүсэлтээ ******* ******* ХХК-ийн хүүний нөөцийн ажилтан болон гүйцэтгэх захирлын мэйл хаягаар ирүүлсэн байдаг.

Тухайн үед ******* ******* ХХК-ийн 2023 оны ээлжийн амралтын хуваарь бүрэн хэлэлцэгдэж батлагдаагүй байсан бөгөөд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан нь удаан хугацаанд өвчтэй байсаны улмаас байгууллагад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтаны эрсдэлт нөхцөл байдал үүсээд байсан тул тус ажилтан Д.*******д үргэлжлүүлэн ээлжийн амралт олгох боломжгүй талаар өөрт нь бичгээр мэдэгдсэн.

Д.******* нь түүнд ээлжийн амралт олгосон гүйцэтгэх захирлын тушаал гараагүй байхад өөрийгөө ээлжийн амралттайд тооцож, ажил үүргээ цалгардуулсан нь Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй үйлдэл юм.

3. Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан тухай.

Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2-т Донорын үүрэг гүйцэтгэх, эсүл энэ хуулийн 80.1.4, 80.1.5, 80.1.6-д зааснаас бусад тохиолдолд эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлгийн магадлагаатай гэх үндэслэлээр ажил олгогч нь ажилтны ажлын байрыг хэвээр хадгалах үүрэг хүлээдэг учир Д.*******ыг өвчтэй байх хугацаанд буюу эмнэлгийн магадлагаатай байх хугацаанд ажил олгогчийн үгээс түүний ажлын байрыг хэвээр хадгалж байсан.

Д.******* эмчийн магадлагаа нь 2023 оны 02 сарын 06-ны өдөр дуусгавар болсон, ээлжийн амралт эдлүүлэх боломжгүй тухай манай байгууллагаас мэдэгдсэн байтал ажилдаа ирээгүй тул түүний ажлын байрыг хэвээр хадгалах хууль зүйн үндэслэл байхгүй.

Д.******* нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа сар бүрийн ажлын тайланг гаргаж өгдөггүй, компанийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудалтай холбоотой осол бий болсон, осол бий болох нөхцөл байдал бүрдсэн тохиолдолд бүртгэл зэргийг хөтөлдөггүй.

2021 оны 09 сард ажилд орсон цагаасаа хойш нэг ч удаа хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үйл ажиллагаатай холбоотой сургалт зохион байгуулж байгаагүй, компанийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудалтай холбоотой баримт бичгийн бүрдлийг хангаж, эрх бүхий байгууллагад хүргүүлээгүй зэрэг шалтгаанаар ажилдаа мэргэжлийн хувьд алдаа гаргаж, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдоод байсан юм.

Мөн түүнчлэн Д.******* нь албан ёсоор ээлжийн амралт олгох тухай тушаал гараагүй байхад ажилдаа ирээгүй, энэ талаар тайлбар өгөөгүй зэрэг хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, мэргэжил, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь дээр дурдсанчлан тогтоогдсон тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар дуусгавар болгож, Д.*******ыг ажлаас чөлөөлөх тухай шийдвэрийг гаргасан болно.

Ийнхүү гүйцэтгэх захирлын 2023 оны ******* дугаартай тушаал гарч хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан албан тушаалтай Д.*******ыг 2023 оны 03 сарын 15-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, энэ хугацаанд хариуцсан ажил үүргээ зохих журмын дагуу хүлээлцэхийг мэдэгдэж, Д.*******д хуулийн дагуу ажлаас халагдсаны нэг сарын тэтгэмж болон ажилласан хугацаанд ноогдох ээлжийн амралтын тооцоог 2023 оны 03 сарын 15-ны өдрөөр тасалбар болгон тооцон олгосон.

Гүйцэтгэх захирлын тушаалын хуулбарыг 2023 оны 02 сарын 14-ний өдөр тус байгууллагын хүний нөөцийн ажилтаны мэйл хаягаас Д.******* цахим шуудан болох мэйл хаягт илгээж, мэдэгдсэн.

2023 оны 03 сарын 01-ний өдөр тушаалын тайлбарыг мэйлээр хүргүүлсэн.

Гэтэл нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.2 дах хэсэг, хөдөлмөрийн гэрээний 10.7-д тус тус заасан ажил хүлээлцэх үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлэлгүй, бидний ажилд маш их хүндрэл учруулаад байна.

Манай компани нийтийн захиргааны байгууллага биш тул аливаа шийдвэр гаргахын өмнө сонсох ажиллагаа явуулах үүрэг хүлээхгүй бөгөөд дээр дурдсан үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-т ажил олгогч ажилтаниай байгуулсан хөдөлмөрийн гэрээг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөх, цуцлах, дуусгавар болгох эрхтэй гэж заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлах эрхтэй болно.

3. Баянзүрх дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны шийдвэр.

Нэхэмжлэгч нь 2023 оны 03 сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд ******* дугаартай гүйцэтгэх захирлын тушаалыг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан хэдий ч тус хорооны 2023 оны 04 сарын 05-ны өдрийн хурлаар дээрх тушаалыг хууль зүйн үндэслэлтэй байна гэж шийдвэрлэсэн байдаг.

Иймд нэхэмжлэгч Д.******* тус шүүхэд гаргасан нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нотлох баримтууд:

Нэхэмжлэгч Д.******* нэхэмжлэл, иргэний үнэмлэхний лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 02 сарын 10-ны өдрийн ******* тоот ажлаас чөлөөлөх тушаал,

Д.******* ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захиралд 2023 оны 02 сарын 15-ны өдөр гаргасан хүсэлт, Д.******* ******* ******* ХХК-ийн захиргаа, хүний нөөцийн менежерт 2023 оны 02 сарын 02-ны өдөр гаргасан ээлжийн амралтаа эдлэх тухай хүсэлт,

Баянзүрх дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023 оны 04 сарын 05-ны өдрийн хуралдааны тэмдэглэл, Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2022 оны 08 сарын 17-ны өдрийн 12 дугаартай Хороо байгуулах тухай тогтоол,

Худалдаа хөгжлийн банкны 2023 оны 07 сарын 17-ны өдрийн 7-809/295 тоот, 2023 оны 07 сарын 26-ны өдрийн тоот тодорхойлолтууд, амбулаториор үйлчлүүлэгчийн картын хуулбар зэрэг баримтуудыг ирүүлжээ.

 

Хариуцагч ******* ******* ХХК нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэлүүд, хариу тайлбар,

Д.*******той 2021 оны 09 сарын 20, 2022 оны 07 сарын 01-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ,

******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 01 сарын 14-ний өдрийн Б/22-001 тоот хөдөлмөрийн дотоод журам шинэчлэн батлах тухай тушаал, хөдөлмөрийн дотоод журам болон хавсралтууд,

******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 11 сарын 01-ний өдрийн А/21-151 дугаартай Д.*******ыг 2021 оны 11 сарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан албан тушаалд томилсон тушаал,

Гүйцэтгэх захирлын 2022 оны 05 сарын 21-ний өдрийн А/22-073 дугаартай Д.******* цалинг 200,000 төгрөгөөр нэмэгдүүлэн 2022 оны 05 сарын 01-ний үндсэн цалинг 1,400,000 төгрөгөөр тогтоон цалинд өөрчлөлт оруулсан тушаал,

Мөн захирлын 2023 оны 02 сарын 10-ны өдрийн ******* дугаартай Д.*******ыг ажлаас чөлөөлөх тухай тушаал,

Өмгөөллийн туслалцаа үзүүлэх гэрээ, Д.******* эмнэлгийн магадлагаа, Д.******* 2023 оны 1 -3 сарын сүүл цалингийн мэдээлэл, Худалдаа хөгжлийн банкны 2023 оны 06 сарын 21-ний өдрийн тодорхойлолт,

******* ******* ХХК-ийн 2023 оны 02 сарын 09-ний өдрийн хурлын тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг ирүүлсэн байна.

Шүүхийн журмаар:

2023 оны 06 сарын 21-ний өдрийн 15803-р захирамжаар зохигчийн хүсэлтээр нэхэмжлэгч Д.******* хаягаас Д.******* хаяг руу 2023.01.30, 2023.02.19, 2023.03.30-ны өдрүүдэд илгээсэн мэдээлэлд,

Хариуцагч ******* ******* ХХК нь 2023.01.16-ны өдөр ******* ******* ХХК-иас хаягаас Д.******* хаягт илгээсэн захидалд,

2023.01.17-ны өдөр Д.******* хаягаас ******* ******* ХХК хаягт илгээсэн захидалд,

2023.02.14-ний өдөр ******* ******* ХХК-иас хаягаас Д.******* хаягт илгээсэн захидалд,

2023.03.01-ний өдөр ******* ******* ХХК-иас хаягаас Д.******* хаягт илгээсэн захидалд,

2023 оны 07 сарын 17-ны өдрийн 17587 дугаар захирамжаар нэхэмжлэгч Д.******* хаягаас Д.******* хаяг руу 2023.01.30, 2023.02.19, 2023.03.30-ны өдрүүдэд илгээсэн мэдээлэлд тус тус үзлэг хийхээр шийдвэрлэн 2023 оны 07 сарын 17-ний өдөр, 2023 оны 07 сарын 21-ний өдрүүдэд үзлэгийг хийсэн,

2023    оны 07 сарын 27-ны өдрийн 18093, 2023 оны 10 сарын 02-ны өдрийн 22486, 2023 оны 10 сарын 25-ны өдрийн 24558 дугаар захирамжаар дүүргийн 13-р хорооны ӨЭМТ-өөс Д.******* 2023 оны 02 сарын 06-ны өдөр үзлэгт хамрагдсан эсэх, эмнэлгийн магадлагаагаар Д.*******ыг хэдий хугацаанд ажлаас чөлөөлсөн болох, их эмч Р. магадлагаа олгосон тэмдэглэл байгаа эсэх, магадлагаа олгосонтой холбоотой баримтуудыг гаргуулахаар шийдвэрлэжээ.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 02 сарын 10-ны өдрийн ******* дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах,

урьд эрхэлж байсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтаны албан тушаалд эгүүлэн тогтоолгох,

2023 оны 01 сараас урьд эрхэлж байсан ажил албан тушаалд томилох хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Тэрээр шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэх явцад 2023 оны 02 сарын 06-ны өдрөөс урьд эрхэлж байсан ажил албан тушаалд томилогдох хүртэлх ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилнэ хэмээн тайлбарлалаа.

 

Нэхэмжлэгч Д.******* 2021 оны 09 сарын 20-ны өдрөөс ******* ******* ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтанаар ажилласан талаар болон мөн өдөр нь түүнтэй 10 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан талаар хэн аль нь тайлбарлаж байна.

/ХХ-ийн 71-74 дүгээр тал/

 

******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 11 сарын 01-ний өдрийн А/21-151 тоот Үндсэн ажилтанаар томилох тухай тушаалаар Д.*******ыг туршилтын хугацаанд ажиллахдаа ажил үүргээ хангалттай биелүүлсэн гэж 2021 оны 11 сарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан албан тушаалд үндсэн ажилтанаар томилон ажиллуулсан нь ажилд томилсон тушаал, хөдөлмөрийн гэрээ болон талуудын тайлбараар тогтоогдсон ба зохигчид энэ талаар маргаагүй.

/ХХ-ийн 68, 71-74 дүгээр тал/

 

******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 02 сарын 10-ны өдрийн ******* тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.2, 83 дугаар зүйл, хөдөлмөрийн дотоод журмын 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь заалтуудыг үндэслэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан Д.*******той байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2023 оны 03 сарын 15-ны өдрөөр дуусгавар болгон уг албан тушаалаас нь чөлөөлсөн байна.

/ХХ-ийн 70 дугаар тал/

 

Ийнхүү түүнийг ажлаас чөлөөлсөн тухайгаа ажил олгогч ******* ******* ХХК нь 2023 оны 02 сарын 14-ний өдөр ******* ******* ХХК-ийн хаягаас Д.******* хаягт тушаалыг илгээсэн талаар талууд хэн аль нь тайлбарлаж байх бөгөөд энэ нь уг хаягт үзлэг хийсэн 2023 оны 07 сарын 17-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон ба талууд энэ талаар маргаагүй.

Ажилтан Л.******* түүнийг ажлаас чөлөөлсөн тушаалтай танилцмагц 2023 оны 02 сарын 15-ны өдөр ажил олгогч ******* ******* ХХК-д зөвшөөрөхгүй байгаа тухайгаа илэрхийлсэний дагуу 2023 оны 03 сарын 01-ний өдөр ******* ******* ХХК-иас хаягаас Д.******* хаягт ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлсөн тухайгаа мэдэгдэн уг шийдвэртэй холбоотой шүүхэд хандах бол хуулийн зөвлөхтэй холбогд гэсэн хариуг хүргүүлсэн нь талуудын тайлбар, уг хаягт илгээсэн захидалд 2023 оны 07 сарын 17-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдож байх бөгөөд талууд энэ талаар мөн маргаагүй.

/ХХ-ийн 8, 127-133 дугаар тал/

Д.******* нь ******* ******* ХХК-ийн 2023 оны 03 сарын 01-ний өдөр түүнд ирүүлсэн хариуг хүлээн авсны дараагаар 2023 оны 03 сарын 07-ны өдөр ******* ******* ХХК-д холбогдуулан ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 02 сарын 10-ны өдрийн ******* дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажил албан тушаал-д эгүүлэн томилуулах, 2023 оны 01 сараас урьд эрхэлж байсан ажил албан тушаалд томилох хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.

Түүний нэхэмжлэлийг тус шүүхийн 2023 оны 03 сарын 14-ний өдрийн 6795 дугаар захирамжаар Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т заасны дагуу хөдөлмөрийн эрхийн маргаанаа урьдчилан шийдвэрлүүлэхээр заасан байхад нэхэмжлэлд дурдсан асуудлаар хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, Баянзүрх дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан эсэх нь тодорхойгүй, энэ талаарх баримт ирүүлээгүй гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т зааснаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журам зөрчсөн гэж хүлээн авахаас татгалзсан нь шүүхийн бүртгэлийн Иргэн 2014 нэгдсэн программд бүртгэгдсэн байгааг дурдлаа.

Ийнхүү Д.******* нэхэмжлэлийг шүүх хүлээн авахаас татгалзан шийдвэрлэсний дараагаар тэрээр Баянзүрх дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хөдөлмөрлөх эрхтэйгээ холбоотой гомдол гаргахад тус хороо хүлээн авч танилцан 2023 оны 04 сарын 05-ны өдөр хөдөлмөрийн гэрээ цуцалсан ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлтэй хэмээн шийдвэрлэжээ.

/ХХ-ийн 16-18 дугаар тал/

Нэхэмжлэгч Д.******* уг хорооны шийдвэрийг хүлээн авч тус шүүхэд 2023 оны 04 сарын 07-ны өдөр нэхэмжлэл гаргахад 2023 оны 04 сарын 14-ний өдрийн 9600 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн ба нэхэмжлэгч тал Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-т заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 79 дугаар зүйлд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болох үндэслэлийн талаар заасан ба 78.1.9-д 78.1.9.хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогчийн аль нэг нь гаргасан,

80 дугаар зүйлд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах талаар заасан ба 80.1.2ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон. Энэ тухай ажилтанд өмнө нь анхааруулж, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон байвал зохино,

83 дугаар зүйлд ажил хүлээлцэх, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болгосон тухай шйдвэр гаргах,

******* ******* ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 13 дугаар зүйлд хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох, ажилтныг ажлаас чөлөөлөх тухай байх ба 13.1.2-т Ажилтан мэргэжил, чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэж тус тус заажээ.

/ХХ-ийн 74-106 дугаар тал/

 

Хариуцагч ******* ******* ХХК нь нэхэмжлэгч Д.*******ыг мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон,

2023 оны 02 сарын 06-ны өдөр хүртэл эмнэлгийн магадлагаатай байсан ба ажил олгогч ээлжийн амралт олгох талаар ажилтантай тохиролцоогүй, ээлжийн амралт олгосон гүйцэтгэх захирлын тушаал гараагүй байха ажил үүргээ цалгардуулсан үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн хэмээн тайлбарлалаа.

 

Ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэдгийг салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комиссын албан ёсны шийдвэр, дүгнэлт гарсан байхыг ойлгоно.

Дээрх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ цуцлах тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар энэ тухайгаа ажилтанд 1 сарын өмнө, Хөдөлмөрийн тухай хуулийн /2021 оны/ 80 дугаар зүйлийн 80.4-т зааснаар ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэнэ гэж тус тус заасан байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар ажилтан Д.*******той байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах гэж буй талаар ажил олгогч нь ажилтанд мэдэгдээгүй бөгөөд ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал М., ерөнхий нягтлан бодогч Б., терминал хариуцсан менежер Ц. нарын оролцсон 2023 оны 02 сарын 09-ний өдрийн хурлын шийдвэрээр Д.*******ыг ажлаас чөлөөлөхөөр шийдвэрлэснийг ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комиссын албан ёсны шийдвэр, дүгнэлт гарсан гэж үзэхгүй.

 

Мөн ажилтан Д.*******д уг компанийн гүйцэтгэх захирлын 2023 оны 01 сарын 03-ны өдрийн А/23-01 тоот тушаалаар ажил үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэж сануулах арга хэмжээ авсан гэх боловч тухайн тушаалыг ажилтанд танилцуулсан эсэх, мэдэгдэн гардуулсан эсэх нь тодорхойгүй тул уг тушаалын талаар дүгнэлт өгөх шаардлагагүй.

/ХХ-ийн 39, 125-126 дугаар тал/

Д.******* 2023 оны 01 сарын 09-ний өдөр Нийслэлийн Өргөө амаржих газарт өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэн 2023 оны 01 сарын 24-ний өдөр эмнэлгээс гарч харьяа дүүргийн өрхийн эмнэлэг болох ӨЭМТ-ийн эмчийн зааврын дагуу эмчилгээ, боолт хийлгэн 2023 оны 02 сарын 06-ны өдөр хүртэл эмнэлгийн магадлагаатай басан бөгөөд магадлагааны хугацааг 2023 оны 02 сарын 13-ны өдөр хүртэл хугацаагаар сунгасан нь эмнэлгийн магадлагаа, тус өрхийн эмнэлгээс ирүүлсэн лавлагаанууд, баримтаар тогтоогдож байна.

/ХХ-ийн 107-108, 151-153, 167-168, 179-182 дугаар тал/

Ажилтан Д.******* нь эмнэлгийн магадлагаатай байх хугацаандаа буюу 2023 оны 02 сарын 02-ны өдөр ээлжийн амралтаа эдлэх талаар хүсэлт гаргасантай холбоотой ажил олгогч ******* ******* ХХК-д хүсэлтээ хүргүүлсэн талаар талууд хэн аль нь тайлбарлаж байх ба ажил олгогч ******* ******* ХХК түүний уг хүсэлтэд ямарваа нэг байдлаар шийдвэрлэсэн талаарх хариуг өгөөгүй нь тогтоогдсон болно.

Өөрөөр хэлбэл ажлаас чөлөөлсөн тухайгаа 2023 оны 02 сарын 14-ний мэдэгдэн, Д.******* 2023 оны 02 сарын 15-ны өдөр гаргасан гомдолд 2023 оны 03 сарын 01-ний өдөр эс зөвшөөрсөн хариуг өгч байжээ.

Дээр дурдсан үйл баримтууд зохигчийн тайлбар, хариуцагч ******* ******* ХХК нь 2023.01.16-ны өдөр ******* ******* ХХК-иас хаягаас Д.******* хаягт илгээсэн захидалд,

2023.01.17-ны өдөр Д.******* хаягаас ******* ******* ХХК хаягт илгээсэн захидалд,

2023.02.14-ний өдөр ******* ******* ХХК-иас хаягаас Д.******* хаягт илгээсэн захидалд,

2023.03.01-ний өдөр ******* ******* ХХК-иас хаягаас Д.******* хаягт илгээсэн захидалд,

2023 оны 07 сарын 17-ны өдрийн 17587 дугаар захирамжаар нэхэмжлэгч Д.******* хаягаас Д.******* хаяг руу 2023.01.30, 2023.02.19, 2023.03.30-ны өдрүүдэд илгээсэн мэдээлэлд тус тус 2023 оны 07 сарын 17-ний өдөр, 2023 оны 07 сарын 21-ний өдрүүдэд үзлэгийг хийсэн,

/ХХ-ийн 127-133, 138-147 дугаар тал/

Ажил олгогч ******* ******* ХХК нь ажилтан Д.*******ыг ажил олгогчийн санаачилгаар дээр дурдсан үндэслэлүүдээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн /2021 оны/ 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1-т заасныг баримтлан хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 02 сарын 10-ны өдрийн ******* дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.*******ыг ******* ******* ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтаны албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй.

******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 05 сарын 21-ний өдрийн А/22-073 дугаар тушаалаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан Д.******* цалинг 2022 оны 05 сарын 01-ний өдрөөс 1,400,000 төгрөгөөр тогтоосон тул ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлсийг уг хэмжээгээр тооцох үндэслэлтэй.

Нэхэмжлэгч Д.******* нь 2023 оны 02 сарын 06-ны өдөр шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин хөлсөнд 1,400,000 төгрөг нэхэмжилж байна.

2023 оны 02 сарын 10-ны өдрөөс 2023 оны 11 сарын 13-ны өдрийг хүртэлх хугацааны цалин 12,600,000 төгрөг байх ба үүнээс ажлаас халагдсаны тэтгэмжид авсан 1,400,000 төгрөг, ажлаас чөлөөлөхдөө ажилласан хугацаанд тооцон ээлжийн амралтын олговорт олгосон 563,726 төгрөг тус тус хасч 10,636,274 төгрөгийг ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт олгох нь зүйтэй.

/ХХ-ийн 5-6, 69 дүгээр тал/

 

Иймд ажилтаны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 10,636,274 төгрөгийг хариуцагч ******* ******* ХХК-иас гаргуулан Д.*******д олгож, 3,363,726 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Д.******* болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагч ******* ******* ХХК-д даалгах нь зүйтэй гэж үзэв.

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2022 оны 08 сарын 17-ны өдрийн 12 тоот тогтоолоор Баянзүрх дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороог байгуулсан ба энэ тухай Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны www.mlsp.gov.mn сайтад байршиж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар нийтэд илэрхий баримт тул дахин нотлох шаардлагагүй

Хариуцагч ******* ******* ХХК нь ажилтан Д.******* 2023 оны 01 сарын 24-ний өдрөөс хойш дүүргийн 13-р хорооны ӨЭМТ-д эмчлүүлэн, эмчлэгч эмч Р. 2023 оны 02 сарын 13-ны өдөр хүртэл эмнэлгийн магадлагааг сунгасан талаарх тодорхойлолтыг хууль бус гэх боловч уг баримтыг хуурамчаар, хууль бусаар бүрдүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн /2021 оны/ 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1-т заасныг баримтлан хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 02 сарын 10-ны өдрийн ******* дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож,

нэхэмжлэгч Д.*******ыг ******* ******* ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтаны албан тушаалд эгүүлэн тогтоож,

ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 10,636,274 төгрөгийг хариуцагч ******* ******* ХХК-иас гаргуулан Д.*******д олгож, 3,363,726 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Д.******* болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагч ******* ******* ХХК-д даалгасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлйин 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар дээрхи нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх бөгөөд хариуцагч ******* ******* ХХК-иас 185,131 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН