Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 290

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Алдар даргалж, Улсын яллагч: Г.Цогтгэрэл, Нарийн бичгийн дарга: Ц.Золзаяа, Шүүгдэгч Н.А, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Н.А-д холбогдох эрүүгийн 201625023092 дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар: Монгол Улсын иргэн, ... өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, стратегийн менежер мэргэжилтэй, ам бүл 4, эцэг, эх, эгч нарын хамт ... тоотод оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, регистрийн дугаар ..., Н.А. Яллагдагчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/: Яллагдагч Н.А нь 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 23 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Айр” бааранд Г.Т-г зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.А мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэв. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Т /хх-ийн 15, 16, 138, 140/, гэрч Г.Баатархүү /хх-ийн 17-18/, гэрч Н.Төмөрхуяг /хх-ийн 20, 21, 141-142/, гэрч Ж.Мөнх-Эрдэнэ /хх- ийн 22-23/, гэрч Д.Хос-Эрдэнэ /хх-ийн 29/, гэрч Т.Адъяа /хх-ийн 31, 146/, гэрч Э.Хонгор /хх-ийн 145/, шинжээч эмч Т.Чимэд-Очир /хх-ийн 137/, яллагдагч Н.А /хх-ийн 61-62/ нарын өгсөн мэдүүлэгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн №16122 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34/, таньж олуулах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 9-11/, шүүгдэгч Н.А урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67/, хохирлын мөнгө хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 136/ зэргийг шинжлэн судлав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь: Прокуророос шүүгдэгч Н.А-д 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж үзнэ. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Н.А нь 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 23 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Айр” бааранд Г.Т-г зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд: Хохирогч Г.Төмөрчөдөр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны Айр паабад 00 цагийн орчимд үйлчлүүлж байгаад 00-н өрөө орчихоод буцаад ирэх үед манай найз Хонгортой А гэх залуу нь маргалдаж байсан. ...Тэр залууд хандаж наадах чинь гар нь гэмтсэн байгаа залуу шүү дайрч болохгүй гэж хэлээд найз Төмөрхуягийг ар талаас нь хоёр гараараа татах үед үл таних залуу миний зүүн нүдэн тус газар нэг удаа аль нэг гараараа цохисон. Би яг хэн цохисон талаар харж чадаагүй газар унаад манарч байгаад босох үед дахиад миний баруун нүд рүү нэг удаа цохисон. Би бас тухайн үед манарч байсан учир хэн цохисон талаар харж чадаагүй. Тэгээд босож ирэх үед А гэх залууг ар талаас татаад цааш явж байсан... А харин над руу дахиад л дайрах гээд түрээд байсан. Тэгэхээр одоо бодоход А л миний 2 нүд рүү нэг нэг удаа цохичихсон гэж бодож байна… Надад учирсан хохирол болох 3 000 000 төгрөгийг Н.Анар бүрэн төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15, 16, 138, 140/, Гэрч Г.Баатархүү мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “... А ах хажуу талаас орж ирээд цэнхэр өнгийн подволктой залуу /Төмөрчөдөр/-ийг нэг цохисон. Би хаана нь цохисон талаар хараагүй. Тэгээд А ахыг цохихоор нь А ахад та одоо болно боль гэж хэлээд А ахыг аваад холдуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/, Гэрч Н.Төмөрхуяг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...манай найз Төмөрчөдөр нь миний өмнөөс ороод салгасан чинь Төмөрчөдөрийн нүүр лүү нэг удаа цохисон..., одоо бодоход нөгөө нүдний шилтэй ах манай ширээн дээр ирж маргаан өдөөсөн залуу хоёр хоёр удаа цохичихсон юм шиг байна лээ. А гэх залуу л Төмөрчөдөрийн нүүр лүү нь хоёр удаа гараараа цохиж гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20, 21, 141-142/, Гэрч Ж.Мөнх-Эрдэнэ мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би очоод харсан чинь Төмөрчөдөр гэх залуугийн баруун нүднээс цус гарсан байдалтай байхад А-г Баяраа гэх залуу татсан. Бэлгүүтэйг Адъяа гэх залуу нь хойш татаад явсан. Тэгээд байж байсан чинь А буцаж ирээд Төмөрчөдөр гэх залуугийн зүүн нүдэн тус газар баруун гараараа нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/, Гэрч Д.Хос-Эрдэнэ мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Тэгээд очих үед Төмөрчөдөрийн биенээс цус гарсан Төмөрчөдөр нь намайг хэн цохисон юм бэ намайг цохисон хүн гараад ир гэсэн. Би тэр үед Төмөрчөдөрийг тайвшруулсан. Тэр үед А нь та нар эхэлсэн гэж хэлээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29/, Гэрч Т.Адъяа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Тэгээд би Бэлгүтэй хар цамцтай өндөр залуу хоёрыг салгаж байхад Анарыг цохиулсан гэх залуу нь тэнд байсан хүмүүстэй салгасан. Тэгээд би Бэлгүүтэйг салгаад явж байсан чинь цохиулсан гэх залуугийн нүднээс цус гарсан байдалтай байсан...”, “...А харин нөгөө Төмөрчөдөр гэх залуу руу орилоод байсан, эсрэг талд нь одоо энэ зодуулсан Төмөрчөдөр гэх залуу яаая, намайг хэн цохичихвоо” гээд орилоод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31, 146/, Гэрч Э.Хонгор мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Газар унаад босоод ирэхэд нөгөө Анар гэх залуу босч очоод Төмөрчөдөрийг цохичихсон байсан. А-г тэгээд хүмүүс салгаад татаад авч явсан. Тэгээд хартал Төмөрчөдөрийн нүднээс цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 145/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн №16122 дугаартай дүгнэлт: Г.Төмөрчөдөрийн биед зүүн нүдний ухархайн дотор доод ханын цөмөрсөн хугарал, хоёр нүдний зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 34/, Шинжээч эмч Т.Чимэд-Очир мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “ Г.Төмөрчөдөрийн биед тогтоогдсон бүх гэмтлүүд нь 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 2 ба түүнээс дээш хэдэн ч удаагийн үйлчлэлээр гэдгийг нь тогтоох боломжгүй. Г.Төмөрчөдөрийн 2 нүдэн дээр үүссэн гэмтлүүд нь тус тусдаа хөнгөн зэрэгт хамаарна. Эдгээр 2 нүдний гэмтлүүд нь гараар нэг удаа цохиход үүсэх боломжгүй. Гараар цохих тохиолдолд заавал 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүснэ. Харин хөлөөр 1 удаа өшиглөхөд үүсэх боломжтой” гэх мэдүүлэг /хх-ийн 137/, таньж олуулах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 9-11/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Н.А-н гэм буруутай үйлдэл нь хангалттай тогтоогдсон гэж дүгнэв.

Дээрх гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус, буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн гэж үзэв. Энэ хэргийн улмаас учирсан гэм хорын асуудлын хувьд хохирогч Г.Төмөрчөдөр нь /хх- ийн 185/: “...гэмтлийн улмаас үүссэн хагалгааны төлбөрт 3.000.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд миний хохирлыг барагдуулсан тул гомдол саналгүй...” гэсэн хүсэлт гаргасныг дурьдах нь зүйтэй. Энэ хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн санал хүсэлт зэргийг харгалзан шүүхээс Н.А-д торгуулийн ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох...” гэж заасны дагуу торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулах боломжтой байна. Шүүгдэгч Н.А-н хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан торгох ялыг нэг сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв. Шүүгдэгч /мөн хохирогч/ нь харилцан сайн дураар эвлэрсэн, хохирол төлбөргүй, гомдол саналгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9, 36.1, 36,2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н.А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Шүүгдэгч Н.А-г 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй. 3. Шүүгдэгч Н.А нь урьд цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А-д оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг 01 /нэг/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай. 5. Шүүгдэгч Н.А нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй. 6. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай. 7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Н.А-д урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

             ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.АЛДАР