Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 22 өдөр

Дугаар  137/ШШ2024/00097

 

 

 

 

 

 

 

     2024            04          22                                 ....

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Ц даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Нэхэмжлэгч: .... аймгийн ... сум .... тоотод оршин суух, Б овогт Г-ын О /РД:..., утас:..../-ын   нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: .... ХХК-нд хуулийн зөвлөх ажилтай, Нийслэлийн .... дүүрэг, ...р хороо, .... тоотод оршин суух, М овогтой Ө  /РД:.../

 Хариуцагч: ... аймгийн ... сум, .... тоотод оршин суух, А овогт Д-ийн О /РД:...., утас:..../-т холбогдох 

Зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөр 50,000,000 төгрөг, үүн дээр төлөгдөөгүй хүүгийн төлбөр болох 21,000,000 төгрөг нийт 71,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Д.О-ийн сөрөг нэхэмжлэлтэй 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний хүүг 2 хувь болгон бууруулахыг Г.О-д даалгах тухай нэхэмжлэлийг 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Х, нэхэмжлэгч төлөөлөгч М.Ө /цахим/, хариуцагч Д.О-ийн өмгөөлөгч Б.О /цахим/ нар оролцов.

 

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:      

 Нэхэмжлэгч Г.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Нэхэмжлэгч Г.О нь 2022 оны 02-р сарын 25-ны өдөр хариуцагч Д.О-тэй зээлийн гэрээ байгуулсны үндсэн дээр түүнд нийт 50,000,000 /тавин сая/ төгрөгийг сарын 5%-ийн хүүтэй, 1 жилийн хугацаатай зээлдүүлсэн. Хариуцагч Д.О нь гэрээний дагуу 1 сарын зээлийн хүү болох 2,500,000 төгрөгийг сар бүрийн 16-ны өдөр тогтмол төлөх, харин зээлийн үндсэн төлбөр болох 50,000,000 төгрөгийг 2023 оны 02-р сарын 16-ны өдөр бөөнд нь төлөх үүрэг хүлээсэн. Гэвч хариуцагч нь гэрээний үүргээ үл биелүүлж, 2023 оны 02-р сарын 16-ны өдрийн дотор зээлийн үндсэн төлбөр болох 50,000,000 төгрөгийг бүрэн төлөх ёстой байсан боловч одоо болтол төлөөгүй байна. Мөн тэрээр 2022 оны 02-р сарын 16-ны өдрөөс 2023 оны 02-р сарын 16-ны өдрийг хүртэлх зээлийн хүү болох 30,000,000 төгрөгийг бүрэн төлсөн боловч 2023 оны 02-р сарын 16-ны өдрөөс 2023 оны 12-р сарын 16-ны өдрийг хүртэл 25,000,000 төгрөгийн хүү төлөх ёстой байснаас 4,000,000 төгрөгийг л төлсөн бөгөөд үлдсэн хүү болох 21,000,000 төгрөгийг төлөөгүй байна. Иймд хариуцагч Д.О-с зээлийн үндсэн төлбөр болох 50,000,000 төгрөг, үүн дээр төлөгдөөгүй хүүгийн төлбөр болох 21,000,000 төгрөг нийт 71,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчийн хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.  

Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ... Нэхэмжлэгч Г.О нь 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хариуцагч Д.О-тэй зээлийн гэрээ байгуулж 50,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай зээлдүүлсэн. Хариуцагч Д.О нь гэрээний дагуу 1 сарын зээлийн хүү болох 2,500,000 төгрөгийг сар бүрийн 16-ны өдөр тогтмол төлөх, харин зээлийн үндсэн төлбөр болох 50,000,000 төгрөгийг 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр бөөнд нь төлөх үүрэг хүлээсэн. Гэвч хариуцагч нь гэрээний үүргээ үл биелүүлж, 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн дотор зээлийн үндсэн төлбөр болох 50,000,000 төгрөгийг бүрэн төлөх ёстой байсан боловч одоо болтол төлөөгүй байна. Мөн дээрээс нь 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх зээлийн хүү болох 30,000,000 төгрөгийг бүрэн төлсөн. Хариуцагч мөн сөрөг нэхэмжлэлдээ 30,000,000 төгрөгийг төлсөн гэдгээ зөвшөөрсөн учраас бид маргахгүй байгаа. Гэсэн хэдий боловч 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл 25,000,000 төгрөгийн хүү төлөх ёстой байснаас 4,000,000 төгрөгийг төлсөн. Үлдсэн хүү болох 21,000,000 төгрөгийг төлөөгүй байна. Иймд хариуцагч Д.О-с зээлийн үндсэн төлбөр болох 50,000,000 төгрөг, үүн дээр шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх төлөгдөөгүй хүүгийн төлбөр болох 21,000,000 төгрөг, нийт 71,000,000 төгрөгийг О-с гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан. Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн албан бичгийг нотлох баримтаар гаргаж өгсөн ба энэ албан бичгээр нэхэмжлэгч О нь мөнгөн зээлийн үйл ажиллагаа явуулдаг бүртгэлтэй этгээд биш гэдэг нь тогтоогдсон. Мөн байнга хүүтэй мөнгө зээлүүлж, орлого олдог хүн биш. Тухайн үед О-тэй найз нөхдийн холбоотой танил байсан. Тэр үүднээс 50,000,000 төгрөгийг хүүтэй зээлдүүлсэн. Нэхэмжлэгч Г.О-ын хувьд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-т зааснаар байнга ашиг орлого олох зорилгогүй, нэг удаагийн шинжтэй харилцааны дагуу хариуцагч О-т 50,000,000 төгрөг зээлдүүлсэн. Тэгэхээр нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 281, 282 дугаар зүйлд зааснаар тодорхойлж байгаа. Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуульд хамаарах этгээд биш юм. Хариуцагчийн үндсэн нэхэмжлэлийн хариу тайлбараас харахад зээлийн гэрээний хугацаа дууссан учраас түүнээс хойших 1 жилийн хугацааны зээлийн хүүг үндэслэлгүй гэж яриад байгаа. Гэвч ямар зүйл заалтыг барьж үндэслэлгүй гэж үзээд байгаа нь тодорхойгүй. Учир нь Монгол улсын Иргэний хуулийн 281-285 дугаар зүйлд зээлийн гэрээний харилцааг зохицуулсан байдаг. Гэтэл Иргэний хууль болон Улсын Дээд шүүхээс гаргасан тайлбар байдаггүй. Тэгэхээр хууль болон зээлийн гэрээний ямар ч зохицуулалт байхгүй. Ямар хууль тогтоомжийг үндэслэж хүү төлөхгүй гэж маргаж байгаа нь тодорхойгүй. Тиймээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хуульд заасны дагуу талууд харилцан тохиролцож, зээлийн хүүг тогтоосон. Зээлийн гэрээний хугацаа дууссанаар зээлийн хүү зогсоно гэсэн зүйл заалт байхгүй. Хэрэв үндсэн зээлээс тодорхой хэмжээнд төлөгдсөн байсан бол зээлийн гэрээний хугацаа дууссан ч зээлийн үлдэгдэл төлбөрөөс хүү тооцогдох байсан. Гэтэл үндсэн зээлээс нэг ч төгрөг төлөгдөөгүй байгаа учраас хариуцагчаас үндсэн зээл 50,000,000 төгрөг, үүн дээр шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх төлөгдөөгүй хүүгийн төлбөр болох 21,000,000 төгрөг, нийт 71,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан ... Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээд байна гэж яриад байна. Тэгэхээр энэ хуулийн 3.3-т зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол иргэнээс олгох нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн харилцаанд энэ хууль үйлчлэхгүй гэж тодорхой заасан. Тэгэхээр зээлийн үйл ажиллагааг байнгын орлогын эх үүсвэрээ болгосон, байнга хүнд хүүтэй мөнгө зээлдүүлж орлого олж байгаа этгээдийг хэлнэ. Гэтэл О-ын хувьд тийм зээлийн үйл ажиллагаа эрхэлж, орлогын эх үүсвэр болгосон зүйл байхгүй. Нэгдүгээрт, нотлох баримт байхгүй. Хоёрдугаарт, угаасаа тэр хүн байнга зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг хүн биш. Тиймээс Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуульд энэ хэрэг огт хамаарахгүй. Иргэний хуулиараа зохицуулагдаад явах ёстой. Мөн хариуцагчийн өмгөөлөгч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийг буруу тайлбарлаад байна. Хуульч, өмгөөлөгч нарт хууль тайлбарлах эрх байна уу гэдэг асуудал бас яригдана. Маш буруу тайлбарлаад байна. Учир нь төлөх зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш үндсэн төлбөр төлөгдөөгүй бол гэдэг асуудал яригдаж байна. Ер нь хүү тооцох байсан бол зээлийн гэрээг бичгээр байгуулах ёстой гэсэн асуудал яригдаад байна. Гэтэл бичгээр хийх шаардлагыг хангасан гэрээ байгаа. Зээлийн хүүг сар бүр төлнө гээд тодорхой заачихсан байгаа. Тэгэхээр энэ нь Иргэний хуульд зааснаар шаардлагыг хангасан гэрээ байгаа. Гол нь үндсэн зээлээ төлөөгүй учраас энэ хүү тооцогдоод байгаа юм. Үндсэн зээлийн үлдэгдэл нь өөрөө 50,000,000 төгрөг байгаа учраас энэ мөнгөнөөс хүү тооцогдоод байгаа ийм л асуудал байгаад байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлд хүү тооцох бол гэрээг бичгээр хийнэ. Хэрэв бичгээр гэрээ байгуулаагүй бол хүү нэхэмжлэх  эрхээ алдах байсан. Гэтэл зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойших хүүг тусад нь тухайлан зааж оруулах байсан юм шиг зүйл яриад байна. Тэр нь үндэслэлгүй байна...” гэв.

            Хариуцагч Д.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Д овогтой О миний бие нь 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Г.О-ын тус шүүхэд гаргасан зээлийн гэрээний үүрэгт 71,000,000 /Далан нэгэн сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

       1.Зээлийн гэрээний үндсэн төлбөрт 50,000,000 /тавин сая/ төгрөг,хүүнд 21,000,000 /хорин нэгэн сая/ төгрөг нийт 71,000,000 /далан нэгэн сая/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Миний бие нь Г.О-с 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 2 дугаар сарын 16-ны өдөр хүртэл нэг жилийн хугацаанд сарын 5 хувийн хүүтэйгээр 50,000,000 /тавин сая/ төгрөг зээлсэн. Зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.6 дахь хэсэгт зааснаар 12 сарын хугацаанд сар бүр хүүгийн төлбөрт 2,500,000 /Хоёр сая таван зуун мянга/ төгрөг төлж, 12 сарын дараа үндсэн төлбөрийг бөөнд нь төлөхөөр харилцан тохирсон. Гэрээнд заасны дагуу 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хугацаанд хүүгийн төлбөрт 30,000,000 /Гучин сая/ төгрөг төлөх үүргээ биелүүлсэн. Үндсэн зээл болох 50,000,000 /тавин сая/ төгрөгөөс 4,000,000 /Дөрвөн сая/ төгрөгийг төлсөн. Цалин орлого буурсан, ар гэрт гачигдал гарснаас шалтгаалан үлдсэн 46,000,000 /Дөчин зургаан сая/ төгрөгийг төлөөгүй бөгөөд цаашид энэ мөнгийг 12 сарын хугацаанд хувааж хэсэгчлэн төлөх хүсэлтэй байна. 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацааны хүүгийн төлбөрт 25,000,000 /Хорин таван сая/ төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь гэвэл тухайн цаг хугацаа нь зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойших цаг хугацаанд хамаарч байгаа бөгөөд энэ хугацааны хүүг төлөх үүргийг би хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн төлбөр 4,000,000 /дөрвөн сая/ төгрөг, хүүгийн төлбөр 25,000,000 /Хорин таван сая/ төгрөг нийт 29,000,000 /хорин есөн сая/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...”гэжээ.

 

            Хариуцагчийн өмгөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:   2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 50,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр талуудын хооронд гэрээ байгуулагдсан. Зээлийн гэрээний хүү төлөгдсөн гэдэгт хариуцагч, нэхэмжлэгчийн аль аль нь маргахгүй байна. Нэхэмжлэгч анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хүүгийн төлбөр нийт 34,000,000 төгрөг нэхэмжилсэн. Үүний 30,000,000 төгрөг нь 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хүүгийн төлбөр. Одоо 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл зээлийн хүү гэж 25,000,000 төлбөрийг нэхэмжилсэн нэхэмжлэл гаргасан. Хариуцагчийн зүгээс 50,000,000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулагдсан учраас хүлээн зөвшөөрч байгаа. Гэрээнд заасны дагуу зээлийн хүү 30,000,000 төгрөгийг төлсөн. 4,000,000 төгрөгийн тухайд үндсэн зээлээс төлсөн гэж үзээд байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс 2023 оны 02 дугаар сарын 16-наас 2023 оны 12 дугаар сарын 16-ны хүртэлх тооцогдогдсон хүүгийн 25,000,000 төгрөгөөс 4,000,000 төгрөгийг төлсөн гэж үзээд байгаа. Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх тухай хууль Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөгдөж эхэлсэн цаг хугацаанд хамаарч байгаа. Энэ нь өөрөө ашиг олох зорилготой юу гэвэл ашиг олох зорилготой. Яагаад гэвэл хүү тооцож мөн энэ хуулиараа ашиг олж байгаа бол бүртгүүлэх ёстой гээд заасан. Сүүлд нэхэмжилсэн хүүгийн төлбөр 25,000,000 төгрөг нэхэмжилж байгаа цаг хугацаанд хамааралтай. Энэ хууль өөрөө 03 дугаар сарын 01-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Ашиг олохын тулд л хүү тооцсон байгаа. Ашиг олно гэдэг нь хүү тооцож байж ашиг олно. Хэрэв ашиг олох зорилгогүй байсан бол хүү  тооцох боломжгүй байсан. Тэгэхлээр хуульд заасан журмын дагуу бүртгүүлэх байсан. Тэгтэл 2024 сарын 04 дүгээр сарын 09-ны өдрийн Санхүүгийн зохицуулах хорооноос ирсэн албан бичиг дээр бол О нь энэ талаар бүртгэлгүй байна гэсэн нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн байсан. Хоёрдугаарт, зээлийн гэрээнд хүү тооцож байгаа тохиолдолд бол хууль зүйн  шаардлагыг хангах ёстой. Мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6.3-т гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах эсэхэд энэ тухай нэг талдаа мэдэгдэж, мөн талууд нэмэлт гэрээг байгуулах, гарын үсэг зурах, гэрээний болон төлбөрийн шаардлагыг гэрээнд талууд тусгайлан гаргах ёстой. 2023 оны 02 дугаар сарын 16-наас 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хүү нэхэмжилж байгаа нь өөрөө үндэслэлгүй. Яагаад үндэслэлгүй юм бэ? гэхээр энэ хүн өөрөө хүү тооцох талаар бичгээр гэрээг байгуулаагүй. Хоёрдугаарт, энэ хугацаанд хэрвээ О хүү тооцож авах гэж байгаа бол Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх журмын дагуу бүртгүүлэх ёстой байсан. 2023 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 50,000,000 төгрөгийг 12 сарын хугацаанд төлж дуусгана гэдэг ийм л бичгийг хийчихсэн. Үүнийг хүү тооцох хэмжээнд авч үзэхгүй. Хугацааны тухайд  нэхэмжлэгчийн төлөөлөгч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар нотлоод байна гэж байна. Энэ хуульд зээлийн гэрээгээр хугацааг тогтоогоогүй бол гэж заасан. Тогтоосон бол тэр хугацаанд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үйлчилнэ гэсэн байгаа. Тэгэхээр яг энэ хугацаанд талуудын хооронд хүү тооцох талаар бичгийн гэрээ байгуулагдаагүй учраас зээлийн гэрээний хугацаа дууссан. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 71,000,000 төгрөгөөс 46,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа ба үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбарыг гаргаж байна. ...Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 3.3-т зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол иргэнээс олгох нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн харилцаанд энэ хууль үйлчлэхгүй. Ашиг олох зорилгогүй гэдэг нь ашиг олохгүй, хүү тооцохгүй гэх зүйл хамаарна. Гэтэл байнга ашиг олдоггүй гэдгээ өөрөө нотлох хэрэгтэй. Тэгээд ашиг олох зорилгогүй гэхчихээд хүү тооцоод байгаа юм. Хүү тооцоод байгаа нь Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль хэрэгжиж эхэлсэн цаг хугацаанд хамаараад байгаа юм. Нэхэмжлэгчийн төлөөлөгч үндсэн зээлийн 50,000,000 төгрөгөөс 30,000,000 төгрөгийн хүү гэрээний хугацаанд төлөгдсөн. Үндсэн зээлийн төлбөр төлөгдөөгүй учраас үргэлжлүүлж үндсэн зээлийн хүүг шаардах эрхтэй гэж та өөрөө тайлбарлаад байна. Ашиг олох зорилгогүй гэхчихээд хүү тооцоод нэхэмжлээд байх юм. 50,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай байгуулсан, үндсэн зээл төлөгдөөгүй учраас хүүг тооцож байгаа нь ямар хуулийн зүйл заалтаар нэхэмжлээд шаардаад байгаа бол үндэслэлээ тодорхойлох хэрэгтэй шүү дээ. Гэтэл та их бүрхэг байдлаар тайлбарлаж байна. Тэгээд намайг буруу тайлбарлаад байна гээд байх юм. Үүн дээр тайлбар авмаар байна гэв.

 

            Хариуцагч Д.О шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Д.О би 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатайгаар өөрийн найз болох О-с 50 сая төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй зээлэхээр гэрээ хийсэн. Уг гэрээний дагуу зээлийн хүүд сар бүр 30,000,000 төгрөг төлж ирсэн. Өөрөөр хэлбэл 1 жилийн хугацаатай зээлийн гэрээний хүү болох 30,000,000 сая төгрөгийг бүрэн төлж дуусгасан. Гэтэл О нь 2023 оны 02 дугаар сарын 16-наас 2023 оны 12 дугаар сарын 16 хүртэл гэрээг бичгээр байгуулаагүй мөртлөө мөн л 5 хувийн хүү авах ёстой гэсэн нэхэмжлэл гаргаж уг хүүнд 21,000,000 сая төгрөг нэхэмжилжээ. Миний хувьд анх энэ 50 сая төгрөгийн 30 саяыг буцааж өгье хүү хэт өндөр байна үлдэх 20 сая төгрөгийг хийе гэж О-д хэлж байсан. Одоо миний зээлсэн үндсэн мөнгө 50 сая төгрөг байхад түүнд хүүнд 30 сая төгрөгийг би төлсөн байна. Гэтэл О-ын нэхэмжилснээр бол 55 сая төгрөг байгаа нь зээлийн хүү хэт өндөр байгаа бөгөөд энэ нь зээлдэгч миний эрх хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зээлийн хүү хэт өндөр бол зээлдэгчийн хүсэлтээр зээлийн хүүг шүүх багасгаж болно гэж заажээ. Миний хувьд миний хүү тархины хорт хавдар өвчнөөр оношлогдон эмчлүүлж байгаа бөгөөд эдийн засгийн хувьд туйлын хүнд байна. Иймд хариуцагч О-д зээлийн хүүг 2 хувь болгон бууруулахыг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан тайлбартай холбогдуулан тайлбараа гаргаад сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа танилцуулъя. Иргэний хуульд зааснаар зээлийн хүүг тогтоох асуудалд хэн ч маргаагүй. Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуульд нарийвчлан зохицуулаад байгаа. Энэ цаг хугацаанд хамаарч байгаа тохиолдолд та ашиг олох зорилгогүй бол бүртгүүлэх шаардлагагүй, ашиг олох зорилготой бол бүртгүүлээрэй гэсэн санаа. Зээлийн гэрээний хугацааг талуудын хооронд 1 жилийн хугацаагаар тохиролцсон. Сөрөг нэхэмжлэлийн тухайд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно гэж заасан. Зээлийн гэрээний тухайд сар бүр 2,500,000 төгрөг төлөхөөр байгаа. Банк бус санхүүгийн байгууллагаас зээлийн хүү 3,5 хувиас хэтрэхгүй байгаад байгаа. Бидний маргааны тухайд 5 хувь гээд байгаа нь хэт өндөр  тогтоогдож байгаа. Мөн ашиг олох зорилгогүйгээр нэг удаагийн шинжтэй учраас Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зохицуулалт үүснэ гээд нэхэмжлэгч талаас тайлбарлаад байгаа. Хариуцагч О-ийн хүү тархины хорт хавдар өвчнөөр оношлогдон эмчлүүлж байгаа бөгөөд эдийн засгийн хувьд туйлын хүнд байнгаа. Иймд хариуцагч О-д зээлийн хүүг 2 хувь болгон бууруулахыг даалгаж өгнө үү гэсэн сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэв.

Нэхэмжлэгч Д.О сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Г.О миний бие мөнгөн зээлийн үйл ажиллагааг байнга, ашиг олох зорилгоор эрхэлдэг этгээд биш бөгөөд хариуцагч Д.О-т өөрийнх нь хүсэлтээр Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасны дагуу зээл олгосон бөгөөд тус зээл нь нэг удаагийн шинжтэй, ашиг олох зорилгогүй байсан учраас зээлийн хүүг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчтай харилцан тохиролцож тогтоосон. Иймд хариуцагчид олгосон 50 сая төгрөгийн зээлийн гэрээний харилцаа нь Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуульд үл хамаарах бөгөөд Иргэний хуулиар зохицуулагдах харилцаа юм. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлдээ Зээлийн гэрээний 1 жилийн хугацаа дууссанаас хойших зээлийн хүүг төлөх ёсгүй гэж бичсэн байна. Гэтэл Иргэний хуульд зээлийн хүүг зээлийн гэрээний хугацаагаар тооцох тухай зохицуулалт болон хязгаарлалт байхгүй бөгөөд энэ талаар бусад хууль тогтоомжид ч мөн адил тусгайлан зохицуулсан зүйл байхгүй. Иймд хариуцагч тал зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш тооцогдсон зээлийн хүүг төлөх ёсгүй гэж маргасан нь үндэслэлгүй байна. Түүнчлэн хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ 5 хувийн зээлийн хүүг хэт өндөр гэж тодорхойлсон байна. Гэтэл хариуцагч нь зээлийн гэрээ байгуулахдаа уг хүүгийн хэмжээг өөрөө хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан ба үндсэн зээлд 5 хувийн хүү тооцсон нь иргэд хооронд хүүтэй мөнгө зээлдүүлж буй зах зээлийн харилцаанд тийм ч өндөр хүү гэж тооцогдохгүй. Иргэд хоорондоо хүүтэй мөнгө зээлдүүлж буй иргэний эрх зүйн харилцаанд зээлийн хүүг гол төлөв 5-10 хувиар тооцож байгаа. Хариуцагч тал зээлийн хүүнд 30 сая төгрөг төлсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд үндсэн зээлээс өдийг хүртэл огт төлөлт хийгээгүй байгаа учраас нэхэмжлэгч Г.О миний бие хариуцагчаас үндсэн зээлийн төлбөр 50 сая төгрөг, түүн дээр шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл тооцогдсон зээлийн хүү болох 21 сая төгрөг, нийт 71 сая төгрөгийг нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна. Иймд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Ө шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Зээлийн хүүг хэт өндөр гэж байна. Үүнтэй холбоотойгоор Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуульд банк, эрх бүхий хуулийн этгээд эсхүл байнгын ашиг орлого олох зорилготой хуулийн этгээдийн үйл ажиллагаа эрхэлдэг этгээдийн зээлийн хүүгийн хэмжээг ярьж байх шиг байна. Тэгтэл нэхэмжлэгч О нь  мөнгөн зээлийн үйл ажиллагаа байнга тогтмол эрхэлдэг хүн биш. Санхүүгийн зохицуулах хорооны тодорхойлолтоор нотлогдсон. Иймээс нэг удаа тохиолдлын шинжтэй хүүтэй мөнгө О-т зээлсэн. Нэхэмжлэгч, хариуцагчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээний харилцаа огт хамааралгүй хуулийн дагуу эрх бүхий этгээдээс хязгаарлалт тавьсан эрх зүйн актыг үндэслэн хувь хэмжээг 4,5 байх ёстой гээд байгаа нь үндэслэлгүй байна. Тиймээс иргэд хооронд нэг удаагийн тохиолдлын шинжтэй нэгэндээ мөнгө зээлдэг асуудал амьдралд зөндөө байгаа. Тэр болгоныг ашиг олох зорилготой, мөнгө хүүлэгч гэж хэлж болохгүй. Харин байнгын ашиг олох зорилгоор мөнгө хүүтэй зээлж, мөнгө хүүлэгч хийж байгаа бол бүртгүүлэх үүрэгтэй. Санхүүгийн зохицуулах хорооноос тогтоосон дүрэм журмаар зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоож баримталж оролцох үүрэг байхгүй. Тэгэхээр иргэд хоорондын зээлийн маргаанд зах зээлийн хувьд 5 хувь гэдэг бол өндөр биш. 10 хувийн хүүтэй мөнгө зээлдэг тохиолдол зөндөө байгаа. Тэгэхээр хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналыг гаргаж байна гэв.

            Хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Нэхэмжлэгч талаас ирүүлсэн:

           -Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,

-2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн №... дугаартай зээлийн гэрээ,

-2023 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Д.О-ийн зээл төлөх тухай тайлбар,

 -Г.О-ын Хаан банк дахь ... тоот дансны хуулга,

 -2022 оны 02 сарын 16-ны өдөр Г.О-ын  Хаан банк дахь ... данснаас Д.О-ийн  хаан банк дахь ... тоот дансанд 50,000,000 төгрөг шилжүүлсэн гэх дансны хуулга,

Хариуцагч талаас ирүүлсэн:

-Сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,

-Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн “Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай №.... дугаартай тогтоол,

-Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг улсын бүртгэлийн ерөнхий газрын төрөл садангийн лавлагаа,

-Хавдар судлалын үндэсний төв толгой хүзүүний мэс заслын тасгийн эмч нарын  зөвлөлийн хурлын шийдвэр, эмчийн үзлэгийн тэмдэглэлүүд

-2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн №0114 дугаартай зээлийн гэрээ,

-Хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийн дагууу шүүгчийн захирамжаар Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн.... дугаартай “хариу хүргүүлэх тухай” албан бичиг зэрэг болно.

                                                          ҮНДЭСЛЭХ нь:          

Нэхэмжлэгч Г.О нь хариуцагч Д.О-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөр 50,000,000 төгрөг, үүн дээр төлөгдөөгүй хүүгийн төлбөр болох 21,000,000 төгрөг нийт 71,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын талаар:

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хариуцагч Д.О нь нэхэмжлэлийн шаардлага болох 71,000,000 төгрөгнөөс үндсэн зээлийн 50,000,000 төгрөгийн 4,000,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 46,000,000 төгрөгийг төлнө. Харин зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш буюу дахин зээлийн гэрээ байгуулаагүй атал зээлийн хүүнд тооцож нэхэмжилсэн 21,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 25,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан болно.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Г.О, хариуцагч Д.О нар нь 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр №0114 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 50,000,000 төгрөгийг сарын 5%-ийн хүүтэй, 1 жилийн хугацаатай зээлийн гэрээ байгуулж, хариуцагч  Д.О нь зээлийн гэрээний дагуу 1 сарын зээлийн хүү болох 2,500,000 төгрөгийг сар бүрийн 16-ны өдөр тогтмол төлөх, зээлийн үндсэн төлбөр болох 50,000,000 төгрөгийг 2023 оны 02-р сарын 16-ны өдөр төлөхөөр харилцан тохиролцжээ. 

Дээрх үйл баримтаар талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, талууд хүсэл зоригоо илэрхийлж бичгийн хэлбэрээр хэлцэл байгуулсан байх ба энэ нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т заасан хэлбэрийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна гэж үзэв /хх-ийн 5-6/.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заажээ.

Нэхэмжлэгч нь хууль буюу гэрээнд зааснаар зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөтэй ижил хэмжээний мөнгийг буцаан шаардах эрхтэй байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заажээ.

Зохигчийн хооронд зээлийн гэрээг бичгээр байгуулснаас хойш зээлийн гэрээний хугацаанд буюу 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд хариуцагч зээлийн хүүнд сар бүр 2,500,000 төгрөгөөр тооцон  нийт 30,000,000 төгрөгийн хүүг төлсөн байна. Энэ нь гэрээнд заасан хугацааны хүүгийн төлбөр юм. Талууд зээлийн гэрээг бичгээр байгуулж хүү тогтоосон тул нэхэмжлэгч тал хүү шаардах эрхтэй байна.

Талууд байгуулсан зээлийн гэрээнийхээ дуусах хугацааг 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр гэж тогтоосон бөгөөд дээрх хугацаанд төлсөн зээлийн хүүний талаар талууд маргаагүй. Харин хариуцагч нь зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойшхи хугацаанд төлсөн 4,000,000 төгрөгийг гэрээний хугацааг сунгаагүй үндэслэлээр дээрх мөнгийг үндсэн зээл 50,000,000 төгрөгөөс хасуулж тооцуулна гэж мэтгэлцсэн байна.

 Хэрэгт авагдсан нотлох баримтаар талуудын хооронд байгуулагдсан  2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн №.... дугаартай зээлийн гэрээний хугацаа 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр дууссан бөгөөд талууд зээлийн гэрээг цаашид сунгаагүй бөгөөд гэрээний хугацаа дууссанаас хойш хүү тооцох талаар харилцан тохиролцоогүй байна.

Мөн Иргэний хуулийн 281, 282 дугаар зүйлд “Зээлийг бүрэн эргүүлэн төлж дуусгах хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүүг  төлөх” талаар зохицуулаагүй болно.

Иймд зээлийн гэрээний хүүг зээлийн гэрээний хугацаагаар тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.О “Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх тухай хууль Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөгдөж эхэлсэн цаг хугацаанд хамаарч байгаа. Энэ нь өөрөө ашиг олох зорилготой юу гэвэл ашиг олох зорилготой. Яагаад гэвэл хүү тооцож мөн энэ хуулиараа ашиг олж байгаа бол бүртгүүлэх ёстой гэж заасан. Сүүлд нэхэмжилсэн хүүгийн төлбөр 25,000,000 төгрөг нэхэмжилж байгаа цаг хугацаанд хамааралтай. Энэ хууль өөрөө 03 дугаар сарын 01-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Ашиг олохын тулд л хүү тооцсон байгаа. Ашиг олно гэдэг нь хүү тооцож байж ашиг олно” гэж мэтгэлцэв.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д “Нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно” гэж заасан тул хүү тогтоосон зээл болгоныг ашиг олох зорилготой гэж үзэх үндэслэлгүй байна. Зээлийн хүү гэдэг бол тухайн зээлийг ашигласны хариу төлбөр юм.

Талууд зээлийн гэрээндээ үүргийн гүйцэтгэлийг хангах талаар Иргэний хуульд заасан аргуудыг хэрэглэх талаар тохиролцоогүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ө шүүх хуралдаанд “хүү тооцсон, алданги тохиролцоогүй” гэв.

 

Иймд хариуцагч Д.О-ийн зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн 4,000,000 төгрөгийг үндсэн зээлийн төлбөрөөс хасаж тооцох нь зүйтэй байна.

 

            Зээлийн гэрээний хүүг гэрээний хугацаагаар буюу нэг жилээр тооцсон тул нэхэмжлэгчийн нэхэмжилсэн зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойшхи хүү 21,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Иймд хариуцагч Д.О-с зээлийн үндсэн төлбөр 46,000,000 /дөчин зургаан сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.О-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 25,000,000 /хорин таван сая/ төгрөгийг хасаж хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Сөрөг нэхэмжлэлийн талаар:

 

Хариуцагч Д.О нь нэхэмжлэгч Г.О-д холбогдуулан 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний хүүг 2 хувь болгон бууруулахыг Г.О-д даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ө шүүх хуралдаанд  “иргэд хоорондын зээлийн маргаанд зах зээлийн хувьд 5 хувь гэдэг бол өндөр биш. 10 хувийн хүүтэй мөнгө зээлдэг тохиолдол зөндөө байгаа. Тэгэхээр хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн тайлбарыг гаргажээ.

 

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн хүү 25,000,000 төгрөгийг “зээлийн гэрээний хугацаа 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр дууссан бөгөөд талууд зээлийн гэрээг цаашид сунгаагүй байна. Талууд гэрээний хугацаа дууссанаас хойш хүү тооцох талаар харилцан тохиролцоогүй байна. Мөн Иргэний хуулийн 281, 282 дугаар зүйлд “Зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүүг төлөх” талаар зохицуулаагүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул хариуцагчийн гаргасан “зээлийн хүүг 2 хувь болгож бууруулахыг нэхэмжлэгчид даалгах тухай” сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 46,000,000 төгрөгийн шаардлагыг хангаж, 25,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 512,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.О-ээс 46,000,000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 387,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.О-д олгохоор мөн харицагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул хариуцагчийн УТХ-нд төлсөн 70,200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

            Хариуцагч Д.О-т шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч “шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-т зааснаар хариуцагч Д.О-с зээлийн гэрээний үүрэгт 46,000,000 /дөчин зургаан сая/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.О-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 25,000,000 /хорин тавсан сая/ төгрөгийг хасаж хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Хариуцагч Д.О-ийн гаргасан “2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний хүүг 2 хувь болгон бууруулахыг Г.О-д даалгах тухай” сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн Улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 512,950 / таван зуун арван хоёр мянга, есөн зуун тавин/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.О-с 387,950 / гурван зуун наян долоон мянга, есөн зуун тавин/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, харицагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 70,200 / далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 4. Хариуцагч нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.Ц