Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 102/ШШ2023/03061

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 102/ШШ2023/03061

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Зүмбэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ШСӨХ-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Э.Э-т холбогдох,

 

1,093,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Ж, хариуцагч Э.Э, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Г.Алтаннаран нар оролцов.

  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус байрны оршин суугч Э.Э нь 2017 оны 8 дугаар сараас 2023 оны 7 дугаар сар хүртэл сууц өмчлөгчдийн холбооны төлбөр төлөөгүй. Ш СӨХ нь төлбөрөө төлөх талаар удаа дараа шаардаж, мэдэгдэх хуудас явуулсан боловч өнөөдрийг хүртэл дундын өмчлөлийн талбай, засвар, үйлчилгээ, лифт жижүүр орцны цэвэрлэгээ, хог, ариутгалын төлбөрийг төлөөгүй. Иймд 2017 оны 8 дугаар сараас 2020 оны 9 дүгээр сар хүртэл сард 14,350 төгрөг, нийт 545,300 төгрөг, 2020 оны 10 дугаар сараас 2020 оны 11 дүгээр сар хүртэл сард 16,350 төгрөг, нийт 32,700 төгрөг, 2020 оны 12 дугаар сараас 2021 оны 12 дугаар сар хүртэл сард 14,350 төгрөг, нийт 186,550 төгрөг, 2022 оны 01 дүгээр сараас 2023 оны 5 дугаар сар хүртэл сард 16,350 төгрөг, нийт 277,950 төгрөг, 2023 оны 5 дугаар сараас 2023 оны 7 дугаар сар хүртэл сард 25,500 төгрөг, нийт 51,000 төгрөг болж байна. Иймд Э.Э-с 1,093,500 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ. 

2. Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би СӨХ-ийн төлбөрөө 4 жилийн өмнө бүрэн төлдөг байсан одоо нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа төлбөрийг төлөхгүй 4-5 жил явж байна. Учир нь орон сууцны СӨХ ажлаа муу хийдэг байнга орц заваан, лифт ачаалалтай өдөр бүр гэр лүүгээ алхаж ордог. Манай байрны гадаа нэг ч хогийн сав байхгүй СӨХ-өөс оршин суугчид хогоо өөрсдөө хогийн цэгт хаяна уу гээд бичиг хэвлэн гаргаад айлуудын хаалга дээр наасан байдалтай байгаа юм. Манай гэрийн цонх арагшаа харсан яг доор нь хогийн цэг байдаг. Цонхоо онгойлгохоор эвгүй өмхий үнэр үнэртдэг энэ тухай СӨХ-ийн даргад хэлэхэд үүнээс болж би хүмүүсийн өмнөөс төлбөрийг хөнгөлөх боломжгүй гэсэн. Өмнөх СӨХ-ийн даргад ажлын хандлагаа орцны цэвэрлэгээ, бусад дутагдал ажиллагааныхан талаар хэлэхэд төлбөрт 60-70 хувийн хөнгөлөлт үзүүлдэг байсан. Одоогийн СӨХ-ийн ажил гүйцэтгэл муу байгаад байгаа юм. Манайх 2022 оны 07 сард гэртээ загвар хийгээд эд хогшлоо гаргаад тавьчихсан байхад алга болоод орцны жижүүртэй хандаад камер шүүгээд өгөөч гэхлээр бид нарт тийм эрх байхгүй. Та цагдаагийн газраас зөвшөөрөл авчраад шүүлгүүл гэсэн хариу л өгч байсан. Мөн танай гэрийн тог нэг удаа тасраад УБЦТС ТӨХК залгаж тогийн төлбөрийг хийсэн байхад яагаад тасалж байгаа юм бэ гэхэд манай зүгээс тасалсан зүйл байхгүй гэхэд нь би өөрөө хүртэл тог цахилгааны мэдлэггүй байж залгах гэж оролдож байсан. Надаас гадна манай байрны оршин суугчид СӨХ-ийн төлбөрийг төлөөгүй 30 гаран хүн байгаа гэсэн тэгээд төлөхгүй бол шүүхийн журмаар шийдвэрлэн гэдэг. СӨХ-ийн үйл ажиллагаа хангалтгүй муу байгаа тул төлбөрийг төлөхгүй нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

3. Нэхэмжлэгчээс гэрчилгээ, 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн удирдах зөвлөлийн хурлын 03 дугаартай тогтоол /хх 4/, Төрийн банкин дахь хэрэглэгчийн төлбөрийн дансны дэлгэрэнгүй хуулга /хх 6-15/, СӨХ-ийн 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн бүх гишүүдийн хурлын шийдвэр /хх 23-27/, СӨХ-ийн бүх гишүүдийн хурлын 2023 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн дүрэм шинэчлэн батлах тухай 1 дугаар тогтоол /хх 28-32/, СӨХ-ийн бүх гишүүдийн хурлын 2023 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн зардлын хураамжийн хэмжээг тогтоох тухай 2 дугаар тогтоол /хх 33-34/ шүүхэд гаргаж өгсөн.  

ҮНДЭСЛЭХ нь:

 

4. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

5. Нэхэмжлэгч нь дундын өмчлөлийн эд зүйлийн засвар, үйлчилгээний төлбөрт 1,093,500 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, засвар, үйлчилгээ, харуул хамгаалалтын үйлчилгээ хангалтгүй гэж маргажээ.

 

6. Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны /хуучнаар/ нутаг дэвсгэрт 8а, 10а, 301,303 дугаар байрны дундын өмчлөлийн эд зүйлийн засвар, үйлчилгээг Ш СӨХ-д хариуцуулж 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдөр гэрчилгээ олгосон байна. Иймд дээрх орон сууцны өмчлөгч нараас тухайн орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд зүйлийн засвар, үйлчилгээний төлбөрийг нэхэмжлэгч шаардах эрх бүхий этгээд байна.

 

Хариуцагч нь 2017 оны 8 дугаар сараас 2020 оны 9 дүгээр сар хүртэл, 2020 оны 10 дугаар сараас 2020 оны 11 дүгээр сар хүртэл, 2020 оны 12 дугаар сараас 2021 оны 12 дугаар сар хүртэл, 2022 оны 01 дүгээр сараас 2023 оны 5 дугаар сар хүртэл, 2023 оны 5 дугаар сараас 2023 оны 7 дугаар сар хүртэл хугацаанд нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд зүйлийн засвар, үйлчилгээний төлбөрт 1,093,500 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй болох нь Ш СӨХ-ны банкин дахь хэрэглэгчийн төлбөрийн дансны хуулга, төлбөрийн хэмжээний асуудлаар маргаагүй хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна.

 

7. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсэгт сууц өмчлөгчдийн холбоо гэдгийг нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий, хуулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй холбоо гэж тодорхойлсон бөгөөд заавал гишүүнчлэлтэй гэдгийг Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4 дэх хэсэгт Орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна гэж зааснаар ойлгоно. Өөрөөр хэлбэл сууц өмчлөгчдийн холбоо байгуулагдсан бол тухайн орон сууцны байшингийн орон сууц өмчлөгч бүр хуулийн дагуу сууц өмчлөгчдийн холбооны гишүүн болно. Иймд хариуцагч нь Ш СӨХ-ны гишүүн, хуулийн дагуу төлбөр төлөх үүрэг бүхий этгээд байна.

 

Сууц өмчлөгчдийн холбоо нь нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцахдаа Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт заасны дагуу холбооны сангийн хөрөнгөөр үйл ажиллагаа явуулна. Уг хөрөнгө нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.1-15.2.6 дахь хэсэгт заасан эх үүсвэрээс бүрдэнэ. Хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх буюу санхүүжүүлэхэд орон сууц өмчлөгч нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-147.4, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.4 дэх хэсэгт заасны дагуу оролцож, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг төлөх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл сууц өмчлөгч нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг хангахад төлбөр төлөх хэлбэрээр оролцож өөрийн амьдарч буй орон сууцны байшингийн дангаар болон дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн ашиглалтын хэвийн байдлыг хангах үүрэгтэй.

 

Дээрх үүргийг орон сууц өмчлөгч биелүүлээгүй тохиолдолд дундын өмчлөлийн эд зүйлийн засвар, үйлчилгээнд зориулах мөнгөн хөрөнгө хуримтлагдах боломжгүй бөгөөд аливаа засвар, үйлчилгээ хийх нөхцөл бүрдэхгүй юм. Мөн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2, 7.2.3, 7.2.4 дахь хэсэгт зааснаар сууц өмчлөгч нь сууц өмчлөгчдийн холбооны сангийн хөрөнгийн бүрдүүлэлт буюу дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг хуваарилахад бүх гишүүдийн хуралд оролцох, мөн сууц өмчлөгчдийн холбоо нь хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзвэл эрх бүхий этгээдэд гомдол болон шүүхэд нэхэмжлэл гаргах хэлбэрээр эрхээ хэрэгжүүлнэ. Иймд хариуцагч нь дундын өмчлөлийн эд зүйлийн засвар, хамгаалалт, үйлчилгээний зардлыг өндөр тогтоосон, ажил, үйлчилгээ хийдэггүй үндэслэлээр төлбөр төлөхөөс татгалзах эрхгүй.

 

Иймд Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас дундын өмчлөлийн эд зүйлийн засвар, үйлчилгээний төлбөрт 1,093,500 төгрөг гаргуулах үндэслэлтэй.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Э-с 1,093,500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,794 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Э-с улсын тэмдэгтийн хураамжид 30,794 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш СӨХ-нд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  А.ЗҮМБЭРЭЛ