| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Зүмбэрэл |
| Хэргийн индекс | 102/2023/03431/И |
| Дугаар | 102/ШШ2023/02911 |
| Огноо | 2023-08-17 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 08 сарын 17 өдөр
Дугаар 102/ШШ2023/02911
| Дугаар 102/ШШ2023/02911 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Зүмбэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: У ТӨХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С ХХК-д холбогдох,
Эрчим хүч хэрэглэсний төлбөрт 3,307,116 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б, хариуцагч С ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох Э.Б, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Г.Алтаннаран нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээтэй кодтой хэрэглэгч С ХХК нь цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөрөө 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл төлөөгүй улмаас алданги тооцогдож нийт 3,307,116 төгрөгийг төлөлгүй Монгол улсын Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2, Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний (ААН 2.2.11)-т заасныг зөрчиж Хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөрөө төлөхийг хэрэглэгчийн бүртгэлтэй утасны дугаарт мессежээр илгээх арга хэмжээнүүдийг авсан боловч одоог хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тул хэрэглэгчтэй байгуулсан Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний 3.1.13-т заасан эрхийн дагуу шүүхэд шилжүүлж байна. Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээтэй 3102073 кодтой хэрэглэгч С ХХК-иас цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөр болох 3,307,116 төгрөгийн төлбөрийг гаргуулж, хэрэглэгчийн гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтийг хангуулж өгнө үү. гэв.
2. Хариуцагч хариу тайлбартаа: Миний бие шүүхийн шийдвэрт хураагдах үеийн төлбөр болох 2.843.315,09 төгрөгийг бол хүлээн зөвшөөрч байгаа. Түүнээс хойш төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. гэжээ.
3. Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 4/, Баянгол дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 2786 дугаар эрэн сурвалжлалтыг зогсоосон албан бичиг /хх 6/, Хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан /хх 8-12/, хэрэглэгчтэй байгуулсан цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ /хх 13-18/, хариуцагчаас К ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн албан бичиг /хх 29/, Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх 31/, Гүйцэтгэх баримт бичигт заасан хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлсэн 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн тэмдэглэл /хх 32-33/, С ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 38/, С ХХК-ийн дүрэм /хх 39-42/ тус тус гарган шүүхэд өгчээ.
ҮНДЭСЛЭХ нь:
4. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
5. Нэхэмжлэгч У ТӨХК нь хариуцагч С ХХК-аас 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны эрчим хүч хэрэглэсний төлбөрт 3,307,116 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс хойш хэрэглээгүй эрчим хүчний төлбөрийг төлөхгүй гэж маргажээ.
6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч У ТӨХК нь хариуцагч С ХХК-тай 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр цахилгаан эрчим хүчээр хангах гэрээг байгуулж, С ХХК-ийн нэр дээр 3102073 дугаар хэрэглэгчийн код үүсгэжээ./хх 13-18/
Энэхүү 3102073 хэрэглэгчийн кодтой С ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дансны дэлгэрэнгүй тайлангаас үзэхэд 3,307,116.42 төгрөгийн эрчим хүчний төлбөр гарсан байна. /хх 8-12/
Хариуцагч С ХХК-ийн 3102073 кодтой эрчим хүчийг хэрэглэгч үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдөр К ХХК дахь банкны эрх хүлээн авагчид шилжүүлсэн болох нь Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн албан бичиг, Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Гүйцэтгэх баримт бичигт заасан хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлсэн 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн тэмдэглэлээр тус тус тогтоогдож байна.
7. Нэхэмжлэгч У ТӨХК нь дугаарт бүртгэгдсэн үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, дугаарт бүртгэгдсэн үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг С ХХК өмчилж байхад буюу 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүртэл 2,843,915.09 төгрөгийн цахилгаан эрчим хүч нийлүүлсэн байх тул зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.заасан гэрээ байгуулагджээ. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын энэ хэмжээнд маргаагүй, зөвшөөрсөн болно.
Нэхэмжлэгч У ТӨХК нь Эрчим хүчний тухай хуулийн 3.1.16-д заасан дулаан түгээх зохицуулалттай хангалт эрхлэх үндсэн чиг үүрэг бүхий тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд бөгөөд мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-д зааснаар стандартын шаардлагад нийцсэн эрчим хүчээр хэрэглэгчийг хангах үүргээ биелүүлсэн, харин хэрэглэгч С ХХК нь мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т заасан эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд төлбөрийг гаргуулахаар шаардах эрхтэй.
Хэрэгт авагдсан 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй баримтаар хариуцагч С ХХК нь эрчим хүчний төлбөрт 2,843,915.09 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй байна.
Иймд У ТӨХК нь хариуцагч С ХХК-иас 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх хугацааны эрчим хүч хэрэглэсний төлбөр 2,843,915.09 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй болжээ.
8. Харин цахилгаан эрчим хүч хэрэглэгч Б дугаарт бүртгэгдсэн үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Б дугаарт бүртгэгдсэн үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөх эрх өөрчлөгдсөнөөс хойших хугацааны эрчим хүчний төлбөрийг СХХК хариуцахгүй юм.
Өмчлөгч өөрийн өмчлөлийн зүйлээ эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулахаас гадна түүний ашиглалтаас үүссэн зардлыг хариуцах үүрэгтэй учир нэхэмжлэлийн шаардлагын 463,200.91 төгрөгт ногдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
9. Иймд хариуцагч С ХХК-аас цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2,843,915.09 төгрөг гаргуулж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67,864 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 60,452.64 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-д зааснаар СХХК-иас 2,843,915.09 төгрөг гаргуулан У ТӨХК-д олгож, үлдэх 463,200.91 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67,864 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 60,452.64 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЗҮМБЭРЭЛ