| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Зүмбэрэл |
| Хэргийн индекс | 102/2023/03780/И |
| Дугаар | 102/ШШ2023/03139 |
| Огноо | 2023-09-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 102/ШШ2023/03139
2023 оны 09 сарын 06 өдөр Дугаар 102/ШШ2023/03139 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Зүмбэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Т ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х.Г,
Хариуцагч: Д.Н
Зээлийн гэрээний үүрэгт 82,482,725.92 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг Баянгол дүүрэгт байрлах 68.60 м.кв талбайтай, гурван өрөө, эрхийн улсын бүртгэлийндугаартай орон сууцаар хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, А.Ё, хариуцагч А.Г, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга С.Оюунсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т ХК нь зээлдэгч бадрах, Д.Н нарт 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр №104400529264 дугаартай зээлийн гэрээг байгуулж, 69,500,000 төгрөгийг жилийн 26,40 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, хэрэглээний зээлийн зориулалтаар зээлдүүлж, зээлийг зээлдэгчийн 1тоот дансанд зээлийг олгосон. Тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр тоот барьцааны гэрээг байгуулж, уг барьцааны гэрээг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн. Зээлийн гэрээний хэрэгжилтийн явцад зээлдэгч нь зээлийн төлбөрийг хугацаандаа төлөхгүй байх зөрчлийг удаа дараа гаргаж, зээлийн гэрээний үүргээ зохих биелүүлээгүй. Тухайлбал зээлийн гэрээнд заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хэсэгчилсэн хугацаанд нь төлөлгүй 888 хоног хугацаа хэтэрч эргэн төлөлтийг зөрчсөн. Банкны зүгээс зээлдэгчтэй тухай бүр утсаар ярих, биечлэн уулзах, мэдэгдэл хүргүүлэх зэргээр зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж байгаа тухай сануулж, зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг зохих ёсоор урьдчилан мэдэгдсэн. Өнгөрсөн хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 15,866,998.13 төгрөг, үндсэн хүүд 41,017,943.77 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 688,729.10 төгрөг, нийт 57,573,671 төгрөгийг төлсөн. Зээлийн гэрээ болон хуульд зааснаар гэрээг нэг талын санаачилгаар цуцлах үндэслэл бүрдсэн тул Т ХК нь зээлдэгч А.Г, Д.Н нартай байгуулсан зээлийн гэрээг цуцалж А.Г, Д.Н нараас үндсэн зээл 53,633,001.87 төгрөг, үндсэн хүү 26,611,224.24 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,227,499.81 төгрөг, нийт зээл 82,471,725.92 төгрөг, нотариатын хөлс 1100 төгрөг, нийт 82,482,725.92 төгрөг гаргуулах, Баянгол дүүрэгт хаягт байршилтай улсын бүртгэлийн дугаартай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. гэжээ.
2. Хариуцагч нар хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэв.
3. Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 4/, 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн зээлийн гэрээ /хх 8-10/, барьцааны гэрээ /хх 11-12/, зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт /хх 13-14/, Зээлийн дансны харилцагчийн хуулга /хх 15-19/, Баянгол дүүрэгт байршилтай, 68.60 м.кв талбайтай, гурван өрөө, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ /хх 20/, 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдөр А.Гын Танд гаргасан хүсэлт /хх 21, 25-26/, Тны зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн мэдэгдэл /хх 23-24/ гарган өгчээ.
4. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
5. Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэгт А.Г, Д.Н нараас 82,482,725.92 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг Баянгол дүүрэгт байрлах 68.60 м.кв талбайтай, гурван өрөө, эрхийн улсын бүртгэлийн дугаартай орон сууцаар хангуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргаагүй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт эвлэрэх эрх олгогдоогүйгээс гадна хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагыг зөвшөөрсөн тул шүүхээс хэргийг ердийн журмаар шийдвэрлэсэн болно.
6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Зохигчид 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 104400529264 дугаартай зээлийн гэрээг бичгээр байгуулж, зээлдүүлэгч 69,500,000 төгрөгийг 48 сарын хугацаатай, сарын 2.20 хувийн хүүтэй зээлсэн байна. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулах зорилгоор Баянгол дүүргийн талбайтай, гурван өрөө, эрхийн улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг барьцаалжээ.
Гэрээний 1.42-д зааснаар хариуцагч нар нь нэхэмжлэгч байгууллагаас 69,500,000 төгрөгийг 48 сарын хугацаатай, сарын 2.20, жилийн 26.40 хувийн хүүтэйгээр зээлж, нэмэгдүүлсэн хүүг мөн гэрээний 1.5-т зааснаар зээлийн хүүгийн 20 хувиар тохирчээ.
Улмаар зохигчид 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн дугаартай зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээгээр гэрээний хугацааг 2023 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл сунгаж, гэрээг үргэлжлүүлэхээр тохиролцжээ.
Хариуцагч нар зээлийн гэрээний үүрэгт 57,573,671 төгрөг төлсөн талаар зохигчид маргаагүй бөгөөд зээлийн болон барьцааны гэрээ, гэрээний сунгалтын талаар маргаагүй байна.
7. Зохигчид 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 104400529264 дугаартай зээлийн гэрээг бичгээр байгуулж, зээлдүүлэгч 69,500,000 төгрөгийг 48 сарын хугацаатай, сарын 2.20 хувийн хүүтэй зээлдэгчид шилжүүлсэн тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. заасан зээлийн гэрээ талуудын хооронд байгуулагджээ.
8. Улмаар зохигчид 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн дугаартай зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээгээр гэрээний хугацааг 2023 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл сунгасан байна.
9. Нэхэмжлэгч гэрээний хугацаа дуусахаас өмнө, нэхэмжлэл гаргах үеийн байдлаар нийт 82,482,725,92 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжлэхдээ зээлийн гэрээг цуцлах шаардлага гаргаагүй хэдий ч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ ...хариуцагч нар эргэн төлөлтийн хугацаа хэтрүүлсэн тул гэрээг хугацаанаас өмнө цуцалж байна гэсэн тайлбарыг гаргасан. Үүнийг талуудын хооронд байгуулагдсан гэрээг цуцалж, гэрээний үүргээ шаардсан гэж үзнэ.
Гэрээг тогтвортой, талуудын итгэл, найдварыг баталгаатай байлгах зорилгоор үндэслэлгүйгээр, дуртай үедээ гэрээнээс татгалзах, гэрээг цуцлахыг хуулиар хязгаарласан байдаг. Харин гэрээний талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэйг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр байх учир нэг тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд нөгөө тал гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах эрхтэй.
2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 1 дугаартай зээлийн гэрээний 6.2.1-д зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж байгаа талаар зээлдэгчид удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй бол зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцална зааснаар хариуцагч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах нөхцөл байдлыг үүсгэсэн гэж үзнэ. Энэ талаар хариуцагч нар маргаагүй байна.
Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч нь хариуцагч нарт гэрээний үүрэг зөрчигдөж байгааг, мөн энэ байдал хэвээр үргэлжилсэн нөхцөлд гэрээ цуцлагдахыг бичгийн хэлбэрээр мэдэгдсэн нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт нийцсэн байна.
10. Зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг ба энэ гэрээгээр зээлдүүлэгч 69,500,000 төгрөг шилжүүлж гэрээний үүргээ биелүүлсэн байна.
Бусдаас зээл авсан бол буцаан төлөх зарчим зээлийн гэрээний харилцаанд оршдог. Хариуцагч гэрээний дагуу зээлийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй болжээ.
Иймээс Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно., 452.2 дахь хэсэгт Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй. 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. тус тус зааснаар үндсэн зээл 53,633,001.87 төгрөг, хүү 26,611,224.24 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,227,499.81 төгрөгийг нэхэмжлэгч Т ХК нь хариуцагч нараас гаргуулахаар шаардах эрхтэй юм.
11. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй, мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж заасан.
Дээр дурдсанчлан талууд барьцааны гэрээ байгуулж үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлээр хангуулахаар тохиролцсон байх тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 640,564 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 640,564 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч А.Г, Д.Н нараас 82,482,725.92 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХК-д олгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 640,564 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 640,564 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЗҮМБЭРЭЛ