| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Зүмбэрэл |
| Хэргийн индекс | 102/2023/04026/И |
| Дугаар | 102/ШШ2023/04470 |
| Огноо | 2023-12-06 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 102/ШШ2023/04470
| 2023 оны 12 сарын 06 өдөр | Дугаар 102/ШШ2023/04470 | Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Зүмбэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: У ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г ХХК-д холбогдох,
Түрээсийн гэрээний үүрэгт 35,830,593 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Д, О.Б, гэрч Ж.Б, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Б.Сувд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч У ХХК нь Г ХХК-иас 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 23/01/01 дугаартай машин механизм, тоног төхөөрөмж түрээслэх, түрээслүүлэх тухай гэрээний үүргийн биелэлт болох түрээсийн төлбөр нь 20,313,093 төгрөгийг нэхэмжилж нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дараахь байдлаар нэмэгдүүлэн нэхэмжилж байна. Талуудын хооронд байгуулсан 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн гэрээний 4 дүгээр сарын 4.6 дахь хэсэгт хэрэв түрээслэгч нь түрээсийн төлбөрөө нэхэмжлэх ирсний дараа төлбөрийг ажлын 10 хоногт багтаан төлөөгүй тохиолдолд түрээсийн төлбөрийн үндсэн дүнгийн 0,01 хувьтай тэнцэх төлбөрийг зогссон хоногт үржүүлэн алданги тооцно гэж заасан. Гэрээний заалтын дагуу Г ХХК нь манай компанитай 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр тооцоо нийлсэн байдаг. Үүнээс хойш ажлын 10 хоногт багтаан төлбөрөө төлөөгүй өнөөдрийг хүрч байна. 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн хүртэл нийт 185 хоногийн хугацаа хэтрэлттэй байгаа ба өнөөдрийг хүртэл хугацааны алданги 55,000,000 төгрөгийн 0,01 хувь нь хоногт 5,500 төгрөг нийт 1,017,500 төгрөг, гэрээний 4.8 дахь хэсэгт заасны дагуу техникийн тээвэрлэлтийн зардал болох 14,500,000 төгрөг нийт 15,517,500 төгрөгийг нэмэгдүүлэн нэхэмжилж байна. Иймд Г ХХК-иас түрээсийн төлбөр нэхэмжилсэний 20,313,093 төгрөг дэээр алданги болох 1,017,500 төгрөг, тээвэрлэлтийн зардал 14,500,000 төгрөг нийт 35,830,593 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: Тус шүүхэд У ХХК нь Г ХХК-д холбогдуулан түрээсийн үлдэгдэл төлбөр 20,313,093 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасантай танилцаад дараахь тайлбарыг гаргаж байна. Манай Г ХХК нь У ХХК-тай 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 22/09 тоот Машин механизм, тоног төхөөрөмж түрээслэх, түрээслүүлэх тухай гэрээ байгуулж, маркын DAC500J6PHSFY1102 серийн, улсын дугаартай нэг ширхэг экскаваторыг нэг сарын 55,000,000 төгрөгөөр түрээслэн, Галын Овоо-1 нүүрсний уурхайд ажиллуулсан. Гэтэл 2023 оны 01 дүгээр сард дээрх улсын дугаартай экскаваторыг уурхайгаас түр хугацаанд гаргаж, Улаанбаатар хотод авч ирж засвар хийгээд буцааж уурхайд хүргэнэ. Энэ хугацаанд адилхан маркын, адилхан хүчин чадалтай экскаваторыг гэрээний нөхцөлийн дагуу түр ажиллуулая гэж утсаар удаа дараа холбогдон ярьсан тул зөвшөөрсөн. Албан ёсоор манай компанийн имэйлд хүсэлт ирүүлээгүй. Ингээд 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр улсын дугаартай экскаваторыг уурхайгаас гаргах, оронд нь улсын дугаартай экскаваторыг уурхайн бүсэд оруулж ажиллуулах зөвшөөрөл хүссэний дагуу холбогдох зөвшөөрлийг олгосон байдаг. Солигдож очсон CaseCX500 маркын улсын дугаартай экскаватор нь 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр уурхайд орж ажилласан боловч 22/09 тоот Машин механизм, тоног төхөөрөмж түрээслэх, түрээслүүлэх тухай гэрээний түрээслүүлэгчийн хүлээх эрх, үүрэг 2.7-2.10, 2.12, 2.13, 2.18 дахь заалтуудыг үл хэрэгжүүлэн /тогтмол эвдэрч завсварт удаан хугацаагаар ордог, сэлбэг хэрэгсэл болон эвдрэлийг засах засварчинаа уурхай руу явуулдаггүй, оператороор хангадагүй гэх мэт/ техникийн бэлэн байдлыг 85-90 хувьд хангаж ажиллахгүй гэрээний үүргээ байнга зөрчиж байсан. Үүнээс болж дээрх экскаваторыг дагалдан ажиллах ёстой 4-5 хүнд даацын түрээсийн автосамсовал ажилгүй зогсож, уулын ажлын бүтээлд асар их хохирол учруулж, манай компани алдагдалд орж эхэлсэн. Бид У ХХК-ийн холбогдох хүмүүст эвдэрсэн улсын дугаартай техникийг нь буцаан, өмнөх 94 улсын дугаартай техникийг эргүүлэн авч ирж ажиллуулах талаар удаа дараа албан бичгээр болон имэйл, утсаар холбогдон мэдэгдэл, шаардлага хүргүүлж байсан ч тус компани эс биелүүлж, тэр байтугай У ХХК нь улсын дугаартай техник нь манай компанид хамааралгүй, манай охин компани болох У ХХК-ийн техник гэдэг хариулт л огсон. Тиймээс манай компанийн зүгээс У ХХК-тай холбогдож 1-рт гэрээ байгуулах, 2-рт эвдэрсэн техникийг бүрэн ажиллагаатай экскаватороор солих, 3-рт хэрэв тус экскаваторыг солих боломжгүй бол техникийг талбайгаас татан авахыг удаа дараа шаардаж, улмаар 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 15 цаг 21 минутад 03/06 дугаартай албан бичгийг servis@unirent.mn xаягт илгээснийг 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 13 цаг 46 минутад хүлээн авлаа гэсэн хариу ирүүлж, улмаар дээрх ажиллагаагүй улсын дугаартай техникээ 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр уурхайн бүсээс гаргах зөвшөөрөл авч, уурхайгаас гаргасан. Ингэхдээ дандаа У ХХК-ийн мэйл хаягаар тус компанийн ажилтан нь холбогдож байсан болно. Мөн У ХХК нь техникийг уурхайгаас гарахаас хэдхэн хоногийн өмнө буюу 2023 оны 03 дугаар сарын 10-ны үед 23/01/01 дугаартай машин механизм, тоног төхөөрөмж түрээслэх, түрээслүүлэх тухай гэрээний драфт үйлдэж огноог нь 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөр бичиж өмнөх гэрээтэйгээ яг ижил түрээсийн төлбөр 55 сая төгрөг гэж намайг итгүүлж төөрөгдүүлэн уг гэрээг байгуулсан байдаг. Гэтэл өмнөх гэрээнээсээ өөрөөр тэр байтугай өмнөх гэрээний зарим нэг заалт болох гэрээний гол нөхцөл буюу төлбөр тооцон төлөх нөхцлийг өөртөө ашигтай байдлаар өөрчлөн улмаар нэмэлт заалт оруулсан байсан байдаг. Тухайлбал төөрөгдүүлж бичсэн гэрээнийх нь 4.2-т түрээслэгч нь түрээсийн төлбөрийг гүйцэтгэлээр төлнө. 4.3-д түрээслүүлэгч нь техникийн гүйцэтгэл буюу бэлэн байдлыг 90 хувь хангах ба /хуанлийн хоногоор өөрчлогдоно 31 хоногтой сар 620 мото цаг, 28 хоногтой сар 560 мото цаг, 30 хоногтой сар 600 мото цаг байна/ тухайн хувиас доош орсон тохиолдолд түрээсийн төлбөрөөс хасаж тооцно. /Хоногт 20 мото цаг ажиллах/ уулын мастераас тайлбар авч тэр нь хасагдах үндэслэл болно гэх мэт байна. Мөн уурхайд солигдож очсон СаѕеCX500 маркын улсын дугаартай экскаватор нь 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүртэл нийт 83 хоног уурхайн талбайд байж, нийт 1660 мото цаг ажиллахаас 214,1 мото цаг ажиллаж, 1445,9 мото цаг эвдрэлтэйгээр сул зогсож, техникийн бэлэн байдлыг 11,6 хувь хангаж байсан нь уурхайн техникийн цагийн бүртгэл, уулын ажлын хөдөлгөөний мэдээ зэргээр тогтоогдож байгаа. Иймд У ХХК нь техник солъё гэж хэлж бүрэн бус техникийг өгч уурхайн уулын ажлын бүтээлийг доголдуулсанаас болж манай компанид маш их алдагдал, хохирол учирсан мөн У ХХК нь 23/01/01 дугаартай Машин механизм, тоног төхөөрөмж түрээслэх, түрээслүүлэх тухай гэрээг огноог нь 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөр гэж урагшлуулан бичиж, өмнөх гэрээтэйгээ яг ижил гэж намайг итгүүлэн төөрөгдүүлж байгуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байхын сацуу нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй гэж үзэж байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэв.
3. Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн нэгдсэн бүртгэлийн гэрчилгээ /хх 4/, итгэмжлэл /хх 5/, машин механизм, тоног төхөөрөмж түрээслэх, түрээслүүлэх тухай 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 23/01/01 дугаартай гэрээ /хх 6-8/, Тооцооны үлдэгдлийн баталгаа /хх 9/, нэхэмжлэх /хх 10/, Автотээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх 11/, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 13178 дугаар захирамж /хх 12-13/, Бэлэн мөнгөний зарлагын баримт /хх 82-84/, нэхэмжлэх /хх 85/, У ХХК-ийн 2023 оны 9 дүгээр сарын 14-ний 1/72 дугаар албан бичиг /хх 86/, хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 15/, машин механизм, тоног төхөөрөмж түрээслэх, түрээслүүлэх тухай 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 22/09 дугаартай гэрээ /хх 42-47/, автотээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх 48/, Г ХХК-ийн сайтад нэвтрэх зөвшөөрлийн хуудас /хх 49-50/, 2023 оны уулын хөдөлгөөний мэдээ /хх 51/, У ХХК-ийн техник ашиглалтын тайлан /хх 52/, хохирлын тооцоолол /хх 56/, тээврийн хэрэгсэлд тогтоосон акт /хх 105/ тус тус шүүхэд гаргаж өгсөн.
Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Г ХХК-ийн цахим хаягт үзлэг хийж /хх 66-78/, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагчаас экскаваторын техникийн үзлэгийн хуудас /хх 97/ гаргуулж, гэрчээр Ж.Буян-Арвижихыг асуужээ.
ҮНДЭСЛЭХ нь:
4. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
5. Нэхэмжлэгч нь гэрээний дагуу машин механизм, тоног төхөөрөмж түрээслэх, түрээслүүлэх гэрээний дагуу экскаватор түрээсийн төлбөрт 20,313,093 төгрөг, алданги 1,017,500 төгрөг, тээвэрлэлтийн зардалд 14,500,000 нийт 35,830,593 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж маргажээ.
6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Хариуцагч Г ХХК нь машин механизм, тоног төхөөрөмж түрээслэх, түрээслүүлэх тухай 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 22/09 дугаартай гэрээг У ХХК-тай байгуулсан бөгөөд гэрээний хугацаа 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссан байна. Энэхүү гэрээг сунгасан талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар тогтоогдоогүйгээс гадна нэхэмжлэгч Универсалжойнт ХХК-тай байгуулсан гэрээг сүүлд нөхөж хийсэн гэдгээ нотолж чадсангүй.
Зохигчид машин механизм түрээслэх, түрээслүүлэхээр тохиролцсон болох нь машин механизм, тоног төхөөрөмж түрээслэх, түрээслүүлэх тухай 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 23/01/01 дугаартай гэрээ, тооцооны үлдэгдлийн баталгаа, нэхэмжлэх, 4674 УН улсын дугаартай автотээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдож байна.
Хариуцагч 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаагаар тооцоо нийлэхэд түрээсийн төлбөрт 20,313,093 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байсан бөгөөд нэхэмжлэгч нэмэлтээр 14,500,000 төгрөгийн зардал гаргасан болох нь бэлэн мөнгөний зарлагын баримт, нэхэмжлэхээр тогтоогдож байна. Хариуцагч түрээсийн төлбөр, зардалтай холбоотой маргаагүй болно.
7. Нэхэмжлэгч Casecx500 маркийн 4674УН улсын дугаартай экскаваторыг сарын 55,000,000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон тул талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ. заасан түрээсийн гэрээ байгуулагджээ.
Энэхүү гэрээ нь бичгээр байгуулагдах хуулийн шаардлага хангасан, хариуцагч гэрээг нөхөн хийсэн гэдгээ нотлоогүй тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэхгүй. Иймд хүчин төгөлдөр гэрээнд заасан үүргээ талууд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэл, үр дагаврыг шаардах эрхтэй.
Нэхэмжлэлийн шаардлагын агуулгаас үзэхэд талуудын байгуулсан гэрээг хоёр талын санаачилгаар цуцалж, төлөгдөөгүй төлбөр, гэрээнд заасан нэмэлт зардал, алдангийг шаардсан гэж үзэхээр байна.
Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээх ба түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчлэхийг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.5 дахь хэсгүүдэд заасан.
Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 288 дугаар зүйлийн 288.1.1, 289 дүгээр зүйлийн 289.1.2 дахь хэсгүүдэд зааснаар эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаанд хөлслүүлэгч нь гэрээний үргэлжлэх хугацаанд хөлслөгчид гэрээнд заасны дагуу ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан тодорхой эд хөрөнгийг бодит эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, үүний хариуд хөлслөгч нь тухайн эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээдэг. Хариуцагч түрээсийн зүйлийн доголдолтой холбоотой шаардлага гаргаж маргаагүй ба экскаваторын техникийн үзлэгийн хуудсаар доголдолгүй түрээсийн зүйл хүлээн авчээ.
Зохигчид машин механизм, тоног төхөөрөмж түрээслэх, түрээслүүлэх тухай 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 23/01/01 дугаартай гэрээг дүгнэж, тооцоо нийлсэн акт үйлджээ. Энэхүү тооцооны актаар 2023 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар 20,313,093 төлөхөөр Г ХХК зөвшөөрч байсан тул түрээсийн төлбөрт 20,313,093 төгрөг гаргуулахаар нэхэмжлэгч шаардах эрхтэй.
8. Мөн Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.5-д хөлслүүлэгч нь хууль буюу гэрээнд заасан бусад эрх эдлэхийг, 289 дүгээр зүйлийн 289.1.7-д хөлслүүлэгч хууль буюу гэрээнд заасан үүрэг хүлээхийг зохицуулсан ба талуудын байгуулсан гэрээний 4.8-д Түрээслэгч нь түрээсийн техникийг өөрийн ажлын талбайд аваачих тээвэрлэлтийн зардлыг бүрэн хариуцна зааснаар түрээсийн зүйлийн тээвэрлэлтийн зардалд 14,500,000 төгрөг хариуцагчаас гаргах үндэслэлтэй болжээ.
9. Түүнчлэн гэрээний 6.1-д Түрээслүүлэгч нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.01 хувиар тооцон түрээслэгчид алданги төлнө гэж тохиролцсон байх бөгөөд уг тохиролцоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасантай нийцжээ.
Алдангийн хэмжээг 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс хойш нэхэмжлэгч шаардлагаа нэмэгдүүлэх хүртэл гүйцэтгээгүй үүрэг болох 20,313,093 төгрөгийн 0,01 хувиар тооцоход 1,017,500 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй байна.
Иймд хариуцагч нэхэмжлэгчийн ... түрээсийн төлбөрт 20,313,093 төгрөг, алданги 1,017,500 төгрөг, тээвэрлэлтийн зардалд 14,500,000 нийт 35,830,593 төгрөг гэж тооцоолол гаргасныг баримтаар үгүйсгээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар няцааж чадаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар нөхөн төлүүлэх үндэслэлтэй болжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г ХХК-аас 35,830,593 төгрөг гаргуулан нэхэмжлэгч У ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 459,054 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдэж, хариуцагч Г ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 459,054 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Универсалжойнт ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЗҮМБЭРЭЛ