Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 101/ШШ2023/04876

 

 

 

 

 

 

 

 

 

2023 11 08 101/ШШ2023/04876

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч:  тоот хаягт оршин суух, ******* ******* /РД:*******/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  тоот хаягт оршин суух ******* ******* /РД:*******/ холбогдох

6,547,600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Чулуунцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Н.******* миний бие төрсөн дүү ******* *******, дүү Б. нарыг цагдаагийн академид суралцуулах боломжтой эсэхийг ярилцахаар өмнө нь тус сургуульд багшилж байсан гэх, 0310 дугаар ангийн ахмад О. 2022 оны 07 сарын 10-ны өдөр Сүхбаатарын талбайд жагсаалын бэлтгэл хийж байхад нь очиж уулзсан.

Тухайн үед би хөдөө хамгаалалтын албанд ажиллаж байсан ба ажлын хөлсөө ээж дансанд хуримтлуулж байсан. Ингээд ээж Ц. Хаан банк дахь тоот данснаас О. мөн Хаан банк дахь тоот данс руу 2022 оны 07 сарын 11-ний өдөр ******* гүйлгээний утгатай 2,176,000 төгрөг, 2022 оны 07 сарын 12-ны өдөр ******* гүйлгээний утгатай 1,500,000 төгрөг, 2022 оны 07 сарын 18-ны өдөр ******* гүйлгээний утгатай 717,800 төгрөг,

2022 оны 07 сарын 19-ний өдөр хувцас, шинжилгээний мөнгө гүйлгээний утгатай 666,000 төгрөг, 2022 оны 07 сарын 21-ний өдөр дотуур байрны мөнгө гүйлгээний утгатай 717,800 төгрөг, 2022 оны 07 сарын 27-ны өдөр , ******* гүйлгээний утгатай 530,000 төгрөг, 2022 оны 08 сарын 08-ны өдөр Цувны мөнгө Н.*******, Б. гүйлгээний утгатай 240,000 төгрөг, нийт 6,547,600 төгрөг шилжүүлсэн.

Сургуульд суралцах боломжтой боллоо, бүртгэлийн батламж гарчихлаа, карантинд явахаар болсон, дотуур байранд амьдарна, сургуульд ороод өмсөх хувцасны мөнгө, шинжилгээний мөнгө шилжүүл гэснийх нь дагуу тухай бүрт нь мөнгө шилжүүлж байсан.

Сургууль нь бүтээгүй бөгөөд 2022 оны 09 сарын сүүл орчмоор мөнгөө нэхэж эхэлсэн. Өгнө гэдэг байсан бөгөөд сүүлдээ утсаа авахаа больсон. Хамгийн сүүлд 2023 оны 03, 05 сард уулзаж байсан. Иймд О.Ариунгэрэлээс 6,547,600 төгрөгөө гаргуулж авна гэв.

 

Нотлох баримтууд:

Нэхэмжлэгч Н.******* нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, Ц. Хаан банк дахь тоот дансны хуулга зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

Хариуцагч О.******* нэхэмжлэлийн хувийг 2023 оны 07 сарын 31-ний өдөр гардуулсан бөгөөд тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг ирүүлэх үүргээ биелүүлээгүй, хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй болно.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч О.******* холбогдуулан 6,547,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

 

Нэхэмжлэгч Н.******* нь өөрийн дүү Н.*******, Б. нарыг сургуульд оруулах зорилгоор ээж Ц. Хаан банк дахь тоот данснаас О. мөн Хаан банк дахь тоот данс руу 2022 оны 07 сарын 11-ний өдөр ******* гүйлгээний утгатай 2,176,000 төгрөг,

2022 оны 07 сарын 12-ны өдөр ******* гүйлгээний утгатай 1,500,000 төгрөг,

2022 оны 07 сарын 18-ны өдөр ******* гүйлгээний утгатай 717,800 төгрөг,

2022 оны 07 сарын 19-ний өдөр хувцас, шинжилгээний мөнгө гүйлгээний утгатай 666,000 төгрөг,

2022 оны 07 сарын 21-ний өдөр дотуур байрны мөнгө гүйлгээний утгатай 717,800 төгрөг,

2022 оны 07 сарын 27-ны өдөр , ******* гүйлгээний утгатай 530,000 төгрөг,

2022 оны 08 сарын 08-ны өдөр Цувны мөнгө Н.*******, Б. гүйлгээний утгатай 240,000 төгрөг, нийт 6,547,600 төгрөг шилжүүлсэн гэжээ.

/ХХ-ийн 4-7, 15-18 дугаар тал/

 

Хариуцагч О.Ариунгэрэл нь дээр дурдсаны дагуу бусдыг сургуульд оруулж өгөх нэрийдлээр түүний эх Ц. Хаан банк дахь дансаар дамжуулан нэхэмжлэгч Н.*******ээс нийт 6,547,600 төгрөгийг хүлээн авсан талаараа эсэргүүцээгүй, энэ талаар маргаагүй болно.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж заасан ба хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй ... бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс уг эд хөрөнгийг буцаан шаардах эрхтэй.

Хөрөнгө олж авсан этгээд гэж маргааны зүйл болох эд хөрөнгө эзэмшилд нь байгаа этгээдийг, үүрэг гүйцэтгэгч гэж уг эд хөрөнгийг шилжүүлсэн этгээдийг хэлэх ба үүрэг үүсээгүй гэдэг нь тэдний хооронд гэрээний болон хуульд заасан үүргийн харилцаа үүсээгүй байхыг хэлнэ.

 

Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч О.Ариунгэрэлээс 6,547,600 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.*******т олгох үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүх нэхэмжлэлийг 2023 оны 06 сарын 14-ний өдөр хүлээн авч 2023 оны 06 сарын 21-ний өдрийн 15810 дугаар бүхий захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн ба хариуцагч О.******* 2023 оны 07 сарын 31-ний өдөр зохигчийн эрх, үүргийг тайлбарлан өгч нэхэмжлэлийн хувийг гардуулан хэргийн баримтуудыг танилцуулсан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүрэгтэй.

Хариуцагч О.******* нэхэмжлэлийн хувийг 2023 оны 07 сарын 31-ний өдөр гардуулсан боловч тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг ирүүлэх үүргээ биелүүлээгүй, хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцон хэргийг шийдвэрлэсэн болно.

2023 оны 10 сарын 11-ний өдрийн 15 цаг 30 минутад хуралдаан болохыг талуудад хуралдаан болохоос 6 хоногийн өмнө мэдэгдсэн ба уг өдрийн хуралдаанд хариуцагч О.Ариунгэрэл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд зохигчийн мэтгэлцэх эрхийг хангах үүднээс нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүх хуралдааны товыг өөрчилжээ.

2023 оны 11 сарын 08-ны өдрийн 13 цаг 30 минутад шүүх хуралдаан болохыг хариуцагч О.******* хуралдаан болохоос 6 хоногийн өмнө 2023 оны 11 сарын 02-ны өдөр мэдэгдсэн ба хариуцагч О.Ариунгэрэл шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, ирэх боломжгүй байсан тохиолдолд энэ тухайгаа шүүхэд мэдэгдээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар зохигч шүүх хуралдааны товыг лавлах үүрэг хүлээдэг ба мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч ... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасны дагуу хариуцагч О. эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

/ХХ-ийн 1, 8, 10-12, 19-25 дугаар тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч О.Ариунгэрэлээс 6,547,600 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.*******т олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Н.******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 119,712 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Ариунгэрэлээс 119,712 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.*******т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН