| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Зүмбэрэл |
| Хэргийн индекс | 102/2023/03560/И |
| Дугаар | 102/ШШ2023/03136 |
| Огноо | 2023-09-06 |
| Маргааны төрөл | Зуучлал, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 102/ШШ2023/03136
2023 оны 09 сарын 06 өдөр Дугаар 102/ШШ2023/03136 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Зүмбэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М ХХН-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А ХХК-д холбогдох,
1,599,168,106 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга С.Оюунсайхан нар оролцов. Нэхэмжлэгчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А ХХК нь М ХХН-тай 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр тээвэр зуучлалын тоот гэрээ байгуулж, нийт 100 ширхэг 2 цуваа бүхий нүүрс тээврийн фитингтэй 40 тонны тавцант вагон түрээслэж тээврийн үйл ажиллагааг явуулсан. А ХХК нь М ХХН-ийн байгуулсан гэрээгээр вагон түрээсийн төлбөрийг уг гэрээний 5 дугаар зүйлийн 5.3 дахь заалтын дагуу 3 сар тутам төлбөрийг 100 хувь урьдчилан төлөхөөр тохиролцсон ба хоног тутам 1 вагоны түрээсийн төлбөр 2500 рубль төлөх үүрэг хүлээсэн болно. А ХХК нь 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд 34,000,000 рубль төлөхөөс 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 30,000 америк доллар буюу тухайн өдрийн Монгол банкны ханшаар 2,442,029 рубль болж бэлнээр төлсөн. Үлдэгдэл 31,557,971 рублийн төлбөрийг төлөх талаар удаа дараа шаардсан боловч төлөөгүй байна. А ХХК нь 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдөр ирүүлсэн 23/30 тоот албан бичигт гэрээний 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт зааснаар талуудын аль нэг нь гэрээг цуцлах өдрөөс хуанлийн 30-иас доошгүй өдрийн өмнө нөгөө талдаа бичгээр мэдэгдсэн нөхцөлд гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж болно гэснийг үндэслэн МРТ/АР-25/02/2022 тоот гэрээ цуцлах хүсэлт гаргасан боловч тус вагонууд нь Монгол улсын хилээр гараагүй мөн М ХХН-д зохих ёсоор хүлээлгэн өгөөгүй байгаа болно. Иймд хариуцагч А ХХК-иас 2023 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн байдлаарх вагоны түрээсийн төлбөр болох 39,700,000 рубль буюу 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Монгол банкны ханшаар тооцож, 1,517,257,500 төгрөг, 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх төлөөгүй үнийн дүн 31,557,971 рублийг 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Монгол банкны ханшаар тооцож, 1,204,567,753 төгрөг, гэрээний 6.24-т зааснаар хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.05 хувиар алданги тооцно. Төлбөрийг хугацаандаа төлөөгүйн алданги 136 өдрийн хугацаа хэтэрсэн 81,910,606 төгрөг болж байна. Дээрх төлбөрүүдийг тооцоход вагон түрээсийн төлбөрт 1,599,168,106 төгрөгийг А ХХК-иас нэхэмжилж байна. гэжээ.
2. Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн нэгдсэн бүртгэлийн лавлагаа, орчуулгын хамт /хх 5-39/, итгэмжлэл, орчуулгын хамт /хх 40-41/, тээвэр зуучлалын гэрээ, орчуулгын хамт /хх 42-80/, тээвэр зуучлалын гэрээний нэмэлт гэрээ, орчуулгын хамт /хх 81-82/, төлбөрийн нэхэмжлэх, орчуулгын хамт /хх 83-91/, тооцоо нийлсэн акт, орчуулгын хамт /хх 92-93/, Ар цахир ресурс ХХК-ийн төлбөр төлөх баталгаа /хх 94-95/, бэлэн мөнгөний орлогын ордер, орчуулгын хамт /хх 96-97/, А ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 98/, А ХХК-ийн хүсэлт /хх 99-103/, хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 106/, компанийн дүрэм /хх 107-108/, итгэмжлэл /хх 109/ тус тус шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
3. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
4. Нэхэмжлэгч нь гэрээний дагуу вагон түрээсийн төлбөрт 1,517,257,500 төгрөг, алданги 81,910,606 төгрөг, нийт 1,599,168,106 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргаагүй байна.
5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Зохигчид 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр тээвэр зуучлалын гэрээ байгуулж, нэхэмжлэгч нь фитингтэй 40 футын тавцант вагоноор хариуцагчийн ачаа тээвэрлэхтэй холбоотой олон улсын тээвэр зуучлалын үйлчилгээг үзүүлэх, эсхүл зохион байгуулах, хариуцагч нь эдгээр үйлчилгээний төлбөрийг төлөх үүргийг хүлээсэн болох нь 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн дугаартай тээвэр зуучлалын гэрээ, 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн нэмэлт гэрээгээр тогтоогдож байна.
Ингээд талууд 2023 оны 6 дугаар сарын 08-ний өдөр 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн дугаартай тээвэр зуучлалын гэрээ, 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн нэмэлт гэрээг дүгнэж, тооцоо нийлсэн акт үйлджээ. Энэхүү тооцооны актаар 2023 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар 43,300,000 рубль төлөхөөр А ХХК зөвшөөрчээ.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй, 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ, 42 дугаар зүйлийн 42.4-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж тус тус заасан.
Хариуцагч А ХХК нь нэхэмжлэлийг 2023 оны 8 дугаар сарын 14-ны өдөр хүлээн авсан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан хугацаанд нэхэмжлэлийг зөвшөөрсөн, эс зөвшөөрсөн талаар хариу тайлбар, нотлох баримтыг тус шүүхэд ирүүлээгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасны дагуу зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
7. Талууд нийтдээ 100 ширхэг, 2 цуваа бүхий нүүрс тээврийн фитингтэй 40 тонны тавцант вагоныг хариу төлбөртэй түрээслэхээр тохиролцсон тул талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ. заасан түрээсийн гэрээ байгуулагджээ.
2022 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн дугаартай тээвэр зуучлалын гэрээ, 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн нэмэлт гэрээ нь бичгээр байгуулагдах хуулийн шаардлага хангасан, энэ талаар зохигчид маргаан гаргаагүй тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэхгүй. Иймд хүчин төгөлдөр гэрээнд заасан үүргээ талууд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэл, үр дагаврыг шаардах эрхтэй.
Нэхэмжлэлийн шаардлагын агуулгаас үзэхэд нэхэмжлэгч нь хариуцагчийн буруугаас талуудын байгуулсан гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, төлөгдөөгүй төлбөр, хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол, алдангийг шаардсан гэж үзэхээр байна.
Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээх ба түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчлэхийг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.5 дахь хэсгүүдэд заасан.
Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 288 дугаар зүйлийн 288.1.1, 289 дүгээр зүйлийн 289.1.2 дахь хэсгүүдэд зааснаар эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаанд хөлслүүлэгч нь гэрээний үргэлжлэх хугацаанд хөлслөгчид гэрээнд заасны дагуу ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан тодорхой эд хөрөнгийг бодит эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, үүний хариуд хөлслөгч нь тухайн эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээдэг. Хариуцагч энэ талаар маргаагүй байна.
Түүнчлэн Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.5-д хөлслүүлэгч нь хууль буюу гэрээнд заасан бусад эрх эдлэхийг, 289 дүгээр зүйлийн 289.1.7-д хөлслүүлэгч хууль буюу гэрээнд заасан үүрэг хүлээхийг зохицуулсан ба талуудын байгуулсан гэрээний 1.2-т тээвэр зуучлагчийн үзүүлэх тээвэр зуучлалын үйлчилгээний хэмжээ, жагсаалт, үнэ нь энэхүү гэрээний нэмэлт гэрээгээр болон үнэ тохиролцох протоколоор тодорхойлогдох бөгөөд энэхүү гэрээний салшгүй хэсэг байна гэжээ.
Зохигчид 2023 оны 6 дугаар сарын 08-ний өдөр 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн МРТ/АР-25/02/2022 дугаартай тээвэр зуучлалын гэрээ, 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн нэмэлт гэрээг дүгнэж, тооцоо нийлсэн акт үйлджээ. Энэхүү тооцооны актаар 2023 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар 43,300,000 рубль төлөхөөр АХХК зөвшөөрчээ.
Мөн хариуцагч нэхэмжлэгчийн ...вагон түрээс төлбөр 2023 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх 1,517,257,500 төгрөг, төлбөрийг хугацаандаа төлөөгүйн алданги 81,910,606 төгрөг, нийт 1,599,168,106 төгрөг гэж тооцоолол гаргасныг хариуцагч үгүйсгээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар няцааж чадаагүй. вагон түрээсийн төлбөрт 1,517,257,500 төгрөг, алданги 81,910,606 төгрөг, нийт 1,599,168,106 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А ХХК-аас түрээсийн гэрээний үүрэгт 1,599,168,106 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ОХУ-ын М ХХН-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 8,153,791 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдэж, хариуцагч А ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 8,153,791 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч МХХН-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЗҮМБЭРЭЛ